Эр зориг, хатан хүч: “ The Woman”
2020 оны 8 сарын 10

Таануус зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан, монгол гэр гоё энэ тэр гэж их ярьдаг, бичдэг болсон байна лээ. Ам асууя, сүлд дуу гэдэг шиг сүлд киногоо үзсэн үү? “The Woman” кино яг та бүхний тэр ярьдаг ч хөндөж чадаагүй сэтгэлийн утсыг  чинь чивчиртэл, тасартал татаж тавьсан кино гэж товчхондоо ойлгож болно.

Нуулгүй хэлэхэд 5 минут хоцорч ороод яг хонь муулж байгаа хэсгээс эхэлж үзсэн. Гэв гэнэт шийдэж кино үздэг унаган зан хөдлөөд. Тэрнээс өмнө юу болсон бол? Дараа дахиад үзэх хэрэгтэй, олон үзсэн ч гэмгүй л... Их хотын энэ завгүй хэмнэл дунд зүгээр л хээрийн салхинд алхаж, хэдэн малаа маллаж, гэртээ тааваараа цай оочлон суух боломж олгосон гэхэд болно. Хийсвэр төсөөллийн ертөнцдөө хүн өөрийнхөө дотогш анирдан байх тэр агшин бол сонгодог утгаараа гэгээн алсад одож байгаа хэрэг.

Манай Ду Хан хээр нэг монгол бүсгүйтэй таарсан. Та нарыг юу асуух гэж байгааг би яг мэдэж байна. Тэр хоёр суусан уу гэвэл үгүй шүү хэ хэ. Ер нь хээр эр эм хоёр таарвал юу яах ёстой юу, ганц бие монгол эмэгтэй заавал нэг хүн ч юм уу чоно нохойны хоол болох ёстой юу? Гадаад л хүн харвал хөдөөнийхөн тахин шүтдэг билүү? Хамаг байдгаа барьж гүйгээд шинэ дээлээ гаргаж өмсөх үү? Бас гүй л дээ л гэсэн санааг кинонд тусгажээ. Дагийна бүсгүй зүгээр л өөрийнхөөрөө оршсон. Энэ содон нэр Ч.Ундралын охины нэр шиг санагдаж байна, би эндүүрээгүй бол.

Солонгос сериал, солонгос кино урлаг дэлхийг байлдан дагуулж байгаагийн нууцыг хүмүүс янз бүрээр тайлбарлах байх. Би бодохдоо төвөг яршиггүй, чихэнд чийргүй аядуу зөөлөн намуухан ярианы хэмнэл нь нэн тэргүүнд үзэх шалтгаан гэж дүгнэх болсон. Барууны кинонууд түс тас гээд л хэтэрхий нүргээнтэй чих, тархи ядраахыг яана. Тэгээд ёс юм шиг эзгүй байшин, эзгүй хээр төөрөөд хөрөө сүх, хүчирхийлэл болоод явчихдагт нь ёстой дургүй.  Эсвэл ёстой сонгодог утгаараа юу яах нь хэтрээд нүд халтируулдаг золигнууд. Мэдээж сайн кино зөндөө буйг энд дурьдах хэрэгтэй. Бариад идчих вэ, хэ хэ.

“The Woman” бас яг миний дуртай намуухан хэмнэлтэй зөнгөөрөө урссан кино болж. Тэртэй тэргүй бидний амьдрал адал явдал, адармаа, хошин шог, хов живээр дүүрэн байхад тэрийгээ дэлгэцнээс нотолж харж, цаашлаад өөрсдийгөө доромжлуулсан үг, хэлц дээр инээж асгараад яах юм.

Дагийна бүсгүй чимээгүй, намуухан мөртлөө их эрс шийдэмгий хүн санагдлаа. Нүүнэ гэвэл нүүчихдэг, үлдэнэ гэвэл үлдчихдэг, хийнэ гэвэл шүд зуусаар хийчихдэг чанар нь магадгүй Ч.Ундралын өөрийнх нь уг натур байх. Мөн чанар нь тийм хүн байж гэдгийг одоо л олж харж байна. Боодол хэвлэлээр балбаад нүдсэн ч энэ бүсгүй нэг үг дуугарах биш. Ам дүүрэн доромжлол сонссон ч бас л дуугарах биш. Авааль нөхрийг нь амьдралын шуурга шүүрдэхэд ч бас л дуугараагүй. Яг л энэ кинон дээрх шигээ салхи сөрөн харж зогссоор үлдсэн байх даа гэмээр ...

Цаг хугацааны тооллоор бодоход нялх биетэй байхдаа шахуу энэ кинонд тоглосон гэж таамаглаж байна. Бага хүүхдээ орхиод хээр хөдөө кино зураг авч яваа нь ч эрс шийдэмгий монгол эмэгтэйн зан гэмээр. Бүсгүйчүүд бид ийм л хүмүүс. Тулсан газар ханийгаа, хань үгүй ч хадам эхийгээ, үр хүүхдээ, хүний өөрийн бүгдийг асран өргөх уулын чинээ зоригтой. Тэглээ гээд чухам гавьяа байгуулчихлаа, би тэнгэрийн амьтан, хатан ухаантан гэж цээжээ дэлддэг бүсгүй тун цөөн. Яг чадаад байгаа хүн бол тэр болгон гайхуулаад байдаггүй юм “мал” даа. Угаасаа тийм зав хаа байна? Хүнээр бүгдийг хийлгэчихээд хумсаа хуурайдаж суудаг бол болох л юм.

Ингэхэд бид үхэхдээ ямар царай төрх гаргах бол? Үхэхийн нөхөр тусдаа байдаг юм гэнэ лээ, төгсгөлд дэргэд хэн байх бол? Эсвэл хүссэн хүнээ байлга гэвэл хэнийг байлгах вэ? Үзэгчид бүгд энэ талаар бодсон байх аа.

Машид зориг гарган дэндүү даруухан эгэлээс эгэл монгол бүсгүйн амьдралыг дэлгэцнээ амилуулсан кино багийнханд амжилт хүсье. Ашиг хөөсөн бол айдас хүчирхийлэл ихтэй хорвоогийн бараан бүхнийг хөдөө талд “үйлдэж” болох байлаа. Ашиг гэхээсээ чанар хөөжээ, та бүхэн.

Жинхэнэ бүжигчин тааран шуудай углуулаад оо энгэсэггүй тайзнаа гаргасан ч сэтгэл хөглөтөл сайхан бүжиглэж гэмээнэ бүжигчин. Ч.Ундрал хотын хүүхний төрхөө гээж байгаагаараа үзэгч бидний нүдний өмнө зогслоо. Ер нь заавал барби шиг хөөрхөн харагдаж, хөх, өгзгөө гайхуулж, нүцгэлж од болох ёстой гэж ямар шулмас нь шивнэсэн юм бэ? Наад дотоод мөн чанараа гарга, анзаар. Хувцсаа сольж өмсөөд кино болгонд “шалчигнаж” явснаас эхлээд өөрийгөө ол. Өөртөө үнэнч хандаж чадахгүй бол үзэгчид яаж жүжигчинд үнэн хандаж хайрлах билээ.

Яадаг юм, Ч.Ундралыг араг үүрэхэд нь ч хайрлалаа, морь унахад нь ч хайрлалаа, хөдөөгийн хар борыг гараа цэврүүттэл хийсэн байх гэсэн мэдрэмжээр үйлдэл бүрийг нь хайрлалаа. Шалихгүй эрх зан, тэрийг ч хийхгүй үүнийг ч хийхгүй гэж голж шилэнхэн ажилладаг танхи сэтгэлтнүүд нэгийг бодууштай кино болж. Их л олон мессэж өгөхийг зорьсон бүтээл.

Амьдралд шунаж болдоггүй юм. Шунах тусам алдсаар байх болно. Ер нь шунал гэдэг чинь өөртөө үнэнч байж чадаагүй дутуугийн комплекс юм биш үү? Бид хэдий болтол тэр эгогоо хооллох юм бэ?

“Ядуус баян болохыг, баячууд диваажинд амьдрахыг, харин ухаантай хүмүүс амар амгаланг хүсэж мөрөөдөж явдаг” Своми Рама /1873-1906/-ийн үгээр энэхүү нийтлэлээ төгсгөж байна. Харин киноны хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна ...

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (113)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (14)
  • 09-19 15:46
    Retweet (11)
  • 09-19 17:30
    Retweet (9)
  • 09-19 15:16
    Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • 09-19 17:43
    Retweet (3)
  • 09-19 15:58
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-19 16:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-19 17:31
    Retweet (1)