“Waiting for the Barbarians”: Юу ч гэхэв ЦЭГ!
2020 оны 8 сарын 24

“Жонни Депп нөгөө Ганчимэг хоёр унтсан уу?” кино үзэж амжаагүй хүмүүсээс хамгийн түрүүнд ирсэн асуулт. Хариулъя. Ингэхэд бидний бэлгийн боловсрол хаа хүрээд зогсоод байгаа билээ? Кинон дээр манай бүсгүйн хөлийг Марк Райлэнс угаагаад, илж таалаад тэврээд унтаад байгаа хэсэг уг нь хамгийн эротик, хүний сэрэл мэдрэмжийн бас нэг дээд хязгаарыг харуулсан агшин байж. Зөвхөн бүсгүй хүний хөлийг харж, хүрч таашаал авдаг эрчүүд байдаг. Тэр нь бүсгүйдээ бол тун гунигтай мэдрэмж. Эцэст нь өөрийг нь хөлөө хугалуулчихсан гудамжинд орох оронгүй гуйлга гуйж байхад аварсан ноёнтонтой цаашдын амьдралаа холболгүй нутагтаа үлдсэн. Гэсэн ч бүсгүйгээ зүүдлэн мөрөөдөж ямар ч нөхцөлд олж харсаар байгаа тэр сэтгэлийг хайр гэж нэрлэж болно. Манай Марк гэхдээ хүүхний тэнгэртэй эр ээ. Жентельмэн, бүсгүйчүүдтэй тун эелдэг харьцдаг түүнд бүсгүйчүүд дурлаастай, яаж доошоо орсон ч хайрлаастай. Харин зүгээр өөрийнх нь авах таашаалд бүсгүйчүүд хүрдэггүй болохоор нандин эр хүн хэвээр үлддэг юм шиг байгаа юм. Браво! Сонгодог зохиолын гайхамшиг энэ. Бараг л эр хүн бүсгүй бүр дээр бүдэрч унах ёстой, тоогоо гүйцээ, тэгээд болсон бол эр хүн эр хүнтэйгээ “юу яа ...” гэж задгайрдаг соёлт нийгмийнхэн ор хөнжлийн асуудлаа өөр өнцгөөс харах цаг ирснийг киноны энэ хэсэг санууллаа.

Өнгөрсөн 7 хоногт ковидын урт хугацааны хүлээс суларч кино нээлтэнд явах боломж тохиосон юм. “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино нээлт хэрхэн нижгэр сайхан болсныг таануус фэйсбүүкээр нэг харж суугаа. Дээр нь нэмээд хэлэхэд босоо хүлээн авалт, гарын бэлэг, ирсэн бүх зочид гоё зурагтай үлдэх боломж гээд ширхэг ч өө сэвгүй нямбай зохион байгуулжээ. Гэм нь танхим агааржуулалт муутай, стандарт хангахгүй байсан байж магадгүй. Гэхдээ кино нь чухал учраас өөлж гоочлохоо түр алгаслаа.

Монгол хэл Холливудад гарцтай боллоо!

Бодоод байхад хазгай мурий, тэв тэгшхэн ч байсан англи ч юм уу гадаад хэлээр ярьдаггүй монгол кино ховор. Бид тэглээ гээд зөвшөөрөл авдаг билүү? Кинондоо танай хэлийг ашиглалаа, зөвшөөрөөрэй гэж бичиг сачиг шидэж суудаггүй байх. Глобалчлагдсан өнөө үед монгол хэл сая нэг гадны кинонд орж явчихлаа. Их содон санагдаж байсан. Дээр нь монгол бүсгүй гол дүр бүтээж манай АЖ Цэрэндагва, МУГЖ Гүрсэд нар дүр бүтээж найруулагч Гарамханд гар хуруу, бодол оюунаа нэмэрлэсэн байна. “Солиот эх”-ийн Бороо хүү Дөлгөөн-Эрдэнэ Сибирийн хус шиг өндөр залуу болж.

Холливудын кинонд ороод гарлаа, энэ хүүг гялалзсан ирээдүй хүлээж байна. Гадаадад байгаа монголчууд үргэлж хар бор ажилд нь гар хурууны үзүүрт зарагддаггүй соёлт хүмүүстэй мөр зэрэгцэн урлаг бүтээж явна гэдэг өөрөө сайхан зүйл. Үгээр хэлж үзгээр бичимгүй тийм сайхан. Монгол хэл одоо дэлхийн хэл болох нь хаашаа юм. Гэхдээ л ингээд ч болов Чингис хаанаас нь гадна дахиад нэг зүйлээр дэлхий ойлгож мэдэрч байвал болоо ш дээ. Нэг кино хийхдээ л нэг хэл зохиочихдог Холливудынхан чинь агуу амьтад. Тэнгэр газар шиг ялгаатай ч гэсэн урлаг биднийг ийнхүү ойртууллаа.

Монгол бүсгүйн үзэсгэлэн

Ямар ч будаггүй, хиймэл сормуусгүй, ботоксгүй, ориг давхраатай зүгээр л өөрөөрөө Б.Ганчимэг үзэгчидтэй уулзлаа. Түүний дүр их хүнд дүр. Зүгээр нүд хуураад өнгөрдөг гоё ганган хувцасны цаана жүжигчин нь дарагддаг үзэж дадсан киноноос тэс өөр. Эх хэл, англи хэлээрээ хольж ярьж байна. Ямар ч шалтгаангүй зөвхөн зэрлэгүүд, нүүдэлчид гэдэг шалтгаанаар шоронд баригдаж ирээд аавыгаа алуулахыг харж өөрөө тамлагдсаны эцэст явж чадахгүй суга таягтай хотод үлджээ. Модель, гоё төрхөөр нь бид бүсгүйчүүдийг харах дуртай. Магадгүй тэд маань ихэнхдээ бидэнд тааруулж хүсдэггүй мөртлөө дотор мөн чанараа харуулж чадахгүй будаж шунхаддаг юм биш байгаа. Б.Ганчимэг хэнд ч таарч тохирох гэсэнгүй. Хүнд дүрийг маш амжилттай гаргаж чадлаа. Угаас энэ кино түүний анхны бүтээл биш. Би хувьдаа түүнийг Монгол Иоко Онно л гэж нэрлэчих гээд байгаа. Ази бүсгүй мөртлөө нэг л сонин уянга түүнд байдаг. Маш хүчтэй энерги энэ хүнд байна. Орчин цагийн хүүхэлдэй шиг бүсгүйчүүдийн эринд цоо шинэ давтагдашгүй дүр төрх имиж түүнээс харагдаж басхүү соронз мэт татаж байна.

Хэн хүснэ, тэр өөрөө ЗЭРЛЭГ ...

“Карибийн тэнгисийн дээрэмчид” киногоороо бидний танил хөнгөмсөг хөгжилтэй Жонни Депп хамаг амьтны зэвүүг хүргэж тэвчээрийг барсан хурандаагийн дүрийг бүтээжээ. Манай цасан цагаан Роберт Паттинсон ч яахав эрэг шураг л даа. Орчин цагийн айхтар зэвүүн гүйцэтгэгчийн төрхийг түүнээс олж харж болно. Цэрэг хувцас сайхан зохиж байна, харахад гоё. Жонни Деппийн дүрээр төлөөлүүлэн хэзээ ч тайван амьдарч чаддаггүй ямар нэг дайсан олж түүнтэйгээ тэмцэлддэг бидний төрхийг харуулжээ. Би хэлж байгаа юм биш, зохиол нь өөрөө тийм юм. Зүв зүгээр мөрөөрөө явж байхад нь зэрлэг балмад гээд барьж хориод тамлаад байвал өт хүртэл биендээ хүрэхээр атирна гэгчээр хариу үйлдэл үзүүлнэ ээ дээ. Боловсролтой, олон ном уншсан цэвэр цэмцгэрийн туйл болсон Жолл хурандаа дотроо байгаа адгууслаг хүслээ хооллож, өөрийгөө ертөнцийн эзэн мэтээр төсөөлж нэгэн буйдхан тосгоныг дайны талбар болгож орхилоо.

Уучлаарай, та ч гэсэн хэн нэгний амьдралыг сүйтгээгүй биз? Найз найз гэчихээд үргэлж бөгсийг нь ухна, энэ л надаас дээшээ гарчих вий гэж өөрөө ямар ч хөдөлмөр хийхгүй мөртлөө бусдынхаа зам мөрийг хаана. Бүр болохгүй бол “Тэрийг л чадчих юмсан” гэсэн сэтгэлээр хараал жатга хийнэ. Нэг ньь сайхан гэр бүлтэй элэг бүтэн байвал бусинуулах гэж оролдоно. Өөрийнхөө буруугаас болж алдсан алдаагаа хаа хамаагүй тээр тэнд сайхан амьдарч яваа хэн нэгний буруу болгож наахыг хичээнэ. Ичмээр ч юм шиг, зөвхөн нэгийг нөгөөд муулж бөгс ухсныхаа төлөө таваг хоол олж иддэг хүмүүс бүх салбар, бүх давхаргад байсаар байна. Энэ бол чимээгүй дайн.

Өөрийгөө бүхнээс дээгүүр гэж төсөөлж хүнийг нохойноос дорд үзсэнийхээ шийтгэлийг хэн ч байсан заавал амсана. Жолл хурандаа ч тэр амьдралын гашуун үнэнийг туулсан, гундсан.

Алтан сайхан хүмүүн заяа, эцэг эхийн буянаар сурсан мэдлэг боловсрол, хувь тавилангаа галдан шатаах уу гайхамшигтай өв тэгш авч явах уу? Таны л дур. Их олон салаа мөчиртэй, өгүүлэмж бүхий кино. Та бүхэн үзээд нэгийг бодож хоёрыг тунгаана. Гэхдээ лав л хэн ч зэрлэг болохыг хүсэхгүй байх.

Муулах, байгаа юмыг устгах, нураах бусинуулах амархан. Бүтээх босгох, шинээр хийх, цааш нь зам жим гаргах хэцүү. Үүнийг л ойлгоорой гэж кино “хашгирч” байна. Ойлгохгүй муйхар хэвээрээ үлдвэл тэгээд одоо юу ч хэлэх вэ, ЦЭГ гэж “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино хэлж байна билээ.

У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (32)
  • 10-30 17:38
    Retweet (11)
  • 10-30 17:30
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 10-30 17:01
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:21
    Retweet (3)
  • 10-30 17:54
    Retweet (2)
  • 10-30 17:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)