С.Цэвээндорж: ”Улаанбаатар төмөр зам” нүүрсний транзит тээврийг огт дэмждэггүй
2021 оны 10 сарын 7

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албаны ачаа тээвэр эрхэлсэн орлогч дарга С.Цэвээндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын зах зээл дээр шатахуун хомсдол үүсэх боллоо. “Улаанбаатар төмөр зам” гол тээвэрлэгчийн хувьд шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Танай байгууллага үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ямар шуурхай арга хэмжээ авч байна?

-Сүүлийн үед улс эх оронд шатахууны хомсдол үүссэнээр төр, засаг шуурхай арга хэмжээ авсан. Тодорхой чиглэлүүд ч гараад байна. “Улаанбаатар төмөр зам” шуурхай тээвэрлэх үүрэг хүлээсэн. Юун түрүүнд, “Улаанбаатар төмөр зам” гэлтгүй дэлхийн хэмжээнд төмөр замын аливаа тээвэр урьдчилсан төлөвлөлт, тооцоо, тохиролцооны үндсэн дээр явагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд, хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа ч ийм шаардлага  тавьдаг. Шатахуун хомсдол гэнэт үүссэн асуудал учраас БНХАУ-ын төмөр замын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар есдүгээр сард 200 галт тэрэг АИ92 төрлийн шатахуун оруулж ирсэн.Аравдугаар сард 360 галт тэрэг шатахуун оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Улаанбаатар төмөр зам” эхний ээлжид 250 галт тэрэг шатахуун оруулж ирэх төлөвлөгөөгөө биелүүлснээр  нийлүүлэлт хэвийн болсон гэж харж байгаа. Энэ нь тээвэрлэсэн тоон үзүүлэлтээр батлагдсан. Яг одоогоор (өчигдрийн байдлаар) 50 галт тэрэг шатахуун Замын-Үүд боомтод шилжүүлэн ачилт хийгдэж байна.

-Яг өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар шатахууны нийлүүлэлт тасалдах уу гэдэг нь иргэдийн санаа зовж байна. Өнгөрсөн оны шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдлыг энэ жилийнхтэй харьцуулбал ямар байгаа вэ?

-Монгол Улсын шатахууны гол нийлүүлэгч Ангарский нефть, химийн үйлдвэр жил бүр зогсолт хийдэг. Олон газар руу нэгэн зэрэг нийлүүлэлт хийдэг асар том үйлдвэр учраас жил бүр 14 хоногийн хугацаанд өвлийн бэлтгэлээ хандаг. Гэтэл энэ жил сарын хугацаатай зогсолт хийсэн гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Ийм шалтгаанаар хэрэглэгч талдаа хомсдол үүссэн гэж харж байгаа. Цаашдаа шатахууны нийлүүлэлт тогтвортой явна гэж ойлгосон. “Улаанбаатар төмөр зам”-ын шатахуун тээвэрлэлтийн хувьд өнгөрсөн жилүүдийнхээ хэмжээнд байгаа. Ер нь энэ жил бүх төрлийн төмөр замын тээврийн хэмжээ харьцангуй өсөлттэй байна. Эхний есөн сард зарим нэр төрлийн ачаа тээврийн төлөвлөгөө 100 хувь биелсэн үзүүлэлттэй явж байх жишээний.

-Улаанбаатар төмөр замын хувьд зах зээл дээр шатахууны хомсдол үүсгэхгүй байх үүднээс  импортын тээврийг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж байгаа гэж ойлголоо. Мөн төмөр замаар хийгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой холбоотой шүүмжлэл гарах болсон. Энэ талаар албан ёсны мэдээллийг таниас авах гэсэн юм. Нийгмийн сүлжээнд “Улаанбаатар төмөр зам”-ын дарга нар ОХУ-ын нүүрсний транзит тээврийг явуулаад, Монголынхоо экспортыг хязгаарлаж байна. Энэ нь Монголын эдийн засагт ноцтой хохирол учрууллаа гэдэг шүүмжлэл явсан. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Дахин хэлье, “Улаанбаатар төмөр зам” гэлтгүй дэлхийн бүх орны төмөр замууд ачаа тээврийн хуваариа урьдчилан тохиролцож, тухайн оны төлөвлөгөөндөө тусгадаг. Монгол Улс нүүрс экспортлогч орны хувьд “Улаанбаатар төмөр зам” нүүрсний транзит тээврийг огт дэмждэггүй. Энэ онд нэг ч килограмм нүүрсний транзит тээвэр Монголын төмөр замаар яваагүй. Өмнө нь ч нүүрсний транзит тээврийн тохиролцоо хийж ирээгүй. “Улаанбаатар төмөр зам”-аар нүүрсний транзит тээвэр хийх тодорхой саналууд бол ирж байсан. Манай байгууллага тухайн саналыг хүлээж аваагүй. Төмөр зам тухайн жил эхлэхээс өмнө хэдий хэмжээний ямар нэр төрлийн тээвэрлэхээ олон улсын түвшинд тохирдог.  Жил бүр 22 улс орны гишүүнчлэлтэй Хөрш төмөр замуудын ачааны хэмжээ тохирох томоохон хурал болдог. Тус хурлаас жилийн төлөвлөгөөг томоохон баримт бичиг болгон батлан гаргадаг. “Улаанбаатар төмөр зам” энэ баримт бичгийн хүрээнд төмөр замын хөдөлгөөнөө бэлддэг бөгөөд 2021 оны төлөвлөгөөнд нүүрсний транзит тээвэр хийхээр тусгасан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. 

-“Улаанбаатар төмөр зам”-ын нурмаг ачаа буюу уул уурхайн түүхий эд тээвэрлэх галт тэрэгний хүрэлцээ хэр байгаа вэ?

-Нутаг нурмаг ачааг дээвэргүй хагас вагонд ачдаг. Энэ үүднээс “Улаанбаатар төмөр зам”-ын өөрийнх нь парк буюу галт тэрэгний тоог аваад үзье. “Улаанбаатар төмөр зам” нийт 2998 вагонтой. Үүний 1807 нь хагас вагон. Эдгээр вагон зуны улиралд экспортод түлхүү явдаг. Хүйтний улиралд “Улаанбаатар төмөр зам” хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрсний хангалтад явуулдаг. Дулааны улиралд станцуудын хангалтад 800 вагон явдаг бол хүйтний улиралд 1250 вагон болж нэмэгддэг. Үлдсэн 550 гаруй вагон нь хүйтний улиралд төмрийн хүдэр, цайр, жонш, нүүрс, зэсийн баяжмалын экспортод явж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт талдаа хөдлөх бүрэлдэхүүний дутагдал гардаг гэсэн үг. Тиймээс “Улаанбаатар төмөр зам”-ын зүгээс хувийн хэвшлүүдийг өөрсдийн галт тэргээ оруулж ирж ашиглахыг бүх талаараа дэмжин ажиллаж байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ч дэмжиж, хамтарсан комисс гарч шалгаад, тээвэрт оролцуулдаг дүрэмтэй. Ингээд үзэхээр төр, хувийн хэвшлийн нийт 8460 вагон төмөр замаар явж байна. Төрлөөр нь ангилбал, замын хэмжээнд хагас вагон 6641 байна. Дээр нь сүүлийн жилүүдэд “Улаанбаатар төмөр зам”-ын хэмжээнд байгаа вагон насжилт өндөртэй болж ирсэн. Насжилт өндөр гэдэг нь 31 жилээс удаан хугацаанд тээвэрт явж хуучирсан гэсэн үг. Жилээс жилд тээвэрт тэнцэхгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болж актлагдаж байгаа вагон нэмэгдэж байна. Тэгэхээр экспортлогч компаниудад өөрсдийн эзэмшлийн вагон оруулж ирж ашиглахыг уриалах болсон. Үүнийг “Улаанбаатар төмөр зам” 100 хувь дэмжиж ажиллах чигтэй байгаа.

-Сүүлийн яригдаж буй даргын томилгоотой холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” удирдлагын хямдрал орсон уу гэдэг асуудал гарах болсон. Хуулийн хяналтын байгууллагын зүгээс “Улаанбаатар төмөр зам”-ын нэр бүхий даргыг баривчилж шалгасан талаар ч мэдээлэл хөврөх боллоо. Удирдлагын бүтэц зохион байгуулалт талдаа алдагдсан зүйл байна уу?

-Олон нийтийн сүлжээнд энэ мэт буруу ташаа мэдээлэл явж буйд харамсаж байна. Төмөр замчид бид чинь хоногийн 24 цагт бэлэн байдлаар ажилладаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр хэн нь ч зарим дэмий сул ярианд ганхах завгүй ажлаа хийж гүйцэтгэдэг. Өнөөдөр удирдлага зохион байгуулалт талаасаа бүгд үүргээ гүйцэтгээд явж байна. Удирдлагууд гэхээр замын дарга, замын орлогч дарга нарын дор албадын дарга нар байдаг. Миний мэдэхээр тэдэн дунд ажлаа эзгүйдүүлсэн зүйл алга. “Улаанбаатар төмөр зам”-ын ажил төлөвлөгөөнийхөө дагуу хэвийн явж байгаа. Тэр дундаа улс оронд шатахууны хомсдол тохиолдож, ургацын тээвэр, дулааны цахилгаан станцуудын хангалт эхэлсэн энэ үед төмөр замчид бидэнд ажлаа цалгардуулах эрх байдаггүй.

-Эдгээр асуудлуудын араас “Улаан­баатар төмөр зам”-ын дарга нар оро­суудын нүүрсний транзит тээврийг дэм­­жихийн тулд авлига авсан ч гэдэг мэдээлэл гарсан. Ийм боломж байгаа юу?

-Энэ онд нэг тонн битгий хэл нэг ч килограмм нүүрсний транзит тээвэр яваагүй гэдгийг түрүү хэлсэн. Бүх зүйл олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд явж байгаа. Мөн Монгол Улсын хөрш улсуудтайгаа байгуулсан Хилийн хэлэлцээр гэдэг том бичиг баримт бий. Монгол Улс Орос, Хятад гэсэн хоёр л улстай хиллэдэг шүү дээ. Манайхаас тухайн улсууд руу хоногт хэдэн галт тэрэг нэвтрүүлэх,  зөрүүлээд хэдэн галт тэрэг хүлээж авахаа Хилийн хэлэлцээр гэдэг баримт бичгийн хүрээнд хатуу мөрдөж ажилладаг. “Улаанбаатар төмөр зам” түүнд тохируулж хөдөлгөөнөө зурдаг. Уг хэлэлцээрт зааснаар Монгол Улс БНХАУ-ын талд хоногт 14 галт тэрэг хүлээлгэж өгдөг. Тэр 14 галт тэрэгний 9-10 нь нурмаг ачаа ачсан байна гэж бүр нарийн зааж өгдөг. Үлдэж буй дөрвийнх нь хоёр транзит чиглэлийн галт тэрэг, нэг нь бусад төрлийн экспортын ачаа тээвэрлэхийг хатуу тогтоочихсон. Энэ хязгаарын хүрээнд Замын-Үүдийн боомтоор уул уурхайн түүхий эдийн экспорт явж байна. Транзит ачаанд нүүрс огт байхгүй.

-Монгол Улс нурмаг ачааны экспортоо нэмэгдүүлье гэхээр хөдлөх бүрэлдэхүүн дутагдалтай байна. Дээр нь Хилийн хэлэлцээрээр хязгаар тавьчихсан. Цаашид төмөр зам нурмаг ачааны экспортоо хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ. Та мэргэжлийн хүний хувьд гарц гаргалгаа нь юу гэж харж байна вэ?

-Экспортын нурмаг ачаа тээвэр гэвэл Дарханаас төмрийн хүдэр, Эрдэнэтээс зэсийн баяжмал, Чойр, Олон-Овоо, Мааньт өртөөнөөс нүүрс, цайр, жонс ачигдаж байна. “Улаанбаатар төмөр зам” өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 23.8 сая тонн ачаа тээвэр хийгээд байгаа. Үүнээс экспортын тээвэр нь 8.9 сая тонн байна. Замын хэмжээнд өнгөрсөн жил нийт 30 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ жил 31 сая тонныг тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Экспортын тээврийн хувьд хэл ам гарах болсон учраас шилэн болгох бодлого баримтлан хэрэгжүүлж эхэлсэн. Төмөр замын тээврийг нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс тээврийн бүртгэлийг цахимаар авч эхэлсэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард манай дээр ирж ажиллахдаа, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод шилэн болгох үүрэг өгсөн. Энэ хүрээнд “Улаанбаатар төмөр зам”-ын бүх үйл ажиллагаа ил тод болсон. Ачаа тээврийн захиалга цахимжсан байгаа. Гэвч галт тэрэгний хүртээмж муу байгаа. Дулааны цахилгаан станцуудын хангалтад явж байна. Мөн бид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах үүрэг хүлээдэг учраас галт тэрэг дутагдалтай болж ирсэн. Тиймээс энэ орон зайд хувийн хэвшлүүдийг ор гэдэг бодлого баримтлах болсон. Хувийн хэвшлүүд вагон явуулах захиалгаа л өгөхөд болно. Гэхдээ “Улаанбаатар төмөр зам”-ын тээх нэвтрүүлэх чадвар хязгаартай шүү дээ. Хүн бүр хувийн вагонтой боллоо  гэхэд “Улаанбаатар төмөр зам” хоногтоо 11500 вагон тээх хүчин чадалтай. Дээр нь “Улаанбаатар төмөр зам”-ын галт тэрэгнүүдийн насжилт ч өндөр болсон учраас парк шинэчлэлийн асуудал яригдана. Манай байгууллага хоёр улсын хамтарсан нийгэмлэг болохоор хөрөнгө мөнгөний асуудлыг нь   Засгийн газруудын хэмжээнд шийдэх ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet