Монголын мистер, IFBBPRO ТӨМӨРСҮХИЙН БАТНАСАН: Монголд ойрын хоёр жилдээ намайг барах тамирчин алга
2022 оны 1 сарын 5

Т.Батнасан IFBBPRO зэргээ 2019 онд авсан, олимпид зорьж яваа дэлхийн энтэй тамирчин. Гэхдээ хожуухан Монголын мистер цолыг хүртлээ. Тэр бидний мэдэхгүй энэ салбарын дотоод зөрчил, чадвартай нь хүртэл даруулдаг ээдрээтэй ертөнцийн талаар ил шулуухан ярьчихлаа. Түүнд зориг байна, бяр байна, тамирчны сэтгэлзүйн өндөр хат байна. “Сайн хүний үрийг дараад дараад дийлэхгүй” гэдэг л энэ биз. Эгэл жирийн малчин айлын хүү Батнасан энэ хатуу дэвжээнд амжилт үзүүлж дэлхийд эх орныхоо нэрийг гаргах мөч нэгэнт хаяанд иржээ. Хэзээний мэдрэмжтэй, тэр дундаа спортоос сувд шүүрэхдээ гаргууд Женко Баттулга түүнд алдарт цоохор дээлээ бэлэглэсэн гэдэг нь нэгийг зөгнөж, нэлээдийг тодорхойлох мэт. Тамирчин болсон, болох гэж байгаа, шинээр эхэлж байгаа ер нь энэ спорттой амьдралаа холбосон хэн бүхэн уншууштай мэдээлэл, мэдлэг түгээх ярилцлага боллоо. Түүний ил цагаан үгс зарим хүнийг гомдоож магадгүй. Гэхдээ бид бодит үнэнтэй хэр сайн нүүр тулж чадахаас амжилтын зам дардан болох тул тэгтлээ эмзэглэх хэрэггүй биз дээ. Гучин жилийн түүхэнд төрсөн 10 гаруй мистерийн нэг нь тэр гэж бодохоор бахархам амжилт юм. 

-Саяхан та модель Ээгийтэй сошиалаар battle хийгээд байсан.Өөрсдөө өгзөг, гуягүй шоорттой ангиллынхан бусдад юу зааж яаж өгзөгтэй болгох гэсэн юм гэхлээр олон хүнд хүндээр тусаж олон хүний бахыг хангасан даа. Гэнэтхэн хурц үг шидлэх болсон шалтгаан чинь юу вэ?

-Ээгий бид хоёр сайн найзууд. Тэр үгийг би Ээгийд хандаж хэлээгүй л дээ. Мань эр өөр дээрээ тусгаж авсан байх. Ер нь өөрийгөө олоогүй байж хүнд заах гэсэн багш нар олон болчихсон. Гадаадын далайн эргийн шорттой ангиллын залуучуудын хэв маягаас үүсэж гарч ирсэн багш нарыг л би хэлсэн юм. Тасарчихсан бие хаатай биш ч боломжийн болчихоод шууд заах гэдэг буруу. Жишээ нь англи хэлгүй байж хүнд англи хэл зааж байгаатай адилхан. Ихэнх нь Youtube-ээс гадныханд зориулсан дасгалыг орчуулж хүнд заагаад байдаг. Хүн болгоны амьдралын хэв маяг өөр. Мэдлэг нь байхгүй байж хүмүүсийг битгий шулаач ээ л гэж хэлээд байгаа юм. Тамирчин тахианы мах идэхэд зовлого амтагддаг байхгүй юу. Тэгэхэд одоо хүн болгоныг тахианы мах идэх ёстой гээд байдаг. Тамирчин тахиа болгох гээд л. Америкийн соёлыг л Монголчууддаа тулгаад. Мэдээж би Мистер болсон хүн учраас энэ мэтийн зүйлийг хэлж байх ёстой.

-Хэн хүссэн нь ер нь онлайнаар пэйж, групп нээгээд багш болоод дасгал хөдөлгөөн яаж хийхийг заагаад байдаг болж. Сайн мууг нь бид яаж ялгах вэ? Энэ салбарт цензур дутаж байх шигээ?

-Ямар ч цензургүй болчихсон учраас би арга ядахдаа хэлж байгаа байхгүй юу. Хэдэн сар хичээллээд бие хаа нь өөрчлөлт орсон хүүхдүүдийг ахын дүү чи багш болчих тэгээд үнэгүй манай фитнесд хичээллэж болно гэдэг. Иймэрхүү л багш нар байгаа. Тэгээд тэр хүн чинь гэнэт багш болооп за надад нэг ингэсгээд зааж байсан гээд тэр хандлагаараа заагаад явчихдаг.

Уг нь ийм байрлалаар ингэж унтдаг, ийм хоол унд иднэ, амьдралын хэв маяг чинь ийм байна. Тийм учраас чи ийм дасгал хөдөлгөөн хийх ёстой гэж зааж өгөх ёстой. Тухайн хүн цаг зав, мөнгө төгрөг гээд өчнөөн зүйл золиослож байхад мэдэхгүй учраас бүх хүнд нэг янзаар заачихдаг нь харамсалтай бас эрсдэлтэй санагддаг.

Эхлээд өөрийгөө ол. Дараа нь багшлах хэрэгтэй гэж хэлмээр байдаг даа. Өөрийгөө ч олоогүй хүн хүнд багшилна гэдэг хэцүү. Тухайн хүнийг дахиж фитнесээр хичээллэх хүслийг мохооно. Дор хаяж улсын аваргаас алт авсан бол багшлах эрх гэж олгохгүй бол одоо дэндүү хавтгайрчлаа.

-Баяр дөхөхөөр турах гэсэн хүмүүс их болдог. Шинээр эхлэж байгаа хүмүүсд хандаж та юу зөвлөх вэ?

-Хүн сард дээд тал нь 6 кг хасах ёстой байдаг. Хөдөлгөөнгүй байж байгаад гэнэт хөдөлгөөн хийх чинь зүрх өвдөнө ачаалал аваад даралт ихсэх магадлалтай. Тамирчид ч гэсэн хөдөлгөөн хийж байгаад хийхээ болихоор мөн ялгаагүй. Турна гэсэн хүсэлтэй ядаргаанд орно. Төмрийн ядаргаа 2-3 жилдээ гардаггүй. 20 хоногийн дотор турна гэж хэзээ ч байхгүй. Багш нь турахгүйг нь мэдсээр байж мөнгийг нь авдаг, дасгалаар 20 хоног нүддэг. Өдөр хоногоор дасгаж дурлуулж байж урт хугацаанд явж байж л үр дүн гарна. Тэгж байж хүн бие, сэтгэл нь тогтоно..

-Та хувийн багш хийдэг үү?

-Би 3-5 сая төгрөгний үнэтэй багш хийнэ гэж хэлдэг. Гэхдээ хувийн багш хийдэггүй. Мөнгөө өгөөд заалгах хүн байвал хамаагүй. Гэхдээ хоёр сар л нэг хүндээ заана. Эхний сардаа төмөртэйгөө танилцаад бие нь булраад өнгөрнө. Хоёр дахь сард дасаад эв зүйгээ олно. Юм мэдэхгүй хүмүүс чинь сар гэж яриад байдаг. Яахав тэр хүмүүс мэдлэгэндээ тааруулж л багшилж байгаа юм.

-Та Женко клубын тамирчин. Экс ерөнхийлөгчтэй авахуулсан зураг чинь цөөнгүй. Тамирчныхаа хувьд хувь хүнийхээ хувьд та хоёр бие биенээ крашилдаг, нэг нутаг болохоор их дотно бололтой?

-Экс ерөнхийлөгч бид хоёр нэг нутаг. Би малчин айлын хүүхэд. Багадаа малчин байлаа. Зургадугаар ангиасаа сургуулиа орхиж ажил хийсэн. Хийж үзээгүй ажил ховор доо. Одоо Монгол улсын ерөнхийлөгч асантай хамт бэлтгэл хийгээд явж байна гэдэг чинь би хөдөлмөрлөж чадсан байгаа биз? Баттулга ах алдарт цоохор дээлээ надад бэлэглэсэн. Миний аав шиг, ах шиг, найз шиг л байдаг.

-Бодибилдинг, фитнес маш өндөр өртөгтэй спорт.Та хувийн бизнестэй юу. Ивээн тэтгэлэггүйгээр амжилт үзүүлэх хэцүү юм шиг санагддаг. Би зөв ойлгож байна уу?

-Женко клуб, Imperial castle компанийн тамирчин учраас клубээс намайг тодорхой хэмжээнд спонсорлодог. Надад хувийн бизнес байхгүй. Одоо тамирчнаа л хийж байна. Мөнгөндөө тааруулаад хөгжиж байна. Магадгүй би мөнгөтэй байсан бол өөрийгөө одоо байгаагаас илүү хөгжүүлнэ л дээ.

Уул нь тамирчин гэдэг чинь ажил байхгүй юу. Одоо new generation бөх үзэхээ больчихож. Гоо сайхан, гоё сайхныг хайдаг болж. Тэд бодибилдингийн тэмцээн үзэж гоо сайхныг харж байна. Бөхчүүдээ үзье гэхээр ямар ч гоо сайхан юм байдаггүй. Жишээ нь энэ жилийн тэмцээн 50к такстай гэхэд хүмүүст мөнгө нь хамаагүй үзэх нь чухал. Жудо, бөх үнэгүй байсан ч хүмүүс  очихоо больчихсон. Бодибилдинг үзэж байгаа хүмүүсийн түвшин шал өөр болчихсон. Монголын гоё залуус хүүхнүүд тэнд л цугларч байна.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр монголын Бодибилдингийн холбоо хоёр хуваагдчихсан сайн тамирчнаа гадагшаа гаргаж амжилтыг нь ахиулахгүй мөртлөө дарах бараг дарамтлах маягтай. Би 2019 онд Монголын IFBBPRO тамирчин болчихсон бүх болзолыг хангачихсан байхад мөнгөтэй ивээн тэтгэгчтэй улсын аваргад ороод түрүүлэхгүй хүн л дэлхийн аваргад явчих жишээний. Тэгэхээр би ямар ч үнэ цэнэгүй болчихож байгаа юм. Хүмүүс үүнийг ойлгохгүй дэлхийн аваргад оролцоод шагнал авсан бол супер гэж боддог. Тэгээд дэлхийд түрүүлэнгүүтээ PR-аа сайн хийгээд гавъяат болчихож байна. Хоёр хуваагдчихсан холбоо нь тамирчдаа хөгжүүлье гэсэн бодолгүй зүгээр үүгээр яаж мөнгө олох вэ л гэсэн бодолтой ажиллаад байгаа. Гэдэснийхээ зургаан булчинг гаргаж чадаагүй хүн хүнийг зөв шүүж чадахгүй шүү дээ. Тэрийг нь шүүмжлээд хэлчихээр би өөрөө даруулчих гээд байдаг.

-Ингэхэд Баянхонгорчууд Монголын мистерийнхээ амжилтыг юугаар мялаасан бэ. Гар татдаггүй дээ, танайхан бол?

-Уучлаарай нутаг орноос маань ямар ч бэлэг сэлт, хүний урманд алга ташилт мэдрэгдсэнгүй. Юун бөхийн цол, юун загварын топ байтугай дэлхийн хэмжээний тамирчин боллоо шүү дээ, би. Гомдоллож байгаа юм биш шүү. Зүгээр л тамирчин хүний хувьд бас гаргаж байгаа хөлс, хөдөлмөр маань үнэлэгдэх газраа үнэлэгдэхгүй байна уу гэж бодож явна даа.

-Мистер болсон та хүртэл даруулдаг гэхлээр холбооны зөрчил, нэр хүндийн асуудал үнэхээр хэцүү байгаа юмаа даа?

-Хоёр холбоотой учраас нэг нь нөгөөгөө дарах асуудал байдаг. Сая гэхэд хоёр Мистер төрлөө. Энэ салбарын нэр хүнд яагаад ингээд газраар байгаа гэхээр тамирчид нь өөрсдөө унагааж байна. Дээрээс нь холбоо. Би Мистер болоод долоо хоногийн дараа дахиад тэмцээнд орж байхад манай холбооноос намайг унагааж байх жишээтэй. Яагаад буруу шүүж байна гээд хэлчихсэн чинь "Бацаан минь чамайг амьтан болгоно" гэж өөрсдийгөө өмөөрч дарамтлах жишээний. Гэтэл гадаад ертөнцөд Мистер хүн байж гээд миний л нэр хүнд унаж байгаа байхгүй юу. Монголд Бодибилдинг асар хурдан хөгжсөн. Анх “Монгол” гэхэд энгийн хүн зогсож байсан бол одоо яг л ижил түвшинд очсон. Ази дундаа Монгол хүний биеийн хөгжил илүү байдаг. Арай яргай, хөгжил сайтай. Бусад орнууд том ч гэсэн хөвсгөр, хэрэглээгээрээ томруулсан байдаг. Булчин, тэсвэр тэвчээрээрээ хэзээ ч монголчууд доор нь орно гэж байхгүй. Гол нь мөнгө төгрөг, ивээн тэтгэгч тал дээр л бид даруулчихаад байдаг. Бокс, жүдо, чөлөөт бөх улс төр рүү орчихсон, ивээн тэтгэгчтэй санхүүдээ санаа зовохгүй. Боди тамирчид ихэвчлэн түрээсийн байранд амьдардаг мөнгө төгрөгч үгүй хүмүүс л байдаг.

-Таны дараагийн зорилго юу вэ.  Мистер цолыг бол авах ёстой зүйлээ авч байна гэсэн бардам амбиц харагдаж байна лээ?

-Цаашдаа олимпид орох л зорилготой байна. Одоо надад монголд тэмцээнд орох сонин биш болсон. Монголдоо бол миний дээр гарах хүн байхгүй. Ойрын хоёр жилдээ намайг барах тамирчин алга. Энэ салбарт бусад спорт шиг унаж, өгөө аваатай явна гэсэн юм байхгүй. Нэг дээр гарсан бол илүү гарах хүн гэж байхгүй. Гол нь тууштай бэлтгэл сургуулилтаа хийгээд гамаа алдахгүй байвал улам л илүү болно.

-Таныг крашилдаг маш олон хүн байдаг. Ёстой хүйс харгалзахгүй крашуудтай хүн дээ, та. Энэ нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Ихэнхдээ эрэгтэй хүн л хардаг. Эмэгтэй хүмүүс бол нууцхан хардаг л байх. /инээв/ Ид байгаа тамирчин чинь бэлтгэлээ хийгээд гадуур ч явахгүй. Өөрийгөө тусгаарлаад өдөрт хоёр удаа бэлтгэлээ хийнэ. Тэхээр мэдрэх нь бага ч гэх юм уу. /инээв.сурв/

-Та бараг л рекламны мангас. Кино клипэнд бас үзэгдээд өнгөрдөг, нэг л танил хүн шиг санагддаг. Яг гол дүр ч юм уу бүтээх барьцаа ахиулах сонирхол байдаг уу?

-Бэлтгэлтэй болохоор кино, рекламанд тоглохыг боддоггүй. Хальт ороход л бүтэн өдөржингөө юм болчихдог болохоор. Z24-ийн рекламанд эхнэртэйгээ тоглосон.Тэр маркетинг тал дээр сайн явсан шүү.

-Та мөрөөдлийн болзоонд явбал хэнтэй явахыг хүсэж байна вэ?

-Эхнэртэйгээ л явах байхдаа. Би ер нь анх эхнэртэйгээ яаж танилцсанаа санадаггүй. Ер нь хүн эрхлүүлж, романтик байх тал дээр их маруухан хүн. Нэг мэдэхэд л эхнэртэйгээ суугаад одоо 3 хүүхдийн аав ээж.

-Таны спортоос өөр хобби юу вэ? Ан ав хийдэг үү?

-Хийх зав ер нь байдаггүй. Чөлөөт цаг зав гарвал ер нь унтаж амрахыг боддог. Бэлтгэл сургуулилтаа хийгээд булчин тасарч байдаг. Унтаж амрахад тэр булчин нь эргээд сайн төлжиж ургаж өгдөг байхгүй юу.Гэхдээ ер нь бүх зүйлийг л хийж чаддаг. Багадаа би чинь Чойномын шүлгийг хэн уран унших вэ гэдэг тэмцээнд ороод хоёр удаа шагналт байр эзлэж байсан.

Танд баярлалаа.

Ярилцсан: Б.Солонго

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet