“Монголжин” ХХК-ийн захирал М.Урнаа: 17-хон насныхаа Америк мөрөөдлийн төлөө хичээсээр явна
2020 оны 6 сарын 18

Түүнийг танилууд нь Монголжин Урнаа гэдэг. Америк найзууд нь харин Уугий гэх. Нэрнийх нь өмнөх Монголжин хэмээх тодотгол түүний 16-хан насных нь америк мөрөөдөлтэй холбоотой. Тэртээх 1995 он. Өчигдөрхөн авсан Иргэний үнэмлэхтэйгээ цуг Америк мөрөөдлөө өвөртлөөд холыг зорьсон тэрээр хэзээ нэгэн цагт Монгол Америк шиг болно гэж мөрөөддөг байж. Оргилуун насныхаа тэр олон мөрөөдөл дунд дэлхийд алдартай Монголын ямар нэгэн зүйлийг хийж бүтээнэ гэсэн хүслийг ч тээж. Тиймдээ ч алсын Америкаас сурч ирснээ Монголд “Монголжин” брэндийн дор хийж, бүтээж, босгож яваа юм билээ. “Монголжин” компанийн захирал М.Урнаатай 17-хон настай Урнаа мөрөөдөлдөө хөтлөгдөн Америкт очсон талаар, тэнд амьдралын ямар адал явдал, амжилт ололт, алдаа оноо хүлээж байсан тухай, залуу бизнесмэний алдаж оносон  туршлагын талаар ярилцлаа. Түүний сонирхолтой,содон ертөнцөөр хамтдаа аялцгаая.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Аль сургуульд сурч, ямар мэргэжил эзэмшиж байв, одоо ямар ажил хийж байгаа гэх мэтчилэн?

-Намайг Мягмарын Урнаа гэдэг. Аав маань цахилгааны инженер хүн байсан. 1970-аад оны сүүлээр баруун аймгууд, орон нутгийн суурь газруудыг тог цахилгаантай болгох ажил ид өрнөж байсан юм билээ. Энэ ажлаар аав  маань хөдөө, сумдаар их явдаг байж. Намайг төрөх үед Булган аймагт ажиллаж, амьдарч байсан. Сургууль соёлын тухайд Америкт төгссөн болохоор дунд сургууль, бакалавр, мастераа ч тэнд хамгаалсан. Сүүлд Монголдоо ирж, МУИС-ийн эрх зүйн ангийг төгссөн.

-Америкт дунд сургуулиа төгссөн гэхээр аав ээж тань тийшээ нүүсэн гэсэн үг үү?

-Үгүй дээ. Манайх нүүгээгүй. Би ганцаараа явсан юм. 1990-ээд оны үед юм юм хомс. Хүмүүс нэг л хүрэлцэж ядсан ядруухан амьдралтай. Бүх юманд очерлоно. Нэг өдөр зурагт үзэж байсан чинь Америк гэж их сайхан, элбэг хангалуун орон байдаг талаар ярьж байна. Тухайн үед Америкийн гоё сайхныг бишрээд өнгөрсөн л дээ. Удалгүй баян хангалуун Америкийн тухай дахиад л зурагтаар үзлээ. Тэгсэн маргааш нь сургууль дээр англи хэл мэддэг хүнд Америкт очиж амьдрах маш амархан гэнэ лээ гэх яриа хүүхдүүд, найзуудын дунд өрнөж байна. Тэгээд л англи хэл суръя гэж шийдээд бага багаар өөрөө өөртөө зааж, зурагтаар заасан хичээлийг нь дагаж сурч эхэллээ. Удалгүй 16 нас хүрч Иргэний үнэмлэхээ ч авлаа. Бас хаанаасаа ч сонссон юм Иргэний үнэмлэхээ авчихвал гадаадын орон руу явж болдог гэж дуулснаа аав ээжид хэлж, Америк л явмаар байна гэж зүтгэлээ. Тухайн үед хүмүүс Америк руу явах нь ховор байв. Тиймдээ ч тэр юм уу виз амархан, хурдан гардаг байж. Аав ээжийгээ зөвшөөрүүлсэн би ах эгч нарынхаа дэмжлэгээр виз мэдүүлээд тэгээд л Америк явах болсон доо. Тэр үед 18-тайдаа дунд сургуулиа төгсдөг байлаа шүү дээ.

-17 настай Урнаа Америкт хэнийд очсон бэ? Танай хамаатан аль эсвэл ах, эгч нарын тань нэг нь таныг тосож авсан уу?

-Үгүй. Америк аав, ээж минь тосож авсан юм.

-Америк аав ээж гэв үү?

-Тийм. Тухайн үед Америк айлын санал хүсэлтээр цөөхөн сурагч, оюутан Америк айлд амьдарч, сурч байсан. Монголоос явахад нь очих айлтай нь тохирч, Монгол сурагчдын талаарх мэдээллийг түрүүлээд өгчихдөг байсан гэдэг. Тийм шугамаар л би Америк айлд анх очиж, тэндээ амьдарч, сургуульдаа явдаг байсан. Азаар маш сайн айл надад таарсан. Бас тэднийд жил гаруй байсан болохоор гэрийн эздийг аав, ээж гэж дууддаг болчихсон. Тэднийх ганц охинтой. Намайг эгчээ гэж өөриймсөг ханддаг байлаа. Сүүлдээ бид бие биедээ дасаж, яг нэг гэр бүл шиг болцгоосон. Америк ээж өглөө эрт босож миний сургууль дээрээ идэх хоолыг бэлдэнэ. Бүр өдөр бүр шүү. Өдрийн хоолыг цүнхэнд хийж өгөөд, сургуульд минь хүргэж өгдөг байлаа. Орой тарах үеэр америк аав ирж авна. Өдөр бүр тэгнэ. Нэг ч өдөр өдрийн хоолгүй, ганцааранг минь сургууль руу явуулаагүй. Тэр хайр халамж нь намайг дасгаж, аав ээжийгээ санах үед сатааруулж, мартагнуулдаг байж гэж одоо боддог. Нөгөө талаараа би охинд нь хань болдог байсан байх. Би тэднийд байхдаа охинтой нь тоглож, наадаж, ихэнх зүйлийг охинтой нь хамт хийдэг байсан нь америк аав, ээжид их таалагдсан. Тиймдээ ч тэр юм уу тэднийхээс явахдаа маш их дассан байсан.

-Дунд сургуулиа төгсөөд тэднийхээс явчихсан юм уу? Дараа нь та ямар сургуульд орсон юм?

-Америк гэр бүлтэйгээ нэг жил л амьдарсан. Дараа өвөл нь Америкт ялангуяа миний байсан газарт цас их орж, миний байсан америк айл маань ууланд маш тухлаг том байшинтай байсан. Их цастай өглөөд америк ээж маань жолоодохоосоо айдаг байсан тул намайг сургуульд зөөхөд нэг хэсэг хүндрэлтэй болж билээ. Америк аав ажилдаа маш эрт явчихдаг, тэгээд хэд хэдэн удаа яах аргагүй хичээлээ тасалдаг болов. Тэгсэн нэг өдөр сургуулийн сурагчдын байранд байдаг найзынхаа өрөөнд очсоноор тэнд байж болох юм гэж бодлоо. Гэртээ ирээд сурагчдын байранд байж болох юм байна гэдгийг хэллээ. Эхлээд америк аав ээж хоёр зөвшөөрөөгүй. Чамайг энд байх хугацаанд манайх хариуцаж байгаа. Чи манай гэр бүлийн нэг гишүүн. Тиймээс гэртээ амьдрах ёстой гээд огт хүлээж авсангүй. Дараа нь зайлшгүй шалтгаанаар хэд хэдэн удаа хичээл тасалснаас болж тэд маань амралтын өдрүүдээр гэртээ ирж байх болзолтойгоор сурагчдын байр руу нүүлгэсэн юм. Тэр үед тэнд гэр орон, гэр бүл нь байдаг ч сурагчдын байранд байрлаж сурдаг сурагч олон байлаа. Амралтын өдрөөр америк аав ээж, дүү нар минь намайг авахаар өглөө эрт үүрээр өрөөний үүдэнд ирчихсэн зогсож байдаг боллоо. Ингээд би 1997 онд АНУ-ын Блюмингтон хотод дунд сургуулиа төгсөж Индианагийн их сургуульд элсэж орсон юм.

-17 настай охин эх орон, аав ээжийгээ их санадаг байсан байх. Тухайн үед харилцаа холбоо ч муу байсан байх шүү?

-Сурагчдын байранд ирснээр гэрээ, аав ээжийгээ улам их санадаг боллоо. Гэхдээ хар багын юм юманд сониуч зан, аав ээжээсээ зөрөн байж ирсэн тэр их хүсэл тэмүүлэл намайг аав ээжээ, гэрээ санахаас холдуулж байж дээ гэж одоо боддог. Тэр зан чанарынхаа ачаар маш завгүй хичээл хийж, хэд хэдэн дугуйлан, сургалтанд явдаг байсан. Тэгж их хүсэж, аав ээждээ “Алс хол хүний нутаг руу хар нялхаар нь орь ганцааранг нь яаж явуулна аа” гэх тийм их шаналал, айдас, болгоомжлол, санахын зовлон үлдээчихээд хоосон очиж болохгүй шүү л гэж байнга өөртөө хэлдэг байлаа. Тэр хэрээр маш их хичээсэн. Хэл сурах гэж, компьютерийн мэдлэгтэй болох гэж, бусад хичээлийг англи хэлээр судлах гэж гэр орноо санах ч завгүй хөдөлмөрлөж, сурч байсан. Ёстой л “Үүнийг хий гэсэн хийх ёстой, түүнийг хийж болохгүй гэж захисан тэгэхгүй” гэсэн хүүхэд насны дүрмээр л явж байж, тэр үед. Шөнө унтаж байхдаа л их зүүдэлнэ, аав ээжийгээ. Хааяа нэг утсаар ярина. Интернэт тэр үед Монголд байгаагүй байх.

-Америкийг 17-хон насандаа ганцаараа зорьсон Урнаад оюутны амьдрал нь тийм ч хэцүү биш байсан байх. Тэр үед нэлээд төвхнөчихсөн, том хүн болчихсон байв уу?

-Харин ч эсрэгээрээ Америкт туулсан хамгийн адал явдалтай, алдаа оноотой, аз жаргалтай, бяцхан айдас эмээлттэй, амжилт ололттой амьдрал оюутны он жилүүдэд өрнөсөн. Сурагчдын дотуур байранд байхдаа танилцаж, хамт хичээл хийдэг, илүү дутуу зүйлээрээ нэг нэгэндээ тусалдаг, хааяа цуг кино үзэж, миний төрсөн өдрийг тэмдэглэдэг, баяр хөөрийг минь хуваалцдаг, аав ээжийгээ санаж бэтгэрч гунихад хань болдог, нэг ёсондоо хүний нутагт намайг гэдэг надад хамгийн ойр байсан ганцхан хүн байдаг байлаа. Тэр хүнтэй тэнд учирснаас хойш миний амьдралын хамгийн адал явдалтай, аз жаргалтай өдрүүд эхэлсэн байдаг /инээв/. Гэхдээ дунд сургуулиа төгсөөд би Монгол руугаа явах боллоо. Тэгж их санаж байсан аав ээж рүүгээ харихаар болсон.

-Ингээд л Америк дахь адал явдал, Монголоос тээж очсон Америк мөрөөдөл дуусчихсан уу? Ингэхэд тэр үед таны баяр хөөр, уйтгар гунигийг хуваалцаж байсан хүн хэн бэ?

-Үгүй ээ. Бид Индианагийн их сургууль гэх эрдмийн их өргөөнд эхлүүлсэн тэр адал явдлаа үргэлжлүүлсэн. Хайр сэтгэлээ авч үлдэж чадсан. Тэр нэг өдөр оюутны байрны номын санд анх биенээ олж харсан харц, хоолны газарт анх танилцсан шаргал үстэй, дөлгөөн харцтай америк хөвгүүн миний ирээдүйн нөхөр байсныг би ч тухайн үед мэдээгүй. Намайг дунд сургуулиа төгсөх жил бид үерхэж жил шахуу хугацаанд найзалсан. Би дунд сургуулиа төгсөж байхад тэр минь их сургуулиа төгсөж байлаа. Намайг сургуулиа төгсөөд явах болтол хамаг “хэрэг” мандсан юм уу даа. Найз залуу минь сэтгэл санаагаар унаж, дахиж ирэхгүй гэж болгоомжилж, тэгээд л эргэж уулзахгүй гэдэгт бат итгэж байв. Тэгж бодож шаналсандаа ч тэр үү, нэг л өдөр ээжийгээ миний өрөөнд авчраад намайг “Найз охин минь.

Бид удахгүй хуримаа хийнэ” гэж танилцуулж билээ. Дараа нь бид хоёр ярилцаад хуримаа хийчихээд Монгол руу цуг явахаар боллоо. Ингээд би цаанаа өрөвдөнгүй харцтай, урт гэгчийн санаашралаа залгиад хоцорсон, ухаан, урмын үгээрээ үдэж үлдсэн аав ээж хоёрынхоо царайг санаж, зүүдлэн байж хайртай хүнтэйгээ хуримаа хийсэн юм. Халуун залуу насны минь зориг, хамгаас эрхэм хайр сэтгэлийнхээ дуудлагаар л тэр хүнтэй үлдэх шийдвэрийг гаргаж дээ, одоо бодоход. Тэр үед би 18-тай, нөхөр минь 22 настай байсан. Америк битгий хэл Монголчуудын хувьд ч 18 насандаа хуримаа хийнэ гэхэд алмайрч гайхах нас байсан л даа. Гэхдээ бид хоёрын хувь тавилан, нөхцөл байдал тийм байсан юм байлгүй. Нөгөө талаар хүүхдээрээ байсан болохоор тийм зоригтой алхам хийж дээ гэж одоо боддог. Гэхдээ 17 насандаа Монголоос тээж одсон хүсэл мөрөөдөл, олж авна гэж төлөвлөсөн аз жаргалаа Америкаас ахиулж авсан даа. Тэр бол өнөөдрийн энэ гэр бүл, хайр сэтгэл минь байсан. 17 насандаа аав ээжээсээ зөрж Америкийг зорьсондоо нэг ч өдөр харамсаж байгаагүй. Харин хааяа аав ээж хоёрыгоо тэр үед надад санаа зовоод хичнээн шөнө дутуу нойртой хоносон бол гэж бодохоор л тиймхэн байдаг.

Мэдээж америк хүнтэй хурим хийх гэж байгаагаа аав ээждээ дуулгах, тэдний зөвшөөрөл авах, тэр бүү хэл америк аав ээж хоёр минь зөвшөөрөхгүй гээд бид хоёрт түмэн асуудал бэрхшээл тулгарсан. Гэхдээ ном зохиол, кинон дээр гардаг шиг чин үнэн хайр сэтгэлд юу ч саад болдоггүй гэдгийг өөрийнхөө амьдралаар мэдэрсэн.

-Таны хуриманд аав ээж чинь ирсэн үү?

-Ирсээн. Ээж,  эгч хоёр минь ирсэн. Аав эхлээд уурлаад зөвшөөрөхгүй байснаа эрх танхи, отгон охиноо өрөвдсөнийх үү зөвшөөрсөн юм. Ээж хуриманд минь ирж намайг сугадаж нөхөрт минь хүлээлгэж өгч байхдаа “Сайн хүн байна” гэж шивнэж билээ. Дараа нь буцахдаа ээж минь онгоцны буудал дээр надад, “Аав чинь энэ хүүг харвал сайхан хүлээж авна. Сайн хүн байна. Хадмуудаа хүндэлж яваарай” гэж хэлчихээд явж билээ. Аав ээж хоёртоо бүх зүйлд миний талд зогсож байсанд талархаад баршгүй. Удалгүй бид хоёр Монголд очиход аав минь үнэхээр сайхан хүлээж авсан.

-Сайхан хайрын түүх байна. Магадгүй манай уншигчид таны нөхөр ямар мэргэжилтэй, ямар ажил хийдгийг сонирхож байгаа байх?

Манай нөхөр эдийн засагч, санхүүгийн шинжээч, инженер, мега төслийн менежер хүн. Индианагийн их сургууль төгсөж, Келлог, Жонс Хопкинс Университи, Оксфордод мастерын зэрэг хамгаалсан. Аав нь англи язгууртан гаралтай хүн байдаг. Ээж нь америк, багш хүн. Хүний нутагт аав ээжээсээ хол байхад ээжийн хайр халамж, түшгийг хадам ээж минь нөхөж байсан. Багш хүн болоод ч тэр үү, аливаа зүйлийг арга эвээр шийддэг байж билээ. Хүүхдүүддээ гэрээр сургуулийн хэмжээнээс ч илүү боловсрол олгосон байдаг. Манай нөхрийг гэхэд 3 настайд нь уншиж бичиж сургасан юм билээ. Нөхөр маань хамгийн сүүлд Монголд Оюутолгой төсөл дээр ажилласан.

-Одоо ажиллахаа больчихсон гэсэн үг үү?

Би оюутныхаа амралт болон бакалавр, мастераа хамгаалж байх хугацаандаа Вашингтон, Виржиниад үл хөдлөх хөрөнгө борлуулдаг мэргэжилтэн хийдэг байсан. Нэлээн хэдэн том хувийн, амины орон сууц зарж борлуулж байсан. Тэгж байхдаа Монголоос Америкт Монголыг сурталчилж таниулчихаар зүйлс ачуулж байлаа. Эрдэнэт хивс, Монгол орны үзэсгэлэнтэй байгалийн уран зураг, монгол хээ, сийлбэртэй авдар, ширээ, зэргийг зарж байгаа байрандаа дэвсэж, тавьж, зургийг нь хананд өлгөчихөөд Монголын талаар тайлбарлахаар Америкчууд их сонирхоно. Нөхөр маань америкийн мужууд болон том гүрнүүдээр явдаг ажилтай байв. Нэг өдөр нөхөрт маань Улаанбаатар гэсэн үгтэй цахилгаан захидал ирлээ, хоёулаа цуг нээж уншъя гээд ихэд гайхсан янзтай над руу харлаа.

Нээгээд харсан чинь Рио Тинтогоос “Монгол Улсад эхлүүлж буй томоохон Оюутолгой төсөл дээр ажиллах санал хүргүүллээ” гэсэн утгатай захидал байсан. Тухайн үед бид хоёр нэлээд эргэлзсэн. Хэн хэний маань ажил амжилттай яваа. Бас амралт болон бусад чөлөө заваараа Англи, Франц, Араб, Австрали, Герман зэрэг орноор аялангаа ажиллаж байсан аялалаа үргэлжлүүлэх гээд олон төлөвлөгөө бидэнд байлаа. Тиймээс нөхөр маань “Рио Тинто”-ын саналд хариу өгөх гэж олон өдөр бодсон. Тэгсэнээ нэг өдөр оройн хоолны дараа “Би их бодлоо. Чи олон жил эх орон, ээж ааваасаа хол байлаа. Одоо бид хоёр чиний эх орныг сонгох цаг болсон. Чи эх орондоо эндээс сурсан зүйлээ хүргэх ёстой” гэж билээ. Тэр шийдвэр, тэр үгнүүд дунд мөн л бид хоёрын 10 хэдхэн, 20 гаруйхан насандаа эхлүүлсэн хайр явсаар байсан юм. Ингээд нөхөр минь Оюутолгойд ажиллах саналаа илгээж хэдхэн хоноод “Та Монголд ирж ажилдаа орно уу” гэсэн хариу захидал авлаа. Нөхөр маань түрүүлж Монгол руу яваад араас нь би эндэх сургуулиа төгсөөд (тэр үед би Америкийн засгийн газрын тэтгэлэгээр мастераа хамгаалж байсан юм) нүүж ирсэн. Тэгж манайх Монгол айл болж билээ.

Оюутолгойд ажиллах гэрээний хугацаа дуусаж одоо бид хоёр хувийнхаа бизнесийг “Монголжин” гэдэг нэрийн доор хийж байна даа. Барилга, уул уурхайн тээвэрлэлт гэсэн чиглэлээр ажилладаг. 50 гаруй хүнд цалин өгч бизнесээ урагшлуулж байна. Ойрын төлөвлөгөөнд Монголын нэрийг дэлхийн зах зээлд гаргачихаар брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж ярилцаж байгаа. Хүүхдийн болон эмэгтэйчүүдийн гоо сайхан, ахуйн хэрэглээг Монголдоо үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах юм л даа. Тэр бүтээгдэхүүн Монголыг дэлхийд сурталчилсан байхаар төлөвлөж байна.

-Бизнесээ урагшлуулж байна гэснээс Монголд бизнес хийх хэр байна?

-Уг нь бол боломж чамлахааргүй байгаа. Даанч татвар, албан бичиг, төрийн үйлчилгээ, шат шатны хүнд суртал, авилга гээд саад их юм. Хэрэндээ л хичээж байна. Монголд бизнес хийхэд эрх мэдэлтэй танил ямар их хэрэг болдог, чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэрч байна. Нөгөө Америкаас авчирна гэсэн 10 хэдхэн насны мөрөөдөл чинь одоо ч үргэлжилсээр л байгаа шүү дээ /инээв/. Тийм багадаа тэр их хүсэл тэмүүлэл тээж явсан балчир зоригоороо эрч хүч хийж өнөөдрийн ажлаа амжуулж явна даа.

-Таны ажилдаа, Америкт сурч байхдаа баримталж байсан зарчим юу байв?

-Америкт сурч байсан сурагч, оюутан Урнаа бол үнэхээр шантаршгүй, зоригтой, аливаа зүйлд сониуч, хөдөлгөөнтэй байсан. Тэр үед компьютер дөнгөж сурч байсан үе. Зарим Монголчуудын хувьд А ч үгүй байсан үе. Тийм үед би америк багш нараасаа энэ хичээлийг заагаад өг гээд үүдийг нь сахиад, өрөөнд нь ороод өдөр шөнөгүй манаад суучихдаг байсан. Энэ зан чанар минь багын юм юманд сониуч, мэдэж байж санаа амардаг зантай минь холбоотой ч аав ээж, Америкт учирсан сайн хүмүүс, хажууд сурч мэдэхэд урам түшиг болдог хүнээ олсон гээд олон хүчин зүйлс нөлөөлсөн. Компьютерийн хичээлийн багш минь настай хүн байсан юм, сурагч байхад. Нэг амралтын өдрүүдээр америк аавынх руугаа очоод ирсэн чинь “Компьютерийн багш нас барсан. Чамд энэ захидлыг үлдээж” гээд нэг дугтуй өглөө. Нээгээд уншсан чинь “Миний уйгагүй хайрт шавь минь олон зүйл сурч мэдээрэй. Чиний хичээл хөдөлмөрийг багш нь хайрладаг. Энэ мөнгөөр компьютер аваарай” гээд 5000 америк доллар үлдээсэн байсан. Хүний хичээл зүтгэл эзэндээ ямар нэг байдлаар аз жаргал, амжилт авч ирдэг шүү. Одоо бол ажил дээрээ нээлттэй, бүх зүйл үнэн тодорхой байх ёстой гэсэн зарчмыг л голлож барьж байна даа. Манай компанитай холбоотой санхүү, татварын хувьд ямар нэг нууж хаасан зүйл, энэ бизнесийг явуулахдаа хэн нэгэнд өгсөн авилга, татварын талаарх тодорхойгүй далд нууц зүйл олоод ир гэвэл нээрээ юу ч олдохгүй шүү.

-Энэ олон сургуульд сурч төгсөх, хажуугаар нь ажиллах, хувийн бизнесээ амжилттай удирдахад их эрч хүч, эрдэм мэдлэг хэрэгтэй болно байх. Та ер нь ажлын, амжилттай карьерынхаа эрч хүчийг юунаас авдаг вэ?

- Олон зүйл нөлөөлдөг л дөө. Сурсан боловсролоос минь гадна төрөлхийн зан чанар, эргэн тойрон, хажууд байгаа хань ижлийн дэм түшиг, аав ээжийн сургасан хүмүүжил, хувь хүний үзэл бодол, сайхан сэтгэлтэй хүмүүс гээд. Надад энэ бүхэн бараг бүгд бий. Тэрэн дундаас би нөхрөө онцолмоор байна. Үнэхээр энэ бүх хугацаанд намайг урамшуулж, ирлэж хурцалж, дэмжиж тусалж, боломж олгож, болохгүй бол хэсэг хугацаанд амраач гэж хэлдэг энэ хүний нөмөр нөөлгийг юугаар ч илэрхийлж, талархмаар юм бэ дээ.

Би их сургуулийнхаа амралтаар заавал нэг зүйл сурдаг байсан юм. Тэгнэ гэж, тийм тийм зүйлийг сурчихсан хоёулаа уулзана шүү гэж тохирдог байлаа. Нэг жилийн амралтаар би үл хөдлөх хөрөнгө борлуулах мэргэжилтний сургалтад сурч лиценз авсан. Дараа жилийнх нь амралтаар усанд сэлэлтийн сертификат авахын тулд усанд сэлэлтээр уйгагүй хичээллэсэн. Далайтай орны онцлог л доо. Иргэдийнхээ усанд сэлэлтийн чадварыг сургалт, сургуулиар эрэмбэлчихдэг юм. Би дундаж төвшнөөс дээгүүр сэлэх чадварын эрхтэй болж байсан. Далайн гүн хүртэл сэлж чаддаг болсон гэсэн үг.

-Таны нөхөр Монголд хэр дасаж байна? Америк руугаа явъя гэдэг үү?

-Монголын үзэсгэлэнтэй сайхан байгальд тэр хайртай. Тодорхой хугацаанд ажиллаж амьдарсан болохоор тэр хэрээр дассан. Жил бүр Зул сараар нутаг руугаа яваад ирдэг юм. Нөгөө талаар миний хүсэл мөрөөдлийн төлөө, намайг гэсэндээ Монголоос явъя гээд байдаггүй байх л даа. Сэтгэлд нь хүрэхгүй, гайхах ганц нэг зүйл байлгүй л яах вэ..

Ярилцсан Э.Солонго

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (132)
  • Retweet (81)
  • 10-30 17:38
    Retweet (30)
  • 10-30 18:33
    Retweet (20)
  • 10-30 17:30
    Retweet (11)
  • 10-30 17:54
    Retweet (9)
  • Retweet (6)
  • 10-30 18:20
    Retweet (4)
  • 10-30 18:17
    Retweet (4)
  • 10-30 18:07
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:33
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 18:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-30 18:11
    Retweet (1)
  • Retweet (1)