“GRAND BOOK”: Д.Дамдинжав: Бас ч гэж сэтгүүлчийн шийртэй болохоо мэдсэн
2020 оны 5 сарын 15

Гурав дахь цувралаа гаргаж буй "Гол тоглогч" номын зохиогчийг "Grand book" буландаа урив. Монголын гол улстөрчид, бизнесмэнүүдийн талаар хурц ширүүн ёгт егөө бүхий түүний нийтлэлүүд сэтгүүл зүйнд өвөрмөц нэгэн өнгө, содон өнцөгийг  авчирсан. Тэрбээр памфлет гэх төрлөөр бүтээлээ туурвидаг бөгөөд "Гол тоглогч" ном нь олны анхаарлыг гойд татсан билээ. Тэгвэл "Гол тоглогч" цувралын гурав дахь цуврал болох "Хожлын хорин бэрс" нэртэй “Шинэ үеийн ГОЛ ТОГЛОГЧ” номын нээлтээ хийсэн сэтгүүлч, нийтлэлч Д.Дамдинжавыг "Grand book" танилцуулж байна. 

“GRAND BOOK” БУЛАН: БЛИЦ АСУУЛТ

Сошиал хуудас/хаяг: Дамдинсүрэнгийн Дамдинжав

Уран бүтээлийн товчоон: “Бусдын сүм дэх миний эрх чөлөө” (2006 он), “Зүрхний хэл” (2011 он), “Гол тоглогч 1, 2” (2018 он), “Дотоод тэнгэр” (2019 он), “Хожлын хорин бэрс” (2020 он)

Ширээний ном: Дармын Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол”

Хамгийн сүүлд уншсан номны тухай: Эрвин Штриттматтер “Оле Бинкоп” – Ёгт роман.

Таны уран бүтээлийн идеаль: Бүтээл минь миний өмнөөс ярьж байх ёстой.

Хэлэх дуртай үг: Хөдөлмөр бол авьяас

Амжилтын товчоон: “Ган үзэгтэн” тэмдэг (2007 он), “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан (2017 он), “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл” цом (2018)

-“Гол тоглогч” 1, 2, 3 номын тухай товч танилцуулна уу?

-“Гол тоглогч 1” ном анх 2018 онд хэвлэгдэн, уншигчдын хүртээл болж, олны анхаарлыг чамгүй татаж чадсан. Монголын улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн талаар сонирхолтой, хоржоонтой, ёгт егөө хэлбэрээр бичигдсэн ном. “Гол тоглогч” номын эхний дэвтэрт Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг Монголын түүхэн хүмүүсийн тухай жинхэнэ түүхийг дэлгэж байсан бол дэд дэвтэрт Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Пунсалмаагийн Очирбат, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал нарын талаар өгүүлсэн. Хөргийг олон янз хэлбэрээр бичиж болдгийн нэг төрөл нь памфлет юм. Энэ төрөл зүйлээр дагнан бичигдсэн гэдгээрээ Монголын сэтгүүл зүйд анхдагч бүтээл болсон доо.

-Бид яагаад эдгээр номнуудыг унших ёстой вэ?

-Мэддэг гэж боддог зүйлээ огт мэдээгүй өнцгөөсөө мэдэж, таньж, ойлгож ухаарч авах болов уу. МУСГЗ, сэтгүүлч Г.Жамъян гуай “Би ер нь номыг хэд хоног уншдаг хүн. Харин “Гол тоглогч” номыг үдээс хойш барьж аваад шөнө унтахдаа уншиж дуусгасан” гэж хэлсэн байдаг. Яагаад унших ёстой гэдгийн хариулт энд байж магадгүй.

 -Таны энэ номыг бүтээх явцдаа авсан сургамж?

-Өнгөрсөн 30 жил монголчууд ямар том, том алдсан юм бэ гэж бодогдсон. Тэр бүх алдаануудыг түүгээд, нэг дор цуглуулж байгаад түүгээр гал ноцоохыг хүссэн. Ноцоосон гал минь ном маань гэж ойлгож болно. Хоёрдугаарт би өөрийгөө цагаа тулбал ямар зоригтой болохоо мэдэрсэн. Бас ч гэж сэтгүүлчийн шийр бага боловч заяасан юм байна гэж бодсон доо.

-“Гол тоглогч” цуврал бүтээл дээр танд ирсэн шүүмжлэгчдийн зөвлөмж, шүүмжээс хамгийн тод үлдсэн зүйлсийг хуваалцахгүй юу?

-Маш их сэтгэгдэл ирсэн дээ. Тэдэн дунд хамгийн сайхан, бас хамгийн чухлыг сэтгүүл зүй судлаач доктор Т.Баасансүрэн гуай хэлсэн. Тэр хүн миний номонд зориулж, бүхэл бүтэн судалгааны бүтээлийн дайтай шүүмж бичсэн. Мөн миний бичлэгийн онцлог, памфлет гэх төрөл зүйлийн талаар МУИС-ийн доктор М.Зулькафиль сургалтын хөтөлбөртөө оруулна гэж хэлсэн нь том үнэлгээ байсан.

-Та орчин цагийн утга зохиолын хөгжлийг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Утга зохиолын талаар ярихад би балчирдана. Гэхдээ өөрийнхөөрөө гэж байгаа учраас өөрийн бодлыг хэлж болох байх. Монголын утга зохиол аль хэдийн дэлхийн зэрэг зиндаанд хүрчихсэн. Агуу зохиолчид олон төрсөн. Харин агуу орчуулагчид төрөхгүй байна л гэж боддог доо. Гадаад хэлнээс монгол руугаа сайхан хөрвүүлж буй орчуулагчид бол байна. Гэхдээ тэд далайгаас худаг руугаа ус зөөж байгаа л үйл хэрэг. Харин худгаас далай руу ус зөөж, цэнгэг тунгалаг, охь шимээ далай руу юүлэх орчуулагч л их үгүйлэгдэж байна гэж бодох юм.

-Одоо цагт номын ертөнцөд ямар бүтээл дутагдаж байна вэ?

-Тэсэрсэн сэтгэлгээний уран зохиолууд дутаж байна. Өөрөөр хэлбэл, түүхийг бичлээ гэхэд түүнийг зөвхөн уран сайханжуулах, гоё үгээр гоодох төдийгөөр хязгаарлаад байх шиг. Түүхийг түүх чигээр нь дамжуулах нь зохиолчийн биш, бичээчийн л ажил. Харин түүхээс цоо шинэ түүх бүтээх нь зохиолчдын уран сэтгэмжийн ажил.

Танд баярлалаа

Эх сурвалж: http://www.grandnews.mn/ 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 21:34
    Retweet (14)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • 06-02 22:16
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 21:31
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (0)