Б.Буджаргалын өрсөлдөх ”6 өдөр, 6 шөнө”-ийн гүйлт өнөөдөр эхэлнэ
2020 оны 11 сарын 16

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байна. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ.  

Б.Буджаргал АНУ-ын Флорида мужид болох “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө.

Коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас тэмцээнийг халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан зохион байгуулж байна.

Тэмцээн өнөөдөр (2020.11.16) Монголын цагаар 22:00 цагт эхэлнэ. Тэмцээний гарааг Zindaa.mn шууд дамжуулан хүргэнэ. 

Зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй гүйнэ гэдэг гүйлтийн төрлүүд дотроо хамгийн хүндэд тооцогддог. Тийм ч учраас энэ төрлөөр тогтмол хичээллэх нь тамирчнаас асар их тэвчээр, байнгын бэлтгэл сургуулилт, уйгагүй хичээл зүтгэл шаарддаг.

Б.Буджаргал сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард анх удаа ази тивд буюу БНХАУ-ын Шямин хотноо зохион байгуулсан зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ төрөлдөө дөрөв дэх удаагаа аварга болж байсан юм.

Үүний өмнө 2017 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр, 2019 оны нэгдүгээр сард мөн АНУ-д болсон зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтэд 787 км зам туулж, аварга болж байсан.

Б.Буджаргал 2019 оны Хятадад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ зургаан өдөр, зургаан шөнийн уралдааны хугацаа дуусахад 834 км зам туулсан амжилт гаргаж байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн оны амжилтаа эвдэх, цаашлаад дэлхийн рекорд тогтоох зорилготой.

Энэ төрөлд дэлхийн рекордыг “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1035 км гүйсэн амжилтаар эзэмшдэг.

Манай тамирчин одоо болох тэмцээний хугацаанд өөрийн амжилтаа 201 км-ээр ахиулбал түүний амжилтыг эвдэн, шинэ рекорд тогтоох боломжтой.

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн  аварга Б.Буджаргал 2020 оны эхээр бэлтгэл сургуулилт хийхээр Тайланд улсыг зорьсон боловч коронавирусний улмаас төлөвлөсөн зарим тэмцээн нь цуцлагдах, хөл хорионд орж, тус улсад олон сар саатсан зэргээр багагүй бэрхшээл туулсан. Энэ хугацаанд Монголын ард түмний дэмжлэгээр эргэн бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд 2020 оны есдүгээр сарын 20-нд Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцон (125 км) түрүүлэхийн сацуу хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээрээ мөн тэргүүлж, дөрвөн тусгай шагнал хүртсэн юм.

Б.Буджаргал өнөөдөр эхлэх тэмцээний дараа мөн АНУ-д болох 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцохоор төлөвлөж байгаа билээ.

Ц.Шаравжамц даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны хамт олон Б.Буджаргалыг АНУ-д болох тэмцээнд оролцох боломжоор ханган, замын зардлаар дэмжсэн юм. 

Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өмнөговь аймаг, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ зэрэг олон байгууллага, хувь хүмүүс тусалж дэмжсэнд тэрбээр Zindaa.mn-ээр дамжуулан талархал илэрхийлснийг дамжуулъя. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)