Ц.Ариунаа: Суулгах үед өндөр халуурдаг тул Ковид-19 гэж андуурах тохиолдол их гарч байна
2022 оны 1 сарын 9

        Бага насны хүүхдүүдийн дунд бөөлжиж, суулгах ханиад буюу ротавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс энэ талаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Ц.Ариунаагаас тодрууллаа.

Ротавирусийн халдвар гэж юу вэ?

Ротавирусийн халдвар гэдэг нь гэдэсний вирусийн халдвар юм. Нэг талаараа гэдэсний ханиад гэж ойлгож болно. Халдвар нь бохир гар, амьсгалын замаар дамждаг. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон ашигтай бактерийг биеэс хөөн гаргадаг. Улмаар хүүхэд их хэмжээний ус, эрдсээ алддаг тул шингэний дутагдалд орж хүндэрвэл амь насанд ч аюултай халдвар юм. 

Ротавирус халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Халдвар авсан үед бөөлжих, суулгах, халуурах, хоолой өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг илэрдэг. Ротавирусээр ихэвчлэн бага насны хүүхдэд халдварладаг. Тэр дундаа 0-5 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байдаг. Халдвар нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, өтгөнөөр гадаад орчинд ялгардаг. Суулгалт өвчин нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байдаг.

Ротавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Эрүүл ахуйн болон гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй.  Мөн ротавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах нь хамгийн үр дүнтэй. Тус вакцин нь хоёр төрөл байдаг тул төрлөөс нь хамаарч хоёр, эсвэл гурван удаагийн тунг давтамжтайгаар хийлгэх боломжтой. Мөн хүүхдийн хэрэглэдэг тоглоом, угж, аяга хэрэгслийг хүнсний сода уусмалаар ариутгаж халдвараас сэргийлэх хэрэгтэй.

Тус халдвар нь коронавирусын шинж тэмдэгтэй ижил шинжээр илэрч байна. Энэ тохиолдолд хэрхэн ялгах вэ?

Ротавирус нь коронавирус халдвартай хавсарч тусах аюултай. Гэвч ихэнх тохиолдолд  бөөлжсөн, суулгасан хүүхдийн ихэнх нь ротавирус халдвараар өвчилсөн байна. Суулгах өвчний үед өндөр халуурдаг тул ковид-19 гэж андуурах тохиолдол их гарсан. Тиймээс хүүхэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Ротавирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ. Мөн нэмэлтээр дархлаа дэмжих ямар витамин уух вэ?

Хэрэв хүүхэд бөөлжиж эхэлсэн тохиолдолд цайны халбагаар шингэнийг бага багаар уулгах хэрэгтэй. Мөн витамин Д заавал уух хэрэгтэй. Хүүхэд гэхгүй бүх насныхан витамин Д нэмэлтээр уух шаардлагатай. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд 500мг, өсвөр насныхан 1000мг, насанд хүрэгчид 2000 мг-тайг ууна. Нэмэлтээр хросол уух хэрэгтэй. Учир нь шингэн маш их алдаж байгаа тул давс, эрдэс бодисоо нөхөх хэрэгтэй байдаг. Вирусийн гаралтай өвчин учир мэргэжлийн эмчид хандаж вирусийн эмийг эмчийн зааврын дагуу ууж хэрэглэнэ.

Эх сурвалж: Eagle.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet