Наранцацралтын СОЁМБО:Их багадаа амьдрал үзчихсэн болохоор тэр үү, брэнд, тансаглал мэт нь сонирхол татдаггүй
2020 оны 5 сарын 20

Жинхэнэ орчин цагийн монгол эр хүн...Түүнтэй ярилцсаны дараа өөрийн эрхгүй ийм бодол орж ирсэн. Улам бүр даяаршиж, улам бүр зүг чигээ алдаж, улам бүр өөрийн гэсэн соёлын үнэт зүйлгүй болж буй энэ цагт түүний насныхан зөвхөн ийм байхад л сэтгэл ханаж болох билээ. Гэвч тэр доторхыг нь уудалж харж чадвал нандин болоод их зүйл агуулсан арслантай авдар л гэсэн үг аж. Монголын хорь дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралтын хүү тэрээр арван хэдхэн насандаа заяаны ханиа анхны харцаар таньсан, хорь гаруйхан насандаа аавыгаа алдажтом ген, том том алдрыг дааж, гэр бүлээ авч явах том ачыг үүрсэн, гуч гаруйхан насандаа Буддын гүн ухаанд шимтэж, бусдын төлөө амьдрах нь жинхэнэ дээд зиндааны амьдрал гэдгийг таньж мэдсэн гээд олон даацтай зүйлс өнөөдрийн Н.Соёмбыг бүтээжээ. Гэргий нь гэж инээд цацруулсан, язгуурын гоё гэрэлтэй Р.Норовренчин хэмээх бүсгүй байдгийг энд заавал дурдмаар санагдав. Гэр хорооллын эгэл жирийн айлын божгор бор хөвгүүн нэг л өдөр Ерөнхий сайдын хүү болж, ангийн хөвгүүд аавынх нь зурагтай плакатыг барьж гүйхэд ичингүйрэх мэдрэмж түүнийх. Огт танихгүй хүн толгойг нь илж өхөөрдөх, элдэв хүлээн авалтанд ёслолын хувцастай цомцойн, тоглож наадаж явах хүүхэд насаа том хүндлэлд батлуулсан дурсамж ч түүнийх. Сайдын хүү байх их хувь заяа л даа. Тэр тусмаа таримал биш төрмөл сайд аавтай байна гэдэг хэн бүхэнд заяахгүй тавилан. Гэвч тэр энэ бүхэнд хөл алдаж, дасан зохицохын оронд байдаг л зүйл мэтээр бараг тээршааж хүлээж авсан нь багадаа л том амьтан байсныг нь илтгэх. Чухам том учраас л тэр өнөөгийн нийгмийн төөрөгдөл, хэт баярхал, тансаглалаас хол амьдардаг. Ёстой тоож ч хардаггүй юм уу даа. Энэ бол том хүний хүү болж төрөхөөс ч том хувь төөрөг, том өгөгдөл билээ л. Түүнтэй ярилцлсанаараа ийм өег мэдрэмж авсан би гэдэг хүн 2013 оны Хүмүүнлэгийн салбарын Гранд Мэнээр Н.Соёмбо өргөмжлөгдсөнийг санахдаа нэг их ялалт байгуулчихсан баатар эр шиг бахархах сэтгэлээр хөтлөгдсөнийг яана. Нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлэх уриатай Гранд Авардс ёслолын ажиллагаа минь чухам ийм л улсад талархал, хүндэтгэл үзүүлэх зорилготой учраас тэр. "Наранцацралт" сангийнхаа хүрээнд мөн ч олон буянтай үйл хийдгийг нь энд нуршаад илүүц. Угаас тэр магтуулахын тулд, үнэлэгдэхийн тулд энэ ажлыг хийдэггүйгээ ярьж байсан.

-Таныг Ж.Наранцацралт агсаны хүү, том хүний үргэлжлэл, тэр хүнийг тэнгэрт хальснаар ямар орон зай хоосорч үлдсэн тухай би асуумааргүй байна. Тэртэй тэргүй төрийн том түшээ, агуу их хувь хүн байсан чиний аав бүү хэл эгэл жирийн ч гэлээ эцэг хүн үгүй болно гэдэг тэнгэр нурахтай адилыг би мэднэ. Ж.Наранцацралтын хүү гэх тодотгол танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Нэгэнтээ Т.Бат-Оргил ах, Н.Сувдын хүү гэх шошго дарамттай санагддаг гэж байсныг санаад ингэж асуумаар санагдлаа л даа.
-Том, агуу гэдэг өөрөө эгэлийн тухай ойлголт гэж би боддог. Юу гэх юм бэ дээ, ерөнхий сайд төрдөггүй байхгүй юу. Төрөлхийн ерөнхий сайд гэж байхгүй. Харин төрөлхийн сайхан сэтгэл, зөв хандлага гэж байдаг байх. Сүүлийн үед IQ биш EQ илүү чухал гэж яриад эхэлчихлээ. Би аавыгаа юун түрүүн хүн байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл EQ өндөртэй, зөвхөн ажлаа хийдэг, тэр нь дандаа зөв байсан учраас олноороо хүрээлүүлж, хүлээн зөвшөөрүүлж ерөнхий сайд болсон. Аавыг минь ерөнхий сайдаар сонгогдож байх тэр үед би жаахан байсан л даа, Одоо хүмүүсийн ярианаас сонсоход хэн хамгийн их ажил хийсэн, хэнд итгэж болох вэ гэдэг шалгуураар сонголт хийгдсэн байдаг. Нэг ёсондоо өнөөгийн жишгээр төрийн өндөр албанд очоогүй гэх үү дээ. Өөд болоход нь Долгорын Нямаа, Пунцагийн Бадарч, Цоодолын Хулан тэргүүтэй найрагч нөхөд нь хөшөөнийх нь чулуун дээр “Говийн хишиг, хүний жишиг, Монгол төрийн түшээ Нарны ханхүү” гэж бичсэн. Энэ нь л надад бахархах сэтгэл төрүүлдэг дээ. Аавын минь нэр төртэй амьдарсан он жилүүд бидэнд үлдээсэн магад хамгийн том баялаг ч байж болно. Энэ баялагийг бид бас л нэр төртэй үргэлжлүүлж авч явах ёстой.

-Ерөнхий сайдын хүү байсан үеэ, Их Тэнгэр дэхь амьдралаа дурсаач?
-Ерөнхий сайдын хүүд найз нөхөд ч байдаггүй юм ш дээ. Яг тэр үеэр сургууль шилжиж таарсан үеийг хэлэх үү, Их Тэнгэрт тоглох хүүхэд байхгүй. “Титаник” дээр гол дүрийн бүсгүйд хүсэхгүй байхад нь тансаг хувцас өмсүүлж, дээдсийн албархуу ёслолд шахаж шаарддагтай адил мэдрэмж аавд минь төрж байсан болов уу гэж одоо бодогддог юм. Мэдээж тойрон хүрээлэгчид бол их байсан байх л даа. Гэтэл найз нөхөд, анд нөхөр гэдэг их том ойлголт шүү дээ. Эргэн тойрон хуурамч инээмсэглэл тодруулсан дүр эсгэгчид дүүрэн байх тэр мэдрэмж гээд бодохгүй юу.


-Тэр хүн танд юу үлдээсэн бэ?
-Үлдээсэн хамгийн том баялаг нь нэр төртэй амьдрал. Тэгээд хэдэн үг үлдээсэн. Аавд нь ёстой далай шиг их тэвчээр байнаа. Миний тэвчээрийг хэн ч дуусгахгүй ээ, энэ байхад болно доо гэж. Одоо эргээд бодоход энэ үгэнд аавын минь амьдрал багтаж байсан санагддаг. Хүмүүсийн хамгийн том асуудал бол тэвчээр алдах л юм байна гэдгийг хожим гуч гарсан хойноо ойлгож байгаа юм. Би, би, би-д хамаатай юм бүхэн болж байвал бусад нь хамаагүй гэдэг хувийн эрх ашгаа хэт дээдэлсэн эго үзэл, аливаад тэвчээр алддаг хатгүй сэтгэл л бүх  ёс бус гэж болохоор хүн чанаргүй үйлдлийн шалтгаан болдог юм биш үү.
Чи итгэхгүй ч байж болно, манайх яг гишүүний цалингаар амьдардаг гэр бүл байсан юм. Миний бага нас гэхэд гэр хороололд өнгөрсөн. Одооны ерөнхий сайдын хүүхэд гэр хороололд өсөх үү? Үгүй л болов уу. Ийм доороос гарч ирэх чинь бас сонин л юм билээ. Зарим нь, өө, энэ чинь тэрний хүү ш дээ гэнэ. Би гэтэл тэгж хэлүүлэх дургүй. Пөөх, чи ямар аймаар ийм юм, цувдайн бууз, хуушуур иддэг юм уу гэх мэтээр бага насанд бол ичмээр, санаа зовмоор юм их хэлнэ.
-Та уг нь залуу хүн, бас ч гэж баян айлын бандгар хүү байх нөхцөл, боломж чамд байсан, байсаар ч байгаа. Гэтэл чи огт эсрэг дүрийн баатар. Энэ шашнаас чамд ирсэн гялбаа юу эсвэл аав болоод удам судрын гялбаа юу?
-Яг бодож байгаагүй юм байнаа. Генийн юм байж магад. Бага нас эгэл боргил гэр хороолод өнгөрсөн, дээр нь их багадаа юм үзчихээр одооны юмс сонин санагддаггүй нь нууц биш. Брэнд биш хүмүүс брэндээр аймаар гангардаг. Хувь хүн, мөн чанар нь брэнд биш байж брэнд өмсөж байж брэнд болно гэж байхгүй л дээ. Хар ярианы хэллэгээр бол ёстой тасарчихсан баян солонгос ах нар байна. Гэхдээ Мүүнийхэн биш шүү /инээв/. Тэднийг энгийн нүдээр харахад энэ хэн бэ л гэмээр. Гэтэл жинхэнэ баячууд, жинхэнэ томчууд тэд байдаг. Насаараа хөдөлмөрлөөд хийдгээ хийчихсэн.

Гуйлгачин ч байж үзсэн, тэрбумтан ч байж үзсэн. П.Бадарч гуай цагаан үсэн дээрээ нэг сонин малгай өмсчихсөн явах нь брэнд. Со /Д.Сосорбарам.сурв/ ахыг ямар үнэтэй торгоор дээл хийлгэв гэж хэн ч асуухгүй, дурын торгоор хийсэн дээлтэй Со өөрөө брэнд. Энэ мэтээс энгийн байна гэдэг ямар их агуу чанар болохыг харж болохоор. Манайхан гэтэл чиний зүүсэн LV-гийн алчуурыг харна уу гэхээс энэ хүн юу хийж, бүтээсэн нь сонин биш болчихоод байна л даа. Энэ гэхдээ туулах ёстой зам ч байж мэднэ. Миний л хувьд лав брэнд, мрэнд, ямар ч утгагүй тансаглал энэ тэрийг тоохоо больчихсон юм билээ. Заримдаа шүүмжлэл авна. Жаахан ч болов гангал энэ тэр гэсэн attack ялангуяа эхнэрийн талаас ирнэ ээ/инээв/. Бүгд л үхэхээс хойш өнөөдөр ганган явах нь чухал уу, эрүүл явах нь чухал уу гэдэг бодол орж ирнэ. Байраа эхлээд авах ёстой болохоос шуба авах нь чухал биш биз дээ гэх мэт юм бодоод байхаар хүн хүссэн хүсээгүй энгийн байх тэр л цэг дээр очиж зогсоно шүү. Магадгүй миний энэ хандлага багадаа юм үзсэнээс болсон байж болох юм.
-Багадаа юм үзсэн гэдэг нь аавынхаа өөд болсныг яриад байна уу?

-Аав өөд болдог нь харьцангуй том болсон үеийн явдал лдаа. Бидний бага нас ёстой үймээн давалгаатай үед өнгөрсөн биз дээ. Жинхэнэ картын бараа гэгчийг үзлээ, өлсөж үзлээ. Дөрвөн ам бүлтэй айлд долоо хоногт 2 талх өгдөг байлуу даа, тэрийг нь оочерлож авна. Гурван настайгаасаа л би төмс шарж эхэлсэн. Өлссөндөө тэр л дээ /инээв/. Одоо хоол сайн хийдэг маань чухам энэ төмстэй холбоотой байх гэж боддог юм. Зуны амралтаараа хөдөө явна. Жинэхэн эгэл боргил амьдрал тэнд л буцална ш дээ. Гэтэл нэг л өдөр Ерөнхий сайдын хүүхэд болчихоор чинь энэ хоёр туйлын зааг ялгааг их сайн харьцуулж харах чадвартай болчихдог юм шиг санагддаг. Тэгээд явж байснаа аавгүй боллоо. Бүх хариуцлага толгой дээр ирсэн. Яг энэ үед Соёмбо ганган байх нь чухал уу, гэр бүлээ авч явах нь чухал уу гэдэг асуудал гарч ирдэг юм билээ. Гэхдээ атаархаж байгаа ч юм биш, зарим улс зөвхөн ганган байснаараа, брэнд өмссөнөөрөө их олон ажил бүтээгээд яваад байна. Нүд гэдэг хурдан хууртдаг эд л дээ, тийм ээ. Надад ийм чадвар бол заяагаагүй юм билээ.
-Бидний амьдарч буй нийгэм нэг л тийм саармаг, ядахдаа л гэр бүлийн үнэт зүйлгүй, ер шулуухан хэлэхэд монгол гэх тодотголтой соёл, соёлын стандартгүй болчихсон юм шиг санагддаг. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падгүй ч гэх шиг эсвэл нэг хүн хоёр, гурван хүүхэн, авгайтай байхыг баян юм чинь чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг ч юм уу. Үүнийг нь бичсэний төлөө манай сэтгүүл гэхэд ямар их дайралтанд өртөж байсан ч гэхэв. Заримдаа ч би хэт төгс нийгмийн байгуулал, бүтцийг төсөөлж, хүсээд байна уу гэж өөртөө ч эргэлзэх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг чинь сонин байна?
-Бид маш их төөрч байгааг мэдэх үү? Бид дуураймал, муу хуулбар болчихоод байна. Барууны орнууд хүүхдийг эхийн сүүгээр хооллох ёстой гэдгийг тун саяхнаас ойлгосон. Сүүлд паалантай жорлонд суухдаа модон жорлонд юм уу, хөдөө хээр сууж байгаа юм шиг бие засах нь хүний биед хэрэгтэй гэдгийг дөнгөж сая ойлгоод, сурталчилж байна. Энэ мэтчилэн Монголын буюу дорнын соёлд байдаг эх хүүхдийн хүйн холбоо, газар усыг амьдчилж ойлгох изотерк шинжлэх ухааныг гарган ирж дорнын соёлыг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл дорныхон дунд том нөлөөтэй байсан монгол соёл хаачив. Ерэн оноос хойш том гүрнүүдийн нөлөө махны машин шиг ажиллаад бид өөрт байдаг үнэт зүйлсээ алдаад байна. Оросын нөлөө, Америкийн нөлөө, одоо Солонгосын соёлын нөлөө, энэ дунд монгол гэх юмгүй болчих гээд байна. Түүнээс гадна манайд spiritual лидерийн орон зай дутагдаж байна гэж би хувьдаа хардаг. Ромын пап ч юм уу эсвэл Махатама Ганди шиг лидер байх хэрэгтэй. Манайд яг ийм лидер дөнгөж Монголын иргэн болчихоод таалал болчихлоо. Далай багш байгаа учраас Төвд орон, төвд соёл байсаар байна. Ийм лидер байхын тулд ёс зүйн хэм хэмжээг ягштал мөрдөх, тэгснээрээ идеал болох боломжтой болно.

-Тэгвэл ёс зүй, ёс суртахуун гэж юу вэ?  
Далай багшаас иш татчих уу? Ес зүйг шашны болон шашны бус гэж хоёр хувааж болно гэж үзсэн байдаг. Шашны ёс зүй гэж том тугийн дор ямар нэгэн хууль дүрэм, ял шийтгэлгүйгээр хүн төрөлхтөн зөв амьдарч болно. Гэтэл хүн төрөлхтний тал хувь нь шашингүй үзэлтэй. Шашингүй үзэлтэй эдгээр хүмүүсийг юугаар барьж тогтоох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа.
Чамайг харьцангуй залуугаасаа шашинд, тэр дундаа бурханы шашинд суралцаж, “Бодь мөрийн зэрэг”-т сэтгэл, оюунаа чилээдэгийг чинь мэдэх юм..
“Бодь мөрийн зэрэг” гэж битгий асуугаарай.
-Яагаад?
-Аймаар том юм байхгүй юу. Нэг унших биш насаараа уншдаг ном. Нэг уншаад нэг л эрдэмд төрнө гэж байгаа юм. Нэг л уншаад ойлгох юм бол гэгээрнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл ийм олон юмтай судар. Нэг уншихад нэг л юм ойлгоно. Дахиад уншихад дахиад нэг юм ойлгоно. Товчхондоо Бодь мөрийн зэргийг уншиж, судалж дуусна гэдэг оройд гарна гэсэн үг. Бид нэг юманд баярлах хэрэгтэй. Бурханы шашныг гадны шашин, муу сайн төвдүүдийнх гээд байдаг. “Бодь мөрийн зэрэг”-ийг чинь Богд Зонхова бичсэн. Монгол аавтай Төвдийн Амду нутгийн ээжтэй монгол хүн. Тийм учраас Гүүш хаан Төвдөд Богд Зонховагийн талыг илүү баримталсан юм билээ.


-Гэгээрнэ гэдэг шашинд хандаж байгаа нэг хэлбэр мөн үү?
-Сайн бод, сайн бодох юм бол гэгээрнэ гэж Д.Чойжамц хамба хэлсэн дээ. Угаасаа гэгээрэх нь зөвхөн Бурханы шашинд хамаатай ойлголт юм шүү дээ. Харамсалтай нь олонхи нь ном уншуулж, гүрэм засал хийлгэж байгаагаа Бурханы шашинтан гэж үздэг буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Гэгээрье гэвэл итгэ, зам мөрөө тэгшил дараа нь бусдыг хайрлах сэтгэлтэй бай түүний цаана гэгээрэл байна гэж үздэг.

-Ингэхэд шашин шүтлэг, сүсэг бишрэл гэхлээр ихэвчлэн нас тогтсон, хөгшин хүмүүстэй холбоотой ойлголт. Чиний хувьд их залуугаасаа сүсэг бишрэлтэй, шашинлаг болчихсон нь юутай холбоотой гэж боддог вэ?
Наад асуулт чинь нэг тийм муухай асуулт байнаа. Яг үнэнээсээ муухай асуулт. Яагаад гээч? “Уяхан замбативийн наран” гэдэг дуу байдаг даа,
Энэ сайхан замбуу тивийн наран
Энэхэн бүх дэлхий даяхнаар
Мөхтөлгүй мандан мандсаар байдаг биүүта мину зээ

Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үхдэлгүй мөнхөд бодож
Үггүй муухайгаар дүүсдаг биш үү та мину зээ

Идэр цовоо ухаан сэргэлэн насандаа
Эс хийсэн эрдэм буяны үйлийг
Өтөлж больсон хойноо хийнэ гэдэг
Маш бэрх биш үү та минь уу зээ

Дөрвөн бадагтай, 15 минут үргэлжилдэг дуу. Нарны тухай дуу биш байгаа биз.
Буян биш буяныг ярихаа больё. Зөв амьдрах чинь буян. Зөв амьдраагүй бол үхэхийн цагт харамсал ирнэ. Өтөл болсон хойноо ухаарч, тагнайгаа цоортол тарни уншиж, духаа цоортол мөргөлөө гэхэд нимгэрэх л байх. Өөрөөр хэлбэл залуу байх тусмаа буяны, зөвийн сэтгэлтэй амьдарвал үхэхэд сэтгэл амар байх нь илүү юм уу даа.
Тийм боловч эрт ухаардаг нь ховор л доо. 


Миний хувьд өвөөгийн нөлөө байдаг байх. Өвөө маань лам хүн байсан. Хэлмэгдүүлэлтийн үед гэвш, гавж цолтой болоод бүх лам нарыг цаазаар авч, үлдсэн лам нар 10 жилийн хорих ялтай үлдсэн байдаг. Өвөө насанд хүрээгүй учраас хорих ял авалгүй амьд үлдсэн байдаг. Насаараа шашин шүтлэгээ нууж хаасан ч гэлээ дотооддоо бол итгэл үнэмшил, соёл нь байсаар л байсан. Тэр нь бидэнд мэдэгдэхгүйгээр шингэж үлдсэн байж болох юм.
-Та дээр шашнаас өөр юм ярихаа больчихсон байна лээ гэдэг чинь үнэн байна шүү, ямар их шашин яриваа хоёулаа. Ярианыхаа сэдвийг өөр тийш нь хандуулъя. Эмч мэргэжил сонгосон нь чиний өөрийн сонголт байсан уу?
-Багадаа л эмч болно гэж боддог байсан. Хэлд ормогцоо л юу болох уу гэхээр эмч болно гэдэг байсан гэсэн. Сониноос би их багадаа хэлд орсон ш дээ. Арван сартайдаа ярьж эхэлсэн гэж байгаа юм. Дөнгөж мөлхдөг болчихсон байхдаа ярьж эхлээд бүр болоогүй миний хүү тэрнийг аваад ир гээд заасан чинь өөдөөс нь, цүнх үү гэсэн гэнэ /инээв/. Хөөх, ярьдаг болчихож, энэ юу вэ, тэр юу вэ гэсэн чинь ширээ, сандал, унь, тооно гээд явж өгсөн гэдэг. Тэгэхдээ л эмч болж тоглодог байсан юм билээ. Яагаад ч юм өөр ямар ч мэргэжил санаанд ордоггүй. Эхнэр маань танилцаад удаагүй байхдаа, чиний амьдралын зорилго юу юм гэж байна. Эмч болж, хүний төлөө амьдарнаа л гэлээ. Ямар утгагүй тэнэг амьдрал вэ, миний төлөө амьдрахгүй юм уу чи гээд Нооёо бүр жинхэнээсээ уурлаад байсан санаанаас гардаггүй юм /инээв/. Чиний хэлдгээр ёстой залуу насны идеализм гэдэг нь юм байгаа биз.
-Тэгээд мэргэжлээрээ ажилласан уу?
-Хувь заяа дутсан. Төгсөхөд аав өнгөрч, өөрийнхөө төлөө биш гэр бүлийнхээ төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Хамраараа газар хатгачихгүйн төлөө явна ш дээ. Ер нь бол ийм юм байна лээ, ээж өнгөрөхөд өнөө оройн хоол хэн хийх үү, энэ махаа яаж эвдэж хөлдөөх үү гэхчлэн гэр доторх ахуйн болон сэтгэлийн хэрэгцээ давамгайлдаг бол аав өнгөрөхөд маргааш юу идэх вэ гэдэг асуудал үүсдэг юм билээ. Энэ гэр бүлийн ирээдүй, удам судрын өмнө хүлээх хариуцлага шууд нуруун дээр бууж, Р.Чойномын шүлгэнд гардагчлан хүүхэд наснаасаа залуу насаа шууд тас огтлоод их амьдралд хөл тавьчихаж байгаа юм.


-Хэдтэй байсан бэ?
-Хориндөрөв. Уг нь ч гайгүй л дээ. Гэхдээ л хагацал бол хагацал. Тэр тусмаа гэнэтийн хагацал гэдэг.. Тэнгэр нураад, газар цөмөрчих шиг л болсон. Яг тэр үед Л.Одончимэд ахын хэлсэн үг намайг ёстой сэхээрүүлэх шиг болсон. Манай байрны дээд талд тэднийх амьдардаг байсан юм. Нэг өдөр орж ирээд зургаатайдаа ааваасаа өнчирч, нутаглуулах цагаан тэмээ олох гэж ямар их зүдэрснээ ярьдаг юм байна. Тэрний хажууд биднийх ёстой инээдтэй байгаа байхгүй юу. Нэг хүүхэд нь 24, нөгөөтөх нь 21-тэй үлдсэн.
Хүн бүрт зовлон байдаг, гагцхүү чамаас ч хүнд амьдралтай нэгэн байгаа гэдгийг ойлгоход, нөгөө талаар зовлонд автах тусмаа зовлонд улам нэрвэдгийг ойлгоход амьдралын их ачаа хөнгөрнө шүү. Амьдрал мөнх бишээс хойш хэцүү бэрх бүхний өмнө бэлтгэлтэй байх л чухал санагддаг.
-Ингэхэд гэргийгээ хэр их эргүүлж байж авч суусан бол?
-Их эргүүлээгүй ээ гэвэл эхнэр гомдоно. Эргүүлсэн гэчихвэл худлаа ярьсан болчихно /инээв/. Цаанаасаа л учрал ерөөлтэй гэж боддог. Бид хоёр арван хэдхэн настайдаа танилцсан юм. Энэ насанд хэдийгээр хүүхэн эргүүлэхгүй ч гэлээ сайд, дарга нарын охид зөндөө байж л байгаа ш дээ. Тэгэхэд эхнэрээ хармагцаа л энэ миний хань гэж шууд ойлгосон. Нэг их гоё инээд алдсан охиндоо ч биш байх, ерөөсөө л энэ миний насаараа амьдрах хүн мөн юм байна гэдэг мэдрэмж шууд орж ирсэн. Тэгээд л үерхсэн анхны өдрөө л хоёулаа сууна, хуримаа хийнэ ээ гэсэн. Манай хүн, яанаа, тийм үү л гэсэн /инээв/. Хуримаа амласнаасаа 2 жилийн дараа хийсэн. Үерхэж эхэлсэн нь 17-тойдоо юм уу. Тэгэхээр мангар санаа суучихсан байсан байгаа биз. Тэрнээс хойш 16 жил өнгөрчихөж.
-Та хөгшин сүнс бололтой?
-Хөгшин сүнс гэж байхгүй харин сүнсний зиндаа гэж байж болох байх аа. Шинэ, хөгшин гэдэг үгнүүд сүнсэнд тохирохгүй байх. Хөгшин хүүхэд төрнө гэж байхгүй ш дээ. Харин ариун сүнс ч юм уу арай өөр түвшний сүнс гэж байна байх. Юу ч гэмээр юм, урд насандаа адгуус байгаад энэ төрөлдөө хүн болсон бол арай зиндаа доогуур, тамаас ирсэн бол түүнээс доогуур харин хүний төрлнөөс ирсэн бол хамаагүй өндөр зиндааны сүнс гэдэг ч юм уу. Зиндаа гэдэг нь хөрөнгө мөнгөний хэмжээ биш ш дээ. Ингэхэд хөөе, ийм нарийн сонин ч гэмээр юм яриад байж болж байна уу, хоёулаа.


-Харин л дээ. Гэхдээ бид хоёрт олдсон эрх чөлөө юм чинь цааш лавшруулахгүй ч гэлээ ярилцсанаа сийрүүлчихье. Сүнсний зэрэг зиндаа, түвшин гэдэг тодорхойлолт чинь ёстой таалагдаж байна. Энэ насанд сэтгэлийн зиндаагаар тодорхойлогддог зүйл гэж бодож байна.
-Энэ насандаа азтай, одтой байгаа нь өнгөрсөн насандаа илүү их буян хийж, илүү өгснийх байж болно. Нөгөө талаараа бурхан хүнд их эд хөрөнгө, эрх мэдэл өгч шоглодог юм гэнэ лээ. Тэр эрх мэдэл, эд хөрөнгөн дээр хүнээ алдаж байна уу эсвэл хүн шиг байж бусдад буян ном хийж байна уу гэдгээс шалтгаалаад дараагийн төрөл нь шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм л даа. Тэгэхээр хүний төрөл олж төрөх, хүний амьдралаар амьдрах гэж шоглоомтой ч гэмээр шалгуур шаардсан эд байгаа биз. Бусдын төлөөх амьдрал л жинхэнэ дээд зиндааныхны амьдрал юм биш үү.
-Хэрэглээний зиндаа, ахуйн зиндаа гэж бас бий. Тэр тухайд?
-Хэ хэ, брэнд биш хүмүүс брэнд өмсчихөөд зиндаа яриад унахаар дээр үед цол хэргэм худалдаж аваад язгууртан болчихдог байсан үеийг санагдуулаад байдаг юм. Тэр чинь маш том төөрөгдлийн нэг хэлбэр, оюун санааны хоосрол шүү дээ.
-За тэр үеийг ч яахав, хүн төрөлхтний балчир үе гэж цагаатгаж болохоор. Одоо бол 21-р зуун шүү дээ...
-Одоо бараг долоон дор байгаа юм биш үү. Тэр үед ядахдаа л дээдсийн хүрээний дэг жаяг, ёс, ёсзүй гэж байсан байхгүй юу. Одоо бараг бүгд шахуу авгайгаа сольдог болсон юм биш үү. Энэ чинь ёс зүй, тэр тусмаа өнөөгийн соёлт нийгмийн ёс зүй биш шүү дээ.
-Олон эхнэртэй байх нь баян хүний асуудал, баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд падгүй гэдэг болчихсон анархизм ч улам газар аваад байгаа л даа. Нөгөө талд гэр бүл салалт ч өндөр байгаа. Сүүлдээ шударгаар салж байгаа нь илүү цэвэр ёс зүй ч юм шиг санагддаг болчихоод байгаа ш дээ. Ингэхэд гэр бүлээ зөв сонгохын үндэс нь юу гэж боддог вэ?
-З.Бат-Отгон гуай нэг яриандаа Тэмүүжин, Бөртэ Үжин хоёрыг 9 настайд нь танилцуулж, сүй тавьж байсныг онцолж байсан. Багын ерөөлөөр сүнслэг биеэр нь холбодог байсан юм уу даа. Үүний цаана удам судар гэж маш чухал асуудал явдаг. Орчин цагт ямар юмных нь удам судрыг нь шинжиж, судлахтай манатай, ёстой аз, ёндоо мэдэх хэрэг юм биш үү. Нэг сайхан охин, хүү хоёр танилцаад, үерхээд, сайхан хурим хийчихээд салдаг. Үнэхээр тохирохгүй байгаа амьдралыг яалтай ч билээ. Тэгэхээр зөв сонголт хийх л чухал юм уу. Дараагийн ээлжинд махбодийн асуудал яригдана. Хэт хуучинсаг байна гэж битгий бодоорой, би яг бодсноо л хэлж байгаа шүү.  Энэ Буддизмаас олж уншсан зүйл. Жишээ нь ус махбодийн хань нь төмөр махбодь. Шанагаар ус хутгадаг даа. Модон махбодьтой бол төмөр махбодьтой хүн дайсан нь гэдэг ч юм уу их нарийн нарийн юмнууд байдаг. Даанч бид уламжлалаасаа хэт холдчихоод байна л даа.
-Тэгвэл амьдрал бол хувь тавилан юм гэж болох уу?
-Буддизмын үүднээс хувь тавилан гэж байхгүй. Чи ямар явдал мөр, ямар санаатай байна, тэр дагуу хураагдсан үйлийн үрээ эдэлнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл үйлийг чи өөрөө бүрдүүлэх нь байна. Сайн юм хийгээд байвал сайн хүнтэй учирна. Муу юм хийгээд байвал шоронд орно гэдэг ч юм уу.
-Хувь тавилан, хувь төөрөг гэж хүн бүр л ярьцгаадаг. Тэр нь юу юм, чинийхээр?
-Хүн нутгаа сонгож төрдөггүй, ээж ааваа сонгож ирдэггүй.


-Чи урд насаа мэддэг үү?
-Мэддэг бол тэр чинь тасарчихсан хүн биз дээ. Гэхдээ ямартай ч лам байсан гэдгээ ойлгочихоод байгаа.
-Юунаас болж?
-Энэ их сонин түүх. Би нэг их олон хүнд ч яриад байдаггүй. Би багадаа чихнийхээ дор унждаг мэнгэтэй байсан юм. Долоон настай байхдаа авахуулсан. Тэрнээс өмнө сонин юм их болдог байсан. Хамаатнууд, ойр хүрээний хүмүүс маань их сайн мэднэ. Асуусан юм болгоныг нь хариулдаг, тэр нь яг таардаг /инээв/. Гурван настайдаа нэг удаа ээжийг бүр алмайруулсан гэж байгаа юм. Аав хил хэмжиж, шалгах ажлаар хөдөө явсан хойгуур ээж, аав чинь хэзээ ирэх вэ гэж л дээ. Тэгэхэд өнөөдөр ирнэ, хэдэн цагт ирэх вэ, 3 цагт ирнэ ээ гэж байна гэнэ. Томчууд хүүхдүүдтэй ер нь ингэж харилцах нь элбэг байдаг даа. Тэр л зангаар ээж ч тоогоогүй гэнэ. Гэтэл шөнө хаалга нүдсэн, аав ирсэн, цагаа хартал гурван цаг болж байсан гэнэ. Ээж сэртэсхийдэг юм байгаа биз дээ. Ээжийн нэг хамаатны хадам ээжийн бие муу, хэзээ үхэх үү гэсэн чинь үхнээ, үхнэ гээд булан руу шигдээд уйлаад. Хэлж ярьсан нь яг таараад байгааг гадарлачихсан хүмүүс чинь сонин байдалд ороод намайг дагуулаад очиж. Одоо санахад цагаан үстэй эмээ байсан бүдэг бадаг дурсамж байдаг юм. Очоод духан дээр нь хацраа наагаад, хацрыг нь илээд байсан гэсэн. Гэх мэт сонин сонин явдлууд байдаг. Тэр мэнгийг авахуулснаас хойш мэдрэмж багассан. Гэхдээ эхнэрээ хараад шууд миний хань гэж мэдэрснээс үзвэл юм нь бага сага үлдсэн ч юм шиг. Ер нь хөгшрөх тусам багасдаг юм биш үү. Манай ургийн овог зурхайч ш дээ.


-Ёстой сонин юм байна. Ингэхэд чиний нэрийг хэн өгсөн юм бэ?
-Манай өвөө, ээжийн аав өгсөн. МАХН-ын баярын өдөр 3-р сарын 1-нд, өвөө 60 насны тэтгэвэрт гарлаа, баярын бичиг, халуун сав өглөө, зээ төрлөө, хэн гэж нэр өгөх вэ болж. Аав Москвагаас ярьснаа Тулга гэж нэр өгье гэсэн гэсэн. Тэгсэн чинь өвөө Соёмбо гэдэг нэр өгчихвөл яах вэ гэсэн аав зөвшөөрч Соёмбо нэртэй болсон. Өвөөдөө баярладаг ш дээ, Идэвхтэн ч юм уу өөр нэгэн нам улс төртэй холбоотой нэр өгчихөөгүйд /инээв/.
-Зарим түүхэн хүмүүсийн нэр эсвэл төвд нэр эзэндээ хүндэдсэн эсвэл нэр нь хөнгөдсөн гэх мэт дом билэгдлийн юм байдаг юм билээ. Соёмбо уг нь том нэр..
-Энэ нэрийг авч явж байгаа юм чинь чамтай юу ч ярих вэ гэж нэг хүн хэлж байсаан. Би зүгээр мунхаглан бодож байгаа шүү, Соёмбо гэдэг үг, Соёмбо үсгийг Монголын хувь заяаг даасан Өндөр гэгээн Занабазар зохиосон. Төвдийг Далай багш, Хятадыг Банчин богд, Монголыг Өндөр Гэгээн даасан, иймээс номт гурван улс гэж ярьдаг байсан. Занабазар гуай Соёмбыг тэнгэрт өөрөө тодорч харагдсан гэдэг. Санскритээр соёмбо гэдэг нь өөрөө тодорсон эрдэнэ гэсэг утгатай үг шүү дээ. Тэгээд бодохоор Бурханы шашинд өөрөө тодорно гэсэн ойлголт байхгүй. Тэгвэл магадгүй Монгол улс өөрөө хөгжих юм, өөрөө өөрийгөө авч явах юм гэсэн далд санаа юм болов уу гэж би боддог. Өнгөрсөн жилүүдэд бид мөн ч их найдлаа. Хуучин орос ах нарын халамжинд байсан, одоо Америк ах нар аваад явчихна, сүүлдээ урд хөршдөө ч найдаад байх шиг. Өндөр гэгээний эш үзүүлснээр бид өөрсдөө л чармайж, хичээж байж хөгжих юм биш үү. Соёмбо үсэг дэлхий даяар тархана аа гэж айлдаж байсан нь биелэгдээд Монгол улсын далбаа, билэгдэл Соёмботойгоо дипломат харилцааны шугамаар дэлхийн өнцөг булан бүрт тархчихлаа. Түүхэндээ 8-р Богд жишээ нь гурван удаа алдаж байж тусгаар тогтнолоо авч үлдсэн байдаг. Тэгэхээр бид мангар азтай улс. Энэ нэрийг авсан Соёмбоо би ч бас бас азтай. Нэрээ дааж амьдрах нь миний нэг эрхэм зүйл гэж боддог болсон.

-Соёмбо эдийн засийн утгаараа хэр баян хүн бэ?
-Хүнд харуулахад ичмээр дамшиг даа гэдэг шиг... Яахав дээ, хүнээс лав гуйхгүй. Өнөө маргаашийн хоол, байр сав хангалттай. Боломж байвал илүүчилнэ. Заримдаа бас өөрийгөө голох үе байна. Жишээ нь маш сайн барилддаг залуу байлаа гэхэд дэмжээд санасандаа хүртэл өгч чадахгүй байна. Гэхдээ амархан баяжвал амархан үхэх байх л даа. Сүүлийн хэдэн жил ах нартайгаа нийлж барилгын салбар руу орсон. Зөвхөн анагаах төгссөн эмч гэхэд өөрийгөө бас үнэлнэ.

-Сүүлчийн асуулт. Ж.Наранцацралтын хүү Дундговиос нэр дэвших нь гэсэн хардлага аав чинь өөд болсноос хойш жил бүрийн сонгуулийн прогнозод явсаар ирж. -Сонгуульд тоосоо өргөх цаг хэзээ вэ?
-Учрал тохиол болвол өргөнө дөө. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн жилүүдэд өөрийгөө голсоон. Өнгөрсөн хоёр сонгуулийн нэгэнд нь дэндүү балчир байсан, нөгөөд бусдын хүссэнийг арай хийж чадахгүй юм шиг санагдсан.
Их, бага ухаан гэж байдаг. Бага ухаан гэдэг нь эрдмийн боловсрол олох, харилцааны ёс зүйд суралцах гэх мэт амьдралын энгийн дадалд суралцах. Их ухаан гэдэг нь тэвчээрт суралцах, өөрийгөө ялах тухай. Их ухаанд боловсорч чадвал бусдын төлөө явах чадал, бяртай болно гэсэн үг. Би хувьдаа их ухаанд суралцсан хүмүүс төрд ард түмнээ төлөөлөх ёстой гэж боддог. Америкт Бүгд найрамдах нам, Демократ нам хоёрын гишүүдээр IQ-ны тест бөглүүлж, тэргүүлэгч гишүүдийнх нь дундаж оноогоор харьцуулж, чансааг нь гаргадаг юм байна л даа. Манайд ийм шалгалт авах нь хаашаа юм ядахдаа цензур, стандарттай болмоор санагддаг. Хувь хүнд совесьт байхгүй бол түүнийг нь хууль журмаар тогтоогоод өгчихье л дөө. Тэр цаг ирвэл их дөхөж байгаа байх гэж бодож байна. Цаг хугацаа бүхнийг харуулна даа.
Ер нь бол аль болгон мөнгө цацаж их хуралда гарчихаад дараа нь мөнгөө яаж хийх үү, шархаа яаж нөхөх үү гэж ярьдаг түшээдтэй байх юм. Бодох л асуудал болчихоод байна.

Ярилцсан М.Уранчимэг 

Гранд сэтгүүл №77 2016.03 сар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 08-05 01:44
    Retweet (723)
  • Retweet (21)
  • Retweet (20)
  • 07-12 03:22
    Retweet (18)
  • Retweet (13)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 02:04
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 03:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 02:10
    Retweet (0)
  • 07-12 02:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 00:52
    Retweet (0)