Н.ГАРАМХАНД: А.Сүхбаттай суух шийдвэрийг би өөрөө гаргасан, салах шийдвэрийг ч би гаргасан!
2021 оны 1 сарын 13


Ер нь яадаг юм, халхын сайхан залуу, аварга А.Сүхбаттай арван жил амьдарсны дараа салаа л биз. Алдахаас айгаагүй 18 нас, чин халуун хайр, тасралтгүй карьер нь өсөж явсан, одоо ч байгаа амжилт энэ бүсгүйнх. Н.Гарамхандтай уулзахаас өмнө их л олон юм бодож очсон. Яг ямар охин баян хүний гэргий болдог юм бол? Зөвхөн залуу халуун нас, гоо үзэсгэлэн, төгс бие галбир лав биш байжээ. Энэ бүсгүйд яг өөрт нь зохисон характер, бардам зан, хувийн зохион байгуулалт гээд олон гайхалтай талст байна. Жинхэнэ эр хүн ийм бүсгүйд шунахгүй бол өөр юунд шунах вэ дээ. А.Сүхбат ч аргагүй эр хүн юм. Угаас хэн хүчтэй нь байгалийн шалгарлаар төгс нэгнийг өөрийн болгож үр удмаа үлдээдэг. Хэн ч гэсэн төгс үр хүүхэд төрүүлэхийг хүсэлгүй л. Тэр тусмаа Н.Гарамханд шиг төгс охиноос хүүхэд төрүүлж, өөрийн спортын карьераа үлдээх магадгүй А.Сүхбатын тамирчин хүний хувьд байсан шунал байх. Н.Гарамхандын хувьд 13 наснаасаа олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин, өндөр орлоготой явсан охин. А.Сүхбатын аварга байна уу, баян байна уу гэдгийг нэг их ойшоогоогүй болох нь илт. Зүгээр л оргилсон их хайр, сэтгэлийн жолоо алдарчээ. Ингэж эхэлсэн тэдний хайрын түүх одоо цагт цагаан цаасан дээр хараар гэр бүл салсан ч хүүхдүүдтэй учир бүр тасарчихаагүй. Та нар нарийн ньюансыг нь олж харж чадахгүй бол уншихгүй алгасчихаарай. Бидний мэдэхгүй ертөнцөд өөрийнхөөрөө эрх дураараа амьдарч яваа залуу бүсгүйд би л лав бууж өглөө. Тэр дүүлнэ, даль жигүүр нь нэгэнт ургаж гүйцжээ. 

-Гарамхандыг Монголын тав дахь Олон улсын хэмжээний мастер цол хүртэж байх 2009 онд сошиал медиа одоогийнх шиг биш байв шүү. Бахдам сайхан амжилтаа хэрхэн гайхуулж, омогшиж байв?
-Би Олон улсын хэмжээний мастер цолыг 12 насандаа авсан. 2005 онд Болгарын Софи хотноо дэлхийн цомын А зэрэглэлийн тэмцээн зохиогдоход ганцаарчилсан, хоёр хос, гурван хос төрөл дээр монголын анхны тамирчдын нэгээр явсан юм. Ингээд монголд анх удаа олон улсын нэгдүгээр зэрэглэлийн тэмцээний медалийг авч ирсэн. Хосын төрөл, ганцаарчилсан төрөлд мөн мөнгөн медаль авсан. Тухайн үед дэлхийн том том тэмцээнүүдэд оролцож үзээгүй хүүхэд ёстой л нүд нээгдсэн. Монголд аэробекийн спорт хөгжиж эхэлж байсан үед дэлхийн цомын аврагаас медаль авсан анхны тамирчин болсондоо маш их баяртай байсан. Бидний үед спорсор гэж байгаагүй. Ээж аавынхаа мөнгөөр явж байгаа ядуу тамирчид гэсэн үг /инээв.сэтг/. Хожим монголд 5-6 орны тамирчид хүрэлцэн ирж анхны олон улсын тэмцээн зохиогдоход намайг анхны дэлхийн цомын медалийг авч ирсэн гэж зарлаад л, үнэхээр сэтгэл хөдлөм. Тэр үед тайзны шүүгчээр ажилласан юм. Тамирчин хүний хувьд би медаль авна гэсэн зорилготой,  тэрийгээ бүрэн дүүрэн ухамсарлаж зорьсондоо хүрсэн. Нас биед хүрээд өөрийн гэсэн үзэл бодол тогтсон үедээ их огшдог юм билээ. 
 

-Таныг спортын хүн болно гэдгийг хэн анх олж харсан бэ? Хүүхдүүд бүгд адилхан уян хатан, хөдөлгөөнтэй байдаг. Танд бусдаас өөр өгөгдөл байжээ дээ?
-Өөрөө төрөлхийн авьяастай гэх юмуу. Цэцэрлэгт байхаасаа “Шувуухай” тэмцээнд ордог, бүжиглэдэг, дуулдаг байсан. Спортод өөрөө их сонирхолтой, уран нугаралт руу ч орж байлаа. Зурагтаар гимнастикийн тамирчид гарахад үзэх дуртай. Ингээд гараагаа спортын гимнастикийн төрлөөр эхэлсэн.  Тухайн үед спорт цогцолбор дээр бэлтгэл хийнэ. Гэрээс хол, өвлийн хүйтэнд алхана, орой тарахаар харанхуй болчихно. Цаашдаа спортын гимнастикийн төрлөөр явахад хэцүү болж эхэлсэн. Би 97-р сургуулийг төгссөн. Манай сургууль дээр Тунгалаг гээд аэробекийн багш дэлхийн аваргад хүүхдүүд авч явахаар шалгаруулна гэсэн мэдээг сонсоод ангийн маань багш, манай ээж хоёр дагуулж очоод шалгуулахад тэнцсэн. Спорт хүнийг маш хатуужилтай, зөв хүмүүжүүлдэг, хувийн зохион байгуулалттай болгодог. Бид чинь зуны бэлтгэлд явдаг. Ээж аавынхаа ч өврөөс гараагүй хүүхдүүд ах эгч нартай, багш нартай байрлана. Бүхий л зүйл өөрийн хувийн зохион байгуулалттай уялдана. Ингэж л багаасаа биеэ дааж, хэрсүүжиж, хатуужсан. Манай гэрт надаас өөр спортын хүн байхгүй. Миний аав Нэргүй осолгүй манлай онц тээвэрчин, насаараа тээврийн жолооч хийсэн хүн. Миний ээж үсчин. Би эгэл жирийн гэр бүлээс гаралтай, айлын гурав дахь хүүхэд буюу бага нь. Дээрээ хоёр эгчтэй. Манай том эгч Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Одоо нийгмийн ажилтан хийж байгаа. Дунд эгч хуульч мэргэжилтэй. 
-Та одоо ямар ажил эрхэлж байна? 
-“Ривер” клубтээ дасгалжуулагч багшаар ажиллаад жил хагас болсон байна. Табата хит стэб /tabata titt step/, спиннинг/spinning/, акуа фитнесс /aqua fitness/ гэсэн үндсэн гурван төрлийн хичээл заадаг. Табата хит стэб нь эхний 30-40 минут кардио хичээл, сүүлийн 20-25 минут дан булчингийн дасгал ордог. Онцлог нь давхар баруун болон зүүн тархийг ажиллуулдаг, маш өндөр өөх шаталттай, богино хугацаанд булчинг тэсрэлттэй ажиллуулах дасгал байгаа. Спиннинг нь өндөр өөх шаталттай дасгалуудын нэг. Акуа фитнесс нь усны даралтаар хүний булчинг ачаалалтай ажиллуулж, хүний арьсыг чангалдаг учир төрсний дараах арьс унжилт болон зүрх судасны асуудалтай хүмүүс хичээллэх нь түгээмэл. Учир нь биед өгөх ачаалал бага байдаг. Эдгээр гурван дасгал гурвуулаа өөр өөрийн гэсэн онцлогтой. Сүүлийн үед хүмүүс өөх шаталт маш өндөр болохоор ч тэр үү Tabata Hitt Step дасгалыг илүү их сонирхох болсон. Учир нь цагт 600-1000 калор шатаадаг. Гэхдээ тухайн хүний бие, нас хүйсийн онцлогоос хамаарч калори шатаалт өөр байдаг л даа. Үүнээс гадна би өөрөө давхар юм оёж байгаа. Тийм учираас надад оёдолдоо гаргах цаг зав маш их хэрэгтэй байдаг болохоор цаг заагаад бусад үедээ оёдлоо хийж байна.
-Ер нь бие  бялдараа хөгжүүлэхийн тулд хүн юуг илүү анхаарах вэ. Ойрын зөвлөгөө өгвөл?
-Та өнөөдөр өөртөө зорилго тавиад тэрнийхээ төлөө тэмц. Бүр чадахгүй байгаа бол зааланд цүнхээ бариад над дээр хүрээд ир. Би таныг хийж эхэлтэл чинь зөвлөгөө өгч чадна. Би ч гэлтгүй бусад бүх заалууд адилхан шүү дээ. Өглөө 7цагт хүрээд ирдэг ээжүүдэд би баяр хүргэмээр байдаг. Хамгийн түрүүнд ямар ч хүнд хооллолт чухал. Хүнс хүний биеийг эрүүл байх уу өвчтэй байх уу гэдгийг шийднэ.  Дасгал хөдөлгөөнийг хийхдээ та яг ямар зорилготой юм, өөхөө хасах гээд байна уу булчингаа нэмэгдүүлмээр байна уу. Үүнийгээ шийдээд эрүүл мэндийн үзлэгт заавал орох ёстой. Бүх үзүүлэлтүүдийг нь харж байж дасгал хөдөлгөөнийг нь өгдөг. Хамгийн түрүүнд миний эмэгтэйчүүдэд болон бүх төрлийн хүнд өгөх зөвлөгөө усаа маш сайн уугаарай. Хүний бие ус, уураг хоёроос тогтсон байдаг шүү. Биед уураг, усны дутагдал хоёроос болж өөхлөлт их нэмэгддэг. Ихэнх хүмүүс кофе түлхүү уудаг. Нэг аяга кофе шууд 5 гр цэвэр өөх нэмж байдаг. Та өдөрт гурван аяга кофе уусан бол таны усны түвшин асар багасана. Усыг бүр сүпер татаж байдаг бүтээгдэхүүн бол алкохол, кофе хоёр. Хүний бие усыг гуравхан зүйлээр таньдаг. Ус уухад шингэн ороод ирлээ гэж таньдаг юм байна. Хоёрдугаарт жимсний цэвэр шүүс шахаад уухад шингэн юм ороод ирлээ гэж таньдаг. Гуравдугаарт ногоон цай. Бид гэтэл ууж байгаа бүх зүйлээ шингэн юм гэж ойлгоод байна. Гэтэл хүний бие тэрийг ялгаж салгаж таньж чадахгүй. Наад зах нь энэ ойлголтыг мэдээд авчихвал таргалахгүй байх боломжтой. Тэгэхээр усаа яаж зөв уухаа мэдэх вэ. Өөрийнхөө биеийн жинг 0,4-өөр үржүүлэхэд таны өдөрт уух усны хэмжээ гарч ирнэ. Өглөө 7 цагаас  орой 21 цаг хүртэл тэрийгээ хувааж шимж ууна. Ийм л зөвлөгөөг хамгийн түрүүнд өгье. Бусдыг нь ирээд аваарай./инээв.сэтг/ 
 

Тэр хүний мөнгөнд дураараа хүрч байгаагүй гэдгээ би бардам хэлнэ

-Та диет, гоо сайхны тал дээрээ ямар дэглэм барьж байна?
-Би сүүлийн нэг хоёр сарын хугацаанд дэглэм барьж байгаа. Өглөө 7-9 цагийн хооронд өглөөний цайгаа ууна. 11 цагийн үед нэг таваг салат, 13 цагийн үед махан хоол идэж байгаа. Ихэнхдээ давсгүй байцаатай шөл ууж байгаа. Нүүрс усаа бүр бүтэн хассан гэсэн үг. Тэгээд 15 цагийн үед өлсвөл дахиад байцаатай шөлөө ууна. 17 цагийн үед нэг аяга тараг эсвэл жимс иднэ. 19 цагийн үед хүсэх юм бол жимсний шүүс, эсвэл юуцай бууцай миксердээд уудаг. Сүүлийн хоёр сар шингэн юм зөвхөн ус ууж байна. Би кофе маш их уудаг байсан. Кофе уунгуут ус татаад нүдний өнгө өөрчдөгдөх, шарлах, шүд шарлах асуудлууд байсан. 
Би бодохдоо гоо сайхан гэдэг нь маш гоё цэвэрхэн шүдэнд, маш цэвэрхэн арьсанд байдаг гэж боддог. Арьс арчилгаан дээр өглөө оройдоо маш их цэвэрлэгээ хийдэг. Миний гоо сайхны нууц бол би ус л гэж хэлнэ. Ус ууснаар  хүний арьсны чийг маш гоё тэнцэж өгдөг. Биеийн усны төвшин нэмэгдээд ирэхээр нүдний өнгө маш гоё болдог. Би өдөрт жингээрээ 2,5-3 литр ус уух ёстой. Гэхдээ би давуулж өдөрт 4-5 литр ус уудаг. Тэгээд бохирдлоо маш сайн гадагшлуулдаг. Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхлээр өтгөн шингэнээ өдөрт 2-3 удаа гадагшлуулж чаддаг хүнийг л хэлдэг байхгүй юу. Өтгөнөө өдөрт нэг удаа арайхийж гадагшлуулдаг хүн бол асуудалтай л байна гэсэн үг. 
-Ер нь төрөөгүй мэт эмэгтэй гэж байхгүй, эхнээсээ эцсээ хүртэл хичээл зүтгэл, өөртөө арчаатай байдлаа алдаагүй эмэгтэй л гэж байдаг гэж би хувьдаа боддог. Таны хувьд энэ байдлаа хэрхэн томъёолж тайлбарлах вэ?
Би 18 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн. Ямар ч туршлагагүй яаж дэглэм барихаа мэдэхгүй нэлээн жин нэмсэн. Дараагийн хүүхдээ 20-той төрүүлж байсан юм. Хоёр дахь хүүхэд дээрээ туршлагажаад дэглэмдээ их анхаарч байсан. Жирэмсэн бүсгүйчүүдэд зориулж хэлэхэд гури, будаа, нүүрс ус агуулсан хоол их хэрэглэх хэрэггүй. Маш ихээр хөөлгөдөг дээрээс нь хүүхдэд ямар ч шим тэжээл байдаггүй. Антиоксидант буюу жимс ногоонд уураг шим тэжээл илүү агуулагддаг учир тиймэрхүү хүнснүүдээ түлхүү хэрэглэх хэрэгтэй юм билээ. Тэгээд ус их уух хэрэгтэй. Би оюутан, эхний хүүхдээ төрүүлээд удалгүй хичээлдээ орж байсан. Сар гарантай ажилдаа орж байлаа. Залуухан байсан болохоор гам барьж мэдэхгүй шууд л дасгал хөдөлгөөнөө хийгээд явчихаж байсан. Манай хоёр чинь хоёулаа хүү, нас нь ойролцоо, дэггүй. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлнэ, дээрээс нь оюутан дээрээс нь ажлаа хийнэ. Асуудал зөндөө байлаа. Одоо эргээд бодоход тухайн үед  залуухан, өөрөө хүүхдээрээ  байсан болохоор торохгүй даван туулж дээ. Хэрвээ одоо цагт 30 гарчихаад анх хүүхэд гаргасан бол их нухацтай, бааштай байх байж гэж боддог. /инээв.сэтг/

-Та их шийдэмгий эмэгтэй юм. Тан шиг карьертай охин тухайн үед гэрлэх шийдвэр гарсан нь сонин байна?
-Ер нь хүний учралыг, сэтгэлийг юу ч хорихгүй шүү дээ, тиймээ?  Тухайн үед би хүнтэй суух шийдвэрийг үнэхээр хайрлаж дурлаад, үнэхээр халуун гоё хайр байсан учраас гаргаж байсан. Бидэнд үнэхээр сайхан  хоёр хүү заяасан. Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Миний хувьд карьер маань яанаа ийнээ гэж бодож байгаагүй. Болзоонд ч явж үзээгүй үедээ гэнэт дурлаад ... Халуун сайхан учрал надад тохиосон л доо. Тэгээд л ийм шийдвэр гаргаж байсан.
-Анхны хайр танд ямархуу мэдрэмж төрүүлж байсан бэ. 18 нас хүн болгоны амьдралд хайрын салхи салхилдаг үе. Тэр хүний юунд нь та тэгтлээ татагдсан бэ?
-Тэр хүн их түшигтэй, халамжтай. Намайг бол яг л залаад удирдаад бүх талаараа авч явж чадаж байсан. Тухайн үеийн тэр мэдрэмжүүд агуу ... Хайр сэтгэлийн асуудал, санасан хүссэн бодсон тэр болгон чинь өөрөө агуу байдаг. Бүхий л гайхалтай мэдрэмжүүд бүгд байсан. Тухайн үедээ ухаангүй дурлаад л ... 
 

Олон хүний стрессдэж намайг муулж ярих надад ёстой падлий байхгүй 

-Та бар ээж мөн үү? Багаасаа спортын хатуу дэг жаягаар хүмүүжсэнийх жирийн ээж нараас арай өөр байх гэсэн мэдрэмж төрж байна. Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
-Би их зөөлөн хүн л дээ. Хатуу зарчимч гэхээсээ илүү  хүүхдүүдтэйгээ ярилцахыг, үзэл бодлыг нь сонсохыг хүсдэг. Миний хүү яамаар байна, юу хүсэж байна, аль спорт илүү таалагддаг вэ. Тэр хүүхэд чинь бас нэг хувь хүн. Аавынхаа хүмүүжлээр эсвэл ээжийнхээ хүмүүжлээр бидний карьерыг дагадаг байх шаардлагагүй. Үр хүүхэд маань хувь хүн талаа хөгжүүлээд илүү юунд авъяастай байна, юуг хүсэж байна тэр болгоныг нь хүндлээд хөгжүүлэхийг хүсдэг. Харин хооллолтын тал дээр хатуу байж магадгүй. Эцэг эхчүүд өөрөө зөв хүмүүжилтэй, зөв хандлагатай байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд дагаад тийм болно. Хүүхэд бол эцэг эхийн толь. Тэр утгаараа өөртэйгөө их ажилладаг. Би өөрийгөө чамгүй сайн гэрийн эзэгтэй байсан гэж дүгнэдэг. Айл гэрт эмэгтэй хүний хийдэг бүхий зүйлийг өөрөө гардаж хийж байсан. Уг нь эмэгтэй хүн бага зэрэг эрх, аальгүй байх ёстой л доо. Гэхдээ би тийм биш, анхнаасаа сураагүй болохоор. Багаасаа спортоор яваад ялахын төлөө тэмцэж ирснийх байх. Эрэмгий дайчин чанар илүү давамгайлдаг тал бий бий. /инээв.сэтг/
-Таны насыг би инстаграмдаа карьер хөөх нас гэж томъёолмоор байгаа ч та жиргээнд илүү идэвхитэй юм билээ. Бас л тамирчин байсан учраас арай өөр стильтэй гэсэн үг үү? Сошиал медиад харьцангуй хожуу хөл тавилаа?
-Би ерөнхийдөө даруухан, амбиц багатай хүн. Нөгөө талаас миний гэр бүлтэй холбоотой байсан. Манай хүн чинь олны танил, нэр хүндтэй, маш их хэл аман дунд байдаг. Иймэрхүү шалтгаанаас болоод сошиал медиаг нээх ашигладаггүй байсан л даа. Сүүлийн нэг жилийн хугацаанд хөтлөөд хийж байгаа ажлаараа хүмүүст аль болох эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх, зөв зүйлд үлгэр дууриал өгөх талаас нь хэрэглэдэг болсон.  Дээрээс нь оёдлынхоо ажлыг эхлүүлэхээр шийдээд байгаа учраас хүмүүст таниулъя мэдүүлье гэх талаас илүү их ажиллаж байгаа. Би МУИС-ийг Хэл зүйч мэргэжлээр төгссөн. Хобби маань оёдол эсгүүр. Өмсөх хувцас загваруудаа өөрөө гаргадаг байсан маань одоо өргөжиж байна. 
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Би аль болох өглөөний хүн болохыг хичээж байгаа. Өглөө 7 цаг гэхэд босчихсон байхыг хичээдэг.  Сүүлийн үед ажил, мэргэжилтэй маань холбоотой хүмүүс яаж жингээ хасах, турах уу талаар асууж байгаа болохоор судалгаа хийж хор гадагшилдаг, цөсөө ялгаруулдаг цагт хоол идэхийг хичээж байгаа. Өглөөний цайгаа 7-9 цагийн хооронд уудаг. 9 цагаас хичээл эхлээд өглөөний ажил маань 11-12 цагт дуусдаг. Тэрнээс хойш хүмүүсийнхээ захиалга авах, оёдол эсгүүр хийх ажлаа хийгээд орой 19 цагаас спининг, 20 цагаас  табатагийн хичээл ордог. Баяр ёслол, сезоны үед цаг наргүй ажилладаг. Шөнө 4, 5 цаг хүртэл сууж юмаа оёно.  Өглөө 7 цагт ажилдаа ирдэг байх жишээний. Мэдээж найз нөхөдтэйгөө уулзах  цаг яаж ийж байгаад гаргана. Тэгэж байж илүү стрессгүй, амьдралдаа аз жаргалтай байна л даа. Гэр бүлтэй байх хугацаанд найз нөхөдтэйгөө уулзах цаг зав хомс байсан. Гэрийн ажил, дээрээс нь манайхаар  их олон хүн орж гарна. Ачаалал ихтэй. Одоо бол харьцангуй гайгүй байна.

-Та хүний ямар араншинг тэвчдэггүй вэ? 
-Худлаа ярьдаг хүнийг ёстой тэвчдэггүй. Би өөрийгөө мэдрэмжтэй хүн гэж боддог. Хүнтэй ярилцахад тэр хүний хандлага ямар байна, ямар санаа агуулж байна гэдэг ч юм уу мэдрэгдээд байдаг. Худлаа ярьдаг хүнд маш дургүй. Өөрөө ч аль болох шударга байхыг хичээдэг. 
-Та юуны фанат вэ?
-Спортын хүн болохоор спортын төрлүүдэд илүү их дуртай. Гэхдээ инээдтэй нь би бөмбөгтэй спортод маш муу. Бүр ямар ч авъяасгүй. Дуу хөгжим их сонирхдог. Машиндаа хөгжмөө чангалаад давхих дуртай. Миний feeling ямар байна, тэрнээсээ шалтгаалж янз бүрийн хөгжмийн урсгал, шинэ гарч байгаа болгоныг сонирхдог. Энэ нь ажилтай маань илүү их холбоотой. Миний хичээлүүд гоё, ритмтэй шинэлэг аян дээр, шинэ хөдөлгөөнүүд заадаг учраас байнгын ерөөсөөө шинэ ая, шинэ хөгжим хайдаг.
-Таны амьдралдаа харамсаж явдаг зүйл?
-Яг миний тамирчны карьер үнэхээр дээд цэгтээ байсан тэр үед үргэлжлүүлээд спортын карьераа хөөсөн бол гэсэн харамсал байдаг. Бусдаар надад тэр үед тэгэх байсан юм, ингэх байсан юм гэсэн  харамсал ер нь байхгүй. 
-Зөвхөн танд гэлтгүй хүн бүр өөрийг нь хэрсэн аалзны шүлс мэт атаа жөтөө, хов жив, олны яриан дунд амьдрах болсон нь сошиал медиа хэрэглээ бүх зүйл нээлттэй байгаагаас болж байгаа юм шиг санагдаж байна. Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? 
-Яг үнэндээ миний амьдралын сүүлийн арван хэдэн жилийг бодох юм бол маш их дуулиантай, маш их хэл аман дунд өнгөрсөн. Гэхдээ би үүнийг аль болох эерэгээр хүлээж авахыг боддог. Хэрвээ би хэн ч мэдэхгүй хүн байсан бол хэн ч намайг дурсахгүй шүү дээ тийм ээ? Өөрийн хийж байгаа ажил, мэргэжилдээ амжилттай  хэн нэгэнд яригдахуйц байна гэдэг  нь өөрөө давуу тал гэж ойлгодог. Хоёрдугаарт, тэр их хэл ам, олон асуудлыг тоогоод яг яах юм бэ? Надад ямар ашигтай юм. Тийм болохоор тэрэнд нээх стрессддэггүй. Хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээж авч байгаа. Тухайн хүний ухамсарын л асуудал. Аливаад эерэг хандаж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн биднээс ажил мэргэжилдээ илүү, карьертай, амжилттай яваа мундаг хүмүүс байдаг. Харин сөрөг хандлагатай хүмүүсийг харахаар муугаар хэлэх юм бол хувийн амьдрал, бүх зүйл нь хар энергитэй, сайн сайхан юм бараг байдаггүй. Би энергийг их боддог. Хүн ямар энергитэй, хандлагатай байгаагаас шалтгаалаад тухайн хүний өнгө үзэмж, амьдрал ахуй яг л тэр хэмжээнд байна гэж ойлгодог шүү дээ. 
-Та ганцаардлаа хэрхэн тайлдаг вэ?
-Би ганцаардаж байгаагаа их тунгаан боддог. Яаж ганцаардалаа даван туулж гардаг вэ гэхлээр тухайн үеийн нөхцөл байдлыг аль болох ухамсарлаж бодохыг хичээдэг. Яагаад би ганцаардаж байна, надад яг юу болж байна, үнэнтэйгээ нүүр тулах нь яг ганцаардалаа тайлах хамгийн чухал хэсэг юм болов уу. Ганцаардаад гуниглаад яг хэн ч дэргэд байхгүй болчихсон үе үнэхээр хүнд байдаг. Тэр үед нөхцөл байдал, яг тэр үнэнийг хүлээн зөвшөөрчихвөл амар. Айх, зугтахаасаа илүү үнэнтэй нүүр тулдаг. Тэр цагт хамаагүй амар, хялбар сэтгэлд хөнгөн байдаг. 

-Та хөрөнгөтэй хүний эхнэр байсан. Өөрөө ч багагүй орлоготой эмэгтэй. Гэхдээ ерөөсөө үрэлгэн хүн шиг харагддаггүй. Өөрийн чинь нас гоёж гангалахын төлөө л явдаг нас баймаар?
-Би брэнд гэхээсээ илүү надад гоё зохиж байгаа, эвтэйхэн, сонирхол татаж байгаа, урт хугацаанд өмсөх чанартай хувцас түлхүү сонгодог. Нэг ийм юм авчих юмсан тийм юм авчих юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Би одоо дөрөв дэх жилдээ юм оёж байна. Өөрөө оёх болсноор би эд материалд нээх шунахаа больчихсон. Яагаад ч юм, хувцас урлаад сууж байхаар хүнийг баярлуулах нь гоё байдаг. Тэр хүн надаас авсан хувцсаа өмсөөд “Ямар гоё юм бэ” гээд баярлаж байгаа нь үнэхээр сайхан. Тэгэхээр илүү бүтээлч сэтгэлгээтэй, үүнийг ингээд  хийчихвэл гоё юм байна, загвар харахаараа энэ загварыг ингээд шингээчихвэл гоё юм байна гэдэг талаас нь харах болсон. 
-Таны амьдрал бүхэлдээ олны хайр хүндлэл дунд өнгөрсөн гэсэн мэдрэмж надад бууж байна. Багадаа шагнал авсан мундаг тамирчин, хожим нь нэр төртэй хүний гэргий боллоо. Энэ их хайр, хүндлэл таньд юу мэдрүүлдэг вэ? Нэг бодлоороо бас их дарамт шүү дээ тийм үү?
-Энэ спортын түүхэндээ би маш их хүндлэгдэж байсан. Миний найз, алтан партнер Мөнхтогоо Анхбаяр нар маань бас байна. Тэр хоёртойгоо тайзан дээр гарсан байхад ганцаарчилсан төрөл, хосын төрөлд Гарамханд гээд зарлахад зрительд байгаа бүх хүмүүс Гарамхандыг үзнэ гээд хүлээлттэй байдаг. Харахыг хүсдэг, биширдэг тамирчдын л нэг байсан л даа, тухайн үед. Дүү залуу тамирчид хүртэл Гарамаа эгчээ гээд л, яг Гарамаа эгч шиг болох юмсан гэдэг байлаа. Энэ их хүндлэлийг даахын тулд өөрийгөө зөв байлгахыг хичээдэг. Миний ажиллаж байгаа ажил мэргэжилтай холбоотой хүн болгон  надаас эгч ч байсан ах ч байсан багшаа, багшаа та гэж харьцана. Ихэнх хүмүүс намайг алдартай хүний эхнэр болчихсон мөнгөн дээр бөмбөрсөн гэсэн ойлголттой байдаг байх. Миний хувьд өнгөрсөн арван жилийн хугацаанд хань ижилтэйгээ байхдаа тэгж амьдраагүй л дээ. Үүнийг бол бардам хэлнэ. Би чинь 13 настайгаасаа эхлээд ажил хийж байсан. Мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгодог. Хүний мөнгөөр хүүдэгнээд гоё сайхан юм аваад тэрэндээ бахдаж байсан удаагүй. Би өөрийгөө тиймэрхүү муу зан багатай гэж боддог. Аль болох зөв байхыг өөрөө хичээдэг учраас. Олы танил хүн, дээрээс нь мөнгөтэй төгрөгтэй хүний эхнэр болсон гээд би тэр хүний мөнгийг үрээд дураараа захиран зарцуулсан тохиолдол, нэг удаа ч тэгсэн түүх байхгүй. Тэр хүний мөнгөнд дураараа хүрч байгаагүй гэдгээ би бардам хэлнэ.
-Ингэхэд А.Сүхбат эр хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Сүхбат гэж хүн ямар хүн бэ, карьер нь ямар амжиллтайг олон талаас нь ярьж бичиж байдаг, одоо ч байгаа. Үүнийг бол хүмүүст өөрсдөд нь үлдээсэн нь дээр гэж бодож байна. Харин энэ  ярилцлагаар миний талаас Гармаа гэдэг хүн ямар хүн юм бэ, энэ хүн яг зөв хүн юмуу, буруу хүн юмуу. Эсвэл энэ хүний хандлага нь ямар юм бэ гэдэг талаас илүү мэдээсэй гэж хүсэж байна. Мэдээж би эр нөхөр байсан хүнээ маш хүндэлдэг.Анхнаасаа бид хоёрын хайр сэтгэл хүндлэл дээр тогтсон. Үүн дээр би нэг л юм хэлнэ. Хүний харилцаа, найз нөхөд, ээж аав, ах дүү, амраг садан, хань ижил, цаашлаад хамт олны харилцаа цэвэр хүндлэл дээр л тогтдог. Тэр хүндлэлийн хязгаарыг даваад ирэх юм бол, эсвэл хүндлэл дуусах юм бол харилцаа дуусдаг гэж би ойлгодог. Хүндлэл дуусах юм бол харилцаа  дуусна. Миний хувьд би хүнтэй харилцахдаа яг л ийм зарчим баримталдаг. Миний хүндлэл, үнэлэмж дуусаад ирэх юм бол тухайн хүнтэй харилцаа дуусна.
 

Сексээс авах ёстой таашаалыг дээд цэгт нь хүртэл авахын тулд гоё, тогтвортой харилцаа байх ёстой

-Гэхдээ та хоёрын харилцаа дуусаагүй байх. Хүүхдүүд байгаа юм чинь?
-Би гэр бүлийн харилцаа яриагүй ээ. Ерөнхийдөө миний зүгээс хүнтэй харилцах харилцаа ямар байдаг вэ, тэр талаасаа ярьж байна. Мэдээж үр хүүхэд байгаа цагт бид хоёрын хувьд харилцаа зуун хувь дуусчихна гэж байхгүй. Хоёр сайхан хүүгийнхээ төлөө эцэг нь эцгийнхээ үүргийг, ээж нь ээжийнхээ үүргийг гүйцэтгээд хариуцлагатай ээж аав байхыг л бодож байна. 
-Албан ёсоор та хоёр хэзээ салчихсан юм бэ? 
-Бид хоёр салаад одоо жил хагас болж байна. Салах шийдвэрийг би гаргасан. 
-Ер нь бол манай монголчууд эмэгтэйчүүд рүү нь илүү их дайрдаг. Уучлаарай та түрүүлж салах шийдвэр гаргаснаараа хэр дайралт, дарамт шахалтанд өртөж байна?
-Мэдэхгүй ээ. Би ийм шийдвэр гаргалаа гээд хүн амьтнаас дайралт, янз бүрийн  стресс аваагүй. Яагаад гэвэл би үүнийг хүний биеэр туулаагүй. Өөрийнхөө тархи толгой, оюун санаа, үзэл бодолоор туулж байгаа. Би яг ямар шийдвэр гаргавал надад зүгээр байх вэ, зөв үү гээд маш удаан бодож байж шийдсэн байгаа шүү дээ. Надад хүмүүсийн юу бодох яг үнэндээ хамаагүй, падлий ч байхгүй. Харин миний хайртай дотны хүмүүс, намайг үнэлдэг хүмүүс яг юу гэж бодож байна тэрийг бол би хүлээж авна. Түүнээс намайг мэдэхгүй байж дүгнэлт хийж байгаа хүмүүст уучлаарай, би юу хэлэх юм бэ? Тэр хүмүүсийн бодолд би хориг тавиад намайг битгий тэгж бодооч, би тэгээгүй гэх ч юмуу ямар ч тийм шаардлага байхгүй. Тэр олон хүний стрессдэж намайг муулж ярих надад ёстой падлий байхгүй. 
-Та их бардам эмэгтэй байна. Тэр хүн хариуцлага хүлээж тусламж дэмжлэг өгөх нь зүйн хэрэг. Ямар тохироонд хүрэв. Арай авахгүй гэчихсэн юм биш биз?
-Энэ тал дээр хариулт өгмөөргүй байна. Бид хоёр одоогоор тогтсон шийдэлд хүрээгүй байгаа. Бусдыг нь тэгээд өөрсдөө тэгээд бодчихгүй юу даа. Би юу хэлэх вэ дээ. Намайг бардам гэж хэлж байгааг чинь магтаал гэж хүлээж авлаа. Баярлалаа. /инээв/

-Таны амьдралын зорилго мөрөөдөл юу байсан бэ. Тэр зорилгынхоо хэдэн хувьд явж байна?
-Ээж болсноос хойш миний амьдралын гол зорилго, мөрөөдөл үр хүүхдүүд болчихоод байна. Би 60 нас хүрэхдээ миний өсгөж хүмүүжүүлсэн хүүхдүүд зөв хүн болоод улс эх орондоо өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж хүндлэгдсэн, зөв хүмүүжсэн иргэнийг бий болгочих юм бол миний зорилго биелэчихэж байгаа нь тэр. Манай хүүхдүүд чих халууцуулаад л асуудал гаргаад явах юм бол хэцүү шүү дээ. Энэ л миний зорьж байгаа хамгийн том зорилго.
-Танай хоёрт тамирчин ч юмуу спортын өгөгдөл байна уу?
-Байлгүй яахав. Маш гоё өгөгдөлтэй. Миний хоёр хүү үнэхээр авьяастай. Том хүү маань 9-тэй. Бага маань 7 хүрсэн. Бага хүү яг аав шигээ биетэй, ээж шигээ царайтай. Том нь яг ээж шигээ биетэй, аав шигээ царайтай. Манай том хурд хүч супер, бүх л юманд авьяастай. Манай хоёр оюун ухааны цэцэрлэгт яваад хоёр жил болсон байна. Оюун ухааны тал дээр хөгжүүлж чадвал үнэхээр мундаг хүмүүс гарч ирнэ. Хүүхдүүдээ тогтох нас хүртэл нь янз бүрийн спортоор хичээллүүлж үзэж байна. Бага хүү бол барилдах талдаа байна. Өөр өөрсдийнх нь хүсэж байгаагаар цаашаа үргэлжлүүлье гэж бодож байгаа.
-Ганц бие залуу, халуухан бүсгүйтэй уулзсаных та эрэгтэй хүний юуг нь харах вэ?
-Ер нь би мэдрэмжээ сонсдог, надад яаж мэдрэгдэж байна тэрэнд хариу үйлдэл үзүүлэх, өгөх дуртай. Нэг тийм хүчирхэг, өөртөө итгэлтэй эрчүүд, харьцахаас шууд сүрдэх мэдрэмж төрөхүйц байвал таалагддаг. Биеэ сайхан авч явдаг, гоё галбиртай байх хэрэгтэй /инээв.сэтг/. Надад яг ийм мэдрэмж өгч чадах хүн гараад ирвэл би харилцаа үүсгэхийг үгүйсгэхгүй. Цаг хугацааны л асуудал. 
-Мөрөөдлийн болзоонд явбал хэнтэй явах вэ?
-Харж явдаг залуу юу байдаг билээ? Жүжигчин Рок юм уу, эсвэл Жейсон Мамао ч юм уу. Иймэрхүү стилийн залуучууд таалагддаг.
-Таны хийж байсан хамгийн үнэтэй худалдан авалт?
-Машин л юм уу даа. 136 саяын үнэтэй. 
-Та биеийнхээ аль хэсэгт дуртай вэ?
-Бэлхүүс.

-Биеийнхээ аль нэг хэсгийг өөрчилнө гэвэл юугаа өөрчлөх вэ?
-Арьсаа өөрчилж магадгүй. Хэвлийн арьс хүүхэд гаргаад язарчихсан, урагдчихсан болохоор. Гэхдээ үүнээсээ нэг их ичдэггүй, хоёр сайхан хүүхэд төрүүлчихсэн юм чинь. Хэрэв боломж олдвол, язарсан арьс маань байхгүй бол бүр л гоё болох гээд байгаа байхгүй юу. /инээв.сэтг/
-Та сексийн тал дээр ямар бодолтой явдаг вэ? Гоё биетэй хүмүүс сексдээ сайн болохоор гоё биетэй байгаа гэдэг. Зальтай асуулт л даа?
-Секс нандин харилцаа, байх ёстой. Сексээс авах ёстой таашаалыг дээд цэгт хүртэл нь авахын тулд нэг тийм гоё тогтвортой харилцаа байх ёстой. Мэдээж гоё сексээс л гоё таашаал авна шүү дээ. Хосын харилцаанд секс их чухал. Бие биедээ таарамжтай, таашаал өгч чаддаг, ойлгоцдог байвал хосын харилцаа байнгын оргилсон хэвээр байна. 
-Та хэмжээгээ сайн мэдэх юм аа. Болохгүй зүйлээ болгох гээд хичээдэг хүмүүсээс илүү мэддэг, чаддаг зүйлээ хийгээд явчихдаг, хэмжээндээ л байдаг хүн юм байна?
-Түрүүн хэлж байсан шиг хүн үнэнтэйгээ л нүүр тулах хэрэгтэй. Өөрийгөө үнэлж дүгнээд, би ийм байна шүү, энэ тал дээрээ алдаад байна, энэ миний давуу тал гээд өөрийгөө илүү таних хэрэгтэй. Өөрийгөө таньж мэдээгүй, дүгнэлт хийгээгүй байж болмжгүй зүйл дээр стрессдэнэ гэдэг чинь болохгүй. Би юунд илүү ойртож болохоор байна гэдгээ тодорхойлох ёстой. Тэгж байж хүссэндээ хүрнэ. Гэхдээ таны зорилго жижигхэн бай гэж хэлж байгаа биш шүү. Аль болох өөрийгөө стрессдүүлэхгүй, сэтгэлд таарсан хүнтэйгээ уулзаж явах хэрэгтэй. 
 

Танд баярлалаа.
Ярилцсан У.Цахирмаа 

"ГРАНД" сэтгүүл АРХИВ №133 09 САР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet