Пүрэвийн НҮРЗЭД: Хүн бүр үндэсний үйлдвэрүүдээ дэмждэг байгаасай
2020 оны 8 сарын 11

Манай энэ удаагийн зочин бол монголд хоёрхон байдаг мотоцикл хөлөглөн, дэлхийг тойрон аялж, урт замыг туулсан Баянхонгорын унаган хүү П.Нүрзэд.  Нас залуу ч улс төрд урт зам туулсан түүний замнал 18 насандаа намын ажилд оролцсоноор эхэлжээ. Бас болоогүй, ерөнхийлөгчид тоогдсон овсгоотой нэгэн. Тоох тоохдоо зөвлөх нь байх хэмжээнд тоогдоно гэдэг тэнгэрээс од шүүрэх, сартай шөнө эзгүй талаас мөнгөн аяга олохтой ижил хувь тохиол гэмээр ч юм уу. Зүгээр л харахад кайф төрүүлдэг гэж залуус Х.Баттулга ерөнхийлөгчид сайн байдаг шүү дээ. Хувийн амьдрал нь товхийсэн цэгцтэй, 4 хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн маань уулзах газраа салхи татуулан давхиж ирж гайхашруулав.

Блиц асуултНийслэлийн АН-ын ҮБХ-ны гишүүн, Монголын Ардчилсан Холбооны дэд дарга, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Пүрэвийн Нүрзэд

Ам бүл: Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг

Эзэмшсэн мэргэжил: Судлаач багш, төрийн удирдлагын менежер

Эрхэлдэг /сонгуульт/ ажил/албан тушаал: АН-ын ҮБХ-ны гишүүн, МоАХ-ны дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Орон тооны бус зөвлөх

Ажлын туршлага:

2004 онд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст нийгмийн ажилтан

2004-2009 онд АН-ын Орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан

2009-2012 онд ЗТБХБЯ-ны Тээврийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны бүртгэлийн хэлтсийн дарга

2012-2017 онд Нийслэлийн АН-ын ХЭГ-ын дарга

2017 онд АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга

2017-2018 онд Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргаар тус тус ажилласан. 

Ширээний ном: Түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” Түүхэн сэдэвт ном, зохиол, хувь хүний намтарчилсан бүтээл унших дуртай.

Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Д.Төрмөнхийн “Миний мэдэх “Женко” Баттулга” номыг уншсан.

Хэлэх дуртай үг:  Чиний хэн байх чинь чамаас л шалтгаална.

Сонирхдог спорт: Экстрим спорт

Сонсдог хөгжим: Бүх төрлийн хөгжим сонсдог. Энэ нь сайхан тэр нь муухай гэж цензур тогтоодоггүй.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Зусландаа тарьсан модоо усладаг.

Та амьдралд юунаас илүү их кайф авдаг вэ? Гэр бүл, найз нөхдөөсөө

Хэрэглэдэг гар утас: IphoneX

Хэрэглэдэг компьютер: Dell 

Өөрийгөө 3 үгээр тодорхойлбол: Шударга, зарчимч, даруу төлөв

-Баянхонгор аймгийн нүүр царай болж улс төрийн өнгө төрхийг тодорхойлж байгаа залуу улс төрчтэй уулзахаар ирэхэд мотоцикл унасан гал цогтой, салхи татуулсан эрч хүчтэй хүн угтах НЬ сонин байна шүү. Хаанаас ирэв. Орчин үеийн цагаан морьтой ханхүү шиг л спорт загварын мотоцикл хөлөглөөд хаврын чимэг юмаа та нар?

-Гачууртаас ирлээ /инээв/. Спорт мотоцикл туулах чадвар өндөр учраас хүссэн газар руугаа явна, юу дуртайгаа хийнэ. Миний мотоцикл энэ экстрим төрөлдөө ганцхан байдаг, оффроад чиглэлтэй, руль нь хална. Сундалгаатай үед өөрийгөө өндөрсгөж, намсгана, тааруулна, хүйтэнд явбал руль нь хална гээд олон сонголт, тоноглолтой спорт загварын KTM 1190 гэдэг загвар. Хот, хөдөө хаана ч унаж болдог. Ийм төрлийн том мотоциклууд аялахад илүү тохиромжтой, биед эвтэйхэн, бага ядраана. Харахад сүрдэм, аюултай санагддаг ч авах таашаал нь үгээр илэрхийлэмгүй. Хүмүүс унах юм бол жинхэнэ freedom-ийг нь мэдэрнэ дээ.

-Та өөрөө тоноглодог уу?

-Спорт мотоцклийн тоноглолууд үнэтэй, багадаа л 500 доллараас эхэлнэ. Янз бүрийн бэхэлгээ, будаг гэх мэтийг өөрөө хийчихдэг. Гагнуурын аппарат, төмөр байхад л болчихно. Хийх хамгийн дуртай зүйл маань машин, мотоцикл тоноглох. Машин тоноглох чинь хуучны үед гарын ур дүйтэй хүн л хийдэг, тостой холилддог гэсэн ойлголт байсан бол одоо багийн спорт болтлоо хөгжчихсөн байна. Богино хугацаанд бооцоотой машин тоноглодог тэмцээнүүд Монголд их болсон. Энэ салбар манайд хожуу ч гэсэн их хурдацтай хөгжиж байгаа.

-Мотоцикл хөлөглөдөг болохоор их аялдаг байх. Хэдэн орноор аялсан бэ?

-Европын бүх орныг дуусгасан. ОХУ-аас аялсан. Америк орныг арай л дуусгаж амжаагүй явна. Аялна гэдэг бас хөөрхөн төсөв зарцуулна. Зардал өндөртэй болохоор машинаа бариад явахаар илүү амар байдаг. Би зам, тээврийн салбарт ажиллаж байсан болохоор эх орноо бараг тойроод дуусгачихсан. Анх хөдөө орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан хийж байхдаа сургалт, семинар зохион байгуулаад аймгуудаар гэрээ мартсан гэсэр аятай л тэнэж өгдөг байсан даа.

-Ингэхэд ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх талаараа Путин ахыг дуурайдаг гэдэг. Та мотоцикль унаад, имиж бүрдүүлэлтээрээ У.Хүрэлсүх сайдыг дуурайгаад байгаа юм биш биз. Мотоциклтэй хэзээнээс нөхөрлөв?

-Хүний зөв үйлдэл, сайн зүйлийг нь үлгэрлэхэд буруу юм байхгүй. Харин ч У.Хүрэлсүх сайд надаас хойш мотоцикл унасан болов уу. Бид хоёрын унадаг мотоциклийн төрөл өөр. Минийх extreme төрлийнх. Ерөнхий сайд чоппер унадаг. Би унаж байгаа мотоциклоо 2016 онд авсан. Мотоциклтой нөхөрлөж эхэлсэн хугацаа гэвэл бүр сурагч байх үеэс эхлээд яригдана даа. Тэр үед хөдөө, суманд мотоцикл жинхэнэ “од” байлаа.

 Би “дош”-ны ах Баттулга ерөнхийлөгчийн үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг чиг хандлагыг дуурайдаг

-Таны хобби юу вэ, цуглуулга бий юу? Машин, техник илүү сонирхдог гэж харж байна?

-Машин, тэрэг гэхээсээ хөгжмийн зэмсгийн цуглуулга бий. Морин хуур, ятга, шанз, гитар гээд. Бүгдийг нь тоглож чадахгүй ч цуглуулах дуртай. Гитараа харин дарчихна шүү. Арван жилээсээ эхлээд урлагийн үзлэг, концертонд оролцдог, дуулдаг байсан. Урлагт хайртай, урлагийнхантай ч их найзлана.

-Залуу хүн гэхэд улс төр, намын ажилд их цаг зориулдаг юм шиг санагдлаа. Гэр бүлийн тухайд?

-Гэр бүлтэй. Би эхнэртэйгээ 8-р ангиасаа үерхэж амьдралаа холбоод одоо дөрвөн хүүхдийн аав, ээж болсон байна. Манай эхнэр Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайгийн дүү. Манай хадмуудын ихэнх нь урлагийн хүмүүс байдаг. Харин манай эхнэр санхүүч мэргэжилтэй. Бид хуримаа хийж амжаагүй ээ. Бид их сургууль төгсөөд анхны хүүхдээ өлгийдөж байлаа. Халаасны өрөө, түрээсийн байраар гэр хийж тусдаа гарч байсан. Тэгээд ажил төрөл, хүүхдүүдээ өсгөх, амьдралаа босгох гээд хурим мартагдсан даа.

-Уучлаарай, залуус улс төрд ороод эмэгтэй хүний асуудлаар хальтирдаг асуудал гадаад дотоодгүй нийтлэг байна. Гайгүй залуусын хормой хотыг чангаах үзэгдлээс хэрхэн өөрийгөө хамгаалмаар юм бэ дээ. Танд дайралт ирж байна уу?

-Үгүй ээ. Тийм зүйл байхгүй.

-Тэгвэл та бүсгүй хүний талаар ямар байр суурьтай байдаг вэ. Амьдралд, улс төрчийн амьдралд эмэгтэй хүн ямар үүрэгтэй гэж бодож байна?

-Хамгийн сайн ар тал. Улс төрд сайн яваа улс төрчдийн ард хэн байгааг анзаарвал эхнэрүүд л бий. Би улс төрч хүмүүсийн эхнэрүүдийг их мундаг хүмүүс гэж хардаг. Эмэгтэйчүүд төр түшилцэх хүмүүсийг сайн бэлддэг гэж ойлгож болох юм. Эмэгтэй хүнийг би ээжээрээ төлөөлж харна. Манай ээж эрт өнгөрчихсөн л дөө. Ажаад байхад хүмүүс ээжийгээ их гомдоогоод байхаар би хааяа найзууддаа хэлдэг юм. Амьдад нь л хайрлаж, баярлуулж бай, ахиад ээжээ гэж дуудах өдөр олдохгүй гэдэг. Хүн байгаа юмныхаа үнэ цэнийг алдсан хойноо ухаардаг. Ээжийгээ, эхнэр, эгчийгээ дэргэдээ  байгаа дээр нь сэтгэл зүрхээ зориулж, хайрлах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг л өдөр байхгүй болчихдог юм байна лээ.

-Таны намд элсэж, ажилласан хугацаа үеийн залуустай харьцуулахад урт гэж тодорхойлж болохоор байна. Өнгөрсөн он жилүүд танд юу өгч, бас таниас юу авсан бэ?

-Ардчилсан Залуучуудын холбоонд элссэн үе гэхлээр дөнгөж 18-тай байж. 19-тэй намын гишүүн болсон. Дөнгөж хотод оюутан болж ирээд Баянхонгорын хэдэн залуустай цуг “Ардчилсан Залуучуудын Холбоо”-нд элссэн юм. Гол нь тэнд дамжаа, нийгмийн хичээл, сургалтууд үнэгүй байсан болохоор хичээлийнхээ хажуугаар явдаг байсан. Тэгээд их сургуулиа төгсөөд Баянгол дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст нийгмийн ажилтнаас эхлэн хотын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, одоогийн байдлаар нийслэлийн АН-ын нарийн бичгийн дарга, Монголын Ардчилсан Холбооны дэд дарга, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна даа. Энэ хугацаанд яг л зарчмын дагуу, төрийн болон намын бүхий л институтийг дамжиж, өнөөдөр АН-ын хамгийн сайн бэлтгэгдсэн улс төрч болсон гэсэн үнэлгээг ах эгч нар, үеийнхнээсээ сонсохдоо их урам авдаг.

-Баянхонгор аймгаас тодорсон одоогийн ерөнхийлөгч “Женко” Х.Баттулга тэргүүтэй улс төрийн лидерүүд олон бий. Та нутгийн ах нараасаа стиль имиж, lifestyle-ийнх нь хувьд үлгэр дуурайлал, авдаг уу?

-Мэдээж авна. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Галуут сумынх, би өөрөө Галуутад төрж өссөн хүн. Ерөнхийлөгчийн ээж бас Галуутынх. Бид чинь нутаг усаараа холбоотой нэг дошны хүмүүс. Улс төрд урд гишгиж яваа нутгийн ах нараа хүндэлж явдаг. Одоогийн залуус Ерөнхийлөгчийн имиж болсон цоохор дээл ч юм уу, хар нүдний шил, юүдэнтэй цамц зэргийг нь илүү дуурайгаад байх шиг. Харин би имиж гэхээсээ илүү үндэсний үйлдвэрлэлээ дэмждэгийг нь үлгэрлэдэг гэх үү дээ. Адаглаад гутал, хувцас, ойрын ахуйн болоод өдөр тутмынхаа хэрэглээг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Одоогоор өмсдөг бүх гуталнуудаа нэг л газраар захиалж хийлгэж байна.

Улс төрд хүн хүнээрээ л үлдэх хэрэгтэй

-Биднийг төлөөлөөд нэг ч гэсэн залуу хүн ерөнхийлөгчид зөвлөж байгаад баяртай байгаа. Бид орон тооны бус зөвлөхийн ажлыг төдийлөн сайн мэдэхгүй. Ерөнхийлөгч таныг яагаад сонгосон гэж бодож байна. Эсвэл та өөрөө өөрийгөө “зарсан” уу? Ерөнхийлөгчид ямар талаас нь зөвлөж байна даа.

-Ерөнхийлөгч өөрөө зөвлөхүүдээ сонгодог. Би Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаад хоёр жил болчихлоо. Орон тооны бус зөвлөх гэхээр Тамгын газрын даргатайгаа хамтарч ажиллана гэсэн үг. Тамгын газраас ийм ажил дээр тийм судалгаа, шинжилгээ хэрэгтэй байна, орон нутгийн ажлууд дээр ажилла гээд чиг өгсний дагуу ажлаа хийдэг. Хуучин цагт орон тооны бус зөвлөх гэхээр хөдөө аж ахуй ч юм уу, эрүүл мэнд, ногоон орчин, зам тээвэр гээд салбар хариуцдаг байсан бол одоо нэг ажил хариуцаж аваад түүнийгээ л хийдэг. Одоохондоо Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан аймгийн “Арьс, шир боловсруулах” цогцолбор төсөл хэрэгжүүлээд, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн яамтай хамтарсан ажил маань амжилттай явж байна.

-1990-2001 онд уналтанд орсон арьс, ширний үйлдвэрүүд сэргэж, Дархан аймагт дахин баригдаж нүүлгэн шилжүүлж эхэлсэн гэсэн үг үү?

-Тийм. Үйлдвэр нь Дархан аймагт баригдаж байна.

-Арьс ширний үйлдвэрүүд түүхий эдээ боловсруулахдаа хамгийн хүнд шатыг эх орондоо хийчихээд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ хямд өртгөөр экспортлоод, эргээд бэлэн болсон бүтээгдэхүүн импортоор маш өндөр үнээр худалдаж авдаг асуудал зогсоно гэж ойлгож болох уу? Эх орондоо эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн үг үү?

-Дарханд хамгийн боломжтой бүтэц нь байна. Химийн урвалаар задална, нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаж ирэх зорилготой. Арьс ширийг захын нэг цех хагас боловсруулаад гаргаад ирнэ л дээ. Харин одоо бол үйлдвэрлэлийн процесст шилжээд жилдээ арван сая орчим арьс нэхий боловсруулах төлөвлөгөөнд ороод байна. Энэ бол яалт ч үгүй Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн, монголчуудад хэрэгтэй төсөл байгаа юм.

-Арьс ширний үйлдвэрлэл зогссоноос хойш энэ чиглэлээр сурах оюутан бараг л байхгүй болсон. Энэ тал дээр одоо бэлтгэгдэж байгаа боловсон хүчин байгаа юу?

-Үгүй. Ажилчингүй болно гэж байхгүй. Ажлын байр хангалттай бий. Хөдөө аж ахуйн сургуулиуд байна. Магадгүй ирээдүйд хамгийн эрэлттэй салбар болно байх. Бид ганцхан арьс шир гэлтгүй мал эрүүл байх тухай яриад байгаа хэрэг. Мал эрүүл байвал бид сүү, цагаан идээгээ хэрэглэнэ, мах, арьс ширээс нь авахуулаад аргал хомоолыг нь хүртэл түлж байна. Малаа эрүүл байлгаж, малчдаа тогтмол орлоготой болгож байна гэсэн үг. Нэхий, арьсныхаа үнийг унагахгүй, тогтмол ханшаар нь авч, ноосыг ч гэсэн авдаг болох хэрэгтэй. Монгол ноос үнэхээр гайхамшигтай. Ноолуур бол тогтчихсон нэг стандарт. Ноос гэдэг чинь тэрнээс хэд дахин давчихсан, зах зээл нь бүрдчихсэн эд. Хэрэглээгээ болгоё гэвэл өндөр үнэтэй тусдаг. Дотооддоо боловсруулаад өөрсдөө хийгээд ирэхээр үнэ нь буурна байх. Мэдээж төрөөс тодорхой хэмжээний бодлого боловсруулж байж шийдэгдэх асуудал. 

-Танай удамд улс төрийн хүн байгаа юу? Гурван үеийн намтраа хэлж чаддаг залуус цөөн ч гэсэн улс төржиж яваа хүмүүс бол энэ тал дээр алддаггүй юм шиг байна. Та намтраа хуваалцбал?

-Манай өвөө Пүрэв Баянхонгор аймгийн анхны поркурорын ажилтан байсан юм билээ. Тухайн үед МАХН-ын үүрийн дарга хийж байсан. Тэгэхээр улс төрч л болно байх даа /инээв/. Өвөө маань хоёр ч дайнд орж байсан, бичиг үсгийн мэдлэгтэй мундаг хүн байсан. Би өвөөгөөрөө овоглодог. Өвөөгийн аав эрдэм ном хөөсөн том лам байсан гэнэ лээ.

Нүрзэд гээд ажил үйлс бүтээх судар, сан байдаг юм. Ганданд миний нэрийг өдөрт бараг 100 хүн уншуулдаг байх

-Таны нэрний утга юу вэ? Хэн өгсөн бэ?

-Миний нэрийг Баянхонгор аймгийн Гэндэн гэдэг мундаг лам хүн өгсөн гэнэ лээ. Ажил үйлс түргэн бүтэх, түргэн сэтгэх гэсэн утгатай төвд нэр. Нүрзэд гээд ажил үйлс бүтээх судар, сан байдаг юм. Ганданд миний нэрийг өдөрт бараг 100 хүн уншуулдаг байх. /инээв/.

-Залуу улс төрчид гарч ирэхээрээ ихэвчлэн гэнэн алдаа хийж сөрөг имижээр танигдахыг урьтал болгож байгаа нь нүдэнд ил байгаа үр дүн. Та чинь харин их дөлгөөн хүн байх чинь. Яагаад бусдаасаа ийм өөр юм бэ?

-Надад онгироо, хөөрүү зан байдаггүй болохоор юм бүхний урд гарч ирэхийг хүсдэггүй. Би төрийн томоохон бодлого, хөтөлбөрүүд нийслэл хотын бүтээн байгуулалт, бүхий л зүйлийн оргил үед удирдлагын багт нь ажиллаж явлаа, ажилласаар л байна. Алддаггүй хүн байхгүй. Гэхдээ аль болох алдаа бага гаргахыг хичээдэг. Хоёрт гэвэл хүн муулж, өөлдөг зүйлд үнэхээр дургүй. Өөрийнхөө хийж чадах зүйлийг чадна, чадахгүй зүйлээ чадахгүй гээд үнэнээр нь хэлчихдэг. Харин ажил хийвэл 100 хувь тултал хийнэ. Нэгэнт л цаг гаргаж байгаа учраас өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй гэж боддог.

-Одоо үед сошиал орчин цензур болсон мэт. Таны хувьд?

-Сошиалын хамгийн аюултай нь зөв мэдээлэл авч чадахгүйд байгаа хэрэг. Гэхдээ хүссэн хүсээгүй нийгэм нь ийм цензур тогтоочихоод байна. Харин би сошиалд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Миний ертөнц гээд л би бүх хүнд амьдралаа тайлагнаад байх шаардлагагүй гэж үздэг. Би хүмүүст таалагдах гэж амьдраагүй ш дээ.

-Таны хэтийн зорилго. Мэдээж улс төрд явж байгаа хүнд алсын хараа байгаа байх?

-Түрүүн хэлсэнчлэн эрх чөлөөтэй аялах дуртай. Ямар нэг юманд баригдаад хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж сууна гэдэг хариуцлагатай том ажил шүү дээ. Улс төрийн тогооны хүмүүс маш их хариуцлага үүрч, их ачаалал авдаг хүмүүс. Би бол залуу хүн. Миний улс төрийн карьер нэлээн урт хугацаанд үргэлжилнэ гэж бодож байна. Ялангуяа Баянхонгор аймагт. Улс төрийн карьераа зөвхөн дөрвөн жилийн сонгуулиар харахгүй байна, дор хаяж гурван удаагийн сонгуулиар өөрийгөө харж байна. Тэгэхээр Баянхонгорчуудтай 16 жил холбоотой байх нь. Өөрийгөө боллоо гэсэн үедээ хэн нэгнээр хэлүүлэхгүйгээр больж чадна.

-Z generation залуус таниас юуг олж хараасай гэж хүсэж байна?

-Залуус нэгт шударга байгаасай, хоёрдугаарт өөрийгөө биш эх орноо түрүүнд тавьдаг байгаасай  гэж бодож байна. Бүх зүйлд “Би би” гэхээс илүү бусадтайгаа хамт яваасай гэж боддог. Надаас ямар нэгэн давуу тал олж харна гэвэл миний энэ чанаруудыг дуурайгаасай гэж хүснэ.

                                                                                                                                                        Гранд Сэтгүүл №130 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (132)
  • Retweet (81)
  • 10-30 17:38
    Retweet (34)
  • 10-30 18:33
    Retweet (31)
  • 10-30 17:54
    Retweet (10)
  • 10-30 18:20
    Retweet (8)
  • Retweet (8)
  • 10-30 18:17
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 10-30 18:07
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • 10-30 18:27
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-30 18:11
    Retweet (1)
  • 10-30 18:07
    Retweet (1)