МУГЖ У.Уранчимэг: Магадгүй гэрийн хорионд хамгийн сайн тэсэх хүн би байх
2020 оны 11 сарын 17

Аль ч цаг үед Урнаа гавьяатын ярилцлагыг уншихаар цаана аа нэг энгийн цог жавхлантай санагддаг. Энэ удаад ч түүний хандлага өөрчлөгдсөн юм ер алга. Дуртай номоо уншиж, хаа нэг мэдээ шагайчихаад, дасгал хөдөлгөөнөө ч зогсоохгүй эрч хүчтэй амьдарч байна. Ямартаа ч сайхан цаг үе ирэхэд түүний гайхалтай шинэхэн уран бүтээлтэй учран золгох нь. Ингээд МУГЖ У.Уранчимэгийн 10 хариултыг уншигч танд хүргэж байна.

-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна? 
-Орой 23.00 цагт унтаад өглөө 09.00 цагт сэрдэг. Ер нь унтах дуртай. 8-аас дээш цаг унтаж байж л ханадаг. 
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа? 
-Хөл хорионы үе болохоор хуваарь, төлөвлөгөө гээд их зүйл өөрчлөгдөж байна. Хоол хийх, гэрээ цэвэрлэх, дасгал хөдөлгөөн хийх маягаар өдөр өнгөрч байх жишээний. Зурагт нэг их үздэггүй. Харин энэ удаа яалт ч үгүй мэдээ харах гэж телевиз үзэж байна. Одоогоор санасныг бодвол өдөр хурдан өнгөрч байна 
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна? 
-Манай гэр бүлийн хувьд спорт, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна эрүүл зөв хооллохыг хичээдэг. Мэдээж нэмэлт амин дэм, витаминыг хэрэглэдэг. Гэхдээ ямар үед яаж хэрэглэх вэ гэдэг нь их чухал. Болж өгвөл байнга supplement хэрэглэлгүй хоол тэжээлээр амин дэмээ авбал зүгээр гэж миний хувьд боддог. 
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна? 
-Шөлтэй хоол ихэвчлэн хийж байгаа. Өнөөдөр бол жигнэсэн бууцай, тахианы мөч шарах бодолтой байна. 
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?

–Карентин эхлээд хэдхэн л хонож байна шүү дээ. Кино үзэж амжаагүй л байна. Цэвэрлэгээ хийсээр байгаад. Гэхдээ үзэх гээд төлөвлөсөн кино бол бий. Netflix The queens gambit киног охин маань санал болгосон.

-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна? 
-Роберт Жеймс Уоллер Мэдисон "Нутгийн гүүрнүүд", Дэйл Карнеги "Стрессээ удирдахуй" гэдэг ном уншиж байна. Хараахан дуусаагүй байгаа. 
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ? 
-Ер нь бол тэснэ шүү. Угаасаа улирлын чанартай ажилтай, чөлөөт уран бүтээлч болохоор ихэвчлэн гэртээ байдаг. Миний өөрийн амьдрах хэв маяг нэг их нийтлэг биш. Найз нөхөд цөөтэй, зожиг ганцаардмал талдаа. Гэрээсээ гарахгүйгээр заримдаа долоо хонох ч үе байдаг. Энэ хэвшил надад өөрт таалагддаг. Яагаад гэхлээр аливаа уран бүтээл хийхийн өмнө БОДОХ, СЭДЭХ, БИЧИХ, УНШИХ, СУДЛАХ ажил их байдаг болохоор. Магадгүй би нэлээн удаан тэсэх байх шүү. Мэдээж энэ нь айл бүр, хүн бүрт өөр өөрөөр нөлөөлж тусна. 
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 
-Өнгөрсөн зун “Хувьсал” продакшныхаа долоо дахь киноны зураг авалтыг хийсэн. Сая бол карентилахаас өмнө киноны эвлүүлэг, үзлэгэн дээрээ сууж байгаад хөл хоригдов шив. Тэгэхээр үргэлжлүүлээд л энэ киноныхоо пост продакшны ажил руугаа орно доо. 

-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ? 
-Гэрт бухимдах нь гайгүй байна. Харин 80 хол гарсан ээж, аавдаа санаа зовоод байдаг. Ээжийг усанд оруулах ёстой. Манай хоёр хоол унд нь мах сүү нь яаж байгаа бол гээд л... Хамт байгаа ач хүү нь орж гарахдаа болгоомжтой байгаа болов уу гэх зэргээр санаа зовох зүйл бишгүй л байна даа. Гэхдээ өглөө оройдоо утсаар ярьж тандаж байгаа. Хоёр хөгшин маань одоогоор гайгүй сайн л байна. 
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?
-Эхлээд ТӨР ЗАСАГ маань юун түрүүн энэ цар тахлыг дарж авах алсын хараатай нарийн бодлого төлөвлөгөө, хатуу дүрэм журмыг гаргаж, нягт нямбайгаар тахал ор үгүй болтол хянамгай ажиллаарай. Харин АРД ИРГЭД бид нар нь тэр гаргасан хатуу дүрэм журмыг нь л ёсчлон биелүүлвэл болох нь тэр. Бусад асуудлууд нь чухлын дарааллаараа явна гэдэгт итгэж байна. За тэгээд нэг өвчнийг дарах гээд нөгөө өвчнийг олов. Идэш уушаа тааруулж, зөвийг идэж, дасгал хөдөлгөөнөө хийгээрэй. Та өөрөө л хүсэх юм бол 00 өрөөнд ч биеэ халааж болдог юм шүү. Хамгийн гол нь эвтэй, айж сандрах зүйлгүй тайван байх чухал. Төр засаг шат дараалсан арга хэмжээ авч эхний удаа хумиж авах нь л тун чухал гэж бодож байна. Сайхан цаг ирэх нь дамжиггүй. Монголчууд минь бүгд ЭНХ ЯВЖ ,МӨНХ ЖАРГААРАЙ гэж ерөөе. 

                                                                                                                                                                             Танд баярлалаа. У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (28)
  • Retweet (21)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-01 09:46
    Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)