Цахим спортын төв паб,бaар-аас илүү аюултай гэж үү? 
2020 оны 8 сарын 7

Зарим хүмүүс магадгүй, олонх эцэг эхчүүдийн хувьд PC тоглоом, цахим спортын төв гэхээр хүүхдүүдийг тоглоомд донтуулдаг “эвгүй” газар гэсэн ойлголт байдаг. Магадгүй нэг үе бага насны хүүхдүүд эцэг, эхээсээ нуугдан олон цагаар тоглон, зарим нь донтох болсон. Энэ нь цахим тоглоомын газар гэхээр л умгар жижигхэн, агаар салхигүй өрөөнд олон хүүхдүүд тоглож байдаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл өдгөө цахим тоглоом дэлхийн спортын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн, Монгол залуус ч чамгүй амжилт үзүүлж буй. Тэр хэрээр цахим спортын төвүүд мэргэжлийн хэмжээнд зохион байгуулалттай болсон. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сайн мөрддөг эдгээр газруудыг ажиллуулж өгөөч гэж цахим спортыг дэмжигч залуус хүсч байгаа юм. Ингээд D Gamers-ийн үүсгэн байгуулагч С.Хулангийн ярилцлагыг хүргэж байна. 


Юуны өмнө  төв талбай дээр хийсэн жагсаалын үр дүнгийн талаар асууя гэж бодлоо. Комедигийн залуустай хамтраад үзвэр, үйлчилгээний газрууудыг нээх санал тавьсан, их өвөрмөц арга хэмжээ болсон. Та цахим спортын төвийг нээх шаардлага тавьсан санагдаж байна. Ингэхэд цахим спортын төвүүд нээгдсэн үү?
Харамсалтай нь, баар, паб-уудыг нээсэн мөртлөө цахим спортын төвүүдийг нээгээгүй л байна. Уг нь бол эрүүл ахуйн шаардлагыг мөрдөөд ажиллахад цахим спортын төвүүд паб-аас илүү аюулгүй шүү дээ. Бид комедигийн залуустай нийлээд performance art буюу биеийн хөдөлгөөний урлагаар төр засаг хуулийг бүх хүмүүст жигд мөрдөгдүүлээч, битий ялгаварлаач гэсэн шаардлагыг тавьсан. Яг жагсаал биш, цугларалт юм даа. Сонгуулийн үеэр хүмүүс цугларахад корона тусахгүй бусад үед  байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахаар корона тусах юм уу гэсэн санааг илэрхийлсэн. Би цахим спортын төвүүдийг нээ гэсэн санааг нь дэмжин, яг юу болж байгаа талаар хүмүүст шууд хүргэх зорилгоор өөрийнхөөө dgamers.mn facebook хуудас дээрээ live хийсэн. Залуус их үзэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.  Шаардлагыг нь зөв тавиад бусад газрууд шиг хүмүүсийн халууныг хэмжиж, ариун цэвэр, ариутгалыг нь хийгээд ажиллуулахад цахим спортын төвүүдэд ямар ч асуудал байхгүй шүү дээ, уг нь. 
Нэг PC тоглоомны газар хамгийн ихдээ хэдэн суудалтай байдаг вэ? Магад ресторан, пабнаас суудал бага байх гэж ойлгосон. Зөв үү?
Хамгийн олон компьютертэй төв гэвэл Lof center байх. Дунджаар 400-500 мкв талбайд 200 орчим компьютерээр үйлчилдэг байх. Гэхдээ нэг дороо биш олон заалтай. Нэг зааланд 20-40 компьютер байгаа. Энэ мэдээж ямар паб ресторанаас бага шүү дээ. 
PC тоглоомыг бага насны хүүхдүүд их тоглодог. Насны хязгаарлалт гэж байхгүй хэрэг үү?
Энэ бол бас нэг буруу ойлголт. Тоглоомын хувьд насны заалт байдаг. Эцэг эхчүүд бас л хүүхэддээ энэ тухай зөв ойлголтыг өгмөөр байгаа юм. Бас энэ тоглоомуудыг бага насны хүүхэд тоглоод ойлгох боломжгүй хэцүү тоглоом болоод байгаа.  
Цахим спорт гэдгийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ? Эцэг, эхчүүд бол ерөнхийдөө дургүйцэх л хандлагатай байдаг?
Монголын нөхцөлд бол зүгээр нэг тоглоом гэж хүлээж аваад байна л даа. Гэхдээ энэ чинь дэлхийд спорт болчихсон. Дэлхийн хэмжээний олон, олон тэмцээн болж, залуус зөв зохистой хичээллэдэг том спортын төрөл болчихсон байгаа. Монголд анхнаасаа арай л буруу ороод ирчихсэн болохоор өнөөдөр хүмүүсийн ойлголт ийм буруу байгаа байх гэж бодож байна. 
Гэхдээ буруу ойлголтыг бас залуус өөрсдөө эцэг эхдээ төрүүлж байгаа тал бий. Гадуур гарахдаа PC-нд байна гэдэг ч юм уу эсвэл худлаа хэлж гараад цахим спортын төвд хэтэрхий их цаг өнгөрөөж байгаа байгаа нь эцэг эхчүүд болон бусад хүмүүст сөрөг сэтгэгдэл үлдээж байгаа харагддаг. Гэвч үнэндээ амьгүй тоглоом эсвэл цахим спортын төвүүдээс илүү эцэг эх болон хоорондын ойлголцол л чухал санагддаг. Хоорондоо харилцан ойлголцоод цагийн хуваарийг нь зөв тохируулаад хэн хэндээ цаг гаргаад явбал энэ ойлголт бас засрах боломжтой санагддаг шүү. Би өөрөө ч дүүтэйгээ ярилцаад тоглох үед нь тоглуулаад хичээлээ хийх үедээ хичээлээ хийх цагийн хуваарь гаргаад явж байсан болохоор хүмүүсийг хоорондоо нээлттэй ярилцаасай гэж хүсдэг. 


Танай fb хуудас ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Манай Dgamers.mn нь цахим спортыг зөв талаас нь хүмүүст хүргэх гэж хичээж байгаа жижигхэн хуудас. Цахим спорттой холбоотой мэдээ, мэдээлэл оруулахаас гадна манай dgamers-т харъяалагддаг TIG Dota 2 төрлийн тоглоомын баг тухайн тоглоомыг хэрхэн тоглох тухай live хийдэг. Сингапур улсын Reality Rift багт манай монгол тамирчин тоглодог. Манай хуудас тус багийн Монгол дахь албан ёсны тайлбар хийх эрхтэй бөгөөд багийн бүх тоглолтыг монгол тайлбартай үзэгчдэд хүргэдэг. Ер нь л цахим спорт нь дэлхийн спорт болчихсон шүү гэж хүмүүст ойлгуулах гэж л хичээж явна даа.
PC тоглоомны газар ихэнх цагаа үр ашиггүй өнгөрүүллээ гээд хүмүүс дургүйцдэг. Таны хэлснээр үр ашиггүй өнгөрөөж байгаа явдал биш юм байна, тийм үү? 
Би нэг лайв дээрээ тэгж  хэлсэн. Ер нь бол шууд бас тэгж хэлж болохгүй л дээ. Залуус найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай байгаа шүү дээ. Яагаад залуус дуртай зүйлээ хийх нь буруу гэж. Архи уугаад элдэв хэрэг тарихгүйгээр нэг дороо цагийг хөгжилтэй өнгөрүүлж, бас стрессээ тайлна. Хосууд хүртэл хамтдаа цагийг өнгөрүүлдэг газар шүү дээ. Мэргэжлийн спортын тамирчин эсвэл сонирхогч эсвэл бүр зүгээр л хааяа тоглох гэж хүмүүс цахим спортын төвөөр үйлчлүүлдэг. Мэргэжлийн тамирчин болтлоо мэдээж тодорхой хугацаа, дадлага хэрэгтэй. Цахим спортын төвөөр үйлчлүүлж, тоглож байхдаа өөрийгөө нээж энэ төрлийн спортын тамирчин болох боломжтойгоо мэдэх боломжтой. Өөрийнхөө чадварыг нээж, мэргэжлийн тамирчин болох боломжтой болохоор цахим спортын төвөөр үйлчлүүлж байгаа залуусын хувьд нь энэ нэг төрлийн дугуйлан төв шиг гэж хэлж болно. Жишээлбэл, сагс тоглох дуртай хүүхэд сагсны дугуйланд явдаг шиг цахим спортод дуртай хүүхэд цахим спортын төвөөр үйлчлүүлж байгаа юм л даа. Мөн өөрийгөө бусдаас хэр хэмжээнд байгаагаа шалгахын тулд бусадтай өрсөлдөж үзэх хэрэгтэй. Тэр боломж нь бас л цахим спортын төвд байгаа. 
Гэхдээ ингэж хэлээд бүгд тамирчин болчихно гэсэн үг биш шүү. Учир нь зарим хүмүүс цаанаасаа ямар нэгэн зүйлд авъяастай төрдөг шиг цахим спортод ч гэсэн бас тодорхой хэмжээний авьяас шаарддаг. Тиймээс цахим спортод дуртай болгон тамирчин болох боломжгүй. 
Бас сүүлийн үеийн тоглоомууд компьютерийн өндөр хүчин чадал шаарддаг. Гэтэл тэр болгон гэртээ өндөр үзүүлэлттэй тоглоом тоглохын тулд үнэтэй комъьютер авах боломж хомс. Тэгэхээр цахим спортын төв бол бусдад бас л боломж олгох нэг төрлийн дугуйлан болж байна гэсэн үг. Өнөөдөр Монголын  энэ  төрлийн спортоор хичээллэж байгаа залуус бүгд анх цахим спортын төвүүдээр үйлчлүүлж, өөрсдийгөө нээсэн байдаг. 
PC тоглоом тоглодог хүүхдүүд донтон, хонон өнжин байж тоглоом тоглодог, бүр эцэг, эхчүүд нь дийлэхгүй, аргаа бардаг байсан. Одоо ч хэвээрээ юу?  
Энэ бол угаасаа бүх цаг үед байсан асуудал. Гагцхүү цахим спорт нь оюу ухааны спорт болохоор биений хүчний спортоос ялгаатай нь тархиа хэр ядарч байгааг ялангуяа хүүхдүүд мэдэхгүй их удаан хугацаагаар тоглочихдог. Гэхдээ одоо цахим спортын төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд харьцангүй насжилт нь 16+ болчихсон. Төвүүд ч бас бага насны хүүхдүүдийг хуулийнх нь дагуу 2-оос дээш цагаар үйлчлэхгүй болчихсон шүү дээ. 
Уг нь хуулиндаа шөнө үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон байгаа. Сайны хажуугаар саар ч гэдэгчлэн зарим төвүүд шөнө нууцаар үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдийг хонуулдаг. Гэхдээ бүх газрууд тийм гэсэн үг биш. Тэгээд ч залуус харьцангуй ухамсартай болчихсон. Тэгж их хонож өнжөөд тоглоод байх нь цөөрсөн гэж бодож байна. 
Цахим спорт дэлхийн хэмжээний спорт болчихсон гэж байгаа. Технологийн хөгжлөө дагаад маш хурдацтай өсч, өөрчлөгдөж байгаа нь тодорхой. Олимпийн төрөлд оруулах гэж байгаа гэл үү?
2020 оны Токиогийн олимпод яг төрөлд нь оруулаагүй ч үзүүлэнгийн цахим спортын тэмцээн хийхээр төлөвлөж, бүр тайзыг нь бэлтгэсэн байсан. Ер нь удахгүй олимпын төрөл болоод ороход гайхах зүйлгүй болтлоо хөгжсөн байгаа. Япон, Солонгос улсуудад цахим спортын тэмцээний нээлт дээр нь тухайн орны хамгийн шилдэг хамтлаг, дуучид ирж оролцдог. Том, том тэмцээнүүдийг Benz, Acer, Redbull гэх мэт томоохон компаниуд ивээн тэтгэдэг. Цахим спортын тамирчинг мэргэжлийн тамирчин гэж хүлээн зөвшөөрдөг болсон. Ядуу буурай орнуудад л спорт гэж хүлээж авахгүй байгаа юм уу гэж анзаарагддаг. 
Хүмүүс цахим спорт бус зүгээр нэг цагаа өнгөрөөх тоглоом гэж хараад байгаа болохоор улсаас дэмжлэг үзүүлдэггүй юм болов уу гэж би боддог?  
Ер нь манайх бөхөөс өөр спортод нээх дэмжлэг үзүүлдэггүй шүү дээ. Дээр нь улс дэмжвэл эцэг эхчүүд болон бусад буруу ойлголттой хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарна гэж болгоомжилж улам дараад байгаа санагддаг.  Гэхдээ биднийг заавал улсаас дэмжих шаардлагагүй. Зүгээр өөрсдөө болоод явж байхад битгий боож хааж буруугаар сурталчилаасай л гэж хүсэж байна. Манай cs.go төрлийн тамирчид өөрсдийнхөөрөө яваад Азийн аварга боллоо. Гэтэл тэрийг нь сурталчилахгүй хэрнээ бага насны хүүхдүүд ихээр цуглардаг PC тоглоомын төв гэж ярьж байгаа нь үнэхээр харамсалтай. Улсаас тодорхой хэмжээнд дэмжээд яваад өгвөл манай залуучууд Ази байтугай дэлхийн аварга болох бүрэм чадамжтай шүү дээ. 

Эцэг эхчүүд энэ тал дээр ямар байр суурьтай ханддаг вэ. Бас л нөгөө сөрөг хандлага нь дийлэнх байдаг болов уу гэсэн асуулт руугаа орох гээд байна...?
Зарим эцэг эхчүүд бол ойлгоод дэмждэг. Жишээ нь, манай төвийн зарим хүүхдийн эцэг эх  “Миний хүүхэд хэдий дуртай ч гэсэн ямар орчинд, ямар хүмүүсийн харъяалалд байгааг нь харах ёстой шүү дээ” гээд ирдэг. Гэхдээ бүгд тийм биш нь ойлгомжтой. Дийлэнх нь л миний хүүхэд дэмий PC тоглоод байна гэж хардаг. Хүүхдээ цахим спортын тамирчин гэж хардаг эцэг эх бол маш цөөхөн. Ер нь л бараг байхгүй гээд хэлчихэд буруутахгүй. Зүгээр хэсэг сонирхож байгаад больчихно гэж бодож зарим нь дэмжиж байгаа боловч зарим нь болиулчих юмсан гэж бодож явдаг. Эцэг эхчүүдэд эхнээс нь зөвөөр ойлгуулах нь маш чухал. Заримдаа бас эцэг эх нь зөвөөр ойлгосон ч хүүхэд нь тамирчин болох чадваргүй хэрнээ зүгээр дуртай болохоороо тамирчин болно гээд яваад байвал болиулсан нь дээр  л дээ. Тэгэхээр эцэг эхчүүд энэ талын ойлголт өндөр баймаар санагддаг. Тэртээ тэргүй 21 дүгээр зууны спорт шүү дээ. 
PC тоглоомын газрыг e sport-ийг хөгжүүлдэг төв гэж ярих нь зөв үү, буруу юу?
Олон талтай. Зарим залуусын найзуудаараа зугаацдаг газар бол гэртээ бэлтгэл хийх боломжгүй зарим тамирчдын хувьд бэлтгэлийн байр. Үндсэндэ сонирхлоо хөгжүүлэх, тамирчид бэлтгэлээ хийх, залуусын цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой газруудын нэг шүү дээ. 
Одоо цаг үе үнэхээр өөр болсон. Зарим нэг төвүүдээр ороод үзэх хэрэгтэй. Цэвэрхэн тухтай агааржуулалт сайтай, их ч зардал зарцуулж байга. Хэр их зардал гаргаж, тохижилт хийснийг нэг хараад үзэх хэрэгтэй. 
Цахим спортынхны нэгдсэн холбоо гэж байдаг уу?
Би сайн мэдэхгүй байна. Яг нэгдсэн бол байхгүй ээ. Манайх хүртэл өөрсдөө цахим спортын холбоо болоод үйл ажиллагаа явуулж байгаа. 


Танайх өөрсдийн Bootcamp-тай гэж ярилаа. Энэ нь яг яадаг газар юм бэ? 
Тамирчдын бэлтгэлийн байр гэж болно. Цахим спорт нь өөрөө хамт байж ойлголцох ёстой багийн спорт. Өөрөө тоглоогүй байсан ч багийнхаа тамирчны тоглолтыг харж дүгнэлт хийх, эсвэл хамт тоглосон тоглолтоо үзэж хоорондоо ярилцах гэх мэтийн багийн үйл ажиллагаанд цахим спортын төв тийм ч тохиромжтой биш болохоор bootcamp байгуулдаг. Мөн төвүүдээр үйлчлүүлэхэд мөнгө төлдөг болохоор төлсөн мөнгөндөө үр ашигтай бэлтгэл хийх гээд хэтэрхий улайрчихдаг. Хэрэв бэлтгэлийн байртай бол тийм асуудал гарахгүй. Тоглох ёстой үедээ тоглоод амрах ёстой үедээ амраад зөв бэлтгэл хийж чадна. Мөн дасгалжуулагч хамт байж, заавар зөвлөгөө өгөх боломжтой. Гэхдээ бүх багууд бэлтгэлийн байртай болох боломж ер нь хомс. Байрлах байр, шаардлагатай компьютер, хэрэглээний зардал өндөр. Ивээн тэтгэгчтэй багууд л ихэвчлэн бэлтгэлийн байртай байдаг. 
-Танайх ивээн тэтгэгчтэй юу?
2020 оны долдугаар сар хүртэл байгаагүй ээ. Саяхнаас ганц нэг газартай хамтарч эхэлсэн. Надаас гадна манай 3 найз хамтран энэ газрыг өөрсдийнхөө сонирхлын дагуу байгуулсан. Өөрсдөөсөө зардлаа гаргаад явдаг. Гэхдээ дэмжиж тусладаг хувь хүмүүс байдаг.  Тэдэнд хандаад бас баярлалаа гэж хэлмээр байна.
Монголд цахим спортоор хичээллэдэг тамирчин хэр их байдаг вэ? Хүмүүс "The Mongolz" гэдэг багаас цааш мэдэхгүй байх.
Анх би дота 2 төрөл дээр нэг тэмцээн хийж байсан. Тэгэхэд 200 гаруй баг бүртгүүлж байсан. Нэг баг 5 хүнтэй гэхээр яг энэ төрлөөр гэхэд 1000 гаруй хүүхэд залуус хичээллэж байна гэсэн үг. Бусад төрлүүд дээр ч гэсэн тэр хэмжээний тамирчид байгаа гэж үзвэл Монголд 2000-3000 хүүхэд залуус энэ спортоор хичээллэж байна гэж үзэж болох байх. Яг мэргэжлийн гэвэл үнэхээр цөөхөн. Бэлтгэлийн байртай гэвэл 20-40 хүрэхтэй үгүйтэй л байгаа байх. 
Mongolz гэдэг баг байхаа болиод удаж байгаа. Одоо зөндөө сайн сайн тамирчидтай багууд байгууллагдсан. Гэсэн хэдий ч дийлэнх нь ивээн тэтгэгч бэлтгэлийн байрнаас болоод бэлтгэл хийх боломж тааруу байдаг. Дээрээс нь тэдгээр багуудын бэлтгэл хийх боломжтой цахим спортын төвүүд нь хаагдчихсан болохоор энэ төрлийн спортын хөгжил улам л боогдоод байна. Мөн Монголд эмэгтэй тамирчидын хувьд бүх юм хаалттай. Ядаж л цахим спортын төвөөр үйлчлүүлэхэд хүртэл хүмүүс янз бүрээр хэлэх, мөн тэмцээн уралдаанд хангалттай хамрагдаж чаддаггүй. Ивээн тэтгэгч ч гэсэн эмэгтэй тамирчидыг ивээн тэтгээд байдаггүй. Энэ бүхэнд нь бас туслачих юмсан гэж бодож явдаг.


Монголд энэ төрлийн спортоор хичээллэхэд тулгардаг саад бэрхшээлүүд юу байна ?
Маш их. Хамгийн эхний асуудал бол ping. Монгол Азийн бүсэд харъяалагдаж хоёр хөрш орноосоо интернэтийн хангамжаа авдаг. Тэгтэл цахим спортын бүсчлэлд манай харъяалагддаг бүсийн сервер нь Ази /South East Asia/ гэж орж ирдэг. 
Харин манай интернэтийг хангадаг 2 орон болох Хятад өөрсдийн сервертэй /China/,  Орос нь CIS буюу Commonwealth of Independent States гэсэн бүсчлэлд хамрагддаг. Үүнээс болоод манай тамирчид Ази бүсдээ бусад Азийн орнуудаас 5-10 дахин удаан холбогдож тоглодог гэсэн үг. Гэсэн ч Монголын тамирчид үүнийг шалтаг болголгүй амжилт үзүүлэн Азийн топ тамирчин болоол явж байгаа.  
За мэдээж тэгээд, ивээн тэтгэгчийн асуудал. Монгол компаниуд одоо л ганц нэг нь энэ спортыг ойлгож байгаа ч тэр болгон шинээр гарч ирж байгаа тамирчдад боломж бол олдохгүй шүү дээ. Монголд яг нэгдсэн тийм төв хэрэгтэй юм шиг санагддаг. Тамирчин болмоор байгаа хүмүүс ирээд шалтгалт өгөөд тэнцэх эсэхээ мэддэг. Тэнцэхгүй бол “За миний дүү чи тамирчин биш байна аа. Зүгээр л сонирхол хоббигоо болго” гээд хэлчихдэг, яг л их сургуульд шалгалт өгдөг шиг. Иймэрхүү көв систем л хамгийн их дутагдаж байгаа санагддаг даа. Олон, олон хүүхэд залуус өөрсдийгөө тамирчин болно гээд андуурчих вий гэж маш их санаа зовдог. 
Цахим спортын шагналын сан их гэж ярьдаг. Ойролцоогоор хэд байдаг юм бол?
Дэлхийн хэмжээнд маш их шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд дэлхийд зохиогдсон цахим спортуудын тэмцээний нийт шагналын сан нь 211 сая ам доллар хүрсэн. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна. 
Тантай ярилцсанаар маш олон сонирхолтой шинэ мэдээлэл сонслоо. Өөр анхаарууштай зүйл юу байна вэ?
Монголд сүүлийн хоёр жил маш их стриймэрүүд бий боллоо. Тэднийг дагаад залуус ч буруу хандлагатай болж байна. Сүүлийн үед манай хуудас руу хүүхдүүд би youtuber, streamer, тамирчин болмоор байна гэж их холбогдох болсон. Магадгүй бидний үйл ажиллагаа бас л залууст буруу сэтгэгдэл төрүүлдэг байж магадгүй. Тиймээс тэдэнд хандаж хэлмээр зүйлс байна. 
Streamer болох нь маш хэцүү. Шаардлагатай компьютер тоног төхөөрөмжөөс эхлээд өндөр зардалтай. Дээр нь цаг заваа бүтэн зориулах хэрэгтэй. Шууд л live stream хийж эхлээд орлого олно гэж бодож байвал үнэхээр том эндүүрэл. Хэдэн сар ч орлогогүй байж болно. Дээрээс нь чи яг үүнийг хийхэд зориулагдсан авъяастай юу, эсвэл зүгээр л сонирхоод өнгөрөх ёстой юу гэдгээ сайн ухамсарлах хэрэгтэй. Эцэг эх эсвэл ярилцаж болох бүх хүмүүстэй ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна.  
Хэдий улсаас энэ спортыг дэмждэггүй ч мундаг тамирчид маань аль хэдийн гадны багт тоглоод эхэлчихсэн. Манай холбоо ч бас залууст болон эцэг эхчүүдэд энэ талаар х зөв мэдээллийг өгөх гэж хичээж ажиллах болно. Тэгж байж л улсаас ядаж хааж хорихгүй болох байх хэхэ. 
Цахим спортын төвүүд нь зохих шаардлагын дагуу ариун цэвэр, ариутгал, зай барилтыг бариад үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Энэ газруудыг ажиллуулдаг хүмүүс ч бас гэр бүлээ тэжээж, зээлээ төлж, улсдаа татвараа төлж байгаа иргэд шүү дээ. Мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болж байгаа гэдэг буруу ойлголтыг чаддаг бол хүн болгонд тайлбарлаж ойлгуулах юмсан. Бас бид ингэж бодож, чармайж явахад ганц нэг хариуцлагагүй газрууд битгий үгүй хийгээсэй л гэж хүсэж байна. 
Удахгүй энэ Монголын маань тамирчид дэлхийд өрсөлдөх байх гэж бодож явж байна. Ингээд нийт тамирчид, сонирхогчиддоо амжилт хүсье гэж хэлмээр байна. Баярлалаа.

Танд ч гэсэн баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (32)
  • Retweet (25)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)