Best of Г.Ундармаа! Төгсгөлгүй эхлэл 
2020 оны 10 сарын 19


Эцсийн эцэст сонгууль ч энэ хүний дуулиан шуугиант уран бүтээлийг тоосондоо дарж чадсангүй. “Single Ladies-4” кино түүний дараагийн шинэ алхмын эхлэл байлаа. “Төгсгөл ба Эхлэл” гэдэг нь тэр зөвхөн өөрөө өөртөө хэлсэн үг байж. “Ундармаа одоо болиосой, Сингл лэдис ямар ядаргаатай юм, нөгөө л хэдэн юм ...” гэсэн үгс энэ удаад бүр ч тод чарлаан шиг сонсогдож байв. Гэхдээ хэнд хамаатай юм? Г.Ундармаа заавал хэн нэгэнд таалагдах, алга ташуулах албагүй. Ер нь бүх хүнд энэ үг хамаатай агаад, утгыг нь ойлгочихвол хэзээд амьдралынхаа тухай тухайн үед төгсгөл хийж, шинээр эхэлж болно. Киногоо үзэхийн хувьд эрт үзсэн ч сонгуулийн дуулианд дарагдчих вий гээд нийтлэлээ өнөөдөр оруулж байна. 
 

Шинэ ногооны салатнууд 
Г.Ундармаа “ТюТю” киногоороо ОХУ-д суралцдаг Цэрэндолгор бүсгүйг дебют хийж гаргаж ирсэн. Түүнээс өмнө хэн ч танихгүй байсан зурган дээр гоё гардаг охин л байлаа. СГЗ Л.Балхжавын бэр болж, фэшн блоггер хийсэн хэвээр, “Яг түүн шиг” шоуны тайзан дээр гарч амжсанд Г.Ундармаагийн хийсэн алхам, уран бүтээлийн нэр хүнд нөлөөлсөн гэчихэд хэтрүүлэг болохгүй. Тэгвэл “Амьдарлоги” кинонд Гэгээнхүслэн буюу Янжиндуламыг гаргаж ирсэн. Зайсанд хувцасны дэлгүүр ажиллуулж Н.Энхбаярын хүү, сонгуульд хоёронтоо өвдөг шороодсон Э.Батшугарын болзоот бүсгүйгээр тодрон бужигнуулж чадсанд кинонд тоглосны үр шим бас нөлөөлсөн гэж болно. Товчхондоо Г.Ундармаагийн гараар орсон шинэ залуус амьдралд хөлөө олох нь хурдан байгаад байна. Сингл лэдис гуравт тоглосон Хадаан бүсгүй одоо та бүхний сайн таньдаг, крашладаг болсон Сансармаа. Тэгвэл дөрөв дэхь цувралт эрэгтэй, эмэгтэй хоёр залуу шижигнэн гарч ирлээ. Боргууль дүрд тоглосон цоо шинэ залуугийн хагас нүцгэн зургууд амралтын өдөр шуугиан тарьж байна. Түүний хосын дүрд тоглосон өвөрмөц төрхтэй, тулаанд гаргууд сэлэм эргүүлдэг охин одоо анхаарлын төвд орж ирлээ. Браво, Ундармаа!

Их хайр их золиос 
Ари хэнтэй суух бол? Ер нь та бүхний сингл найзууд, хэрэв та өөрөө сингл явсаар байгаа бол хэнтэй суух бол? Нэг тийм үлгэрт гардаг ханхүү, гүнж шиг биш ч гэсэн өдөр тутамдаа халамж хайр тавьж байдаг, сэтгэл татам хүмүүсийн хажуугаар нүдээ аниад өнгөрөөд байгаа юм биш биз? Ари ч гэсэн хэтэрхий холоос хайраа хайж байснаа энэ анги дээр ойлгож байна. Магадгүй өөрийнх нь амьдралд бас ийм үе байсан юм биш байгаа? Урлагийн сайхан бүсгүй, тайзны од, тоо томшгүй олон краштай Ундармаа амьдралын ханиараа даруухан залуу сонгосон. Түүний нөхөрт сэтгэл татах утга уянга байж. Анги болгондоо нөхрийнхөө хэлдэг үгнээс шигтгэж байсныг та бүхэн анзаарсан байх. Гурав дээр “Хүүе ээ хөл дээр гишгичихлээ?”, “Чи хүн биш сахиусан тэнгэр ш дээ” гэдгийг санаж байна уу? Энэ жишээ нь нөхрийнх нь хэлдэг үг гэж ярьж байсныг тод санаж байна. Тэгээд л хайртайгаа учрах хүртлээ төөрч будилж алдаж онож явсан амьдрал энэ бүсгүйд байсан байх. Аргагүй насны даац, амьдралыг таньсан хүний ухаанаар энэ ангийг бүтээж Аригийн хайр дурлалд шинэ эхлэл тавьжээ. 


Юун түүхэн кино вэ?
Г.Ундармаа түүхэн сэдэвтэй киног ингэж сайн хийнэ гэж хэн зүүдлэх вэ дээ. Ёстой түүнээс алс хол ертөнц шүү дээ. Мэл гайхсан би л лав. Түүнд бас ийм талст, ийм өндөр вкус байсан юм байна. Маш уйтгартай байж болох сэдвийг маш хөнгөхөн хөөрхөн гэхдээ ньюанстай амилуулж чадлаа. Тэр эртний баатруудын дүр төрх, хувцас хэрэглэл, хэл яриа ... Донжтой. Манай жанжин бас дажгүй байсаан. Кино болгоны тулаант хэсэг дээр явдаг, хэрэв би эндүүрээгүй бол саяхан “Мулан” руу оролцсон монгол жүжигчдийн багийн бараг ахлагч билүү? Хүнд зураг авалт, үзэгчдэд ойлгуулахад амаргүй өнцөг, гэхдээ орчин үеийн хөгжилтэй байдлыг хадгалах ёстой. Г.Ундармаа түүний баг хамт олон чадсан. Хэний ч зүүдэнд оромгүй төгсгөл ба цоо шинэ эхлэл байлаа. 
Тэр ...


Сайхан хэнэггүй хүн дээ. Нэг харахад тэнгэрийн дагина шиг үзэсгэлэнтэй, нөгөө харахад тослогтсон үстэй будаггүй лайв хийж л сууна. Г.Ундармааг ямраар ч томъёолох барих аргагүй. Тэр өчигдөр нэг өөр өнөөдөр нэг өөр дүр төрхөд хувирч чадна. Баримлын шаврыг хэвэнд оруулдаг шиг нэг харахад бондойчихсон нөгөө харахад хамаг жингээ хаячихсан зогсож байна. Турах таргалах, хувирах, өөр өөр уран бүтээл “машиндах” энэ хүнд ер нь юу ч биш юм. Сингл бүсгүйчүүдийн замаар гэр бүлтэй бүсгүй алхсан найман жил. Киногоо хийх явцдаа синглүүдийн амьдралыг их л судалсан бололтой. Бололтой ч биш нарийн судалжээ. Олон хүүхэдтэй нэгэн ээжид гуравдугаар ангийнхаа хачин тансаг гоё гэрийг бэлэглэж нүдэндээ нулимстай зогссоныг санаж байна. Энэ дөрвөн ангийн ард өөрөө уярч, өөрөө ухаажиж, өөрөө шантарсан, сэтгэл нь эмтэрсэн өдрүүд олон байсан биз. Яг үнэндээ сингл бүсгүйн амьдрал үргэлж баяр хөөртэй байдаггүй билээ. Ганц бие бол сайхан амьдарна, гэр бүлтэй бол сайхан амьдарна гэсэн жор амьдралд байхгүй. Та ямар жорыг амьдралдаа хийв, тэр чинь л таны амьдралын чин үнэн. Гэхдээ зөвхөн өөрийгөө аз жаргалтай байх хангалтгүй. Бусдын төлөө, бусдад баяр хөөр бэлэглэхийн төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Г.Ундармаа тийм байж чадлаа. Түүний дараагийн судлах бидний амьдралын өнцөг юу бол? Тэсэн ядан хүлээж байна, Ундармаагийн шинэ эхлэлийг ... 
У.Цахирмаа 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)