ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор Б.Эрдэнэдэлгэрийг томиллоо
2021 оны 1 сарын 11

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор 2021 оны 1-р сарын 8-ны өдрөөс Бавлай овогтой Эрдэнэдэлгэр томилогдон ажиллаж эхэллээ.

1994 онд Монголбанкны эдийн засагчаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2010 оноос ХААН Банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал, 2012 оноос Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал, улмаар 2018 оноос өнөөг хүртэл ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирлаар ажиллаж ирсэн манай чадварлаг манлайлагчдын нэг билээ.

Б.Эрдэнэдэлгэр нь СЭЗДС-д банк, санхүүгийн бакалавр, МУИС-д эдийн засгийн магистр, 2003 онд АНУ-ын Индианагийн их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд банкны бизнес тэр дундаа санхүү, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, байгууллагын банкны чиглэлээр мэргэшсэн банкир юм.

Тэрээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, богино болон урт хугацаат санхүүжилт олгох зэргээр байгууллагын банкны үйл ажиллагааг амжилттай удирдаж ирсэн.  Түүнчлэн, ХААН банкны жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад зориулан урт хугацаат санхүүжилт татах, бизнесийн зээл олгох зорилтын хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 1.1 тэрбум гаруй ам.долларын эх үүсвэрийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан  улс орны эдийн засагт  бодит дэмжлэг үзүүлэхэд баг хамт олноо манлайлан ажилласан юм.

ХААН Банкны удирдлагын багт үр бүтээлтэй ажиллаж ирсэн Б.Эрдэнэдэлгэрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, шинэчлэн түүчээлэгч чанар нь бизнесийн ирээдүйн өсөлтийг хангаж, зах зээл дэх өнөөгийн байр суурийг улам батжуулж, дараагийн түвшинд хүргэхэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулна гэж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд онцолж байна.

ХААН Банкны нийт харилцагчид, түнш байгууллагууд, Төлөөлөн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх захирал болон нийт ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон Б.Эрдэнэдэлгэрийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet