Экс ерөнхийлөгч А.Мөнхбат бид хоёр дайсагнаагүй ч найзууд биш, найзлах ч үгүй!
2020 оны 10 сарын 26


Хорвоод хосгүй дотроо хоосон ном бүтээгч бол О.Гэрэлт-Од. 1990-2020 он хүртэлх “Монголын хөгжлийн нууц” түүнийхээр цав цагаан цаас. Үнэхээр л хөгжлийн нууцыг бид мэдэхгүй байна, магадгүй цаашдаа тэр цас цагаан цаасан дээр шинээр бичих торгон мөчлөг дээр бид оршин байгаа ч юм билүү. Нөгөө талаас түүнийг тэрслүү үзэлтэн гэж ах эгч нар харж байж болно. Монголын Залуучуудын холбооны шинэхэн ерөнхийлөгч тэрбээр сонгуулийн дундуур тэрүүхэн тэндээ бөмбөг тэслэж сонгогдон гарч ирсэн. Санасныг бодоход дуулианы эзэн маань төлөв томоотой, асуултанд цөөн үгээр ончтой хариулдаг, одооны хэт сүржин залуусаас тэс өөр нэгэн байв. Ер нь хүн өдөр болгон эрч хүчээ гайхуулж явах албагүй л дээ. Хэрэгтэй цагт зөв газраа хүчээ гаргадаг, жижиг тулаанд ялагдаж болох ч том тулаанд ялагдах ёсгүй гэдгийг мэддэг байхад зөв тэнцвэр. Гэрэлт-Од чухам хэн байв, хойшдоо тэр хэн болох вэ, Монголын Залуучуудын Холбоо ер нь орчин цагт ямар байгууллага байсан хийгээд байх ёстой юм тэргүүтэй олон асуултын хариултыг түүнээс авахыг хичээв. Тийм ч олны анхаарал татдаггүй мөртлөө дотооддоо хүчирхэг энэ байгууллагыг нийтийн өмнө хөшгийг нь нээж ил харуулсан Гэрэлт-Одод олон хүн талархаж байгаа. 

-2020 сонгуулийн жилийн дуулиан шуугианы хажуугаар Монголын Залуучуудын Холбоонд цоо шинэ хүн орж ирээд, нэг мэдсэн чинь Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь  сонирхолтой үйл явдал байлаа. Яагаад ийм нөхцөл байдалд гарч ирэв, эсвэл эртнээс Залуучуудын холбоонд очъё гэсэн амбицтай байсан уу?
Залуучуудын холбоо урт удаан жилийн түүхтэй байгууллага. Ирэх жил 100 жилийн ойтойгоо золгоно. Анх Сүхбаатар жанжин үүсгэн байгуулахад Бошгыг халах залуучуудын эвлэл байж байгаад “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл” нэртэй байгаад сүүлд “Монголын Залуучуудын Холбоо”  нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэн анхны Ерөнхийлөгчөөр нь С.Баярцогт гишүүн ажиллаж байлаа. Улстөрчид болон бизнесмэн гээд олны танил хүмүүс энэ холбоогоор дамжиж амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг. Тэд зөвхөн өөрсдийнхөө карьерыг хөөх бус залуучуудад хандсан оновчтой үйл ажиллагаа үеийн үед хийсээр ирснийг үгүйсгэж болохгүй. Залуучуудын холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болохоос хэн нэгний өмч, хувийн компани, зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага биш. Гэвч энэ замналд доголдол гарсан. 2012 онд Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр А.Мөнхбат сонгогдон, 2015 онд улирч саяхныг хүртэл ажилласан. Залуучуудын холбоо улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байна гэсэн заалттай боловч 2016 оноос хойш одоог хүртэл улс төр, шашны үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага шиг ажилласаар ирсэн. Ингээд залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс их хурал хийхээр болсон юм. Залуучуудын холбооны хариуцлагын хороо бол хяналт, шалгалт хийдэг холбооны дүрмийг сахиулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Улс төр, шашны үзэл сурталчилж байна гэсэн маш олон гомдлын дагуу хариуцлагын хороо 6-р их хурал хийсэн. Нэг дор арваас илүүгүй хүн суулгаж амны хаалт, бээлийтэй, халуунаа хэмжүүлээд, гараа ариутгаад, Улсын Онцгой Комиссын өгсөн зааврын дагуу цахим хурлаа амжилттай зохион байгуулсан. 21 аймаг, 9 дүүргийн байнгын хорооноос нийт 304 хүн оролцсон.  

-Шинэчлэл хийхэд маш их эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Танд айдас байсан л байлгүй. Ухрах бодол төрж байв уу?
-Миний хувьд 2013 оноос хойш Залуучуудын холбоотой хамтарч ажиллаж ирсэн. Туслах зүйл дээр туслаж, олон мундаг залуустай найзлаж, нөхөрлөөд долоон жил өнгөрсөн байна. Гэтэл энэ байгууллага хууль, дүрмээ сахихгүй, А.Мөнхбат гэдэг хүний хувийн эзэмшил юм шиг л болчихож. Энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусчихсан, нас нь хэтэрчихсэн, дээрээс нь маш олон дүрэм зөрчөөд байгаа нь зохисгүй санагдсан. Ийм хэвшсэн буруу тогтолцоог бид өөрчлөхгүй юм бол хэн нэгэн улстөрч гарч ирээд өөрчилнө гэж хүлээгээд байж болохгүй. Залуучуудын холбоо МАН, АН-ын дэргэдэх байгууллага биш. Шашин шүтлэг, үндэс угсаа хамаарахгүй, бүх насны залуус хамрагдах боломжтой байгууллага. Би заалнаас нэр дэвшээд сонгогдсон. Намайг энэ байгууллагыг өөрчилж чадна гэж итгэл хүлээлгэсэн хүмүүст талархаж байгаа. Ирэх жил 100 жилийн ой тохиох учраас бид хийсэн, бүтээсэн зүйлтэй, төлөвлөсөн олон ажилтай ойгоо угтана гэж бодож байна. Ямартай ч гажуудлаасаа саллаа. Зөв голдирлоор явахад зөв удирдлага чухал. 
-Тэр шинэчлэгч нь яагаад заавал та гэж. Ингэхэд Гэрэлт-Од гэж хэн юм бэ. Та л өөрийгөө хамгийн сайн мэдэх хүний хувьд товчхон CV-гээ хуваалцахгүй юу? 
-Ус нутаг яривал би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн Ивэнгийн голд төрсөн. Солонгос улсад нийгмийн халамжийн чиглэлээр магистр хамгаалж ирээд энд бизнесийн, төрийн байгууллага, төрийн бус байгууллага гээд бүх салбарт ажиллаж явна. Солонгос улсад сурч байхдаа бодож, мөрөөддөг ажлын нэг нь яах аргагүй залуус, өсвөр насныхныг зөв зүйл рүү чиглүүлэх үзэл суртлыг нь зөвөөр төлөвшүүлж өгөхийг хүсдэг байлаа. Монгол залуус аливаад амархан тархиа угаалгадаг, өөрийн бодолгүй, асуудлыг олон ургальчаар харах үзэлгүй болчихсон юм шиг санагдсан. Ажлаа аваад хамгийн түрүүн залуусын оюун санааг дархлаажуулъя,  зөв контент бэлдэж  залуучуудад хүргэе гэсэн бодолтой байгаа. Манай Залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүрэгт салбартай, 16 байнгын хороотой, монголд байгаа хамгийн том төрийн бус байгуулага. Гэхдээ салбарууд өөрийн байргүй, ажиллаж байгаа залуус цалингүй байдаг. Миний бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд хийх хамгийн том зорилт бол бүгдийнх нь ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, цалинтай болгох тал дээр хичээж ажиллана. Холбооны төсөв, санхүүг зөв зохион байгуулалтай зарцуулах юм бол бид 21 аймаг, 9 дүүргээ бүгдийг нь ажлын байраар хангаж,  цалин хөлстэй болгох боломж бүрдэнэ гэж харж байгаа. 
-Ингэхэд та А.Мөнхбатыг хувь хүнийх нь хувьд юу гэж боддог вэ? Цагтаа ажил хэргийн хамтрагч байсан хүмүүс одоо хонь, чоно мэт дайсагнасан байдалтай болчихов уу даа?
-Бид хоёр дайсагнасан юм байхгүй. Найзууд ч биш. Найзлах ч үгүй. Энэ хүн Залуучуудын холбооны ажлуудыг хийж явсных нь хувьд хүндэлдэг зарим тал дээр нь дэмждэг байсан. 2016 оноос хойш “Хар цагаан жагсаалт” гаргаад улс төржөөд Залуучуудын холбоог улс төр, мөнгөний байгууллага болгосноор холбооны нэр хүндийг унагаж эхэлсэн. Тэр цагаас дэмжихээ больсон. Сүүлдээ улс төрийн үйл ажиллагаа нь шашны үйл ажиллагаа болоод, ажилчдыгаа шашны сургалтанд суухгүй, үс сахлаа ургуулахгүй бол ажлаас нь халдаг гэхчлэн өөрийн үзэмжээрээ шашны байгуулага болгоод зогсохгүй мөнгөний пирамид, сүлжээний байгууллага болгочихсон байгаа юм. 2019 оны арваннэгдүгээр сард дүрэм зөрчиж, Залуучуудын холбооны лого, бүх салбар нэгжүүдийн тамгыг сольсон гэсэн. Тэгээд зогсохгүй хуучин тамгыг нь хурааж аваад шинэ тамгыг нь өгөхдөө дороо 108 хүн тус бүр 20 мянган төгрөгөөр элсүүлж байж тамгаа ав, авсныхаа дараа дүүргийн хороо, аймаг, сум, баг бүрээс 108 хүн элсүүл гээд мөнгөний пирамидыг хийж эхэлсэн байгаа юм. 

-Мөнгө олох нь буруу гэж үү? Мөнгөтэй байгууллага харин ч хөгждөг юм бишүү?
-Орж ирж байгаа мөнгийг зориулалтын бусаар ашигласанд байна л даа. Залуучуудын холбоо 4 давхар барилгатай, өөрсдөө нэг давхар хүрэхгүй хэсэгт нь суудаг. Бусдыг нь түрээслэчихсэн. Хотын төв, А зэрэглэл байршил сайтай учраас түрээс өндөр, эрэлт ихтэй байдаг. Дээрээс нь Олон улсын байгууллагын төслүүд байна. Залуучуудын холбооны медаль бүр үнэгүйдчихсэн, зах дээрх бараа шиг зарагддаг болчихсон. Тэр мөнгө хаашаа ордог байх вэ? Медалийг зөвхөн Мөнхбат зардаг юм биш. Дотор нь ажиллаж байгаа Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын дарга, Дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтай хүмүүс нь зараад байдаг. Ийм болохоор Залуучуудын холбооны медалиуд үнэ цэнээ алдчихсан хэрэг. Энэ байгууллагын орлого хаагуур ороод, ямар үйл ажиллагаа яваад байгаа тайланг авъя гэхээр өгөхгүй, аудит оруулъя гэхээр оруулдаггүй хувийн компани шиг л болчихоод байгаа юм.
-Хүн шүүмжлэнэ гэдэг сүрхий, чадалтай хүний хийдэг ажил байх. Тэгэхгүй бол хоосон атаархал болно. Та юугаараа өөр юм бэ. Нэгийгээ унагаж гарч ирснийх хүлээлтийг давах ёстой байх?
-Эрх мэдэл хүнийг эвддэг. Эрх мэдэлд эвдрэхгүй нөхцөл байдлыг даваад гарах нь тухайн хүний суурь хүмүүжлээс хамаарах байх. Би эмээ, өвөө дээрээ өссөн болохоор надад илүү зан, шунал байдаггүй. Би өөрийгөө тийм амар эвдэрнэ гэж бодохгүй байгаа. Хэрвээ итгэлийг нь дааж чадахгүй, өмнөх хүнийхээ алдааг давтаад, адилхан зан гаргаад байвал энэ суудлаасаа буухад бэлэн байхаар шинэ заалт тусгая гэж хурлаар хэлэлцсэн юм. Бид бүх баг хороодоос урьдчилсан саналыг нь авч, хэлэлцүүлэг хийгээд 7-р ээлжит бус хурал дээрээ нарийн оруулж өгнө гэж ярьсан. Би ч бай, миний дараа орох хүн ч бай зөв л ажиллахгүй бол шууд албан тушаалаас нь буулгах зохицуулалтыг тусгаж өгье гэж ярилцсан. Бид бас ч гэж улс төрийн туршлагатай хүмүүс. А.Мөнхбатыг унагаасан юм биш өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад, дээрээс нь нас нь хэтрээд гурван жил гаран болчихоод байхад л тэр хүн энэ байгууллагаас холдож өгөхгүй байсан. Монголын бүх залуучуудын байгууллага тэр хүнийг унагааж чадахгүй маш их хугацаа алдлаа.. 
-Одоо таны хамгийн иртэй байгаа үе байх. Энэ бүгдийн ард гарчихлаа. Бяр амтагдаж байна уу?
-Бөхчүүд л бяр суудаг гэж ярьдаг ч сүүлийн үед улстөрчид бяр суугаад байх шиг. Манай байгууллага улс төрийн байгууллага биш учраас энэ үгээр илэрхийлэх зохимжгүй байх. Бид залуусынхаа эрх ашгийг нь хамгаалах, зөв зүйлд уриалах, дээрээс нь нийгэмд эзлэх байр суурь, шат дамжлага нь болохын төлөө ажиллана. Энэ холбоонд миний хийхийг хүсч байгаа зүйл түрүүн хэлсэнчлэн нам болон итгэл үнэмшил, шашин шүтлэг аль нь ч хамаарахгүйгээр идэвхитэй гишүүдээ чадлынхаа хэрээр дэмжинэ. Одоо орон нутгийн сонгуульд 21 аймаг, 9 дүүрэгт олон залуус нэр дэвшинэ. Би бүх залуучуудаа дэмжинэ. Тэд эрх мэдэлд хүрээд,зан ааш нь эвдрээд, дулдуйдаад явах юм бол хатуу шүүмжлэгч нь байж бас чадна. Залуучуудын холбоо гэдэг амбиц өндөртэй залуусаар хүрээлүүлсэн байгууллага. Үеийн үед ийм байж ирсэн. Холбоонд ажиллаж байсан, ажиллаагүй олон залуучуудаас ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой, боловсролтой залуус байсан. Хоорондоо өрсөлдөхөөсөө илүүтэй эхлээд шинэчлэл хийе гэдэг дээр бид үзэл бодол нэгдсэн. Тиймээс хэрэв бяр, хүч яривал тэр нь зөвхөн миний биш бид бүгдийн тодорхойлолт юм. 

Танд баярлалаа. 
Ярилцсан У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)