Магвансүрэнгийн ХҮРЭЛСҮХ: ОЛОН ЖИЛ ЗҮТГЭЖ БОСГОСОН БИЗНЕС ӨӨРИЙН ҮР ХҮҮХЭД ШИГ САНАГДДАГ
2022 оны 1 сарын 7

“Шөнийн зах”-ын эзэн М.Хүрэлсүх хэвлэлд тоотой гардаг загас шиг дуугүй хүн. Дэд сайд хийж, улс төрд бужигнуулж явсан энэ эрхмийг хүрээнийхэн нь бол андахгүй таньж, найзлаж нөхөрлөдөг. Хөшигний ард чимээгүй оршиж, мөрөөрөө бизнесээ эрхэлдэг цөөхөн хүмүүсийн нэг. Ер нь заавал чимээтэй байх ч албагүй байх л даа. Ардчилсан намд мөнгө төлсөн гэх хүмүүсийн нэрс зарлагдахад 50 сая өгсөн гэгдсэн ч сонгуульд тэр төдий л “шунасангүй” бололтой. Хачирхалтай хэрэг. Нэг хэсэг нь хөлөө хугалах шахаж байхад нөгөө талд нь шунадаггүй М.Хүрэлсүх шиг хэсэг бас байна. Ковидын үеэр хамгийн түрүүнд түрээсээ хөнгөлсөн худалдааны төвийн эзэн, өөрөө чимээгүй амьдрахыг хүсэх ч хүмүүст бол ямагт сонирхолтой байдаг эрхмийг ярилцлагын ширээний ард урьсан юм. Амьдралын алдаа оноо, уналт босолтын дэнс, шарласан түүхийн хуудас, гаргасан зам мөр нь хүнийг гэрэлтүүлдэг. Хүрэлсүх тэр утгаараа гэрэлтэж яваа хүн аж. Нөгөө талаас гэрэлтэх тусмаа хүн даруу болдог гэмээр ч юм уу. Шунал хүсэл багатай, мөрөөрөө амьдрах сайхан ч юм даа гэж бодогдсоныг нуух юун. Цаг нь ирнэ ээ, хүн бүхэнд. 

-“Шөнийн зах”-ын эзэн хамгийн түрүүнд түрээсээ хөнгөлөх санаачилга гаргаж, өөрөө үнэнчээр асуудалд хандсан нь бусдыгаа хөлдөө чирэв үү гэж харж байлаа. Та барагтай бол дуугарч, сенсаци тарьдаг хүн биш гэдэг утгаараа содон туссан?

-Анх шөнийн худалдааны төв ашиглалтад ороход байрлал сайтай, төв захын хажууд, эдийн засаг нилээн сэргэчихсэн үед бид түрээслэгчдээ авсан. Нэг м2 ойролцоогоор 65000 төгрөгийн түрээстэй байлаа. Явцдаа эдийн засаг хямраад ирэхээр нөгөө түрээслэгчид маань түрээсээ төлж чадахгүй байдал ажиглагдаж байсан. Он гарангуут бид түрээсээ 30 орчим хувиар буулгая гэж яриад 50000 болгосон. Гэтэл нэг их удаагүй цар тахал дэгдээд түрээслэгчдэд хүндрэлтэй байдал үүсэх нь тодорхой болонгуут олон түрээслүүлэгч байгууллагуудыг уриалсан. Банкны хүү өндөр байна, хүүгээ буулгаач гэж бас уриалсан. Нийтээрээ эдийн засгийн хямралын байдалтай, ужгирч магадгүй учраас бид нийгэм рүү хандсан арга хэмжээ авах ёстой гээд түрээсээ дахиад 30% хөнгөлсөн. Одоогийн байдлаар бид 50000 төгрөгийн түрээсээ 35000 төгрөг болгочихсон байна. Эхний ээлжинд түрээслэгч нар их баярлаж байсан. Манай шөнийн худалдааны төв олон нийтийг уриалж байгаа юм байна гээд нэг хэсэг нь баяр хүргэж байлаа. Одоо ч байдал хүнд. Хүмүүс өргөдөл бариад зовлон тоочоод  ороод ирэх юм. Бид  тэр болгоныг зөвшөөрөөд байвал өөрсдийнхөө зардлыг дийлэхгүй ш дээ. Миний барьж байгаа зарчим бол ажилчдынхаа цалинг яасан ч хасахгүй байх. Засгийн газар  нийгмийн даатгал, татвар зэргийг хөнгөлж байна. Банкууд бага ч гэсэн зээлийнхээ хүүг бууруулах боллоо. Дээр нь үндсэн зээл төлөлтийг 6 сараар хойшлуулж, шилжүүлж байгаа гээд авч байгаа арга хэмжээнүүд зөндөө. Гэтэл дулаан, цахилгааны болон газрын төлбөр өссөн ч эргээд буухгүй хэвээрээ л байна. Үүнийг төр засаг харж үзэх л ёстой. Ард түмэн амьдрах гээд ядаж байхад төр засгаас бүх зүйл дээрээ анхаарлаа хандуулбал зохистой.

-Ер нь түрээслэгч хэзээ ч сайн нэртэй байдаггүй. Хотын хамгийн тансаг зэрэглэлийн оффисууд том, том шилэн барилгад ажилладаг хүмүүс ч нэг тийм сэтгэл хангалуун бус дарамт ихтэй. Бизнесийн хувьд та ямар зарчим барьдаг вэ? Түрээслэгчдээ дарамт шахалт үзүүлж байв уу гээд шууд асуучихвал яадаг юм бол?

-Аливаа бизнест байршил чухал байдаг. Хотын төвийн барилгууд байршил, өнгө үзэмж сайтай учраас мэдээж өндөр өртөгтэй. Хотын дээд зэрэглэлийн бүсэд байгаа газрын төлбөр нь өндөр. Мэдээж ийм газарт өндөр ашиг олдог пүүс компаниуд л орно. Манайхыг яг бор зүрхээрээ явж байгаа хүмүүс л түрээслэдэг. Нэг ёсондоо зарж байгаа бараа бүтээгдэхүүнүүдээс авахуулаад дундаж давхаргынханд тааруулж үйлчилгээгээ үзүүлнэ. Олон жил бараа бүтээгдэхүүн зарсан хүмүүс явц дундаа шалгарч үлддэг. Тэдэнд талбайгаа томруулах хэмжээгээр нь түрээсээ буулгаж өгдөг.

...Би бизнес хөөж олон жил явсан “Шөнийн зах”-аа баригдтал жийп унаж үзээгүй...

-Нэгэнт уулзсаных таны бизнесүүдийг албан ёсоор асуумаар байна. М.Хүрэлсүх ямар, ямар бизнестэй вэ? Хэтэвч рүү нь өнгийж байгаа хэрэг биш шүү!

-Би оюутан байхаасаа эхлэн үүргийн наймаа хийж эхэлсэн. Тавилга, мотоциклийн сэлбэг гээд жижиг, сажиг худалдаа хийж байгаад хүмүүс наймаанд хошуураад эхлэхээр нь компани байгуулах санаа төрж байлаа. Ардчилсан холбоон дээр хоёр компани байсан юм. Нэг нь Ерөнхийлөгчийн “Женко” компани, нөгөөх нь манай “Ардын аж ахуйтан” компани. Тухайн үед хөдөө барааны хомсдол үүсдэг байсан болохоор малчдад ахуйн хэрэглээ, гурил, будаа, элсэн чихэр, гутал, хувцас гээд бүх юмыг зах зээлээс олж нийлүүлэх үүрэгтэй компани байсан юм. Үр дүнтэй ажиллаж байсан ч тарсан. Харин одоо “Нар Мон” гэдэг компаниа байгуулж удирдаад 30 орчим жил болох гэж байна. Нэг хэсэг Японоос хуучин машин оруулж ирж байлаа. Машин зарлаа гэхэд цаанаасаа хямдхан авсан ч татвар төлсөөр байгаад ашиг багатай. Машин өөрөө хүүхэд шиг арчилгаа шаардана. Бензин байхгүй бол болохгүй, тосыг нь солино, Монголд өвөл гадна зогсооно, өглөө бүр цасыг нь арилгана, цэвэрлэнэ гээд л. Би “Шөнийн хулдааны төв”-ийг барьж эхлэхдээ авто плаза шиг доороо машин зогсоогоод дээрээ сэлбэг зарна гэж бодож барьж байсан. Тэгсэн мөнгө дутаад яадаг юм билээ гэж байсан чинь манай Солонгост ажиллаж байсан дүү “Солонгост шөнө ажилладаг зах байдаг ш дээ” гэж ярьж билээ. Тэгээд л гаднаа “Шөнийн зах намар ашиглалтад орно” гээд зар бичээд, урагшаа яваад бараа татаад ирэх хооронд оръё гэсэн хүмүүс бараг мянгаараа очерлочихсон байсан. Тэгэхээр нь би яг оръё гэсэн хүмүүс баталгаатай, барьцаатай ир гэсэн чинь нэг өдрийн дотор миний нөгөө дутаад байсан 400 сая төгрөг орж ирээд, намарт нь  барилгаа гүйцээж оруулсан даа. Бас аялал жуулчлалын бизнестэй. Богдхан ууланд “Тоорил Ханы Хүрээ” жуулчны бааз, Баянхонгор аймгийн Бууцагаан сумандаа “Гандирсийн хүрээлэн” жуулчны отогтой.  

-Уг нь тань шиг эрт бизнест хөл тавьсан тодорхой хэмжээнд юм хийж, бүтээсэн зүйлтэй хүнд цаашаа бизнесээ өргөжүүлээд, шинэ юм хийхэд арай хөрс нь зөөлөн байх болов уу гэсэн үгүй юм шиг байна тийм ээ?

-Бизнес хийхэд улам хүнд болж байна. Сүүлдээ бүх бизнесээ зарчихаад, мөнгөө банкинд хадгалуулчихаад сууж байвал хамгийн амар бизнес болох гээд байна шүү дээ. Бид жилдээ 10 хувийн ашгийг том ашиг гэж бодно. Тэгэхэд мөнгөө хадгалуулсан хүмүүс хэдэн хувиар нь өсгөж байна. Тэгэхээр төр ажлын байр бий болгодог, олон ажилчидтай компаниудаа төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Ингэхэд 50 сая төгрөг таны бодлоор ямар утга агуулгатай хэр хэмжээний мөнгө вэ? Яагаад ингэж асууж байна гэхээр та намдаа 50 саяыг өгөөд “мартчихсан” хүмүүсийн дунд яваад байгаа?

-Би найз нөхөд, компаниудаас нэр дэвшиж магадгүй гээд мөнгө босгосон. Түүнийгээ намд өгсөн. Би 2008 онд томсгосон тойргоор Баянхонгорт 0 рейтингтэй намаас өрсөлдөн 15%-тай явж байсан. Энэ бол Монголын ардчилалд бас тодорхой хэмжээгээр хувь нэмэр болсон гэж боддог. Миний унах хамаагүй ч тэнд байгаа сонгогчдыг соён гэгээрүүлсэн. Хүмүүс дараагийн сонгуулиар хэнд өгөх ёстой вэ гэдэг дээр хашир суусан гэж боддог. Би зүгээр ч нэг 50 сая төгрөг АН-д өгөөд мартчихсан юм биш. Ийм нэг горилогч байгаа шүү гэж сануулсан. Энэ 50 сая төгрөг манай ажилчдадаа өгдөг цалингийн 50 хувь нь гэж ойлгож болно. Үндсэндээ 100-аад сая төгрөг олж байж ажилчдынхаа цалинг тавьдаг.

...Би зүгээр ч нэг 50 сая төгрөг АН-д өгөөд мартчихсан юм биш. Ийм нэг горилогч байгаа шүү гэж сануулсан. Энэ 50 сая төгрөг манай ажилчдадаа өгдөг цалингийн 50 хувь нь гэж ойлгож болно...

-Та хамаг бүхнээ дэнчин тавиад сонгуульд орж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ? Байр саваа зараад, өр зээл тавиад,  төрийн албанд оччих юм бол ... гэсэн сэрэл мэдрэмж, цээжний хонжоо байх шиг?                

-Төрд оччихоод өгснөө нөхөж авна гэж байгаа бол түүн шиг тэнэг асуудал байхгүй. Зүгээр шоронгийн хаалга татах, гэр оронгүй болоход ойрхон л гэж хэлье. Төрд нэр төртэй ажиллаж, өөрийнхөө зарчмыг зөрчихгүй байхыг л хичээх хэрэгтэй. Би их хувь заяатай, бизнесийнхээ хажуугаар хоёр ч том сангийн захирал хийсэн. Нэг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал, нөгөөх нь Байгаль хамгаалах сангийн захирал. Аль алийг нь нэр төртэй хашсан. Төрийн ажилд орохдоо идэж уухаа бодоод байвал төрийн төлөө, өөрийнхөө ч, үр хүүхдийнхээ төлөө ч ажиллахгүй ар гэрээ эрсдэлд оруулна гэдгийг сануулаад хэлчихье. Гэр орон, хамаг байдгаа шавхаад орчихвол яах юм, яаж амьдралаа босгох юм бол доо.

-ИЗНН-ын бас ч гэж өнгөтэй өөдтэй явсан он жилүүдэд намынхаа нүүрийг тахалж байсан цөөн хүмүүсийн нэг нь та. Дэд сайд байсан гэдгээр нь уншигчид сайн мэднэ. Танай нам юу болсон бэ?

-Би бол ИЗНН-ын санаачлагчдын нэг. 1996-1998 онд АН-ын СБД-ийн тэргүүлэгч гишүүн байсан С.Зориг агсныг дэмжигчдийн нэг нь би байлаа. Анх С.Зориг БНН гэж байгуулахад гишүүнээр элсээд, сүүлдээ нэгдээд МҮАН болсон. Бидний хэсэг нөхөд Ардчилсан намаас гарч, ИЗНН-ыг 2000 онд байгуулсан. Миний хувьд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргын сонгуульт ажлыг хийж байсан. 2016 оны сонгуулиар ИЗНН дотроо хоёр хуваагдчихсан. АН-тай албан бус эвсэлээр ИЗНН-аас  5 хүнийг АН-ын нэр дээр УИХ-ын сонгуульд дэвшүүлэхээр тохиролцсон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ИЗНН-аас Х.Баттулгыг дэмжиж, оролцооч гэдэг санал ирсний дагуу Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Баянгол зочид буудалд Х.Баттулга гишүүнийг дэмжиж байна гээд бичгээ аваачиж өгсөн. Тэр сонгуулийн дараа М.Хүрэлсүх АН-ын гишүүн юм байна, бүх тал дээр АН-ыг дэмжчихлээ гээд манай залуучууд асуудал үүсгэсэн. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намайг ажлаа өг гэж шаардсан юм. Нэгэнт л угшил маань АН намтай холбоотой болохоор хүн чинь өөрийнхөө угшил руу л явдаг юм билээ. 

-С.Зориг агсны хэлсэн үгийг тавихад хэдэн мянган шэйр авдаг. Хэдийгээр энэ хүн өнгөрөөд олон жил болж байгаа ч бүх зүйл нь сонирхол татсан хэвээр байдаг.  Таныг С.Зориг агсантай хамт ажиллаж байсныг одоо л сонсож байгаа болохоор лавшруулаад асуучихад ойроос харж байсан хүний хувьд тэр хүн ямар хүн байсан бэ, ямар зан чанар нь авууштай байсан бэ?

-Би компаниа байгуулаад тодорхой цаг хугацаа өнгөрчихсөн байхад хэсэг найзууд салхинд гаръя гээд Тэрэлж рүү явж байлаа. Тухайн үед Зил-130 машинтай байсан. Машиныхаа тэвшин дээр эсгий тавьчихаад л, хорхог хийх бидоноо аваад нөгөө хэд дээрээ очсон чинь бүгдээрээ унаагүй намайг хүлээгээд зогсож байж билээ. Тэгээд бүгд миний машины тэвшин дээр суугаад, С.Зориг агсныг кабинд суухгүй юм уу гэсэн чинь зүгээр ээ, агаарт амар гээд. Тэгж анх танилцаж байж. Тэрэлжид “Нарлаг” зуслангийн ойролцоо хоноглоод бөхийн тэмцээн зохиож, С.Зориг агсантай барилдахад их бяртай боловч мэх муу нь мэдрэгдэж байсан. Тухайн үедээ бол УИХ-ын гишүүн, Ардчилсан холбооны гол зохицуулагч хэрнээ л нэг тийм энгийн хүн л байж дээ.

-Улс төрийн ажлыг их ашигтай гэж харчихаад зүтгээд байгаагийн буруутнууд нь хэн бэ?

-Би бизнес хөөж олон жил явчихаад, “Шөнийн зах”-ыг баригдтал жийп унаж үзээгүй хүн. Төрд ажилладаг хүмүүс бизнес хийж мөнгөө босгодог хүмүүсээс илүү үнэтэй “хар жийп” хөлөглөөд л. Олон жил төрд суусан хүмүүс том, том улсын үйлдвэрийн газарт янз бүрийн бараа шахаж мөнгөтэй болдог юм болов уу гэж боддог ш дээ. Бид бол тийм газар бараа шахахыг бодоод ч хэрэггүй. Тэгж толгойгоо гашилгаж байснаас ажлаа сайн хийгээд явж байсан нь дээр байх.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Шүтлэг бий. Эцэг өвгөдийнхөө шүтэж ирсэн шарын шашинг хүндэлж дээдэлж явдаг.  Би тэнгэрт итгэдэг. Мөнх тэнгэр хүнийг тэтгэдэг, зөн совин тэндээс ирдэг гэж үздэг.

-Хариуцлагагүй, хэнэггүй юунаас ч айдаггүй, өөртөө ч, бусдад ч үнэнч биш сонин цаг үе бидэнд тулаад байна л даа. Хоёр хүн уулзаад ажил ярилаа гэхэд нэг нь заавал хэлсэн үгнээсээ буцна. Тийм хүмүүсийг амжилтад хүрэхгүй гэж би хувьдаа хардаг. Хэлсэндээ хүрдэггүй, үнэгний сүүлээр хуурч байгаа юм шиг шарваад л ...?

-М.Хүрэлсүх гэдэг хүн хүмүүстэй гэрээ хийсэн л бол ашиггүй байсан ч хамаагүй дуусгах ёстой. Бизнес хийдэг хүн худал хуурмагаар хол явахгүй ээ. Бизнесийн салбарт бие биенээ хуурдаг, хулгай хийдэг хүмүүст орон зай байхгүй. Харин улс төрд ярьснаа биелүүлдэггүй “муридаг” хүмүүс байгаа болохоор Монголын улс төр тогтворгүй байгаа юм. Амласан бол амласнаа биелүүлэх ёстой. Тэгээд дараа нь дахиад сонгогдох ёстой. Сонгогдохынхоо өмнө баахан “худлаа амлаж” гарч ирснийхээ дараа сураггүй алга болчихож байгаа юм. Ард түмэн ч мэддэг болчихож дээ.

-Та маш олон салбарын хүнтэй харьцдаг, найз нөхөд олонтой хүн юм шиг байна. Нөхөрлөлд ямар цензур тавьдаг вэ? Таны найзын хүрээлэлд ямар хүмүүс байна?

-Үхэж нөхөрлөсөн найз гэдэг шиг Чингис хаан, Жамух хоёрын түүх байдаг даа. Багадаа  бие биендээ тангараг тавьсан хоёр анд эцсийн мөчид нэгнийхээ төлөө үхэж чадсан байдаг. Би энэ түүхээс сэдэл авч, өөрийгөө Чингисийн оронд тавиад нэг шүлэг бичсэн юм. Тэр шүлэгт “Чи миний хатан ижийд ирж золгодог байсан, чи миний хатан Бөртэг халамжилдаг байсан, чи бол дүү нарыг маань загнадаг байсан, чи намайг ч гэсэн сургадаг байсан” гэсэн утгатай “Андын дууль”  шүлгээ бичиж байлаа.

АНДЫН ДУУЛЬ

     ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ ГАЗАРТ ТӨӨРСӨН

ТЭНХЭЭТЭЙ ЭРЧҮҮД ТАМИРАА БАРСАН

ТЭРЭГНИЙ АРАЛ ТЭМЦЭЛД ХОТОЙСОН

ТЭНЭМЭЛ ДЭЭРЭМЧИД ТАЛЫГ БҮРХСЭН

13 ЗУУН.

Хорвоо хоёр хөвгүүнд хамгийн хаан соёрхжээ

Хөтөлгөө морьд шиг эрчүүдэд

Хамаг ачааг хувааж ганзагалуулжээ

Хүмүнийг захирах хувь тавилан

Харин ганцад нь л ноогдох ажээ...

Чонын шагай солилцон андгай анхлан тавьсан

Чөмөгтэй эрс болохоор шөрөмсөө үзэж барилдсан

Зээрийн анд мордож зүслэн хөөгөөд харвацгаасан

Зэрэгцэн хээр хоноод дээлээ хувааж нөмөрсөн

        АНД МИНЬ ЭЭ.

Хатуу үгээр хурцалдаг нь

Анд минь чи билээ

Хатан ээжид золгодог нь

Анд минь чи билээ

Хөвгүүд дүү нарыг загнадаг нь

Анд минь чи билээ

Хайрт Бөртэг халамжилсан нь

Анд минь чи билээ

Дуут сумаа өгөлцөн дутуугаа нөхөхөөр тохиролцсон

Тархай иргэдээ цуглуулахад туурга хана болсон

Өстөн халдан ирэхэд өмөөрч хамтдаа давшсан

Өндөр өвгөдийн захиасыг өөртөө хоёул хэлэлцсэн

        АНД МИНЬ ЭЭ

Хар санаатныг илчилсэн нь

Анд минь чи билээ

Хамаг дайсныг цуглуулсан нь

Анд минь чи билээ

Далан чоносыг чанасан нь

Анд минь чи билээ

Даяарыг өөрөөсөө алдсан нь

Анд минь чи билээ

Алтан бүсээ цэнэлээгүй андгай дахин өргөсөн

Алсын бодолоо ярилцан адуу манан хоносон

Хөх Түрэгийн хөшөөнд хүндэтгэн сөгдөж мөргөсөн

Хүннү дээдсийн домгийг хүүрнэн хамтдаа бахархсан

       АНД МИНЬ ЭЭ

Хавирга сүвээг цочоодог нь

Анд минь чи билээ

Хаан ширээнд халддаг нь

Анд минь чи билээ

Хамгийг номхороход өөрөөрөө үлгэрлэсэн нь

    Анд минь чи билээ

Харин амиараа эвийг ивсэн нь

Анд минь чи билээ

Андын солилцсон шагай алганд хөлрөөд байна

Андгай тангарагтаа амиа зольж нөхөрлөсөн

       АНД МИНЬ ЭЭ

БҮЛЭЭН БИЕЭ ИВСЭН ҮЙЛС ТАНЬ

ГҮРЭН БОЛСОН ШҮҮ

БУТАРСАН УЛС МОНГОЛ МИНЬ

БҮТЭН БОЛСОН ШҮҮ

АГУУ ИХ АНД МИНУ ..

-Та яруу найрагч хүн. Хэдэн жил шүлэг бичсэн бэ? Яруу найраг таны хувьд хобби байж таарна байх?

-Тийм. Хобби шүү. Би нийгэм, улс төрийн талаар дотор бодлоо, улс төр дээр хэлээгүй үгээ шүлгээр илэрхийлдэг. Аминаас үнэтэй монгол, Үхлээс үнэтэй газар шороо гээд л дандаа өмөөрсөн шүлэгнүүд өнөөдрийн Монголын байдалд тохироод байгаа юм. Ийм л сэтгэхүйгээр шүлгээ бичиж явна даа. “Нармайн монгол”, “Буга шүтээн” гээд хоёр яруу найргийн номтой. Мөн “Зөн совин ивээж байна”, “Буга шүтээн” гэсэн дууны хос цомог гаргасан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Сангиа ахтай бараг 11 дуу нийлж бүтээсэн юм байна.

Би

Нүдгүй хуйлрах цасан шуурганд

Нүцгэн ургасан талын хайлаас

Ноцон дүрэлзэх галын дөлтөй

Нойтон шидүүлсэн дуутай цучил

            Би

Сайхан дагины энгэрт саамшсан

Сүүгээр бойжсон сүүлтэй хурга

Сарны туяанд сүүдрээ дагуулсан

Сүгэн зурагны сүх атгасан сүлд

            Би

Хүннү өвгөдөөс хөдсөнд боосон

Хөх дөлтөй халуун гал

Хөлгөн судраас нумарч тавигдсан

Хоосон тарнийн номтой зэв

            Би

Аавын хайрласан алганы амтанд

Шүдээ тас зуусан шазуур

Үерхэж нөхөрлөсөн хаадын домгоос

Үерхлээ үлгэрлэсэн үнэнч анд

            Би

Зул задрах хурдан морьдын

Зулайд давхих ороо хүлэг

Туурайн төвөргөөнд зүрх хөөрөх

Цамцаа дэвүүлсэн хийморийн дарцаг

            Би

Ган суулгахаар галанд улайсгаж

Усанд хатаасан эрдэнийн илд

Өвлийн тэсхим хүйтэнд өнгөжих

Өвгөдийн буурийг эргэх өлөн чоно

            Би

Их нүүдлийн цуваанаас гээгдсэн

Ээрэм талын эрлийн эзэн

Уулын эхээс урсаж харгиатсан

Уянга хэлхсэн бодлын урсгал

            Би

Тэнгэрээс илгээсэн зөн совинг

Түмэнд түгээсэн туульч зайран

Ухаант дээдсийн учирлаж хэлүүлсэн

Утга төгөлдөр сургаалын шаштир

            Би

Буган хөшөөнөөс босож ноцсон

Булшаа харамласан босоо ороолон

Дээлээ нөмрөөд дэрсэнд буудуулсан

Дээд үеийнхээ дууч сүнс

            Би

Цагаан хэрмээс Байгаль хүртэлх

Цадиг түүхийн цагаан гэрч

Нүүдэлч удмынхны нулимсаар орсон

Нүргэлж шаагих аянгын бороо

            Би

Бүрэн эрхэд аюул тулгарахад

Буу мөрлөх бэлтгэл цэрэг

Бүтээн байгуулалтад бүл дутахад

Итгэл даах иргэн хариуцлага

            Би

Нойтон нялзрай ноцож цоройлох

Ногтгүй ноолуулах номхон хээр

Амьдралын нугачаанд тэгнэсэн ачаатай

Амрагласнаа солиогүй аяншсан ат

            Би

Хөх түрэгийн хөдөө босгож

Хөсөр хаягдсан номын хөшөө

Онгон сэвшээ талын салхинд

Онгож гандсан хүн чулуу

2010.01.04

-Та шунал багатай сонин хүн байна шүү. Шүлэг бичдэг, тань шиг авьяастай хүн өдийд бэстселлер болгох гэж ном гаргаад л явах байсан байх. Ер нь таны шуналыг юу хөдөлгөдөг юм бэ?

-Би арван хүүхэдтэй айлын дунд хүү. Аав ээж хоёр маань ханилаад 10 хүүхэдтэй болсон юм. Аав минь залуугаараа өөд болчихсон юм. 8 хүү 2 охинтой айл болохоор яалт ч үгүй багаасаа бүгд биеэ дааж эхэлсэн. Би 7-р ангиасаа Баянхонгор аймгийн Түйн голын гүүр баригдаж байхад тэнд цемент зөөж, цалин авдаг байлаа. Манай ээж худалдагч хийгээд 450 төгрөгийн цалинтай байхад би сард 1200 төгрөгийн цалинтай ачигч хийдэг байсан юм. Авсан цалингаараа өөрийгөө болгоод л, хэрэглээгээ хангачихдаг. Шунал гэвэл аав, ээж шигээ олон хүүхэдтэй болохыг хүсдэг гэх үү дээ.

-Та эрсдэлд хэрхэн ханддаг вэ?

- Би бизнест олон эрсдэл хийж байсан. Улстөрч хүн улс орныхоо төлөө бүх зүйлээ дэнчин тавиад том өөрчлөлтийг хийх л хэрэгтэй. Тэгж зориглож хийж чадсан хүмүүс өнөөдөр янз янзын хэрэгт орооцолдоод байна. Тийм болохоор энэ хэргүүдийг шүүх зөв шүүгээсэй гэж бодож явдаг. Монголын төр, төр барилцсан хүмүүстээ халгаатай гэдэг үг байдаг юм. Ёстой цаг хугацаа шүүнэ дээ.

...Би хэн нэгнийг харахаасаа илүү Монголын төрд юу болохгүй байна гэдгийг хардаг...

-Таны хувьд рейтинг өндөр байх үедээ сулхан намаас нэр дэвшээд ялагдсан. Одоо АН-д орсон ч шинэ, залуу үеийнхнийг нийгэм сонирхоод байна гэх яриа байна. Гэхдээ бас хэн залуу үеийнхнийг дэмжих юм, харин ч залуу үеийнхнээс илүү буурь, суурьтай хүн байх нь дээр юм биш үү гэсэн уур амьсгал үүсээд байна л даа?

-Өнгөрсөн парламентад байсан залуучууд яасан ч их асуудалд орооцолдов. Жишээ нь, Гантулга залуу хүн болохоор сул тал ихтэй. Тэр сул талыг нь бариад л тоглолт хийчихэж байгаа юм. Залуучууд улс төр рүү орох нь зөв ч, шууд их хурал руу биш эхлээд шат шатны төрийн алба хашиж үзэх хэрэгтэй. Өөрийнхөө хорыг гаргаж, үнэхээр идэж уух сонирхолгүй бол очсон газраа нэр цэвэр л явах хэрэгтэй. Тэгж чадсаныхаа дараа л төрийн өндөр сэнтийд очиж болно. Их хуралд оччихоод энд тэнд бараа шахах гэж гүйгээд ч юмуу, албан тушаалд хүнээ шахах гээд байвал хор нь гараагүй байна гэсэн үг.

-Тэгвэл хүн хороо гаргахын тулд юу хийх вэ?

-Юм юм л хийж үзэх хэрэгтэй. Бизнес хий, эрсдэл үүр. Бусдын туршлагаас суралцаж, унаж босох хэрэгтэй. Бизнес хийлээ гэхэд хэт их ажилдаа анхаараад гэр бүлээ орхигдуулж болохгүй. Залуучууд гэр, машинаа зарчихаад сонгуульд өрсөлдөх гэж байвал бизнес шатсантай адилхан юм болох вий л гэж захья даа.

-Уналтын үед таньд юу бодогдож байсан бэ? Таныг юу татаж гаргаж ирсэн бэ?

-Хичээнгүй зүтгэл. Гэрээ хийхдээ ч мөнгөнд хэт шунаж болохгүй, бага ч гэсэн ашиг олж байвал тэр ядаж л хоол болно шүү дээ. Түүнээс биш хэт их шунаж, хэтэрхий их ашиг олох гэж хөөцөлдөж байгаад худалч хүмүүсийн гарт орчихдог юм билээ. Зах зээлийн үнээс илүү үнэ өгөх, хэт шунах  буруу юм байна гэж ойлгосон. 

-Та нутагтаа бүтээн байгуулалт шинэ содон зүйлс багагүй хийсэн юм билээ?

-2000 онд Баянхонгорт аав, ээжийнхээ ажиллаж байсан “Номгон” зочид буудлыг дуудлага худалдаанаас аваад  засч тохижуулан, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болгож өгсөн. Саяхан очоод бас нэг танхимыг нь засч өгсөн. Бас өөрийнхөө төрсөн нутагтаа аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд буурал аавынхаа зуслангийн газрын буурин дээр жуулчны бааз байгуулсан.

-Эсрэгээрээ бусдыг шүүмжилж байхыг чинь харин хараагүй юм байна. Нэг бодлын энэ асар их тэвчээр шүү. Бусдыг шүүмжилсэн хүн баатар болдог нийгэм шүү дээ?

-Хүмүүс өөрөөсөө дээш хүнийг, магадгүй ерөнхийлөгчийг ч юм уу шүүмжилсэн хүнийг хараад мундаг гээд ойлгочихдог юм шиг байна лээ. Яахав хэсэг тийм хүмүүс сошиалд байна. Сүүлдээ нийгэм тэр хүнийг жигшинэ. Тэр хүн юуны төлөө амьдраад байгаа юм. Өөрийнх нь амьдрал болохгүй учраас л хэн нэгнээс айж буруу хайдаг байх. Өөрийнхөө амьдралыг зөв аваад явчихдаг бол хүн муулаад байхгүй л дээ.

Миний хувьд шүүмжлэхээсээ илүү өөрийнхөө бодол санааг л хэлдэг. Би хэн нэгнийг хараахаасаа илүү Монголын төрд юу болохгүй байна гэдгийг хардаг. Түүнээс биш тэр хүнийг муулж, шүүмжилснээрээ танигдаад, гайхамшиг бүтээхгүй гэж бодож байна. Монголд хоёр том нам байна. Энэ бол манай үе, үеийн олон эх орончдын бий болгож бүтсэн том оюуны бүтээл. Түүнээс биш энэ олон бие даагчид бүгдээрээ гараад байвал нэг нь хаан болох гээд үзнэ ш дээ. Бүхэл бүтэн нэг намыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс өөрийгөө хүнд хүлээн зөвшөөрүүлж чадахгүй.

-Ер нь хүнийг ажил хийлгэх их хэцүү. Та яаж ажиллуулдаг юм?

-Манайд ажилчид 100 гаруй, түрээслэгчид нийлвэл 500-аад хүн бий. Тэднийг удирдах хэцүү. Надад нэг бизнесийн түүх байдаг юм. Дэд сайдаас буусны дараа нийгэм  хямарчихсан үе л дээ. Манай түрээслэгчдийн ихэнх нь гарчихсан, үлдсэн түрээслэгчид түрээсээ 50 хувь буулга гээд шаардлага ирүүлсэн асуудлыг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэж чадсан. Би “Хямралыг хамтдаа давна” гээд тэдэнд нэг нэг лангуу бэлэглэе, та нар найз нөхөд, хамаатан садан гээд бизнес эрхэлдэг хүмүүсээ оруулчих, тэгэхээр чи 600-г төлдөг байлаа гэхэд нөгөө хүнтэйгээ хуваагаад 300, 300-аар нь төлчихнө, ингээд түрээс 50 хувь буурч байна. Би хүн хайгаад явахгүй, та нар олоод ир гээд явуулсан чинь нөгөө лангуу нь дүүрчихсэн байж билээ. Тэгж хямралын үед асуудлыг шийдэж байсан юм. Тэгэхээр аливаа зүйлд бизнесмен хүний торгон мэдрэмж гэж байх ёстой юм байна гэж бодсон.

-Мөнгөөр бүх зүйлийг шийдэж болох уу?

-Ер нь хэцүү дээ. Ажилчдын ур чадвар, хамт олонч сэтгэлгээ, туршлага, хүний нөөц, маркетинг менежмент гээд бүгдийг л цогцоор нь авч явж байж бизнест амжилт гаргана. Дээр нь олон жил босгосон бизнес өөрөө үнэт зүйл болдог юм.

-Та яаж ч бодсон асуудал бэрхшээлтэй ч гэсэн чинээлэг хүн шүү дээ. Баян хүмүүсийг нийгэм их гадуурхдаг. Ямар үед та хүмүүсийн ялгаад байгаа хандлагыг мэдэрдэг вэ? Эсвэл хүрээлэл тань жигдхэн болохоор гайгүй байдаг уу?

-Би өөрийгөө тасарчихсан баян гэж боддоггүй. Миний бодож явдаг зүйл бол сайхан байшин байгаа л бол доторх цэвэрлэгээ, харуул хамгаалалтаас нь авахуулаад бүх зүйл нь сайн байх хэрэгтэй гэж боддог. Хүч хөдөлмөрөө зарж олсон мөнгөөрөө өндөр үнэтэй морь, машин худалдаж аваад байдаггүй. Гэхдээ би Монгол бөхөө дэмждэг, морийг ч хайрладаг, үнэтэй байгаасай ч гэж боддог. Надад гоё дуу бичээд, хүмүүсийн сэтгэлд хүргэчих юмсан, нэг ч гэсэн хүнийг сайхан бодолд автуулж, дуу хууртай байлгах юмсан гэсэн бодол бий. Түүнээс биш хөөрөг, машин тэрэгний сонирхол байдаггүй.

-Нутгархах, жалга довны үзэл танай Баянхонгорт хэр байдаг вэ? Уг нь Ерөнхийлөгчийн аймгийнхан л даа?

-Акулууд сүрэглэдэггүй гэдэг шиг манай Баянхонгор аймгийнханд нутгархах үзэл байдаггүй. Яагаад бид тусгаар тогтнож үлдсэн бэ гэхээр жалга довны үзэлгүй, эх орныхоо төлөө зүрх нь цохилдог болохоор л тэр байх.

-Гэхдээ их нэгдээд байх нь зөв юм уу? Нэгдэхгүй ингээд тус тусдаа байсан нь дээр юм уу, яах ёстой вэ?

-Би хүнтэй тэгшхэн л харьцдаг. Тэр намын тэр нь муу, энэ нь сайн гэж ялгаварладаг  илүү зан надад байдаггүй.

 

Танд баярлалаа.

Ярилцсан: Б.Ундрал

Гэрэл зургийг: Б.Сайханбилэг

Эх сурвалж: Гранд №131,132

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet