С. Мөнхчулуун: Төрийн албанд тавигдсан, таримал гэж байдаг. Би таримал төрийн албан хаагч
2020 оны 8 сарын 17

Самданнямын Мөнхчулуун: Өвөрмөц фигур, хэзээ язааны бэлтгэгдсэн цэгцэрсэн улс төрийн залуу халаа, өөрийнх нь томъёолсончлон төрийн таримал албан хаагч бол С.Мөнхчулуун. 2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж бас л хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан ялалтын дайтай ялагдал түүнийх байв. Why not? Хийхгүй хулчийж сууснаас хийчихээд дараагийн нүүдлээ харж суух хавьгүй тухтай мэдрэмж л дээ. Орбитын Цэргийн хотхоны хүү Сонгинохайрхан дүүрэгтээ төрийн албанд зүтгэж улмаар улсын нийслэл Улаанбаатар хотдоо НИТХ-д иргэдээ төлөөлөн чамбай ажиллаж байгаа. Төрд зүтгэдэг залуус, нас насныхан олон нийтээс талархал хүртэх нь өдрийн од шиг болсон энэ цаг үед тун цөөн магтуулдаг хүмүүсийн нэг С.Мөнхчулуунтай яриа өрнүүлсэндээ олзуурхаж байна. Ярилцлагын төгсгөлд бас ч магтуулахаас ч яахав дээ, чадаж байгаа юманд арга алга гэж бодогдсон шүү.

-Амьдралын хүрд эргэсээр олон даваа нугачааг давсны эцэст хүн яг байх ёстой газраа ирдэг юм шигээ. Та яг одоо зөв цэг дээрээ ирсэн байна уу?

- Хүн зорьсон зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшлах ёстой. Миний хувьд Монгол улсын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, үр хүүхэд, хойч үеийнхээ үлдэх нийгмийг зөв зүйтэй, шударга, хүнлэг энэрэнгүй болгохыг хүсдэг. Тиймээс түүнийхээ төлөө шат дамжлага дамжин, саад бэрхшээлийг туулан явж байгаагаа зөв цэгт хүрэх зөв зам дээрээ явж байна гэж харж байна.

-Цэргийн даргын хүү улс төрд. Хотын дарга болсон тэр үйл явдал нөгөө “Ард түмний гавьяат” гэдэг шиг олны сэтгэлд тод үлдсэн. Хэрвээ хотын дарга болсон бол ... гэсэн бодол одоо төрдөг үү?

- Цэргийн даргын гэр бүлд төрсөн гэдэг маань миний хувьд төрсөн цагаасаа эх орныхоо тусгаар тогтнолоор бахархаж, эх оронч хүмүүжлээр хүмүүжих их хувь заяа юм гэж боддог. Миний хувьд төрийн албанд ороод Нийслэлийн өмчийн харилцааны газар мэргэжилтэн, Концессын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын даргаар ажиллаж байгаад НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Нэр дэвшиж байх үедээ би сонгогчиддоо " Би Сонгинохайрхан дүүрэгтээ амьдарч, өсч хүмүүжиж, сурч боловсорч, дүүргийнхээ тамгын газрын дарга хүртэл ажилласан хүн.Тиймээс энэ дүүрэгт зайлшгүй шийдвэрлэх ёстой ямар тулгамдсан асуудлууд байгааг мэднэ, мөн эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг мэднэ гэж хэлж байсан. НИТХ-д сонгогдоод намын бүлгийн дарга, тэргүүлэгч, эрх зүй, төрийн байгуулалтын хороон даргаар ажилласан. Монгол улсын төр бол Монгол улсыг хөгжилд хөтлөх менежер нь юм. Тиймээс асуудлаа мэддэг, хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгаагаа мэддэг байж хотыг удирдах ёстой гэдэг үүднээс нэр дэвшсэн. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн итгэлийг хүлээж, саналыг авч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гэх хариуцлагатай үүргийг хүлээх боломжийг атгаж аваад алдсандаа харамсалтай байлгүй яах вэ!

Гэхдээ албан тушаал сандал суудал надад ердөө сонин биш. Зөвхөн нийслэлийн хөгжлийг урагшлуулахын тулд хийж хэрэгжүүлэх байсан ажлаа хийж чадалгүй хугацаа алдаж байгаад л харамсдаг.

-Та Барууны соёлд эрт суралцсан хүн учраас сошиал медиагийн хэрэглээ, юм юмаараа бусдаас түрүүлж алхаж байх шиг санагддаг. Улс төрчид пэйж идэвхитэй хөтөлдөггүй байх үед л пэйжтэй байсан хүн шүү дээ?

-Өнөөдөр интернетийн эрин зуунд цаг хугацаа хэмнэх, олон хүнд хүрч ажиллахад зориулагдсан маш тустай зүйл юм. Би иргэдийн төлөөлөл болон НИТХ-д сонгогдсон хүний хувьд иргэдтэйгээ эргэх холбоотой байх, хийж хэрэгжүүлж буй ажлаа таниулах, хийх ажил, дүрэм журам, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд санал авах зэрэгт ашиглаж байна.

-МАН гэх малгайгаа тайлан алхаж байгаа он жилүүд. Энэ хугацаанд та юу мэдэрч байна?

- МАН миний өвөөгийн, миний аавын нам, миний хувьд 1999 онд гишүүнээр элсээд МАСЗХ-ын ЕХ дахь салбар зөвлөл, СХД-ийн МАН, нийслэлийн МАН-ын дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн намын хорооны болон МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 2019 онд намын бодлого сөрж НЗД-ын сонгуульд өрсөлдөж ялсан хэргээр намаасаа гарсанд тооцогдсон. Энэ хугацаанд олон намын зүгээс манай намд ор, манай намаас УИХ-д нэр дэвш гэх мэт саналууд ирж байгаа ч миний хувьд алийг нь ч сонгоогүй.

-Орчин цагийн хүмүүс брэндлэг, дүр төрх аятайхан, бүх зүйл дээр хурдтай сэтгэдэг бараг л супермэн шиг улс төрч хүсэх болсон. Бодит амьдрал дээр тэдний даалгаварыг биелүүлэхэд амаргүй. Зөвхөн фэйсбүүк твиттер хэр их цаг хугацаа авдаг билээ дээ. Та гэхдээ яг л амжуулаад байдаг?

- Зөвхөн хийж бүтээе гэсэн сайхан сэтгэлээс гадна мэдлэг, чадвар, туршлагатай байх ёстой юм. Хэрхэн зөв, хуулийн дагуу хийх вэ гэдгээ мэдэхгүй, зүгээр л сайхан “Би чадна”, “Монголоо хөгжүүлэе” гэсэн олон улс төрчид байна. Сайнаа чадахгүй байж саарыг хийж, ашиг сонирхол харж, авилгал аваад ажлаа хуулийн дагуу хийдэггүй улс төрчид ч байна. Миний хувьд асуудлаа мэдэж байна, хийх гарц гаргалгааг нь мэдэж байна. Эрх мэдэл байхгүй ч эрх мэдэлтнүүдийг хэрхэн шахаж шаардахаар ч мэдэж байна. /инээв.сэтг/

-Мөнхчулуун их магтуулдаг. Ирээдүйтэй залуу улс төрч, таныг дэмжинэ гэсэн комментонд дарагдаастай. Магтуулах танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

- Миний ажлын тайлан постууд доор тойргийн маань иргэдийн зүгээс талархалын сэтгэгдлүүд бичиж байгаа нь сайхан л санагддаг. Гэхдээ нэг талаасаа хийх ёстой ажлаа хийсний минь төлөө иргэд тэгж баярлаж байна гэдэг нь өмнөх нөхдүүд огт юу ч хийдэггүй, эргэх холбоогүй байсантай холбоотой юм. Иргэдийн төлөөлөгч гэдэг бол тэр иргэдийг төлөөлж, өмнөөс нь асуудлыг нь шийдэх гэж явах ёстой менежер нь юм шүү дээ.

-Ирээдүйтэй залуус эвдрэх зүйлтэй олонтаа нүүр тулдаг. Тэр дундаас өөрийгөө хадгалж үлдэх амжилтанд хүрэхээсээ хэцүү юм шиг санагддаг. Таны жор?

- Алсын зорилго үгүй бол ойрын зовлон оршино гэж үг байдаг. Би түрүүн зорилгоо хэлсэн.  Зорьсон зорилгынхоо төлөө эргэж буцахгүй, тууштай, зарчимтай байх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, албан тушаалын төлөө зорилгоосоо ухрах, буцах асуудал надад байхгүй. Харин зарим хүмүүсийн зорилго нь албан тушаалд хүрэх, мөнгөтэй болох байж болно. Тэгвэл тэр хүмүүс өөрийн зорилгод хүрсэн ч байж болох.

-Та урлагтай олон жил ойр шадар явж төрөл бүрийн үзвэрийн урилганд дарагддаг хүн. Тэгтлээ урлагт шимтдэг нь таны гэр бүлийн хүний нөлөө юу, эсвэл?

- Миний хань Т.Ариунбулаг бид хоёр оюутан байхдаа танилцаад өнөөдрийг хүртэл 20 жил хамт амьдарч, хоёр сайхан охины эцэг эх болоод байна. Хань минь жүжигчин, найруулагч мэргэжилтэй ч хувийн компани удирдаад явж байна. Уран бүтээлийн хувьд хэд хэдэн кинонд туслах болон гол дүрд тоглосон, нийслэлийн Соёл урлагийн газар мэргэжилтнээр ажиллаж байсан. Хүмүүс “Тусгай салаа” киноны Сарнайн дүрээр нь сайн мэддэг юм. Тийм учраас ханийнхаа дуртай зүйлийг хааяа ч гэсэн хамт үзэх юм даа.

-Сайн улс төрч байлаа ч сайн аав, өрхийн тэргүүн байх нь ховор. Та харин зэрэгцүүлж чадлаа?

-Би өөрийгөө улс төрч гэж хэлж чадахгүй. Харин улс төрийг улс төр шиг болгохын төлөө зүтгэж яваа сайн аав гэж хэлж чадна. Үр минь үлдэх нийгэм шүү дээ.

-Таны мөнгөө харамгүй зарцуулдаг зүйл?

-Хоёр охиноо өндөр боловсрол эзэмшүүлэхийн тулд харамлахгүй. Өөрсдийнх нь хүссэн хэл, төгөлдөр хуур, спортын сургалт курсуудэд явуулдаг.

-Таны хувцасны шүүгээ рүү өнгиймөөр байна?

- Би сүүлийн 20 шахуу жил костюмнаас салаагүй хүн шүү дээ. Энгийн хувцас, футболк ч маш цөөн. Өмнө нь Германд байхдаа авсан хувцаснууд маань тийм чанартай юмуу, бараг өмсдөггүй болоод ч тэрүү 15-16 жилийн өмнө авсан футболкнууд байж л байдаг юм. 10 орчим дээл байгаа байх. Сайхан сайхан шинэ дээлнүүд байгаа ч ааваасаа үлдсэн хоёр дээлийг өмсөх сайхан байдаг.

-Эр хүний гоёл гэдэгт та юу, юуг нэрлэх вэ?

-Би нээх гоёл чимэглэл гэж мэддэггүй хүн. Гол нь цэвэрхэн, таарсан хувцас өмсөх хэрэгтэй.

-Таны бодлоор улс төрчийн гэргий ямар байх ёстой вэ?

- Миний хань шиг л. /инээв.сэтг/ Эхнэр хүн, ер нь бүсгүйчүүд амьдралын мөн чанарыг ойлгох ухаантай, шуналгүй л байх хэрэгтэй.

-Эр хүний амжилтыг бүтээгч гээд гурван зүйлийг нэрлэбэл?

- Хүний гэж асуувал боловсрол, туршлага, зорилго гээд явах байх харин эр хүний гэвэл гэргий, найз нөхөд, өөрөө өөрийгөө ялах.

-Манайханд алтан дундаж гэдэг ойлголт ер нь байдаг уу? Нэг бол тэнгэрт хөөртөл магтаад нэг бол газар ортол муулуулдаг нь олны танил хүмүүсийн амьдралын температур юм шиг санагддаг. Та аль алийг нь мэдэрсэн?

- Манай улс төрчдийн хувьд хоорондоо өрсөлдөхдөө хийж бүтээх, хийсэн бүтээснээрээ биш нэгнийгээ харлуулж, өөрийгөө магтуулж, ПОПулизм хийж өрсөлддөг болсон байна. Их л буруу чиг рүү яваад байна даа. Гол нь одоо уншигчид, иргэд маань үнэн худал, хар цагааныг ялгадаг болчих хэрэгтэй. Нэгнийгээ гүтгэж, харлуулж өрсөлдөж байгаа хүн өөдтэй хүн биш ээ л гэсэн үг.

-Би байгаагаараа л байсан ... гэж та нэг бичиж байсан санагдаж байна. Ямар ч үед байгаагаараа байх хэцүү. Стресстэй үедээ та хэрхэн давдаг вэ?

- Зөв талаас нь харахыг хичээдэг. Болохгүй байгаа зүйлийн учир шалтгааныг ойлгож тайвширдаг. Харин иргэд маань маш амархан хууртагдаж байгааг харахаар үнэхээр бухимддаг. Хоёр охиныхоо хүсэлтээр загас авч тэжээж байгаа. Одоо өөрөө л загасаа тэжээж байна. Юу ч бодохгүй хэдхэн минут загасаа харах ч сайхан шүү.

-Захын хороолол, Орбит, Сонгинохайрхан дүүрэг бол таны нэрний урд бичигддэг тодотголуудын нэг. Доороос эхэлж дээшээ гарах босго, шат бүхэн амаргүй. Танд тулгарч байсан хамгийн том сорилт юу байсан бэ?

- Би Сонгинохайрхан уулынхаа хойморт, Сонгинохайрхан дүүрэгт өсч хүмүүжсэнээрээ бахархдаг. Угсаа залгамжилсан сайд, дарга нарын хүүхдүүдийн урдах зам нь дардан, сургууль төгсөөд хэлтэс газрын дарга болж томилогдоод явдаг бол миний хувьд халуун чулууг нь долоож шат дамжлага болгоноор нь явсных хэнээс ч илүү төрийн албыг мэддэг болсон доо. Төрийн албанд тавигдсан, таримал гэж байдаг юм. Би бол таримал төрийн албан хаагч.

-Улс төрч гэдэг хүнийг тодорхойлсон хамгийн оновчтой тодорхойлолт юу вэ, улс төрч хүн ямар байх ёстой вэ?

Улс төр нь нийгмийн асуудал, бэрхшээлийг шийдэхэд зориулагдсан зайлшгүй хэрэгсэл юм. Үүнийг ойлгосон, түүний төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж чадах хүнийг л улс төрч гэх ёстой.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Хурал чуулгантай үед хуралдаа очно, бусад үед тойргоороо явж иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. Нийслэлийн нийгмийн дундаж давхаргын төлөв байдлыг нийгмийн бодлогод харгалзах шаардлага сэдвээр Докторын ажил хийж байгаа түүн дээрээ сууж байна даа.

-Танд дутагдаж байгаа авьяас?

- Цүнх барих, даргад долигонох. /инээв.сэтг/

-БИгээ тодорхойлно уу?

- Би бол хүү, хань, аав, инженер, төрийн удирдлагын магистр, НИТХ-ын төлөөлөгч, нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө зүтгэж буй Төрийн хар хүн.

Танд баярлалаа.

Ярилцсан У.Цахирмаа

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)