“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээ эхэллээ
2021 оны 11 сарын 23

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээ 2021 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д зохион байгуулагдаж байна. 

Барилга, хот байгуулалтын яам,  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,  “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ,  “Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хамтран зохион байгуулж буй  тус форумын  үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн төлөөллүүд өргөнөөр оролцож байна. 

Форумын хүрээнд арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд “Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн”-гийн арга хэмжээ зохион байгуулагдана. Тодруулбал, дотоодын барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийн  үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болно.

Форумаар барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг төр, хувийн хэвшил хамтдаа хэлэлцэнэ. Барилгын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын асуудлуудыг танилцуулсан,  хөндсөн илтгэлүүдийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэх юм.

Тухайлбал, Барилгын материал үйлдвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд нэр бүхий оролцогчид дараах сэдвүүдээр илтгэл тавина.
 

БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга
“Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ийн биелэлт, үр дүн”

“Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж
“Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, оролцогч талуудын хамтын ажиллагаа”

“Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр
“Барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх олон улсын туршлага”

Монгол Улсын Сангийн яамны төлөөлөл

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, барилгын материалын үйлдвэрлэлд олгосон зээл, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавина.


Мөн “Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж, хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд панелистууд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Барилгын материалын ханган нийлүүлэлтийг боловсронгуй болгох хүртээмжийг нэмэгдүүлэх” сэдвийн хүрээнд дараах илтгэлүүд тавигдана.
 

“Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх:  Барилгын материалын түүхий эдийн ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж
 
“Үүр тээл” ХХК-ийн захирал А.Даваадорж:  Барилгын гол нэр төрлийн материал болох арматурын ханган нийлүүлэлт, цаашдын чиг хандлага
 
БХБЯ-ны барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг:  Барилгын материалын ханган нийлүүлэлтийг шинэ шатанд гаргах боломж, шийдвэрлэх арга зам
 
Мөн форумын хүрээнд “Барилгын материалын ханган нийлүүлэлтийг шинэ түвшинд гаргах боломж, шийдвэрлэх арга зам”  сэдэвт хэлэлцүүлэг болох юм.

Уг хэлэлцүүлгийн панелистуудаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав, “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн зөвлөл” ТББ-ын Тэргүүн Г.Батсүх,  “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Даваадорж, “Мегавүүд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ариунбат нар байх юм.

Улмаар хэлэлцүүлгүүдээс гарах нэгдсэн зөвлөмжийг Зохион байгуулах комиссийн зүгээс форумын төгсгөлд албан ёсоор танилцуулна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet