Хүн бүр адилхан учраас жаргах жаргахгүй нь сайхнаар хэмжигдэхгүй
2020 оны 5 сарын 27

“Монголын сайхан бүсгүй-90” уралдааны Оюу эрдэнийн өргөмжлөлт,

CareCella брэндийн албан ёсны дистрибьютер “ЭсүРайз” компанийн захирал Д.БЯМБАСҮРЭН:

 

Хорт хавдрын 75% нь гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн дэх химийн найрлагаас үүдэлтэй болохыг эрдэмтэд баталчихлаа

Сайхан бүсгүй “ориг” байх үед тэргүүндээ миссийн титэм залж байсан энэ хатагтайг Д.Бямбасүрэн гэнэ.  “Монголын сайхан бүсгүй-90” улсын хоёрдугаар уралдааны Шүр эрдэнийн өргөмжлөлт, “Бүлээн нурам” киноны Эсүгийн дүр, нэрт дипломатч З.Жадабмын бэр, хамгийн өндөр боловсролтой мисс гэх мэт олон тодотгол түүнийг илэрхийлэх бөгөөд өдгөө тэрээр БНСУ-ын “Женерал био” компани, зэрэг зиндаагаараа дэлхийд 4-т жагсдаг CareCella брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “ЭсүРайз” компанийн захирлын алба хашиж байгаа аж.   

Анагаахын 1-р курсийн оюутан байхдаа сургуулиа төлөөлж сайхан бүсгүйн тэмцээнд оролцох үүрэг авч, улмаар “Бүлээн нурам” киноны Эсүгийн дүрд шилэгдэж, дараа жил нь амьдралынхаа ханьтай учирсан гээд түүний залуу халуун насны өдрүүд яг л 60-аад оны гялгар кино шиг гэрэл гялбаатай аж. Магад түүний сайн боловсрол, сайн ёс суртахуун түүнд сайхан тавиланг бэлэглэсэн байх гэх бодол төрнө.

Өдгөө эрхэлж буй бизнес нь ч сайн сайхны төлөө юм билээ. Тодруулбал, түүний оруулж ирдэг БНСУ-ын CareCella брэнд олон улсын глобал компаниудын рейтингийг тодорхойлдог B corporation-ы үнэлгээгээр 4-т жагсдаг бөгөөд энэ нь тус брэндийн бүтээгдэхүүн химийн хорт найрлагагүй, хүний эрүүл мэнд болон байгаль нийгэмд хор хөнөөлгүй гэдгийн нотолгоо болдог байна. Гоо сайхан, эрүүл мэнд, өргөн хэрэглээний гэр ахуйн бүтээгдэхүүний хувьд энэ нь маш чухал үзүүлэлт бөгөөд чухам яагаад гэдгийг түүний ярилцлагаас олж уншаарай. Маш товчхондоо өдөр тутам хэрэглэж буй гоо сайхан, гэр ахуйн бараанаасаа харшил, хордлогоос авахуулаад хавдрын уг шалтгаан авахгүйн тулд бид эрүүл мэндийн боловсролтой, мэдлэгтэй байх ёстойг хатагтай Д.Бямбасүрэнгийн яриа бидэнд сануулж байна.               

  • Таныг үеийнхэн чинь Монгол анхны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлт гоо бүсгүй, “Бүлээн нурам” киноны Эсүгийн дүр бүтээсэн мисс Бямбасүрэн гэдгээр чинь анддаггүй юм билээ. Тэр өдрүүдийг эргэн дурсаач?
  • 1990 он л доо. “Монголын сайхан бүсгүй” тэмцээн 2 дахь жилдээ зохиогдож байсан. Тэр жилийн онцлог нь нийт оролцогчдоос 21 бүсгүй буюу 21 дарь эх шалгаруулан үлдээж, тэндээсээ 9 эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүдийг шалгаруулсан. Миний хувьд Шүр эрдэнийн биш Оюу эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйн титэм авч байсан. Үндсэндээ 3 үе шаттай, шат болгонд өөрийгөө илэрхийлж, авьяасаа үзүүлэх ёстой, бэлтгэл, шалгаруулт гээд сар шахмын үйл явдал болж байлаа. Миний хувьд яах аргагүй амьдралын маань хамгийн дурсамжтай үе. Хамгийн сонирхолтой дурсамж гэвэл 2-р шатанд авьяасаа үзүүлэх болсон чинь миний бэлтгэсэн этюдыг өмнөх оролцогч яг миний бэлтгэсэн байснаар буюу ижилхэн үзүүлж сандаргадаг юм байна. 

  • Ямар үзүүлбэр байсан хэрэг вэ?
  • 21 дарь эхээс 9 эрдэнээ шалгаруулахын тулд оролцогчдод “Би чамд хайртай”, “Янжуур тамхи” гэсэн хоёр сэдвээр этюд үзүүлэх гэрийн даалгавар өгсөн байсан юм. Надад “Би чамд хайртай” гэдэг сэдэв оноогдлоо. Ээж маань урлагийн хүн учраас ээжээсээ тусламж хүссэнээр ээжийн найз Баяраа эгчээр этюд заалгаж, зөвлөгөө аваад тэмцээндээ орлоо. “Чи гоё бүжиглэдэг юм чинь бүжгээр хайр сэтгэлээ илэрхийлж эцэст нь үзэгчдээс нэг залуу урьж цуг бүжиглээрэй” гэдэг байхгүй юу. Яг хэлснээр нь бэлтгээд тэмцээндээ орлоо. Гэтэл миний өмнө гарсан охин яг миний бэлтгэсэн этюдыг үзүүлж байгааг би хөшигний завсраар санамсаргүй харчихдаг юм байна. Сандарч эхэллээ. Яг адилхан этюд үзүүлэх хэцүү гэтэл өөр бэлтгэсэн юмгүй. Цаг тулчихсан, толгой ажилладаггүй. Эцэст нь миний ээлж ирж ерөөсөө өөрийнхөөрөө байхаар шийдлээ. Би хүнд хайртай болбол яах вэ гэж бодсон чинь хамгийн түрүүнд захиа гэдэг үг толгойд орж ирсэн. Бидний үед захидал харилцааны соёл маш түгээмэл байсан үе шүү дээ. Тэгээд ч 4-р ангиас эхлэн орос хэл, Оросын утга зохиол ордог байсныг хэлэх үү, шуудхан л Оросын яруу найраг, Евгений Онегиний тухай бодол, Онегины Татьянадаа бичдэг хайрын захиа санаанд орж ирснээр ширхэг цаас аваад тайзнаа гарсан. Этюдээ өөрийнхөөрөө үзүүлсэн. Хүмүүс ч алга нижигнүүлэн ташиж, маш халуун хүлээж авсан. Энэ явдал надад маш их урам зориг, хүч өгч, яг тэр мөчид л би хүн аливаад өөрийнхөөрөө байхын давуу тал, үнэ цэнийг олж мэдсэн юмдаг. Яг тэр мөчид би Жийгээ (АЖ, кино найруулагч Г.Жигжидсүрэн.сурв) найруулагчийн нүдэнд туссан байдаг юм. 
  • Өөрөөр хэлбэл этюдээ өөрийнхөөрөө үзүүлсэнээрээ та “Бүлээн нурам”-ын Эсүгийн дүрд сонгогдсон гэсэн үг үү?
  • Бараг тэгж болно. Тухайн үед Сайхан бүсгүйн тэмцээнд орсон бүх охидыг киноны пробонд орох шаардлага тавьсан юм. Би тухайн үед Анагаахын дээдийн оюутан, аав ээж маань бас ч гэж чанга гараар барьдаг тухайн үеийн нийтлэг гэр бүлүүдийн нэгд өсч хүмүүжсэн. Кино хэдийгээр сэдвийн хувьд гүн утга агуулгатай ч хөх энэ тэр гардаг юм байна, аав ээжээсээ асууж байж пробонд орох эсэхээ шийдье гэлээ. Нэг өдөр Жийгээ найруулагч гэр рүү өөрөө ярьж, Бямбасүрэнгээ пробонд оруулаач гэж санал тавьсанаар аав ээжээс зөвшөөрөл авч байлаа. Кино үйлдвэрийн хаалгаар яваад орсон чинь миссийн тэмцээнд оролцсон 124 охин бүгдээр зогсож байж билээ. Сүрдмээр. Гэвч эцсийн мөчид Эсүгийн дүрд сонгогдож, амьдралынхаа бас нэг сайхан дурсамжийг бүтээх завшаан тохиосон доо.

  • Та мэргэжлийн жүжигчин биш. Гэвч Эсүгийн дүрд сонгогдох таны давуу тал юу байсан юм бол?
  • Угаасаа эгчийн дүрд мэргэжлийн жүжигчин, дүүгийн дүрд мэргэжлийн бус хэрнээ бүх зүйл нь натурал, мөн эгчээс биеэр жижигхэн байх ёстой гэсэн шалгуур байсан юм билээ. Тэр үед Д.Энхтуул дөнгөж сургуулиа дүүргэчихсэн, анхны дүрээ бүтээх гэж байгаа, сургуульдаа бол алдартай, шинэ залуу идеал, дүүхэлзсэн залуу бүсгүй. Би Анагаахын оюутан. Бас ч гэж бүжиглэх авьяастай, сургуулийнхаа “Дэлбээ” хамтлагт бүжиглэдэг, миссийн тэмцээнд орохдоо авьяасаа үзүүлчихсэн зэрэг давуу талтай. Энэ бүхэн Эсүгийн дүрд тоглох сайхан боломжийг надад олгосон гэж боддог.  “Бүлээн нурам”-ын нэг гайхамшиг нь кинон дээр дан “томчууд” ажилласан явдал. АЖ Б.Лхагвасүрэнгийн зохиол, Аж Г.Жигжидсүрэнгийн найруулга, АЖ, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын хөгжим, зураглаач Г.Маш гуай, хувцасны зураач нь АЖ Л.Гаваа гуай гэх мэт тухайн үеийн урлагийн томчууд хамтарч нэлээн ач холбогдол өгч киног бүтээж байсан. Ийм сайхан бүтээлд дүр бүтээсэндээ одоо ч баярлаж явдаг даа.
  • Өөрийгөө сайхан эмэгтэй тэр тусмаа сайхан бүсгүйн тэмцээнд оролцох хэмжээний гоо үзэсгэлэнтэй гэдгээ хэзээ анх мэдэрч байсан бол?
  • Өсвөр нас буюу хөвгүүд охидыг сонирхож эхэлдэг үеэс гоо үзэсгэлэнгийн талаар өөрийн гэсэн бодол, үнэлэмжтэй болдог байх аа. Миний хувьд тийм л байсан. Том нүдтэй болохоор энэтхэг охины дүрд их хувирна (инээв). Гэхдээ би хөөрхөн юм байна гэж бодоод миссийн тэмцээнд орсон юм биш. Нэг өдөр “Монголын хатан эрдэнэ” холбооны тэргүүлэгчид болох Чинбат ах, Үржинбадам эгч, Цогоо ах нарын хүмүүс сургууль дээр ирж дуудаж, сургуулиа төлөөлж Сайхан бүсгүйн тэмцээнд ор гэж даалгасны дагуу тэмцээнд оролцож байлаа.  

  • Таны 90-ээд оны миссүүд дундаа хамгийн өндөр боловсролтой нь гэдэг юм билээ. Боловсрол, гоо үзэсгэлэн хоёр хэр их хамаатай ойлголт гэж та боддог вэ? Өөрөөр хэлбэл таны гоо үзэсгэлэн хийгээд амьдралд чинь боловсрол хэр хэмжээний үүрэг гүйцэтгэсэн бэ?
  • Би өөрийгөө өндөр боловсролтой гэхгүй. Гэхдээ чиний магтаалд баярлалаа. Боловрол гэдэг нь тухайн хүний зүс царай, сурсан сургууль гэхээсээ илүү тухайн хүний үзэл бодол болон уг суурь болох гэр бүлийн хүмүүжлээр хэмжигдэх байх. Гоо сайхан болон боловсрол хоёрыг хослуулж яваа олон сайхан бахархууштай бүсгүйчүүд бий. Тэднээс суралцаж, тэднээр бахархаж явдаг даа.

Миний хувьд эцэг эхийн маань надад сургаж байсан хүмүүжил, ёс суртахуун буюу дотоод гоо үзэсгэлэн маань миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж боддог.

  • Ингэхэд та мэргэжлээрээ ажилласан уу? Эзэмшсэн мэргэжил чинь танд юу өгсөн бэ?
  • Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан. JICA-гийн мэргэжилтэн эмчээр, мөн Халдварт саагийн эсрэг төсөл дээр ажиллаж байлаа. Эзэмшсэн мэргэжил маань маш олон зүйл өгсөөн. Бүхэл амьдралынхаа турш мэргэжлээ түшиглэж, мэдлэгтээ суурилж амьдарч байна. Анагаахт сурч байхад Санжмятав багш маань (ерөнхий физиологийн багш байсан) эмч мэргэжлийн 99% нь этик юм, өөрөөр хэлбэл өвчтнөө эдгээх эсэх нь эмч хүний этикээс 99% хувь хамаарна гэж байсныг амьдралынхаа зарчим болгож явна. Одоо эрхэлж байгаа бизнес маань ч гэсэн эмч мэргэжил болон мэргэжлийн этиктэй холбоотой. Ингээд бодохоор Анагаахын дээд сургууль, эмч мэргэжил миний амьдралын бүхий л зүйлийг өгсөн байгаа биз.
  • Бизнес гэснээс компанийн чинь нэр “ЭсүРайз” юм билээ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
  • “Бүлээн нурам”-д бүтээсэн Эсүгийн дүрээ билэгдэж компаниа “ЭсүРайз” гэж нэрлэсэн. Товчхондоо цэвэр байгалийн гаралтай хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний импортын бизнес буюу бүр тодруулбал БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуй нэгж “Женерал био” компани, CareCella брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Гоо сайхан, гэр ахуйн өргөн хэрэглээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани л даа. Компанийн гол онцлог нь Олон улсын B корпораци гэж байдаг юм. Сайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, байгаль, нийгэмд ээлтэй компаниудын зиндааг тодорхойлж, эрэмбэлж, үнэлгээ өгдөг олон улсын компани.

  • Эдний үзүүлэлтээр “Женерал био” компани анх биднийг гэрээ байгуулахад 7-р байранд байсан бол 2 жил тутмын шалгуураар 2019 онд  4-р байранд жагссан. B Corp 1 удаа аваад болчихдог гэсэн үг биш юм. Хоёр жил тутам амжилт чанараа баталгаажуулан шалгалтанд ордог. Өөрөөр хэлбэл олон улсын B корпорацийн үзүүлэлтээр эхний 10-т жагсана гэдэг дэлхийн глобал компаниудын хувьд маш чухал үзүүлэлт л дээ. Байгальд ээлтэй үйлдвэрлэл гэдэг ялангуяа эрүүл ахуй, гоо сайхны бүтээгдэхүүний хувьд маш чухал үзүүлэлт учраас CareCella-гийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх хүсэл маш их байсан гэх үү дээ.
  • Анх удаагаа B корпорацийн талаар дуулж байна. CareCella-гаас гадна бидний мэдэх ямар брэндүүд эдний эрэмбээр дээгүүр жагсдаг бол?     
  • Нэгдүгээрт АНУ-ын эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн “Варди Паркер” гэх Холливудын жүжигчин Жессика Альбагийн компани жагсаж байна. Хоёр, гуравдугаарт бидний сайн мэдэх Apple, Alibaba бичигдсэн. Дөрөвдүгээрт CareCella эрэмбэлэгдэж байна. Өмнө нь CareCella-гийн өмнө Samsung, Google хоёр жагсдаг байсан. Энэ жилийн рейтингээр CareCella үзүүлэлтээ ахиулж, эрэмбээ урагшлуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ижил төрлийн брэндүүдээсээ дэлхийд хоёрт жагсаж байна гэсэн үг л дээ. 
  • Гол үзүүлэлт нь нийгмийн хариуцлага, байгальд ээлтэй үйлдвэрлэл гэж ойлгож болох уу?
  • Хамгийн гол үзүүлэлт нь тухайн брэнд болон тухайн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн хүний биед хор хөнөөлгүй, цэвэр байгалийн гаралтай найрлагатай байх гэж ойлгож болно. Энэ нь цаад утгаараа нийгмийн хариуцлага болдог. Цэвэр байгалийн гаралтай, хүнд хор хөнөөлгүй гэдэгт оо, сойз, угаалгын шингэн зэргийнх нь найрлага натурал байхаас гадна тэдгээрийг агуулж байгаа сав, баглаа боодол хүртэл байгальд амархан уусдаг, хор хөнөөлгүй байх шалгууртай байдаг. “Женерал био” компани, CareCella брэнд эдгээр үзүүлэлтүүдийг хангахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн хэмжээний глобал бодлого баримталдаг компани. Жишээ нь Женерал Био компаний нийт ажилчдын 30% ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Дэлхийн хэмжээний томоохон төслүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг гэх мэт олон үзүүлэлтээр B корпорацийн шалгуурыг хангадаг. Ийм сайхан компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг монгол хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байгаадаа бидний хувьд үнэхээр сэтгэл өндөр байдаг. Нөгөө эмчийн этикийн тухай философи маань ийм байдлаар хэрэгжиж яваад сэтгэл хангалуун явдаг юм.

  • Таны өөрийн нэрээр нэрийдсэн фэйсбүүкийн пэйж хуудас эрүүл мэнд, гоо сайханд хэрэгцээтэй олон мэдээлэл оруулдаг. Хамгийн их сонирхол татсан нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дахь хортой бодисууд хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл. Үнэндээ бид хүнсний аюулгүй байдал, органик найрлагын тухай л их ярьдагаас биш гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүн хүний биед тийм их хортой байдаг талаар мэддэггүй. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч?
  • Чи загатнасан газар маажив гэдэг шиг л чухал асуулт тавилаа. Бидний зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол энэ болчихоод байна. АНУ-ын хорт хавдар судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор, Нобелийн шагналт Самуел Абсетийн судалгаагаар хорт хавдар өвчний шалтгааны 25% нь тамхи, 75% нь бидний өдөр тутам хэрэглэж буй гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн дэх химийн найрлагаас үүдэлтэй болохыг албан ёсоор баталчихаад байна. Мөн эрдэмтэн, доктор Мерколагийн судалгаагаар хоол хүнснээс илүү гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй болохыг давхар нотолсон.
  • Учир шалтгаан нь юу юм бол?
  • Арьсаар дамжиж шууд судсанд шингэдэг учраас хоруу чанар тийм өндөр нөлөөтэй байдаг юм байна л даа. Арьсны элдэв харшил гэхэд чухамдаа бидний хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнээс голцуу шалтгаантай байх жишээтэй. CareCella брэнд хамгийн гол нь хүний биед ямар ч хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлог.

  • Бүхий л брэндүүд органик найрлага, байгалийн цэвэр орцтой гэцгээдэг. Хүний биед хоргүй гэдгийг нь хэрхэн нотлох вэ гэдэгт асуудлын гол байх юм шиг санагддаг...
  • “Женерал био” компанийн тухайд үүсгэн байгуулагдсан шалтгаан нь хүртэл хүний биед хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх концепци байсан. 2007 онд байгуулагдсан компани. Гэвч 2015 онд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан. Өөрөөр хэлбэл бүтэн 8 жилийг зөвхөн судалгаанд зориулсан байдаг. Компанийн үүсгэн байгуулагч Сио Жон Ху гэдэг хүн Солонгосын “LG” компанийн түүхий эд хариуцсан албаны дарга хүн байсан юм билээ. Хажуугаар нь ургамлын цэвэр охийг гоо сайхны брэндүүдэд нийлүүлдэг аж ахуй эрхэлдэг байсан. Гэтэл астма өвчтэй хүүхэд нь  байгальд гарснаар өвчин нь илүү дээрдэж байсныг анзаарсан байдаг. Үүнээс сэдэл авч судалгаа хийж эхэлсэн. Ингээд эдгэрдэггүй астма өвчнийг эдгээж буй цэвэр байгалийн ид шидийг жирийн олон хүмүүст яагаад хүртээж болохгүй гэж үзээд компани байгуулахаар шийдсэн. Амьдралынхаа турш цуглуулсан бүх мөнгө болох 4 сая доллараар анхны хөрөнгө оруулалтаа хийж, Солонгосын 30 химич цуглуулснаар судалгааны ажлаа эхлүүлсэн. Найман жилийн дараа CareСella брэнд мэндэлсэн. Шинжлэх ухаан, судалгааны ажил ямар чухал болохыг, түүнийг хүний сайн сайхны төлөө ашиглая гэвэл ямар их үр дүнд хүрч болохыг “Женерал био” компани, ноён Сио Жон Ху өөрийн бизнесээрээ харуулсан гэж солонгосчууд үздэг юм билээ. Эдний аяга таваг угаагч шингэнийг бүтээсэн эрдэмтэн бүтээсэн шингэнээ олны нүдэн дээр ууж үзүүлдэг гээд бод доо. Хүний биед ямар ч хор хөнөөлгүй гэдгийг нь нотолж буй хэрэг.
  • Үнэн бол үнэхээр танай брэндийн хэрэглэгч л болмоор юм байна. Ингэхэд хэрэв гоо сайхан болоод  гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээсээ хорт бодис, хавдрын шалтгаан аваад байвал түүнээс аль болох зайлсхиймээр байна шүү дээ. Гэхдээ чухам яаж?
  • Энэ тухай ярихаасаа өмнө гоо сайхны бүтээгдэхүүнээс хүмүүс яагаад өвчин авдаг талаар ярья гэж бодож байна. Арьс бол хүний хамгийн том эрхтэн. Нийт жингийн 16-17 хувийг эзэлдэг. Арьсны нүх сүвээр хүний бие амьсгалж байдаг. Арьсны дор 1000 гаруй цус тунгалгийн судас, 600 гаруй тунгалгийн булчирхай байдаг. Тиймээс арьсан дээр түрхэж байгаа зүйл ямар ч шүүлтүүргүйгээр судас, тунгалгийн булчирхайгаар дамжиж цусанд нэвчиж байдаг. Чухам ийм учраас хоол хүнснээс илүү гоо сайхан, гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн буюу саван шампунийн хэрэглээ эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг байх нь. Бас нэг мэдүүштэй зүйл нь хүний биеийн арьснаас зулайн арьс 4 дахин шингээх чадвартай, эмзэг нимгэн эд байдаг. Тиймээс л бид өдөр тутам хэрэглэж буй гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, түүний орц найрлагад бүхнээс илүү анхаарах шаардлагатай болчихоод байна.

Монгол улс элэгний хорт хавдраараа дэлхийд нэгд, ходоодны хорт хавдраар хоёрт жагсдаг гэсэн судалгаа бий. Гол шалтгаан нь орц найрлага нь тодорхойгүй гоо сайхны бүтээгдэхүүн, химийн хурц найрлагатай гэр ахуйн бараанууд ч юм билүү. Бодох л хэрэгтэй болоод байна. Шүдний оо гэхэд ялангуяа хүүхдүүддээ элдэв амт, үнэр оруулагч бодис ихээр орсон оо илүүтэй хэрэглүүлдэг соёл манайд түгээмэл байна. Хамгийн бяцхан иргэндээ хамгийн аюултай зүйл хэрэглүүлж байна л гэж би хувьдаа боддог. Үсний элдэв шампунь, аяга таваг угаагч шингэн, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хүртэл бидний төдийлөн хайхардаггүй гэвч маш өргөнөөр хэрэглэдэг зүйлсдээ анхаарал тавьж, орц найрлагыг нь харж байхыг зөвлөмөөр байна.

  • Хэрхэн яаж гэдэг л чухал байна л даа? Жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн оролцдог ямар бодис хүний биед хортой байдаг эсэх талаар хаанаас хэрхэн олж мэдэх вэ?
  • HwaHae гэдэг аппликейшн бий. Дэлхий дээр бүртгэгдсэн бүх гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүний орц найрлагыг дэлгэрэнгүй харуулсан, хорт чанарыг шууд тестэлдэг нэгдсэн систем гэх үү дээ. Гоо сайхны бүтээгдэхүүний орцонд маш өргөн хүрээтэй оролцдог, хорт хавдар үүсгэдэг 20 төрлийн хориотой бодис гэж байдаг. Энэ 20 бодис жишээ нь Шанелийн шөнийн тосонд орсон уу, орсон бол хэдэн хувьтай байгааг шууд тооцоолж харуулдаг аппликэйшн. Үүнийг Монголд нэвтрүүлэх талаар бид бодож байгаа. Дэлхий нийтээрээ маш өргөн хэрэглэж байгаа, гоо сайхны орцын их толь гэж олон нийтээс өндөр үнэлгээ авч байгаа аппликэйшн. “Женерал био” компанийн бүтээгдэхүүнүүд мэдээж энэ системд бүртгэгдсэн байдаг. Нээлттэйгээр орж танилцаж болно. Ер нь CareCella-гийн бүтээгдэхүүнүүд байгаль, нийгэмд ээлтэй, эрүүл, аюулгүй гэдэг үзүүлэлтээрээ БНСУ-ын төр засгаас хүртэл өндөр үнэлгээ авч, дунд сургуулийн сурах бичигт орсон байдаг. Маш өндөр шалгуурыг давж байж сурах бичигт ордог юм билээ. “Женерал био” компанийн бүтээгдэхүүн хэрэглэснээр чи эрүүл, аюулгүй амьдарч чадна гэсэн агуулгатайгаар 6-р ангийн сурах бичигт багтсан байдаг юм. Боловсролын системээрээ дамжуулж эрүүл, аюулгүй хэрэглээний талаар мэдлэг өгөхдөө Солонгосчууд үлгэр жишээ юм билээ.
  • Тэгвэл монголчуудын хэрэглээний соёлын талаар та юу ярих вэ? Жишээ нь танай CareCella-гийн бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авч, хэрэглээндээ нэвтрүүлж байна вэ?
  • CareCella Монголд орж ирээд 1 жил хагас болж байна. Байнгын хэрэглэгчидтэй болж чадсан. Сайн чанар, харьцангуй боломжийн үнэ, бодит үр дүнгийн нөлөөгөөр өөр бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан олон хүн манай байнгын хэрэглэгч болж байна. Мэдээж энэ хэрэглээний соёлыг нэвтрүүлэхийн тулд цаг хугацаа их зарсан. Зардал ч их гарсан. Сургалт ч их хийсэн. Үр дүн муугүй байгаа шүү.
  • Хамгийн бестселлэр бүтээгдэхүүнээ нэрлээч гэвэл алийг нь онцлох вэ?
  • Юун түрүүн нүүр өргөдөг line-up гэж маскийг онцолмоор байна. Манайхаар зогсохгүй дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн. Хоёрдугаарт, таван бүтэцтэй суурь крем гэж бий. Түүнчлэн цэвэр байгалийн гаралтай ботокс буюу Bubble Toc  сэрум нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлж сэргээж өгдгөөрөө гайхалтай. Мөн Henna үсний будгаа онцолмоор байна. 100% эмийн ургамлын холимогоос найрлага нь бүрддэг энэ будаг үсийг будахаас гадна эмчлэх давхар үйлчилгээтэй. Гэх мэт бүх бүтээгдэхүүнээ онцолж болно. Яагаад гэвэл CareCella-гийн хамгийн гол онцлог нь найрлагандаа байдгийг дахин онцлон хэлмээр байна.

Жишээ нь фуллерен гэдэг гайхамшигтай найрлага байдаг юм. Нүүрстөрөгчийн алмааз гэдэг тодотголтой, Нобелийн шагнал авсан органик элемент. АНУ-ын эрдэмтэн Robert Curl, Richard Smalley нарын судалгааны үр дүн, нөхөн төлжүүлэх онцгой үйлчилгээтэй байгалийн микро элемент. Энэ элементийг олж нээснээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Энэ элемент “Женерал био”-гийн гол найрлагуудын нэг. Ер нь “Женерал био” компани 8 жилийн судалгааны үр дүн, 30 судлаач эрдэмтдийнхээ хүчээр 4 том патентыг дэлхийн гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг. Нэг нь Номхон далайд ургадаг спонж хэмээх далайн өргөст ургамал. Өөрөө өөрөөсөө цэвэр урвал явуулж задардаг онцгой чанартай. Энэ ургамлаас микро зүү буюу арьсыг гуужуулах бүтээгдэхүүн гаргаж авсан. Венера цэцгийн суурьтай хольж гаргаж авсан Венус пийл хэмээх энэ алдартай микро зүүний патентыг “Женерал био” эзэмшдэг. Хоёрдугаарт, хүн орхоодойноос сапонин хэмээх гайхалтай үр дүнтэй найрлага гаргаж авсан. Маш том нээлт гэж үнэлэгддэг. Сапонин нь эд эсийг нөхөн төлжүүлж, хавдрын эсийг задалдаг онцгой үйлчилгээтэй найрлага юм. Энэ бодисын патентыг “Женерал био” эзэмшдэг бөгөөд эндээс эрхтний үхэжсэн эд эсийг хөөж, шинэ бодисын солилцоонд оруулдаг,  бодисын солилцооны гажуудлыг засаж, хвдрын эд эсийг задлах үйлчилгээтэй биологийн нэмэлт бүтээгдэхүүн гаргаж авдаг нь CareCella-гийн онцгой бүтээгдэхүүний нэгд ордог. Гуравт, шүдний сойзны резинийг маалингаас гаргаж авах технологийг анх нэвтрүүлснээрээ патент эзэмшдэг. Манай оо гэхэд зөгийн бал, хүн орхоодойн найрлагатай учраас буйлыг үрэвсүүлдэггүй сайн талтай байх жишээний. Гэх мэт байгаль дээрх хүний биед хэрэгтэй ямар элемент, найрлага байна тэр бүхнийг бүтээгдэхүүндээ хэрэглэдэг учраас бестселлер биш ч гэсэн бүгд эрүүл мэндэд онцгой ээлтэй байдаг нь CareCella брэндийн онцлог, давуу тал юм.

  • Та өөрөө ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
  • Мэдээж CareCella. Сүүлийн жил гаран тогтмол хэрэглэж байна. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэж бодох вий, гэхдээ үнэндээ арьс залуужиж, үс эрүүлжсэн бодит үр дүнтэй сууж байна. Хамгийн гол нь өмнө нь харшлын тууралттай байсан, тэр маань ор мөргүй арилсанд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэр байтугай бамбайн эмгэгийг маань бүрэн эмчилсэн гээд бод доо. Гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүнээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үнэхээр сайн. Маш олон жишээн дээр батлагдаж, олон хүнийг олон жилийн хууч өвчнөөс нь салгасан учраас Монголдоо албан ёсоор оруулж ирэх гэж байна. Ирэх жилийн том төсөл маань энэ байх нь.  
  • Гоо сайхан болоод эрүүл мэнд бол цэвэр хувь хүний хариуцлагаас хамаарах ихээхэн субьектив асуудал гэж болно. Эмч мэргэжилтэй хүмүүс энэ тал дээр нэлээн нарийн зарчим, үзэл санаатай байж таарна. Таны хувьд эрүүл мэнд, гоо сайхны арчилгаандаа баримталдаг, хэзээ ч хазайж байгаагүй зарчим, дүрэм юу вэ?
  • Гоо сайхны тухайд байнгын цэвэрлэгээнд онцгой ач холбогдол өгдөг. Мэдээж арьсыг хөгшрүүлэхгүй байх гол нөхцөл бол арьсаа чийгшүүлж, зөв бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх явдал байдаг. Ер нь өдөр тутмын тогтмол арчилгаа бол хэзээ ч орхигдуулж, цалгардуулж болохгүй чухал зүйл гэж боддог. Арьс арчилгаа бол бидний анзаарахгүй жижиг сажиг зүйлээс хүртэл шалтгаалж байдаг нарийн эд гэдгийг саяхнаас ойлгосон. Өөрт тохиолдсон нэг жишээ хэлэхэд Солонгост салбар компанийн нарийн бичиг ажилтай бүсгүйтэй цуг таксинд явж байхдаа сэрүүхэн байсан учраас халуун тенээ тавьчихгүй юу гэлээ. Гэтэл хажууд явсан бүсгүй асаах хэрэггүй гээд унтраалгадаг юм байна. Учрыг нь асуусан чинь нүүрний чийгшилт багасчихна гэж байгаа юм. Ийм нарийн байдаг байх нь. Энэ юу харуулж байна вэ гэвэл алхам тутмын хэрэглээний соёл, тогтмол арчилгаа юу юунаас чухал байдаг байх нь. Бас нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Жишээ нь, манайхан өндөг гоо сайханд сайн гээд шууд нүүрэндээ түрхэх нь элбэг байдаг. Үүнийгээ органик гэж ярьцгаадаг. Органик нь үнэн. Арьсанд сайн нь ч үнэн. Гэхдээ би хувьдаа ийм хэрэглээг сайшаадаггүй.
  • Яагаад?
  • Тэгвэл дэлхийд алдартай, сайн патент эзэмшдэг гоо сайхны том үйлдвэрүүд, тэнд ажилладаг эрдэмтэн судлаачид байхын хэрэг юу байгаа юм. Тэгвэл оливын тос сайн гээд нүүрэндээ түрхээд яваад байвал яасан юм. Өөрөөр хэлбэл цэвэр байгаль дээр байгаа ургамлын молекул бүтцийг судалж үзээд зориулалтын технологиор нь гаргаж аваад, түүнтэй зохицох өөр найрлага, элементтэй холиод бидний арьсанд буюу цусанд маш сайн нэвчиж үр дүн өгөх бүтээгдэхүүн гаргаж авсныг ашиглах нь илүү үр дүнтэй, зөв хэрэглээ гэж хэлэх гээд байна л даа.
  • Та тэгвэл органик хэрэглээнд таатай ханддаггүй гэсэн үг үү?
  • Үгүй л дээ. Таашаана. Гэхдээ зарим зүйлийг зөв мэдлэгтэйгээр хэрэглэхгүй бол арьсанд сөрөг нөлөө үзүүлэх явдал бишгүй. Өөрөөр хэлбэл гүйцэд боловсроогүй найрлагаар арьсны нүх сүвээ бөглөчихвөл яах вэ. Жишээ нь органик гээд өдөр бүр лемоны шүүс түрхээд байвал арьс хуурайшнаа даа. Үүнтэй ижил гэсэн үг.
  • Гоо үзэсгэлэн гэж юу вэ? Гоо үзэсгэлэн дэлхийг аварна гэдгийн тухайд та ямар байр суурьтай явдаг вэ?
  • Гоо үзэсгэлэн гэж мөн чанар юм.
  • Диет барьдаг уу?
  • Барина аа. Шаардлагатай бол нэг өдрөөр мацаг барьдаг. Жин хасах гэхээсээ илүүтэй эрүүлжих зорилгоор мацаг барьдаг. Мэдээж жин ихсэхээс маш ихээр зайлсхийдэг. Хэрэв жин нэмэх гээд байвал оройн хоолоо багасгачихдаг. Бүх зүйлийг хориглодоггүй бас бүх зүйлийн хэмжээг хэтрүүлдэггүй.
  • Таны нөхөр нэрт дипломатч Жадамба гуайн хүү гэдгийг мэдэх юм. Нэр алдартай, дипломатч айлын бэр болох нь өндөр босго, том шалгуур байсан байх гэж бодож байна. Хайрлаж дурлаж, ханиа олж байсан залуу насны өдрүүдээ дурсаач?
  • Сайхан бүсгүйн тэмцээнд орсных тэр үү, залуудаа нөхөрт гарч байсан. Гэхдээ миссийн титэм зүүж, кинонд тоглож, өөрийн гэсэн байр суурьтай болсон хойноо нөхөрт гарсан. Тэр үед хадмууд маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Азийн бүсийн захирлын түвшинд Энэтхэг улсад ажиллаж, амьдарч байсан. Нөхөр маань Дэлигийн их сургуулийн төгсөх курсийн оюутан, би Анагаахын 2-р курсын оюутан байхдаа танилцаж байлаа. Тэмцээнд үзүүлсэн этюд шигээ бүтэн жил захиагаар харилцаж, дараа жил нь гэрлэж байсан.

Мэдээж бага залуудаа дипломатч, өндөр соёлтой айлд бэр орсных, хичээх хэрэгтэй болсон. Би чинь өөрөө айлын гац охин. Хадам ээж их ажилсаг. Эгч хүртэл ажилсаг. Ер нь их хөдөлмөрч хүмүүс л дээ. Тэр бүгдэд суралцах шаардлага гарсан. Амьдрал хэмээх их сургуульд ахин сурсан даа (инээв). Үр дүнд нь зарчимч, юмандаа эзэн байх, зүтгэлтэй байх, гэр бүлдээ анхаарал халамж тавих, хүндлэх, дэмжих бас шударга байх, таалагдахгүй бол гэр бүлийн хурал хийгээд асуудлыг шийдэх зэрэг сайхан соёлд суралцсан.

  • Нөхрөө илүү дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
  • Нөхөр маань сэтгэл судлаач, философич мэргэжилтэй. Мэргэжлийнх нь онцлог байх, дуугүй, дотогшоо талдаа хүн. Би эсрэгээрээ нээлттэй, нийтэч, урлаг, уран сайхны сонирхол ихтэй. Ийм эсрэг тэсрэг байж эхнэр, нөхрүүд бие биенийхээ дутууг нөхдөг юм шиг санагддаг.
  • Сэтгэл судлаач, философич гэхээр харьцангуй түгээмэл биш мэргэжилтэй юм байна. Мэргэжлээрээ ажилласан уу? Одоо юу хийдэг вэ?
  • Мэргэжлээрээ ажиллаагүй. Тухайн үед их сургуульд багшлах гэх мэт ажлын байрууд байсан ч амьдралын эрхээр бизнес эрхлэх болсон. Ямар ч төлөвлөлтгүй, хэн хэн нь сургуулиа төгсөхийн алдад аав ээж болчихсон, тэгээд л АНУ-д очиж магистрт суралцах төлөвлөгөөгөө орхиод бизнес хийж эхэлсэн. Сургуулиа дөнгөж төгссөн залуу хосууд байр савнаас авахуулаад бүх зүйлээ өөрсдөө босгох шаардлагатай болсон. Анхны ажил нь “Тэмүүжин глобал” компанийн гадаад харилцааны захирлаар ажилласан. 1990-ээд оны эхэн үе, жинхэнэ зах зээлийн давалгааны үе. Наймаа арилжаа хүртэл хийж үзсэн. Барилга, уул уурхайн салбарт ч бизнес хийсэн. Одоо ч бизнесээ хийсээр байна.
  • Эр нөхөр бол эхнэрүүдийн бүтээл гэдэгтэй та санал нийлэх үү?
  • Санал нийлнэ. Хоёулаа бие биенээ бүтээнэ шүү дээ. Өнөөдөр Бямбасүрэнгийн амжилт, хүрсэн түвшин бол нөхрийн маань ач. Хоёр хүүтэй боллоо. Бидний хамтын бүтээл байх жишээний.
  • Хоёр хүүхэд харьцангуй цөөндөө орох байх шүү...
  • Тэгэлгүй яахав. Бидний үеийнхний нийтлэг дүр төрх ч гэж болмоор санагддаг. 90-ээд оны бид чинь их материаллаг байсан юм ш дээ. Ажил амьдралын төлөө гэртээ ч орох завгүй ажиллаж, хөдөлмөрлөж явсан өдрүүд л дээ. Тэгж явтал хүүхэд төрүүлэх үе өнгөрчихсөн байсан. Одоо байсан бол аль болох олон хүүхэдтэй болохыг хичээнэ. Төр засгаас ч их харж үздэг болчихлоо ш дээ.  
  • Эмэгтэй хүний хүч юундаа байдаг бол? Та хүчирхэг эмэгтэй мөн үү?
  • Хувь хүний мөн чанар, хүмүүжилд эр, эм гэхгүй бүх хүний хүч оршдог байх. Мөн чанар зөв, хүмүүжил зөв, сэтгэл зөв байхад хэн ч хүчирхэг байх боломжтой. Би өөрийгөө хүчирхэг эмэгтэй гэж боддог.
  • Та юуны фанат вэ?
  • Хэзээ ч уйддаггүй зүйл бол цэнгээнт бүжиг, латин бүжиг. Бүжигний фанат гэж болох юм.
  • Амьдралд хамгийн чухал хүн хоорондын харилцааны соёл дутагдах үе танд байдаг уу?
  • Байсаан. Тохиолддог. Өөрийнхөө өнцгөөс харахад хамгийн хэрэггүй, хамгийн муухай зан чанар бол уур хилэн. Харилцаанд хамгийн их хөнөөлтэй нь ч уур хилэн. Тиймээс аливаад хүлээцтэй байх нь хүнд байх ёстой хамгийн чухал соёлын нэг гэж боддог.
  • Сүүлчийн асуулт. Сайхан хүүхэн жаргадаггүй гэж нэг үг бий. Та санал нийлэх үү?
  • Санал нийлэхгүй ээ. Хүн болгонд жаргах үе байна, зовох гуних гутрах үе байна. Бид бүгд адилхан хүн учраас жаргах жаргахгүй нь сайхнаар хэмжигдэхгүй байх гэж боддог доо.

Ярилцсан М.Уранчимэг

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №126

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (43)
  • Retweet (21)
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 07-11 00:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-11 01:29
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-11 01:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-11 00:33
    Retweet (0)
  • 07-11 00:18
    Retweet (0)