М.Тунгалаг: Би жаргалтай, тайван амьдралтай эмэгтэй болж чадсан
2021 оны 12 сарын 2


Гранд хөл хориотой эдгээр өдрүүдэд ч зогсолтгүй уншигчидтайгаа учран золгож байна. Цоо шинэхэн дугаар бүртээ содон сонирхолтой зочдыг урьж оролцуулж, уншигчдадаа аль болох эерэг хэрэгтэй мэдээллийг өгөхөөр ажиллаж байгаа билээ. Тэр дундаа баялаг бүтээгчид, органик бүтээгдэхүүнийг эрхэмлэгч бизнесменүүдийн амжилтын гараа, ажлын онцлогийг дугаар бүртээ онцлон хүргэж байгаадаа баяртай байна. Энэ удаад ч бусдын эрүүл мэнд, амьдралын зөв хэвшил, хоол зүй талаас зогсолтгүйгээр иргэдэд нөлөөллийн ажлыг явуулж байдаг нэгэн сайхан ээж, эхнэр, бизнесвүмэн эмэгтэйг уншигч түмэндээ танилцуулах гэж байна.  Түүнтэй ярилцаж байхад ээж хүн хүүхдэдээ сайхан юм идүүлж, эрүүл бүхнийг хэрэглүүлье гэж зорьдог шиг хүнсний салбарын үйлдвэрлэл, хоолны бизнес бол жаргаж хийдэг ажил гэж хэлснийг энд тодотгох нь зүйтэй санагдлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй хийгээд ажил мэргэжлийн гараагаа хаанаас эхэлж байв?
-Би монголдоо Холбооны инженер мэргэжлээр төгсөөд Сингапурт бизнесийн удирдлагаар магистрт суралцсан. Сургуулиа төгсөж ирээд гурван жил гаруйн хугацаанд төрийн албан хаагчаар ажиллаж байгаад хувийн бизнес рүүгээ орсон. Товчхондоо ажил мэргэжлийн гараа нэг иймэрхүү л намтар түүхтэй. Миний хувьд амьдралдаа өөрчлөлт, шинэчлэлт хийсэн сүүлийн таван жилээ онцлоё гэж бодож байна.  Учир нь өнгөрсөн таван жил амьдрал, ажилд маань асар олон өөрчлөлтүүд гарсан байдаг юм. Бага охин маань Сэрээ булчирхайн өөрчлөлттэй, эмнэлгийн онцгой заалттай төрсөн. Өөрөөр хэлбэл, айлгаж, цочоож, уйлуулж болохгүй зэрэг заалттай байсан юм л даа. Тиймээс миний болон манай гэр бүлийнхний хувьд охиноо л эрүүл саруул болгох хамгийн чухал, нэн тэргүүний зорилттой явж ирлээ. Үүнээс улбаалж хүнд эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон ухаарлын таван жилийг үдлээ. Ингээд өнгөрсөн жилүүдэд хүүхэд, гэр бүлийнхээ төлөө эрүүл мэндийн чиглэлээр, өрхийн зөвлөхөөр алхам бүртээ суралцаж эхэлсэн. Энэ бүхний дараа албан ёсоор өрхийн зөвлөх, хоол зүйч  болсон байгаа. Суралцах хугацаандаа “Дэлхийн эмчилгээний чиг хандлага” сэдвийг амжилттай хамгаалсан гээд амьдрал ямар баялаг, алхам бүртээ хөгжих ёстой гэхчлэн өөрт тохиолдсон, бусдад хэрэгтэй олон сайхан зүйлсийг ярихдаа таатай байна.
Хамгийн сүүлд охин маань 8 сартайгаасаа  хойш огт өвдөөгүй. Үндсэндээ сүүлийн дөрвөн жил охиноо ямар ч антибиотикгүй өсгөж байна. Ганц бага охин ч биш дөрвөн хүүхдэдээ нэг ч антибиотик хэрэглүүлдэггүй. Ингэж хүүхэд гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө явж байгаад эрүүл амьдрал, зөв хооллолт руу эргэлт буцалтгүй орчихсон. Сүүлийн таван жил надад маш их өөрчлөлтийг өгсөн. Би жаргалтай, тайван амьдралтай эмэгтэй болж чадсан.
-Өрхийн зөвлөх гэхээр яг юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Шууд утгаараа хосуудын харилцаан дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болох уу?
-Анагаах ухаанаар бол эрүүлийг хамгаалах талаас нь ярихаас эмчилгээ ярьдаггүй. Өөрөөр хэлбэл,  сэтгэл, бие, тархи оюунаа ачааллуулахгүй зөв зүйтэй байлгах талаар ярьдаг хүнийг л өрхийн зөвлөх гээд байгаа юм. Энгийнээр хэлэхэд, чи амралтгүйгээр цаг наргүйгээр амьдраад байвал бие махбодь чинь өвдөнө шүү. Тиймээс аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж зөвлөдөг гэсэн үг.
Яг энэ өрхийн зөвлөхөөр суралцаж байхдаа Live coach, хоол зүйчээрээ ч суралцаад, судлаад явсан.
Харилцаа, хувь хүний хөгжил, ажил карьер, аялал, амралт, сайн үйлс гээд тэр болгон дээр урьдчилан сэргийлэх чиглэлийг тусгаж өгсөн. Тухайлбал, харилцаан дээр л гэхэд нөхөртэйгөө харилцааны асуудалд орохгүйн тулд өөрөө өөрийгөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй юм байна, ярилцах ёстой юм байна, дээрээс нь тэр хүний бие физиологи дээр хүртэл ямар өөрчлөлтүүд гарч байгааг анхаарах ёстой юм байна гэдгийг ойлгож мэдэж, суралцсан. Жишээлбэл, эрэгтэй хүн 30 наснаас цэвэршиж эхэлдэг. Би үүнийг урьдчилан сэргийлэх тал дээрээ мэдэж авангуутаа ийм үед эрэгтэй хүнд ямар харилцаа хэрэгтэй юм, цаашлаад ямар хоол хүнс хэрэглэж байх юм, өөртөө итгэлтэй байхад нь хань хүний үүднээс яаж зөвлөх ёстой юм гэдэг ч юм уу тэр болгонд суралцаад, амьдралдаа хэрэгжүүлээд явсан. Тэр утгаараа одоо би “Амьдралын найман талст” гээд сургалт ордог.  Сургалтаараа дамжуулж 2019-2020 оны хугацаанд 221 хүнтэй уулзсан байдаг юм. Таны эрүүл мэнд, санхүү, хувь хүний хөгжил, харилцаа хэр байна гээд тус бүр дээр нь 1-100 оноо өгөөд сургалт ордог.
-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад зөвлөх үйлчилгээ бол аль хэдийнэ хөгжчихсөн байдаг шүү дээ. Харин манай улсад төдийлөн хөгжиж чадаагүй л харагддаг юм. Учир нь хүмүүс өөрт нь ямарваа нэг асуудал тулгарахаар лам, бөө гээд явах нь элбэг. Эсвэл асуудалтайгаа нүүр тулдаггүй. Хүнд ярьж зөвлөгөө авдаггүй гээд энэ чиглэл хөгжихгүй байх шалтгаанууд цөөнгүй юм шиг ээ?
-Би өөрийнхөө амьдрал дээр жишээ авъя л даа. Би таван жилийн өмнө гурван хүүхэдтэй ээж байхдаа болохгүй байгаа зүйлийг болгох гээд өөрийгөө зовоогоод яахав дээ гээд гэр бүл салалтын талаар хүртэл бодож явсан. Гэтэл тэр бүх харилцааны асуудлаа зохицуулаад эргээд бодоход хүн ерөөсөө л өөрийгөө олох хамгийн чухал. Би өөрийгөө олох гэж олон газраар явж, янз бүрийн оролдлого хийсэн байдаг юм. Ёстой л лам, бөө дээр очоогүй болохоос бясалгалаас эхлээд хувь хүний хөгжлийн институтийг бараг л дуусгасан. Бүх төрлийн харилцааны номуудыг авч уншсан. Энэ мэтчилэн өөр дээрээ маш их ажилласан. Тэр бүхний эцэст би хэн болох гээд байгаа вэ гэдгээ маш сайн ойлгочих хэрэгтэйг ухаарсан. Сайн ээж, хань юм уу эсхүл зөвхөн ажил хэрэгч эмэгтэй юм уу гээд өөрийгөө л тодорхойлох чухал. Хүн бүрт ийм хэрэгцээ шаардлага бий гэж хардаг. Дээр хэлсэнчлэн 221 хүнтэй уулзахад бараг 80-90 хувь нь өөрийгөө олоогүй хүмүүс байсан. Яг л миний замналыг туулж яваа хүмүүстэй уулзсан болохоор надад үйлчилгээ үзүүлэхэд  ч амар байсан гэх юмуу даа.
Гэхдээ бусдад хандахгүй зөвхөн өөрөө л бүхнийг зохицуулах гэсэн асар олон хүн байгаа. Зөвхөн өөртөө өөрчлөлт хийх цаг болж, надад нэг асуудал байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүн л зөвлөх үйлчилгээг авдаг. Түүнээс биш хүн бүр тэр хүлээн зөвшөөрлийг хийж чаддаггүй. Ихэвчлэн өөрөө өөрийнхөө асуудлаас зугтдаг. Нүүр тулж, мөсийг хагалдаггүй.

...Миний бизнест баримталдаг ганц зүйл ерөөсөө л ёс зүй. Ёс зүйтэй, үнэн байх...

Надтай уулзаж зөвлөх үйлчилгээ авсан хүмүүсээс хэдэд нь өөрчлөлт орсныг мэдэхгүй ч чанартай хэдэн хүн одоо хүртэл байнга холбоотой, амьдралдаа байнгын эерэг өөрчлөлттэй яваа.
Өнгөрсөн хөл хорионы үеэр биечлэн уулзалт хийж чадахгүй онлайн ангиа нээгээд сургалт зөвлөгөөгөө өгөөд явсан.  Одоогоор зургаан сар сургалт явуулж байна. Тогтмол 70 гаруй хүн хамрагддаг.
-“Амьдралын найман талст” сургалтаараа ихэвчлэн ямар асуудлуудыг хөнддөг вэ?
-Харилцаа, хувь хүний хөгжил гээд миний ярьж хэлээд байгааг бүр сууриас нь боловсролын системд суулгаад өгчихвөл гэж боддог юм. “Амьдралын найман талст”-аараа харилцаа, хувь хүний хөгжил, санхүү, эрүүл мэнд гээд амьдралын бүхий л зүйлстэй холбогдож байдаг чухал асуудлуудыг хөнддөг.
Санхүү л гэхэд ажил бизнестэй байнга холбогддог. Харилцаа бол бүх зүйл дээр хамт.  Бид харилцаанаасаа хүртэл эргээд өвдөж, баярлаж байдаг. Би л гэхэд таван жилийн өмнө өөрийнхөө харилцааны талст үнэхээр асуудалтай байгаа юм байна гэдгийг олж харснаар өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн байх жишээний. Эрүүл мэнд л гэхэд ганц бие биш, сэтгэл, оюуны  гээд задарч байдаг. Гэтэл хүмүүс маань биеийн эрүүл мэндээ л ажиглаад байдаг. Сэтгэл санаа ч юм уу оюун санаа нь тавгүйрхэхээр лам, бөө дээр очдог. Угтаа хүмүүс маань энэхүү амьдралын найман талстаа л хянаад, ажиглаад сурчихвал бүх асуудлаа зохицуулаад явчихаж болно.
Харилцааны хувь хүний хөгжил л гэхэд Монголчуудад маш их хэрэгцээтэй байгаа. Том хүн гэлтгүй хүүхдэд ч хэрэгцээтэй байдаг.  Тухайлбал, ихэнх эмэгтэйчүүд нөхөртэйгөө анх ханилж байснаараа сэтгээд амьдралынхаа туршид элдвийн юм шаардсаар байдаг. Гэтэл 20, 30, 40 настай эрэгтэй хүнтэй харилцах харилцааны арга хэлбэрүүд өөр байдаг. Анх араас гүйсээр байгаад суусан. Тийм халамжтай байж байгаад одоо ийм байна гээд л бүсгүйчүүд маань ярьдаг ш дээ. Гэтэл тухайн эрэгтэй хүн жил өнгөрөх тусам бие махбодиос нь эхлээд сэтгэлзүй нь  бага багаар өөрчлөгдөж байдаг. Нөгөөтээгүүр эмэгтэй хүн өөрөө нөхрөөсөө ч илүү өөрчлөгдөж, өөр зүйл хүсэх болсноо төдийлөн ойлгодоггүй.  Тиймээс нас насан дээр нь хань хүний үүргээ хэрхэн гүйцэтгэж байх юм, гэр бүлийн нандин харилцаагаа яаж авч үлдэх юм зэрэг дээр тухай бүрт нь харилцааны хувь хүний хөгжил олгож байдаг.
Миний хувьд жишээ нь дөрвөн өөр насны дөрвөн хүүхэдтэй эх хүн.  Гэтэл бүх хүүхдүүдтэйгээ нэг л хэвийн байгаад байж болохгүй. Өсвөр насны хүүхэдтэйгээ нэг өөр, бага насны хүүхэдтэйгээ арай өөрөөр харилцаж, тэднийхээ төлөө байнга суралцаж байх хэрэгтэй болдог. “Амьдралын найман талст”  сургалт маань сэтгэлзүйн тесттэйгээ явахаар бараг л ганцаарчилсан сургалт болчихдог.
-Хүмүүсийн амьдралд нэн шаардлагатай олон чухал асуудлаар зөвлөх үйлчилгээг явуулдаг хэрнээ хажуугаар нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  давхар бизнестэй шүү дээ. Таны явуулж буй бүх зүйл хоорондоо уялдаатай харагдаад байх юм?
- Монголчуудыг эрүүл сэтгэхүйтэй  болгох тал дээр өөрийн чадах зүйлсээ хийнэ гэсэн сэтгэлээр л бүх ажлаа явуулдаг даа.  Цаг үе сайхан болохоор албан байгууллага, аж ахуй нэгжүүд ажилчдадаа зориулж миний сургалтыг авах байх.  Хувь хүний хөгжлийн асуудлаар гадаад, дотоодгүй суралцсан. Тэгж явахдаа монгол хүнд монгол хүн л заах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би эргээд монгол ухаан, монгол соёлоо судалж байгаа.  Ирэх намар “Улирал хоорондын хоол судлаач”-аар доктороо хамгаална. Үүнтэйгээ холбоотой хүнсний үйлдвэрлэл, хоол боловсруулалтын бизнес рүү орсон байгаа.  Жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн боловсруулалт, хүнсний ногоогоо хүртэл өөрөө тариалаад хүмүүст хүргэж байна.  Өдгөө гурав дахь жилдээ ногоо тарьж, зөгий үржүүлж байна. Миний явуулдаг сургалтууд, хүнсний үйлдвэрлэл гээд бүгд хоорондоо уялдаатай. Эцсийн зорилго нь хүмүүс эрүүл сэтгэхүйтэй, эрүүл хүнс хэрэглэдэг, харилцааны асуудалгүй, өөрийгөө олоход нь туслах юм.

-Бизнесийнхээ талаар их даруухан ярих юм. Гэтэл SEASON’S FOOD эрүүл хооллолтыг эрхэмлэдэг эзэгтэй нарын эчнээ танил болоод удаж байна шүү дээ?
-Органик хоол хүнс гэдэг утгаараа хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байдаг.  Яахав зарим нэр төрлийн бүтээгдэхүүн түүхий эдээсээ шалтгаалж тасрах тохиолдол гарна. Ерөнхийдөө ихэнх бүтээгдэхүүн түүхий эдийнхээ нөөц бололцоон дээр л тогтдог. Шар тосоо л гэхэд яг тэр малчны хотноос уламжлалт аргаар хийгдсэнээр хүмүүст хүргэдэг. Одоогоор 58 нэр төрлийн ОРГАНИК бүтээгдэхүүн гаргасан байна.
Би жишээ нь дэлгүүр орох нь цөөн. Сахарын хэрэглээгээ зөгийн балаараа нөхчихдөг. Гурил гурилан бүтээгдэхүүнийг ихэвчлэн гэртээ хийнэ. Сахартай хүмүүст зориулсан соба будааны гурил хүртэл гарчихлаа шүү дээ.  Хүүхдүүдийнхээ хүссэн амттанг гэртээ хийгээд өгчихдөг. Миний гал тогоонд өрнөдөг бүхэн манай үйлдвэрт өрнөдөг гэсэн үг.  Ерөөсөө л хүнсээрээ эрүүлжих боломж байна гэдгийг хүмүүст ярьж хэлж ойлгуулж, тийм бүтээгдэхүүнээр л үйлчлэх сонирхолтой байгаа.
Манай жимс жимсгэнийг цай хэлбэрээр хэрэглэж байна. Хоолондоо, амттандаа өнгө оруулагчаар хэрэглэж байна. Сүүлийн үед органик саван, ванны бөмбөлөг хийж байгаа хүмүүс хүртэл өнгө оруулагч ашиглахгүй органикаар нь байлгана гээд манай хатаасан, нунтаг жимсийг авч байна.
Жилийн дөрвөн улиралд монгол сонгино, давсаа ашиглаад яг өөрсдийн гараар бууз, баншаа хийж байна. Энэ жилээс менежментийн баг аваад бүх бүтээгдэхүүн дээрээ ажиллаж байгаа. Манайхаас ашиг олдоггүй бүр алдагдалтай гардаг бүтээгдэхүүн байдаг. Тэр болгоныг хүмүүст гэртээ яаж боловсруулахыг сургалтаараа дамжуулан заагаад өгөх тал дээр анхаарч байгаа. Галын тохиргоог эзэгтэй нартаа зааж байна. Галын тохиргооноос шалтгаалж хоолны амт, чанар өөрчлөгддөг гэдгийг эхнээсээ ойлгож байна. Энэ мэтчилэн сургалт, бизнесээ хослуулаад хөгжүүлээд явна даа.

...Миний сургалтаар дамжуулаад салах гэж байсан хосууд нийлж, бүр сайхан үр хүүхэдтэй болоод анхны хүүхдээ миний нэрээр нэрлэсэн тохиолдол ч байдаг...

-Танайх жамц давсыг түшиглэсэн хамар салстын цэвэрлэгээний гайхалтай нэрийн бүтээгдэхүүнтэй.  Аль ч цаг үед хүмүүсийн байнгын эрэлт хэрэгцээ болж, дадал болж хэрэглүүлж хэвшүүлмээр бүтээгдэхүүн санагдсан?
-Тэгэлгүй яахав.  Хүн өдөр бүр нүүр гараа угааж хэвшсэн байдаг шиг хамар салстаа цэвэрлэхээ ч орхигдуулж болохгүй. Долоо хоногт тогтмол хугацаанд байнга цэвэрлээд сурчихвал элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг.  Зөвхөн хамар салстаа угааж хэвших нь 58 өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэсэн миний өөрийн гаргасан судалгаа бий. Монголд 10 хүн тутмын ес нь хамраа угааж хэвшээгүй. Үүнийг бүр үндэсний хөтөлбөр болгож хэрэгжүүлмээр байгаа юм. Сүүлд би төрөх эмэгтэйчүүдэд зориулсан давс хийлээ. Өөрийнхөө бие дээр туршсан. Миний хувьд хүүхдүүдээ их том тээдэг. Гэтэл төрөхөөсөө өмнө найман удаа уг давсандаа ороход хүний урманд төрөхийн хүндрэл, өвдөлт гэдгийг мэдэрсэнгүй. Мэдээж хүн хүний биеийн онцлог өөр ч яг зөв технологиор нь, судалгааны түвшинд гаргаад ирсэн жамц давстай усанд ороход муу зүйл байхгүй гэдгийг л энэ судалгаа, туршилт илтгэчихэж байгаа юм. Гэхдээ энэ давсыг хүн болгон найруулаад гаргаад ирчихдэг юм биш шүү. Асар их судалгааны түвшинд урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн болж гарч ирдэг. Миний өөрийн хүнсний давс л гэхэд гурван жил судлагдаж байна. Би монголд 100 хувь хүний биед шингэдэг хүнсний давс гаргахыг зорьж байгаа.  Зөвхөн пэйжээрээ дамжуулж сүүлийн 6 сар хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Гэхдээ энэ ажил маань дуусаагүй. Судалгааны түвшиндээ явсаар л байгаа.  Насаараа хийх ажлыг чанартай л хийе гэж бодож байна. Түүнээс биш яарч гаргах зүйлс огт биш.

-Бизнес эрхлэгчдэд төр засаг, мэргэжлийн байгууллагуудаас шалтгаалсан хүндрэл их тулгардаг шүү дээ. Тэр тусмаа цех, үйлдвэрийн хэмжээнд ажилладаг та бүхний хувьд асуудлууд мунддаггүй л байх. Энэ ярилцлагаар дамжуулаад үгээ дайчихвал яасан юм бэ?
-Хувийн жижиг цехийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудаа дотор нь эрэмбэлчихвэл зүгээр юм шиг санагддаг. Би нэг ширхэг ногоогоо хүртэл өөрөө тариалаад хүмүүст хүргэж байна. Гэтэл тэнд Цэцгээ хаана, хэн тарьсан нь мэдэгдэхгүй бэлэн ногоо аваад бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчдэд хүргэдэг.  Эсвэл бүр худалдааны төвөөс хятад ногоо аваад хэрэглэж байгаа хүмүүс ч байгаа. Тиймээс энэ бүхнийг зааглаж, эрэмбэ тогтоох хэрэгтэй. Би органик хоол хүнс үйлдвэрлэж байна гээд ам бардам хэлдэг. Гэтэл хэн дуртай нь хэн, яаж нотлох юм гэж асуудаг. Үүнийг л мэргэжлийн хяналтын байгууллага баталгаажуулж, цэгцлээд өгчих хэрэгтэй байгаа юм.
Анх үхрийн шийр 1000 төгрөг байсан. Харин одоо 8000 төгрөг болсон. Гэтэл энэ бүгд дээрээ мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн нь стандарт тогтоож өгөөгүй байж бор зүрхээрээ бүхнийг өөрсдийн гараар бүтээж байгаа жижиг үйлдвэр, цехүүдэд янз бүрийн шаардлага тавиад байдаг. Адаглаад, мах, сүү сүүн бүтээгдэхүүнээ заагла гэнэ. Гэтэл бид чинь том үйлдвэр биш шүү дээ.  Мэдээж хөлөө олчихсон том газар бол мэргэжлийн хяналтын газраасаа зөвлөн туслах үйлчилгээгээ аваад үйлдвэрийн зохион байгуулалтаа яг стандартын дагуу хийнэ шүү дээ.
Үнэндээ монгол улсад органикийн хууль байдаггүй. Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр органикийн хуулиудыг ярихад дөнгөж төслийнхөө шатанд явж байх жишээний. Гэтэл бизнес эрхлэгч бид үүнийг ёс зүйн хувьд гаргаад ирж болж байгаа юм.  Тиймээс мэргэжлийн байгууллагууд бидэнтэй хамтраад явдаг бол цаг хугацааны хувьд арай хурдан юмуу даа.
-72/21 хөтөлбөр хичээллүүлнэ гэж байсан. Хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ханьтайгаа хамт элэг, цөсөө цэвэрлэх 14 хоногийн хөтөлбөрийг туршиж үзлээ. Хүний нүднээс л элэг, цөс  ямар байгааг харж болдог. Программт хоол идлээ. Маш гоё үр дүн үзлээ. Өмнө нь би булчингийн масс, усаа алдаад маш буруу турж байсан. Харин сая бол яг зөв хүнсээр булчингийн массаа алдахгүйгээр турлаа. 35-аас дээш насанд яаж биеийн илүүдэл жингээсээ салж, залуужиж, эрүүлжих вэ гэдгийг өөр дээрээ туршсан байгаа. Удаан хугацаанд таргалалттай байсан хүмүүс дээрээ удахгүй нэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэр хүмүүсийн маань үр дүн бас миний өөр дээрээ авсан үр дүнтэй ижил байгаасай гэж хүсч байгаа.
72/21 хөтөлбөр маань 2018 онд эхэлж байсан. 72 цагийн зайтай хүмүүсээ түлхэж өгөөд 21 хоногийн хугацаанд зөв дадалд хэвшүүлдэг. Ус уух дадал, хорт муу зуршлаасаа салах дадал, дасгал хөдөлгөөн хийж галбиржуулах талаас нь анхаараад явдаг. Мөн жил бүр хаврын тэргүүн сараас дунд сар дуусах хүртэл элэг, цөс цэвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Товчхондоо улирал бүрт нь тааруулж хүний эрхтэн тогтолцоог цэвэрлэж, анхаарах зүйлсийг сургалтаараа дамжуулж олгоно.
Миний сургалтад суугаад хорт муу зуршлаасаа салаад тэрийгээ хуримтлал болгоод амьдралдаа асар олон эерэг өөрчлөлт гаргасан сайхан хосууд байдаг. Сарын 500 мянган төгрөгийн орлоготой эхнэр нөхрүүд ч сургалтад хамрагдаж байсан.  Гэтэл тэд маань хэдэн сарын дараа хуримтлал үүсгэчихсэн, хуримтлал нь тэд болчихсон явж байна гээд над руу холбогдож байх жишээний. Хандлагаа өөрчилснөөрөө хүүхдийнхээ мөнгийг авч хэрэглэхээ больсон хосууд ч байна. Одоо тийм хугацааны дараа байрны урьдчилгаатай болно гээд сэтгэлээ хуваалцдаг олон сайхан суралцагчид ч байна. Сургалт маань яг өөрөөсөө өөрчлөлт хайсан хүмүүст үр  дүнгээ өгөөд байгаа юм болов уу гэж боддог.

-Тэгэхээр ерөөсөө л өөрийгөө өөрчлөе, өөртөө асуудал байна гэдгийг ойлгосон хүмүүс таны сургалтыг сонговол илүү үр дүнтэй гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Харилцааны ямар нэг асуудал тулгарсан, бусадтай үл ойлголцол үүсээд байдаг, ярилцаж чаддаггүй хүмүүс рүү чиглэдэг. Тухайлбал, хоёр өөр орчинд өссөн хосууд аливаа зүйлийг хоёр өөр өнцгөөс харах нь ойлгомжтой. Тэгвэл тэр хосуудын ойлголтыг нэг цэгт аваачих л сургалтын маань гол зорилго шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр гэр бүлийн үнэ цэнэ, тэдгээр хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг гаргаж ирж, нэг талд шийдвэрлэж өгч байж манай сургалтын зорилго биеллээ олно.  Бүгд их сургууль төгсчихсөн, БИ үзэл нь давамгайлчихсан хүмүүс их байдаг. Гэтэл БИ үзлээ даваад гарчихад л аливаа зүйлийг хоёр талаас нь хардаг, хүлээцтэй болчихдог.  Хэтэрхий БИ үзлээр явдаг хүмүүс тэнгэрээс хэзээ ч бууж ирдэггүй. Эрүүл мэнд, харилцаа, санхүү дээрээ тэг зогсолт хийсэн ч  БИ үзэл нь давамгайлсан хүмүүс байсаар байдаг. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө хайсан хүн бүр манай сургалтыг авч болно.
Сургалт маань биечлэн, онлайн хэлбэрээр явагддаг байсан бол одоо дараагийн үе шатандаа ороод апп хэлбэрт шилжиж байна. Энэ нь бусдад заавал сургалт авч байгаагаа харагдуулах шаардлагагүй. Face to Face хэлбэрээр зөвхөн суралцагч, бид хоёрын дунд л явагдана.
-Танд баярлалаа
 Ярилцсан: Д.Ундрахсүрэн

ГРАНД СЭТГҮҮЛ №138

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet