Би нутгийнхаа П.Очирбат, Н.Багабанди хоёр ерөнхийлөгчийг дөрөөлөөд улс төрийг атгах байсан юм билээ
2020 оны 5 сарын 22

Шинэнсамбуугийн САЙХАНСАМБУУ

Ойрын үед сошиал медиад нэвтэрч байгаа хүмүүсээс “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу олны анхаарлыг ихэд татав. Нас хэлэлцбэл сошиалд фэйсбүүкдэж суумгүй, угаас амьдрал дээр дуу цөөтэй, олонтой хутгалддаггүй байрын түүний хаяг найзын хүсэлтэд дороо дарагдсан. Тэсэлгүй утас шүүрч ярилцлагын цаг товлолоо. “SS club” дээр Даваа гаригт очсон. Тэр өдөр Шинэ эвсэл албан ёсоор нэгдлээ олон нийтэд танилцуулах өдөр байж таарав. Бид хоёр насны зөрүү, улс төрийн туршлага харгалзахгүй ана мана ярилцав. Маргалдсаар байгаад дасна гэдэг шиг л төгсгөлд нь зан зангаа авалцан салсан байх. Хоёр хүүхдээ нэгийг нь 4, нөгөөг нь 6-р ангид хилийн чанад руу үдсэн хатуу аав. Одоо бол охин нь гялгар НИТХ-ийн төлөөлөгч, хүү нь герман школтой хуулийн салбарт ажиллаж явна. Хоолоо гэртээ иднэ, гоёж гангалахгүй, эхнэртээ насаараа буулт хийж байгаа төлөвшсөн нөхөр. Ажлын өрөө нь эмээгийн бор гэр шиг хуучны зураг сэлт, ховорхон үзэгдэх СД цуглуулгын чимэгтэй. Барьж байгаа орон сууцны хотхоныхоо голд нь эдний гэр бүлийнхэн өөрсдөө амьдардаг. Аюулгүй байдал талдаа санаа зовдоггүй юм уу, чанаргүй барилга гээд оршин суугчид дайрвал яах вэ гэж асуун алдаад больчихлоо. Тийм юмнаас айхаар байшин бариагүй юм байлгүй. Чанар гэж том том яриад яах вэ. Хийсэн хоолоо өөрөө, гэр бүлээрээ идэж, барьсан байшиндаа өөрсдөө амьдарчихвал итгэж болохоор санагдаж байна. Манай хүн их хурц яриатай. Зарим нэг хүнийг чимхэж тавиад чимхэж тавиад л. Битгий гомдоорой, манайхаан.

-Би олон хүнд орон сууц өгсөн ч хэвлэл дуудаж үзээгүй.

-Таныг сонгуульд эвсэж оролцох дөрвөн намын гол хүн гэх юм. Араас нь баадууг нь чангалж суугаа нууц ноён юм биз дээ? 

-2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших нам эвслүүд 3-р сарын 25-нд Үндэсний аудитын газар материалаа өгсөн байх ёстой. Үнэн ба зөв нам, Шинэ нам, Үндэсний ардчилсан нам, Бүгд найрамдах нам нийлээд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр хүүхдүүд явсан. Би мэддэг чаддаг, сурсан зүйлээ зөвлөөд, үгээ хэлээд сууж байна. Манайд намууд тухайн ажлаа, нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны асуудлаа сайн мэдэхгүй, үзэл бодол нь нэгдэхгүйгээс болж салж бутардаг. Дэмжигч нараараа ч сайн хүрээлүүлж чаддаггүй. Би Үнэн ба зөв намыг 2016 оны сонгуулийн дараа энэ хүүхдүүдтэй хамт байгуулсан. Гурван жил хөдөө гадаагаар  мөнгөгүйгээр яаж намын ажил хийж болдгийг энэ хугацаанд харуулж чадлаа. БНН, ҮАН, Шинэ намтай эвсэж сонгуульд орох нь зөв гэж үзэж байгаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж ярьдаг мөртлөө эвлэж өгдөггүй. Харин би энэ хэдийг эвлүүлж, эвсэж сонгуульд оруулъя гэж бодож байна. Энэ хоёр намтай өрсөлдөх хүч гарч ирэхтэй зэрэгцээд нураах, дайрах ажил эхэлсэн. Над руу ч дайрна. Би сайн мэдэж байна. Манайд улс төрийн өрсөлдөөн сүүлдээ хэрүүл, атаа жөтөө болчихдог шүү дээ. Надад дургүй хүн байна. Ж.Батзанданд дургүй хүмүүс байна. Гэхдээ дуртай хүмүүс нь олон байвал ялна. Хамгийн гол нь улс төрд зөв залуусыг зөв бэлтгэж оруулахаар би эргэлт буцалтгүй шийдсэн. Тэднийгээ сайн бэлтгэх нь миний эрхэм зорилго.

-Үнэн ба зав намын дарга А.Отгонбаатартай таныг их гар нийлдэг гэж сонсож байсан. Та хоёр хэрхэн танилцаж ажил, карьерын хамтрагчид болов?

-2012 оны сонгуульд би аль 2009 оноос хойш 3 жилийн турш Оюутолгой төслийн эсрэг дуугарснаасаа болоод нам дотроо их ганцаардсан үедээ тэдэнтэй санаа оноо нийлээгүй юм. С.Баяр зэрэг МАН-ын луйварчингуудтай үнэхээр миний үзэл бодол таараагүй. Ингээд 2012 онд намын бага хурал дээр би луйварчидтай нийлж цааш явахгүй гэж шийдээд намаасаа гарсан юм. Энэ үед анх Отгонбаатар ирээд “Олон хүнтэй, олон улс төрч, иргэний байгууллагын хүмүүстэй уулзлаа. Ер бүгд худлаа юм байна. Нарийн яриад, тулж харилцаад ирэхээр дандаа хувийн ашиг сонирхолтой хүмүүс байна. Эцэст нь тан дээр ирж байна” гэсэн.  Бид хоёрт яриагүй сэдэв байгаагүй. Тухайн үед 24 настай, үзэл бодол нь их зөв энэ хүүхдэд улс төрд чиглүүлээд өгөх хүн хэрэгтэй юм байна гэж ойлгосон. 2016 оны сонгуулиар би Завханд А.Отгонбаатар Өвөрхангайд нэр дэвшээд унасан. Сонгуулийн дараа хоёулаа ер нь нам байгуулъя гээд энэ намыг байгуулсан. Гэхдээ би намын дарга болохгүй чи бол гэсэн саналыг би Отгонбаатарт тавьсан юм.  Нам байгуулах явцдаа монголд шинээр ажил хийхэд ямар их бэрхшээл, хүнд суртал байдгийг Отгонбаатар өөрийн биеэр туулсан болохоор тэр хэрээр их чангарсан гэж үзэж байгаа. Одоо ямар ч улс төрчөөс дутахааргүй туршлага, мэдлэгтэй болсон. Манай нам эд нар шиг пиараар өөрсдийгөө магтуулж ажиллахгүй. Бид хүмүүсийн амьдралд мэдрүүлж ажиллана.

-Хүний өмнөх хоол, олсон мөнгийг тоолоод бүртгээд байдаг хүнд би үнэхээр дургүй.

-Та төдийгөөс өдий хүртэл бизнес хийлээ. Энэ хугацаанд Монголын төр бизнесийг хэрхэн дэмжиж эсвэл эсрэгээрээ хэрхэн дарж байгааг өөрийн биеээр үзэж туулсан. Ингэхэд танайх жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?

-Манай бизнесийн орчин улс төрийн болоод эдийн засгийн дарамтанд явж байгаа. Наад зах нь зээлийн дарамт байна. Үнэндээ манайд чөлөөт зах зээл байхгүй. Төлж байгаа татвар, зээлийн хүү нь дэлхийд хамгийн өндөр. Харин ашгаа улс төрчидтэй хуваалцдаг дарамтгүй бизнесмэнүүд бий. Тэднийгээ том компаниуд гэж нэрлээд байгаа л даа. Манай татвар төлөлт улирлаа дагаад янз янз. Нийт компаниудын хэмжээнд жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийг татварт өгч байгаа. Монголд бизнес эрхлэх үнэхээр төвөгтэй. Сая тэгсэн чинь зээлийн хүү буулгахын оронд зээлийн хугацааг сунгана гээд заваарсан юм гаргачихлаа. Бизнес эрхэлж байгаа эсвэл ямар нэг зээлтэй хүнд хүү нь л асуудал байдаг шүү дээ.

-Ингэхэд та хэр хандив өгдөг вэ. Нэг л баян хүмүүс бусдад юу ч өгдөггүй гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Коронагийн энэ эгзэгтэй цаг үед жишээ нь бодитой юу хийв?

-Би 1995 оноос маш их хандив тусламжийг хүмүүст өгсөн. Гэхдээ телевиз дууддагүй. Хувь хүнийхээ хувьд хариу нэхсэн тийм балай хандивыг хандивт тооцдоггүй юм. 20 хүүхдийн үүрдэг цүнх тавьчихаад телевиз дуудаад өнөөхөө гардуулах юм. Нэг телевизор өгсөн ч камертай, нөгөө хүн нь даахгүй уначих гээд. Нэг гэр барьчихаад өөрөө тотгоноос нь хадаг зүүх гэж дүүжлэгдэж  авираад уначих гээд л. Тордайн Ганболд сая нэг айлд орон сууц өгч байна. Телевизээр гарахгүй л өгчихөөч дээ. Би олон хүнд орон сууц өгсөн, телевиз дуудаж үзээгүй. Телевизээр цацсанаараа буян ихэснэ гэж байдаггүй юмаа. Би өөрийгөө хуурч бусдыг хуурч нэр хүнд олж авахгүй гэж анхнаасаа шийдсэн. Сая коронавирусын үеэр хулгайч минь чи түрээсээ буулгаач гэж байна. Би 30 хувь бууруулсан гэдгээ энд хэлчихье. Шаардлага гарвал тэрнээс ч илүү бууруулж болно.  Би 1995 онд  Нарантуулыг авсан. Тэр үеийнхээрээ түрээс нь явж байгаад монгол төгрөгийн ханш уналтаараа нэмэгдсэн болохоос би ашиг олъё гэж нэмээгүй. Захаа битүүлсэнгүй гэсэн шүүмжлэл их ирдэг. Битүүлэх болоогүй. Битүүлчихвэл Шөнийн зах, Дүнжингарав шиг түрээсээ дийлэхгүй орилолдоод хэл ам хийгээд эхэлнэ. Тэрнээс сэрэмжилж байгаа юм.

-Надад хүмүүсийн энэ сайхан худлаа ярьдаг, попордог авьяас үнэхээр дутагдаж байна.

-Та улс төрчдийг их ил цагаан шүүмжлэх юм?

-/инээв.сэтг/ Бид 1990-ээд онд бүгдээрээ адилхан тэгшхэн нэг хэв маягийн байсан улсууд. Хотын захиргаанд намайг байхад хэн нь яаж байр гуйж авч байсан, улс төр рүү хэнийг дагаж орсон гээд. Ямар гуйлгачингууд байлаа. Одоо ямар их баян гэж бодож байна. Тэгсэн мөртлөө унах машингүй орон байргүй  л гэнэ. Чи намайг эд нарыгаа шүүмжлээд байна гээд байх юм. Би ерөөсөө шүүмжлээгүй. Сая тэр казиногийн асуудал дээр тоглоогүй ээ гээд байгаа юм. Зүгээр ороод гарсан, казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ажилтай нь танилцсан гэсэн. Ном журмаараа бол казиногийн хуультай нь танилцах гэж байгаа бол их хурлын гишүүд даргаасаа удирдамж аваад тэрийгээ батлуулж ТЕГ, шүүх цагдаагийн байгууллагадаа танилцуулаад хэдэн хүн нь казинод нь байрлаад тэр улсуудтайгаа тохирчих судална биз дээ. Тэгснээс ханцуйгаа шамалчихсан малайгаа буруу харуулж тавьчихаад судалдаг асуудал байхгүй ш дээ.

Би казинод орж тоглож үзсэн. Тэтгэвэрт гарчихсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс автомат машин дээр голцуу тоглодог. Аз таарвал цөөхөн хэдэн доллар хождог. Тэр рулет, покерыг арай бийлэгжүү хүмүүс тоглодог. Саяны нөхдүүд рулет дээр очсон байна. Тэнд хүн хэзээ ч цалингаараа тоглож дийлэхгүй. Жишээ нь Зукерберг тоглоод явж байна уу? Хэрэв тогловол зураг нь дарагдана аа даа. Манай Лүндээжанцангийн тоглосон рулетэн дээр дор хаяж 1000 доллараар тоглодог. Зөвхөн энд л худлаа яриад байгаа юм биш. Би улс төрчдийг сүүлийн 30 жил хууран мэхлэх бодлогоор энэ улсыг хөөтэй тогоо үүрүүлсэн улсууд гэж тодорхойлсон. Энэ үгийг бүр өөрөө зохиосон юм, би. Би чамд ганцхан жишээ хэлье. Манайх жишээ нь Этиоп гэдэг Африкийн улсаас долоон дор байна. Энэ улс юу ярьж байна гэхлээр бид ядуугаа мэднэ. Гэхдээ бид өөрсдийн хөрөнгөөр таван тэрбум америк долараар Нил мөрөн дээр усан цахилгаан станц барьж байна гэнэ. Хөрөнгөө яаж босгосон бэ гэхлээр төрийн албан хаагчдийнхаа цалинг танасан. Улсаа  хөгжүүлье гэж зүрх нь цохилдог цус нь гүйдэг сэтгэлтэй улсууд ажлыг ингэж хийдэг юм байна.

-Та их хурлын гишүүн байж үзсэн. Улс төрч болсон чинь яадаг юм байна. Танд ч бас худлаа ярьсан, худлаа яримаар мэдрэмж төрж байв уу. Та өөрийнхөө улс төрд байсан тэр он жилүүддээ ямар дүн тавих вэ?

-Надад хүмүүсийн энэ сайхан худлаа ярьдаг, попордог авьяас үнэхээр дутагдаж байна.

-Би өөртөө онц дүн тавина. 2009 оны намрын чуулган эхлээд л Оюутолгойг хэлэлцэж эхэлсэн. Тэрнээс хойш би бүтэн гурван жил эсрэг дуугараад бараагүй. Үнэхээр ганцаардсан. Би эхлээд Эрдэнэтийн жишгээр хйигээч ээ гэж хэлсэн. Сүүлдээ хахууль авчихсан учраас заавал Эрдэнэт шиг хийх албагүй юм байна гэдгийг нь ойлгосон. Хахууль авсан мөнгөө та нар тэр оффшорт хийж байж наадахаа хий гэхэд оффшор гэж юу юм гэж намайг хүмүүс шоолж байсан. Би нууц данс л гэдэг юм, хэзээ нэгэн цагт илэрдэг аюултай эд дээ гэж улаан цайм хэлсэн, номоороо болсон. Оюутолгойн гэрээг хамгийн их янзалж өөрчилсөн хүн бол их хурлын дарга Дэмбэрэлийг гэж боддог. Бүх хуулийг нь засаж, бэлдэж өгсөн. Нямка бас энэ асуудалд оролцсон.

Нямка чинь бүх хуулийг мэдэж байдаг хүн. Тэгээд Энхбаяр Нямдорж нар зөрчилдөөд ашиг сонирхол нийцэхгүй болохоор хоорондоо муудалцаж байна. Их хуралд байхад миний хийсэн хамгийн том ажил гэвэл “Урт нэртэй” хууль. Намайг гишүүн болоход бууддаг Мөнхбаяр энэ хуулийн төслийг хйичихсэн гээд орж ирээд. Таны нэр дээр өргөн барьж өөрчилмөөр байна гэж надтай ярьж байгаад хийсэн хууль. Бат-Эрдэнэ хийсэн гэж ярьдаг юм. Үнэндээ бол долоон гишүүн оролцож энэ хуулийг 10 оны гурван сард баталсан. Тэрний хүчинд энэ Ноён уул өнөөдөр сүндэрлээд байж байгаа юм. Би бас Эрүүгийн том хууль санаачилж байхад нас бардаг Чимэд гуай “Чи одоо эрүүгийн хууль санаачилдаг болоо юу” гэж даапаалж байсан. Би тэгдэг болсон гэж хариулж байсан. Чимэд гуай намайг сүүлдээ ойлгосон. Бямбасүрэн гэж хүн 1990 онд одоо хорьдугаар тогтоол гэж гаргаад Монгол төгрөгийг цаас болгосныг мэдэх үү чи? Одоо Чингис хааны одон зүүчихсэн шударга хүн болоод телевизээр гараад байх юм. Хамгийн аюултай зүйлийг хийсэн хүмүүс халзан Ганболд энэ хоёр. Хоёрхон жил ажиллаад  буухдаа Бямбасүрэн ард түмнээс “Буурал Мянгуужин” гэдэг цол авсан.  Тэгээд өнөөдөр мундаг хүн гээд байх юм. Энэ мэтчилэн өнгөрсөнд их буу тавьчихаад өнөөдөр цэцэн мэргэнээрээ дуудуулж яваа олон хүн байна. Би тэрийг нь л ил шулуун хэлсэн юм.

-Та С.Баярын гаргасан номыг уншсан уу?

-Би уншихгүй. Тийм хогийн ном уншиж байсан дор өөр адал явдалтай зохиол уншсан нь дээр.

-Та уншаагүй байж яагаад хогийн гэж байгаа юм?

-Би цуг ажиллаж байсан юм чинь Баярыг мэдэлгүй яадаг юм. Тэгээд ч тэрний юуг нь унших юм. Монголын хамаг баялгыг гадагш нь яаж зарснаа бичиж байгаа юмуу. Оюутолгойг зарснаа бичиж үү? Шоронд зодуулсан талаараа бичсэн байна уу?

-Одоогийн ерөнхийлөгч Баттулгын охин Намуун манай охин Эрдэнэтуяа хоёр Сингапурт нэг айлд хамт амьдарч байсан, нэг багшийн шавь нар

-Үгүй ээ. За энэ сэдвийг хаалаа. Таны охин улс төрд явж байгаа. Та охиндоо ямар дүн тавих вэ? Анх улс төрд ороход хэрхэн хүлээж авч байв?

-Миний охин 6-р ангид байхдаа Сингапур явж дунд сургуулийнхаа боловсролыг олж авсан. Одоогийн ерөнхийлөгч Баттулгын охин Намуун манай охин Эрдэнэтуяа хоёр Сингапурт нэг айлд хамт амьдарч байсан, нэг багшийн шавь нар. Сингад сурч байхдаа Харвард, Оксфорд хоёрт суралцах болзолд тэнцсэн байсан. Эхнэр маань Харвард нь дэндүү хол, дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд юм байна. Оксфорд ядахдаа нэг онгоцоор яваад оччихно гээд. Оксфорд төгссөн хүүхэд манай Эрдэнэтуулаас өөр байхгүй байх. Би хүүхдээ төрийн мөнгөөр сургаагүй. Улсад татвараа төлөөд өөрт үлдсэн цэвэр ашгийнхаа мөнгөөр таван жил сургаж монголд бэлдэж өгсөн боловсон хүчин. Сургуулийнхаа амралтаар нэг зун ирэхдээ 99 онд МАХН-д элссэн байна лээ.

Гадаад яам, Голомт банкинд ажилласан. НАМЗХ-д ажиллаж байгаад нийслэлийн намын хорооны гишүүн болж Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа нь тэр л дээ. Тэр үедээ надад хэлээгүй, өөрөө бие дааж шийдсэн. Би үргэлж хажууд нь байх биш. Эцэг нь юм байна ерөнхий цар хүрээг нь харна. Тэгээд алдаагүй ажиллаад байгаа юм чинь би яахав. Мэдээж алдах юм бол наадах чинь биш шүү гэж хэлнэ. Би хүүхдүүдээ шуналтай сувдаг сэтгэлтэй болгож өсгөөгүй. Боловсролын сайныг өөрийнхөө хөрөнгөөр эзэмшүүлсэн. МАН-д байхгүй боловсон хүчин л дээ. Одоо энэ Их хуралд сууж байгаа эмэгтэйчүүдийг дахиж сонгохгүй гэж байна шүү дээ, олон нийт. Манай хүүхэд  эд нарын дэргэд шал өөр үзэл бодол, сэтгэхүйтэй хүн. Ямар нэгэн идэж уусан асуудал алга. Төрөөс завшсан, хулгайсан зүйл байхгүй нэр цэвэр байна. Нам нь өөрийнхөө нэг суудлыг бодож байгаа бол энэ мэт залуусыг явуулах л байх. Манай хүүхэд бол өөрөө дэвшихгүй бодолтой байгаа юм шиг байна лээ. Тэгээд ч тусдаа гарсан хүүхэдтэй тэр бүр асуудалд нь оролцоод байдаггүй.

-Одоогийн ерөнхийлөгч Баттулгын охин Намуун манай охин Эрдэнэтуяа хоёр Сингапурт нэг айлд хамт амьдарч байсан, нэг багшийн шавь нар

-Таны хүү юу хийж байна? Нэг хэсэг сенсааци тарьдаг байснаа сүүлдээ томоожив бололтой. Хүүхэд томрох сайхан юмаа, тийм үү?

- Хүүгээ дөрөвдүгээр ангид байхад нь Германд явуулсан юм. Унаган Герман хэлтэй дунд сургуулиа төгсөж ирээд энд хуулийн сургууль төгссөн. Манай хүү одоо хуулийн байгууллагад байдаг. Хип хоп сонирхдог хүүхдүүдтэй нийлдэг байхад нь нэг хэсэг хэлмэгдүүлэх гэж үзсэн. Намайг оролдох юм байхгүй болохоор хоёр хүүхэд рүү маань хэсэг дайрсан хэрэг л дээ. Хүүхдүүдээ багаас нь гадагш нь явуулаад биеийг нь даалгаад сургачихсан маань оносон. Сайн боловсон хүчин болгохын тулд  миний зүгээс зардал өндөр төлсөн. 

 

-Та сонгуулиар мөнгө тарааж байсан уу?

-Би сонгуульд өөрөөсөө мөнгө гаргаад өөрийгөө санхүүжүүлж оролцсон.

-Хүмүүст тараасан гэсэн үг үү?

-Тэр үед болдоггүй байсан юм. Хориотой байсан.

-Одоо болдог болчихсон юмуу?

-Одоо бүр цагаандаа гарсан. Чи сая хуулиараа хийчихсэн байгааг хараагүй юм уу?

-Үгүй яаж?

-Долоон зуун хэдэн сая төгрөг хүртэл гаргаж болно гээд заачихлаа. Гол нь дээд хязгаарыг нь заагаад өгчихлөө. Ойлгож байна уу? Ийм хэмжээний зардлыг намууд гаргаж болно гэсэн байна. Хувь хүн бол гурван зуун хэдэн сая билүү, дээд хязгаар нь тийм хэмжээний мөнгө гаргаж болно гэж байна. Хуулиар хорихгүй байна.

-Нэр дэвшигчид хандиваар зардлаа босгодог бололтой. Та бусдаас хандив гуйж байв уу?

-Үгүй. Надад хүн мөнгө өгөх ч үгүй ш дээ. Одоо энэ гурван зуун хэдэн сая төгрөгийг өөрөөсөө гаргах цөөхөн хэдэн хүн бий. Тэд хувиасаа гаргахгүй найз нөхдөдөө худлаа ярина. Тийм төсөл ийм төсөл олж өгнө гэдэг ч юмуу. Нэг тийм арга бий. Хоёрт нь нам нь дэмжлэг үзүүлж магадгүй. Энэ Тавантолгой,  Эрдэнэт энэ тэрээс сайн тууна шүү дээ намууд. АН байхдаа ч тууж байсан МАН байхдаа ч тууж байсан. Ер нь нар сар шиг нааддаг хоёр доо наадуул чинь.

-Та улс төрд үзэхдээ өөрөө мөнгөө гаргаад яваад байж. Ер нь би яагаад эд нар шиг байж болдоггүй юм гэсэн бодол төрж байсан уу. Боломжийг ашиглаагүй хүнийг одоо ямар ч гэмээр юм?

-Угаасаа төрийн, улсын, олон нийтийн мөнгө рүү гараа дүрнэ гэдэг чинь нүгэл. Одоо Их хуралд өвчтэй зовлонтой, мэдрэл муутай хүүхэдтэй, гэр бүл нь тогтворгүй, хүүхдүүд нь хар тамхи янз бүрийн асуудалд орчихсон хүмүүс олон байна. Тэрбумтнуудын зовлон гээд нэвтрүүлэг энэ Блүүмбергээр яваад байна аа даа. Эд бүгд зовлонтой. Тэгсэн мөртлөө нүгэл хйигээд албан тушаал, энэ гишүүн болохоор гоё юм байна гээд улам дайраад байх юм.

-Та ч гэсэн тэрбумтан мөн үү. Тэр яриад байгаа хүмүүс шигээ зовохгүй амьдарч байгаагийн шалтгаан нь юу юм, тэгвэл?

-Мөн байлгүй яахав. Ер нь өөрөө зовж олсон мөнгөө хүн хамаагүй үрдэггүй л дээ. Харин сул ороод ирсэн, ганц гарын үсгээр ороод ирсэн мөнгийг яаж ч цацаж болдог. Ийм жишээ зөндөө бий. Би Шарктанк гэж нэвтрүүлгийг хардаггүй байсан саяхан нэг харсан чинь тэр хэдэн нөхдүүд хүний санаа, хөдөлмөрийг сайхан дээрэмдэж байна аа. Хүний бизнестэй танилцаад дараа нь зээл өгч байгаа нэрийн дор би төдөн хувийг чинь авна гэх юм. Тэгж хүний санаа хөдөлмөрийг дээрэмдэж болохгүй шүү дээ. Энэ яаж дэмжлэг байх юм. Гадаадын яг ийм нэвтрүүлэг байдаг. Гэхдээ хувийг чинь авна гэдэггүй. Тэр шарк гээд байгаа хүмүүс ямар юмных нь бизнесмэн байх вэ дээ. Дандаа мэдээлэлд ойрхон, нөлөөтэй, улс төрчдөд ойр хамт хулгай хийдэг хүмүүс биз дээ. Миний хувьд 14 настайдаа анх ажил хийж үр шимийг нь хүртэж байсан. Өгөөжийн урд байдаг хүнсний районы 70-р дэлгүүрт сарын 260 төгрөгийн цалинтай ачигчийн ажил хийдэг байлаа. Тэр үед 260 төгрөг гэдэг маш их мөнгө. Зуны амралтаараа хийсэн тэр ажлын цалингаар жилийн бүх хэрэглээгээ авч байлаа. Багаасаа ажил хийхээр мөнгө олдог, мөнгөөр өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлийг хийж, авч болдог гэдгийг мэдэрчихсэн хүн л дээ. Мөнгө намайг эвдээгүй ээ. Гэнэт баяжсан хүмүүс л эвдрээд байх шиг байна. Гэнэт баяжсан хүмүүс баярхаж сагаж, онгирч зиндаархаж, нэгнээсээ илүү гарах гэж үхэн хатан гүйж байгаа биз дээ. Мөнгийг яаж зовж зүтгэж байж олдгийг тэд мэдрээгүй болохоор л тэр. Мөнгө зүгээр л хэрэглээ. Мөнгөнд ямар нэг ид шид байхгүй. Идэж уух, өмсөж зүүхэд мөнгө хэрэгтэй  болохоос амьдралыг бүхэлд нь мөнгө шийдэхгүй шүү дээ. Би “Ямар их мөнгө вэ” гэж дуу алдмаар их мөнгийг мөнгөний хэвлэх үйлдвэрт л харж байсан. Бизнес эрхлэгчдийн мөнгө бол яах вэ. Орж гарч байдаг. Миний хэрэглээ цомхон. Би тансаглаад мөнгө цацаад байдаг хүн биш. Өдрийн хоолоо гэртээ идчихнэ. Ресторан энэ тэрд хааяа ажлын шугамаар орно. Үнэтэй хөөрөг, сонирходоггүй. Нөгөө Жагаагийн хэлснээр “Нэг чулуу өвөртөлчихөөд, солироод бай” гэдэг шиг тэрийг тоодог ч үгүй. Манайхан хөөргийг хөрөнгө гэдэг. Би бол тэгж хардаггүй.

-Эхнэртээ насаараа л буулт хийж байна. Ер нь явж явж эхнэрийн л зөв байдаг шүү дээ.

-Таны хобби юу вэ. Морь уядаг уу, ан хийх үү?

-Аль алинд нь сонирхолгүй. Залуу байхдаа машин техникт сонирхолтой байлаа. 70-80 оны рок поп хөгжмийг сонирхдог байсан. Одоо энэ залуусын хип хоп урсгалыг хааяа сонирхоод сонсож байна. Монгол залуусыг гадны хип хоп залуустай харьцуулж хардаг юм. Зарим нь ч гайгүй байна. Зарим нь хар тамхи энэ тэр болоод явчих юм. Ер нь татаж байна л даа, тэд. Ингээд явчихаар тэднийг хэн харж сонсох вэ дээ. Хар залуугаараа насгүй болж байгаа, аюултай нь. Тогтсон сайхан амьдрал ч байхгүй болно.  

-Таны амьдралын зарчим юу вэ?

-Өөрийнхөө юманд сэтгэл хангалуун байх л шүү дээ. Тэрнээс биш хүний өмнөх хоол, олсон мөнгийг тоолоод бүртгээд байдаг хүнд би үнэхээр дургүй. Хүн хүний амьдралын хувь хэмжээ өөр. Цаанаас оноосон байдаг гэж боддог.

-Танд дутагддаг авьяас юу вэ?

-Надад хүмүүсийн энэ сайхан худлаа ярьдаг, попордог авьяас үнэхээр дутагдаж байна. Үүнийг чаддаг байсан бол мөн ч их зүйл хийх байж дээ гэж заримдаа бодох юм. П.Очирбат Ерөнхийлөгч асан манай нутгийнх. Н.Багабанди Ерөнхийлөгч асан бид хоёр хөрш сумдын хүмүүс. Би энэ хоёр хүнийг нутгийн ах гээд дагаж гүйсэн бол аль хэдийнэ энэ хэдэн попууд шиг болчих байсан байх. Намын дарга, Их хурлын дарга, Ерөнхий сайд гээд явах байсан байх. Надад мөнгө байна, нэр төр ч байна. Энэ хоёр хүнийг дагаж гүйх боломж ч байлаа. Магадгүй энэ хоёрын адил Ерөнхийлөгч ч болох байсан байх. Харин би тэгээгүй. Надад тийм авьяас байхгүй юм билээ. 2012 онд би энэ улс төрд байгаа хэдэн гаруудад зай тавьж өгснөө буруудчихлаа гэж боддог. Тэр үед үзэлцээд алалцаад явах байсан юм. Бас би улс төрд арай л орой орчихсон санагддаг. Нутгийнхаа хоёр ерөнхийлөгч дээр дөрөөлөөд улс төрийг атгах ёстой байсан юм билээ.

-Ингэхэд та гэргийнхээ тухай яриач. Тэрбумтнуудын эхнэрүүдээс нэлээн өөр, олны нүднээс далд, даруухан амьдралыг эрхэмлэдэг хүн бололтой юм. Анх хэрхэн ханиа сонгож байв?

-Мөнгөтэй хүний эхнэр гээд солиорвол солиорно шүү дээ. Манай хүнд тийм зан байхгүй. Бид ханилаад 41 жил болж байна. Бид хоёр нэг ангид сурч байсан. Өдөр бүр хамт байгаа юм чинь хэн нь хэн бэ гэдгээ харилцан таньж мэдэж байсан байх. Их даруухан, онц сурдаг, зан ааш, мэдээж царай зүс гээд бүх зүйл нь надад таалагдсан байж таараа. Эхнэртээ насаараа л буулт хийж байна. Бид хоёр нэг нэгнээсээ зөрөөд байдаггүй. Ер нь тэгээд явж явж эхнэрийн л зөв байдаг ш дээ. Хааяа нэг зөрчихөөр буруутчихсан л байдаг юм. Амьдралд тэрэн шиг баталгаатай зүйл алга.

-Эхнэрээ ингэж эрхлүүлэх ёстой, тэгж элбэг хангалуун амьдруулах хэрэгтэй гээд зарим хүмүүс ярьдаг. Та санал нийлэх үү?

-Наадах чинь нөгөө амар аргаар, гарын үсгээр мөнгө олдог хүмүүсийн хэлдэг үг, хандлага байна. Бид хоёр шиг амьдралаа тэгээс эхэлсэн, эгэл жирийн ажил мэргэжлээр амьдарч явсан хүмүүсийн үзэл биш байна. Бид хоёр хоёулаа барилгын сантехникч, инженер мэргэжилтэй. Ийм мэргэжил, ажлаас л амьдралаа эхлүүлж байлаа шүү дээ.  

-Танд амьдралдаа харамсаж явдаг зүйл байдаг уу?

-Байлгүй яахав. Монголын боловсролын салбарт юм хийгээгүйдээ би харамсдаг. Манай түүх хэдхэн хүний зохиол, монгол бичиг мэддэг хэдхэн хүнээр л хэмжигдэж байна. Бид нийтээрээ монгол бичгээ мэдэхгүй учраас түүхээ сайн мэдэхгүй байна. Түүхээ сайн ойлгоод мэдчихвэл монголчуудын хүмүүжил өөрөө сайжраад явчих юм билээ. Зөвхөн монгол зүйр цэцэн үгсийг аваад үзэхэд тэр чигтээ хүмүүжлийн ухаан явж байдаг. Би ач нартаа нэг зүйр цэцэн үг хэлэхээр улам лавлаж асуугаад утгыг нь ухаад байдаг. Хүүхдүүдийг 6, 7 насанд нь зүйр цэцэн үг заачихвал хүмүүжилд нь асар ихээр нөлөөлнө дөө.

Танд баярлалаа.

Ярилцсан У.Цахирмаа  

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №129

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 21:34
    Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 06-02 20:53
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 22:05
    Retweet (3)
  • 06-02 21:09
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)