Ерөнхийлөгчийн оффшор хөрөнгийн талаар гадаадын хэвлэлд нийтлэгджээ
2020 оны 12 сарын 30

П.ПҮРЭВ (Эх сурвалж: International Policy Digest)

АНУ-д төвтэй хараат бус вэбсайт болох "International Policy Digest"-ийн бэлтгэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Эх хувийг нь https://intpolicydigest.org/2020/12/27/under-the-microscope-president-s-offshore-assets-cause-a-stir-in-mongolia/ холбоосоор үзэж болох юм.

Нийтлэлд “Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн авлига болон тус улсын элитүүдийн оффшор бүс буюу татварын диваажин дахь хөрөнгийг цэвэрлэх зорилгод чухал ач холбогдлыг өгдөг. Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлын гол зарчим нь Ерөнхийлөгч болмогцоо ийм төрлийн гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг шийтгэн, оффшор бүсэд хадгалагдаж байгаа хөрөнгө, хөрөнгө оруулалтыг буцааж авахын тулд түргэн бөгөөд шийдвэртэй хөдлөх явдал байсан.

Гэвч 2017 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш тэрээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд дорвитой зүйл хийгээгүй. Тэгвэл Х.Баттулга болон түүний гэр бүлийнхэн оффшор бүсийн нэгэн компанитай ойр холбоотой болох нь илчлэгдэв. Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчид болон тэдний ойрын хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийг оффшор бүсэд өмч хөрөнгө, компани эзэмшихийг хатуу хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээд албан тушаалаа алдах шийтгэлтэй. Мөн уг хуулийн дагуу Сингапур улс бол ийм оффшор бүс.

Тэгвэл Сингапурт бүртгэлтэй "Женко Холдинг" компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Намуунаар дамжуулан эзэмшдэг бол үлдсэн 50 хувийг нь Х.Баттулгын хөрөнгө оруулалтын менежер Билли Лим өөрийн хүү Деннисээр дамжуулан эзэмшдэг болох нь ил болжээ. Баттулгын Намуун, Деннис Лим нар нь тус компанийн захирлууд юм. Сингапурын баримт бичгүүдээс харахад Х.Баттулга 2007 он хүртэл “Женко Холдинг” компанид удирдах албан тушаал хашиж байсан байна. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан бөгөөд ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, ялангуяа оффшорт байрлах компанийн захирлаар ажиллах ёсгүй байв.

Тэрбээр “Женко Холдинг”-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд сүүлд өөрийн хувьцаагаа охиндоо шилжүүлжээ. Сингапур баримт бичгийн дагуу бол “Женко Холдинг” компанийг нэг сая ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулсан байна. Тус компани нь олон төрлийн барааны бөөний худалдаа эрхэлдэг гэж бүртгэгдсэн бөгөөд үүний дотор цахилгаан барааны эд анги ч ордог аж. Монголд Х.Баттулга өндөр амжилтад хүрсэн бизнесмен, хүчирхэг эр гэдгээрээ нэр хүндтэй. Самбо бөхийн аварга тэрбээр хатуу ширүүн эр хүний дүр төрхдөө дуртай бөгөөд бүрх малгай өмсөн, өөрийн дуртай “Загалмайлсан эцэг” киноны Корлеонегийн гэр бүлийн халхавч компани “Женко”-гийн нэрээр өөрийн компаниа нэрлэсэн.

“Женко” компани төрийн өмчийг хувьчлах ажлын хүрээнд өсөн дэвжиж, зочид буудал, хүнсний үйлдвэрүүдтэй болсон билээ. Дараагаар нь тус компани такси үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа, хонжворт сугалаа, шөнийн клуб, ресторан зэрэг салбарт хөл тавьсан юм. Х.Баттулга Монгол Улсад “Камекс” нэртэй өөр нэгэн компани байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 үнэт лицензийг авсан. Тэрээр “Камекс”-ийн 90 хувийг өөрөө эзэмшиж байсан бол “Ард Батсүх” нэрээрээ олонд танигдсан Ядамсүрэнгийн Батсүх үлдсэн 10 хувийг нь эзэмшдэг байж. Тэгвэл Х.Баттулга 2007 онд өөрийн эзэмшлийн хувьцаагаа охин Б.Намуун, төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэн нарт шилжүүлсэн байна.

Энэ бүх мэдээлэл Монголын олон нийтэд зарлагдаж байсан. Гэвч өнөөг хүртэл ил болоогүй байсан зүйл бол “Камекс” компанийн өмчлөл удалгүй Сингапурт бүртгэлтэй өөр нэгэн “Камекс” компанид шилжсэн явдал байв. Энэхүү “Камекс” компани “Женко Холдинг”-оос оффис түрээслэн, Сингапур дахь нэг хаягаас үйл ажиллагаа явуулдаг. Сингапурын “Камекс” компанийг оффшор бүсийн өөр нэг диваажин болох Британийн Виржинийн арлуудад байрладаг “Well Delight” нэртэй компани эзэмшдэг байна. Харин “Well Delight” нь мөн Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Best State” ба “Sino Access” гэсэн хоёр ч компанид харьяалагддаг аж. Эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчид бол Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Жүдогийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, Ард Батсүх болон Билли Лимийн охин Хуй Шин Лим Селестина нар юм. Уг хоёр толгой оффшор компанийг дараа нь мөн л Британийн Виржинийн арлуудад байрладаг “Brave Lion” нэртэй компанид зарсан байдаг. Энэхүү оффшор сүлжээний зорилго нь тодорхойгүй хэдий ч аливаа компанийн мэдээлэлд нэвтрэхийг улам хүндрүүлж, жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг нуухад өргөн хэрэглэгддэг гэдэг нь тодорхой.

Х.Баттулга 2010 онд Монгол дахь Төгрөг нуурын нүүрсний ордыг Кайманы арлуудад бүртгэлтэй, хятад эзэмшилтэй “Ming Shin Waterworks Holdings Limited” компанид 250 сая ам.доллароор худалдсан гэж Хонконгийн хөрөнгийн биржээс мэдээлсэн. “Ming Shin”-ий ард хэн байгаа вэ? Сингапур улсад Х.Баттулгын өмчит компани оршин тогтнож байгаа нь Монголд асуултуудыг дэгдээн, нэлээд уур уцаарыг төрүүлэх нь дамжиггүй. Үүний зэрэгцээ тэрээр тус улсын байгалийн баялгийн нэгийг зарж олсон 250 сая ам.долларын хүрэх газрын талаар хэчнээн их магадлан шалгалт хийснээ дэлгэхийг хүсэж магадгүй юм” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet