”Кегел дасгалыг зөвхөн эмэгтэйчүүд бус эрэгтэй, эмэгтэй, бүх насныхан хийж болдог”
2021 оны 12 сарын 1

La Sante эмнэлгийн захирал З.Болормаа:

Аарцаг ёроолын булчин гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн үтрээний асуудал гэх ойлголт ард хоцроод уджээ. Бага насанд тохиолдох орондоо шээх, буруу шээх, өтгөн хатах зэрэг асуудал болон эрчүүдэд нийтлэг тулгарах бэлгийн сулрал, шээс задгайрах, хурдан дур тавих зэрэг асуудлыг ч кегель дасгалын ач тусаар бүрэн шийдэх боломжийг La Sante эмнэлэг олгодог. Байгуулагдаад зургаан жилийг амжилттай үдсэн La Sante эмнэлэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн олон асуудлыг шийдэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлснээрээ бусдаас ялгардаг. Өнгөрсөн жил эрчүүдийн эмнэлэг байгуулж, бүх насныханд хүрч үйлчлэн ажиллах цар хүрээгээ тэлж эхэлжээ. Энэхүү томоохон ажлыг зориглон эхлүүлж, амжилттайгаар хөгжүүлэн яваа, сүүлийн үед кегель трэйнер нэрээр олонд алдаршаад буй La Sante эмнэлгийн захирал З.Болормаа бүсгүйтэй энэ оны төлөвлөгөө болон кегель дасгал, түүний ач тус, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Яриагаа шууд таны ажлаас эхлүүлье. La Sante эмнэлэг байгуулагдаад 6 жил болжээ. Энэ хугацаанд бий болгосон бүтээн байгуулалтаасаа хуваалцаач?

-Манай эмнэлгийн хамт олон өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард эмч, мэргэжилтнүүд, хамт олноороо Итали, Францын орнууд руу явж сургалтанд хамрагдсан. Ирснийхээ дараа 2020, 2021 оны төлөвлөгөөгөө гаргаад, 9 дүүрэг, 21 аймагтаа нэг, нэг эмэгтэй болон эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, гэр бүлээрээ ч үйлчлүүлэх боломжтой салбар эмнэлэг нээе гэсэн төлөвлөгөө гаргачихсан байлаа. Гэтэл 2020 онд цар тахлын асуудал үүсээд бодсон төлөвлөгөө маань биелээгүй. Гэхдээ энэ ондоо багтаанд 9 дүүрэгтээ нэг, нэг салбар эмнэлгээ нээе гэсэн зорилготой ажиллаж байна. Одоогоор Маршал таун хотхонд VIP салбар, Тусгаар тогтнолын ордоны баруун талд City Center төв, Эрдэнэт хот гээд албан ёсны гурван салбар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Өнгөрөгч 2020 онд эрчүүдийн La Salute эмнэлгийг байгуулжээ. Эмэгтэйчүүдэд түлхүү анхаарлаа хандуулж байсан бол энэ удаад эрчүүдэд тусгайлан үйлчлэх эмнэлэгтэй боллоо. Энэ тухайд?

-Манай La Sante эмнэлэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн олон асуудлуудыг шийдэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлснээрээ онцлогтой. Энэ онд La Sante эмнэлгийн 6 жилийн ой тохиож байгааг би эмэгтэйчүүдийн бага аарцаг, ёроолын нөхөн үржихүйн нөхөн сэргээх эмчилгээ Монголд анх нэвтрүүлсний 6 жилийн ой гэж онцолдог юм. Бид нөхөн үржихүйн хамгийн анхны, албан ёсны эрхтэй эмчилгээ, үйлчилгээг хийж эхэлсэн. Дэлхийд шилдэг, сэргээн засах аппарат, эмчилгээг манай орны мэргэжлийн эмч нар мэддэггүй, сонсож байгаагүй зүйлийг нэвтрүүлсэн гэдэгтээ их олзуурхан бахархдаг.

Нэгдүгээрт, бид эмчилгээний үр дүнтэй практик бий болох боломжийг олгосон. Хоёрдугаарт, энэ зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм байна гэдгийг олж харсан. Нөхөн үржихүйн асуудал, нөхөн үржихүйн боловсрол, бэлгийн боловсрол гэдэг бол эхнэр, нөхөр хоёрын хоёулангийнх нь асуудал. Гэр бүлийн хүрээнд яригддаг асуудал учраас эхнэр гоё болоод, мэдрэмжээ сайжруулаад, эрүүлжээд ирэхээр ард нь нөхрийн асуудал хүндээр хөндөгдөж эхэлдэг. Тийм учраас эрэлт хэрэгцээ, шаардлага дээр үндэслээд бид эрэгтэйчүүдийн La Salute эмнэлгээ албан ёсоор нээсэн.

Энэ эмнэлэгтээ бид Италийн Нобелийн шагнал хүртсэн, хүний биед сөрөг нөлөөгүй, эрсдэлгүй, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, дэлхийн хэдэн сая хүнд туршсан хамгийн шилдэг гэдэг нь батлагдсан топ технологийг суурилуулсан. Мөн эрчүүддээ эмийн, мэсийн бус сэргээн засах технологитой, №1 үр дүнтэй IPP combi гэдэг аппаратыг нэвтрүүлсэн. Энэ аппарат нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн бэлэг эрхтэнд хялгасан судас ургуулдаг аппарат. Эрэгтэй хүний бэлэг эрхтэнд эмийн бодисыг эсийн түвшинд зүүгүй тарьдаг технологи. Эрчүүдийн кегель булчин, аарцагны булчин оношилж эмчилдэг Франц технологи байгаа юм. Энэ бүх технологийг нэвтрүүлснээр нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хамтдаа эмчлэгдэх, сайжрах, урьдчилан сэргийлэх өндөр боломж нээгдэж байгаа.

-Эр бэлэг эрхтэнд хялгасан судас ургуулна гэхээр яана гэсэн үг вэ?

-Эрэгтэйчүүдийн хөвчрөлт гэдэг нь бэлэг эрхтэн цусаар дүүрч босч байна гэж ярьдаг. Тэнд очиж байгаа цусан хангамж олон шалтгаанаас болж хязгаарлагдаж байдаг. Хөвчрөлтийн физиологийн үйл ажиллагаанд асуудал үүсээд ирэхээр бэлгийн үйл ажиллагааны алдагдал буюу бидний хэлдгээр сулрал үүсч эхэлнэ. Сулралын шинж тэмдгүүд төрөл бүрийн шалтгааны улмаас эрэгтэй хүнд маш элбэг илэрдэг болсон. Үүнийг 100 хувь шийдэж байгаа хэрэг. Мөн шинж тэмдэг илрээгүй залуучууд ч урьдчилан сэргийлэх зорилгоор хамрагдах бүрэн боломжтой. Өндөр үр дүнтэй технологи бүхий аппаратаар судас шинээр үүсгэж байгаа учраас бэлэг эрхтний үйл ажиллагаа илүү сайжрах боломжтой. Мэсийн аргаар бэлэг эрхтэнд гадны биет суулгах, тарилга хийх зэргийг бид зөвлөдөггүй. Яг л өөрийн физиологиор шинэ судсыг үүсгэж ургуулдаг технологи бүхий аппаратыг нэвтрүүлсэн.

...Энэ ондоо багтаад 9 дүүрэгтээ нэг, нэг салбар эмнэлгээ нээе гэсэн зорилготой ажиллаж байна...

-Шинэ судас үүсгэнэ гэхээр үр дүн хэр хугацаанд гарах вэ? Нэг удаагийн оролтоор уу, курсээр үү?

-Энэ технологи маань үр дүнгээ өгөөд, баталсан судалгаа нь диабет буюу чихрийн шижин өвчтэй хүнд сайн үр дүн гарсан технологи гэж үздэг. Сахарын өвчнөөр дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдээс илүү эрчүүд их өвчилдөг шүү дээ. Сахарын өвчтэй болсон эрэгтэй хүн нэгээс хоёр жил илэрдэг шинж тэмдэг нь бэлгийн идэвхтэй амьдралтай байсан ч гэсэн бэлэг эрхтэнд очих хялгасан судас бөглөрөх аюултай байдаг. Зөвхөн бэлэг эрхтэн ч биш нүд, зүрх, хөлийн үзүүр гэх мэт бүхий л эрхтнүүдийн хялгасан судас боогдох эрсдэл үүсдэг. Чихрийн шижинг бүрэн эмчлэх аргыг дэлхий даяар тогтоогоогүй байна. Манай оронд ч уг өвчлөлөөс шалтгаалан бэлгийн үйл ажиллагааны алдагдалд орсон, шээс гадагшлахгүй байгаа эрчүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул үүнд зайлшгүй шинж тэмдгийн эмчилгээ хийх шаардлагатай болж байгаа юм. Харин нобелийн шагнал хүртсэн, манай оруулж ирсэн энэ аппаратаар чихрийн шижинтэй хүний бэлэг эрхтний хялгасан судсыг эмчлэх, цусан хангамжийг сайжруулах, сэргээх эмчилгээ хийхэд хамгийн сайн үр дүн үзүүлсэн байдаг. Тэгэхээр өвчлөл ихтэй, маш хүнд байгаа чихрйн шижинтэй хүнд үр дүнгээ үзүүлсэн гэхээр манай энэ аппарат хэр их чанартай, сайн болохыг баталж байгаа юм.

Үр дүн бага байгаа тохиолдолд жилд хоёр удаа давтан ордог. Багадаа л нэгээс гурван курс байна. Бид энэ эмчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй болоод виаграны хамааралтай болчихсон, уураг хэрэглэдэг спортынхон болон 70-аас дээш насны огт хөвчрөлгүй болсон эрчүүдэд хэрэглээд ирэхэд нэгээс дөрвөн удаагийн давтамжтай үр дүн заавал илэрдэг давуу талтай. Залуучууд ч мөн адил урьдчилан сэргийлэх боломжтой.

-2 настай хүүхэд хүртэл аарцаг ёроолын булчин хөгжүүлэх дасгал хийх боломжтой гэж хэлсэн байсан. Бага насны хүүхэд яаж булчингийн дасгал хийх боломжтой вэ? Бүх насныханд энэ өвчлөл байдаг хэрэг үү?

-Манай эмнэлэг үйлчлүүлж байгаа нэг хүнээрээ дамжуулаад тухайн хүний цаана байгаа гэр бүл, нас насны хүмүүст хүрч нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээлэл өгдөгөөрөө ялгардаг. Бага насны хүүхэд суултуур дээр яаж суух, хэрхэн зөв шээж сурах гээд бүх насныхны буруу дадал, амьсгалаа буруу авч эхлэхээс л аарцаг ёроолын булчингийн асуудал үүсдэг. Асуудал үүсч эхэлвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгдөг. Хэрвээ таны хүүхэд, нөхөр тасалдаж шээж байгаа бол, орондоо шээвэл, шээхгүй удвал, хурдан эсвэл удаан дур тавьж байгаа бол ингэх хэрэгтэй, тэгэх нь зөв гээд энэ олон шалтгаан асуудал дээр зөвлөж явдаг. Би сүүлд Италид сургалтанд сууж энэ асуудлаар гүнзгийрүүлсэн мэдлэгийг олж авсан. Шээс задгайрлын шинж тэмдэг хэр байна төдий чинээ өвчний хүнд хөнгөн байдал нь тодорхойлогддог. Шээс нь үе, үе задгайраад шинж тэмдэг нь илэрсэн бол тэр өвчлөлийн голомт нь хэдийнэ 100 хувь болчихсон гэсэн үг. Тэгэхээр бэлгийн боловсролтой, мэдлэгтэй байх хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Эрэгтэй хүн 80 нас хүртлээ ч бэлгийн тогтмол амьдралтай байх нь элбэг. Гэвч манай орны эрчүүдийн бэлгийн сулрал залуужаад ирэхээр хоосорсон орон зайгаа нөхөхийн тулд архи, тамхинд донтох, тоглоомонд донтох зэрэг асуудал гарах эрсдэлтэй байдаг. Эрт сулрал, алдагдалд орвол гэр бүлийн харилцаа, итгэлд сөргөөр нөлөөлж, өнөө салалт, хууралт зэрэг асуудал дагаад эхэлнэ.

...Кегель дасгал зүгээр нэг булчинг нь хөгжүүлэх дасгал биш, өөрөө маш том ертөнц...

-Сүүлийн үед таны тухай кегель трайнер гээд сошиалд их тархаад эхэлчихлээ. Кегелийн талаар бидний мэдэхгүй зүйл хэр их байна вэ?

-Бидний хийдэг сэргээн засах эмчилгээ нь аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааг сайжруулах, нөхөн төлжүүлэх, сэргээх үйл ажиллагаа, бүх эрхтэн цусан хангамжийг сайжруулдаг. Бид нар гараа атгахдаа тархиараа удирдаад мэдэрч байгаа шиг аарцаг ёроолын булчингаа, физиологоо удирддаг байх хэрэгтэй. Энэ чадвар Монголд дутмаг. Энэ чанарт тулгуурлаад кегелийн дасгал яригдаж эхэлнэ. Кегелийн дасгал гэхээр ихэнх эмэгтэйчүүд үтрээ, хярзан ёроолын амсарын булчинг агшаах дасгал гэж ойлгодог. Гэтэл кегелийн дасгалыг бүх насныхан хийж болдог. Зөвхөн эмэгтэй хүний хийх дасгал гэж ойлгодог боловч аарцаг ёроолын булчин гэдэг бол хүүхэд, эмэгтэй, эрэгтэй, ахмад настнууд ч байдаг зүйл. Бүх насныханд хамаатай өтгөн шингэнээ гадагшлуулах, барих, бэлгийн таашаал бүрэн удирдах зэрэг аарцаг хавиар байгаа бүх зүйлийг удирдахыг л кегель булчин гээд байгаа юм. Үүнийг өөрийн бие шиг удирдаад сурчихвал ирээдүйд үүсэх асуудал, сулрал буурна гэсэн үг.

-Онлайнаар кегель дасгал зааж, зөвлөгөө өгч байгаа гэсэн. Онлайнаар кегель дасгалыг хэрхэн зааж болох вэ?

-Манай эмнэлэг орон нутаг, нийт монголчуудад хүрч ажиллах боломж одоогоор дутмаг байгаа болохоор гэрийн нөхцөлд нөхөн үржихүйн боловсролтой болгоё гээд эмэгтэйчүүд, эрчүүд гээд хоёр групп нээгээд үүн дээрээ зорилтот, албан ёсны мэдээллүүдээ тавиад явж байна. Бид фитнессээр хичээллэхээр биеийн булчин яаж хөгждөг билээ яг түүн шиг аарцаг ёроолын дотоод булчин хөгжих боломжтой. Ингэснээр таашаал мэдрэхгүй байх, хурдан дур тавихаас эхлэн маш олон асуудлууд шийдэгдсэн тоон статистик ч бий. Кегель дасгалыг нас, насны түвшинд нь тааруулж, бага насны хүүхдийг эхнээс нь зөв суух, зөв бие засаж сургана гэдэг нөгөө кегель булчинг зөв дасгалжуулж байгаа нэг хэлбэр. Орондоо шээх, цагаан мах эргэх, бие засахаа удирдана гэхээр гараа атгаж байгаа юм шиг доод булчингаа мэдэрч, мэдрэхүйг сэргээж байна гэсэн үг. Томчуудад гэвэл тухайн хүний онцлогоос нь шалтгаалаад булчингаа мэдрэх, олох гээд өөр, өөр аргачлалтай байдаг.

-Таны хувьд кегель трайнер болоод хэр хугацааг өнгөрүүлэв?

-Манай эмнэлэг анх 2016 онд байгуулагдсан цагаас эхлээд л кегель булчинг судалж эхэлсэн. Энэ булчин дээр тулгуурлаад эмчилгээ хийдэг, зөвлөгөө өгдөг, сэргээн засах эмчилгээ ч энэ булчин дээр суурилдаг учраас бид маш олон судалгаа хийж, сургалт явуулсаар үүнийг эмчлэх сертификаттай болсон. Хөл хорионы үед онлайн хэлбэрт шилжиж эхэлснээр кегель трайнер гэдэг нэрийг авсан даа. Эмэгтэйчүүд “Үтрээний фитнесс”, эрэгтэйчүүд бол “Эрчүүд” гэдэг группд элсээд ороод ирвэл маш олон мэдлэг, мэдээлэлтэй болно. Би цахим хэлбэрээр хосын кегель, эмэгтэйчүүдийн кегель гээд маш олон хэрэгтэй зүйлүүдийг төлбөртэй, төлбөргүй хэлбэрээр хүргэж байна. Кегель трайнер Болормаа гэдэг хаягаар бас зөвлөгөө өгч, мэдээлэл хүргэж байгаа. Дэлхийн анагаахын салбар өндөр хөгжсөн орнуудад эмнэлэг бүрт хамгийн түрүүнд кегелийн зөвлөгөө өгдөг. Энэ булчинд маш сайн анхаарч, оношилдог тусдаа өрөөтэй байдаг.

-Кегель булчин гэж мэддэг хэрнээ хийж чадахгүй байгаа хүмүүст өгөх анхан шатны бяцхан зөвлөгөө өгвөл?

-Бид амьсгал авч л байгаа бол доод булчинд тодорхой хэмжээгээр даралт ирж байгаа.

Хүн ямар үед, хэрхэн яаж амьсгалж байна гэдгээс шалтгаалж, энэ булчин хөгжиж байдаг. Тийм болохоор эхний ээлжинд амьсгалаа зөв удирдаад сурах хэрэгтэй. Амьсгалтайгаа уялдуулаад энэ булчингаа маш сайн мэдэрч сурах хэрэгтэй. Мэдрээд эхэлчихвэл зөв суух, бие засахдаа зөв бие засах, суултуур дээр суухдаа аль болох хөлөө дээш нь өргөж, алцайж суух, хэт дүлэхгүйгээр өтгөн шингэнээ гадагшлуулах гээд удирдаад сурчихна. Ажлын байран дээр суух, ууланд алхах, дасгал хөдөлгөөн хийхдээ хүртэл эхлээд аарцаг ёроолын булчингаа маш сайн мэдэрч, уялдуулж хийх хэрэгтэй. Энэ кегель булчин зүгээр нэг булчинг нь хөгжүүлэх дасгал биш, өөрөө маш том ертөнц. Анхан шатны жижигхэн зөвлөгөөгөөр хязгаарлагдах боломжгүй зүйл.

-Анх эмнэлгээ байгуулж байсан үеэс зургаан жилийн дараах гарсан үр дагавар, нөлөө хэр байна гэж ажиглаж байна вэ? Аарцаг ёроолын булчингийн талаарх ойлголт бүх насныхны хувьд хэр өөрчлөгдөв?

-Эмнэлгээ анх байгуулсан цагаас эхлэн одоог хүртэл надад бахархмаар мэдрэмж төрдөг. Одоогоор цар тахалтай нүүр тулж байгаа ч манай эмнэлгийн хувьд ямар ч доголдолгүй, өдөр бүр ажиллаж байна. Манайх 100 хувь өвчнийг анагаана гэхээсээ илүү бүх насныханд, бүх сегментэд хүрч үйлчилдэг. Урьдчилан сэргийлээд өөртөө илүү сайхан зүйл мэдэрч байна гэдэг өөрөө эрүүл эмчилгээний арга. Нөхөн сэргээх ажиллагаа гэдэг бол анагаах ухааны хамгийн сайн хөгждөг зүйл.

Өнгөрсөн хугацаанд би Франц руу явж олон удаа сургалтанд суулаа. Францаас ч эмч нар авч ирж сургалт явууллаа. Ингээд эргээд зургаан жилээ харахаар ерөөсөө хүний анатом эрүүл байх ёстой, ямар нэгэн байдлаар гэмтээх, гадны биет тарих, суулгах, зүсэх, оёх зүйлээс татгалзах хэрэгтэй гэдгийг ойлгосон. 2019 онд Италид сургалтанд суухад хүний биеийг зүүгээр цоолохоос татгалзаад эхэлчихсэн байсан. Эрэгтэй хүний бэлэг эрхтэнд зүүгээр тарьдаг байсан эмчилгээг зүүгүй хийдэг болчихсон байна. Зүүгээр цоолохгүйгээр бэлэг эрхтэнд хүрэх эмийн бодис хүргэх технологи гаргачихсан байна шүү дээ. Манай хийгээд байгаа үйл ажиллагаа үүнтэй 100 хувь нийцдэг. Мэсийн бус аргаар эмчилж, хүний биеийн эрүүл анатомыг хэвээр нь байлгах, гадны биетийн нөлөө үзүүлэхгүй байх тал дээр тулгуурлаж ажилладаг.

Олон удаагийн давтамжтай аппаратаар эмчлүүллээ ч гэсэн тухайн хүн өөрөө буруу амьдралын хэвшилтэй, машин барихдаа, бие засахдаа хүртэл буруу суудаг, буруу дүлдэг, өөртөө анхаардаггүй байвал дахиад өвчлөх эрсдэлтэй л гэсэн үг. Тийм учраас гол нь эмчилгээ хийлгээд, үр дүнгээ удаан хугацаанд хадгалахыг хүсвэл эрүүл байж, хэвшлээ өөрчилж, өөртөө анхаарах хэрэгтэй. Өвчин үүсгэж байгаа шалтгааныг алга болгох гэдэг бол анагаахын хамгийн төгс арга гэдэг. Тиймдээ ч бид нар энэ өвчлөл юунаас үүсдэг, яаж эмчлэх, шалтгааныг нь яаж алга болгох, дахиад хэрхэн өвчлүүлэхгүй байх гэх асуудлууд дээр байнга л зөвлөж, өөрсдөө суралцаж, хөгжсөөр ирсэн. Тийм болохоор манай La Sante эмнэлгийн баг, хамт олон нөхөн үржихүй, эрхтний зөв эмчилгээнд хамгийн том хувьсал хийсэн гэж үздэг. Манай эмч нар анагаахын салбарт орхигдсон энэ цоорхойг хөгжүүлэх ёстой гэж чин сэтгэлээсээ хандаж, хичээнгүй ажилладаг. Монголын манлайлал болсон  эмч нар манайд ирж зөвлөж, ажилладаг. Тэгэхээр манай эмнэлгийн үйл ажиллагаа зүгээр нэг зургаан жил биш Монгол улсад маш чухал агуулга хөгжсөний зургаан жил гэж би хардаг.

-Ирэх онуудад эмнэлгийнхээ хүрээнд ямар ажил төлөвлөж байна вэ?

-Кегель дасгалыг зөвхөн онлайнаар хүргэхээс гадна бид удахгүй дэлхийн олон орнуудад байдаг шиг кегель центр байгуулахаар зорьж ажиллаж байгаа. Төрөөд гарсан ээжид хайрлах, халамжлах, туслах үйлчилгээ үзүүлнэ гэдэг кегелийн дасгалыг ойлгуулах чухал юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд олж харсан. Энэ нь олон улсын стандарт жишгээр маш чухал агуулга боловч манай улсад нэг ч удаа хөндөгдөж байгаагүй, хөгжөөгүй салбар. Тэгэхээр бид нийслэлийн хэмжээнд байгаа бүх төрөх эмнэлэг, цаашлаад дүүргийн эмнэлэг, 21 аймаг гээд хаана эмэгтэйчүүдийн эмнэлэг байна тэр болгонд кегелийн өрөө, эсвэл мэдээлэл өгөх самбар байрлуулах ажлыг хийхээр зорьж, ажилдаа ороод эхэлчихсэн байна. Одоогоор өөрсдийн хөрөнгө оруулалтаар “Өргөө амаржих газар”-тай санамж бичиг байгуулаад, стандартад нийцсэн кегель дасгалын өрөө тохижуулахаар бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Яг энэ тал дээр бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл бүх зүйл нээлттэй байгаа шүү. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсын хэмжээнд аян өрнүүлж, чадах чинээгээрээ аймаг, сумын эмнэлэгт өрөөг нь тохижуулаад, өрхийн эмнэлэг бүрт эхний ээлжинд самбар, мэдээллийг нь байрлуулж өгье гэсэн зорилготой ажиллаж байна.

...Бид ирэх онд төрөх эмнэлгүүдэд стандартад нийцсэн кегель дасгалын өрөөг тохижуулахаар ажиллаж байна...

Мөн орон нутаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, төрөх эмнэлгүүдээс улсын хэмжээнд нийт 50 эмчийг санхүүжүүлэн, үнэ төлбөргүйгээр есдүгээр сард Франц улсад сургалтанд хамруулах төлөвлөгөөтэй байна. Эмэгтэй хүн өөрөөрөө төрөх замаар төрөхөд аарцаг ёроолын булчин буюу хүмүүсийн нийтлэг ойлголтоор үтрээний булчин сулардаг гэж Монголчууд л ойлгоод байдгаас олон улсад үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдлээс сэргийлэх арга технологийг аль хэдийн нэвтрүүлээд эхэлсэн. Харин оёдолтой, хярзангийн урагдалтай төрөлт маш их эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл Монголд урагдал оёдол статистикаар маш өндөр бүртгэгддэг. Яг энэ салбарт эмэгтэйчүүдийг эрүүл, аюулгүй төрүүлэх чадвараараа Франц улс нэгт ордог. Тийм болохоор энэ талын сургалт, судалгааг төрөлх улсад нь очиж, төрөх эмнэлгээр оруулж, туршлага судлах танилцах боломжийг бүрдүүлэхээр бүтэн багийг Францад сургалтанд хамруулахаар ажиллаж байна. Манай эмнэлэг таван жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан болохоор магадлан итгэмжлэгдсэн гэдэг сертификатаа авахаар бэлтгэл ажилдаа орсон. Чанарын стандартыг тогтоох ISO 9001:2015 үнэлгээ авах ажилдаа орсо. ISO 9001:2015 гэдэг бол цаашид улсын хэмжээнд кегель дасгалыг сурталчлан таниулах, аарцаг ёроолын булчинг хүн бүрт хөгжүүлэх боломжийг бий болгоход дөхөм болно гэж дүгнэж байгаа. 

-Танд баярлалаа.

Ярилцсан Л.Номин

Гранд сэтгүүл №140

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet