УИХ-ын гишүүд намайг Ерөнхий сайдад дэвшүүлэхэд нь нэрээ таталгүйгээр Ерөнхий сайд болсон бол АН ч, ардчилал ч, улс орон ч ийм байхгүй байсан гэж боддог доо
2020 оны 8 сарын 10

Дашдондогийн Ганбат

Тунчиг минималист хэв маягтай албан тасалгаанд хананд нь зөвхөн Чингис хааны хөрөг зураг байгаа нь содон тусна. “Юу уух вэ?” гээд хөргөгчөө онгойлгоход эрэгтэй хүн гэхэд тохилог суудаг болох нь харагдлаа. Аргагүй, 20 мянган өрхийн бидон, шанагыг сольсон, 560 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон гэхээр Д.Ганбат бүх зүйлд нягт нямбай өгөөжтэй хандах гэж хичээдгийн илрэл. Дээрх хоёр шийдвэр, дэмжлэг нь хоёул айл өрх нэг бүрийн сайн сайхны төлөө зориулагдсан. Тийм хүн өөрийн гэр болоод албан тасалгаагаа, ажил төрлөө цэмбийлгэх алга урвуулах төдий байх л даа. Хөдөө орон нутагт төрж өссөн, Киевт төгссөн, сэхээтэн гэр бүлийн хүү 24 насандаа гэр бүлийн амьдралд хөл тавьжээ. Цэргийн алба хаасан. Товчхондоо улстөрчийн хувьд төгс гэж болох намтартай. Нэг л тайван болж сэтгэл санаа уужрах мэдрэмж энэ эрхэмтэй ярилцахад төрж байв. Хэрэв сонгогдсон түшээ болгон тойргийнхоо иргэдэд түүн шиг анхаардаг бол мөн ч их ачаа хөнгөрөх сөн. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг дээ. Д.Ганбат аргаа нэгэнт олсон хүн юм байна. Түүнээс суралцах зүйл, сонсох үгс, авууштай чанар маш их байна. Аль хэдийнэ шүүмжлэл дааж, үг өнгөрүүлж сурсан хаттай чанар нь цэрэгт алба хаасантай нь холбоотой юм болов уу. Балчир насандаа ээжийгээ алдсан хүү алдаанд мохохгүй, амьдралд нугарахгүй байх төлөвшлийг номноос олж авчээ. Ном номондоо номын сан дүүрэн номнуудаас. “Чи чадахгүй” гэсэн ч чадчихаад сууж байхын амтыг тэр мэднэ. Гэхдээ дарцаг шиг намирч гүйхгүй чимээгүй суудаг байдал нь орчин цагт ховордсон чанар. Харин надад хэвлэлд тэр бүр ам нээдэггүй сонирхолтой ярилцагчтай учирч хэрэндээ сайн яриулаад гарахын амтыг мэдрэх сайхан байлаа.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиосон өдрийн өмнөхөн ярилцлагаа товлож ойн баярын дараа ярилцаж байгаа учир ритмтэй санагдаж байна. Баяр сайхан болов уу?

-Сайхан баярлалаа.  Аливаа ой тохионо гэдэг өнгөрсөн хугацаанд ямаршуухан үйл явдал болов гэдгийг хүн бүр эргэн дурсах, дараагийн ажил, амьдралаа төлөвлөх цаг. Дорныхон жаран жарнаар нь ярьдаг. Христийн тоолол зуун жилээр хэмжигддэг. Манай Ардчилсан нам байгуулагдаад, Монгол улс Ардчилсан улс болоод нэгэн жарны гучин жил өнгөрчээ. Дэлхий нийтэд өнөөдөр 6 тэрбум хүний 2 тэрбум нь ардчилсан нийгэмд амьдарч байна. Дэлхий дээр ардчилсан тогтолцооноос илүү хүнийг сайхан амьдруулах нийгэм одоогоор алга байна. Тэрний нэг хэсэг нь монголчууд байгаа нь үнэхээр аз завшаантай, сонголтоо зөв хийж чадсаны илэрхийлэл. Ардчилал өөрөө ирчихдэггүй. Байнга арчилж тордож байхгүй бол нэг л өдөр байхгүй болчихсон байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр ардчиллаар төрсөн хүүхдүүд 30 жил ардчиллаар амьдарсан байна. Энэ хооронд бэрхшээлгүй, хүнд хэцүүгүй юм гэж байхгүй туулаад явж байгаа. Ардчилал бол ямар ч улс орон, хүний өмнө сонголт боломж хоёрыг байлгадаг. Монголчууд бид хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зов гэдэг. Ардчилалын он жилүүд алдаа оноотой жилүүд байсан. Цаашид оноотой жилүүд үргэлжилнэ гэдэгт итгэж байгаа. Ардчилал, Монголын заяа буян их юм. Монголчууд бид ардчилалгүйгээр амьдарч чадахааргүй болчихсон болов уу. Ардчиллаа хамгаалж үүнийхээ төлөө тэмцэх, үнэ цэнийг нь ойлгох нь ямаршуухан байдаг юм бол гэж боддог юм. Ойн баяр тэмдэглэнэ гэдэг нь дархлаажуулалт хийж байна гэсэн үг л дээ, товчхондоо.

Хэлсэн ярьсан, хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн цаг хугацаагаар шалгаран үнэлэгдэн үлдэх сайхан байдаг.

-Уучлаарай, баярын өдрийн сюрприз задарч АН-д 100 сая төгрөгөө төлсөн хүмүүсийн жагсаалт ил боллоо. Иймэрхүү зүйл нууц байдаггүй юм болов уу? Дайсан өврөөс босдог гэдэг. Дотроосоо л задарсан байх гэж тааж байна. Намдаа мөнгө өгөх нь айж ичих зүйл биш биз дээ?

-Хүмүүсийн энэ асуудалд хандаж байгаа хандлагыг би маш сайн ойлгож байна. Өнөөдөр статистикийн судалгаагаар Монголын нийт хүн амын 30 хувь нь ядуу байна. Нэг хэсэг 2014, 2015 онд ядуурал 20 хувь руу орж байсан, одоо 30 хувь, цаашлаад урагшгүй эрх баригчид, энэ коронавирус өвчнөөс болоод 50 хувь руу орох магадлал өндөр болчихлоо. Ийм үед төр засаг ард түмний амьжиргаа, орлогод анхаарал тавих шаардлагатай, юун сонгууль. Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулна гэдэг зөв. Сонгууль чухал уу, монгол хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргаа чухал уу. Мэдээж монгол хүний амь нас, амьжиргаа. Ялангуяа ээжүүд, хүүхдүүдэд хүүхдийн мөнгө анх гарч ирсэн 10 мянган төгрөгний ханшаар бодоход өнөөдөр сар болгон 40 мянган төгрөг өгөх ёстой. Тэгэхэд нэг кг нэгдүгээр гурил 300-400 байсан. Одоо 1200-1300 байна. Нэн тэргүүнд ийм хүнд үед хүүхдүүд ээжүүд их өртдөг. Ард түмний өргөн хэрэглээнд авч байгаа юмны үнэ өдрөөс өдөрт өндөр болж байна. Гурил будаа, хүнсний зүйлс. Малчдаас гардаг түүхий эдийн үнэ маш их унаж бараг үнэгүй болж байна. Дэлхийн зах зээл дээр бүх юмны суурь болсон нефтийн үнэ 70 доллар байж байгаад 13 доллар болсон байна. Энэ жишгээр бензиний үнэ өнөөдөр 400 төгрөг л байх ёстой. Гэтэл ямар байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Малаас гардаг арьс шир, ноос ямар ч үнэ цэнэгүй хог дээр хаягдаж байна. Энэ тал дээр төр засаг хангалттай сайн ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр олон нийт сонгуульд нэр дэвшихийн тулд мөнгө гаргаж байгааг зөвөөр харах боломж бололцоо байхгүй. Нөгөө талаас буруу тайлбарт автаад байна. Улс төрд манлайлж байгаа хүмүүс эхлээд биеэ засаад дараа нь гэрээ засаад улмаар улсаа засах гэсэн байдлаар явдаг. Улс төр бол ард түмнийхээ төлөө өөрийнхөө бүх боломж бололцоог дайчлан ажиллая гэсэн хүний ажил. Нэн тэргүүнд улсын мөнгийг идэхээргүй, авахааргүй, найз нөхөд болон хувиасаа шаардлагатай зардлаа босгочих чадалтай байх эхний шалгуур. Гэхдээ мөнгөний эх үүсвэр ил тод байх ёстой. Хаанаас гарал, үүсэлтэй юм, дэмжигчид найз нөхөд нь тэр хүнийг улс төрд яваасай ард түмнийхээ төлөө юм хийгээсэй гэж бодож өгсөн мөнгө, санхүүгийн боломж нь ухуулгын зардал сурталчилгаа, ажилласан хүмүүсийн цалин, бензин  болон бусад зардлаа гаргах боломжтой байх ёстой. Нөгөө талаас зарим тохиолдолд мөнгөний эх үүсвэр нь авилгал, тендер, 60 тэрбум, казино, согтууруулах ундаа,  ЖДҮ-гээс авсан, буруу замаар орж ирсэн мөнгө байх тохиолдол байна. Тэр болгоныг ялгаж салгаж ойлгохгүй байгаагаас асуудал үүсч байна. Түүнээс зөвхөн мөнгөөр нэр дэвшигч тодордог юм биш. Хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд процесс ингэж өрнөдөг. Миний хувьд АН-аас дэвшээд Баянхонгор аймгийнхаа ард түмний итгэлийг хүлээж УИХ-д сууж байсан. Нэр дэвших процессийг зарим хүмүүс одоо хэр нь ойлгохгүй байх шиг байна. Нэгт, горилогчид хүсэгчид саналаа илэрхийлдэг.  Тухайн дэвших гэж байгаа тойрогт сонгогчдын дунд тэдгээр хүмүүс дээр судалгаа явуулснаар хамгийн боломжтой, ялах магадлал өндөртэй хүмүүс нь гарч ирнэ. Мөн тухайн орон нутагтаа танигдсан байдал, өмнө нь одоо хийж байсан зүйлүүд, цаашид хийх зүйлсийг үндэслээд аймгийн намын хорооны гишүүдийн санал нэг хэмжүүр болно. Ингээд Үндэсний бодлогын хороон дээр ярилцаад нэр дэвшүүлдэг.

Амьдралд алдахгүйг хичээх хэрэгтэй. Алдаа гаргавал айх хэрэггүй.

-Та хүмүүсийн урвалт шарвалт, хувирамтгай араншинг юу гэж  хардаг вэ. Нам дотроо урвах, намаасаа урвах нийтлэг үзэгдэл. Та энэ тал дээр харьцангуй нэр цэвэр. Таны хувьд яаж жанжин шугамаа алдахгүй өнөөдрийг хүртэл намдаа үнэнч байв аа?

-Эзэн Чингис хаан маань урвагч нарыг өршөөдөггүй цаазалдаг байсан л даа. Монголчуудын хүчирхэг байсны үндэс нь ч байсан байх. Хувь хүн өөрөө өөртөө үнэнч байх гэдэг нь ерөөсөө өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлээс урвахгүй байна гэсэн үг юм. Нэгэнт тийм үзэл бодол, итгэл үнэмшлээ ухамсартайгаар сонгосон хүн асар их хүчтэй. Мухар сүсэг, бусдыг аялдан дагах, тухайн үедээ ашиг хонжоо харж сонголт хийдэг хүмүүс бий. Миний хувьд тэгэх шаардлага алга. Тухайн хүний өөрийнх нь чадал чадвараас шалтгаалдаг байх. Энэ хүний байгаа нь л энэ, оршин тогтнох амьдрах чадвар нь ийм юм байна. Улс орныг манлайлж байгаа хүмүүс итгэл үнэмшлээ хэвээр нь хадгалж, үзэл бодлоо сольдоггүй, тэр нь нийгэмд үлгэр дуурайлал болж байгаасай гэж хүсдэг.

-Тухайн үед та түмнээс тодорч олноос онцгойрон дэвших эрхээ авсан. Танд ямар давуу тал байсан бэ. Улс төр, Ганбат хоёр юугаараа нийцсэн юм бол?

-Ер нь авилга, албан тушаал, хувийнхаа эрх ашигт орооцолдсон хүмүүс улс төрд дийлэнх нь болчихоод байна. Ард түмний төлөө зүтгэх, хүсэн хүлээсэн ажлуудыг хийх улс орон сайн хөгжихгүй хоцроод байгаа учраас улс төрд оролцох нь зүйтэй юм байна гэж үзсэн. Миний насны хүмүүс туршлага хуримтуулсан байна, итгэл үнэмшил ч  байна. Нэгэнт Монгол орноо гэсэн сэтгэл зүрх байхад улс төрийг урагшлуулахгүй бол болохгүй юм. Би Үндсэн хуульд заасан Монгол Улсынхаа иргэний хүндэт үүргээ биелүүлж Хонгор нутгаасаа цэргийн албанд 17 настай сайн дураараа явж Монгол Улсынхаа төлөө амь хайргүй зүтгэхээр тангараг өргөж Зүүн баянд танкийн хороонд алба хааж байлаа. Удахгүй сонгууль болно. Сонгогчид, ард түмэн нэр дэвшигчээсээ хамгийн эхэнд асуух асуулт нь “Хэрвээ та яриад байгаа шигээ эх оронч юм бол Монгол Улсын иргэнийхээ хүндэт үүргээ биелүүлж хугацаат цэргийн алба хаасан уу?” гэж асуух ёстой юм. Гэвч үе үеийн УИХ-д  Зүүн баянд болон торгон хил дээр эх орноо хамгаалж хугацаат цэргийн алба хааж байсан хүн байдаггүй нь үнэхээр харамсмаар. Хугацаат цэргийн албыг гадаадын бүх улс орны парламентын гишүүд, дарга нар нь Английн Хатан хааны ач нар хүртэл хаасан байдаг. Харин манай гишүүд, дарга нар үндсэн хуульд заасан иргэнийхээ хүндэт үүргээ биелүүлээгүй байж хууль тогтоох байгууллагад сонгогдох эрхээ эдэлж УИХ-д хууль батлаад байж байдаг юм. Өнөөдөр шударга бус байдал газар авч хууль тэгш үйлчлэхгүй байгаа нь үүнтэй холбоотой байж мэднэ. Сүүлийн үед залуучууд маань цэргийн алба хааснаараа бахархдаг болжээ. Миний хувьд төрийн далбаагаа мөрөн дээрээ зүүсэн байлдагч байснаараа бахархдаг. Байлдагчийн мөрөн дээр нь төрийн далбаагаа итгэж зүүлгэдэг улс бол дэлхий дээр ганцхан Монгол улс. Энэ нь Монгол төр Монголын ард түмэн Монгол цэрэгтээ ямар их итгэдгийн Монгол цэргийн нэр хүнд дэлхийд ямар их өндөрт байдгийн илэрхийлэл юм аа. 

Хуулийг сахидаг, сахиулдаг, биелүүлдэг,хэлсэндээ хүрдэг, ам, ажил хоёр нь нийлдэг хүмүүсийг улс төрд бий болгох ёстой.

-Та чинь бидон Ганбатаасаа өмнө Техник импортын Ганбат байсан юм байна лээ. Найман жил эндээ ажиллаж байгаад улс төрд хөл тавьсан гэж ойлгосон. Улстөрч биш Ганбатын он жилүүд, өсөлт хөгжлийг сонирхмоор байна?

-Би ерөөсөө л энгийн, жирийн хүн. Гэхдээ энгийн зүйл л агуу гэдэг юм билээ ш дээ. /инээв.сэтг/ Танай “Гранд” сэтгүүлд гардаг хүмүүс шиг ямар нэг байдлаар тансагладаг, эсвэл өвөрмөц төрлийн хүн биш юм шиг байна. Би өөрөө эгэл жирийн байхдаа дуртай, тэгж амьдардаг нь миний амьдралын хэв маяг, илүү дутуу юм хүсдэггүй тийм л хүн. Манайхан удмаараа л даруу төлөв хүмүүс. Техник импорт компани бол манай толгой компани. Охин компаниудтайгаа нийлээд 9 компани бий. Нийтдээ 340 хүн ажиллаж байна. Шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан. Бидон гэдэг нь миний хийж хэрэгжүүлсэн ажлаар нэрлээд байх шиг байгаа юм. Би хөдөө өссөн болохоор амьдрал мэднэ л дээ. Намайг бага байхад сааль сүү, ундны усаа хадгалах зориулалттай сав суулга, бидоныг  ЗХУ-аас авчирдаг, 40, 25, 10-ын бидон айл болгонд байсан. Зах зээл эхлээд сүүлийн үед айл болгонд ороход цай сүүгээ хуванцар шанагаар хутгаж, химийн хорт бодис агуулдаг цэнхэр сав хэрэглэдэг болчихсон. Ийм амьдралын хэв маягаас болоод хүмүүсийн дунд хорт хавдар ихэссэн. Хөдөө орон нутаг, гэр хороололд хорт хавдраар өдөр болгон өвдсөн 4 хүний 3 нь, жилдээ 6000 хүн өвдөж 4000 хүн нас бардаг юм байна. Өнөөдөр хорт хавдрын өвчлөлөөр хүн амын тоотой нь харьцуулахад манай улс дэлхийд дээгүүрт орж байна. Дэлхий нийтээрээ хуванцар савнаас татгалзаж эхэлж байна. Энэ ажлыг би 2015 оноос эхэлж одоог хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэн хийж байна. Ард иргэдийн амьдралын хэвшлийг эрүүл, аюулгүй болгоход нэмэр болохын тулд тухайн үед улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгаж тэр 1 тэрбум төгрөг нь гурав хуваагаад Баянхонгор, Завхан аймаг, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн байдаг. Манай аймагт 300 сая төгрөг тавигдсан нь мянга гаруй бидон болсон. Хаана нь ч хүрэхгүй байсан учраас би хувиасаа мөнгө гарган өнөөдрийг хүртэл 8000 бидон, 20 мянган шанага тараасан байна. Манай Баянхонгор аймаг 26 мянган өрхтэй. Өрх болгонд нэг нэг хөнгөн цагаан зориулалтын шанага өгөхийг хичээсэн, 1-р одонтой ээжид 40-ийн бидон, 2-р одонтой ээжид 25-ын бидон өгсөн. Энэ ажлын зардлын 90%-ийг би хувиасаа гаргасан. Тухайн үед миний зургийг фотошопоор эвлүүлээд бидон дээр тавьсан байсан. Нэлээн боловсролтой юм ойлгохоор ухаантай царайлсан хүмүүс хүртэл “Чиний зураг бидон дээр байгаа юмуу?” гэж асуудаг. Нэгдүгээрт, бидон өөрөө үнэтэй, 240-250 мянган төгрөг, дээр нь фото зураг тавибал бүр үнэтэй болно. Би тэрийг тавиад сууж байх хүн мөн үү, хүмүүс тийм бидон авах уу? Иймхэн юмыг хүмүүс эргэцүүлээд ойлгох чадвартай гэж бодож байсан. Бидоныг шоолж гайхаж байснаа одоо бол хүмүүс хүлээн зөвшөөрөөд зөв ажил хийсэн гэж хэлдэг болж. Би нэг талдаа хуванцар савнаас татгалзах, хорт хавдрыг багасгах сурталчилгааг амжилттай хийлээ гэж боддог. Нэр зүүсэн ч гэсэн казино, тендер, ЖДҮ, архи пиво, уул усаа байгалиа сүйтгэж уурхай ажиллуулдаг гэдэг асуудлаар олны өмнө гарсан биш. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Өөдөө харсан сав, бидон чинь. Намайг бидон гэх мэтчилэн янз бүрээр хэлж л байдаг юм. Би нээх ач холбогдол өгдөггүй. Янз бүрийн байгууллагууд, хүмүүс сонгогчдод тараасан зүйлсээр үзэсгэлэн гаргаж л байдаг. Тэдэнд хэн нь ч бидоноо өгдөггүй. Хэрэгцээ, хэрэглээ нь юм чинь юу гэж өгөх вэ. Бусад хүмүүсийн тараасан жижиг сажиг зүйлс байж байдаг шүү. Гол нь үзэсгэлэн гаргаж захиалгатайгаар ажиллах гээд байгаа юм шиг хандахаасаа илүүтэй улстөрчид яагаад юм тарааж сонгогчид тэрийг нь яагаад аваад байна гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэж боддог. Тэр тал дээр судлаачид ажиллахгүй байна. Миний хийж байгаа ажил бол цаанаа их утга учиртай, ард түмэнд үр өгөөжтэй юм шүү. Арваннэгдүгээр сард идэшний цаг, ах дүүгээ таних сар гэдэг. Манайхан хотоос хөдөө рүү явахдаа хорт хуванцрыг халахын тулд болж өгвөл айл болгонд шанага, бидон бариад очих хэрэгтэй. Хуванцрын хор хөнөөлийг хөдөөд мэдэх ч хүн байна мэдэхгүй ч хүн байна. Оюутан хүүхдүүд нь ч гэсэн хөдөө гэрийнхээ сав суулгыг солиод өгвөл тэр сайхан органик, эрүүл агаарт, цагаан идээн дээр хорт хавдраар өвчилдөггүй байсан ард иргэдээ өнөөдөр эмнэлэг нь дийлэхгүй хэмжээнд хүртэл өвчлүүлэхгүй байх боломж байна. Монгол хүний насжилт дэлхийтэй харьцуулахад богино байна. Ид хийж бүтээх насан дээрээ хорт хавдраар явчихаад байна шүү дээ. Би энэ тал дээр анхнаасаа зөв зүйл хийсэн, хийж ч байгаа. Цаг хугацааны эрхээр хүмүүс миний хийж байгаа зүйлийн ач холбогдлыг ойлгоно гэж боддог.

Хүн ер нь тухайн орон нутагтаа тэр тусмаа залуустаа боломж чадал нь байвал тусалж дэмжиж байх ёстой гэж боддог. Би бизнест эрт хөл тавьсан гэдэг утгаараа нутгийнхаа Хонгор нутаг бөхийн дэвжээгээ цаг ямагт дэмжиж ирсэн. Залууст амжилт гаргахад санхүүгийн нөхцөл бололцоо их чухал байдаг. Энэ тал дээр нээлттэй ханддаг. Мөн Хонгорын хурд морин уралдааныг анх санаачлан зохион байгуулж бай шагналыг нь өгч байлаа. Үргэлжүүлэн Говь хангайн сумдад Адуучин тэмцээнийг Баянхонгор аймгийн цагдаагийн газрын хамт олонтой “Мал сүргээ гэмт халдлагаас хамгаалья” уриан дор хамтран зохион байгуулж байлаа. Хэл хил мал гуравтайгаа хэн баян, Монгол баян. Зундуйн Дорж агсантай хамт нутагтаа энэ ажлыг нэлээн хэдэн жилийн өмнөөс санаачлан эхлүүлэн явж байсан байдаг юм. Энэ ажлаа цаашид уламжлал болгон үргэлжүүлэн хийх бодолтой байна. Монголчууд бидний өв соёл, нүүдэлчин амьдралыг уламжлан хадгалах энэ өргөн дэлгэр нутагтаа эзэн нь болж байгаа малчдаа дэмжих шаардлагатай байгаа юмаа. Хонгор нутгийнхаа адууны угшил угсааг сайжруулаарай гэж мөнгө хатуу байх үед 100 сая төгрөг зориулан гаргаж байсан.

Манайх ямаан тоо толгойгоор улсад нэгдүгээрт ордог. Арваад жилийн өмнө ноолуур 60 мянган төгрөг байсан. Нэг доллар 1000 төгрөг байсан. Өнөөдрийн ханшаар доллар 3000 шахуу болжээ. Энэ ханшаар 180 мянган төгрөг байх ёстой. Хэрэв бодлогоо зөв явуулж чадвал дэлхий дээрх ноолуурын 60 хувийг Монгол Улс гаргадаг. Энэ тал дээр төр засгийн бодлого муу байна уу даа. Өнөөдөр ч 100 мянган төгрөгөөр авна гээд амьдрал дээр тэр нь харагдахгүй л байна. 100 мянгаас буулгахгүй гэсэн энэ нь юу болох юм бол. Бас худал үнэн амлалтаар малчдад хүлээлт үүсгэж орлогыг нь бууруулахгүй, малчдын орлогыг өсгөж хамгаалах нь төр засгийн үүрэг юм. Ноолуур бол малчдын орлогын 40 хувь, амьжиргааны эх үүсвэр болдог.

Би хувиасаа мөнгө гаргаж өнөөдрийг хүртэл 8000 бидон 20мянган шанага ээжүүддээ тараасан

-Та шинэ залуу улс төр сонирхогч, горилогчдын хувьд идеаль болж байгаа дүр төрх. Энэ талбарт хөл тавьсан болон тавих гэж байгаа дүү нартаа юуг зөвлөмөөр байна?

-Ямар ч хүн эхлээд өөрөө өөрийгөө, гэр бүлээ авч явж чаддаг, тухайн мэргэшсэн салбартаа амжилт гаргадаг байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд ямар нэгэн юмнаас хамааралгүй, боловсрол, мэдлэгээ дээшлүүлсэн, амьдралын туршлагатай болсон үедээ улс орноо сайжруулна гэж явах хэрэгтэй. Улс төрийг цавчаа хийх, хэн нэгэн даргын цүнх барьж гүйж амар хялбар аргаар баяжиж амьдрах зам гэж бүү бодоосой. Хууль, хяналтын байгууллага ажлаа зохих ёсоор нь хийвэл өмнөх шиг олноороо нийлж идэж уугаад ямар нэг байдлаар мултраад гарчихдаг асуудал байхгүй болно. Байхгүй болгох хэрэгтэй байна. Ард түмэн тэгж шахаж шаардаж байна. Мэдээлэл ил тод болсон. Ийм зүйл хойшдоо байхаа болино, болиосой ч гэж бодож байна. Бүхнийг амжуулчихсан сайхан залуус Монголд, гадаадад ч байна. Хуучин 10-20 жил хөдөлмөрлөж байж санхүүгийн хараат бус болдог байсан бол одоо богино хугацаанд, залуу насандаа хувийн хэвшилд ажиллан санасандаа хүрэх нөхцөл бий болсон байна. Энэ бүхнийг залуус маань олж хараасай гэж хүсэж байна. Энд нэг зүйл хэлэхэд манай ах дүү нар, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдээс жишээ нь төрийн албанд ажилладаг хүн огт байхгүй. Өөр хэн нэгэн тэнд  ажиллаасай, бололцоотой хэн нэгэн хүний урдуур орж боломжийг нь байхгүй болгох буруу юмаа гэж боддог. Төрийн албыг ах дүү нараараа нийлээд хашчихдаг, төрийн албаны ургийн мод хүртэл хийчихсэн ч байх шиг. Ийм зүйлээс бас хол хөндий байгаарай гэж улстөрчдөд хэлмээр байна.

Нэг юм хэлэхэд манай Баянхонгор аймгийн Ардчилсан намд залуусын төлөөлөл болж манай нутгийн Пүрэвийн Нүрзэд гэж сайн ч залуу сайхан ч залуу орж ирж байгаа. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж дайчин бүсгүй Адьяасүрэн орж ирж байгаа. Ардчиллынхан залуучуудаа, эмэгтэйчүүдээ дэмждэг болсон. Энэ бодлого манай Баянхонгор аймаг дээр гарч ирж байгаа нь энэ.

Би нэг талдаа ард олноо хуванцар савнаас татгалзах, хорт хавдар өвчнөөс салгах сурталчилгааг өөрийнхөөрөө хийчихсэн гэсэн үг. Амаар ярихаас гадна ажлаараа харуулах хэрэгтэй.

-Баянхонгорын төрийн алба, авилга хээл хахууль гээд олон асуудлыг хөндсөн нэг нэвтрүүлэг саяхан цацагдсан байсан. Цочирдом юм билээ шүү.  Бараг тэр нэвтрүүлгийн хариу цохилт нь нэрсийн задаргаа ч юм шиг. Улстөрчийн алдрыг нь хүртсэн хойно иймэрхүү асуудал дээр жанжин шугам барина биз. Таны хувь хүний бодлыг сонсмоор байна?

-Та “Цензургүй сурвалжлага”-ыг хэлж байна уу? Саяхан манай аймагт очсон байсан. Нэвтрүүлэг нь гарч байна лээ. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн баг бүх аймгуудаар явж байгаа юм байна лээ.  Сэтгүүлчид эрэн сурвалжлаад ажлаа хийж байна. Гарч байгаа зүйлс нь мэдээж баримт нотолгоотой байдаг байлгүй. Харин тэрэнд ямар нэг байдлаар өртсөн бол алдаа дутагдлаа засаад явахын оронд олон түмнийг буруутгасан, эсрэг намаа чичилсэн хандлагатай байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр ажлаа шударга хийнэ гэж амлаж төрийн ажлыг хийж суугаа биз дээ. Ажлаа зөв л хийх ёстой. Олон түмэн мэдэх эрхтэй,  ардчилсан оронд бүх зүйл ил тод байх хэрэгтэй, тэрийг л гаргаж тавьсан байх. Мэдээж над руу ч асуудал үүсэхэд ард иргэд хэлдэг ярьдаг. Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог. Энэ сонгуулиар ийм зүйлийг засаж залруулах эрх нь ард түмэнд байна. Сонголтоороо илэрхийлэх болов уу гэж бодож байна. Хууль шүүхийн байгууллага нь ажлаа хийж байна. Тухайн намыг эрх барьж байхад тэр хэрэг нь гарч ирдэггүй. Нам нь солигдоод эрх мэдэлтэй этгээдүүд асуудлыг дарж байсан бол явсных нь дараа хэрэг гарч ирээд байдаг ш дээ. Одоо МАН 65-уулаа эрх барьж байна. Энэ үедээ хууль хүчнийхээ байгууллагыг сайн ажиллуулаад энэ мэт асуудал гаргасан хүмүүсээ олж, хариуцлага тооцож, үнэн, худлыг нь ялгаж салгаад хуулийн байгууллагад ажиллах боломжийг нь олгож байгаа нь харагдахгүй л байна.

-Улстөрч хүнд багш гэж байдаг уу. Эсвэл намын дарга нь л хаан нь юм уу?

-Алдаа, оноо, амжилт л багш шүү дээ. Сонгуульд унана, ялна, ялагдана гэдэг чинь байдаг л зүйл. Дүгнэлтээ зөв хийгээд цаашдаа яаж ажиллавал зөв зүйтэй гэдгийг ойлгож чадвал сургамж авсан гэсэн үг. Ард түмний хэлж байгаа захиас, өнгөрч байгаа цаг хугацаа, алдаж онож байгаа бүхэн минь миний багш. АН-д дарга нар зааж зураад байдаггүй. Хамгийн гол зүйл бол улс орон хөгжиж ард түмний амьдрал дээшилсэн байх л ёстой.

Ард түмний хэлж байгаа захиас, өнгөрч байгаа цаг хугацаа, алдаж онож байгаа бүхэн минь миний багш

-Та хэвлэлд тэр бүр залраад байдаггүй, гарсан ч ажлаа л ярьдаг хүн юм билээ. Энэ дашрамд гэр бүлээ танилцуулах уу?

-Манайх ам бүл дөрвүүлээ, бүгд Баянхонгорт төрсөн. Манай гэр бүлийн хүн Баянхонгорынх. Эхнэр маань олон жил санхүүгийн салбарт ажилласан. Бид хоёр багаасаа бие биенээ мэднэ. 24 настайдаа гэр бүл болж байлаа. Охин хүргэн хоёр маань АНУ-ын Вашингтонд ажиллаж амьдардаг, зээ хүү 4 настай. Би хүүхдүүддээ нэг л шаардлага тавьдаг. Боловсролд чинь л аав нь хөрөнгө оруулалт хийнэ. Харин та нар, Америк, Орос, Япон, Солонгос, Хятад хөгжсөн орны дундаж иргэнээс илүү чадал, чадвартай, тэдэнтэй өрсөлдөхүйц ажлыг хийж чаддаг байх хэрэгтэй гэдэг юм. Охин маань 800 хүсэлтээ гаргасан хүмүүстэй өрсөлдөн шалгалтанд тэнцэж ОУВС-д ажиллаж байгаа. Бакалавр, магистраа АНУ, Англид хийсэн. Хүү оюутан, АНУ-д эхний 100-д байдаг Maryland-ийн их сургуульд сурдаг. Энэ жил төгсөнө. Эхлээд санхүүгийн чиглэлээр сурч байсан юм. Хэрэв чи санхүүгийн чиглэлээр сурч байгаа бол би сургалтын төлбөрийг чинь төлж чадахгүй. Яг тодорхой чиглэлээр технологи ч юмуу компьютерээр сур гэж хэлсэн. Хоёр жил сурч байгаад одоо мэргэжлээ солиод компьютерээр сурч байгаа. Хичээлийнхээ хажуугаар сав угаагч, касс, зөөгчөө хийгээд явж байгаа даа. Ер нь бол хүү маань улсын зардлаар сурах шаардлага хангаж байсан. Гэсэн ч би төлбөрийг нь хувиасаа төлдөг. Нэг ч гэсэн өөр бусад монгол хүүхэд улсаар зардлаа төлүүлээд сураг гэж боддог болохоор тийм юм хөөцөлддөггүй.

-Улстөрч хүний гэр бүл хөшигний ард үлдэх ёстой юу эсвэл хөшигний урд зогссон нь дээр үү?

-Учиргүй хөшигний ард урд гэх юу байх вэ. Хань маань эгэл жирийн л Хонгор нутгийн монгол бүсгүй. Миний ажил албанд ямар нэгэн байдлаар хутгалдаад байдаггүй. Хөшигний ард эхнэр маань байгаа мэт харагдаж байгаа нь бидний үе арай л монгол уламжлал тал руугаа юм болов уу даа. Намайг өдий зэрэгт хүрэхэд ар тал, гэр орноо авч явах, үр хүүхдээ өсгөх, ах дүү нартаа нэмэр тус болох гээд бүх зүйл дээр гэргий маань хүчин зүтгэж байгаа. Хүүхдүүдийнхээ боловсрол, ар гэрээ авч явах нь миний үүрэг. Гэр бүлийн гишүүн нэг бүрийн хүсэл зорилгыг сонсож ярилцаж ойлголцох, хүндэтгэж үзэж өөрийнх нь сонголтыг хийлгэх хэрэгтэй юм билээ. Нэг ийм үг байдаг “Манай хамгийн чухал ажлыг нөхөр мэддэг. Ямар ажил чухал, чухал бишийг эхнэр нь мэддэг” гэдэг. Иймэрхүү байдалтай амьдарч байна даа. /инээв.сэтг/

-Ганбат ямар хүүхэд байв?

-Аав эвлэл, залуучуудын байгууллага, багийн даргаар ажиллаж багшилж байсан. Ээж орос хэлний багш хүн байсан. Бид ах дүү долуулаа. Манайх боловсрол, мэдлэгийг дээдлэсэн дундаж сэхээтэн гэр бүл. Намайг 5-р ангид байхад ээж маань өвчний улмаас бурхан болсон. Ээжээс хойш нэг хэсэг сахилгагүй байсан. Гэхдээ сумынхаа номын сан, аймгийн нийтийн номын сангийн уран зохиолын бүх номыг сурагч ахуйдаа уншиж дуусгасан. Номын санд цоожлуулчихаад ном уншаад суучихдаг хүүхэд байсан. Цэрэгт явсан маань их зөв зүйл болсон гэж боддог. Цэргээсээ дараа нь сургууль, соёлд явсан ийм л хүн байна даа. Ах дүү нар маань бүгд ЗХУ-д дээд сургууль төгссөн. Онц сурлагатнууд алтан медальтай л улс байсан. Баянхонгорынхон хамт сурч байсан суралцагсад нь мэдэх байх. Би Киевт сурсан. Амьдралын сургууль, эрдэм номын өргөөнөөс аль алинаас нь суралцжээ. Амьдралдаа алдахгүйг хичээх хэрэгтэй. Алдаа гаргавал айх хэрэггүй. Алдаагаа засаад л явахад болно.

Улс төрчид яагаад юм тараагаад сонгогчид яагаад тэрийг нь аваад байна ямар учиртай байна гэдгийг сайн нягтлаж тэрний цаана юу байгааг, зөв бурууг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Та боловсролын салбарт бодит хөрөнгө оруулалт багагүй хийсэн хүн юм билээ. Бүх цалингаа оюутны сургалтын төлбөрт хандивласан нь содон санагдсан. Нөгөө талаас хандив яг эздэдээ очих тал дээр сонголтоо хэрхэн хийдэг бол?

-Манай нутгаас үе үеийн эрдэмтэд, чадварлаг бизнесменүүд, улстөрчид төрсөн байдаг. Би УИХ-ын чуулган дээр хүргэн бэрээ Баянхонгороос авч байгаарай та нар гэж хэлж байсан. /инээв.сэтг/ Сүүлийн хэдэн жил боловсролоор манай аймаг хамгийн сүүлд, бүр Баян-Өлгий аймгийн дараа байна. Тухайн улс орон хүмүүсийг мөхөөе гэвэл боловсролын салбарыг л муу болгодог. Суурь боловсрол муу байгаагаас болж сайн эмч, сайн инженер байхгүй, сайн малчин ч байхгүй ийм л болдог. Боловсрол муу л байна гэдэг чинь ирээдүй муу байна аа л гэсэн үг. Уг нь ийм байгаагүй. Муу хамт олон гэж байхгүй, муу сурагчид, муу багш гэж байхгүй. Муу удирдлага, муу бодлого л гэж байдаг. Бодлого явуулж байгаа орон нутгийн удирдлага, сонгогдсон гишүүдтэй нь холбоотой. Энэ тал дээр дор бүрнээ анхаарал тавьж ажиллах ёстой. Ерөнхийлөгч Баттулга бид хоёр УИХ-д 2012-2016 онд сууж байхдаа жил бүр авдаг бүх цалингаараа 100 оюутанд тэтгэлэг өгдөг байсан. Би 2016 оны сонгуулиас хойш одоог хүртэл хувиараа энэ ажлаа үргэлжлүүлж байгаа. Одоогоор 560 оюутанд тэтгэлэг өгсөн байна. Миний тавьдаг шалгуур бол эх эцэг нь Баянхонгорынх байх, магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх ёстой. Мэргэжил сонголт, сурлага голчилдоггүй. Хүүхдийг ямар нэг байдлаар ялгаварладаггүй. Хэрэгцээ нь байр сууцны түрээс, сургалтын төлбөр гээд ямар ч байж болно. Тэр болгондоо чөлөөтэй зарцуул гээд тэтгэлгээ бэлнээр өгдөг юм. Хүмүүс их зөв зүйтэй юм, нэг хэсэг хугацаанд хүүхэд мөнгө төгрөг гэсэнгүй гээд талархаж ярьдаг. Энэ ажлаа үргэлжлүүлээд хамрах хүрээг нь өргөтгөөч гэж орон нутгаас санал хүсэлт гаргадаг. Ер нь жил болгон Хонгор нутгийнхаа 1000 оюутанд тэтгэлэг хувиасаа өгөх боломжтой. Залуу хүнд, тэр тусмаа боловсролд нь оруулсан хөрөнгө оруулалт хэд дахин нугарч өөрт нь болон улс оронд хэрэг болдог. Монголчууд бид боловсролыг дээдэлдэг ард түмэн. Хамгийн эхэнд болж өгвөл хүмүүсийн эрүүл мэнд, орон нутагтаа залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийх ёстой юм байгаа юм. Бас нэг зүйл байна. Дэлхий нийтээрээ  залуучууд өөр болж байна. Тусламж дэмжлэг авсан ч гэсэн эх үүсвэр нь авилгалаас, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом байгалиа сүйтгэсэн уул уурхайгаас биш зөв хүн, зөв байгууллага, зөв орлогоос байх ёстой гэсэн шаардлага тавих болсон байна. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл манай компанид Баянхонгороос гаралтай хүмүүс олноор ажилладаг. Бизнес маань барилга, бүтээн байгуулалтынх. Би уул уурхайтай холбогдож нутаг орноо ухаагүй, согтууруулах ундаа хийдэггүй, казино мөрийтэй тоглоом тоглодоггүй. Тендер ЖДҮ-тэй холбоогүй. Ийм цэвэр эх үүсвэрээс би тэтгэлэг өгч байгаа болохоор бардам байдаг. Боловсролоос гадна хүмүүсийн амьдралыг сайжруулж хүн бүрийг ажилтай орлоготой, эрүүл орчинд амьдруулах шаардлагатай байна. Тухайлбал бүх аймгуудад дулааны станцтай болох, манай аймаг л гэхэд дулааны станцгүй. Олон уурын зуухтай, хотоос дор шахуу агаараар амьсгалж байна. Сум болгон махны, ногооны зоорьтой хүнсний ногоогоо өөрсдөө тарьчихдаг болмоор байгаа. Өрх болгон үйлдвэрлэгч болж ингэний сүү, сүү саалиа сайхан боловсруулдаг, савладаг, аялал жуулчлал хөгжүүлсэн газар болоход гурван бүсийн нутаг болохоор Шаргалжуут, хүн төрөлхтний үүсэж хөгжсөн амьдарч байсан Цагаан агуй, Монголын их түүхтэй холбоотой Заг, Байдрагийн Хүрэн бэлчир гэхчлэн их тохиромжтой нутаг байгаа юм. Ер нь Баянхонгор аймгаа хөгжүүлэх “Хонгор агро” төсөл бэлэн болсон байгаа. Энэ бүхэнд ноолуур, буянт малын үйлдвэр угсааг сайжруулж үр шимийг нь хүртэх гарц гаргалгаа байгаа.

Улс төрийг цавчаа хийх, хэн нэгэн даргын цүнх барьж гүйж амар хялбар аргаар баяжиж амьдрах зам гэж бүү бодоосой.

-Улс төр маш хэцүү адармаатай гээд ярьдаг. Гэхдээ сайхан зүйл ч бас байдаг байх. Ард иргэд ч аль болох мундаг хүмүүсээ улс төрд төлөөлүүлж явуулахыг зорьдог. Таны бодлоор улс төрийн сайхан зүйл нь юу вэ?

-Нэн тэргүүнд хүмүүсийн амьдрал ахуй нүдэн дээр сайжирч, бүтээн босголт явж байх, тэр шийдвэрт нь гар, бие оролцсон байх сайхан байдаг даа. Тэр тусмаа чи чадахгүй, энэ чинь болохгүй гэж сөрөг хүчин, нам доторх эсэргүүцэл байсан ч эсрэгээрээ болчихсон бүтчихсэн байх үед авах тэр мэдрэмж сайхан. Ер нь зөв зүйтэй  зүйлийг эхэн үедээ тэр болгон хүмүүс ойлгодоггүй. Би Өршөөлийн хуулийн ажлын хэсгийг ахлаж Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор бид гаргаж байсан. Дараа нь хууль хэрэгжүүлэх комиссыг нь толгойлоод Хууль зүйн байнгын хорооны даргыг нь хийгээд явж байлаа. Эрүү, Зөрчлийн хуулийг оруулж ирээд ахлан багтай нь хамтарч ажиллаж байх үед Нямдорж гишүүн намайг “Чи баталж чадахгүй, хийж чадахгүй” гэж байсан. Гэсэн ч батлуулж чадсан л юм даа. Эрүү Зөрчлийн процессийн хуулийг ахлан батлахад ёсчлох л дутуу үлдээсэн байсан. УИХ-ын хаалтыг нь хийж чадаагүй учраас ёсчилж чадаагүй. Үүнээс болж энэ МАН-ын 65 гишүүнтэй Их хурал энэ хуулиудыг завхруулж олон улсын жишиг болсон хэм хэмжээг нь алдагдуулж иргэдэд ээлгүй, эрх мэдэлтэнд ял завших хууль болгон өөрчлөн баталсан байна лээ. Цаашид үүнийг засаж залруулах шаардлага байгаа. Урд нь Өршөөлийн хуулийг комиссын тогтоолын дагуу хэрэгжүүлдэг байсан бол анх удаа шүүхээр шийдэж Үндсэн хуулийг хэрэгжүүлэн ажилладаг болгосон. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлсний дараа нь ямар нэгэн хэл ам гараагүй. Алтны татварыг 2,5 хувь болгох  яг ганцхан өгүүлбэр оруулсан хүн нь би, хэрэв алтаа Монголбанкинд тушаавал. Монгол улс үүний хүчинд анх удаагаа 22 тонн алт авч байлаа. Өмнө нь Монголбанкны Эрдэнэсийн санд хоёрхон тонн алт авдаг буруу бодлого байсан бол миний гаргасан санал санаачлагаар хувиараа алт олборлодог хүмүүс маань шууд алтаа Монголбанкинд тушаадаг болсон энэ иргэд маань гэмт хадлагад өртөх, хямд үнээр зарах нь байхгүй болсон. Тэр тусмаа ийм иргэд манай Баянхонгорт их байдаг. Улс орон ажлын байр бий болгож чадахгүй байгаа энэ үед өөрийгөө болон гэр бүлээ авч явж улсын ачаанаас хөнгөлж байгаа иргэдэд, улсад хэрэгтэй хууль болсон гэж бодож байгаа. Хэлсэн ярьсан, хэрэгжүүлсэн бодлого цаг хугацаагаар шалгарах сайхан байдаг. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг ажлын хэсгийг нь ахалж батлуулж байлаа. Тэр болгон олон нийтэд зарлаад цээжээ дэлдэж байсангүй. Хувь хүний хувьд ардчилсан орны иргэд яаж амьдардаг, тэр хэмжээнд хүргэх, ардчиллын ач буян, боломжийг ард түмэн нийтээрээ хүртээд хүссэн, хичээсэн хүн болгон сайхан амьдарч чаддаг нийгмийг бүтээж бий болгохыг хүсэж байна. Тэрэнд хувь нэмрээ оруулчихвал миний ажиллаж амьдарч байгаа цаг үе үр дүнтэй өнгөрсөн байна гэж дараа нь бодож суухад сайхан шүү дээ. Хүмүүсийг хүчээр сайхан амьдруулж чадахгүй. Сонголтыг өөрт нь үлдээсэн нийгэм байх ёстой. Ард түмэн жилээс жилд хэрсүү болж байгаа. Худал мэдээлэлд хууртаж, автах нь жилээс жилд багасаж байна. Хууль бус аргаар мөнгө олсон хүмүүс хууль бус зүйлд зарцуулна. Тэрийгээ хүмүүст өгөх гэж оролдоно, далд хэлбэрээр санхүүжүүлж хүмүүсийн эсрэг янз бүрийн юм тавьж, ард түмний тархийг угаадаг нь улс төрийг бохир, адармаатай харагдуулж байна. Надад хүнээс нуугаад авчихсан авлига, ямар нэг албан тушаалын наймаанд оролцсон асуудал байхгүй. Тухайн үедээ манай АН-ын бүлгийн гишүүд надад хамгийн хүнд ажлыг даатгадаг байсан. Хоёр жил намайг хууль зүйн байнгын хороон даргаар ажиллаж байхад манай улс Транспрэнси интернэшнлийн гаргасан авлигалын индексээр 76-р байранд байдаг байсан. Одоо бол авлигалаараа ухраад энэ жил 113-т орсон байна. Намайг Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан. Сайханбилэг, Амаржаргал бид гурав АН-аас дэвшиж байлаа. Би нэрээ татсан. Хэрэв нэрээ татаагүй дэвшсэн, болсон бол улс орон ийм байхгүй байсан гэж одоо боддог доо. АН ч, ардчилал ч  ийм байхгүй байсан. Ачааны хүндийг үүрч олон ч зүйлийн ард гарсан. Би анх удаа УИХ-д сууж байсан учраас туршлагатай удаа дараа сонгогдсон гишүүдээ илүү сайн ажиллах болов уу гэж бодсон. Ийм шалтгаанаар нэрээ татсан. Гэхдээ намайг сонгосон сонгогчдынхоо итгэлийг дааж боломжийн ажилласан гэж бодож явдаг даа.

                                                                                               Танд баярлалаа. 

                                                                                          Ярилцсан Б.Ундрал

                                                               "Гранд" сэтгүүл №130 /2020.04 сар/

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (28)
  • Retweet (10)
  • 10-30 16:13
    Retweet (8)
  • 10-30 16:18
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 10-30 17:01
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 10-30 17:30
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:21
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 16:11
    Retweet (2)
  • 10-30 17:38
    Retweet (1)