М-Ойл группийн Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа: Аливаад зориулах цаг хугацааныхаа чанарт би онцгой анхаардаг
2020 оны 5 сарын 14

 

Өөрийнхөө огт хүсээгүй дүрээр бусдад таалагдана гэдэг хүсээд байх зүйл биш хэмээн эрс шулуухан ярих энэ хатагтайг Б.Пунсалмаа гэдэг. Бусдад таалагдахын тулд өөрт байхгүй дүр бүтээж амьдардаг нийтлэг монгол зангаас огт өөр араншин ханхлуулах түүнийг бид “М-Ойл” группийн тэргүүн хатагтай, залуу бизнесмэн бүсгүй гэх өнцгөөр нь танимхайрах билээ. Цэл залуу хорин хэдхэн насандаа Монголын нефтийн салбарын акулуудын нэг “М-Ойл”-ыг удирдах хариуцлагтай үүрэг хүлээсэн тэрээр залуудаа компани удирдана гэдэг том сорилт байсныг хүлээн зөвшөөрнө лээ. Ер нь л тэр үг яриа цөөн ч нээлттэй, часхийсэн амттай яриатай, мөн чанарын тухайд өөртөө итгэлтэй, дотоод хүчирхэг чанартай, нэлээд бардам. Бардам зан бол явж явж хүн чанар юм гэж улам бүр итгэдэг болсон надад түүний энэ араншин хамгаас гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэж болно. Угаас багын тэрээр онц сурах гэж хичээхийн оронд өөрийнхөө дуртай, өөрт таалагдсан хичээлүүддээ л анхаарлаа хандуулаад, тултал нь хийгээд явчихдаг өөрийнхөөрөө охин байж. Энэ бүхэн ирээдүйн Пунсалмаагийн хувь төөрөг хийгээд араншинг тодорхойлж байсныг балчир охин харин яахин мэдэх билээ.Оны эхэнд АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон түүний ирээдүй гэгээн өөдрөг, хүчирхэг бардам байгаасай. Ийм эмэгтэйчүүд олон олноороо нийгмийн дуу хоолой болж, бусдын төлөө сайхан бүхнээ зориулаасай гэх бодол төрнө. Түүний хэлсэнчлэн хүнд ачаа үүрэхийг хүсдэг эмэгтэйчүүдийн өгөгдөл ондоо байдаг ажээ.  

Олон нийт таныг “М-Ойл” группийн Гүйцэтгэх захирал, нийгмийн олон талын идэвхтэй залуу, үзэсгэлэнтэй бүсгүй гэхээс илүүг мэдэхгүй. Өөрийгөө тодорхойлооч гэвэл та аль өнцгөөс илүү дөвийлгөх вэ?

Хүн өөрийнхөө давуу талыг зөв таньж мэдээд, өөртөө итгэлтэй, өөдрөг байх шалтгаануудаа усалж торддог байх нь хувь хүний хөгжилд чухал үүрэгтэй гэж би боддог. Бусад хүн намайг юу гэх бол гэсэн нийтээс хамааралтай байдал ямар ч хүнд их бага хэмжээгээр байдаг ч энэ хамаарлыг аль болох эрт багасгах хэрэгтэй гэж боддог. Гол нь өөрийнхөө итгэдэг, хайрладаг тэр давуу чанараа хөгжүүлж, бусдад ч тэр давуу талаараа танигддаг байх ёстой. Өөрийнхөө огт хүсээгүй дүрээр бусдад таалагдахыг хичээнэ гэдэг хүсээд байх зүйл биш байх. Мэдээж хариуцлагатай алба хашиж байгаа нийгмийн идэвхтэй над шиг эмэгтэйг хүн бүр л өөр өөрийнхөө түвшинд үнэлж дүгнэнэ. Бусдын туулж ирсэн амьдралыг мэдэхгүй байж дураараа хүний амьдрал дүгнэн ярьдаг хүмүүст би дургүй. Түүнээс биш уулзсан, харсан, ярьсан мэдрэмжээрээ хэн нэгнийг дүгнэж цэгнэх нь хувь хүний эрхийн асуудал. Эцэг эхээс өгсөн өгөгдөл, өсч торнисон орчин, эзэмшсэн мэргэжил, нийгмийн хүрээлэл гээд намайг өнөөдрийн Пунсалмаа болгоход нөлөөлсөн олон сайхан эерэг шалтгаануудад би үргэлж талархаж ирсэн. Аливаа зүйлд тууштай, мятрашгүй ханддаг зангаа үнэлж, өөртөө онц дүн тавьдаг. Нэг юмны үзүүрээс зөв гэдгийг нь мэдээд зуурсан л бол эерэг үр дүн гаргахын төлөө тууштай зүтгэдэг нь миний өөрийгөө харуулахыг хүсдэг хурц өнцөг байх.

Таны намтар дундаас надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хэсэг нь 2002 онд их сургуулиа дүүргээд ердөө дөрвөн жилийн дараа буюу 2006 онд “М-Ойл” группийн Гүйцэтгэх захирал болсон явдал байлаа. Хэн бүхэнд олдохгүй боломж шүү дээ. Үүнийг та ямраар хүлээж авдаг вэ? Надад ирэх ёстой амжилтын үр дүн гэж хүлээж авсан уу эсвэл хувь тавилан гэж боддог уу?

Хувь тавилан, амжилтын үр дүнгийн аль аль нь байсан. “М-Ойл” бол миний ханийн хөдөлмөр дээр суурилж боссон компани. Итгэж найдаад, намайг удирдаад явчих чадамжтай гэж үзсэний үндсэн дээр энэ хариуцлагатай албыг өгсөн. Арав гаруй жил энэ салбарт ажиллахдаа алдсан үе ч бий, оносон үе ч бий. Өнөөдөр Монгол Улсын шатахуун нийлүүлэгч тэргүүлэгч компаниудын нэгт зүй ёсоор тооцогдож, 800 орчим иргэнийг ажилтай, орлоготой байлгах хариуцлагатай үүрэг гартаа атгаж явах нь нэг талаар ховор хувь тавилан, нөгөө талаар миний аливаад тууштай хандаж ирсэн амжилтын үр дүн гэж бардам хэлж чадна.

Та онц сурлагатан байсан уу?

Одоо эргээд бодоход, би сурагч байхдаа сонин сэтгэхүйтэй охин байж. Нэг их дүнгийн төлөө улайрдаггүй, дуртай хичээлүүддээ ач холбогдол өгч төвлөрчихөөд бусад хичээлийг урсгалаар нь орхичихдог байсан. Биднийг бага байхад бүх хичээлд л мундаг байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг байсан ч би тэр зарчмаас бага зэрэг гажсан нь өнөөдөр миний аливаад туйлбартай, төвлөрч ханддаг зангийн суурь болсон гэж олзуурхдаг юм. Дуртай хичээлүүддээ бол жинхэнэ донтдог байлаа. Математик, геометр, монгол хэл, уран зохиолын хичээлүүд бол миний зүүд нойронд хүртэл бодлогын хариу, шүлгийн мөртүүдтэйгээ хамт явдаг байлаа. Манай ангийнхан намайг зохиолч л болно гэж боддог байсан байх. Яагаад гэхээр би ангийнхандаа шүлэг, найраглалуудыг чанга дуугаар уншиж өгөх дуртай хүүхэд байлаа. Хэдий таван онцын эзэн байгаагүй ч таалагддаг хичээлүүдээ тултал нь хийчихдэг тийм л охин байсан даа.

Эр зоригтой харайлт, огцом амжилт эрчүүдэд л хамаатай

Залуудаа удирдах ажил хийнэ гэдэг хувь хүний чадвар, нөөцийг олон талаар нээж, чамгүй сорилт ч тулгадаг юм шиг санагддаг. Ядахдаа л залуу насны дэггүйтэл, алдаж онох эрх чөлөө бүгд хасагдана. Танд ямар мэдрэмжүүд ирж байсан бэ?

Залуудаа том компани удирдана гэдэг бол том сорилт. Хялбар байсан гэж би хэлэхгүй. Гэхдээ аливаад дасан зохицох хугацаагаа би аль болох түргэвчлэхийг хичээж ажилласан. Банк санхүүгийн мэргэжилтэй хүн нефтийн салбарын компани удирдах нь эхний нэг жил тийм ч амар байгаагүй. Барилга угсралт, техник технологийн нарийн ширийн зүйл ярихаар эмэгтэй захирал маань сайн ойлгохгүй байх вий гэсэн болгоомжлолоор харах ажилтныхаа харцнаас би маш яаралтай салбараа бүрэн дүүрэн мэддэг болох даалгаврыг авч байлаа. Тиймээс ажлаа авсан эхний нэг жилээ би зогсолтгүй, цуцалтгүй хөдөлмөрлөсөн.

Юмаа мэддэг болоод ирэхээр хүн чөлөөтэй хөдөлж эхэлдэг юм билээ. Ажлаас хамааралтай хувийн амьдрал дахь хязгаарлалтуудыг би аль болох зохицуулж сурсан. Тиймээс залуу нас, эрх чөлөөгөө би албан тушаалд оосорлуулж, бүчлүүлсэн зүйл байхгүй ээ.

Хүссэн хүсээгүй энэ бол эрэгтэйчүүдийн бизнес, энэ бол эмэгтэйчүүдийн л хийх ажил гэх ялгаатай хандлага байсаар байх юм. Та жишээ нь нефтийн салбарт удирдах ажил хийж буй залуухан бизнес хатагтай. Бодит амьдрал дээр энэ ажлыг хийхэд эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаа байдаг уу?

Нефть бол үндэсний аюулгүй байдлын түвшинд яригддаг том салбар. Тиймдээ ч энэ компанийг гэр бүлийнхээ хүний хамтаар хоёр талаас нь хамжиж удирддаг гэх үү дээ. Өнгөрсөн цаг хугацаа надад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аливаад хандах хандлагын ялгааг маш тод харуулж өгсөн он жилүүд гэж болно. Анх ажлаа авч байхад компани маань нэлээд их зээлтэй, зарим нь хугацаа хэтрэлттэй, банкуудаас дарамт шахалт ирдэг нэг тийм хүнд үе таарсан. Гэхдээ би хүнд хэцүү байна гэж халгаж зугталгүй, нүүр тулах ёстой бүхэнтэй тулж, оновчтой шийдлүүд гаргахын төлөө зүтгэсэн. Азаар шинэ салбарт орж ирсэн шинэ хүнд айдас болон ажлын хур стресс бага байдаг нь надад их тус болсон. Өдөр болгон тоо бодоод л компаниудын сар жилдээ хийдэг санхүүгийн тайланг өдөр болгон гаргаж хардаг, тэгээд банкуудтайгаа уулзаж өөрийн чадах амлалтаа өгч түүндээ хүрэхийн тулд маш шаргуу ажилласан даа. Чармайлт маань талаар болоогүйг тухайн үед “Голомт” банкны Байгууллагын Банкны газрын том байгууллагын хэлтсийн захирал Ю.Байгал, танай компани нээрээ гэж ирээд л зэмлэдэг байсан цаг хугацаа болон амласан хугацаандаа төлбөрөө төлсний дараа түүний баяр хүргэх тэр агшнуудад би хүчтэй мэдэрсэн. Нөхөр маань компанидаа эргэн ирж, ашгийн үзүүлэлтүүд маань огцом нэмэгдэх тэр цагт том бөгөөд зоригтой харайлтыг эр хүн хийдэг юм байна гэж ханиараа их бахархсан. Эндээс миний хийх дүгнэлт бол эмэгтэй хүн аливаа зүйлийг хэвийн бөгөөд жигд, тогтвортой явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин эр хүний хувьд түрүүн хэлсэн том харайлт, огцом амжилт тэдэнд илүү хамаардаг. Аль аль нь компанид байх ёстой дүрүүд. Тиймээс манай гэр бүлийн хувьд хоёулаа чаддаг чаддаг, зүйл дээрээ төвлөрч, хосолж ажиллах нь оновчтой гэж шийдсэн.

Сайн зураг зурдаг хэрнээ зурсан зургуудаа гэртээ овоолоод хүнд үзүүлэхгүй, өөрөө таашаал аваад суугаад байвал тэр хүнийг хэн ч сайн зураач гэхгүй.

Энэ асуултыг уулзсан хүн бүрээсээ асуумаар санагддаг. Хүн бүрт залуу насны идеализм гэж байдаг. Таны идеал, идеализм юу бол?

Сайхан асуулт байна. Хүүхэд байхад аав, ээжийн талын олон сайхан ах эгч нар манайхаар орж гардаг байсан. Ээж миний хор шарыг малтаж, бусдаас үлгэр дуурайл аваасай гэсэндээ, тэдний хүүхэд Москва явж гэнэ, Болгарт хуваарь авч гэнэ, аав ээж нь конкурс дээр нь очоогүй ч охин нь нэгт жагссан байна гээд л намайг ер нь сайн “сумладаг” байж. Сургуулиа төгсөөд үлгэр дуурайл авахуйц ах, эгч нар шигээ цэмцгэр, сүрлэг, чадалтай сайн хүн болно доо гээд л тодорхой төсөөллийг тархиндаа зурчихсан байсан. Аав маань арвин номын цуглуулгатай, ном их унш гэдэг байсан. Уншсан анхны ном маань Ж.Неругийн цуврал ботиуд байсан. Ном уншиж, кино үзсэнийхээ дараа болсон үйл явдал, гарсан дүрүүдийнх нь онцлогийг тал талаас нь бодож үзээд л, ургуулан бодоод л одоогийнхоор бол тун “эмо” хүүхэд байв /инээв/. Энэ бүхэн миний идеалыг бий болгож, бүрэлдүүлж байсан юм билээ. Сүүлд би Оросын телевизийн нэвтрүүлэгч Александра Буратаева гэх халимаг эмэгтэйг их шүтсэн. Тэр үед чинь Оросын соёлын нөлөө өндөр байсныг хэлэх үү, Людмила Гурченко, Монголоос бол Н.Сувд гуайг өөрийнхөө идеал гэж боддог байлаа.

Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн, цэнэг өгсөөр ирсэн тэр зүйл юу вэ?

Миний эргэн тойрон дахь намайг гэх сайхан хүмүүсээ хэлнэ дээ. Төрүүлж өсгөсөн ижии аав, тулж түшсэн хань ижил, туршлага дурсамжаа харамгүй хуваалцдаг найз нөхөд, нэгэн зорилгын төлөө өөдөө тэмүүлж яваа хамт олон, хариуцлагатай бөгөөд утга учиртай амьдрахыг үргэлж сануулж байдаг үр хүүхдүүд минь өнөөдрийн амьдралаа өнгөлөг, жаргалтай байлгах гол цэнэг байсаар ирсэн.

Гэр бүлээ танилцуулаач?

Миний нөхөр Р.Батбаяр. Монголын нефтийн салбарт олон жилийн хөдөлмөрөө тууштай зориулсан хүн. Гурван хүүхэд, эхнэрийнхээ гол өмөг түшиг болсон хайртай баатар нь.

Та Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Бизнесийн салбараас олон нийтийн ажил тэр дундаа улс төр лүү нүүдэл хийхэд ойр дотныхон чинь ямраар хүлээж авсан бэ?

Сайн зураг зурдаг хэрнээ зурсан зургуудаа гэртээ овоолоод хүнд үзүүлэхгүй, өөрөө таашаал аваад суугаад байвал тэр хүнийг хэн ч сайн зураач гэхгүй. Албагүй л дээ. Гэхдээ хайран сайхан өгөгдөл, туршлага, мэдлэг өрөөний буланд эргэлдсээр өнгөрөх харамсалтай. Миний хувьд бизнесийн салбарт арав гаруй жил зүтгэж тодорхой хэмжээний мэдлэг чадвар хуримтлуулсан учраас өөрөөсөө илүүчилж чадах зүйлээ улс эх орныхоо төлөө ялангуяа эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэх тал дээр дорвитой юм хийе л гэж бодсон юм. Бизнесээс улс төр лүү орж байгаа хүнийг яавч сайнаар харахгүй байгаа хандлагыг бид өдөр тутамдаа харж л байна. Гэлээ гээд угаасаа л болохгүй бүтэхгүй юм чинь гээд дуугүй хараад суух тэвчээр хүрсэнгүй ээ. Миний зөв гэж бодсон зүйлийг няцааж, буцаахаасаа илүү дэмжиж тэтгэдэг сайхан хүрээлэл надад бий.

Би мундаг хүн болно, гэр бүлийг дараа нь тавина гэх хүмүүс байдаг. Та тэдний нэг үү?

Ач холбогдлын дарааллаар тэр нь тийм байх ёстой гэсэн ягшсан томъёололд би дургүй. Зөв цагт зөв зүйлийг онож хийх ухаанд суралцах нь л чухал. Сайн ээж, сайн эхнэр байхыг хүсдэг ч ажил дээрээ ихэнх цагаа өнгөрөөчихдөг. Тараад гэр лүүгээ гялс очиж хүүхдүүдээ яасан ийсэн гэж шалгааж, гэрийн даалгавраа хийж байхад нь ном барьж суугаад хань болохыг хичээдэг. Хаана хэдэн цагийг зарцуулсандаа биш ямар цагийг хэнд хэрхэн зориулав гэдэг л чухал. Гэр бүлдээ зориулах цаг хугацааныхаа чанарт би онцгой анхаардаг.

Энэ бүхэн нүсэр ажил юм, би эмэгтэй хүн, эр нөхөр, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихээд эмэгтэй л хүн байя гэх бодол орж ирдэг үү?

За ер нь ачааллаа тэнцүүлж л сурах хэрэгтэй дээ. Эмэгтэй хүн ачаалал нь ихдээд ирэхээр л ааш нь олдохоо больдог хэцүү хүмүүс шүү дээ. Гэхдээ хүнд ачаа үүрэхийг хүсдэг эмэгтэйчүүд өгөгдлөөрөө ондоо байдаг. Гэнэт хийж байсан ажил, хүлээж байсан үүрэг хариуцлагаас няцаад л, ер нь би эмэгтэй хүнийхээ байгалиас өгөгдсөн үүргээ л биелүүлье гээд байгаа боломжоосоо ухарч байсан эмэгтэй олныг хараагүй юм байна. Гол нь нэгэнт даагаад явж чадна аа л гэж шийдсэн л бол аливаа зүйлийнхээ давс хужрыг сайн тохируулдаг л байх хэрэгтэй. Хүндэрсэн ачааг чинь хөнгөлөлцөөд өгье гэх санаачилгатай хүн барагтай л гарахгүй дээ. Байх л ёстой, хийх л ёстой зүйл гэж үздэг, сайн ээж, сайн эхнэр байх тухайд.

Бизнес ажил хэрэг хажуугаар нь олон нийтийн ажил, мэдээж эзэгтэйн үүрэг хэмээх гурвалсан холбоос дунд та өөрийгөө хэрхэн энэ бүхнээс чөлөөлж, өөртөө хэрхэн цаг гаргаж байна вэ?

Товчхондоо бол би өглөөний хүн. Өөртөө илүүчлэх цаг хугацааг өглөө бүр гаргадаг. Дуртай номоо уншиж, хүссэн киногоо үзэж, найз нөхөдтэйгээ уулзах цаг хугацааг өглөө эрт илүүчилж гаргасан цаг хугацаанаасаа нөхөж авдаг. Нэг л өглөө оройтоод босчиход бүх юм цаг хугацаандаа багтаж шингэхээ больчихсон юм шиг бөөн стресс үүсгэдэг. Өглөөний гайхамшиг их бий.

Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Та амьдралынхаа яг энэ үед юунд суралцаж байна вэ?

Урсгалаар суралцдаг, ухаан бодлоо төвлөрүүлж суралцдаг зүйл гэж ондоо байх. Техник технологийн хөгжлийн урсгалд өдөр тутамдаа хичнээн ч шинэ зүйлст суралцаж байгаагаа хэлж мэдэхээ байлаа. Харин ухаан бодлоо төвлөрүүлэн яг одоо суралцаж байгаа зүйл гэвэл, бага охиноороо төгөлдөр хуур заалгаж байна. Охин маань ч бас хүнд юм зааж сураг гэж бодсон юм.

Та ази маягийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Сайхан харагдахын тулд юу хэрэгтэй вэ?

Гоо үзэсгэлэн, гадаад үзэмжийг би хэлбэр төдий зүйл биш гэдэгт бүрэн итгэдэг. Үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд та сайхан зүйл бодож явахад л хангалттай гэж боддог. Өөртөө итгэлтэй, үргэлж сайн сайхан зүйлийн төлөө бодол сэтгэлээ чиглүүлж байхад гаднах үзэмж аяндаа тогтоод ирдэг. Мянга гоёж гоодсон, гялгар эмэгтэйн амнаас гарч байгаа ганц үг нь хүчээр бий болгосон гоо үзэсгэлэнг нь нураах эрсдэлтэй. Юм байгаагаараа байх сайхан гэж бид ярьдаг даа.

Та хэр үрэлгэн хүн бэ?

Үрэлгэн байх аа. Гэхдээ хүний хэрэгцээ хязгаартай. Хоёр метр хүрэхтэй үгүйтэй унтах газар, хоногт ходоодоо дүүрэн байлгах аяга хоол л хэрэгтэй шүү дээ, эцсийн дүндээ. Гэхдээ өөрийгөө сэтгэл хангалуун байлгах биед эвтэйхэн чанартай хэдэн хувцас, өвчин эмгэг тусгачихгүй эрүүл чанартай хоолонд нэг их нарийлж, харамлаж, хэмжиж, огтолж үзээд байхыг хүсдэггүй.

Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?

Би бэрхшээлийн өмнө бөхийхдөө ямар нэгэн гарц заавал байгаа гэж өөрийгөө зоригжуулдаг өөдрөг хүн. Гэхдээ өвчин зовлонгийн өмнө хүчин мөхөсдөж, өчүүхэн юм бэ дээ гэж өөрийгөө өрөвдөн хорвоогийн жамаар хацраа исгүүлэх тэр мэдрэмж л хамгийн аймаар. Өвчин зовлонгоос бусдыг бол болгоно доо л гэж боддог.

Амьдралд хүн бүр даалгавартай ирдэг гэдэг. Ялангуяа амжилттай яваа хүмүүст бүр илүү хамаатай байх. Та үүрэг даалгавараа юу гэж ухамсарладаг вэ?

Тийм ээ, би тантай санал нэг байна. Би ч гэсэн өөрийгөө даалгавартай ирсэн гэж боддог. Түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгээд эхэлчихсэн. Гэхдээ зорилго маань надаас маш олон зүйлийг шаардаж байна. Гол нь няцахгүй, тууштай байх хэрэгтэй шүү гэж өөрийгөө зоригжуулж явна. Өөрийнхөө юуны төлөө зорьж зүтгэж байгааг тайлбарлаж ойлгуулна гэдэг бас том ажил юм. Маш олон эмэгтэйчүүд, гэртээ сууж буй хөгшчүүд, ажилгүй байгаа залуусыг хамрах нэг төсөл эхэлчихээд явж байна. Удахгүй үр дүн нь нүдэнд үзэгдэж, гарт баригдана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Миний даалгавар биелэгдэж, бардам яриад суух цаг хугацаа ойртож байгаа гэдгийг мэдэрч байна.

                                                                                                                                                Ярилцсан Б.Саян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (113)
  • Retweet (27)
  • Retweet (20)
  • Retweet (17)
  • 09-19 15:46
    Retweet (13)
  • 09-19 17:30
    Retweet (11)
  • 09-19 15:16
    Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 09-19 17:43
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 09-19 15:58
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-19 16:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)