УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Шатрын хүү ухарч нүүдэггүй, хүсэл эрмэлзэлтэй хүн зорилгоосоо ухардаггүй
2020 оны 5 сарын 12

Бага насны гэгээн өдрүүдээ бүх шинжлэх ухааны хаан матетамикаар амьсгалуулж, хамгийн оюунлаг спорт шатраар даль жигүүр хийж явсан Б.Саранчимэгийг хожмоо төрийн түшээ, түмэнд хүндлэгдэсэн нэгэн болоход гэр бүлийн хүмүүжил, төрөлхийн тоондоо “гавал” толгой, том эгчийн хайр, хариуцлага сүлэлдсэн өвөрмөц зан чанар чухал нөлөө үзүүлсэн байх гэх бодол төрнө. Дөрвөн хүүхэдтэй айлын ууган нь болж мэндэлсэн тэрээр дунд сургуулиа дүүргэхдээ алтан медаль энгэртээ гялалзуулан конкурсийн эрэмбээр нэгд жагсаж, дуртай хуваариа авсан нь Новосибирскийн Цахилгаан техникийн дээд сургуулийн Удирдлагын автоматжуулалтын системийн инженер. Хэлэхэд хэл ээдэхээр энэ мэргэжил одоогийнхоо бол IT инженер гэсэн үг. IT бүү хэл компьютерийн талаар ойлголтгүй байсан 80-аад оны сүүл үед хожмоо моод болох энэ мэргэжлийг сонгоход түүнд аав нь нөлөөлсөн гэдэг. Аавын заасан зам, ээжийн өгсөн хайр хүмүүжлийн үр, өвөг дээдсийн үлдээсэн үүрэг даалгавар гэлтэй тэрээр төрсөн дүү Б.Наранхүүгийн хамт нэг парламентад сууж, төр түшиж, бодлого боловсруулж яваа нь ховор хувь тавилан болоод онцгой үүрэг даалгавар гэлтэй. Тийм ээ, амьдралд хүн бүр даалгавартай ирдэг! Ялангуяа амжилттай яваа хүмүүст бүр илүү хамаатай энэ ойлголт эрхэм гишүүн Б.Саранчимэгийн тухайд айлын том эгч, тоочин, шатарчин, IT инженер улмаар төрийн түшээ болгож тэр өдгөө зөвхөн дүү нарынхаа төлөө биш түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хичээж явна. Ингэхдээ юунд ч үл түүртэх агаад хэзээд сайхан сэтгэл, инээд цацруулан явах нь түүний мөн чанар аж. Гаднаа зөөлөн, нинжин дотроо чанад хатуу, чигээрээ дайчин түүнийг ийм өөр байхад он жилүүдийн цаанаас гэрэлтэх бага насных нь хонгор дурсамжууд эрчим, энерги өгсөөр байдгийг ч тэр онцолсон. Үргэлжийн онц сурлагатны хувиар нэрээ дуудуулж, тоочны хувиар гадны сэтгүүлд “од” болдог байсан бяцхан охин хувь хүнийхээ хувьд ямар эгэл, ямар зөөлөн, ямар том хувь хүн болон төлөвшснийг өнөөгийн улс төр дэх түүний орон зай, бий болгосон оюунлаг имиж тодорхойлдог билээ.

-Танайхан бүгд тоочид гэдгийг мэдэх юм. Чухам юу та нарыг тоо, физик гэх мэт байгалийн ухаанд татагдахад нөлөөлсөн юм бэ?

-Миний сурч байсан Дундговь аймгийн Мандал хотын Нэгдүгээр сургууль угаасаа волейбол, математикаараа улсад алдартай, байнга олимпиадад оролцдог сургууль байсан юм. Ялангуяа бидэнд тоо, математик заасан Түвдэн багш бидэнд гайхамшигтай нөлөө үзүүлсэн эрхэм хүн. Энэ хүний нөлөөгөөр бид гэр бүлээрээ тоонд дурлаж өссөн. Би гэхэд тавдугаар ангид байхдаа 10 дугаар ангийн Алгебрийн тоог бодоод дуусгачихсан гээд бодохгүй юу. Багш маань Оросын математикийн сэтгүүл “Математика школа квант”-аас их тоо бодуулдаг байсан нь ингэж “цоороход” нөлөөлсөн хэрэг.

Аймгийн Математикийн аварга шалгаруулах тэмцээн болгонд оролцож, аварга болно. Хүүхэд насанд ийм явдал маш их урам, зориг өгдгийг хэлэх үү, урамшаад, хөөрөөд явж өгсөн дөө. Дүү нар маань хүртэл тоо, физикээр амьсгалж өссөн. Б.Наранхүү /төрсөн дүү, УИХ-ын гишүүн,сурв/ маань физиктээ илүү сайн бол Одноо маань /төрсөн дүү.сурв/ математиктаа сайн байлаа.  

-Таны хувьд улсын хэмжээний амжилт үзүүлсэн үү?

-Дунд сургуулиа төгсөх жилээ Тооны аварга шалгаруулах улсын олимпиадад аймгаасаа оролцож байлаа. Улсын олимпиадад аймаг, аймгаас нэг хүүхэд ирнэ. Тэр жил би ганцаараа эмэгтэй байж билээ. Сонирхуулахад Увс аймгаас одооны Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, улсад хоёрдугаар байр эзэлж, Олон улсын тооны олимпиадад оролцохоор явж байлаа. Маш сайн математикч байсан юм.

-Та тоочин байснаараа юу хожсон бэ?

-Хамгийн эхний амжилт аравдугаар ангиа алтан медальтай төгсч байлаа. Тэр үеийнхний хувьд маш том амжилт л даа. Ганц ч сайнгүй хүүхдэд өгдөг байсан өргөмжлөл маягийн зүйл. Тоондоо сайн байсан учраас л надад ийм боломж оногдсон гэж бодож явдаг. Мэргэжлээ сонгоход ч тоондоо сайн байсны хэрэг гарсан. Дүнгийн жагсаалтаар конкурсийн жагсаалт гарахад би онц сурлагатны хувиар нэгд жагсаж, дуртай хуваариа авах эрх эдэлж байлаа. Тэр жил арваа төгссөн 300 хүүхдээс ийм эрх ямба эдэлнэ гэдэг тэр үедээ бол юутай ч зүйрлэх аргагүй амжилт байлаа. Хүүхэд насны энэ мэт баяр хөөр, урам зориг хүний насан туршийн цэнэг, сайн хүн байх, сайхан амьдрах тэмүүлэл өгдөг юм шиг санагддаг.

Нөгөө талаар тоо их боддог хүүхэд аливаад няхуур, сэтгэлийн хөдөлгөөн багатай, шийдвэр гаргахдаа алсыг хардаг, төлөв хүн болж төлөвшдөг гэж багш маань хэлдэг байсан. Тэр зүгийн зан чанар миний амьдралд сайн нөлөө үзүүлсэн гэдэгт эргэлздэггүй. Ер нь шатар, тоо хоёр миний амьдралд маш их зүйл өгсөн байдаг.

-Мэргэжил сонголт гэснээс та яг ямар мэргэжилтэй юм бэ?   

-Одоогийнхоор бол компьютерийн инженер. Тухайн үеийн нэршил нь Удирдлагын автоматжуулалтын системийн инженер. Аав маань эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Миний хүү тоондоо сайн юм чинь тоо талдаа мэргэжлээ сонгосон нь зөв байх, гэхдээ аав шиг эдийн засагч болоод яахав, энэ мэргэжил л ирээдүйд их зүгээр байх гэж зөвлөсний дагуу тухайн үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд хуваарь авч байлаа.

Аавын зөвлөсөн, алсыг харсан нь яг л оносон байсан. Мэргэжлээ сонгож байсан 80-аад оны тэр үед компьютер, программ хангамж гэдэг үг, ойлголт ч байхгүй шахуу байсан цаг. Харин сургуулиа төгсч ирэх үеэр шинэ тутам хөгжиж эхэлж байсан даа. Одоо бол компьютергүйгээр хүний амьдралыг төсөөлөхөд ч бэрх болчихлоо шүү дээ.

-Аав чинь хэлэхэд ч хэл орооцолдмоор энэ мэргэжлийг ирээдүйд “моод” болохыг нь яаж мэдсэн юм бол?   

-Тэр чинь 1986 он шүү дээ. Бас ч гэж перестройка буюу өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзээд эхэлчихсэн байсан үе. Тэгээд ч ээжийн төрсөн ах нь ГОК-т ажилладаг инженер хүн байсан юм. Хуваарь авчихаад аав ээж хоёр маань намайг дагуулаад миний авсан мэргэжлийн судалгааг хийхээр Эрдэнэт рүү нагац ахынх руу айлчилж байлаа. Тэр үед ганцхан ГОК-т л Удирдлагын автоматжуулалтын системийн инженер гэдэг ажлын орон тоо байсан юм байж. Ирээдүйн ажилтайгаа танилцахаар Эрдэнэт үйлдвэрт яваад орсон чинь нэг хана дүүрэн юм байж билээ. Тэр үеийн компьютер гэж маш том шкаб шиг эд байсан хэрэг. Одоо бол нэг таблет л болчихлоо ш дээ. Үнэхээр үсрэнгүй хөгжиж байгаа салбар шүү.

-Гол нь сургуулиа төгсч ирээд мэргэжлээрээ ажилласан уу?

-Ажилласаан. Тэр үед хүний нөөцийн бодлого маш нарийн төлөвлөлттэй хийгддэг байсан цаг. Би Геологийн яамны нэр дээр их сургуульд явж байсан. Сургуулиа төгсч ирээд УИХ-ын Тамгын газарт мэргэжлээрээ хуваарилагдлаа. 1992 он. Дөнгөж компьютер гэдэг зүйлтэй танилцаж эхэлж байсан үе. Бид хоёул ажиллана. Төрийн ордны анхны дотоод сүлжээг хийж, УИХ-ын Тамгын газраас авахуулаад төрийн байгууллагуудын анхны веб хуудсыг хийж байлаа. Гишүүдэд компьютерийн хичээл, и-мэйл, интернет хэрхэн ашиглах талаар хүртэл зааж байлаа. Мэргэжлээрээ УИХ-ын Тамгын газарт 7 жил ажилласан байдаг юм.

-Тэр үед УИХ-ын гишүүн болоод эргэж ирнэ гэж төсөөлөөгүй л байх даа...

-Мэдээж. Их хурлын гишүүн болно гэсэн зорилго бү хэл төсөөлөл ч байгаагүй, дөнгөж төгсч ирсэн охин урдах ажлаа хийгээд л гүйж явлаа. 311 тоот өрөөнд сууна. 19 жилийн дараа их хурлын гишүүн болоод эргэж орж ирэх сонин л юм билээ. Тэр үед хамт ажиллаж байсан хүмүүс маань маш халуун дотноор хүлээж авсан нь хамгийн сайхан. Тамгын газрын хамт олноосоо олон зүйл сурсан байдаг юм.  

-Тэр үетэй харьцуулахад төрийн ордонд олон зүйл өөрчлөгдсөн байж таарна. Хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл юу гэж танд санагддаг вэ? 

-Маш их өөрчлөгдсөн зүйл гэвэл манай мэргэжлийн салбар л үсрэнгүй хурдтай хөгжсөн юм уу даа. Тэр үед УИХ-ын Тамгын газар гучаад хүнтэй, түүн дотор мэдээллийн технологийн 2 ажилтантай цомхон бүрэлдэхүүнтэй, ачаалал өндөртэй ажилладаг байлаа. Одоо бол Мэдээллийн технологийн хэлтэс гээд олон ажилтантай том бүтэц болсон байна.

-Математикчтай уулзвал заавал асууна даа гэдэг нэг асуулт байдаг юм. Яагаад тоо бол бүх шинжлэх ухааны хаан гэдэг юм бол?

-Бүх хүн математикч болох албагүй ч бүх хүн эцэг эх болдог гэдэг шүү дээ. Чи заавал тоондоо сайн байх албагүй харин амьдрал бол чиний туулах ёстой жам ёсны зүйл гэсэн утгатай үг байгаа биз. Нэг ёсны тоог үгүйсгэсэн утгатай ч юм шиг. Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал чи математикч болохын тулд математик суралцах албагүй ч гэлээ сайн эцэг эх болж, сайхан амьдрахын тулд тоондоо сайн байх ёстой гэсэн үг байна гэж харж болохоор байгаа биз. Өөрөөр хэлбэл тоондоо сайн хүмүүсийн логик сэтгэлгээ, юманд хандах хандлага ихээхэн өөр байдаг нийтлэг хандлагыг үнэлсэн үг юм шиг надад санагддаг.   

-Та бол энэ парламентын сайн шатарчдын нэг. Шатарчны авьяас чинь тоондоо сайн байсантай холбоотой юу?

-За бараг шатар нь анхдагч гэж болно шүү. Зургаа, долоотойгоосоо эхэлж шатраар “занималдсан” байдаг. Хөршийн шатарчин өвөө нарын нөлөөгөөр тийм багадаа шатарт уруу татагдсан хэрэг. Ялангуяа Сүрьеэ гэдэг өвөөг одоо хүртэл дурсаж, хүндэтгэж явдаг даа. Байрны шатарчдын бараг тэргүүн нь л дээ. Би Сүрьеэ өвөө тэргүүтэй тэдгээр шатарчдыг бараадаж, цайрайчилна. Нэг өдөр шатар тогломоор байна гэсэн чинь нэлээд цааргаллаа. Бараг дургүйцэж байна. Сургуульд ч ороогүй жаахан хүүхэд шатар тоглоё гэхээр чинь хэн ч тэгнэ биз дээ. Гэвч нэг өдөр тоглохыг зөвшөөрөөд зогсохгүй бэрсийг нь идэх боломж гаргаж өгч надад хожигддог юм байна. Мэдээж би хожоогүй. Сүрьеэ өвөө хожигдож өгсөн хэрэг. Ингэж шатарт ухаангүй дурлаж байлаа. Өвөө маань нэгдүгээр ангид ороход шатар авч өгснөөр жинхэнэ шатрын улаан фен болсон. Одоо болтол надад хадгалагддаг нандин зүйлсийн нэг нь өвөөгийн бэлэглэсэн шатар. Хүнд шатар хүн бэлэглэх нь ч миний хувьд маш  нандин бэлэг байдаг.

-Шатар тоглох хоббигоо ажил хэрэг болгож “Ногоон бэрс” клуб байгуулсан юм билээ. Үр нөлөө нь юу байна?

-Юун түрүүн шатар миний амьдралд оюун санаагаа дагаж амьдрах зам мөрөөс авахуулаад олон сайхан найз нөхөд бэлэглэснийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Биднийг багад одоогийнх шиг зурагт, интернет, компьютер гэж байсангүй. Сав л хийвэл шатар тоглохыг хүн болгоноос гуйж, шатраар амьсгалж явсан бага насны он жилүүддээ надад шатар байсан учраас би өөр зүйлд уруу татагдаж явсангүй байдаг. “Ногоон бэрс” клуб бол тэр дурсамжаас үүдсэн зүйл. Ялангуяа хүүхэд залуус компьютерт,  компьютер тоглоомонд ихээр уруу татагдаж байгаа энэ цаг үед оюуны спортыг хөгжүүлэх ёстой юм байна гэдэг үүднээс “Ногоон бэрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж болно. Үр нөлөө гэвэл үнэхээр чамлахааргүй байгаа. Энэ хөтөлбөрт нийт 6000 хүүхэд хамрагдсан гэсэн тооцоо байна. Сонгогдсон тойрогтоо шатрын 10 клуб байгууллаа. Одоогоор БЗД-ийн 4 сургууль, 6 цэцэрлэгт “Ногоон бэрс” клуб үйл ажиллагаа явуулж байна. Гурав дахь жилдээ, 5 дахь удаагаа “Ногоон бэрс” тэмцээн болж байна. Зөвхөн сүүлийн тэмцээнд гэхэд 500 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ бол чамлахааргүй үр нөлөө гэж би хувьдаа үзэж байгаа. Бага насанд сурсан, дурласан зүйл юу байна тэр зам мөр хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Өнөөдөр компьютер тоглоом биш шатарт дурлаж, шатраар хичээллэж байгаа хүүхэд ирээдүйд ямар нэг амжилт үзүүлнэ гэдэг би лав эргэлзэхгүй байна.   

-Саяхан та ОХУ-д болсон “Олон улсын парламентын наадам”-д шатрын төрлөөр оролцож, эмэгтэй шатарчдаас тэргүүлсэн амжилттай эргэж ирсэн. Дэлхийн хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөх ямар байв?

-Парламентын гишүүн болсныхоо дараахан Шатрын лобби бүлгийн ахлагчаар сонгогдсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. Нэг өдөр дуудаж дээрх тэмцээний талаар дуулгаж, оролцох санал тавьсан. Монголоос УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бид хоёр оролцсон. Багын мөрөөдөл, агуу шатарчин Карповтой нүүр тулж уулзаж, шатар нүүх боломж олдсон. Оросын ДУМ-ын гишүүн юм билээ.

Тэмцээний тухайд 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа уламжлалт тэмцээн юм билээ. Үүгээрээ оросууд бид оюун санааг, оюуны спортыг дээдэлдэг ард түмэн гэсэн том амбицаа харуулдаг байх гэсэн сэтгэгдэл төрсөн.

Тэмцээний эхнийг өргийг Энэтхэгийн Элчин сайд урилгаар ирж нүүсэн. ДУМ-ын орлогч дарга нь өөрөө тэмцээнд оролцсон, Молдавын Олон улсын хэмжээний мастер ирж оролцсон гэх мэтээр нэлээн амбицтай тэмцээн болдог юм билээ. Миний хувьд Капровоос гадна харааны бэрхшээлтэй хэрнээ дэлхийн сайн шатарчдын нэг гэгддэг, тэмцээний үеэр бүх хүнийг хожоод байсан хүнтэй тоглож, хожчихсон нь анхаарлын төвд оруулчихдаг юм байна. Миний биш Монголын нэр гарч байгаа юм л даа, хамгийн гол нь.

Ер нь томоохон улс орнууд төрийн бодлогын хэмжээнд оюуны спорт шатрыг дэмжиж, амбицаа тодорхойлж байна. Дасгалжуулагчаас гадна сэтгэл зүйч, ахуй нөхцөлөөр хангаж өгч байна. Бидэнд суралцах зүйл их байна гэж харсан.

-Таниас өөр сайн шатарчин гишүүд гэвэл та хэнийг онцлох вэ?

-Миний хувьд жирийн шатарчдын нэг шүү /инээв/. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Б.Энхболд, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж гээд сайн шатарчид бий бий.

-Шатрын яг юу нь тэгтлээ их сэтгэл татдаг вэ? Ямар таашаал өгдөг вэ гэх үү дээ...

-Хэдий 64-хөн нүдтэй ч олон мянган нүүдэлтэй, нүүдлүүд нь хэзээ ч давтагддаггүй, тэр хэрээр оюун ухаан, тооцоолол шаардаж байдаг өвөрмөц спортын төрөл шүү дээ. Шатар, амьдрал хоёр үүгээрээ их адилхан гэж би хувьдаа үздэг. Амьдрал шатрыг дуурайдаг гэж Каспаров хэлсэн байдаг. Үнэндээ шатар амьдралтай адилхан юм шиг ээ. Энэ тухай ер нь шатар болоод амьдралын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн “Шийдэмгий нүүдэл” ном маань саяхан хэвлэлтээс гарсан. Энд миний үзэл санаа нэлээн сайн тусгалаа олсон гэж болно шүү.

-Яагаад голцуу эрчүүд тоо, шатар гэх мэт зүйлд амжилт гаргах нь илүү байдаг юм бэ?

-Эрэгтэй, эмэгтэй гэхээсээ илүү хувь хүнээс шалтгаалдаг байх аа. Голцуу эрчүүд бодлого шаардсан салбарт амжилт үзүүлдэг нь магадгүй тэд золиос гаргаж, тууштай байх тал дээрээ хүүхнүүдээс илүү байж болох юм. Эмэгтэй хүн гэр орон, үр хүүхэд гэх мэт ахуйн асуудалд харьцангуй их цаг зав, оюун санаагаа зориулах ёстой байдаг шүү дээ. Ийм л шалтгаан байдаг байх. Бусдаар хүйсийн ялгаа сүйдтэй нөлөө үзүүлэхгүй байх аа.

АНУ-ын ерөнхийлөгч агсан Авраам Линкольн, “Би удаан явдаг, гэхдээ би зогсолтгүй хөдөлмөрлөдөг” гэсэн байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тууштай байх явдал алив юманд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлдэг зан суртахуун юм.

-Ингэхэд улс төрч, УИХ-ын гишүүн болсноор таны хувьд юу өөрчлөгдсөн бэ? Энэ хариуцлагатай магад хамгийн эрхэм хүндтэй энэ алдар хүнд танд юу авчирсан бэ?

-Юу өөрчлөгдөхөв дээ. Албан тушаал бол түр зуурынх, амьдрал бол мөнхөд үргэлжлэх карьер шүү дээ. Хэзээ ч хүнийг ялгаж, бас албан тушаалынхаа эрэмбэ зэргээр бусадтай харьцаж явсангүй. Амьдралд ч тэгж хандаж байгаагүй. Саранчимэг энэ хэвээрээ л дуусах болно.

Яах вэ, УИХ-ын гишүүн хэмээх хүндтэй алба, сонгогчдын маань надад өгсөн итгэл илүү хариуцлагатай, илүү хичээнгүй, завгүй ажиллах үүрэг авчирсан. Үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хичээсээр ч байх болно. 

-Ямар ч комплексгүйгээр өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгөөч. Үүргээ та хэр сайн биелүүлсэн бэ? Дунд сургуулийн онц сурлагатан, тоочин охин шиг гэрийн даалгавраа сайн хийж чадсан уу?

-УИХ-ын гишүүний гол үүрэг бол хууль батлах, батлагдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих шүү дээ. Үүгээрээ бодлого, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж байдаг. Манайд яахав, сонгуулийн хууль, тойргийн хуваарилалтаасаа болоод харьцангуй аж ахуйн асуудалтай зууралдах шаардлага гардаг ч гэлээ үндсэн чиг үүргээ орхигдуулаад байдаггүй.

Миний хувьд “Үгэнд биш үйлдэлд итгэ” гэдэг уриатай их хурлын гишүүний ажлаа эхлүүлсэн. Муугүй ажилласан гэж өөрийгөө дүгнэж болно. Нэлээдгүй хуулиудыг санаачилж бас ажлын хэсэгт нь орж ажиллалаа. Жишээ нь, Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, нэлээн санаачилгатай ажилласан. Олон жил яригдсан Биеийн тамир спортыг дэмжих тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хуулийн төсөл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөл гэх мэт илүүтэй нийгмийн чиг баримжаатай хуулийн төслүүдийг онцолж болж байна.

Хэзээнээсээ намайг тодорхойлж ирсэн байгаль орчин, ногоон, экологийг хамгаалах чиглэлд бодлогын чанартай хуулийн өөрчлөлт, баримт бичгүүд дээр нэлээдгүй ажилласан. Нийгмийн эрүүл мэнд, орчны эрүүл ахуйн чанарыг сайжруулж, жинхэнэ хотын өнгө төрхийг бий болгоход ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн онцгой чухал үүрэгтэй гэж үздгийн хувьд Ботаникын цэцэрлэгт хүрээлэнг сэргээн байгуулахад нэлээдгүй хүчин чармайлт гаргаж ажилласных эхнээсээ үр дүнгээ өгч байна гэх мэт яриад байвал нэлээн сунжруу яриа болох байх. Ингэсгээд өндөрлөе дөө /инээв/.  

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, улс төрч эмэгтэйчүүдийн давуу болон сул тал, жаргал зовлонгийн талаар янз бүрийн л яриа байдаг. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?

-Зөвхөн улс төр гэлтгүй бүх салбарт эмэгтэй хүн эрчүүдээс 10 дахин шаргуу ажиллаж байж хүлээн зөвшөөрөгдөж, амжилт гаргадаг гэх нь бий. Тэглээ гээд урвагнах эрх байхгүй. Нэгэнт шийдсэн бол туулаад гарах ёстой зам. Улс төр бол эмэгтэй хүнд хүнд хэцүү тулааны талбар гээд гараа хумхиад суух эрх ч байхгүй. Хувь тавилан чамд ийм үүрэг даалгавар оногдуулсан бол хийх ёстой. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг зарчим баримталж, эмэгтэйчүүд бид шийдвэр гаргах түвшинд илүү олноороо дуу хоолой, байр сууриа илэрхийлж ажилллах ёстой гэж боддог доо. Мэдээж элдэв хов жив, хэл аманд өртөх нь эмэгтэй гишүүдэд халгаа ихтэй боловч юунаас айх гэж. Зөв явбал цаг хугацаа бүхнийг харуулдаг жамтай шүү дээ.

-Улс төрч байхын юу нь танд таалагдаж байна? Бас юу нь таалагдахгүй байна вэ?

-Таашаал, улс төр хоёр хамаатай гэж бодохгүй байна. Улс төр харьцангуй дүрэм журамд баригддаг, хувь хүнээс ихээхэн хичээл чармайлт, бусдын төлөө амьдарч чадах уужуу сэтгэл шаарддаг ертөнц гэж би хувьдаа боддог. Энд анхнаасаа би бусдын төлөө юуг ч үл ажран ажиллаж чадна, нийгмийн зүгээс ирэх элдэв шаардлага, шүүмжийг тоохгүй гэж шийдсэн хүмүүс л үүдийг нь татаж ордог байх. Миний хувьд сонгогчдынхоо сайн сайхны төлөө ажиллаад тэднээсээ талархал, урмын үг хүлээж авах нь сайхан байдаг. Магад айлын том, дүү нартаа эгчирхэж өссөний улбаа биз. 

-УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга, Шатрын холбооны дэд ерөнхийлөгч гэх мэт бишгүй олон ажил та хашдаг юм билээ. Хажуугаар нь гэрийн эзэгтэй, ээжийн үүрэг гэж бий. Олон ажлыг зэрэг амжуулах эрч хүч, урам зоригоо хаанаас авдаг вэ?

-Аливаа юмны сайн талыг олж харах нь надад багаас төлөвшсөн зан чанар юм билээ. Амьдралын сайхныг олж харж чаддаг энэ зан маань надад маш их эрч хүч өгсөөр ирсэн. Тэгээд ч би их азтай хүн. Сайн хүмүүстэй учирч, сайхан ханьтай амьдарч явна. Хичнээн их ажилтай ч гэртээ ороод ирэхэд амар амгалан, тайвшрал, таашаалыг нөхөр, хүүхдүүдээсээ авчихна. Гадуур явахдаа аль болох хүнд тусалчих юмсан гэж чадлаараа хичээнэ. Түүний хариу тус заавал ирдэг. Талархлын үгнээс авахуулаад хувь заяа минь зөв, сайхан яваа нь бусдад тустай явсны хариу гэж бодож явдаг. Зөв явахад амьдрал сайхан.  

-Хань гэснээс таны нөхөр Мөнхбаатар МИАТ-д нөлөө бүхий алба хашдаг. Гэр бүлийн хоёр хоёулаа төрд ажиллах хэр зохимжтой гэж та боддог вэ?

-Нөхөр маань Хэнтийн Нэгдүгээр сургуулийг бас онц төгсөөд Новосибирскийн Цахилгаан холбооны сургуулийг дүүргэсэн хүн. Сургуулиа төгсч ирээд мэргэжлээрээ төрийн албанд ажилд орсон. Тэр цагаас хойш яг л мэргэжлээрээ ажилласаар өдий хүрсэн. Би их хурлын гишүүн болмогц л нөхөр маань төрийн албанд ороод, тушаал ахичихсан юм биш л дээ. Жам ёсоороо мэргэжлийн ур чадвараа үнэлүүлээд хэрэгтэй газраа ажиллаж яваа хүн. Эхнэр нь Их хурлын гишүүн боллоо гээд ажлаасаа гарах утгагүй биз дээ.

-Та хоёр тэгвэл оюутан цагийн хайраа амьдрал болгосон хосууд байх нь?

-Оюутны хоёрдугаар курстээ танилцаж гэр бүл болсноос хойш 30 жил болж байна. Тийм  багадаа танилцаад олон жил ханилаад ирэхээр нэг хүн шиг болдог юм байна.

-Нээрээ би андуураагүй бол Мөнгөн хуримаа Италид хийлээ гээд байлуу?

-Тэгсэн тэгсэн, та айхтар нарийн санаж байна. Биднийг залуу байхад итали дуу ид моодонд орж байсан үе. “Санремо” гэдэг концерт их үзэцгээнэ. Хайраа итали дуугаар дамжуулж илэрхийлнэ. Тэгэхэд нөхөр маань, хайрыгаа Санремод аваачина аа гэж ярьдаг байсан юм. Энэ мөрөөдлөө биелүүлж эхнэр нөхөр болсны 25 жилийн ойгоо Санремод очиж хийсэн. Мөнгөн хуримын ёслол хийсэн нь бие биенээ олсон хувь заяандаа талархал илэрхийлэх нөгөө талаар дөрвөн хөгшнөө баярлуулах гэсэн санаа.

-Бие биенээ олсон хувь заяндаа талархах гэдэг чинь гоё үг байна...

-Талархах сэтгэл бол хүнд байх ёстой хамгийн эрхэм чанаруудын нэг гэж боддог. Талархаж чадвал амьдрал, хувь заяа цаанаасаа ивээгдэж байдаг юм шиг санагддаг. Бид хоёр төрүүлж өсгөсөн ижий аавдаа, өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн сайхан хувь тавиланд үргэлж талархаж явдаг.

-Олон жил ханилаад ирэхээр юу бодогддог юм байна?

-Нөхөр маань угийн амар амгалан хүн. Энэ нь надад олон хүнд асуудлын ард гарахад хүч болдог гэх үү дээ. Олон жил ханилаад ирэхээр бие биедээ уусаад нэг хүн шиг болчихдогийг хэлэх үү, Мөнхөөгийн амар амгалан надад ч бас халдварласан байна лээ. Тэгээд ч нас 50 гарчихлаа, одоо л жинхэнэ амьдарч эхэлж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх үе байнаа. Залуу нас яг л салхи шуурга шиг өнгөрсөн юм шиг ээ. Байртай болохын төлөө, хүүхдүүдээ өсгөхийн төлөө, өөрийн гэсэн байр суурьтай болохын төлөө гэртээ ч орох завгүй ажиллаж хөдөлмөрлөсөн он жилүүд. Одоо хоёр хүү маань өсчихлөө, амьдрал ч тогтчихлоо. Сайхан байнаа л гэж хэлмээр байна.   

-Өвөө эмээ болж амжсан уу? Хөвгүүд чинь юу хийцгээж байна?

-Өвөө, эмээ болж хараахан амжаагүй байна. Том хүү 28-тай. Монголд их ховор sport science буюу спортын хоол зүйч мэргэжилтэй. Сонирхлоо хөөж мэргэжлээ сонгосон. Одоо ч сонирхлоо хөөгөөд завгүй явна. Бага нь одоо 16-тай, дунд сургуулийн сурагч, шатарт дуртай хүү бий.   

-Таныг олон нийт УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдэг утгаар нь хөрөнгөлөг эмэгтэй гэж хардаг нь нууц биш. Шулуухан асуучихад та хэр баян хүн бэ?

-Хар залуугаасаа амьдралын төлөө зүтгэснийх ямартай ч дутагдаж гачигдах юмгүй амьдрах хэмжээнд хүрсэн. Хүний хэрэглээ харьцангуй эд учраас баян, ядуу гэдэг ойлголт ч харьцангуй шүү дээ. Хэрэглээ, шунал их бол хичнээн хөрөнгө мөнгө байгаад ч хүрэлцэхгүй. Гэтэл хэрэглээ, шуналаа бага, зохистой хэмжээнд байлгаж болох зам ч бидэнд байдаг. 

Наранхүүгийн тухайд гэвэл бид эхээс дөрвүүлээ. Би айлын том нь. Орост сурч байхдаа том эгчийн хувиар дүү нартаа үнэхээр харамгүй тусалдаг байсаан. Угаас монгол гэр бүлийн нийтлэг соёл энэ шүү дээ. Эргээд дүү нар маань надад тусалж, түших цаг нь ирж, тусалдаг, дэмждэг нь үнэн. Юугий нь нуух билээ. Бид чинь монголчууд шүү дээ. Гэр бүлсэг, ах дүүсэг ард түмэн.

Хоёр эмэгтэй дүү маань ч дутах юмгүй сайхан амьдарч явна. Том нь Австрид нарийн мэргэжлээр доктор хамгаалсан бидэн дундаа хамгийн эрдэмлэг нь. Бага маань бас бизнес эрхэлдэг. Аав ээжийнхээ бидэнд өгсөн хүмүүжил, хувь заяандаа үргэлж талархаж явдаг даа.

-Ингэхэд та багадаа ямар хүүхэд байв?

-Багадаа их нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Ер нь айлын томуудын нийтлэг дүр төрх байх. Дүү нарынхаа төлөө, найзуудынхаа төлөө явж өгнө. Тэр үед онц сурдаг хүүхдүүдэд нэг хүүхдийг даатгаад өгчихдөг байсан юм. Тэр хүртэл надад хариуцлагатай байхыг зааж сургасан юм шиг санагддаг. Ээж маань их өндөр шаардлагатай, хөдөлмөрч хүн. Ээж ирэх бараанаар гэрээ цэвэрлээд л, гэрийн даалгавраа хийгээд л гялалзуулж өгнө. Ээжийн нөлөөгөөр ч тэр юм уу, хүн зүгээр сууж болохгүй, заавал хөдөлмөр хийж байх ёстой гэдэг ухамсар тархинд бүр гүн суучихсан юм билээ.

-Хүүхэд болгон ирээдүйн мэргэжлээ мөрөөдөж ярьдаг шүү дээ. Таны хувьд бага байхдаа ирээдүйгээ хэрхэн төсөөлж, ирээдүйд хэн болохыг хүсдэг байсан бэ?

-Ямартай ч тооны талын хүн болох нь бүр багад тодорхой болчихсон байсан. Аав шигээ мундаг эдийн засагч хүн болно гэж бодож явсан нь их байх. Хожим мэргэжил сонгох цаг ирэхэд аавын зөвлөгөөг дагасан нь тэр үеийн хүүхдүүдийн аав ээжийнхээ үгнээс гардаггүй ерөнхий төлөвшил, нөгөө талаас аавыгаа идеал болгож биширдэг байсан сэтгэлтэй холбоотой. Аавын үг бол зарлиг мэт санагддаг байлаа ш дээ.

Ирээдүйгээ бол их өөдрөгөөр төсөөлнөө. Ялангуяа “Математика школа квант” сэтгүүл дээр миний нэр нэлээн олон удаа гарсан явдал хүүхэд насны амбицыг минь нэлээн дэвэргэж өгсөн байдаг. Энэ сэтгүүлийг социалист системийн бүх орнууд захиалж уншдаг, тооны багш нар гарын авлага болгож ашигладаг, шавь нарынхаа бодлогыг захидал харилцаагаар явуулдаг нэг ёсны тоочдын ертөнцөд харилцаа холбооны үүрэг гүйцэтгэдэг чухал хэрэгсэл байсан юм. Тэнд миний нэр олон удаа гарсан нь тухайн үеийн МУИС-ийн тоо, математикийн багш, одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж багшийн хараанд өртөж орхиж. Энэ нэг Дундговийн охины нэр энэ сэтгүүл дээр удаа дараа гарлаа, тоогоо үнэхээр сайн боддог юм байна гээд талархлын Ил захидал явуулдаг юм байна. Нүүрэн талдаа их гоё зурагтай ар талд нь талархал, баяр хүргэсэн үг бичээд ойр дотны эсвэл хүндэтгэдэг хүндээ шуудангаар явуулдаг захидал харилцааны ийм соёл тухайн үед их түгээмэл байсан юм. Открыт гэцгээнэ. Р.Гончигдорж багшаас тийм открыт авчихаад хөл газар хүрэхгүй хөөрч, баярлаж явснаа одоо ч их тод санадаг юм. Тэгж их баярласан хүүхэд яахин тооноос өөр мэргэжил сонгох билээ. Яаж ч тааруухан амьдрах билээ. Тэгээд л ирээдүйгээ талархал, баяр хөөр дунд дэгж дэрвэж яваагаар төсөөлнө. Мундаг хүн болно доо гэж бодно. Бөөн хүсэл тэмүүлэл дунд хүүхэд нас минь өнгөрч дээ.

-Оросын сэтгүүлд тоо сайн боддог гэж нэр чинь гарсан хэрэг үү?

-Тоо чинь их сонин ш дээ. Хүн бүхэн өөр өөрийн арга барилаар боддог. Зарим нь маш урт бодлого хийж эцсийн хариуг гаргаж байхад зарим нь маш уран дөт аргаар бодож хариуг нь гаргана. Миний нэр уран дөт аргаар тооныхоо хариу гаргасан сурагчид гэдэг үзүүлэлтээр их гардаг байсан юм.

-Яг одоо танд мэргэжил сонголт хийх боломж олдвол та ямар мэргэжил сонгох вэ?

-Би мэргэжил сонголтондоо хэзээ ч харамсч байгаагүй. Дахиад л сонгох байх. Ялангуяа компьютерийн инженер болсон нь миний амьдралд маш их өгөөжөө өгсөн. Өгсөөр ч байгаа. Аливааг том зургаар нь харах, ажлаа эрэмбэлэх, илүү алсыг харсан шийдвэр гаргахад, юманд тооцоотой хандахад инженерийн боловсрол маань маш их хэрэг болдог. Жишээ нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг хийхэд мэргэжил маань надад маш их тус нэмэр болсон байдаг. Хөндлөнгийн олон хүн энэ тухай сайшаалын үг хэлсэн шүү.

-Таны бахархал юу вэ?

-Удам судраараа бахархаж явдаг. Ээж аавынхаа бидэнд өгсөн хүмүүжлээр бахархаж явдаг. Хөдөлмөрч байх, нэг ажлыг эхлүүлсэн бол дуусгах гэж хичээдэг зан төлвийг гэрийн хүмүүжлээс авсан байдаг. Эргээд харахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тог ч үгүй, ус ч үгүй талд, 27 ажилчин, 5 хүрз, 5 бээлийтэй эхлүүлж, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн нь наддаа л бахархал гэж үздэг. Миний, миний хамт олны ажил хөдөлмөрийн үр дүн гэж хардаг.

Аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээ хандаж ирлээ. Худлаа ярьж явсангүй. Энэ бүхнээрээ үр хүүхдүүддээ, ах дүү нартаа, нийгэмдээ сайн үлгэр дуурайл болохыг хичээж ирлээ. Энэ бүхэн миний хувьд бахархал юм.

-Шатраас гадна таны цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулдаг хобби юу вэ?

-Аялал бол манай гэр бүлийн үндсэн хобби гэж болно. Нөхөр бид хоёр үнэтэй цайтай хувцас авахаасаа илүү аялахыг эрхэмлэдэг. Аялал бидний дурсамжийг нэмж бас оюун санаа, зүрх сэтгэлийг минь баяжуулж байдаг учраас жилд заавал хоёр удаа очиж үзээгүй газартаа очихыг хичээдэг. Номонд бас их мөнгө үрдэг.

                                                                                                                                                                                                                            Ярилцсан М.Уранчимэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (12)
  • Retweet (8)
  • Retweet (3)
  • 11-28 20:01
    Retweet (3)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 20:43
    Retweet (1)
  • 11-28 20:02
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-28 21:06
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 20:58
    Retweet (0)
  • 11-28 20:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 20:29
    Retweet (0)
  • Retweet (0)