П.Анужин:“Улс төр” хэмээх рингэн дээр нэгэнт гарч ирсэн хүн...
2022 оны 1 сарын 1

        УИХ-ын гишүүн П.Анужингийн шинэ оны мэндчилгээг онцлон хүргэж байна. Нас бол тоо гэдгийг батлах шиг эрхэмсэг, энхрий, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь залуухан харагдаж, залуулаг сэтгэл зүрхтэй байж чаддагт нь талархая. 

Зуу хүрэхгүй хуудастай “Амьдрал” хэмээх цомхоон номын нэгэн хуудас эргэлээ. Минийх гол хавьдаа эргэж байгаа юм уу даа.

Тэр чигтээ аз жаргал, эсвэл тэр чигтээ зовлон болсон өдөр хоног, жил сар гэж байдаггүй. “Эрхэмсэг, мөсөн хатан” мэт 2021 онд жаргал зовлон өдөр шөнө лугаа солбиж миний бие хайртай хүмүүсээ тэнгэрт үдэж, бодож шаналж, бас цэлмэж цэгнэсэн... Аав ээж, үр хүүхэд минь өвдөж байна, үхэх гээд байна туслаарай гэхэд минийх ч өвдөөд, явчихлаа гэж хэлж чаддаггүй юм байна лээ, яагаад гэвэл өөрийнхийгөө өөртөө шингээж, өрөөлийн төлөө явах замыг сонгосон учир.

Хэн нэгнийг хэт их жаргаад байна хэмээн эндүү атаа бодолгүй, өөрийгөө хэт их зовоод буй мэт уйлж уянгалахгүй хана бүхний цаана, хүн бүрийн дотор зовлон жаргал сүлэлдэн буйг анзаарч явахад хорвоо энгийн болдог шиг, бид нэг юм шиг. “Би” хэмээх эндүүрсэн Эго ч навсайж тэртээ унадаг шиг.

Хажууд дэргэд, дотно бүхнээ арагш тавьж, түмнээ гэх сэтгэлээр хичээн зүтгэвч “түмний элч” хэмээн сонгогдсон жил хагасад олон зүйл тод дурайтал өөрчлөгдсөнгүй. Гэхдээ, уулзсан учирсан бүхнийхээ амьдрах итгэлийг нэмж, нүдний галыг сэргээж, Оюун санааг нь өнгөлөх ажлыг шантарч цуцахгүй хийлээ. Зүтгэх зүтгэл, итгэх итгэлээ нэгтгэсэн баг олонтойгоо нийлж их сэргэлтийг эхлүүлэх үйлсийн нэгэн эрэг шураг нь болж явна. Хийж чадах ёстой, хийхийн төлөө бид зүтгэж байна.

“Улс төр” хэмээх рингэн дээр нэгэнт гарч ирсэн хүн, өшиглүүлнэ, цохиулна, зодуулна, дэвсүүлж ч магад. Тэснэ, зүтгэнэ, урагшилна. Улс төр ч гэлтгүй та бид бүгд л өөр өөр рингэнд гарсан, өөр өөрийн сорил, дүрэмтэй. Тэсэж сөрж өөрийгөө ялах нь гол гогцоо нь. Юм үзэж, нүд тайлж сэтгэл тархиа задалж чадсан хүнд Хорвоо их хайртай байдаг!

… Унавал хурдан бос, өөрийгөө засаж сайжруул! Ухаар, сайжир! Чадвал инээмсэглэ! Би өөртөө хэлдгээ л энд бичлээ.

Эрхэм хүндтэй найз та бүхэндээ эрүүл энхийг хүсье! Энх эсэн байцгаая!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet