П.Баярцэнгэл: Интернетээс янз бүрийн хоол хийж сурч байна
2020 оны 11 сарын 25

Олон түмний сайн мэдэх “Вансэмбэрүү” гэх хуучны сайхан дууг дахин шинэчлэн дуулж амилуулсан П.Баярцэнгэл кино урлагт өөрийн гэсэн онцлог төрхийг хэдийнэ дархлаад амжсан нэгэн. Тэрээр хөдөө орон нутагт кино зураг авалтнаасаа буугаад удаагүй байхдаа хөл хорионд оржээ. Бие бялдартаа гойд анхаарч, булчингаа хөгжүүлээд байсан П.Баярцэнгэл гэрийн хорионд байхдаа хэлээ сайжруулах зорилгоор англи хэлний номтой зууралдаж, дасгал хөдөлгөөнөө тасралтгүй хийж байгаа гэв. “Яг түүн шиг” шоунд оролцон, өөрийн авьяас, чадвар, харуулаад амжсан тэрээр дуучин, жүжигчин мэргэжлийг хослуулж яваа адтай нэгэн. Тиймдээ ч түүнийг сүүлийн үед дуучин бус жүжигчин гэдгээр нь хүлээн зөвшөөрөх нь ихэсчээ. Ингээд түүний “Корона ба хөл хорио”-ны 10 хариултыг сонирхъё. 

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна?
-Өглөө яг 07:00 цагт сэрүүлгэндээ сэрж байна.
-Өдрийн дийлэнх цагийн юу хийж өнгөрөөж байна?
-Хувь хүнээ хөгжүүлэх тал дээр ихэнх цагаа зарцуулж байна. Бас энэ цагыг ашиглаад гэрийнхэнтэйгээ хайртай хүмүүстэйгээ хамт хийхийг хүссэн бүхнээ хийж байна. Хөдөөнөөс ээж аавыгаа хүртэл аваад ирсэн шүү.
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна?
-Интернэтээс янз бүрийн хоол хийж сурч байгаа. Өнөөдөр тахианы далавчаар нэг юм хийнэ гээд бодчихсон байна.
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна?
-1000-тай витамин C ууж, дасгалаа тогтмол хийж байгаа. 

-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?
-Орой унтахын өмнө ямар нэг кино сонгож үздэг. Хааяа дуустал нь үзнэ. Ихэнхдээ талд нь хүргээд л унтчихдаг дөө.
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна?
-Англи хэлний үгсийн сангаа л нэмэх номтой зууралдаж байгаа даа.
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?
-Хэр удах талаар огт бодмооргүй байна. Аль болох хурдан энх цаг ирээсэй гэж залбирч байгаа.
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна?
-Эхнэр хүүхэд ээж аавыгаа сайхан салхилуулна. Бас уулзалгүй удсан найзуудтайгаа л хамгийн түрүүнд уулзана даа.

-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?
-Зурагтаар, сошиал орчноор ирж буй коронагын тухай муу мэдээ л их бухимдуулж, түгшээж байна.
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?
-Төр засаг маань бүх зүйлсийг сайн сайхны төлөө ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа учраас баярлалаа бас итгэж байгаа шүү гэж хэлье. Ард иргэд минь энэ өвчнийг бүрэн хяналтандаа автал гэрээсээ л битгий гараарай гэж уриалъя. Энэ цагийг ашиглаад хувь хүний бие болон оюуны хөгжилдөө илүү анхаараарай. 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet