Цар тахлын эрсдэлийг давахад иргэд бидний оролцоо чухал
2021 оны 9 сарын 27


Дэлхийн олон орон бүх хөл хориогоо цуцалж, цар тахалтай зэрэгцэн амьдрахаа зарлалаа. Тухайлбал, Дани, Сингапур, Тайланд, Өмнөд Африк, Чили, Турк, Израйль улс коронавирус халдвар бол аюул учруулахуйц өвчин биш гэдгийг мэдэгдэж, хүн бүр ухамсартай байж, дор бүрнээ халдвар хамгааллын дэгдэмээ ягштал баримталж чадвал ажиллаж, амьдрах боломжтой гэж үзэв. 
Жишээ нь, Турк улс. Өдөрт 300.000 гаруй хүнээс шинжилгээ авдаг бөгөөд 23.000 гаруй эерэг тохиолдол батлагддаг. Улмаар өдөрт 250 орчим хүн цар тахлын улмаас нас барж  байна. 
84 сая хүн амтай Турк улсад Ковид-19 цар тахлын анхны тохиолдол 2020.03.11-нд бүртгэгдэж, мөн оны 3-р сарын 15-нд эхний өвчтөн нас барж, 2020.04.01-н гэхэд бүх мужуудад цар тахлын халдвар илэрч, өдгөө тус улсын 6.9 сая гаруй хүн халдвараар өвчлөөд байна. Өнгөрсөн хугацаанд хатуу хөл хориог хэдэнтээ тогтоож, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлав. Хэдийгээр тархалтын эрч суларсан ч нийгэм, эдийн засгийн байдал дордов. 
Тус улс өдгөө коронавирусийн эсрэг 4 дэх тунг иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байгаа. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүйн улмаас зөвхөн хүнд өвчтнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг тогтолцоонд шилжсэн. 
Монгол Улс ч ялгаагүй цар тахалтай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах шаардлага бий боллоо. ДЭМБ-аас вирусийн бүрэн устгах боломжгүй. Харин цар тахлаас үүдэлтэй эндэгдэл, хүндрэлийг таслан зогсоох боломжтой хэмээн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, вирусийг нутагшуулж, томуутай “адилтгах” шаардлага дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа нь энэ. 
2020.03.10-нд Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэв. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Засгийн газар яаралтай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажилласан. 
Цар тахалтай нүүр тулж байгаагүй улс орны нэг адил манай улсын Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Засгийн газарт алдаж, оносон зүйл бий. Гэсэн ч халдварын тархалтын хүрээг хумих, иргэдээ дархлаажуулах эцсийн зорилгоосоо ухраагүй. Эдийн засгийн хөшүүргийг нь ч авдрынхаа ёроолыг хоослон байж, шийдсээр өнөөг хүрсэн. 
Гэвч иргэдийн болоод эрх баригчдын ухамсаргүй үйлдэл, хайхрамжгүй зангаас үүдэлтэй халдварын тархалт оршсоор байна. Үнэндээ цар тахлаас илүүтэй монголчуудын бурууг бусдаас хайж, бэлэнчлэх сэтгэлгээ аюулын харанга дэлддэг зан энэ өдрүүдэд илчлэгдлээ. 
Хурууныхаа үзүүрээр, утасныхаа цаанаас төр, засгийг буруутгаж, хөл хорио тогтоохыг шаардаж, мөнгө нэхнэ. Идэх хоол алга, хүүхэд турж үхэх нь гэж цахим орчинд хашгирна. Амны хаалтаа эрүүндээ “дүүжилж”, янжуур зуусан залууд ажил хийхээс илүүтэй хэн нэгнийг буруутгаж, тэтгэж, тэжээлгэх нь чухал. Энэ бол бидний өнөөгийн бодит нүүр царай. 
Аж ахуйн нэгжүүд цар тахлын улмаас хэдэн сараар хаалгаа хааж, үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний уршгаар олон хүн ажлын байргүй болж, түүний цаадах ар гэрийн амьдрал амьжиргаагүй болсныг янжуур зууж, төр, засгийг буруутгаж байгаа тэр залуу ойлгохгүй. 
Эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхээ болив. Хэдийгээр ор нэмж дэлгэх боломж, нөөц бий ч ажиллах эмнэлгийн салбарын боловсон хүчин өнөөдөр алга. 
Хөнгөн өвчитнүүдийг гэрээр нь эмчлэх дэлхийн нийтийн жишгийг ч дагахаас өөр гарц үлдээгүйг Эрүүл мэндийн байгууллагаас хэлж байна. Тийн атал танил тал, гарын алга дээш нь харуулж дадсан зуршлаараа эмнэлэгт хэвтэхийг хүсэгчид нэмэгдсээр... 
Иргэдийн олонхи нь илрэх зовиургүй ч шинжилгээний хариу эерэг гарсан гэх шалтгаанаар эмнэлгийн байгууллагыг зорино. Эмнэлэгт хэвтэхийн давуу нь эмчилгээ үнэ төлбөргүй. Гэрээр эмчлүүлбэл 160.000 төгрөгийн багцаас гадна нэмэлт бүтээгдэхүүнийг халааснаасаа гаргах учраас гэх ядмагхан тайлбар ч цухалзана. 
Уулын цаадах уулыг битгий хэл дов толгодынхоо оройг ч харж чадахаа больсон ядмаг сэтгэлгээ монголчуудыг цар тахлаас ч илүүтэй аюулд унагаж мэдэх нь. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet