“Төлөөс”: Аз уу эз үү? 
2020 оны 10 сарын 19


Кино нээлтнээсээ өмнө хамгийн их дуулиан шуугианд өртсөн киногоор “Төлөөс”-ийг нэрлэж болно. Тэртэй тэргүй хавийн амьтад цуурсан хойно ийм сайхан бүтээлийн тухай бичих гэж байж энд тоочоод яахав. Өнгөрсөн Бямба гаригт “Төлөөс” нээлтээ хийсэн. Би бүр гайхаад урилга нь 16 мөртлөө яагаад 17-нд нээж байгаа юм бол гэж асуулаа. Сонгуулийн буянаар тэр өдөр нь кино театр ажиллахгүй таарч л дээ. Би ч яахав дээ “Асрагч аав”-ын төгсгөлд уйлдаг хүн. Хэрэв та Д.Хүрэлхүүгийн киног үзэхээр шийдсэн л бол заавал нэг хэсэгт нь огшиж, сэтгэл үймэрч уйлна, дараа нь тэнгэр цэлмэх шиг дотор онгойно гэдгийг мэдэж байх учиртай. Энэ бол түүний гар бие оролцсон киноны бичигдээгүй дүрэм. Тэгж яривал “Гоёлын даашинз” дээр ч гэсэн анх үзэхдээ уйлах шахаж л байлаа. Тийм хэсэг байдаг ш дээ, санаж байна уу? Ингээд та бүхний өмнө “Төлөөс”-ийн хөшгийг нээе. 

Буланд шахуулсан Ц.Номин 


“37-р Точка”-ын эрх бяцхан Солонго “Төлөөс”-ийн гол дүрийг бүтээв. Үсээ тайрчихсан, нүдний харц нь тогтуун, нөгөө эрх хонгор төрхөөс нь юу ч үлдсэнгүй. Айлд хүүхэд асрагчаар ирсэн Халиунаа /Номин/ оньсогоны эзэн. Ер нь жирийн амьдрал дээр хүүхэд асрагч хүнд ажил. Нэг бол гэрийн эзэнтэй “юу яах”, эсвэл хулгай зэлгийд сэрдэгдэнэ. Саяхан л гэхэд нэг хүүхэд асардаг байгууллагын талаар сошиалаар нэг дуулиан дэгдлээ. Хүүхдийг нь муу харсан, ажлаа сайн хийдэггүй, асрагч нь олон солигддог газар л гэнэ. Эсрэгээрээ шүүмжилсэн хүмүүс нь бартераар хүүхдээ харуулсан мөртлөө эцэст нь мөнгө нэхсэн л гэнэ. Ингээд бодохоор  Халиунаа баян чинээлэг айлд асрагчаар ирснээр өөрийгөө ямар эрсдэлд оруулж байгаа нь тодорхой байгаа биз? Киног нь бүтнээр нь ярьж болохгүй учраас тоймлож байна. Их аятайхан төлөвшсөн охидын хажууд заавал нэг сагсаганасан найз охин байдаг. Номингийн хамтрагчаар жүжигчин Золоо тоглолоо. СУИС төгсөөд удаагүй “нялх ногоо”-той харьцуулбал өч төчнөөн кинонд тоглочихсон хуучны жүжигчин. Ядаж хажууд нь оворгүй ойролцоо харагдаж байгаад нь бахархах хэрэгтэй. Гэхдээ л манай Золоод явж явж нэг шоучин дүр л очоод наалдчих юм. Эсрэгээрээ Ц.Номинд яаж ийгээд дотортой дүр таарах. Ямар учиртай юм бол доо? Ц.Номинд онцгойлон баяр хүргэмээр байна. Тэр амьдрал дээр ч кинон дээр ч яг буланд шахуулчихаад байна. Яг л кинон дээр гарч байгаа шиг түүний амьдралын гэрэл унтарчихсан юм шиг санагдаж байсан байх. Гэвч уран бүтээл нь дэлгэцэнд гарснаар дахин нар мандлаа. Тэр маш чадварлаг байна, залуу, халуухан, авьяаслаг байна. Яадаг юм нэг залуу дээр бүдэрч унаа л биз. Алдахаас айгаагүй залуу нас. Тэгээд ч ийм дотортой бүсгүйд сэтгэл алдрах залуус тэрэг тутам байгаа биз. Ер нь урлагийн хүн чинь тэгээд сэтгэлийн дискогоо сул тавьж, өөрийгөө хаяж, өөрийгөө авч байж сая уран бүтээлийн авьяас нь ундардаг даа. 

О.Гэрэлсүх VS Т.Бархүү 


Уг нь бол О.Гэрэлсүх Ромео шүү дээ. Сүүлийн үед л “эвдрээд” байгаа болохоос. “Ларьдма”-гаас хойш харахаар бага зэрэг айдас хүйдэс төрөх болсон хэ хэ. Энэ удаад тэр сайхан залуу биш дурлалт хархүү ч биш харин аавын дүрээр бидэнтэй уулзлаа. Ингэхэд хувийн амьдралын хувьд ямар түүхтэй юм бол гэж бодогдсон. Эцэг хүний дүр төрх энгийн юм шиг мөртлөө яг гаргахад бас ямраар ч буух юм. Их л олон кино үзсэн, “Аав” киноноос хойш харсан хамгийн сайхан аав байлаа. Сэтгэл хөдлөм. Аав хүн ер нь таагдашгүй оньсого мэт, бодол нь ил харагддаггүй, гэхдээ бүгдийг мэдэж чадаж байдаг их сонин ертөнц. Аавтай хүн бүтэн байдаг, жаргалтай, бардам байдаг. Гэхдээ л аав шиг аав нийгэмд цөөхөн байгаагийн эсрэг О.Гэрэлсүхийн дүр хүн болгоныг сайхан аав болохыг хүстэл байлдан дагуулах шинжтэй. Т.Бархүү гол дүр. Бүгдийг зохицуулдаг супер менежер. Урд урдны Бархүү бас л энд алга. Харц нь илүү няхуур, гүн гүнзгий алсын харааг илтгэж байна. Товчхондоо Солонгос сериал дээр гардаг супер туслахууд байдаг даа, тэд нар шиг л гэж бод. Үзэхээрээ аяндаа ойлгоно таануус. Т.Бархүү үнэхээр дүрийг тултал бүтээх юм. Гайхалтай ч юмаа даа. Энэ хүнээс юу гарахыг, ямар дүр бий болгохыг магадгүй өөрөө ч мэддэггүй байх. Мотор асах үед мэдрэмжээрээ тоглоод нэг мэдэхэд ард нь гарчихсан өөрийгөө ч таньж ядан суудаг байх. 

Агуулга


Бид үргэлж аз жаргалынхаа төлөө төлөөс төлж амьдардаг. Төлөхгүй байх боломжгүй. Төлөөсөөс хэн ч зайлж чадахгүй. За яахав жаргахаа болилоо, төлөөс ч төлөхгүй гэж бодвол яах бол? Уучлаарай амьдралд бидний дур зоргоор болох зүйл маш цөөн. Хэтийдсэн шунал, бусдыг гүтгэх, доромжлох тэрүүгээрээ хоолоо олж иднэ гэдгээс үргэлж зайлсхий. Наанадаж эрүүл мэнд, цаанадаж амь нас, эргэн тойрны хайртай хүмүүс чинь бэртэнэ. “Төлөөс” тэрийг л хэллээ. Бас нэг хөшигний ард байдаг, бид ярихаас ч айдаг өөр нэг өнцөг бол хар тамхи. Кинонд зоригтой тусгажээ. Дотор хирдхийх мэдрэмж төрсөн. Ийм ертөнц байдаг гэж үү, итгэмээргүй юм гэж бодсон ч гэсэн бодит байдлаас хэд дахин зөөллөж харуулсан байх гэхээс зүрх савлаж байна. Өөрийгөө хянаж чадахгүй, өрөөлийг ч хянаж чадахгүй, нэг орвол гарч чадахгүй чөтгөрийн тойрог. Өрөнд орсноосоо болж яах ч учраа олохгүй алхам хийж байгаа Номин /Золоо/ шиг охид бүсгүйчүүд олон бий. Тэр замаар яваад амьдрал нь жаргалтай төгссөн нэг ч хүн байхгүй. Зардаг нь ч авдаг нь ч ... Бодууштай л юм. 


Даваа гаригийг их л өндөр сэтгэлийн дискотой эхэлж байна. Маш сайн уран бүтээл туурвисан “ХҮҮК фильм”-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Их зүйл бодогдсон, ухаарал хайрласан, утга уянгатай дахин үзсэн ч уйдахааргүй кино болжээ. Энэ нийгэмд заавал байх ёстой кино. Өнгөрсөнд амьдрал хагарсан бүтэн биш байж болох ч ирээдүйд дүүрч болно. Таны, миний ирээдүй яг өнөөдрөөс одоо цагт эхэлж байна. Хамгийн хайртай зүйлээ, хүнээ өөрийнхөө буруугаас болж алдсан бол хэд дахин өндөр төлөөс төлж байж эргүүлж авах болно. Тиймээс одоо цагт байгаа бүхнээ хайрлаж чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй. “Төлөөс” ийм л мессэж өгч байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)