Хөөрхөн эрчүүдэд албан тушаал зохидоггүй!
2021 оны 3 сарын 15

Гоо сайхан ертөнцийг аварна аа гэж. Бүсгүйчүүдээс илүү нүүрэндээ мэс хүргэхийг эрчүүд илүүтэй сонирхож эхэлсээр нэлээдгүй хугацааг өнгөрүүлжээ. Олны өмнө нүүрээ тахалдаг урлагийнхан нүүрэндээ алтан утас гүйлгэх, давхраа оёулах, зовхио татуулах нь хэвийн үзэгдэл болсон. Парламентийн харчууд ч косметик мэсийн давалгаанд нэгдсэн нь М.Энхсайханы тавьж өгсөн эхлэл. Зовхи нь унжсанаас давхраа оёулах мэс ажилбарт орж байсан тэрээр хэцүү нэртэд сууж байгаа. Энүүхэндээ гэхэд түүний карьер үүгээр дуусгавар болж байгаа болов уу. 


Парламентийн гишүүдээс хамгийн сүүлд мэс хүргэсэн нь “давхраа” хочит Баттөмөр. 2016 оны сонгуулийн өмнөхөн эргэлдсэн алаг нүдтэй болохоор эрс шулуудан давхраа оёулсан нь энэ. Алаг нүдээ эргэлдүүлэн он цагийг элээж суутал түүний үүсгэн байгуулсан “Тэс петролиум”-ын шатахуун усны хольцтой байсан гэдэг нь тогтоогдож, түмэн олны уур бухимдлыг барж сууна. 

Түмэн олондоо хөөрхөн нэрээр алдаршсан Г.Төмөрбаатар жинхэнэ хувьсал хийж чадсан. Давхраа, зовхи, хөмсөг, үс гээд нүүр, толгойныхоо бүх хэсэгт мэс хүргэж, хөөрхөн ах болж хувирсан байдаг юм. Хот нь утаа, тортог, хогноосоо салж чадахгүй байхад төрийн түшээдүүд мянга сайхан байгаад яах ч билээ. Эмэгтэй хүний царай зүс, бие хааг нь харж ажилд явдаг нь бичигдээгүй хууль шүү дээ. Гэтэл эрчүүдийг ч энэ мэтээр өөртөө хэр арчаатай байна гэдгээр нь үнэлж, ажил, албан тушаалд томилох нь элбэг болжээ. Ерөнхий сайдын суудалд тухалж явсан Ч.Сайханбилэг цагтаа улстөрчдийг өнгөлдөг дэгжин хархүүгийн нэг байсан. Гэвч Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээ гэх олон асуудалд орооцолдсон нь одоо тавилан юм даа. 


Цагийн сайханд цахилж явсан Л.Гүндалай эхнэртэйгээ ижилсэн, жин хасаж, нүүрээ татуулсан. Гишүүний суудлаас буусныхаа дараа “Ард түмний нам” байгуулсан ч ус ч үгүй, түлээ ч үгүй хоцорсон юм даг. 
Мөнхийн залуу Э.Одгэрэлийн эрэгтэй хувилбар нь С.Баярцогт. Хэзээний л гоё ах гэгддэг байсан тэрээр нүүрэндээ алтан утас гүйлгэсэн гэж байгаа. Мөн л аавын хаалга татаж, суллагдах хоног өдрөө хүлээж сууна. 


Хэрээ галууг дууйраж хөлөө хөлдөөнө гэдэг шиг олон ч түшээд косметик хагалгаа хийлгэсэн ч амжилт эс олов. Энэ мэт эрчүүд гоо сайхны мэс засал хийлгэхдээ өдөр судар хардаггүй бололтой. Магад харсан бол хожим хойно нь эрхэлж байгаа ажил, алба нь шалан дээр хэвтээ ч үү, үгүй ч үү, хэн таах билээ.  

"Гранд" сэтгүүл №133 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet