Ч.УНДРАМ: Эхнэр, нөхөр хоёр хоорондоо нэг хэл дээр ярьж чадвал амьдрал сайхан байна
2020 оны 8 сарын 18

Доктор, профессор Ч.Ундрамыг зурагтаар харж, хэвлэлээр уншихаас гадна бодитоор нүүр тулан хоёр удаа уулзаж байсан байдаг юм. Би МУИС-ийн төгсөгч л дөө. Ямар залуухан захирал вэ гэж бодоод өнгөрсөн. Ярилцлага авахаар очихдоо айхтар боловсролтой эмэгтэй ухаанаараа дарамтлах вий гэсэн айдас байсныг нуухгүй. Бодсоноос энгийн, түс тас, шулуун яриатай эмэгтэй байлаа. Ч.Ундрам Сэлэнгийн охин, онц сурлагатан байгаагүй, гахай тахиа маллачихдаг, гэрийн ажилд гаргуун айлын том охин, стүжин, тахианы өндгөнд нугасгүй, гэртээ бараг өрхийн үйлдвэрлэлээрээ хөргөгчөө дүүргэчихдэг ажилтай арчаатай эзэгтэй юм байна. Завсар зайгүй сурсан он жилүүд дундаа сүй тавьж ээж болж амьдрал, карьераа хоршуулан хөтөлж чадсан түүний тактик бүсгүйчүүдэд тун чухал идеа өгөхөөр. Хүн болгон тэнгэрлэг, хүн болгон Гранд оршихуйтай. Тэр талстаа харин хэрхэн гялалзуулах вэ? Бид тэр талстыг хамтдаа хайсан.

-Үе үеийн эрдэмтэн докторуудын өлгий МУИС-аар овоглодог Ундрамтай уулзаж байгаадаа баяртай байна. Та Сэлэнгийн охин юм байна. Таны Википедиа-гийн танилцуулга дээр “хөдөөний” тодотгол харагддаггүй. Доктор гэдгээс өөр мэдээлэл бараг байхгүй, тэнгэрээс буусан юм шиг сүрдмээр дүр зураглалтай шүү?

-CV дээрээ Америк, Англи, Японд сургуульд сурсан гэх мэт албан мэдээллээ л бичдэг, яг хувийн мэдээллүүдээ бичих орон зай байдаггүй юм байна. Магадгүй, хэрвээ боломж олдвол 50, 60 насандаа өөрийгөө хувь хүн талаасаа илүү бичих ёстой юм байна гэж бодож байгаа. Би бусдын л адил картын бараанд очерлож, ээж аавтайгаа тарваганы арьс элдэж, амьдралын зовлон жаргалыг туулж алдаж оносон хүн. Чамгүй хугацаанд нөхөрлөсөн найз маань намайг саяхан л Сэлэнгэд гахай хооллоод, тахианы өндөг хайгаад явж байсныг мэдээгүй байх жишээтэй. Аав ээж маань ОХУ-д оюутан байхад би төрсөн. Намайг 4, 5 нас хүртэл аав маань гидрогеологичоор ажиллаж, сумдад худаг гаргах асуудлыг хариуцдаг байв. Дараа нь Полийн дээдийн багш болоод манайх хот руу нүүсэн. Аав зун урт амралттай үеэрээ бас халтуур хийнэ. Айлын хашаа хороо босгож өгөх, худаг гаргах гээд чаддаг бүхнээ хийгээд хэдэн төгрөг олох гээд аав ээж хоёр амьдралын төлөө зүтгэнэ. Тэгж явахдаа намайг авга ахынд хүүхдүүдтэй нь үлдээчихнэ. Би тэнд хүүхдүүдтэй гэрийн ажил хийнгээ амарна. Аавын зун ажиллаж олсон хэдэн төгрөгөөр гэртээ хивс авч байлаа. Манайх тиймэрхүү л амьдралтай байсан. 90-ээд он, айл болгоны амьдрал хэцүүдсэн үед аав ээж арьс элдээд Орос руу гаргаж зарж байв. Хүн болгон хичээж байсан тэр үед би хуучин ноосон хувцсаа хөвөөд шинэ утастай холиод оймс нэхэж зардаг байсан. Би оймс, өмд цамц үйлдвэрийн машинаар нэхнэ, тэрийг нь ээж маань найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстээ зараад хөөрхөн хэдэн төгрөг болгочихно. Аав ар гэрээ багшийн цалингаар тэжээж чадахгүйд хүрээд ганзагын наймаанд явсан. Ингээд манай гэрийн санхүү арай гайгүй болж эхэлсэн үед ээж зөвхөн онгоцны зардлаа төлчихвөл Америкт очоод айлд хүүхэд шиг нь амьдарч, улсын сургуульд сурах боломж байдаг юм байна, миний охин тэр хөгжилтэй оронд очиж, юм үзэж нүд тайл гээд намайг бүртгүүлсэн юм. Тэгээд шалгалт өгөөд явсан. Очоод эхэндээ маш хэцүү байсан. Дөнгөж 15-хан настай охин гэрээ санана. Ээж аав сардаа нэг удаа Төв шуудан дээр очиж цаг аваад над руу залгадаг. Миний төрсөн өдрийн бэлгийг бараг гурван сарын өмнөөс илгээх хэрэгтэй. Хүлээж, хүлээж авсан тэр ноолууран цамц, зураг, захиаг аваад баярлаад их уйлж билээ. Хүний нутагт нэг ч Монгол хүн байхгүй, хичнээн хэл сураад очсон ч тэндээ гологдоод л... Дараа нь Англид очихдоо арай өөр болчихсон байсан. Англи явуулахын тулд ээж, аав маань 3 өрөө байраа зарсан. Аав надад би гадаадын иргэн бэлтгээгүй, гадаад хүнтэй сууж, гадаадад амьдарна гэсэн ойлголт байхгүй гэж хатуу анхааруулсан. Ээж “Чи 3 өрөө байрны мөнгө олж ирээрэй” гэсэн. /инээв.сэтг/ Гэтэл тэр гурван өрөө байрны мөнгө нь миний хагас жилийн төлбөр, онгоцны билет, ойр зуурын хэрэглээ л болж байгаа юм. Англид янз бүрийн ажил хийсэн. Хичээлийн бус цагаар орой үдэш, хагас, бүтэн сайнаар бармен, шинэ жилээр бол зөөгч хийнэ. Баяр ёслолоор ажиллавал цалинг 2,3 нугалж өгдөг болохоор нэг ч удаа шинэ жил тэмдэглэж үзээгүй. Дараагийн хагас жилийн төлбөр бүх асуудал миний толгой дээр байсан. Англид бакалавраа хамгаалаад төгсөхөд ээж маань ирсэн. Анх Англи явахад нь авч өгч байсан хувцсаа бүр өнгийг нь гандтал, сэмэртэл өмсчихсөн, яг тэрэнтэйгээ зогсож байхыг хараад их өрөвдсөн гэж хожим хэлж байсан юм. Миний хувьд гоё, тансаг, жаргаж байгаагүй ч, маш хатуу капиталист нийгэмд онц сураад ирсэн. Японд бол Японы Засгийн газрын тэтгэлгээр докторт сурсан. Сургалтын төлбөр, замын зардал, стипенд, бүр аялах мөнгө хүртэл өгнө. Японы Засгийн газар, татвар төлөгчдийн мөнгөөр сурсан. Би үргэлж Япон хүмүүст талархаж явдаг. 

-Онц сурлагатаны комплекс танд ер нь байсан уу?

-Би онц сурлагатан байгаагүй шүү дээ. Өөртөө чухал гэж бодсон хичээлдээ их цаг гаргадаг байсан. Миний амьдралд чухал биш гэсэн хичээлдээ сайн авчихна. Онц сурсангүй гээд хямарч байгаагүй. Би бүх хичээлд онц сурч чадахгүй, надад тийм потенциал байхгүй. Гэхдээ тэрэндээ сэтгэл хангалуун байсан. Дараа нь гадаадад сурахдаа ч гэсэн сайн авч л байсан. Японы Засгийн газрын тэтгэлэг яагаад намайг сонгосон гэхлээр математик, хэлний шалгалт авсан. Хоёр дахь даваа нь ярилцлага. Миний хандлага, очоод хичээлээ хийх юм уу үгүй юм уу, энэ хүүхэд тэнээд алга болчих юм биш биз гэж хүмүүжлийг нь харах гэж ярилцлага хийж байгаа юм. Очоод судалгаа хийгээд багштайгаа харьцаад хажуугаар нь япон хэл сураад докторынхоо шалгалтанд бэлдсэн. Тэр хооронд намайг мянган хүн ажиглаж байгаа. Үнэхээр хичээлдээ явж байна уу, таслаж байна уу, хичээлээ хийж байна уу, хичээж байна уу, хандлага нь сөрөг юм уу эерэг юм уу гээд. Тэгээд эдийн засгийн сургуулийнхаа докторын курст тэнцээд дахиад ярилцлаганд тэнцээд миний тэтгэлэг сунгагдаж байгаа юм. Боловсрол сертификат, дүнгээр хэмжигдэхгүй. Би Харвардын их сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микро экономистикийн институтийн Монгол дахь координатороор ажиллаад 10 шахам жил болж байна. Тэнд очоод заах арга зүйн сургалтанд сууж байхад ангийн бүх хүүхэд онц сурна гэж байхгүй нормаль тархалттай байх ёстой гэж үздэг юм билээ. Харвардын өндөр төлбөртэй сургуульд хичээж, хичээж очсон хүмүүс дундаас муу тавих хүн олддоггүй гэнээ. Заавал хэд нь муу байх ёстой гээд багш нар нь муу тавих хүнээ хайгаад зовдог гэсэн. Бүгд хичээдэг, бүх юмаа зориулдаг.

-Гадаадад сураад ирсэн ганган CV, гоё дипломтой хүмүүс хөрсөн дээрээ бууж чадахгүй байгаа буруугаа Монголын нийгэм рүү чихдэг. Улсаа муулах миалах энүүхэнд. Та ч тийм хүмүүсийг харж л байсан байлгүй?

-Би докторант байхдаа ямар их зүйл мэдэхгүйгээ мэдэрч эхлээд сэтгэлзүйн хувьд их хэцүү байсан. Тийм учраас өнөөдөр би онгирох эрхгүй. Би юу ч мэдэхгүйгээ мэднэ. Сурч мэдсэн, гадарладаг болчихсон зүйлсээ нэвтрүүлж, хувь нэмрээ оруулъя гэж хичээж яваа л хүн. Гадаад дотоодод сурсан гэлтгүй бид улсдаа өртэй хүмүүс. Би татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон улсын цэцэрлэгт явж, сургуульд сурсан, эмнэлгээр эмчлүүлсэн. Миний аюулгүй байдлыг хангаж цагдаа нар ажиллаж байсан, хилийн цэргүүд ажиллаж байсан. Би үнэгүй өчнөөн хангамж авч амьдарсан учраас энэ улсад өртэй. Сурч, сурч байгаад ирсэн би тэтгэвэрт гартлаа өрөө төлөх ёстой. Хойч үедээ сайхан нийгмийг үлдээхийн төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, сайхан ирээдүй бүтээхийн төлөө энэ өрөө төлнө. Би Монголын хөрсөн дээр ургасан. Хөрсөө сайжруулж тордмоор байна.  Америкт ургаад, өсөөд тэндхийн хамаг нийгмийн халамжийг нь хүртээд хүн болчихсон бол тэндээ үйлчлэх байлгүй. Би энд ургасан болохоор эндээ л үйлчилнэ. Тэр хүмүүс ч тэгж бодож юмыг гүнд нь тултал ойлгох ёстой. 

-Та хэдий доктор ч гэсэн таны дээр удирдлага бий. Та удирдлагатайгаа яаж харьцдаг вэ. Ажил хийж байгаа юм шиг дүр эсгэдэг, удирдлагаа таалагдах дүрд тоглодог хүмүүс дийлэнх нь. Магтаад урамшуулчихаар толгой дээр гарч суух гэнэ, дарамтлах бас тиймхэн. Ер нь доор ажилладаг хүмүүсээ хэрхэн удирддаг вэ?

-Менежментийн шинжлэх ухаанд бүх оролцогч талуудад тухайн зорилтот бүлгүүдэд тохирсон байдлаар тайлангаа тогтсон хугацаанд тавих ёстой гэсэн зарчим бий. Олон нийтэд хэвлэл мэдээллийг ашиглаад хийсэн ажлаа тайлагнаад байвал яг зорилтот харилцагчид маань намайг ойлгохгүй гэх мэтчилэн сонирхлын бүлгээр нь бүлэглээд хэнд нь ямар хугацаанд тайлан тавих ёстой вэ гэдгээ заавал ажлын багцдаа оруулах ёстой юм гэдгийг туршлагаасаа мэдэж авсан. Би аль болох зөв зохистой, зөв форматаар, тохирсон хэлбэрээр тохирсон хугацаанд тайлагнахыг хичээдэг. 
Эрт дээр үед хүний эрх ярихаас өмнө хүмүүсийг боолчилж, ташуурдаж өлсгөж үхүүлэхгүйн тулд хооллосон болж ажиллуулдаг байсан. Өнөөдөр бид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Надад ийм ур чадвар байна, чамд зориулъя, оронд нь надад амьдрах мөнгө, амьдралын баталгаа хэрэгтэй  гэдэг ч юмуу. Хөдөлмөрийн гэрээндээ аль аль тал нь сэтгэл хангалуун байх ёстой. Би жишээлбэл чамайг ажилд авах гэж байгаа бол чамд ямар ур чадвар, ямар хэмжээтэй байгааг мэдэж авах ёстой. Тэрийгээ чи надад үнэнээр нь хэл. Чадахгүй зүйлээ чадна гэж хэлж болохгүй. Энэ бүх харилцаа эхнээсээ тодорхой байвал бие биенээсээ хүлээх зүйл нь тодорхой болчихно. Хоёулаа ямар насан туршийн авгай нөхрүүд болж байгаа биш. Нэг нэгнээ бодоод шударгаар дүгнээд хоёулаа энэ харилцаанаас ялах ёстой. Манайхан тэгдэггүй. Шууд гэрлэчихсэн юм шиг бодоод л бие биенийгээ гомдоогоод яваад байна, хамгийн сүүлд үзэн ядаад салдаг. Зүгээр л хоёулаа иргэний эрх зүйн хувьд гэрээтэй харилцаанд орж байна. Үнэхээр цалингаа нэмж чадахгүй байна гэвэл хоёулаа тохиролцох ёстой. Хэлэлцээрийн шатанд өөрийгөө үнэлүүл, нөгөө тал нь бас өөрийнхөө шаардлагыг тавих ёстой. Хоёулаа win win байж сайхан амьдарна шүү дээ.

-МУИС-ийн түүхтэй харьцуулахад та хэддүгээр шатлалын хүн байсан бэ. Харьцангуй залуу насандаа өндөр албан тушаал хашчихлаа гэж хараад байгаа юм?

-МУИС 1942 онд байгуулагдсан, 78 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд 12 ректор ажилласан, бүгд эрэгтэй. Удирдлагад нь 3-4 дэд захирал ажилладаг. Тэндээс би 3 дахь эмэгтэй дэд захирал нь, эмэгтэйчүүдээсээ хамгийн залуу нь ч гэсэн би өөрийгөө нэг их залуу биш гэж бодож байгаа. Зарим багш нарт би “Та хэдтэйдээ доктор хамгаалсан бэ? Доктор хамгаалаад хэдэн жил болж байна, би доктор хамгаалаад 10 жил болж байна. Хоёулаа докторынхоо насаар яръя” гэж хэлж байсан үе бий. Эрдмийн зэрэг цол, албан тушаалаа яривал би нэг их залуудахгүй. Би чинь эдийн засгийн ухааны доктор шүү дээ. 

-Би танаас бусдыг, нийгмийг хурцаар шүүмжилж болохуйц  асуулт асуухад та эвийг нь олоод огт шүүмжлэхгүйгээр хариулж байгаа чинь сонин санагдлаа. Боломж гарвал шүүмжлэхэд бэлэн болсон нийгэмд бас ийм хүн байна аа гэж гайхах ч шиг. Та их шүүмжлүүлдэг. Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? 

-Би 26 настай  МУИС-ийн багшаар ороод 27 настай тэнхимийн эрхлэгч болохдоо насаар хамгийн бага нь мөртлөө 40, 50, 60 настай профессоруудыг удирдаж ажиллаж байсан. Амаргүй, зөндөө шүүмжлүүлэх юм гарна. Тэр болгоныг хүлээж аваад өөрийгөө засаад урагшаа явахыг бодно. МУИС гэдэг тэр том оюун ухааны их уурхай намайг үнэхээр боловсруулж өгсөн. Дахиад нэг их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж байгаа юм шиг санагдсан. Зүгээр шүүмжлэхийн тулд шүүмжилдэг хүмүүс, эсвэл  унагаахын тулд, халуулахын тулд, надад зүгээр л дургүй гэхчлэн янз бүрийн хүмүүс байдаг байсан. Ямар ч байсан шүүмжлэлийг сайтар сонсоно, анализ хийнэ.  Миний хийсэн ажил, тэр хүмүүстэй харилцсан харилцаа болохгүй болчихов уу, би мэдээлэл өгөөгүй байна уу гээд аль болох тэвэрч, хамтарч ажиллахыг боддог. Хүмүүс буруу ойлгосон байж болно. Өөр хэн нэгэн хүн жижигхэн буруу ойлголт цацчихаад явсан байж болно. Эв зүйгээ олохгүй хоёр талд гараад зодолдоод байвал хайран цаг хугацаа, бүтээмж байхгүй болно. Муудсанаас эвлэрсэн нь дээр. Хамт ажиллаад өчнөөн жил болсон ч гэсэн хүн хүнд очоод худлаа ойлголт өгөөд яваад байдаг хүмүүс байдаг. Тийм хүмүүст би шууд хэлдэг. Би танд ямар буруу юм хийсэн юм, та яагаад ингээд байгаа юм, юу болохгүй байна. Хоёулаа нэг бол сайхан үзчих үү  гэдэг ч юм уу. Тэр бол бүр эцсийн зогсоол шүү дээ. 

-“Бар ээж” номыг уншсан уу, та. Доктор хүн хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байгааг сонирхож байна. Ёстой л бар ээж байх тийм үү? Таны бага нас, ээжийн тань арга барил бас уламжлалт монгол ээж нараас өөр санагдлаа. Хэрэв таны ээж Америк явуулах зоригтой шийдвэр гаргаагүй бол өнөөдрийн Ундрамын түүх бичигдэхгүй байсан байх?

-Би “Бар ээж” номыг саяхан уншсан. Еврей нөхөртэй хятад ээж, хоёр охиноо хэрхэн мундаг болгосон, барууны ээжтэй харьцуулан бичсэн ном байна лээ. Би эхлээд ээжийнхээ тухай ярья. Манай ээж намайг бага байхад гэрийн ажлыг дандаа хамт хийдэг байсан. Хувцсаа угааж байвал надад нусны алчуур өгчихнө, зэрэгцээд угаана. Шал арчвал надад нэг жижигхэн алчуур өгөөд хамт арчина, бууз хуушуур хийвэл надад жижигхэн гурилын мод өгөөд хамт хийнэ. Би айлын том, 3 дүүтэй. Нэгдүгээр ангид орлоо. Ээж яг хамт суугаад хааяа бараг зодоон болох алдаж хичээлээ хийнэ. /инээв.сэтг/ Удалгүй картын барааны үе боллоо. Юун миний хичээлийг хамт хийх, ар гэрийн ажил надад ирж байгаа юм. 10 настайгаасаа гэрийн ажил хийж ээж аавдаа тусалж эхэлсэн. Надаас хичээл шаардахаа байсан ч гэсэн ээжийн тэр хүмүүжлээр хөдөлмөрч болчихсон байлаа. Манай Сэлэнгийнхэн их хөдөлмөрч, аав гэртээ тавилгаа хийчихнэ, авга нар газар тариалан эрхэлнэ, хашаандаа гахай тахиатай ер зүгээр сууна гэж байдаггүй улс.  Өөрөө ээж боллоо. Ямар ч байсан манай охин маш сайн уншигч болсон. Ном уншдаг, онлайн номын санд ороод өөрийнхөө насанд таарсан номнуудыг сонгож уншсаар өнгөрсөн жил гэхэд 147 ном англи болон монгол хэлээр онлайнаар уншсан нь бүртгэгдсэн байсан. Би өөрөө ажлаа хийхдээ, ном уншихдаа багаас нь хажуудаа ном бариулаад суулгадаг байсан. Ээжийнхээ зарчмаар охиноо дагуулаад юм хийлгээд явж байгаа. Би охиндоо эхлээд маш сайн боловсролтой бол гэж захидаг. Миний үед гэр цэвэрлэж, хоол сайн хийдэг ажилтай эмэгтэй номер нэг байсан бол одоо мэдлэгийн эрин үе ирж байна. Айлын эзэгтэй болвол хүссэн хүсээгүй цэвэрлэнэ. Тэгэхээр эхлээд боловсролтой болох ёстой гэж бодож байгаа. Эрэгтэй хүүхэд бол өөр юм билээ. Хүү маань авууштай тал нь заавал даалгавраа хийгээд дараа нь тоглодог. Манай нөхөр спортлог хүн л дээ. Бага залуудаа өсвөрийн сагсны лигт тоглодог байсан юм. Хүүхдүүдийнхээ бие бялдрыг хөгжүүлэх спортлог талыг анхаардаг юм.  

-Ингэхэд “Бар эхнэр” гэсэн ойлголт байж болох уу. Та хувийн амьдралаа супер manage хийж байж гэрлэсэн байх тийм үү?

-/инээв.сэтг/ Бар эхнэр ... Монгол эмэгтэйчүүд ер нь хүчтэй. Нөхрөө базна гээд дандаа базчихдаггүй, сайхан хүндлээд магтаад, зарим үед бага зэрэг үглээд байдагт нь учир байдаг байх. Нөхөр бид хоёр олон жил амьдарлаа, одоо харцаараа ойлголцдог үе дээрээ явна. Би эрэгтэй хүнд хоёр л зүйл чухал гэж боддог. Нэгдүгээрт ямар ч хүнд нөхцөлд, коронавирус гарна уу, дайн дажин болно уу шал угаагаад ч хамаагүй гэр бүлээ тэжээх чадвартай байх. Хоёрдугаарт эхнэрт ямар ч хүнд хэцүү үе гараад, зүс нь гундаад ирэхэд хаяад явахааргүй үнэнч, тууштай байх хэрэгтэй. 
Хувийн амьдралаа супер төлөвлөсөн гэхэд хаашаа юм, төлөвлөөгүй гэхэд бас хаашаа юм. Тэр бол хувь тавилан, зураг төөргөөр зохицуулагддаг зүйл байх. Нөхөр бид хоёр багийн найзууд, 12, 13 настай анх танилцсан. Нэг мэдэхэд дасаад л хайртай болчихсон байсан. Тэрийгээ ч бараг ойлгоогүй. Намайг Японд докторант байхад бид албан ёсоор үерхэж эхэлсэн. Бид хоёрт адилхан зан чанар байдаг, өөр ч байна. Жишээ нь манай нөхөр их спортлог. Харин би усанд сэлнэ, шатар, дартсаас хэтрэхгүй. Багадаа балетчин, уран нугараач болохыг мөрөөддөг байлаа. Ушуд яваад бүр улаан бүстэй болсон. Тэгсэн нэг удаа дасгалын үеэр духан дундуураа хулсаар цохиулаад тархи хөдлөөд ээж гаргачихсан. Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явсан. Гэтэл хатгаа тусаад. Дараа нь харин Нурмаажав гэж мундаг зураач дээр зураг зурж сурахаар очоод сууж, төвлөрч сурсан даа. Манай хүн ном их уншдаг. Инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Төсөл хариуцахаараа холбоотой бүх судалгааны материалыг уншиж төслөө бичдэг. Сүүлийн үед буддын философийн чиглэлээр ном уншиж “Бодь мөрийн зэрэг”-ийг надад тайлбарлан бид хоёр мэтгэлцэх болсон. Хэн хэнд нь бага насны дэггүй, сахилгагүй чанар тэр үед байсан. Одоо хоёулаа төлөвшсөн. Би арай хурц байх. 

-Карьер хөөж байгаа эмэгтэйчүүд ч ээж болохдоо барьц алддаг. Хүүхдээ л өсгөх нь зөв, өсгөнгөө нийгмийн идэвхитэй байх нь зөв гэж талцдаг хэвээрээ. Таны хувьд ээж болохдоо энэ асуудалтай бас нүүр тулсан байх?

-Нөхөр бид хоёр сүй тавьсан байсан, тэгээд л жирэмсэн болсон. Ёстой төлөвлөж амжаагүй гэнэт л ...Би Японд докторант байхдаа охиноо төрүүлсэн. Нөхөр маань ажлаасаа 6 сарын чөлөө аваад ирж охиноо харж өгсөн. Энэ нь надад их дэм, хүч өгсөн алхам байлаа. Монголд ирээд бид аль аль нь карьераа урагшлуулсан. Гэхдээ хагас, бүтэн сайныг гэр бүлээрээ агаар салхинд гарах, шагай тоглох, таавар таалгах, гэр бүлийн тоглоом тоглож өнгөрөөдөг хэвшилтэй. Ажлын өдрийн орой заавал хамтдаа хооллоно, тэр өдөр юу болсон талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Хурал оройтох, хөдөө явах үед хуваарь алдагдана. Бид хоёр нэгдсэн нэг календартаа тухайн өдрийн ажлуудаа биччихдэг. Хаана хэнтэй юу хийж явж байгааг, орой хуралтай байна уу гэдгийг мэдэж байдаг. Энэ бол гэр бүлийн төлөвлөлт зохион байгуулалтын нэг хувилбар.
Эхнэр нөхөр хоорондоо нэг хэл дээр ярьж чадаж байвал тэр амьдрал их сайхан, ойлгомжтой, нэг баг шиг явж чадна гэж боддог. Эхнэр гэртээ суугаад нөхөр ажил хийгээд тодорхой сэдвээр, жишээ нь ногооны импортын татварыг Засгийн газар 30% болгох гэж байгаа юм байна гээд ярихад авгай нь ойлгохгүй бол хэцүү. Өөр өөр ажил, өөр өөр боловсролтой байж болно. Гэртээ ирээд ярихад нэгнийгээ ойлгодог байвал нэг баг болж чадна. 
Эмэгтэй хүн бие давхар ажил хийх хэцүү, ядарна. Төрсний дараа хөхүүл, дор хаяж гурван сар болно. Карьерийн чинь хугацаанаас авагдаж байгаа. Хүүхэд өсгөхөд боловсролтой ээж чухал уу, чухал. Бас аз жаргалтай ээж чухал уу, чухал. Ээж хичнээн гэртээ хүүхдээ хараад байгаа ч гэсэн стресстэй, аз жаргалгүй байвал хүүхдэд хортой шүү дээ. Тийм болохоор ээж аз жаргалтай болгож байгаа ажлаа хийх ёстой. Гэхдээ хүүхдэдээ тавих анхаарал, халамж, цаг хугацаагаа сайн зохицуулах хэрэгтэй. Одоо дэлхийн орнуудад ээж аавын аль орлого өндөртэй нь ажлаа хийгээд орлого багатай нь декрит авдаг болчихсон. Энэ маягаар хоёулаа ээлжлэх боломж Монголын нөхцөлд ч байх ёстой гэж бодож байна. 

-Эмэгтэй хүн эдийн шуналтай байх хэрэгтэй гэдэг. Та юунд мөнгөө харамгүй зарцуулдаг вэ?

-Оюутан байхдаа гоё ганган байхыг хүсдэг байсан үе бий. Нас яваад ирэхээр юу надад их чухал вэ гэдэг эрэмбээрээ тэр хувцас хунар чинь шууд хойшоо яваад өгдөг юм билээ. Яг одоо надад байгаа шунал нь ээж хүний хувьд, багш хүний хувьд миний хүүхдүүдтэй хамт амьдрах энэ Монголын хойч үе их сайхан ялгаварлал багатай, боловсрол, эрүүл мэндийн хувьд тэгшхэн боломжоор хангагддаг байгаасай. Тийм нийгэмд л үр хүүхдээ үлдээчих юмсан. Тэрний төлөө юу хийж болохоор байна бүгдийг нь хийх юмсан гэсэн шунал байна. Мөнгөө харамгүй зардаг зүйл маань хүнс. Ганц нэг хувцас авахдаа авна. Гэхдээ миний амьдралд энэ нь эрэмбээрээ нэгдүгээрт биш. Хүнсний аюулгүй байдал бол миний гэртээ оруулж ирсэн үнэт зүйл. Бид өглөө болгон босоод нэг аяга цэвэр ус заавал ууна. Араас нь заавал өглөөний цай ууна. Энэ бол миний хувьд маш чухал зүйл. Үүрээр 6 цагт босоод хөдөө явахгүй л бол бусад үед өглөөний цайгаа өөрөө бэлддэг. Миний хүүхдүүдийн амаар орж байгаа хоол аль болох эрүүл байгаасай гэж боддог. Нөхөр бид хоёр намар ногоогоо Сэлэнгээс аваад лууван, байцаагаа хэрчээд хөлдөөгөөд бэлддэг юм. Долоо хоног болгон хамт явж хүнсээ цуглуулдаг. 

-Бүх зүйлээ өөрсдийн гараар бэлдэж хүнсэндээ хэрэглэдэг болохоор та жингээ барьдаг бололтой. Авууштай дадал. Таны нэг өдрийн хоолны цэсийг сонирхмоор байна. Гоо сайхан, эрүүл хооллолтын хувьд ямар дэглэм барьдаг вэ?

-Сүүлийн үед өглөө өндөг, арвайн гурил, овъёосны аль нэгийг идэж байгаа. Хааяа ахиухан юм идмээр санагдана, тэр үед туна загастай сэндвич иддэг. Сэлэнгэд хашааны тахианы өндөг шиг сайхан юм байхгүй. Гэрийн стүжин байна. Нутагтаа очихоороо идэх дуртай. Хүүхдүүддээ өглөөд калори ихтэй зүйл өгдөг. Өглөө талхан дээр цөцгий тавиад зөгийн бал асгаж байгаад идэх янзтай. Өдөр болгон өөр өөр юм идэхийг боддог. Өдрийн хоолны хувьд гадуур аль болохоор тойгны шөл ч юм уу нэгдүгээр хоол идэхийг хичээж байна. Манай хамаатнууд гахай сайхан эрүүл тэжээдэг. Бид долоо хоногт нэг удаа гахайн махтай хоол иддэг. Үхэр, хонины махтай хоолнуудаа хийнэ. Долоо хоногт нэг удаа Сэлэнгийн ногоотой шөлөө хийдэг. Манай хүүхдүүд хуушууранд дуртай, нэг өдөр нь хийж өгнө. Манайх ийм энгийн, тодорхой хоолны цэстэй айл. Яг одоо миний амьдралдаа хамгийн тарган байгаа үе нь. /инээв.сэтг/ Би туйлшраад өөрийгөө өлсгөж зовоодоггүй. Мах идвэл маш сайн ногоо иднэ, хоёр аяга хоол битгий ид, ходоодныхоо хэмжээнд тааруулж ид гээд дүрмүүд байдаг. Санал нийлнэ, баримтална. Гоо сайхны хувьд арьсаа аль болох чийгтэй байлгах тал дээр анхаардаг. 

-Танд өнгөрсөн амьдралдаа харамсаж явдаг зүйл байдаг уу? 

-Хүний хамгийн том зовлон хагацахын зовлон юм шигээ. Би эмээгийн хүүхэд. 11 настай байхад эмээ маань өнгөрөхөд надад их хүнд туссан. Насанд хүрсэн хойно амьдралын тодорхой хэмжээний ойлголттой болоод мэдэрсэн зүйл бол манай хадам ээж нас барах үед байсан. Манай хүн айлын бага, ээжийн хүү. Хадам ээж хорт хавдар тусаад хэвтэрт байхад сүүлийн долоо хоногт нь нөхөр бид хоёр хажууд нь байсан. Өөд болох үед нь би хөлийг нь бариад, манай нөхөр хонх дуугаргаад ... Хүн төрж үзэж байж төрөхийн жаргалыг ойлгодог. Яг тэрэн шиг хагацаж үзэж байж л хагацахын зовлонг ойлгодог юм билээ. Одоо бодохоор харамсах зүйл их санагддаг. Тэр үеэс хойш ээж аавынхаа ачыг хариулчих юмсан гээд хадам аав, өөрийнхөө ээж, аавдаа их анхаардаг болсон. Аль болох цаг зав гаргаж баярлуулахыг хичээнэ. Өмнө нь нас залуу ажил, хүүхэд, нөхөр, найз нөхөд гээд эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг шиг л явсан юм билээ. 

-Танд дутагддаг авьяас?

-Дуу. Манайхан удмаараа дуулж чаддаггүй. Найран дээр дуулах шаардлага гарвал оронд нь сайхан шүлэг уншаад л явж байна даа. /инээв.сэтг/

-Та хамгийн сүүлд хэзээ, юу гэж магтуулав.  Магтаалд хэрхэн ханддаг вэ?

-Би саяхан Сэлэнгэ аймгийн Орхонтуулд явж байгаад нэг айлд ямаа самнасан юм. Өнөөх мундаг профессор чинь ямаа самнаад байна гээд хүмүүс бүр гайхаад, таныг ёстой чадна гэж бодоогүй гээд магтсан чинь би их баярласан. Би чинь Сэлэнгийн охин чадалгүй яахав гэж хэлсэн чинь нээрээ тийм юм байна гээд. /инээв.сэтг/ Хүн л юм чинь магтаалд дуртай. Онож хэлсэн магтаал байдаг даа. Би нэг бүтээл гаргалаа тэрийг нь мэргэжлийн, ойлгож мэддэг, миний үнэлдэг хүн яг голыг нь олж хараад магтах юм бол надад сайхан. Эсрэгээрээ мэргэжлийн өгүүлбэр бичсэн байхад мэргэжлийн бус хүн “Чи ёстой утга учиртай судалгаа хийжээ” гэвэл магтаалын үнэ цэнэ нь буурна. Гэхдээ онож магтсангүй гэхээсээ ийм тохиодлыг эерэг хүлээж авах ёстой. 

-Хүн яаж ч өөрчлөгдсөн ээж аавынхаа хувьд бол нөгөө л балчир хүүхэд хэвээрээ байдаг. Таны хамгийн ихээр айдаг хүн?

-/инээв.сэтг/ Манай ээж гэртээ босс, үгэнд нь орно. Миний тэр доктор, профессор гэр дотор бол ёстой хамаагүй. Би ямар гэрийн доктор, профессор, захирал нь биш. Миний хамгийн их айдаг хүн бол аав. Нээх юм хэлдэггүй. Гэхдээ л аймаар. Би уг нь аавын эрх охин. Одоо ч гэсэн итгэлийг нь алдахаас үнэхээр их айдаг.
Танд баярлалаа. 
                                Ярилцсан Б.Ундрал

ГРАНД СЭТГҮҮЛ №130

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (4)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 20:43
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:19
    Retweet (0)
  • 11-28 21:17
    Retweet (0)
  • 11-28 21:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:06
    Retweet (0)
  • 11-28 20:58
    Retweet (0)