Монгол анд минь чи хасаг найзынхаа төлөө амь дүйж яваад ...
2021 оны 11 сарын 16

Сайхан нөхөрлөлийн тухай гайхалтай түүхийг уншигч та бүхэндээ толилуулж байна. Хээгүй сайхан монгол эр хүн БУРМААЗАЯА шаардлага хангахгүй машинтай ч сайн санааны үзүүрт шар тос гэгчээр сайн найзаа хүрэх газар нь хүргэж чадсан талаар, гоё сайхан нөхөрлөлийн талаар энэхүү түүхээр өгүүлжээ.

1993-онд Қазақстан улсад анх нүүж очоод нутгийн уугуул хүмүүстэй танилцахад, намайг Монгол улсаас нүүж ирсэн хасаг болохыг минь мэдсэн даруй тэд есөн шидийн асуултаар бөмбөгдөж эхэлдэг байлаа.

-Монгол хүмүүсийн ёс заншил нь ямар вэ? Хүнлэг чанараар хир зэрэг? Монголд амьдарч байгаа хасагуудыг монголчууд ялгаварлах уу? гэх мэтийн асуултаар булна.

Хайрт монгол эх орныхоо тухай, монгол хүний тухай бичиж мөн чанарыг нь таниулан ойлгуулах гэж байгаад нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болгочихоос яршиглан юу ч бичиж зориглохгүй дөчин жил явсаар тэтгэвэрт гарсаныхаа дараа уран зохиолоос газар тэнгэр шиг хол оршдог миний бие Казахстаны уугуул хасагуудын түмэн асуултын зарим нэгэнд ч болтугай тайлбар өгч таглах үүднээс жинхэнэ монгол эр, найз Бурмаазаягийнхаа тухай хасаг хэл дээр бичиж фейсбүкт тавьсан юм.

Өөрийн бичгийн чадварын мөхөс ядуу байдлыг харгалзан сонин сэтгүүл царайчлан явсан нь үгүй.

Тэгсэн юу болсон гэж та нар минь бодож байна даа?

Монгол хүн тийм гайхамшигтай гэж үү? Хайр хүрмээр, монгол хүнтэй огт тааралдаж байсангүй, тэдэнтэй уулзан учирмаар санагдаж байна.., гэсэн сэтгэгдэлүүд хөвөрч хүмүүс монгол хүний тухай гайхаж биширсэнээ нууж чадсангүй.

Миний хамгаас хайртай монгол ахан дүүсийнхээ тухай, дотны найз Бурмаазаягийн тухай бичсэн энэхүү тэмдэглэлийг минь миний багын найз, прокурор Хавдал гуайн ууган хүү Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор байсан, хууль цаазын итгэмжит зөвлөх, эдүгээ гавъяаныхаа амралтыг эдлэн, Казахстан Улсад амьдран суугаа Мерейхан монгол хэлнээ хөрвүүлсэнийг уужим ухаант монгол ахан дүүстээ толилуулж байгааг минь соёрхоно уу?

Тохиолдсон явдлуудыг хачирлан найруулах гэсэнгүй, угаасаа надад тийм чадвар мөхөс тул яг л байгаагаар нь бичиж сийрүүлэн та нартаа хүргэхийг хичээлээ.

Басхүү энэ бичлэгийг минь эх орноосоо хувь заяаны эрхээр салан одсон ч, сэтгэл зүрхэндээ монгол нутгаа, монгол түмнээ тээн явдаг хасагуудын заримых нь чин сэтгэлийн захиа ч гэж тооцоорой.

Монголчуудын тухай маш олон, бүр олон хүмүүс надаас цаг үргэлж сонирхож асуудаг. За би хариулъя.

Миний мэддэг монголчууд ийм л хүмүүс...

1992 оны зун.

Би Улаанбаатар хотод амьдардаг байлаа. Тэр үед Монгол улсын эдийн засаг айхтар хямарч, түрүүлгээ харж унаад тийчэгнэх ч чадваргүй мэт, хүнсний барааг тусгай картаар олгодог байсан ч , гэдэс цатгалан, санаа зовох юмгүй, сэтгэл хангалуун төрсөн нутагтаа амар жимэр амьдарч байсан сайхан л цаг байсан санагддаг. Тэр цагт Баян - Өлгий аймагт хонины арьс , гулууз махны үнэ адилхан 500 төгрөгийн үнэтэй.

Яг энэ цаг дор Монголын хасагуудын нэг хэсэг нь яаж ийж байгаад өвөг дээдсийнхээ нутаг Казахстан руу нүүх гэж яарч адган, амьсгаа нь өндөр байсан үе билээ. Их нүүдэл эхлээд хоёр жил шахам болсон учир нүүгээд явсан хасагуудын мал хөрөнгийг худалдаж авах хүн олдохгүй, хүмүүсийн он удаан жил хураан цуглуулсан мал хөрөнгө нь үнэгүйтэж, хэрэгцээгүй шахуу болж байв.

Тэр жилийн зуны эхэн сард Түнхэл тосгонд амьдардаг аав минь намайг яаралтай хүрээд ир! гэж хэл өгсөн юм. Эцэг маань хэр баргийн юманд санаагаа чилээдэггүй, асар их сэтгэлийн хаттай, бага насандаа өнчрөл хагацал, ядуурал, өлсгөлөн бүгдийг туулсан хүн болохоор, хир бараг хямарч, үймрэх нь ховор.

Надад энэ дуудлага жирийн нэг асуудал биш гэж бодогдоод даруй вагонд суугаад хүрч очив. Миний аав төрөл садангийн хүрээнд төдийгүй, тэр нутгийн бүх хасагуудын эрхэмлэн хүндэтгэдэг , их номын ислам шашины молда хүн байсан юм.

Энэ дашрамд хэлэхэд миний өвөг эцэг Ембергений Байзикир нь 1893 онд одоогийн Казахстан улсын нутагт төрсөн, Казахын агуу сэтгэгч, яруу найрагч Абайгийн төрлийн, мусылман шашиныг гүнзгий эзэмшсэн хүн байсан төдийгүй өнөө цагийн хүмүүсийн санаанд оромгүй, хур дуудаж бороо оруулдаг, зэрлэг амьтаныг улаан гараараа барьж авдаг ид шидтэй юм шиг хүн байжээ.

Улааны хувьсгалаас дайжин, нутгаасаа дүрвэн гарч, Хятадаар дамжин Монгол нутагт амьдарч байгаад 1938 онд хувьсгалын эсэргүү нэрийдлээр цаазлагджээ. Цаазлагдахаасаа өмнө олон сараар баригдалгүй зугтаж ,нуугдаж хэсэг амьдарсаныхаа эцэст би ингэж баригдахгүй явсаны тус гэж алга, харин ч та нарыг зовоож зутруулах нь гээд өөрөө очиж ногоон малгайтангуудад баривчлагдсан гэдэг.

Явахаасаа өмнө 15 настай том хүү нь болох миний эцэг Сагиданд төрөл саднуудаа таньж олох ургийн бичгээ бүгдийг цээжлүүлж,нутаг усыг нь нягталан ярьж ойлгуулан бичүүлж , “сайхан цагтай золговол эх нутгаа зорин очиж, төрөл төрөгсөдөө заавал эрж олоод, миний аав , чиний өвөө Ембергений гэрээслэлийг биелүүлээрэй. Надад нутгийнхаа барааг харах тавилан үгүй болов” гэсэн сүүлчийн үгээ захиад Ховд аймаг руу мордсон гэдэг.

Миний аав Сагидан нь Казахстанд буцаж очоод 1993 онд 72 насандаа эцгийнхээ төрөл төрөгсөдийг аав Байзикирын захиасаар эрж олоход хамаатан бүх эрэгтэйчүүдийг нь улаантангууд нэгийг ч үлдээлгүй хороож, хүүхдүүд нь асрамжийн газар дамжиж өссөн, тэднээс нь 80-90 настай гуравхан эмээ амьд үлдсэнтэй уулзах хувь завшаан тохиосон билээ.

Ярьж эхэлсэн үйл явдалаасаа хазайж хадууран таныг чилээсэндээ хүлцэл өчье.

.., Намайг Түнхэлд хүрч очиход аав минь ийн өгүүлэрүүн;

-Авга ах Мауледен, том ах Өнерхан нар чинь надад хандаж бид Казахстан улс руу нүүх үү?, үгүй юү? Нүүвэл хэзээ нүүх вэ? гэж саналыг минь асууж, миний шийдвэрийг хүлээж сууна.

Би нүүдлийн асуудлыг хуурай дүү Хайролтай ярилцаж саналаа солилцлоо. Тэр ийм завшаан тохиож байхад та нарын Казахстан руу нүүх чинь зөв. Харин, та нар ганцхан Бурхааныг л үлдээгээд яваарай. Бурхаан мэргэжлийнхээ ажилдаа амжилт гаргаж, зорьсондоо хүрэхэд ганцхан алхам үлдээд байна гэсэн санал хэллээ. Тиймээс Хайрол ахын чинь саналыг харгалзан чиний ажил амьдралд төвөг тарихгүйн тулд эхлээд чамтай ярилцаж, чиний санал бодлыг мэдэхээр дуудуулсан юм.

Чи бол миний отгон хүү , гал голомтын минь эзэн учраас чиний гаргасан ямар ч шийдвэрийг би дэмжих бодолтой байна гэв.

Ихэнх Казахуудын өвөг дээдэсийнхээ нутагт очиж амьдрах нь есөн хүсэл нь биелэх мэт сэтгэгдэл надад ч төрдөг, их нүүдлээс хоцрохгүй юмсан гэж боддог л байсан. Энэ бол зөвхөн миний биш, монголоос нүүх гэсэн бодолтой бүх казахуудын зүрхний гүнд хоногшсон мөрөөдөл, тулгамдсан асуудал билээ.

Хэдийгээр Монгол миний эх орон, төрж өссөн нутаг ч гэлээ хасаг хүний хувьд үндэсний ялгаа, хэл соёлын зөрчилтэй тулгарна, угаасаа ч эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэх оронд дэлхийд одоогоор ганц ч алга шүү дээ.

Үндэсний асуудалыг бүрэн шийдэж чадсан гэх социализмын үед их сэтгэгч Б. Ренчин гуайгаас үндэсний асуудалыг бүрэн шийдэж болох уу? гэж хэн нэгэн хүн асуусан гэдэг. Рэнчин гуай;

- ай даа мэдэхгүй . Энэ хайнаг, монгол үхэр хоёр айхтар мөргөлдөөд байдаг юм байна лээ гэж гэнэ гэсэн яриа байдаг.

Эцгийн минь Казахстан руу нүүх гэсэн энэ санаа нь миний хувьд, арай л эрт юм шиг санагдавч, өөрийнхөө хар амиа бодож, өвөг дээдсийнхээ гэрээслэлийг эвдэж, төрөл төрөгсөдөд минь зуун жилд анх удаа тохиож байгаа элгэн садантайгаа учрах боломж бүрдсэн, их хувьтай аяных нь замд саад болж , хойшлуулж чадахгүйгээ ч ухаарлаа.

Ингээд аавтайгаа ярилцаж зөвлөлдөөд Казахстан руу нүүх нь зөв гэсэн шийдвэр гаргав .

Бүх төрөл төрөгсөд мань 20 жил нутагласан, үзэсгэлэнт сайхан байгальтай, ижилдэн дассан, элэгсэг дотно ахан дүүстэй, салахын аргагүй гайхамшигтай амьдын диваажин болсон Түнхэл нутгаас Казах Улс руу төмөр замаар нүүхээр болов.

Би хэдэн жилийн хойно нүүж очихоо амласан. Тэднийгээ нүүлгэчихээд Монголдоо хэдэн жил ажиллаж, хийж байсан эрдэм шинжилгээний ажлууд, судалгаагаа гүйцээж үр дүнгий нь үзэх хүсэлтэй байсан юм.

Аавтайгаа уулзсаны дараа Улаанбаатар хотод ирэнгүүтээ Эрүүл мэндийн яамны орлогч сайд Бямба гуайтай уулзлаа. Урьд нь бас хэд хэдэн удаа уулзаж, нүүр хагарсан байсан учир үгээ шууд эхлэв.

Эрхэм сайд гуай, Монголын доголон, хазгар хүүхдүүдийг эмчлэхэд миний тус байна уу?, үгүй юү? Хэрвээ та, чиний хэрэг байхгүй гэвэл, Казахстан руу казахуудтай хамт би ч нүүнэ. Хэрэгтэй гэвэл, энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх талаар, санал бодлоо хэлэхээр таньд хандаж байна гэхэд, сайд Бямба гуайн царай нь хувирч:

-Бурхаанаа, чи яахлаараа үргэлж ингэж сагсуурч онгирч явдаг хүн бэ? Чиний өмнө сайд хүн сууж байна шүү дээ. Хүмүүстэй ая зүйтэй, зөв харьцаж ярьж хэзээ сурах юм бэ, чи? Ингэхэд чамд ер нь юу хэрэгтэй байна? Юу ярих гээд байгаагаа хэлээч, гэв.

Монгол дахь хүүхдийн мөчний төрөлхийн согогын өвчний асуудлыг зөв шийдвэрлэх талаар урьдаа тавьсан зорилгоо, түүнийг хэрэгжүүлэх талаархи бодлоо дурьдаад, шаардагдах бүхий л зүйлс, цаашдын хүсэлтээ тоймлон ярив.

Сайд сонсож мэдээд:

-Хийх гэж байгаа. ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан бичээд ир. Чамайг Эрүүл мэндийн сайдын коллегийн хурлаар оруулна, шинэ гэмтэлийн эмнэлгийн нэг тасгийг чамд чөлөөлж өгье, Монголд анхны түрээсийн хувийн эмнэлэг байгуулж болно. Яамны коллегийн хурлаар гишүүд хэлэлцэж энэ асуудалыг шийдвэрлэнэ, зөвхөн би биш. Чи асуудлаа тоймтой, тодорхой танилцуулж, хүсэлтээ хэлж, өөр олон таван юм ярьж дөвчигнөөд байлгүй соёлтой, боловсон байгаарай. Коллегийн хурлаар шийдсэний дараа бусад бүх асуудлыг амласаны дагуу би өөрөө шийдвэрлэж өгнө, одоо яв! гэлээ.

Баярласандаа хөл газар хүрэхгүй , дэгдэн-дэгдэн гүйж, ёстой л нисээд буучихлаа, гэртээ. Насан туршийн хүсэл мөрөөдөл зорилго маань биелэгдэхээр болов.

Сайдтай ярилцсан өдрөөс хойш нэг их удалгүй, хоёр гурав хоногийн дараа шөнө болсон хойно манай хашааны хаалгыг нэг хүн нилээд чанга балбаж байна. Гадаа тас харанхуй, хашааны хаалгыг онгойлготол хоёр жил уулзалдаагүй миний хайртай багш Дэмид гуай зогсож байлаа.

Дэмид багш бол Анагаах ухааны их сургуулийн Гэмтэл согогын тэнхмийн эрхлэгч бөгөөд манай Гэмтэлийн эмнэлгийн зөвлөх. Монголд гэмтэл согогын өвчнийг эмчлэх албыг үндэслэгч хоёр хүний нэг нь миний багш Дэмид, нөгөө нь ерөнхий эмч байсан Даш гуай. Тэгснээс Даш гуайн хөшөөний дэргэд Дэмид багшийн ч хөшөө сүндэрлэх л учиртай.

Дэмид багш бид хоёрын түүх урт. Миний 14- настайдаа түүнээр хөлийн минь гэмтэлд буруу онош тавьж, надад туршлагаар буруу мэс засал хийж, намайг доголон болгосон үеэс эхтэй. Хожим нь тэр өөрөө надад хэлсэн.

Тэгтэлээ Дэмид багш гарыг минь ганзганд хүргэж,бүх мэддэг чаддагаа харамгүй зааж сургаж хүмүүжүүлсэн, эцгийн минь дараах үнэлж барашгүй хамгийн хүндтэй хүн билээ. Би бурханаас заяасан төөргөөр Дэмид багш, Хуяг эмчийнхээ гараар орж доголон болсон тавиландаа гутардаггүйгээр барахгүй хоюуланд нь чин сэтгэлээсээ баярлаж явдаг гэвэл та итгэх болов уу?

Багш минь бага зэрэг уучихсан, халамцуу байв. Гэрт орж ирэнгүүтээ бидний дунд дараах яриа өрнөлөө.

-Чи Казахстан руу нүүх гэж байна уу?

- Үгүй, нүүхгүй ээ

- Казахуудын ихэнх нь нүүж байна гэж сонсоод, чамаас асуух гэж ирлээ.

--Би нүүхгүй, харин аав, ээж, төрөл төрөгсөд нүүхээр бэлтгэж байна.

- Казахстан руу нүүхгүй юм бол, ярих юм байна гээд яриагаа эхлэв.

Чи намайг, багшийгаа уучил, урьд нь би чамд бага зэрэг атаархаж явж, цаашид тийм зан гаргахгүй.. Чи өнөөдрөөс эхлэн мэргэжилээрээ монголд надаас илүү болсоныг чинь би хүлээн зөвшөөрье. Би чамгүйгээр ажиллаж чадахгүй. Бид, тус тусдаа хоёр жил ажиллалаа. Баяжвал ч баяжиж, хоосорвол ч хоосрохоор хугацаа өнгөрч. Одоо их л бол 3-4 жил л ажиллаад би тэтгэвэрт гарна, ажлаа чамд даалгахгүй бол өөр хэндээ ч найдах бил ээ?

Чи Монголын бүх доголон хүүхдүүдийг эмчлээд олох мөнгө чиний амьдралд хүрэлцэх үү ? үгүй юү? гэж зэмлэж байх шиг, сонжоод ч байх мэт.

Би багшийгаа ихэд хүндэтгэдэг, бүр айж эмээдэг. Тиймээс, үнэн сэтгэлийнхээ хүндэтгэлээ илэрхийлж багш минь би таны урд гишгээд ч хаа хүрэх юм бэ? гэж учирлан, сайдтай уулзаж ярилцсан тухайгаа мөн цаашдын бодол санаа, хийх ажлынхаа төлөвлөгөөг бүгдийг илэн далангүй ярилаа. Багш минь намайг Казахстан руу нүүхгүй гэсэнд лавтай бүрэн итгэх шиг болов.

Тэгээд эхнэр Ардах бид хоёрыг дагуулан гэртээ аваачиж дайлна гэлээ. Гэртээ оронгуутаа эхнэрээ дуудаж :

-Нөгөө хасаг шавь чинь Казахстан нүүх гэж байна гэсэн чинь яалаа? Өөрөөс нь асуу! гэж, миний аман баталгааг эхнэртээ дахин дуулгаад, ширээнд сууцгаав.

Бид шөнөжингөө Монгол улсын гэмтэл согогын эмнэлгийн мөчний согог засалын эмчилгээний салбарыг яаж хөгжүүлэх , юу хийх талаар их юм ярьж хэлэлцэн тохиролцож үүр цайтал хуучласан даа. Ингээд мэргэжлийн дагуу цаашид хийх ажлын бүх төлөвлөгөөг багш маань өөрөө хийж, бичиж бэлтгэхээр болов. Арваад хоногийн дараа багш бид хоер дахиж уулзахаар тохиролцлоо. Бямба сайдтай уулзахаас аваад бүх ажлаа хамтран, нэгдэж хийхээр болж маш их өндөр сэтгэгдэлтэй салцгаав.

Тэр үед манайх Улаанбаатарын захын Цагаан даваа гэдэг казахууд олноор суурьшсан, уулын бэлээр оршдог дүүрэгт амьдардаг байсан.

Багшийг ирээд явсанаас хэд хоногийн дараа, шөнө дунд манай хашааны хаалгыг дахиад л хэсэг хүмүүс айхтар хүчтэй балбаж сонсогдов. Цочиж сэрснээс болоод зүрх дэлсэж тун тавгүй, бага зэрэг саатаж, орон дээрээ суугаад өөрийгөө тайвшруулах зуур гадаах хүмүүс тэсэж ядсан янзтай, бухимдан хашааны хаалгыг улам чанга балбаж байгаа нь гэрт орох гэсэн биш хаалга эвдэх гэж ирсэн мэт хайр найргүй өшгичин хэмхчих нь ээ.

Яаруу сандруу очоод хашааныхаа хаалгыг онгойлготол эгц урьдаас минь хараад миний аав зогсож байна.

-Бид нүүж ирлээ, хүлээж авах уу? гэнэ.

Нас бие нь дал гарсан эцэг, эх маань Түнхэл тосгонд том ач Есенкелди болон түүний эхнэртэй хамт амьдардаг байсан. Түнхэлд байдаг бүх төрөл төрөгсөдтэй хамт Казахстан руу вагоноор нүүхээр зэхээд байснаа яагаад гэнэт аав ээж хоёр минь гэр орноо ачаад , тэднээсээ тасраад манайд нүүгээд ирэв..?

Машины кабин дотор ээж минь сууж байна. Учрыг нь ойлгох аргагүй ... Миний ухаан хүрэхгүй, гайхаж мэлэрч зогслоо.

Машиныг хашаанд оруулан, ачааг нь буулгаад, цай уухаар тухлан суусны дараа аав минь юу болсныг учирлан яриад эхлэв.

-Нөгөө Өнөрхан ах чинь өөрийнхөө хүү нь Есенкелдийг эхнэртэйн хамт эргүүлэн авчихлаа. Хүү Өнерханыг яагаад ийм эвгүй зан гаргаад байгааг мэдэхээр өчигдөр орой гэртээ дуудаж уулзлаа.

-За миний хүү Өнерхан, чи 23- жилийн өмнө надад өргүүлж өгсөн хүүгээ буцааж авлаа. Казахстан руу нүүвэл том ач Есенкелдийг бидэнд түшиг болно гэж найдаж явсан юм. Тэгэхээр Казахстанд очоод бидэнд орох орон гэр байна уу? Бид настай хүмүүс хэнийг түшиж амьдрах болж байна ? гэж асуусанд

-Мэдэхгүй гэсэн ганц хариулт өглөө.

-За чи юу ч мэдэхгүй юм бол би чамайг дагаад Казахстан руу нүүгээд яахав гэж хэлчихээд өвөг дээдсийнхээ уламжлал ёсоор эртхэн шиг отгон хүүгээ бараадъя гэж шийдээд, харанхуй шөнөөр Шамерханыг дуудуулж, машинд нь гэр орноо ачаад, хүрээд ирж байгаа маань энэ гэдэг байна.

Тэднийг нүүлгэн ирсэн Шамерхан ах ч гэсэн миний аавын хүүхэд гэсэн үг. Түүний үүх түүх нь ийм бөлгөө. Шамерхан ахыг 6 сартайд эцэг, эх нь салж байгааг миний аав сонсоод, дүү Мауледенийд өвлийн тэсгим хүйтэнд, 40-50 км газар мориор туулж очиход, бэр нь үнэхээр төрхөмдөө очихоор ачаалчихсан сууж байжээ. Та нар салахаар шийдсэн бол хүүг чинь би авч, асарч өсгөё гэж бэрээсээ гуйсаныг бэр нь зөвшөөрч, уйлан хайлан байж, хүүгээ хадам ахынхаа өвөрт нь хийж өгчээ.

Нас чацуу Шамерхан, Өнерхан ах хоёр миний ээжийн хөхийг ээлжлэн хөхөж ихэр хөвгүүд мэт бойжсон гэлцдэг...

Хэдийгээр аав минь их хатуужилтай, ухаантай, зоригтой шийдэмгий эрэлхэг хүн ч гэлээ гаднаа юу ч мэдэгдэхгүйг хичээж тайван байгаа харагдавч, сэтгэл санаа нь их л дундуур байгаа нь илт.

Миний хувьд ч санаандгүй байтал айхтар ээдрээтэй асуудал гарч, яах ийхээ мэдэлгүй, тархи толгой үймрээд аав ээжээсээ ч илүү хүнд байдалд орох шиг санагдлаа.

Бямбаа сайдын амласанаар, багшийнхаа хэлж зөвлөсний дагуу ажиллаж чадвал мэргэжлээрээ бүтээхээр мөрөөдөж явсан зорилго минь биелэх давтагдашгүй завшаан гарсан тул Казахстан улс руу нүүлгүй, Монголдоо үлдэх хэрэгтэй байдаг. Эцэг, эхийн минь энэхүү хүүдээ хаягдан, мухардаж аргагүйгүйдсэн байдлыг харахаар тэднийг аваад Казахстан улс руу нүүхээс өөр замгүй мэт бодогдож, яахаа учраа мэдэхгүй шөнөжин цурам хийхгүй тарчилж хонолоо.

Яах вэ? Яах вэ? гэж шөнөжин өөрөөсөө хэдэн мянга дахин асуусан байх.

Нүүх үү? Үлдэх үү? гэсэн ацан тээгтэй асуултанд амархан хариу олж чадалгүй шөнөжингөө бодол болоод, сүүлд нь харанхуйд босоод суучихлаа.

Үүр цайж гэрийн доторхи юмс тод харагдаж эхлэхэд шалан дээр зассан орон дээр унтаж буй, орох оронгүй ойчих газаргүй болж, борооноор бутанд шургах болжмор лугаа насны эцэст намайг түшихээр шийдсэн аав ээжийгээ өрөвдөн харж, царай нь нүдэнд тусахын алдад хэрхэвч, ямар ч тохиолдолд, яадаг ч байсан эцэг эхээ зутрааж гундааж, гомдоож болохгүй гэсэн бодолдоо бат зогсохоор шийдлээ .

Эцэст нь амьдарлынхаа бүх сайн сайхан мөрөөдөл, зорилгоо гүйцээх боломж дөнгөж л бүрдэх гэж байсан үед энэ бүхнээсээ татгалзаад, эцэг, эхийнхээ сэтгэлийг бодож, өвөг дээдсийн гэрээслэлийг тунгаан, зорилгоо өөрчилж Казахстан улс руу нүүх нь зөв гэж шийдээд, нуруугаа эгцэлж, бүсээ чангаллаа.

Казахстан нүүхэд Баян - Өлгийгөөр дамжин нүүх нь олон талын давуутай, учир нь Баян - Өлгийн хасагуудыг Казахстан руу нүүлгэж авахаар тусгай Камаз машин гаргаж гэр оронтой нь үнэ төлбөргүй нүүлгэн авч явж байсан цаг. Нөгөөтэйгүүр, Баян- Өлгийд байгаа түнхний үе нь мултарсан 10 гаруй хүүхдийг эмчлэхээр сарын өмнө очиж тохиролцон, ам өчгөө өгчихсөн байсан юм.

Ингээд Баян-Өлгийгээр дамжин машинаар нүүхээр аавтайгаа тохиролцов.

Өглөө босоод л Баян-Өлгий рүү нүүх машин хайхаар гэрээс гарлаа. Таних, танихгүй хэд хэдэн ачааны тэрэгний жолоочтой уулзаж, наймаалцаж ч үзэв.

Өлгий хүртэл гэр, барааг минь ачаад хүргэж өгөхөд 80 мянган төгрөг гэнэ, ихээхэн өндөр үнэ хэлээд хөдөлж өгсөнгүй. Тэр үед бидний ихэнхи нь ийм их мөнгө барьж үзээгүй байлаа ш дээ. Базарваань.

Хямдавтар үнээр нүүлгээд өгөх хүн хэн байх вэ? гэж бодож байтал, ачааны тэрэг барьдаг Бурмаазаяа гэдэг найз залуу гэнэт санаанд орлоо. Тэр МАЗ маркийн урт кузовтой шланз машины жолооч.

Ижил дасал болсон Улаанбаатараа орхино, Монголоос бүр мөсөн явна гэж бодохоор сэтгэл санаа айхтар хямарч, тавилан минь надад хясах шиг ухаан балайртаад, олон жил найзалсан жолооч андын нэр нь хүртэл санаанд ордоггүй. Уг нь баазыг нь ч, гэрийг нь ч мэднэ.

Автобаазад нь хүрч очиход баазын гадаа 6-7 жолооч бөөгнөрөн зогсож байсанд тэднээс найзынхаа гаднах төрх байдлыг нь, том биетэй, шаравтар царайтай залуу, гэрийн хаягыг нь хэлээд, харамсалтай нь нэрийг нь санадаггүй гэж үнэнээ л хэлэв. Миний дүрслэн хэлснээр жолооч нарын нэг нь, тэр чинь Бурмаазаяа байх нь ээ! гэв.

-Мөнөөс мөн, нэр нь Бурмаазаяа гэж би ч баярлан уулга алдав.

-Бурмаазаяа чинь тэр ирж явна гэж нэг нь заалаа.

Арваад алхамын цаана хэдэн хүнтэй хамт Бурмаазаяа ирж яваа харагдав. Уулзангуут бид хоёр тэврэлдэн мэнд усаа мэдэлцлээ. Биднийг бааз руу орохоор явж байхад нөгөө жолооч нарын хэн нэг нь:

- Хөөе, Бурмаазаяа, энэ чинь чиний найз юм биз дээ? Чиний нэрийг мэддэггүй юм байна лээ, бид хэлж өглөө ш дээ гэдэг байна шүү.

Бурмаазаяа гайхан над руу харснаа :

- Бурхаан аа чи нээрээ миний нэрийг мартчихаа юу?- гэв.

- Арай ч дээ, хаанаас чиний нэрийг мартах билээ, эд дамшиглаж байгаа царай нь тэр байх гээд би халгаасангүй.

Бурмаазаяг эрж ирсэн учраа түүнд ярьж, Казахстан руу бүрмөсөн нүүхээр болсоноо хэллээ. Эхлээд Баян - Өлгий аймагт нүүж очвол тэндээс Казахстан руу үнэ төлбөргүй Казахстан улсын тусламжаар нүүлгэн авч явж байгаа тухай ч ярилаа. Улаанбаатараас Өлгий хүртэл ачаа хүргэх хөлсөө жолооч нар хэтэрхий өндөр хэлж байгаа учир чи танилуудаасаа, манайхыг арай хямд хөлсөөр нүүлгэн хүргэж өгөх жолооч олж өгч чадах уу? гэсэн хүсэлтээ хэллээ. Бурмаазаяа хээв нэг, санаа зовсон ч шинжгүй , би чиний ачаа барааг үнэ төлбөргүй хүргэж өгөх машин олж өгнө гэв.

Монголын нэг зүйр үг байдаг даа, "гар бариад, бугуй барина" гэж. Баярлаж, бантасаны алин ч болов :

-Бурмаазаяа минь , ингэхэд чи өөрөө нүүлгээд хүргэж өгвөл яасан юм?, хуучин найз нар яриа хөөрөө болж,гангар гунгар гээд хамтдаа явбал гоё биш үү? гэлээ.

-Тэр ч бас болно шүү, тэгвэл намайг хэд гурван хоног хүлээх л болно. Машиндаа бага зэрэг засвар хийх хэрэгтэй гэв.

Би ч баярласандаа хэлэх ч үг олдохгүй, чих нүдэндээ ч итгэхгүй мэт бодогдож байлаа.

Энэ долоо хоногт надад тулгарсан асуудлууд ард ардаасаа ээлж дараагүй овоорч, зуун жилд нэг тохиох , эс тохиож мэдэх үйл явдлууд намайг дэнсэлгэж, баярлуулуулж, гомдоосоор...

Маргааш өглөө нь эртлэн босоод Бурмаазаяадаа очив.

Одоо надад өөр хийх, санах ,мөрөөдөх ямар ч ажил үгүй.

Бурмаа нэг туслахтайгаа хамт гар нүүр нь пад хар тос, шороонд холилдсон, ярих ч завгүй машинаа засаж байлаа. Би өдөржин тэдний дэргэд байж, юм хумыг нь авч өгч, дөхүүлэн, хог новшийг хаях зэргээр гарын үзүүрт нь тусласан болоод орой гэртээ буцав. Маргааш нь эртлэн гараад бас л хүрээд очив. Тэд мөн л засвараа хийсээр дуугарах сөхөөгүй л ажилласаар ..,

Гурав дахь өдрийн өглөө намайг очиход:

-Одоо чамайг зовоохоо больё оо. Өнөө орой машинаа танайд аваачиж тавина. Машиндаа хийх жаал жуул засварууд үлдлээ, түүнийг зам зуур явуут дундаа ч хийж болно гэв.

Орой нь, уртоо кузовтой машинаа хашаанд оруулж тавиад, ачаагаа зөвхөн кузовны урд талд нь ачаарай,ард талд нь замдаа өөр ачаа ачина, өглөө эрт замд гарна гэчихээд яваад өглөө. Машины талд нь манай хогшил багтаад, дайгаад явчихаар багаахан ачаа олдоогүй учир, Хөвсгөл аймгаас ачаа тээж, Баян-Өлгий хүргэхээр замын хуудсаа бичүүлж авсан байж.

Шөнөжингөө ачаагаа ачиж бэлтгэв.

Эхнэр, охин хоёр онгоцоор Өлгий рүү нисгэхээр болж, эцэг, эх хоёроо Улаанбаатарт Жанат ахынд түр үлдээн, Өлгийд очиж төвхнөсний дараа онгоцоор авахаар шийдэцгээлээ. Тавдугаар ангийн сурагч, хүү Нурдаулетийг нутгийнхаа газар усыг үзүүлэн, хамт явахаар дагуулав.

Ингээд нэг эцгийн гурван хүү,Өнерхан,Жанатхан Бурхаан гурав, гурван тийшээ салцгаав.?

Нэг эхээс цуван төрсөн ахан дүүс өсч, өрх тусгаарлачихаад нэг газар нутагт ч үл багтаж, өөрсдийн эрх ашгийг даган тал бүр тийшээ эв түнжингүй салсан нь надад маш олныг бодогдуулж, эцэг эхийн жаргалын үндэс нь хүүхдүүдийнх нь эв найрамдал,нэгдэлд нь байдаг юм байна гэдгийг гүнээ ухаарлаа.

Улаанбаатараас замд гарахынхаа өмнө Бурмаазаяагаас замын хөлсөнд хичнээн янчаан авахыг нь асуутал ямар ч мөнгө төгрөг хэрэггүй , чамд нэг удаа ч болтугай тус болж чадвал миний зорилго биелнэ, туслах ийм завшаан тохиолдож байгаад нь би их баяртай байна. Чамайг очих газарт чинь эсэн мэнд хүргэж өгвөл буян заяа минь тэгшрэх адил баярламаар байнаа.

Хөвсгөлөөс Өлгий хот руу ачаа ачуулсан байгууллага гарсан бүх зардлыг төлөх учир, чиний ачаа бараа түүгээр дайгдаад хүрнэ гэсэн үг, тиймээс чи мөнгө хөлсний талаар санаа зовсоны хэрэггүй , дахиж энэ тухай бүү дурс гэв

Энэ агшинд Бурмаазаяатай анх хэрхэн танилцсан минь санаанд орлоо.

Би анагаахын дээдийг дөнгөж төгсөөд, ажилд оронгуут Гэмтэл согогын эмнэлэгт эмчилсэн анхны өвчтөн маань энэ Бурмаазаяа байсан юм. Тэр үед автобусны баазад жолооч, гарын алгаа тросонд хатгуулчихаад хайхралгүй явсаар идээлүүлж хүндэрүүлээд, тэсэхийн аргагүй өвдөх үед нь эмнэлэгт ирсэн хэрэг.

Тэр үед миний хүсэн хүлээсэн мөрөөдөл биелэгдэн, шинэхэн эмч урам зориг гал дөлөөрөө бадарч явсан цаг. Түүний гарт нь хагалгаа хийгээд өдөртөө хэд хэдэн удаа шархыг нь цэвэрлэн, боолтыг нь сольж ,өвчтөний хажуунаас нь салж холдолгүй чадлаараа зүтгэж ихээхэн санаа тавьж эмчилж байсан. Тэгсэн нэг удаа өрөөндөө сууж байтал өнөө Бурмаазаяа өвчтөн хувцаслачихсан, эд зүйлээ эрүүл гартаа барьчихсан хурдан хурдан алхлаад гараад явах харагдав. Би гүйж очоод бариад авлаа.

- Чи хайчих нуу ?

- Гэртээ харилаа, таниар эмчлүүлэхгүй гэнэ.

Би арай чүү гэж ятгаад. чирэх шахам өрөөндөө дагуулаад орлоо . Бид хоёр удаан ярилцсаны эцэст учраа арай гэж олцгоов.

Мэдэхнээ нь манай эмнэлгийн эмч Хашхүүгийн дүү, хоёр хөл нь мэдээгүй, он удаан жил эмчлүүлсэн байнгын өвчтөн манай Бурмаад зөвлөлгөө өгч, удахгүй чиний гарыг тайрна, харж л байгаарай гээд баахан өвчтөний түүх ярьсан юм байхаа. Ийм яриа сонссон өвчтөн маань ямартаа ч гарч лам хуваргаас асуух минь гээд оргож яваа царай нь тэр байжээ.

Анхны өвчтөнөө би эдгээсээн, арай ч гарыг нь тайраагүй.

Бурмаазаяагийн намайг гэсэн чин сэтгэлийн харамгүй тусалмжийг нэг биш удаа хүртэж дотно нөхөрлөсөндөө хүсэлтийг минь талаар өнгөрүүлэхгүй гэдэгт итгэсэндээ түүнийг хайж олсон юм.

.., Өглөө эрт найз минь ирээд машинаа асаах гэтэл, машин нь асаж өгдөггүй. Миний хувьд машин техникийн талаар мэдэх юм огт байхгүй, учрыг нь ч олохгүй тул мань хүний амыг л хараастай. Машиныг нь чирж асаахаас өөр замгүй болж, чирэх машины эрэлд тал тал тийшээ гарцгаалаа. Гудамжаар явж байгаа нэг ЗиЛ - 130 машиныг зогсоож, учир байдлыг хэлээд, гуйж гувшиж байж дагуулаад ирлээ. МАЗ- машиныг харчихаад нөгөө жолооч, тэр дороо зог тусан толгой сэгсэрч, миний машин чирэх нь бүү хэл, байрнаас ч хөдөлгөж чадахгүй гэв. Жолоочийг дахин аргадсаар юу ч гэсэн чирээд үзэхээр болж тросоор холбон зүтгүүлсэн ч машиных дугуй дороо хий эргээд, чирэх байтугай байрнаас нь ч хөдөлгөж дийлсэнгүй ээ.

Миний машиныг өөрөөс нь том машин чирж асаана, би өөрөө машин олж ирнэ гээд Бурмаа маань яваад өглөө.

Үдээс хойш 4-5 цагийн үеэр бас нэг аварга том машинтай хамт Бурмаазаяа буцаж ирлээ. Нөгөө мангар том машин ч мань хүний машиныг чирж ч гавьсангүй дөнгөж байрнаасаа хөндийрөх аядангуут л айхтар тас хар утаа хаялан хахаж цацаад пар-парррр гээд аслаа.

Өдөржин санаа зовж техникийн боол царайлсан бидний магнай тэнийж ум хумгүй уухайн тас машины кабинд үсэрч сууцгаагаад хорин жил жаргалтай амьдарсан, хөдөлмөр сэтгэлээ шингээн босгосон байшин сав руугаа ч эргэж харах сөхөөгүй аян замдаа гарцгаав.

Гэнэтийн тулгамдсан явдалд амьсгаадаж тэвдсэн, кросст гүйсээр өнгөрөөсөн энэ хэдэн хоногийг бодохоор дайн дажинтай ороо бусгаа киноны адал явдалт гол дүрд тоглож байгаагаас огт өөрцгүй.

Бид Хөвсгөл аймаг руу Булган аймгаар дамжин явна. Анхны өдөр хотоос гараад, зуу гаруй км зам туулахад 2-3 удаа дугуйнууд хагарлаа, саатахгүйн тулд, тайлж аваад машиндаа ачаад явсаар, тэр орой харанхуй болсон хойно хээр хоноцгоов.

Замд гараад сэтгэл тайвшираад техникийн талаар мэдэхгүй зарим нэгэн зүйлийг нягталж асуусаар ойлгож эхэллээ. Миний найзын машин нь зогссоны дараа асдаггүй, заавал уруу газар тавьж өнхөрүүлж асаадаг юмсанжээ. Эзгүй хээр хөдөө газар машинаа чирүүлэх техник хаанаас олдох вэ дээ.

Хоноглох газраа харанхуйд ирсэн бид уруу эвтэйхэн газар эрж баахан явцгаалаа. Тэр бас их нарийн учиртай, эгц уруу газар бол машин асмагцаа гүйцэгдэхгүй давхиад алга болох аюултай. Уруу нь налуу бол бид түрж , түлхэж хаанаас дийлэх бил ээ. Уулын бэлээр дэгэн догон баахан дэвхэцүүлсээр Бурмаа маань машинаа тавилаа, буугаад газрын өөд уруу нь таарсан үгүйг дугуй руу нь гэрэл тусгаж хараад яг болж, их сайхан тэгшхэн хирнээ боломжийн уруу газар арай гэж оллоо гэж олзуурхав . Маргаашнаас гэгээтэйд тохиромжтой газар олж тавьж байх хэрэгтэй юм байна гэлээ.

Би чинь гэр оронтойгоо нүүж яваа болохоор хучих, нөмрөх хөнжил гудас мундахгүй зөндөө, хэдүүлээ хажуулав.

Өглөө машинаа асаах гэж үзсэн чинь хөдөлж өгдөггүй ээ, даац ихтэй машин шөнөжин зогсохдоо дугуй нь 5-6 см доошоо газрын хөрсөнд шигдчиж.

Шороог ухаж, дугуй бүрчлэн шороог нь янзалж арай гэж тэгшлээд, түлхээд дугуй чүү-чамай байрнаас нь өнхөрөх агшинд зөв талын урд дугуйг түлхэж зогссон жолооч кабин руугаа үсэрч орон хөдөлж, бид ч машины араас дагаад гүйцгээлээ. Газрын уруу дөнгөж ассан машин маш хурдан хурд авч энхэл донхол дундуур хурдаа хасахгүй давхиад , эд хогшилийг бараг кузов давуулан шидэх нь ээ. Ийн бартаат замаар хурдтай давхих машины араас харж, тэр үеийн айл болгонд олдоод байдаггүй ЗиЛ – хөргөгч, оросын өнгөт телевиз минь яаж байгаа бол гэж бодохоор дотор муухайрч харуусал төрдөг байсныг нуух юун. Ассан дороо жолоодлогүй хурдалдаг нь бас л учир шалтгаантай аж. Хий хураатлаа тормоз барьдаггүй, тэр болтол нилээн хол газар машиныг зогсоох аргагүй, донсолгоо гаргаж явах огт боломжгүй учир тэвшин дээрх ачаа яаж ч тонгочиж байсан аргагүй юм гэнэ.

Бид гурван “зорчигч” тормоз нь ажиллаж , машин зогсох хүртэл дагаад гүйцгээнэ. Сүүлдээ бүүр сурмаг нь аргагүй машины явдал дунд үсэрч ороод сууцгаадаг чадвартай болсон.

Ийнхүү МАЗ-машинд сууж нэг, хөөж гүйлдэж нэг явсаар 3-4 хоног өнгөрөхөд анх тэвшний урд талд нямбай нь аргагүй бөндийлгөөд ачсан эд хогшил маань энд тэндгүй цацагдаж тэвшээр нэг тарчихав аа. Тэр ч дүүрсэн хэрэг.

Гэсэн ч хүн насан туршдаа үхэн хатан эд хогшил цуглуулаад , энэ хорвоод шалдан ирээд шалдан буцдаг жамтайг хүний мунхаг нь дэндсэн сэтгэлээр мэдээд ч нэмэргүй. Намайг бага зэрэг гуниглангуй тэвшин дээрх ачаа бараагаа харж зогссоныг минь анзаарсан Бурмаа минь миний хажууд ирээд Бурхаан минь ачаа бараандаа бүү санаа зов. Хөвсгөлөөс ачаа авч нэмж ачихаар тэвш дүүрэн болноо гэж тайтгаруулна.

Ээж минь замд гарахын өмнө, аюул ослоос хамгаалдаг мусалман шашины кураны дугаа бичиж өгч, цээжлүүлээд зам зуур байнга уншиж Аллах бурхандаа залбирч яваарай гэснийг л ёсчлон биелүүлж явлаа. Хоёр монгол найз маaнь хөтөл даваа болгон дээр зогсож овоо тахиж, чулуу нэмж, гурвантаа нар зөв тойрч ёс үйлдэнэ. Хүү бид хоёр овоо шүтэхгүй ч гэсэн найз нарынхаа үйлдэлийг дагаж дотроо бурхандаа залбирна.

Машины дугуйнууд ар араасаа хагараад байдаг нь ердийн явдал боллоо.

Бид явсаар нэгэн голын эрэг дээр ирээд зогсов. Хагархай дугуйнуудаа нөхөж авахгүй бол өчигдрөөс хойш найман дугуй хагарч. Одоо бодоход тэр дугуйнууд нь аль эрт хэрэгцээнээс гарсан, арга ядсандаа л авч ашиглаж явсан, хог дээр хаях болчихсон эд байж дээ. Бүгдээрээ хамжиж дугуй нөхөх явцад би ч бас зүгээргүй дугуй нөхөхтэйгээ техникийн мэргэжилтэй болчих шиг.

Булган аймгийг зорьж, миний санахад хоёр дахь хоногтоо гэлдэрсээр. Хэсэг явсны дараагаар нөхсөн дугуйнуудын 3-4 нь дахиад л хагарлаа.

Бурмаагийн ярих нь;

-Ачаа багатайнх, дугуйгаа нөхөж цаг алдахгүй яваад, хагарсан дугуйнуудыг тайлж дан дугуйгаар л яваад байж болно гэх нь дугуй нөхөхөөс залхсаных болов уу гэж дотроо бодлоо.

Энэ мэтийг эс тооцвол, аян замдаа алжаалгүй явсаар, Булган аймагт ирж, Бумаазаяагийн танилынд сайхан амарч хонолоо.

Өглөө нь, машинаа асаахаар явсан Бурмаазаяа гүйж ирээд:

-Найз минь чи их азтай,аян зам чинь өлзий билэг дүүрэн хүн шиг байна гэнэ.

-Бурмаа чи юу яриад байнаа? , би огт ойлгохгүй нь

-Манай машины рулийн хөндлөн чайк нь ирж зогссон хойно мултарчихсан байна ш дээ. Хэрвээ газрын уруу юм уу, эсвэл их хурдтай явсан үед мултарсан бол, ийм хүнд машины жолоодлого алдагдаж, амь насанд маш аюултай гэнэ. Бид их азтай, чи ч их азтай залуу юм байна гэлээ.

Машиныхаа рулийн чайкийг доор нь засчих шиг боллоо. Тэр өдөртөө Хөвсгөл аймгийг зүглэн замд гарлаа. Энэ өдрөөс эхлээд өглөөний яриа айдас төрүүлж, сэтгэл зовинин, дотор нэг л эвгүйрхээд, эвдэрэл гэмтэлд санаа зовсоор. Гээд өөр ямарч сонголтгүй, хүрэх газар даанч хол, өөр машин олдохгүй...

Ердийн үед санаанд ордоггүй, хайхралгүй явдаг, эсэн мэнд, аюул осолгүй явахын цаглашгүй зол завшаан дээдийн дээд аз жаргал болохыг улам л ухаарч мэдэрч эхлэх шиг боллоо. Ядаж ганц хүүгээ хажуудаа дагуулж явааг хэлэх үү?

Бурмаагийн туслах нь, дунд хэрийн насны чийрэг биетэй , намхавтар нуруутай залуу, хүүхдэрхүү зантай, их дуулгавартай, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй. Жолооч биш боловч, техникийн талаар их мэдлэгтэй . Бүх юмыг Бурмаазаяагаас урьтаж хийгээд, гүйцээчихнэ.

Булган аймгаас гарсны дараа дахиад нэг шинэ асуудал гарах шиг боллоо. Нөгөө хоёр маань хоорондоо нэг юм ярьж, шивэр авир болцгоож санаа нь зовоод байх шиг. Улаан гэрэл асчихлаа гэх яриа чих дэлсэв. Моторын тос багадсан үеэр асдаг гэрэл аж. Түүний учир байдлыг ухварлан асуувал, ихээхэн эгзэгтэй асуудалтай тулгарах бололтой. Одоо ч бас ч гэж анхны өдөртэй адилгүй, машины эвдрэлийг тэр хоёртой эн зэрэгцээд яриад байдаг болчихлоо. Улаан гэрэл ассаны дараа зогсохгүй яваад байвал мотор нь “будаа болж “ хог дээр хаяхаас өөр замгүй бол, аялал маань ч төгсгөл болж болохыг ойлгов.

Манай хоёр найзын дүр төрх, зам дагасан гуйлгачингаас өөрцгүй болж, ирж яваа, араас гүйцэж түрүүлэх машин бүрийг тосон гүйж, туслах маань гартаа хувингаа барьчихаад толгой дээгүүрээ эргүүлэн даллан угтана. Зам маш олон салаалчихдаг болохоор зарим жолооч өөр салаа замаар ороод, биднээс холуур яваад өнгөрчихнө. Гэвч, ихэнх жолооч өмнөөс нь хувингаараа даллаад зам тосож гүйж яваа хүнийг харахаар зориуд чиглэн ирж заавал зогсоно, туслах залуу хэзээ ч хоосон ирэхгүй. Хурдалж очоод л хувин дүүрэн тос хийлгэж аваад л бөөн баяр ирнэ. Жолооч нар манай туслахыг хэзээ ч хоосон буцаахгүйд бид бүгд итгэлтэй, бас баясалтай. Бэлэн моторын тос байхгүй бол тосны талон өгнө. Манай туслах өдөртөө 5-10 машин руу хувингаа барин эцэтлээ гүйх хирнээ ядарлаа, зүдэрлээ, амрах минь гэж ган гэхгүй. Энэ хүний үгсийн санд эдгээр үгс байхгүй бололтой дог. Байнгын бөөн баяр хөөртэй, зам тосож уулзсан жолооч нартай юу ярьсанаа үг үсэг гээлгүй бидэнд ярьж, инээмсэглэн духныхаа хөлсөө нэг шувтарчихаад дахиад л зам харуулдана.

Замд учирсан машинуудаас гуйж авсан тос, солярк болон талоны ачаар арай ч таг зогсчихгүй л яст мэлхий шиг явсаар ,нэгэн булгийн хажууд ирээд зогсцгоов. Хоол хийж идэж жаахан амраад, удалгүй хөдлөх тул машиныг унтраалгүй асаастай орхилоо.

Бурмаазаяа гүн бодолд ороод намайг харж хэсэг дуугүй суусанаа ингэж яриа дэлгэлээ.

-Бурхаан найз минь, би чамд чин сэтгэлээсээ нэг сайн тус болж, чамайг баярлуулахсан гэж үргэлж бодож явдагсан. Миний чамд хийсэн энэ удаагийн тусыг, мөн намайг ч мартахгүй байх. Чи хаа ч явсан эрүүл энх, эсэн мэнд яваарай. Цаашдаа миний нэрийг хэзээ ч бүү мартаарай. Миний нэр Бурмаазаяа шүү. Яагаад би ингэж хэлэв? гэвэл бид танай өвлийн идшийг авахаар хамтдаа Хэнтий аймаг очоод ирснийг чи мартчихсан шиг, үүнээс гадна ч өөр өчнөөн газруудаар хамт явж байсны заримыг нь чи санахгүй байнаа даа. Тэгж бодохоор миний нэрийг мартсан чинь ортой ч шиг.

За энэ ч яахав. Тэр харагдаж байгаа өндөр хөх уулыг чи харж байна уу? Одоо бид энэ уулыг давж явна. Энэ давааг Хөх хөтөл гэдэг юм. Энэ даваа Монголдоо алдартай нэрд гарсан цуст даваа. Өгсөх хэцүү, буцахдаа бол гайгүй уруудаад буучихна., Машины байдлыг чи мэдэж байгаа. Унтарвал асахгүй, тормоз барихгүй. Өгсөж явахад ямар нэгэн асуудал гарвал, аминд маш аюултай.

Иймээс давааг давах хүртэл кабинд би ганцаараа явна. Чи хүүгээ дагуулаад энэ жалгаар өгсөөд даваан дээр гараад биднийг хүлээж бай. Та нарыг даваан дээр гарсны дараа л бид эндээс хөдлөнө. Аюул тохиолдож ухраад онхолдвол жалгыг дагаад өгсөж яваа та нарт аюултай. Миний туслах тэр тогоон чинээ чулууг тэвэрч ,машины араас дагаж явна .Хэрвээ машин хүч алдаад ухрахад хүрвэл, тэр чулууг машины дугуйн доогуур ивж машиныг зогсоох оролдлого хийнэ. Чулууг машины дугуйн дор онолдуулж чадахгүй юм бол машин эрчээрээ ухраад онхолдоно. Би кабины хаалгаа байнга онгойлгож яваад, амьд үлдэхийн тулд үсрэхэд бэлэн явна. Үсэрч чадалгүй, онхолдсон машинтай хамт өнхрөхийг байг гэх газаргүй. Гэсэн ч л битгий санаа зов.Өндрөөс ар араасаа өнхөрөөд бууж байгаа эд хогшилоо хараад харамсаад ч хэрэггүй, жалганы ёроолд хүрэхэд юу ч үлдэхгүй. Хэрэв машин онхолдоод осол болсон ч араас эргэж бууж ирсэний огт хэрэггүй, буцаж ирлээ ч чи юу ч хийх боломжгүй. Бидэн рүү эргэж ч харалгүй хүүгээ дагуулаад цаашаа явж өөрийн замаа бод. Амьд явахад алдсан эд юмсын төлөө харамсах ч дээ аятай бодол биш.

Гэхдээ, би ч бас зүгээр нэг үхчихийг бодохгүй шүү дээ, чадлаараа хичээж давааг давахыг бодолгүй яахав ээ, за ингээд хүүтэйгээ хамт эртхэн шиг даваан дээр гарцгаа.

Найз минь хаа ч явсан эсэн мэнд байгаарай. Намайг, миний нэрийг хэзээ ч бүү мартаарай! гэж хэлээд, намайг тэвэрч биднийг жалга өгсүүлэн үдлээ.

Осол аюулын тухай сонсоод зүрх шимшрэвч, аргагүйдэн хүүгээ дагуулаад даваа өөд өгсөв. Жалганы зүүн дээд талаар ,уулыг дундуур нь зүсэх мэт , ухаж тэгшилсэн ,эгц дээшээ өгссөн зам байхыг харлаа. Жалгыг өгсөөд уулын дунд хэрд нь хүрэхэд, энд тэндгүй онхолдсон машины сэг, эд анги хөглөрч хэвтэхийг харахаас үнэхээрийн дотор арзайм аймшигтай. Жалганд сэрийлдэх машины сэгнүүдийг харсанаас хойш Бурмаазаяагийн машин энэ даваагаар давж гарч ирнэ гэдэгт итгэл бүрэн алдрах шиг санагдлаа.

Хүний санаанд заримдаа адын бодол ороод ирдэг, миний найз Бурмаазаяа энэ давааг тийм сайн мэддэг байж ,машиныхаа чансааг ч арван хуруу шиг ойлгодог хирнээ яг энэ даваан дээр миний насан турш цуглуулсан бүх хогшилтой хамт амиа хорлохоор шийдэв гэж үү ? Энэ асуулт мөчийн төдийд толгойд зурс хийсэн ч хариулт хайх нь байтугай бодлоосоо жийрхэн өвдөг минь чичирч салганалаа.

Хүү бид хоёрыг даваан дээр гармагц, Бурмаагийн машин нь нөгөө онц аюултай замаар өгсөж, уулыг цуурайтуулан хүрхэрч хүнгэнэсэн нэг хэвийн дуугаар эцсийн бөгөөд сүүлчийн гэлтэй хүчээ шавхан аажуухан мацаж ирж яваа харагдана. Машины араас нөгөө туслах залуу том хар чулууг тэвэрчихсэн тэнтэр тунтар алхан дагаж явна.

Яг тэр мөчид арай ядан өгсөж яваа машины дүр зураг, уул талыг доргиулах хүнгэнэсэн дуу, байгалын үзэсгэлэнтэй хослон яг тэнд зогсож байгаа мэт сэтгэл зүрхэнд хоногшин, санаанд минь мөнх шингэжээ. Нүдэнд минь яг л өнгө зүсээрээ ялгаран харагдаж байна. Би хэрвээ зураач байсан бол яг тэр байдлаар нь одоохон зураад таны өмнө дэлгэчихмээр.

Аллах тэнгэрийн ивээл, бурханы аваралаар, тэд Хөх хөтөлийг эсэн мэнд даваад гарч ирэв. Туслах залуу хөөрхий минь айхдаа сүнс нь зайлчихсан мэт даваан дээр гарчихсан мөртлөө өнөө чулуугаа тэвэрсэн хэвээрээ зогсож байлаа.

Хүү бид хоёр сансарын нисэгчдийг угтахаас ч илүүгээр баяр хөөр болж тэдэнтэй тэврэлцэн, эсэн мэнд уулзацгаав, нүдэндээ ч итгэхэд бэрх.

-Бурхаан аа, чи их азтай хүн юм байна гээд Бурмаа намайг дахин тэврэв.

Бурмаазаяагийн уужим сэтгэл, хүнлэг чанар, амь хайргүй үнэнч байдал миний сэтгэл зүрхийг улам эзэмдэж, түүнийг ер нь ямар хүн гэлтэйв дээ гэж учрыг нь олохгүй гайхаж, бодолд автдаг боллоо.

Үндэстэн болгонд өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинж байдаг.

Монголчуудын төмрөөс хатуу тэсвэр хатуужил, юунаас ч буцдаггүй эрэлхэг зориг, шаардлага гарвал амиа ч хайрладаггүй нөхөртөө үнэнч зан чанарыг дунд нь өсч бойжсон би хичнээн сайн мэддэг үнэлдэг ч гэлээ Бурмаазаяагийн энэ удаагийн ярьж хэлсэн чин сэтгэлийн үг, хийсэн эрэлхэг үйлдэл, үзүүлсэн ач тусыг нь , амиа хайрлалгүй гаргасан зоримог шийдэл , бүрэн бус машинаараа аюулыг сөрж, даваан дээр гарч ирснийг нь яаж ч бодоод, яаж ч хэлээд би л хувьдаа бүрэн хариулт олж чадсангүй. Хүний иймэрхүү гоц чанарыг яаж ч үнэлээд жирийн хүнд ойлгоход бэрх учир зөвхөн сэтгэл зүрхээрээ мэдрэн, санаандаа шингээхийг л хичээх нь зүйтэй юм гэж бодов.

Би Гэмтлийн эмнэлэгт ажиллаж байхдаа Чадраабал гэдэг найзтай байсан юм. Явах үеэр түүнтэйгээ ч уулзаж амжсангүй ,харамсаад ч барахааргүй гуниг.

Анх ажилд орсоны дараа Чад бид хоёр нэг өрөөнд урд урдаасаа харж сууж эмчээр ажилладаг байлаа. Мань хүн надаас хэд гурван насаар ах. Анхандаа дүр төрх нь надад таалагдахгүй ч юм шиг, нэг их ойшоодоггүй байлаа. Яалтгүй нэг өрөөнд суудаг болохоор эрх биш хамт гарч тамхилна, ойр зуураа ярилцсаар найзалж эхлэв. Тэр заримдаа:

-Бурхаан аа, чи миний хамгийн дотны найз шүү дээ, би ч бас чиний найз, тийм үү? гэдэгсэн.

Ингэж хэлэх хүний өөдөөс яаж үгүй гэхэв дээ:

- Тийм ээ, чи ч бас миний хамгийн дотны найз гэнэ.

Бид 5-6 сар хамт ажиллаад л бие биедээ дассаар Чадраабал миний зүрх сэтгэлийг эзэмдэж, эцэст нь салж хагацахааргүй, хамгийн гайхамшигтай дотны найз болж чадлаа.

Нэг удаа би курст суралцахаар Москва явах үед төмөр замын вокзалаас Чадраабал маань намайг үдлээ.

- Бурхаанаа би чамд нэг юм захивал биелүүлэх үү?

-Би чадахаар зүйл юм бол биелүүлье ээ

-Тэгвэл чи надад амлалт өгөх үү?

- Өгье өө

-Чи буцаж ирэхдээ нэг толь, нэг өнгөт телевиз аваад ир.!

Чам шиг гэр орноо хайхардаггүй, санаа тавьдаггүй хүнийг би лав хараагүй юм байна гэнэ.

Хэлж байгаа нь ч ортой л доо, хоёр сарын өмнө манайх шинэ байшинд орж , нүүхэд Чад минь өөрийнхөө жолооч найзаа дагуулж ирээд, нүүлгэлцсэн юм.

Тэгэхэд ч бас намайг ихээхэн зэмлэж:

- Чи өдөр шөнөгүй эмнэлэгээс гарахгүй ажиллаж тэндээ хонож өнжөөд явсаар гэр орноо мартчихсан амьтан юм байна шүү дээ. Гэрийн чинь хогшлыг үзээд жолооч найзаасаа их ичиж зовлоо. Ингэж амьдарч яаж болох юм бэ, яваандаа би чамд тусланаа гэсэн билээ.

Цагаан хоолойгоор вагон хөдлөнө гэж зарлахад;

- Чамд хэлэх бас нэгэн зүйл байна гээд тулаад ирлээ.

Намайг самгардан зогсоход :

- Чамайг зөвшөөрвөл иртэл цалингий чинь бүгдийг би зээлээр авч ашиглаж байя.

Надад ухаарч ойлгох сөхөө ч байсангүй, гайхсандаа :

- Болноо болно, зөвшөөрлөө гэчихээд л вагонд орлоо.

Москвагаас ирэхдээ Чадраабалын захисан ёсоор нэг өнгөт телевиз, гурван талтай нэг толь өөрийн гэртээ авч ирлээ.

Чадраабал харин миний цалинг цуглуулаад манайд гэрийн тавилга худалдан авч, гэр орныг минь танигдахааргүй болгон тохижуулчихсан байв. Гэртээ орж ирээд, мэл гайхан, цэл хөхрөв. Хайрт найз Чадынхаа ачаар хүн шиг орон дээр унтаж, диваан дээр суугаад өнгөт зурагт үздэг болсон юм даа.

Миний Чадын нэг удаа :

-Бурхаан минь би чамд эхнэрээсээ илүү хайртай гэж хэлснийг одоогийн буруу замаар будаа тээж яваа мондьнуудад хэлвэл ч буруу тийш эргүүлж мэднээ. Зөвхөн нийлж сэтгэлийнхээ үгийг ярилцаж чээж хөндүүрлэтэл тамхилцгаадаг л байлаа. Чад маань асар авъяастай залуу, намайг явсанаас хойш заримдаа сэтгэл нь хямрахаар Бурхаан минь байсан бол би ч арай ч ингэж зовохгүй байсан гэдэг байсныг нь хожим сонсоод ганцаардаж л явж дээ, анд минь гэж эмзэглэх.

Монголчуудын сайн үйлс , тус дэм болгоныг, монголоо гэсэн миний өнчин сэтгэлийн дурсамж болгоныг гүйцээж бичнэ гэвэл их олон боть ном болох байх даа.

..., Орой болгон машинаа өндөр газар уруудуулан тавьж, алсаас харагдсан машин болгоныг тосон гүйгээд ,моторын тос солярк гуйж , өдөр болгон тоо алдтал хагарах дугуйгаа нөхөж сажилж явсаар Хөвсгөл аймагт ч хүрээд ирлээ.

Дээр үед хятадууд Бээжин хүртэл илжгээр жин тээж илжигний гэлдэргээгээр хэдийд Бээжин хүрэх вэ? гэхэд “бид явж , Бээжин сууж байна “ гэдэг яриа байдаг. Яг түүнчлэн бид зарим өдөр 50 км, хааяа даа өдөрт 100 км явж газар хорооно. Нэг л удаа 200 км явсан даа.. Хөвсгөлөөс тос шатахуун нилээд базааж аваад Баян-Өлгий явах замдаа орлоо. Гэхдээ ч бидний аяны хурдыг илжигний явдалтай яаж зүйрлэх вэ? Бид явсаар Увс аймаг өнгөрөөд нэгэн даваан дээр гараад түр зогсож амарлаа. Овоо тахих ёсоо гүйцээгээд хөдлөх гэтэл Бурмаазаяа машины кабинаас үсэрч буугаад:

- Бууцгаа ! гэж хашгирав. Бид ч машинаас үсрээд л бууцгаалаа. Бурмаазаяа өнөө л зангаараа надад дөхөж ирээд;

- Бурхаан аа, чи ёстой их азтай хүн юм гээд л эхлэв.

-Чи хар даа, машины рам нь дундуураа хугарч хоёр хуваагдчиж. Бид мэдэлгүй хөдлөсөн бол газрын уруу арван метр яваад л бүгдээрээ сүйрэх байсан даа. Том машины рам нь уруу газар бүрэн тасарч хугарвал арын хүнд ачаатай тэвш нь урьдах кабиныг эвхэж дороо хийж хавтгайлаад индүүдээд явчихдаг гэнэ.

Тэвшээ салгаад, зориулалтын төмөр тулгуураар нь тулчихаад, машины арын хоёр дугуй хугархай рамынхаа хамт тасраад салаад уналаа. Хугархай рамыг төмөр утас, юухэн хээхэнээр баглаж боогоод туслахтайгаа хамт гагнуурчин олохоор машинаа унаад яваад өглөө.

Хүү бид хоёр ачаагаа харуулдаж үлдэв. Энэ өдөр Монгол улсын үндэсний их баяр наадам болох 7 дугаар сарын 11- ний өдөр билээ. Наадмаар гурав хоног амрах ёстой. Авч яваа хоол , хүнс , ус ч дуусч, яадаг хэрэг вэ? гэж бодож байтал, ээжийн авдарт хийж хадгалсан борцолсон мах санаанд ороод, ачсан барааг онгичиж борцоо олж авав. Мах чанах гэхээр ус байхгүй, гэдэс өлсөн ам хатаад сууж байтал орой тийшээгээ мотоциклтэй хоёр монгол залуу ирж 10 л ус авчирч өгөв.

- Энэ усыг танай жолооч өгч явуулсан. Маргааш ирэх байх гэж дамжуулаарай гэсэн гэв.

Устай болж мах чанаж идээд, өл залгаж, жижиг овоохой босгоод амарч хэвтлээ.

Хоёр хоногийн дараа Бурмаа ч хүрээд ирлээ. Бид сурсан дуугаа дуулаад аажуухан явсаар, Өлгий хотод дөхөж ирэв.Өлгий хотод орохын алдад бас нэг даваатай, дахиад машины улаан гэрэл асаж, моторын тос багадсан дохио өгөв.

Бурмаазаяа гэнэт ядарсанаа гайхаж одоо арваадхан км үлдлээ нэмэх тос ч байхгүй чамайг хүргэсэнээс хойш боллоо, одоо зогсохгүй яваад Өлгий орно гэнэ шүү. Би ч энэ өнгөрүүлсэн 15- хоногт бараг жолооч болчих шахсан хүн.

-Би Өлгий ороод моторын тос авч ирье гээд хүүгээ хөтлөөд, 10 л - ийн галын хорын сав аваад Өлгий рүү алхацгаав. Тэр сав нь хүнд гэж жигтэйхэн., цул төмрөөр цутгаж хийсэн, дээд талдаа бас шовгор тагтайг нь яана.

Сульдаж, ядарсан хоёр Өлгийд хүрч, гудамжинд мотоциклтой баз дүүтэйгээ халз таарч, баяр хөөр болцгоов. Миний зутарч, гундсан зүс царайг хараад:

-Хүргэн ах аа, таньд юу тохиолдов оо ? Царай зүс чинь нэг л биш , өвдчихсэн юм биш үү? гэж сандран мэндрэн, мотоциклийнхээ ард сундалж аваад гэртээ ирлээ.

- Та энд хэвтээд амарч бай гэчихээд гараад явчихав.

Хичнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй, нам унтчихаж. Хүн сэрээж байгааг мэдээд, нүдээ нээж харсан чинь эхнэр Ардах минь намайг толгой, хүзүүгээр минь тэврээд уйлж сууна. Баз хүргэн дүү 30 км зайтай, Сагсай сумд давхиж очоод, миний байдлыг эгчдээ хэлж, айж сандралдан ирсэн байв.

-Та хурдхан Өлгий орж, хүргэн ахын байдлыг нүдээрээ хар, яачихаад байгааг нь яаралтай мэдэхгүй бол болшгүй, царай нь их хачин болчихож, юу болох нь энэ вэ? гэчихээд буцаад ум хумгүй аваад давхиж ирсэн нь тэр байж.

Бид Улаанбаатараас Өлгий хүртэлх 1500 км замыг 16 хоног явж туулсан, энэ хугацаанд би жингээ 15 кг хаясан байв.

Дүү нар маань Бурмаа руу явж байтал , тэд дөхөөд ирчихсэн байлаа. Замын алжаалыг нь тайлахаар Бурмаазаяагаа долоо хоног амраан сувилж, машиных нь дутуу дулимаг зүйлүүдийг хийж сэлбэгнүүдийг нь олж тавьж, чадлынхаа хэрээр засуулаад, хэрэгцээт бүх зүйлийг нь бэлтгээд, замын хоол хүнсийг нь базааж өгөөд, авахгүй ч гэж цааргалсан ч хүчилсээр тав, арван мянга төгрөг өгөөд , бүх бэлтгэлийг нь хангаад, замд гарахад бэлэн болголоо.

Өнөө Бурмаа яарсан шинжгүй, өдөр бүр холбоогоор орж, хэн нэгэн хүнтэй утсаар ярьж, амраад ,ганц хоёр хундага татчихаад унтаад л байхын. Би Бурмаагаас буцаж явахад саадтай асуудал байна уу? Гэж асуулаа;

- Миний буцах замд хэрэглэх шатахууны талоныг байгуулагаас явуулах естой , утсаар яриад ирэхийг нь хүлээгээд байна.

- Шатахууныг чи өөрөө төлөөд очвол, дараа нь мөнгийг чинь буцааж өгөх үү?

- Өгөх ч өгнө л дөө

-За тэгвэл санаа бүү зов, хүрэлцээтэй шатахууныг би олж өгье

-Хэрэггүй ээ, 2-3 хоноод талон ирнэ. Чи бол нутгаасаа хол газар, танихгүй хүмүүсийн дунд очихоор болж байна. Чамд нэг төгрөг ч хэрэг болно. Би яахав ээ, нутагтаа байгаа хүн шүү дээ. Арга нь олдож л таарна гэх.

Хэрэгцээт бүх соляркийг худалдаж аваад, бочкинуудыг дүүргээд, ачаалав.

Бид Бурмаагаа үдэн гаргахаар гарцгаалаа.

Бурмаа:

-Бурхаан найз минь, чамайг эсэн мэнд авч ирж энд хүргэсэндээ маш их сэтгэл хангалуун байна. Чамаас хүсэх ганц зүйл , намайг бүү мартаарай, миний нэр Бурмаазаяа юм шүү. Намайг марталгүй, үргэлж сэтгэл зүрхэндээ хадгалж явaaрай. Үүнийг л чамаас хүсье гэж хэлээд машиныхаа тэвшин рүү авирч, баглаад бэхэлчихсэн ачаануудаа тайлж эхэллээ.

Бид замд гарах гэж байж, ачаагаа задлаад унадаг нь юу вэ? гэж яагаад тайлаад унав аа гэж гайхашран зогсоцгоов.

-Энэ хоёр боодол ноолуурыг чамд үлдээнээ, борлуулаад хэрэгцээндээ зарцуулаарай. Хол газар төрсөн нутгаасаа салж яваа чамайг хөөрхий гэх хэн байхав дээ. Чамд мөнгө л хэрэг болно, өөрөөр чамд туслах арга боломж байхгүй байна гэв.

-Бурмаазаяа минь чи ингэхэд эрүүл байна уу? үгүй үү?, наад хоёр боодол прессэлсэн ноолуур чинь цоо шинэ нэг машины үнэ шүү дээ. Чи очоод түүнийг яаж төлөх вэ? Ноолуурыг өнхөрүүлээд буулгачихвал бид эргүүлээд ачиж ч дийлэхгүй, больж үз!

-Төлбөрийн талаар бүү санаа зов, би өөрөө яаж ийгээд л шийднэ. Чи зөвхөн үүнийг авч үлд, чамайг алс замд үдэж гаргахад найз нь бэл муутай болоод, яах учраа олохгүй ичиж зовоод, буцаж чадахгүй эргэлдэж хэд хонолоо

-Бурмаазаяа минь, би чамайг их ухаантай, сайн залуу гэж бодож эндүүрч, наанаасаа буу гэсээр өөрсдөө машин дээр гарч, ачаа барааг нь дахин баглаж, бараг л хүчээр шахуу буулгав.

Бид бүгд салж ядан байж Бурмаагаа аян замд нь үдэж гаргалаа.

Буцах замдаа Бурмаазаяагийн машин хэд хэд дахин эвдэрч, Улаанбаатраас 400 км зайд , машинаа ачаа бараатай нь тэндээ гэртээ очсон байсан. Эргэж ирээд машинаа засаад Улаанбаатар очих хүртэл сар гаруй хугацаа өнгөрөөд, энэ хооронд бороонд норсон ямааны ноолуур, чийгэнд илжирч чанараа алдсан байжээ. Ноолуураа ачаа хүлээн авагчид тушаах гэтэл хэрэгцээ хангахгүй ноолуурыг хүлээж авахгүй, бүх ноолуурын үнийг төлүүлнэ, шүүхэд шилжүүлэнэ гээд дарга нар нь загнан зандарч, сүрдүүлжээ. Ноолуурыг хүлээж авах байгууллагын дарга:

-- Тийм хол газар найдваргүй ямбий машинаар, ийм үнэтэй бараа тээх гэж яах гэж явсан юм бэ?

-- Дарга минь Гэмтэлийн Бурхаан эмч, миний хамгийн сайн найз юмаа, тэдний гэр орныг нүүлгэн Өлгий хүргэхээр очоод эргэхдээ таарсан ачаа энэ гээд л учирлаж.

Тэдний яриаг сонсож, хажууд нь зогссон нярав хасаг залуу;

-- Бурхаан эмчийг Өлгий нүүлээ гэж сонссон, чи хүргэсэн юм уу ? гэснээр тэд танилцаж

- Бурхаан эмчийг бодож чамд би нэг удаа туслая, тэр хүнд ч би бас туслах учиртай гэжээ.

Ингээд төлбөрөөс нь чөлөөлж, арга эвийг нь олж тушаалгасан байв. Дараахан нь 2-3 сарын дараа тэр залуутай санамсаргүй тааралдахад, надад үүнийг хуучилсан билээ.

Тэр үйл явдалаас хойш хичнээн ч олон жил өнгөрөв дөө, Бурмаазаяатай учрах хувь тохиоосонгүй. Түүнийгээ хэзээ ч санаанаасаа гаргаагүй, мартаагүй хамгийн дотны хүмүүсийн минь дунд түүний нэрийг сэтгэлдээ үүрд хадгалж явлаа.

Одоогоос таван жилийн өмнө дунд сургуулийн нэг ширээний найз, Нидерланд улсад амьдардаг С. Туяа гэх манай ангийн охин, хүүтэйгээ манайд зочилж, Алматад ирсэн юм. Бид түүнийг Бишкект угтаж аваад, Ыстык көлд амраад, Баян Өлгий, Увсаар хамтдаа аялж, замд нэг сар хэртэй хамт байхад өнгөрсөн үеийн дурсгалт зүйлүүдийг сэргээн юу эс ярих вэ дээ. Миний Бурмаазаяагийн тухай дурсамжийг сонссон Туяа маань сэтгэл нь их хөдлөөд, найзыг чинь би чамд олж өгье гэсэн юм. Тэр хэлсэндээ хүрч, миний ярианаас сэдэвлэн бичсэнээ фейсбүүктээ нийтлэн, Монголд байх анд нөхдүүдтэйгээ Бурмааг эрсэний эцэст олж чадсан юм.

Туяагийн багын найз Л. Ганхуяг гэдэг эмэгтэй найзын минь онцгой нэрээр санаж, гэр нь нүүгээгүй л бол тэр байрны тэдэн тоот хаалганд тийм нэртэй хүн байдаг гэж анх сураг гаргав. Ц. Энхцэцэг гэх найз нь хамтдаа өнөө хаягт яваад ортол Бурмаазаяа маань дүрээрээ сууж байсан гэдэг. Хоёр бүсгүй хамтдаа зургаа даруулаад, найзаар минь дамжуулан надад илгээж, энэ мэдээг сонсож, би хязгааргүй их баярлалаа.

Бурмаазаяатайгаа цахим сүлжээний ачаар "уулзалдаж" бие биеэ сэтгэлээрээ тэврэлцэн, нүдэндээ нулимстай, нүүр учраагүй ч зүс үзэж, мөнч сайхан байлаа.

-Бурмаазаяа минь, чи бол миний төлөө нэрийг чинь хэзээ ч үл мартахаар үйлс бүтээсэн, сэтгэлийн агуу их тэнхээтэйгээ харуулж,найз нөхөрлөлийн билэг тэмдэг шиг зам тавьж зааж өгсөөн. Чамайг хэзээ ч мартахгүй. Үүрд санаж явна. Ирэх жил эхнэртэйгээ хамт Казахстан ирж, зочлоод буцахыг урьж байна. Хэрхэн нүүсэн,яаж найзалсан тухай адал явдлаа дурсан ярилцъя. Найзынхаа ямар газар нутагт, яаж амьдарч байгааг үз,энэ бол чиний ач гэж ярилцлаа.

Дараа нь ч хэд хэдэн удаа холбогдож сэтгэл санаагаа солилцов.

Харамсалтай нь хэдхэн сарын дараа, Бурмаазаяагийн Франц улсад амьдардаг охиноос нь захиа ирж мэнд усаа мэдэлцэж, та одоо хайрт найз Бурмаазаяагаа эрж сураглах хэрэггүй, битгий зовоорой гэж бичжээ.

Ум сайн амгалан болтугай!

Зүрхэнд минь үүрд хадгалагдах, гэгээн дүрийг чинь хэзээ ч мартахгүй.

Чи бол миний хамгийн үнэнч найз Бурмаазаяа минь юм шүү!

Чиний нэрийг Казахын уудам тал нутагт 29 жил, 11 сар давтан давтан хэлсээр явна.

Хоромхон зуур ч чамайг санаанаасаа гаргаагүй...

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet