Скандал: Энэбишийн Мөнх-Очир
2021 оны 9 сарын 23

Ясны улстөрч биш боловч албан тушаалд одтой, нэг даргын суудлаас нөгөө даргын суудал сэлгэж суудаг хэрэггүй албатууд парламентад олон бий. Түүний нэг нь Энэбишийн Мөнх-Очир. Турк улсад их сургуулиа төгсөж, гадаад худалдааны менежер, эдийн засагч мэргэжлээр зэргээ ахиулсан тэрээр албан тушаалаас сугардаггүй, зодооноос ч хол суудаггүй, эрх мэдлийн “дон” туссан “дипломатч” нэгэн. Улстөрч аавынхаа нөмөр дор төрийн алба хашиж, даргын суудлаас салахаа больсон “атаман” Э.Мөнх-Очирыг “Гранд Скандал” буландаа онцолъё.

Улс төрд “тодорсон нь”

Э.Мөнх-Очир анхдагчдын өлгий нутаг Булган нутгийн унаган хүү, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хайртай хүү. Төрдөө үнэнч зүтгэж, МАХН-ын хамгийн нөлөө бүхий гишүүн байсан түүний эцэг Н.Энхбаяртай сөргөөцөлдөж, албан тушаалын суудалтай дайтаж явахдаа харамсалтайгаар гэнэт амиа алдсан байдаг. Намдаа хамгийн нөлөө бүхий хүн уулзалтын дараа амиа алдсаныг жирийн нэг тохиолдол гэж үү хэмээн олон нийт тухайн үедээ хардаж байсан удаатай. Төр, ниймгийн зүтгэлтэн аавынхаа эхлүүлсэн ажил, албан тушаалын хойноос харин Э.Мөнх-Очир элдэж явсаар 2002 онд БЗД-ийн Засаг даргаар сонгогдож, улс төрд зам мөрөө тавив.

Албан тушаалын од

БЗД-ийн Засаг дарга хийж эхлэхээс өмнө Монгол-Туркийн хамтарсан “Эмир” компани, “Хоргодой шарга” компанийн захирал гээд өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай. 2002 оноос эхлэн улс төрд Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал, жуулчлалын хэлстийн дарга, Захирагчийн ажлын албаны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга, 2013-2019 онд Монгол улсаас Бүгд Найрамдах Турк улсын Станбул хотод суух Ерөнхий консул гээд байж болох бүхий л боломжтой суудалд томилогдсон ч дээш нь гарсан дорвитой түүх түүнд алга. Үзээд өгьe гэсэн ч Мөнх-Очирын батлуулсан хууль байхгүй талаар жиг жуг хийдэг нь үнэн үг шар тос.

Гэр бүл

1992 онд 20 залуу шуугиан дэгдээн Турк улс руу явж суралцсаны нэг нь Э.Мөнх-Очир. Тухайн үед Турк руу 10 эрэгтэй, 10 эмэгтэй явснаас Э.Мөнх-Очир тэр дунд гэргийтэйгээ танилцаж байжээ. Үүнээс хойш хамтын амьдрал зохиож, “Ахын дүү, миний дүү” гэсээр байгаад аваад суучихсан гэж ярицлагадаа дурдаж байжээ. Түүний эхнэр н.Амаржаргал 2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шинжээчээр ажилладаг байжээ. Цагдаад данстай төрийн хар хүн Нударганы амтанд орсон сагсуу тэрбээр өндөр хэргэм зэргийн алба хашиж байхдаа ч зодооноос салдаггүй байв. УИХ-ын гишүүн байхдаа шөнийн клубд танхайрч бусадтай нударга зөрүүлээд авсан гэж байгаа. "River sound" амьд хөгжмийн клубт шоудаж, зодоон хийх үеэрээ хоёр хамгаалагчтай цуг явж байсан гэдэг. Эл хэрэг ингээд мартагдсан. Угаас төрийн алба хашдаг эрх мэдэлтэй хүмүүсийн зодоон цуу яриа шиг л намждаг хойно. Бас болоогүй намрын чуулганы нээлтийн үеэр Оюутолгойн боссоос ухамсрын шанаа авч байв. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч барьцалдаад авсан. Намынхаа хүмүүсийг ч зоддог, сав л хийвэл нударга зөрүүлэх дуртай гэгддэг.

Хар тамхины хэрэгт орооцолдсон консул

Э.Мөнх-Очир амьдралынхаа бас нэг жаргалтай хийгээд нам гүм алба хашсан нь Станбул хот дахь Ерөнхий консул. Гэвч Ерөнхий консулаар ажиллаж байхад нь дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхины хэрэгт холбогдоход ард түмнээсээ уучлал хүсэж, гэм буруугүй гэж “мэлзээд” авсан. Бүхэл бүтэн 70 кг герион тээвэрлэчихээд, өөр лүү нь түрүүлж ярьсан байхад эцсээ хүртэл “мэдэхгүй” гэж мянган үгээ таглаж суугаа.

Урвагч

УИХ-д элссэнээс хойш МАН-д харъяалагдаж, консул болох хүртлээ дэвшин ажиллаж байсан тэрээр эх орондоо ирсэн даруйдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр томилогдон, АН-ын гишүүн болж буйр сэлгээд амжсан. Үүнээс өмнө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэгдэж байсан удаатай. Хэрэгт орооцолдох бүртээ би биш гэж мэлзэж, хэргээс амархан мултрах аргаа хайдаг нь түүний гэм биш зан. Очсон албан тушаал нь хэн бүхний хүсээд байдаг өндөр суудал боловч мань эр л дээшлэхгүй, хийсэн дорвитой ажил ч үгүй байсаар ирсэн. Харин өдгөө Үндэсний Олимпын хорооны даргаар очих гэж байгаа сурагтай. Үндэсний Олимпын хороо ч гэж зовсон сүнстэй байгууллага юм. Хүссэн бүхэн нь очдог, мэргэжлийн хүмүүс нь ажиладдаггүй, хийцгүй гаруудаар дүүрдэг болов. Сүүлдээ тэтгэвэртээ гарах нас нь дөхсөн Э.Мөнх-Очир томилогдож очно гэхээр ямар л олиг байв гэж. Намаасаа урвасан, зодооны түүх, олон улсад хар тамхитай нэр холбогдсоноороо данстай хүн дэлхийд Монгол улсыг төлөөлөн Олимпын хороог удирдана гэхээр спортын түүхэнд сэв суулгах вий гэх болгоомжлол олон нийтэд байна.

Сайн нэрийг хүсэвч олдохгүй Муу нэрийг хусавч арилахгүй гэх үгний бодит утга энэ хүний амьдрал замналаас харагдах ажээ. Төрд зүтгэдэг хүмүүс өндөр ёс суртахуун бүхий, төрсөн биeний авир араншингаа дарж явбал зүгээр сэн. Монголын төр хэн дуртай аавын хүүгийн "таанц" эргэдэг талбар биш ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet