2019-2020 оны хит “37-р Точка”!
2020 оны 5 сарын 20

Таавар: Ерөнхийлөгч захиалсан уу, Ерөнхийлөгчийг “Фантастик” онилсон уу?

Нэг тийм хоёр үзүүртэй зүү шиг кино. Улс төрчдийг магтан матаж, улс төрөөс асар хол хөндий шинэ үеийнхэнд маш энгийн ойлгомжтой хэлбэрээр ах эгч нарын ертөнцийг ойлгуулж өгсөнд “Фантастик” продакшны хамт олонд талархах хэрэгтэй. Сонгуулийн жил яаж залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх вэ гэж үсээ зулгааж байсан үе ард хоцорч. Ямар ч байсан ойлголт авчихлаа, киноноос.

“37-р Точка” киноноос авах 10 сургамж

  1. Гэр бүл бол гэр бүл. Ямар ч нөхцөлд, хэзээ ч гэр бүлийн гишүүд бие биенээсээ урвадаггүй, орхидоггүй.
  2. Бүсгүй хүний амьдралд хоёр салаа зам бий. Нэг бол хүсэмжит бүсгүй, эс бол хүний гэргий. Аль ч замаар нь явсан ухаан дутвал зовлон ойрхон.
  3. Эр хүний амьдрал тасралтгүй дээшилж, хөгжиж байх ёстой. Цаг хугацаа амьдралын хэмжүүр биш. Цагаа олсон шийдвэр чухал.
  4. Эмс садарлавал дайн үүснэ. Хохирогч нь та ч байж болно.
  5. Ямар ч үед шунал хүслээ дарж сурах. Хүний эхнэр, хүний хөрөнгө, хүний юм тухайн цагтаа таных байж болох ч хожим төлөөсийг нь дийлэх эсэхээ бодоорой.
  6. Дайсан өврөөс босдог. Таны хамгийн дотны хүн амины үнэтэй мэдээллийг чинь зарах магадлалтай учир хэнд ч бүү итгэ.
  7. Нөхөрлөл. Эцсийн мөчид таны төлөө амиа золих хүн хэн бэ? Хэн ч байж мэдэх учраас бүх хүнтэй ялгаваргүй харьц.
  8. Мөнгөнд сэтгэл байхгүй. Их мөнгө, их мөнгөө, их эрсдлээ ямагт татаж байдаг.
  9. Цаг үе болгон өөрийн гэсэн гол дүрүүдтэй. Харин туслах дүрүүд түүнийг тодотгож, суурийг нь зузаатгаж байдаг.
  10. Улс төрч хүн бол нийгмийн толь. Та ямар дүр төрх илэрхийлнэ тийм нийгмийг бүтээж тэнд үр хүүхэд чинь өсөн торниж, хожиж хожигдож, ялж ялагдах болно.                    

Алдахаас айгаагүй залуу нас

Кино багийнхны эр зоригийг магтууштай. Энэ их дайралт хардалт сэрдэлтэн дунд түүхийн эгзэгтэй цаг мөчийг харуулсан кино хийж мөнхөд үлдэх өв бүтээсэн байна. Амьдралын аз жаргал шуудай гурил, аяга лапша, нэг бөөрөнхий талханд байсан бидний он цаг. Хөдөөгөөс хотыг зорих их нүүдэл, уртаашаа ганц гутал, ганц ээлжийн хувцастай мөрөөдлөөс өөр хөрөнгөгүй орхигдсон залуу үеийн амьдрал. Эцэс төгсгөлгүй тэмцэл, хотын зах хотын төвөөр ялгарсан нийгэм. Төмөр торны цаана эрх чөлөөгөө хасуулж хатууждаг залуусын амьдралын үнэн түүх.

Яг үнэндээ наранд нарсанд байдгаас илүү аймшигтай хүн сүрэг бэлчдэг байх нь. Цагаан захтай хэрцгий сэхээтнүүд. Нийгмийн бүх давхаргыг атгахыг эрмэлзэх тэдний эрх ашгийг сөрсөн хэн амьд үлдэх вэ? Хээл хахууль, лобби, бүлгээрээ үргэлж машин шиг хүч түрэн урагшилдаг сэхээтний давхаргын эсрэг хэн зогсох хүчтэй вэ? Үхэл эсвэл амьдрал. Угаас тэр хүн болгонд ирдэг сонголт. Цаг үе, нийгэм яаж ч өөрчлөгдсөн хүн чанараа гээхгүй байх тухай энэхүү кинонд өгүүлжээ.

Киноны хуурай ах дүүс амьдрал дээр ч дотно байх нь. Э.Одбаярын Идэрийн дүр нас барснаар үзэгчдийн дунд Б.Тамир түүний авьяас, царай төрхөнд атаархдаг учраас албаар кино болгондоо үхүүлдэг гэх таамаг гарсан. Аятайхан амьдарч яваад үхчихдэг, уулзсан бүсгүй нь жирэмсэн үлддэг хэлбэрээ өөрчлөх болов уу цаашдаа?

-Чамайг 9911-ээр зодох уу 9191-ээр зодох уу гэж “Аз жаргалын шок” дээр гарсан үеэс жүжигчин Г.Алтаншагайгийн дэлгэцийн урлаг дахь рекит залуугийн амьдрал эхэлсэн. Галт яг түүнийг олсон дүр. Харин амьдрал дээр 4 охинтой зөөлнөө барьж дийлэхгүй хүн.

Сонгодог утгаар нь цүнх барьдаг Болдоо. Лутаагийн цүнхийг барьж байгаад Ялалтын цүнхийг барьж энэ олон дундаас ганцаараа хуримаа хийсэн зайтай эр.

МУГЖ О.Бат-Өлзий арзайсан олон залуусыг базаж толгойлон сайн уран бүтээл олныг хийлээ. Киноны дүр нь бас сайн менежер маягийн дүр.

Эротик киноны дүр нь сэтгэлд тод үлдсэн А.Баттүшиг Хавчиг дүрдээ жин нэмж тоглосон байна билээ. Харин дараа нь “Сүүн замын сахиул” кинон дээр нэлээн турсан харагдсан. Резин шиг л нэмж хасдаг байх нь.

Даруухан жентельмэн залуугийн дүрээр гараагаа эхэлсэн Б.Батзаяа өмнө нь “Зөрлөг” кинонд тоглож байсан. Түүний хувьд Точкатай кинонд тоглосон хоёр дахь тохиолдол байх нь. Эерэг дүрийн баатар эсрэг дүрд чадлаа үзлээ.

Өөскө үргэлж хошин дүрд хүч сорьж ирсэн билээ. “Мөнгөний гахай” хамгийн түрүүн санаанд бууж байна. Эрийн шийр заасан, хүний төлөө сэтгэлтэй, ньюанстай дүр бүтээсэн нь өөлөх юм байсангүй. Дотортой жүжигчин гэдгийг одоо бүгд хүлээн зөвшөөрсөн биз.

Лутаатай юу ярих вэ дээ. Б.Барслхагва түмэн араншинтай адармаатай дүрийг чадварлаг бүтээж эсрэг дүрд хойшдоо сойгдох нь тодорхой боллоо. Үндэсний телевизээс гараагаа эхэлж байсан хүү одоо акулуудтай үзэлцэх хэмжээнд хүрчээ.

Ялалт буюу М.Баярбат. Анхнаасаа зөөлөн темптэй ханхүүгийн дүрээр гарч ирсэн жүжигчин маань энэ удаад ширүүн дориун дүрийг бүтээсэн. Түүний дүрийг Женко Х.Баттулгын дүр гэлцэж байгаа. Ганган, дэгжин, харагдах байдал үзэмжтэй нь төстэй юм уу?

Драмын театрын тайзнаас аваагүй амжилтаа кино урлагаас хүртэж байгаа хүн. Б.Тамир бүх юмны дарга мөн. Дургүй хүргээд байвал үхүүлчихнэ шүү гэж жүжигчдэдээ хэлдэг байх гэсэн эвлүүлэг явж байна лээ. Хэрэв тийм бол тэр үгээ яг ийм царайтай хэлдэг байх. За за наргиа. Залуу найруулагч ид оргилон буцалж явна.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 21:34
    Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 06-02 20:53
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 22:05
    Retweet (3)
  • 06-02 21:09
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)