Б.Өлзийбаяр: Хөрөнгийн зах зээл хүний хөрөнгө, тархийг цуг хөгжүүлдэг
2021 оны 11 сарын 4

“Өлзий энд Ко капитал” компанийн Ерөнхий захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед банкны зээлийн хүү болон хадгаламжийн хүү буурсантай холбоотой хөрөнгийн зах зээлийн санхүүжилт ихэссэн хэмээн тайлбарлаад байгаа. Хүмүүс шинэ санхүүжилтийг эрэлхийлээд байна л даа. Тэгвэл яг энэ үед хөрөнгийн зах зээлийн давуу тал нь юу вэ?

-Хөрөнгийн зах зээлд бидний оролцож буй төслүүдийн онцлог зүйл, давуу тал нь ардаа баталгаатай бизнес байгаатай холбоотой юм. Та хөрөнгө оруулсан бол тэр хөрөнгөөр бодит үйлдвэрлэл, төсөл хэрэгжинэ. Энэ төсөл амжилттай хэрэгжээд ашиг олбол хөрөнгө оруулсан хүн ногдол ашиг хүртэх юм. Хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулахын тулд эрсдэлээ сайн судлах ёстой. Нэг төсөлд биш тархаан байршуулж хөрөнгө оруулдаг. Койн бол нэг талаараа ихээхэн эрсдэлтэй. Гэхдээ үгүйсгэж байгаа юм биш. Койн худалдаж аван, оролцоод явахад асуудалгүй.

Гэвч ардаа бизнесгүй учраас койнд байгаа бүхий л хөрөнгөөрөө хөрөнгө оруулахыг би хүмүүст зөвлөдөггүй юм. Койнд хөрөнгө оруулахыг хүсвэл ядаж 10 хувийг нь оруулаасай хэмээн хүсдэг. Бодит бизнес, төслүүдэд илүү их хөрөнгөө оруулж, тархаан байршуулвал ашигтай.

-Манай нийгэмд ийм хандлага байна л даа. Хувьцаанд мөнгөө оруулчихаад хэзээ үр дүнг нь үзэх вэ гэх асуултыг олонх нь асуудаг. Жишиг болж чадаагүй хөрөнгийн зах зээлтэй болохоор хувьцааг сонирхсон ч ийн асуух хүмүүс элбэг байна л даа?

-Монголчуудад ийм нэгэн зан байна. Маш богино хугацаанд баяжих сэтгэхүйтэй. Тийм боломж байдаггүй юм. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөж, үгүй бол ухаалгаар хөрөнгө оруулж гэмээнэ үр дүнд хүрдэг. Ажил хийхгүйгээр, боловсрохгүйгээр, компьютерын ард суун арилжаанд оролцоод баяжих юм шиг яриад байна. Хувьцаанд хөрөнгө оруулна гэдэг бол урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Урт хугацаанд байх тусмаа үр өгөөжийг илүү хүртэнэ. Жишээлбэл, “АПУ” компанийн хувьцаа байна. 20 гаруй жилийн өмнө анх хувьчлагдсан. Нэг хувьцаа нь 100 төгрөгийн ханштай байлаа. Гэтэл өнөөдөр АПУ компанийн нэг хувьцаа 1450 төгрөг болсон байна. Энэ бол хувьцаа нь 1000 дахин задраад ийм ханшид хүрч шүү дээ. Яагаад гэвэл хувьцаа нь үнэд орохын хэрээр хувьцаагаа илүү ихээр задалсан. Өнөөдрийн байдлаас харвал “АПУ” компанийн хувьцаа 50 мянга дахин задарсан байна.

Тэгэхээр анх зарагдаж байсан 100 төгрөгийн ханш бол бодит байдал дээр 50 мянга дахин өссөн гэсэн үг. Жижиг “Тавантолгой” компанийн хувьцаа байна. Анх мөн л 100 төгрөгөөр хувьчлагдсан. Өнөөдрийн байдлаар нэг хувьцаа 8000 төгрөг болсон байна. Гэтэл энэ чинь 100 дахин задарсан хувьцаа юм. Энэ хувьцаа 80 дахин өссөн байх жишээтэй. Хувьцаа бол урт хугацааны зүйл гэдгийг үүнээс харж болно. Гэхдээ хувьцаанд хөрөнгө оруулахдаа ямар компанийн, аль салбарын, ямар менежменттэй зэргийг сайн судалж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагатай.

-Хөрөнгийн зах зээл маш өсөлттэй байна. Манай улсад 10 дахин өсөх боломж байна хэмээн ярьдаг. Нийт үнэлгээ таван их наяд болсон. Саяхан л хоёр их наяд байсан шүү дээ?

-Энэ бол дөнгөж эхлэл. Яагаад үүнийг эхлэл хэмээн харж байна гэхээр 2009-2021 онд өсөлттэй байсан. Тэрхүү өсөлтийг хэн бий болгосон бэ гэвэл гадаадын хөрөнгө оруулагчид юм. Тухайн үеийн нийт арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид хийдэг байсан. Тухайн үед уул уурхайн салбар тэсрэлт болсон. Тиймээс манай улсыг сонирхсон хөрөнгө оруулагчид нэмэгдсэн юм. Тэгж гадаадын хөрөнгө оруулагчдын хувь нэмрээр өсөлттэй байсан. Түүнээс хойш эдийн засаг хямарлаа.

Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсаас гарсан. Өнөөдөр хөрөнгийн зах зээлийг хэн бий болгож байна вэ гэвэл дотоодын хөрөнгө оруулагчид бүрдүүлж байна. Бид дотоодын эх үүсвэрээс үнйин өсөлтийг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын хөрөнгө оруулагчид дотоодод энэ зах зээл хэрэгтэй гэх ойлголттой болсон. Олон компани дотоодын хөрөнгө оруулагчдаас төсвөө босгож байна. Шийдвэр гаргагчдын түвшин ч бодлогоор дэмжиж байгаа. Хөрөнгийн зах зээлийн өсөлт ихээхэн суурьтай өсөлт юм. Тиймээс л эхлэл хэмээн нэрийдээд байна.

-Хөрөнгийн зах зээл нь мөнгөтэй хүмүүсийн тоглоом юм гэх ойлголт олон нийтийн дунд байна. Уг ойлголтыг технологийн хөгжил эвдсэн. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд хэр хэмжээний төгрөгтэй хүн оролцох боломжтой байдаг вэ?

-Хэд ч байж болно. Иргэдийн дунд тогтсон тийм бодол байдаг. Хөрөнгийн зах зээл, хувьцаа авах гэх мэт зүйлс холын бодол байлаа шүү дээ. Одоо бол ихэнх брокерын компани үнэт цаас авах аппликейшнтэй болсон. Дийлэнх иргэд ухаалаг утастай. Аппликейшнээр дамжуулан үнэт цаас худалдан авах боломжтой.

Ингээд харвал технологийн дэвшил нь иргэдийг хөрөнгийн зах үээлийг сонирхох, оролцох боломжийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэртэй байна. 5000 эсвэл 10 мянган төгрөгтэй байсан ч арилжаанд оролцох боломтой. Мандал даатгал бол монголын хамгийн том даатгал. Өнөөдөр хэд болж өссөн байгааг харж болно. CU сүлжээ дэлгүүр IPO хийсэн. Нэг хувьцаа нь 208 төгрөгийн ханштай байна.

Тиймээс л заавал их мөнгөтэй байх шаардлагагүй гээд байгаа юм. Хамгийн гол зүйл бол хувь хүн үйлдэл хийж, хувьцаа авах нь чухал. Хувьцаа авч хөрөнгө оруул гэдэ байгаа нь зөвхөн мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Оюун ухаан, мэдлэгтээ ч хөрөнгө оруулж байна гэсэн үг. Хөрөнгө оруулахын тулд тархиа ажиллуулж, мэдээлэл олж байгаа учир хөрөнгө оруулалтын өгөөж олон янзаар илэрнэ. Харин банканд мөнгөө хадгалах их амархан. Хэдэн банкны хадгаламжийн хүүг харьцуулаад сонгоход болно.

-Ард капитал гэх нэртэй байсан шүү дээ. Одоо бол “Ulzii&Co” болсон. үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг болон хөрөнгө оруулагчдад ямар зөвлөгөө өгч байгаа талаараа хуваалцахгүй юу?

-Энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахааргүй амжилтыг үзүүлсэн байна. Компанийн нэрийг сольсон. 20 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Нийлээд 100 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Хаалттай, нээлттэй хүрээнд бонд, хувьцаа зэргээр санхүүжилт босгоод байна. 2016 онд 16 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон. Гэтэл энэ жилийн хувьд тэрхүү амжилтыг хэд дахин эвдсэн юм. Цаашдаа ч хэрэгжүүлж дуусаагүй олон төсөл байна. Энэхүү амжилтын гол зүйл бол бодлогын хүүтэй холбоотой. Бодлогын хүүг түүхэнд байхгүй доод хэмжээнд очсоноор хадгаламжийн хүү унасан.

Тиймээс хадгаламжинд мөнгөө хуримтлуулаад байлгүй хөрөнгө оруулахыг сонирхож эхэлсэн байгаа юм. Хуримтлалын хүүнээс өгөөж авдаг байсан бол тэрхүү өгөөжийг хайн, хөрөнгө оруулаад байна шүү дээ. Дотоодын хөрөнгө оруулагчид банкнаас өөр өгөөж олох газар бийг ухаарсан. Тиймээс ч үндэсний үйлдвэрлэгчид нь дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгож болдгийг ойлгоод байна. Олон бодлогын тохироо бүрдсэн учраас энэ жилийн хөрөнгийн зах зээлд өмнө нь байгаагүй үзүүлэлтүүд гарч ирлээ.

-Хонхорын “Барилгын материалын худалдаа, үйлдвэрийн технологи”-ийн групптэй хамтарч ажиллах болсон шалтгаан юу вэ?

-Цар тахлын үед хил хаагдах асуудал үүсэхэд дотооддоо үйлдвэрлэлгүй манайх шиг улсад ямар хүндрэл учирдгийг биеэрээ мэдэрлээ. Барилгын материалын үнэ тэнгэрт хадлаа шүү дээ. Үүнийг даган орон сууцны үнэ ч нэмэгдлээ. Бид дотооддоо чадах хэмжээгээрээ барилгын материалыг үйлдвэрлэх явдал эдийн засагт ямар ашигтайг ойлгож авсан нь магадгүй цар тахлын үеийн хамгийн том ойлголт юм. Аливаа нэгэн хямрал өөр нэгэн боломжийг бүрдүүлдэг.

Цар тахлын үеийн хүндрэлүүд биднийг дотооддоо үйлдвэрлэл явуулж, эдийн засагт ашигтай байдлаар нөлөөлөх ёстойг ойлгуулаад байна шүү дээ. Өнөөдөр дотооддоо бараа материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт зэрэг нэгдсэн цогц үйлчилгээг бий болгож буй нь эдийн засагт ихээхэн ач холбогдолтой тул энэхүү төслийг дэмжиж ажилласан.

-Энэхүү төслийг хэрэгжүүлэгч компанийн хувьд олон нийтийн компани болсноор ямар ач холбогдолтой хэмээн харж байгаа вэ?

-Өнөөдрийг хүртэлх бидний ойлголт бол мөнгөтэй хүмүүс бизнес хийж, том байшин барьдаг гэх бодол юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд төрөөс барьсан бодлогийн үр дүнд хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжиж байна. Нөгөө талаас банкны хадгаламжийн хүү буурсантай холбоотойгоор хөрөнгийн зах зээлийг сонирхох хүмүүс ихэссэн. Олны хүчээр хамтарч том төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Дан ганц “Эрхэт монгол” гэх групп том төсөл хэрэгжүүлээд байгаа юм биш.

Барилгын салбарт олон компани хамтран, нэгнээ дэмжин, томоохон төслүүдийг тал талаас хөрөнгө босгож, хамтран хэрэгжүүлэх нь чухал байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр 1200 ажлын байр бий болох юм. Нөгөө талаас барилгын материал, үйлдвэрлэлийн цогц парктай болох орон зай манай улсад байна. Одоо 300 тэрбум төгрөгийн өртөгтэй бизнес төлөвлөгөө эхлэх гэж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулагчдад гэлтгүй монголын эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болох юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet