УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Ням-Осорын Учрал: Парламентын авангардист ба залуу насны идеализм
2020 оны 5 сарын 8

Хүний ертөнцийн хамгийн гоо, хамгийн сайхан зүйл юу вэ гэвэл би хувьдаа залуу нас хэмээн бодно. Хиргүй тунгалаг. Хүчирхэг. Цэвэр ариун. Эрч хүчтэй. Идеал өндөртэй. Хамгийн сайхан бүхэн залуу насанд хамаатай ажээ. Энэ удаагийн ярилцлагын зочин мааньчухам залуу насны идеализмээр өвч амьсгалсан, эрч хүч нь долгилсон цэл залуухан төрийн түшээ байлаа. Энэ бол гуравдугаар ангидаа“Ирээдүйд би сонгодог зохиол бичнэ” хэмээн хэвлүүхэн өгүүлж байсан бяцхан хүү, өдгөө идэр гучин настай их хурлын гишүүн Н.Учрал. Ингэхэд идеализм хаанаас төрөн гардаг вэ? Тэр залуу наснаас, цэвэр тунгалаг оюун ухаанаас төрөн гардаг. Тэр юунд хэрэгтэй вэ? Хүн төрөлхтний агуу нээлтүүд, урлагийн шидээврүүд чухамдаа залуу насны идеализмээс төрөн гарсан юм. Тэр бол ертөнцийг хөдөлгөгч оюунлаг хүч билээ. Надад тулах цэг өгчих, тэгвэл би дэлхийг эргүүлье гэсэн Архимедийн агуу ишлэл чухамдаа залуу наснаас гарсан юм. Залуу Н.Учралын зүрх сэтгэлээс, сайтар боловсорсон оюун санаанаас өнөөгийн парламентад хамгийн моодны, хамгийн модерн сэдвүүд гарч, хууль, бодлого болон биежиж, 21-р зууны дэлхий ертөнцөд хөл нийлүүлэн алхах гүүр болдог ньийм учиртай билээ. Инноваци, технологи, цахим бодлого, аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал.. ийм сэдвүүдийг Н.Учрал л хэлж, тэр л хууль болгон боловсруулж байна. Сонгуулиар би чаддагаал амалсан. Амалсан болгоноо биелүүлнэ. Гэрийн даалгавар хийхгүйгээр хичээлдээ очиж болдоггүй биздээ гэх хүүхдэрхүү үнэр ханхлуулах үгсийг тэр л хэлж чадна. Товчхондоо тэр бол энэпарламентын хамгийн идеал өндөртэй залуу авангард истажээ. Хамгийн бүтээлч, хамгаас орчин үелэг үзэл санаанууд түүнээс урган гарсаар байна. Бүх залуусын өмнөөс түүндулам их амжилт хүсье.

-Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн болоогүй Учралтай ярилцаж сууснаа санаж байна. Өнгөрсөн он жилүүд өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн хэмээх статус таныг ямраар өөрчилсөн бол? 
-Их сэргэлэн, авхаалжтай, хурдан шуурхай, хөөцөлдөлгөө сайтай болсон (инээгээд). За за наргиа шүү. Гэхдээ Их хурлын гишүүн гэдэг чинь яг л ийм хүний хийх ажил юм байна гэдгийг ойлгосон. Сонгодог утгаараа бол парламентын гишүүн хүн хууль санаачилж, түүнийг боловсруулж, бодлогын түвшинд ажиллах ёстой. Гэтэл манайх шиг жижигрүүлсэн 76 тойрогтой сонгуулийн тогтолцоо маань их хурлын гишүүдийг аж ахуйн ажил руу хүссэн хүсээгүй хөтөлж оруулаад байна л даа. Их хурлын гишүүд байж СӨХ-ийн даргын ажил битгий хийгээд байгаач, байшингийн дээвэр засах чинь та нарын ажил биш ш дээ гэж бухимдах хүмүүс байна. Гэтэл бодит амьдрал үнэхээр өөр. Тойрог дээрээ очихоор Учрал аа, чи Оюуны өмчийн хуулийг боловсруулсан нь үнэхээр сайн шүү, Багшийн хөгжлийн хуулийг санаачилж батлуулсанд баярлалаа гэхгүй. Харин манай гэрийн үүдэнд нэг ийм нүх байна, бөглүүлмээр байна, дээврээс ус алдаад байна, дахин төлөвлөлтийг шийдэж өгөөч... Ерөөсөө л ахуйн чанартай асуудлуудаар бөмбөгддөг. Ярихаас ч аргагүй юм. Үүнийг хийж байх ёстой нийслэлийн анхан шатны удирдлагууд ажлаа хангалтгүй хийж байна. Ингээд аргаа барсан иргэд тойргоосоо сонгогдсон гишүүдэд ханддаг. Очоод харахаар нөхцөл байдал нь үнэхээр хүнд. Тойрогт асуудал юу байна, шат дараалалтай шийднэ гэж амалж сонгогдсон учраас өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэлээн чармайж ажилласан. Ямартай чсүүлийн 28 жилийн хугацаанд хийгдээгүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Одоо ч хийх ажил их байна. Энэ бүх хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд нөгөө авхаалж самбаа, хөөцөлдөлгөө хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд л наргианаар ч гэсэн тэгж хэлсэн хэрэг. Бусдаар Учрал УИХ-ын гишүүн болсноор учиргүй өөрчлөгдөөд, өөр болсон юм байхгүй дээ. Мөн зан чанар, ааш маань хэвээрээ л байна. Магадгүй илүү хашир болсон. Бас цаг зав үнэхээр хомс болсон. 
-Улс төрийн талбарт хүн өөрийнхөө жинхэнэ би-гээс өөр дүрд тоглох хэрэгтэй гэцгээх юм. Заавал тэгэх ёстой юу? 
-Гишүүнээр ажиллах болсоноос хойш үнэхээр завгүй болсон. Гэр бүлдээ ч зарцуулах цаг маань багассан. Ингээд бодохоор би гэдэг хүн Учрал гэдэг өрхийн тэргүүнээс илүүтэй итгэл үнэмшлийн хувьд тойргийнхоо иргэдийг төлөөлөх хэрэгтэй гэж ойлгож, хичээж байна. Товчхондоо зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө бус илүү том дүр, түмний хүүгийн дүрд орох зайлшгүй шаардлагатай байна гэх үү дээ. Мэдээж би өөрийн үзэл баримтлалдаа тулгуурлан ажлаа явуулахын зэрэгцээ зарим үед бусдын зөв зүйтэй саналыг сонсч дэмжлэг үзүүлэх, УИХ дээр тэднийг төлөөлөхийг эрмэлзэж байна. Үндсэн хуулиар УИХ гишүүн нь ард түмний элч мөн гэж тодорхойлсон байдаг нь надад нэгийг бодогдуулж, өөрийн сул талуудаа даван гарах журамт үүргийг бий болгож байгаа нь зарим үед өөр илүү сайн хүнийг бүтээх ёстой шүү гэсэн хүч, зоригийг өгдөг. 
-Та бол харьцангуй залуудаа төртүшилцсэн залуусын нэг. Залуу насны давуу тал ч бий, сул тал ч бий. Идеал өндөртэй, эрч хүчтэй байдаг талыг нь олзуурхууштай боловч туршлага бага, хөнгөн, дэвэргэн гэх мэт нь сул талуудад орно байх. Бодит байдал дээр ямар байх юм? 

-Парламент бол мэтгэлцээний талбар. Мэтгэлцээнд нас насны төлөөлөл, эрэгтэй, эмэгтэй аль аль нь, нийгмийн бүх бүлэг байх тусмаа бодитой, практикал үр дүн гарна. Миний хувьд цэвэр залуу үеийг төлөөлж байна. Ах, эгч нараасаа сурах зүйл ч их байна. Шүүмжлэлтэй хандах зүйл ч их байдаг. Цаашид улс төрд залуу үеийнхнээ ихээр бэлтгэх юмсан, тэд улс эх орныхоо шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илүү идэвхитэй гаргадаг байгаасай гэж бодож байна. Учир нь залуу хүний ядахдаа л зүрх сэтгэл нь цэвэр тунгалаг, оюун санаа нь эрч хүчтэй, хийж бүтээх тэмүүлэл дүүрэн байдаг шүү дээ.
-Улс төр бол шударга бусын дээр хэт эмзэг, хэврэг ертөнц гэх нь бий. Улс төрчийн ганцаардал, сэтгэлийн шаналал их байна биз. Ийм үед өөрийгөө хэрхэн тайтгаруулдаг вэ?
-Их Хурлын сонгуулиар би нилээдгүй амлалтыг өгч, хичээж ажиллахаа илэрхийлж сонгогдсон. Өнөөдөр иргэдийн амьдрал, амьжиргаанд тулгамдсан олон асуудлууд байхын зэрэгцээ нөгөө талд улс орныхоо хөгжлийг урт хугацаагаар харах, мэдрэх, бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай байна. Гэвч өнөөдөр улс төрчдийн хувьд зөвхөн өнөөдрийг аргацаах, оноо авах гэсэн, сонгуулийн циклдээ баригдсан бодлого шийдвэрүүдийг багагүй гаргахыг оролдоцгоож байна. Зарим үед яалт ч үгүй ганцаардах, сэтгэлээр унах үе тохиож байсныг үгүйсгэхгүй. Миний хувьд ийм зүйлсийг даван гарахад хамгийн их дэмжлэг болдог зүйл нь миний гэр бүл, хань, хүүхдүүд маань юм даа. Тэнд л тайтгарч, амардаг. Эргээд бодоход өглөөг илүү өөдрөг, урам зоригтой угтах боломжийг олгодог гэр бүлдээ баярлалаа гэж бараг хэлдэггүй юм байна. Энэ дашрамд далимдуулаад хэлчихье. Хүн л болсон хойно заримдаа нэг нэгэндээ урмын үгийг бага хэлэх алдаа дутагдал байнаа. Энэ бүхнийг эргэж санах, бодогдуулах асуулт тавьсан таньд баярлалаа. 
 БИ ЗАЛУУ НАСНЫ ФАНАТ 
-Инноваци, шинжлэх ухаан, боловсрол, багш нар гэх мэт харьцангуй залуу сэдвүүд таны УИХ-ын гишүүний имижийг түлхүү тодорхойлдог юм шиг ээ. Цөөнгүй ч хууль санаачилсан гэж анзаарагддаг. Үнэндээ таны насныхан дээрх сэдвүүдээр хуулийн төсөл санаачилж, бодлого боловсрлуулах нь бүү хэл бүрэн төлөвшөөгүй нь ч яваа шүү дээ. Таныг юу хөглөдөг вэ?
-Залуу нас байх аа. Би залуу хүн шүү дээ. Хүн болгоны залуу нас хэрэв ашиглаж, зөв чиглүүлж л чадвал тэр чигээрээ үнэт капитал гэж би боддог. Тэдний хүчийг нэгтгэж, үр ашигтай зарцуулах л чухал. Монголын залуу багш нарын холбоог би жишээ нь залуусыг дэмжих зорилгоор байгуулж байлаа. Сүүлд Хилийн чанад дахь монголчуудын лобби бүлэг гэж байгуулсан. Үүн дээрээ суурилж “Think Mongolia” сэдвийн дор дэлхийд ажиллаж, суралцаж буй 100 шилдэг монгол залууг нэгтгэе гэж зорьж байна. Тэд НАМЗХ хэмээх тугийн дор нэгдэж, анх удаа таван хэл дээр салбар хуралдаан хийнэ. Монгол залуус ямар болсныг эндээс ирж хараасай гэж хүсч байна. TedX, Fuckup night, дижитал шилжилтийн реформ, ICT expo гээд Монголд маш олон эрүүл ажлууд хийгдэж байна. Энэ бүхэн рүү залуучуудын анхаарлыг хандуулж, уриалмаар байна. Би товчхондоо залуу насны фанат. Залуусын фанат. Энэ л намайг хөглөж, эрчилж байдаг болов уу. 
Тэгээд ч би их “активный” хүн. Үргэлж өөрчлөгдөж байдаг гэх үү дээ. Нэг тийм эрч хүчгүй, төвлөрөлгүй болсон үедээ төлөв байдлаа өөрчилж, өөр юм хийдэг. Шинжлэх ухааны сэдэвтэй ном уншиж байсан бол уран зохиол уншдаг ч юм уу. Гэх мэтээр хүн өөрийгөө үргэлж л хөглөж байхгүй бол нэг төлөв байдалд удвал хэн ч байсан зэвэрнэ шүү дээ. Жишээ нь саяхан би онлайнаар сургуульд сурч төгслөө. 
-Ямар сургууль вэ? 
-Английн Букинхамын их сургуулийг олон улсын менежментийн чиглэлээр төгссөн. Ирэх 11-р сард дипломоо гардаж авна. Энэ жишээ нь өөрийгөө хөгжүүлж, улс төрийн хэвшмэл, баригдмал орчноос өөрийгөө хэсэг ч болов холдуулах гэсэн нэг оролдлого юм. 
-Баяр хүргэе. Суралцууштай туршлага байна. Ингэхэд улс төрийн рингэн дээр таны үзүүлсэн сүүлийн амжилттай карьерын нэг нь НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал байлаа. Энэ нь таны улс төрчийн намтар, карьерт хэр их өгөөжөө өгнө гэж та бодож байна вэ? 
-НАМЗХ-ны ерөнхийлөгч болчихвол миний улс төрчийн карьер ингэнэ, тэгнэ гэж ердөө бодоогүй. Тэгээд ч миний төлөвлөгөөнд байгаагүй зүйл. Нэгэнт журмын нөхөд итгэл хүлээлгээд хариуцлагатай албыг өгсөн хойно хийсэн шиг хийж, салхи оруулсан шиг оруулъя гэж бодож байгаа. Нэгдүгээрт, намын залуучуудын байгууллага МАН-ын ялалтанд жинтэй хувь нэмрээ оруулах ёстой. Хоёрдугаарт, энэ байгууллага сургууль шиг ажиллах ёстой.

-Сургууль шиг ээ? 
-Хүмүүсийн бухимддаг нэг сэдэв бол төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс болохгүй байна, энэ төр болохоо байчихлаа, цүнх баригчдаар дүүрлээ гэж их ярьцгааж байна. Энэ асуудал намын түвшинд, бүр тодруулбал, намын залуучуудын байгууллагын түвшинд шийдэгдэнэ гэж би хувьдаа үздэг. Учир нь өнөөдрийн НАМЗХ-ны гишүүн залуус ирээдүйн төрийн түшээд юм. Тиймээс төрийн албан хаагчид болохгүй байна гэхийн ороонд төрийг бүрдүүлээд байгаа залуучуудын байгууллагаа эрүүлжүүлье. Босго тотготой болгоё. Залуусаа энэ төвшнөөс нь боловсруулъя, бэлтгэе гэж зорьж байна.
Энэ бол НАМЗХ дээр хэрэгжүүлэхийг зорьж буй миний нэг бодлого гэж болно. Дээр үед намын дээд сургууль гэж байлаа. Төрийн албанд ажиллахын тулд энэ сургуулийг заавал дүүргэдэг байлаа. Намын гишүүн болох шалгуур гэхэд л маш өндөр байсан цаг. Энэ бол сайн уламжлалуудын нэг гэж боддог. 

-Хэрэгждэг бол үнэхээр сайхан сонсогдож байна. Гэвч хэлэх, зорих амархан. Хэрэгжүүлэх л хэцүү байх даа. 
-Хичээнээ. Ядахдаа эхлэлийг нь тавина. Эхлэл бол тавин хувь гэдэг байх аа. 
Жишээ нь, НАМЗХ-ны дор 16 салбар хороо байгуулсан. Эрүүл мэндийн салбар хороо, хөдөлмөр нийгэм хамгааллын салбар хороо, байгаль орчин, аялал жуулчлалын салбар хороо, дэд бүтэц, барилга хот байгуулалтын салбар хороо, зам тээврийн салбар хороо гэх мэт 16 хороонд төрөлжин хуваагдаж, гишүүд маань өөрсдийн эзэмшсэн мэргэжлийнхээ салбар хороонд харьяалагдана. Тэгээд төрийн бодлого шийдвэрт саналаа өгч, хэлэлцүүлэг хийх замаар оролцож болно. МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт салбар, чиглэлээрээ оролцож болно. Дараа нь нам ялалт байгууллаа гэж бодоход энэ залуус боловсон хүчний хүчирхэг бааз болно. Тэднээс хэнийг нь ч төрийн хариуцлагатай албанд томилоход салбараа мэддэг, ажлаа чаддаг байх ёстой. Энэ бэлтгэл намын залуучуудын байгууллагын түвшинд хийгдэх юм. Мөн сошиал хаус байгуулж байна. Ямартай ч НАМЗХ-г удирдах хугацаандаа намд хэдэн сайхан, шижигнэсэн залуус бэлтгэж өгнө гэсэн бодол байна. 
-Романтик сонсогдож байна шүү. Таны залуу насны идеал одоо ч хэвээр бөхөөгүй л яваа юм байна. Энэ ч сайн хэрэг шүү... 
-(инээгээд) Гуравдугаар ангидаа “Том болоод сонгодог зохиол бичнэ” гэж ярилцлагадаа “томорч” байсан нь бараг хамгийн агуу идеал юм биш үү. Саяхан тэр сонинг олж хараад бага насаа хайрлах ч шиг, инээд ч хүрэх шиг... Магад тэр Учралын хүсэл мөрөөдлийн гал бөхөөгүй л яваа байх. Одоо ямар хүүхэд биш, тэгж “томорч” яриад байх нь хаашаа юм, дотроо бол бодож төлөвлөсөн юм их л байна. Ойрын хугацаанд номоо гаргана. Тэнд миний үзэл санаа нэлээн сайн шингэсэн байгаа. 
-Шууд шулуухан асуучихад таны өөлөх юмгүй улс төрчийн нэр хүнд ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлтэй холбогдсоноор нэлээдгүй сэвтсэн гэж үзэж байна. Тань шиг залуухан бас ч гэж хөрөнгөлөг хүнд зээл авах шаардлага байсан гэж үү? Нэмээд асуучихад яг энэ тухайд та өөрийгөө арай хөнгөдсөн гэдэгтэй санал нийлэх үү? 
-Улс төрч, УИХ-ын гишүүн байхын нэг хэцүү зовлон нь муу юм бүхнийг хамаатуулах гэж муйхарладаг явдал байдаг юм байна. ЖДҮ-ийг дэмжих зээлийн дуулиан бол үүний л нэг жишээ. Болсон явдал гэвэл 2015 онд энэ зээлийг өгч эхлэхэд “Хүннү” компани зээл хүсч байсан юм билээ. Батсүмбэрт аж ахуй эрхлэх зорилгоор хүссэн. Барьцаагүй гээд олгогдоогүй. Сая “Хүннү” буудлаа барьцаанд тавьж байж зээл авсан. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж журмынхаа дагуу зээлд хамрагдсан. Харамсалтай нь тэр нь УИХ-ын гишүүн Н.Учралын аавын компани байж таарсан. Үүгээрээ буруудсан. Хүний урманд би ямар нэг бичиг сачиг хийсэн бол, хэн нэгэн рүү нөлөөлөх гэж утсаар ярьсан бол хамаа алга. Намайг буруутгаж болно. Харин тэр компани надад ямар нэг хамааралтай байснаараа зээл ч авах эрхгүй байж болохгүй биз дээ. Манай эхнэрийн нэр дээр байдаг өөрөөр хэлбэл миний гэр бүлийн эзэмшлийн компани бол бас хамаа алга. Аав тусдаа хүн, би тусдаа хүн шүү дээ. Үүнийг харгалзахгүйгээр шууд надад хамаатуулж дайралт хийсэн нь үнэхээр шударга бус санагдсан. 
Англид явж байхад ийм шуугиан гарсныг дуулмагцаа залуу хүний ааг омгоор шууд мэдэгдэл хийсэн нь харин түргэдсэн, хөнгөдсөн явдал байсаан. Бусдаар надад хөнгөдсөн эсвэл буруудсан зүйл үнэхээр байхгүй. Ёстой бардам хэлж чадна. Тэнд аж ахуйн журмаараа ажлаа хийгээд, татвараа төлөөд, 500, 600 гаруй хүнийг цалинжуулаад явж байгаа компани надаас болж ийм байдалд орно гэдэг үнэхээр шударга биш шүү. Гэлээ гээд яая гэхэв, улс төрчийн л зовлон юм. Үүнийг улс төрч хүн л ойлгоно. Ийм нөхцөл байдалд орж байсан хүн л ойлгоно. 
Бод доо, Их засаг их сургуулийн гадна “нойл” үнэртээд байна, Н.Учралаа гээд л твиттер дээр жиргэж байгаа юм (инээгээд). Бүх юмыг надтай холбож тайлбарлаж байна ш дээ. “Хүннү молл” ч минийх юм гэсэн ш дээ... Банк бус ч байдаг юм гэсэн. 
Эндээс нэг л дүгнэлт хийж болно. Бидэнд аливаад анализ хийх сэтгэлгээ, аналитик боловсрол үнэхээр ус агаар шиг хэрэгтэй байна. Америкт 2000 онд иргэдийнхээ анализ хийх чадварыг хөгжүүлэх зорилго тавьсан юм билээ. Ялангуяа интернет, сошиал медиа галзуу хөгжиж буй энэ цаг үед мэдээлэлд, үйл явдалд аналитик байр сууринаас хандах хандлага, энэ талын боловсрол хамгаас чухал байна. Энэ зөвхөн Монголын ч биш 21- р зууны дэлхий нийтийн зовлон болоод байна. 
                                                ТӨР ИРГЭДЭЭСЭЭ ЭЛДЭВ БАРИМТ БИЧИГ НЭХДЭГ ЯВДАЛ ҮГҮЙ БОЛНО 


-Санал нийлж байнаа. Ингэхэд таны санаачлан байгуулсан Цахим бодлогын түр хороо энэ тал дээр юу хийж байна вэ? 
-Уг нь энэ салбарт бодлогын маш том шинэчлэлт хийгдэж байгаа. Жишээ нь, Радио долгионы тухай хууль, Шуудангийн хууль, Харилцаа холбооны тухай хууль гээд салбарын үндсэн суурь гурван хуулиа баталсан. Одоо Мэдээлэл өгөгдөл хамгааллын тухай, Төрийн цахим шилжилтийн тухай хуулийг өргөн барина. Энэ зургаан хууль батлагдсанаар энэ салбарын асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Бүгд Цахим бодлогын түр хороон дээр төвлөрч байна. Төрийн цахим шинэчлэлтэй холбоотой ажлууд яг  одоо ид явагдаж байна. Төрийн бүх үйлчилгээ Эстонийн загвараар аравдугаар сарын 01-нд операторын горимд шилжинэ. Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулсан ажлын хэсэг найман сарын турш маш шаргуу ажиллалаа. Миний хувьд ажлын хэсгийн дэд ахлагч. 
Ер нь энэ салбарт сүүлийн хэдэн жилүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлээр маш их ажил урагшилсан. 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд 4G сүлжээ нэвтэрчихлээ. Үүн дээр суурилж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх цогц ажил төрийн бүх үйлчилгээ операторын горимд шилжсэнээр шийдэгдэнэ. 
Нэг цэгийн үйлчилгээний цонх нээгдсэнээр энэ салбарт ихээхэн дэвшил гарсан. Тэгвэл операторын горимд шилжсэнээр төр таниас элдэв бичиг баримт нэхэхээ бүрэн болино. Жишээ нь нэг цонхон дээр очоод гадаад паспорт захиаллаа гэж бодъё. Төлбөрөө төлөөд л болоо. Паспортоо шуудангаар гэртээ авах уу, албан өрөөндөө авах уу, сонголтоо хийж, кнопоо дарна. Ямар нэг нотариатын баталгаа, тамга, бичиг баримт бүрдүүлэлт шаардахгүй гэсэн үг. 
Операторын горимд шилжүүлсэний дараа ирэх дөрөвдүгээр сард 100 хувь аппликейшнжүүлсэнээр энэ бүхэн бодит ажил хэрэг болох юм. 
Хоёрт, цахим орчин дахь сошиалтай холбоотой асуудлууд байна. Энэ асуудлаар Цахим бодлогын хорооноос тогтоол гаргасан. Фейсбүүк компанитай ч зөвшилцөлд хүрсэн. Эзэнгүй дугаараар фэйсбүүк аккаунт нээх тохиолдол маш их цөөрсөн. Дөрвөн мянга орчим гэсэн тооцоо байна лээ. Үүнийг 100 хувь байхгүй болгоно. Өөрөөр хэлбэл хувь хүн зөвхөн хурууны хээгээр утасны дугаар авдаг журам хэрэгжиж эхэлсэн. Фэйсбүүк аккаунтыг зөвхөн утасны дугаараар нээх журам мөн хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь и-мэйл хаягаар аккаунт нээдэг байсныг болиулж байгаа гэсэн үг. Ингэснээр эзэн биегүй, хуурамч аккаунт нээх явдал байхгүй болно гэж үзэж байна. Харилцаа холбооны хуулиар энэ бүхнийг зохицуулж өгсөн.
Гуравт, цахим орчинд хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьчихаад байна. 
Дөрөвт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх тухайд ШУА-тай хамтран ажиллаж байна. Монгол Улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлэн юм уу, хиймэл оюун ажиллаад эхэлчихлээ, тэгэхээр хэдэн ажлын байраа алдах вэ? Түүнчлэн боловсролын салбарт ямар мэргэжлийг түлхүү дэмжих ёстой вэ? Үүнийг хөдөлмөрийн зах зээлтэй хэрхэн уях вэ гэх мэт маш олон асуултууд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай зэрэгцэж гарч ирнэ. Бараг зуун жил үргэлжилсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалтай харьцуулахад дөрөвдүгээр хувьсгал гэрлийн хурдтай өрнөж байна. Олон ч хүн ажлын байраа алдаж байна. Хиймэл оюунаар бүх ажлыг хийдэг болж эхэлж байна. Бид тэгвэл яах вэ? Үүн дээр бид ажиллаж байна. 
-Саяхан та Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Бас л нэг ачаа нэмэгдэж байгаа байх? 
-Их хурлын гишүүн болсноор ойлгосон нэг зүйл бол бид эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулахгүй л бол ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийн тухай ярих боломжгүй. Эдийн засгийг төрөлжүүлж, солонгоруулах нэг салаа мөчир нь IT технологийн салбар. Дэлхий нийтэд ч ийм байна. Өнгөрсөн жилүүдэд цахим шилжилт, инноваци, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх гэх мэт технологи тойрсон сэдвүүдээр ярьсаар ирсэн нь ийм учиртай. Жилийн дотор улсын төсөвт бүхэл бүтэн 267 тэрбум төгрөг хуримтлуулдаг салбар гээд бод доо. Бэлээхэн 1,2 их наяд төгрөгийн орлого олж болох, олж байгаа салбар бэлэн байна ш дээ. Энэ салбараа өөд нь татаж байж ажлын байр нэмэгдэж, айл өрхүүдийн хөргөгчинд байгаа хүнсний тоо нэмэгдэнэ. Иргэдтэй уулзахаар эдийн засгийн өсөлт чинь миний хөргөгчинд мэдрэгдэхгүй байна, юмны үнэ өсөөд байна гэдэг үгийг байнга хэлдэг. Энэ байдлаас гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлье, дэлхий нийтээр моод болоод байгаа технологийн салбарыг барьж авъя гэдэг бодол, зорилт байна. Үүнийг би ганцаараа хийхгүй. Шинэ тутам бий болж буй боловсролтой залуус, мэргэжлийн холбоодтойгоо хамтарч хийнэ. Түүртэх юм алга. Энэ салбарыг хөгжүүлэх, хөгжлийг нь эрчимжүүлэх талаар эрч хүчтэй ажиллана. 

-Мэргэжлийн холбоод гэснээс магтаж байгаа ч юм биш, та үнэхээр нийгмийн амьдралд хэрэгтэй хууль чамгүй олныг санаачилж, батлуулж байгаагийн нэг нь Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төсөл тань дээр байгаа юм билээ. Энэ олон ТББ-уудыг эмхэлж цэгцлэхэд, бас тэднийг үүрэгжүүлэхэд чухал нөлөөтэй хууль гэж хүлээгээд байгаа ш дээ. Ямар шатандаа явна вэ? 
-Сая хяналтын сонсголоор орсон. Хуулийн төслийн гол концепци нь таны анзаарсанчлан ТББ-уудыг цэгцлэх, үүрэгжүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод нь өгөх зэрэг нийгэм болоод эдийн засгийн ач холбогдолтой заалтуудтай. Ер нь энэ төрийн албанд чинь салхи орохоо больчихсон юм бол төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод нь өгөх нь зөв юм байна гэдэг нэг чухал үзэл санаа явж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хүлээлтийн байдалтай байна.
                        ГЭРИЙН ДААЛГАВАРАА ХИЙХГҮЙГЭЭР ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ БОЛОХГҮЙ, БИ АМЛАЛТАА БҮГДИЙГ НЬ БИЕЛҮҮЛЭХ БОЛНО
...Жишээ нь, 300 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэг хоёр мянган хүн амтай сумтай яг ижил статустай байхаар яаж хөгжлийн тухай ярих юм бэ. Энэ мэт гажуудал, гацаануудыг арилгах олон шинэчлэл нийгмийн өндөр хүлээлттэй явж ирсэн. Товчхондоо Үндсэн хуулийн нэмэлтөөрчлөлтийг дэмжиж байгаа...
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэснээс энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Өөрөөр хэлбэл та ҮХНӨ-ийн өнөөгий хувилбарыг дэмжиж байгаа юу? 
-Үндсэн хуулийг шинэчлэх оролдлого хэдэн парламент дамжиж байна. Харамсалтай нь ямар ч үр дүнд хүрээгүй өдий хүрсэн. Ер нь бол өмнөх парламентын үед шинэчлэн боловсруулсан хувилбар бараг 80 хувьтай хэвээрээ байгаа юм билээ. Уг нь энэ нэмэлт өөрчлөлтийг хийчихвэл бид зарим талаар хөгжлийн гацаанаас гарна гэж үзэж байгаа. Тухайлбал, гүйцэтгэх эрх мэдэлд илүү боломж олгох, хот суурин, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал амьдралд ойртох гэх мэт чухал өөрлөлтүүд олон бий. Жишээ нь, 300 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэг хоёр мянган хүн амтай сумтай яг ижил статустай байхаар яаж хөгжлийн тухай ярих юм бэ. Энэ мэт гажуудал, гацаануудыг арилгах олон шинэчлэл нийгмийн өндөр хүлээлттэй явж ирсэн. Товчхондоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. 
-Анхны оролдлогоороо УИХ-ын гишүүн болсон азтай цөөн улс төрчдийн нэг нь та Улс төрийн хатуу ширүүн талбарт хүлээн зөвшөөрөгдөх таны давуу тал юу байсан гэж та боддог вэ?
-Нэгт, ард иргэд тодорхой хэмжээнд шинэчлэлт хийе, залуу хүн юм чинь итгээд үзье гэсэн байх. Хоёрт, МАН-ын рейтинг харьцангуй өндөр байсан. Гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөн байх аа. 
-Хэр их дайсантай болж байна?
-Дахиад хэлье. Парламентын танхим бол мэтгэлцээний талбар. Энэ бол айл гэрт өрнөдөг маргаанаас огт өөр зүйл. Тийм учраас мэтгэлцэх ёстой. Тэр танхимаас гараад мартах ёстой. Зарчим ердөө л ийм. Тиймээс парламентын танхим дахь уур амьсгалаар шууд бүхнийг дүгнэж болохгүй. Тэнд маргалдаж байсан бид амьдрал дээр сайхан ахан дүүс, анд нөхөд байдаг. 

-Заримдаа ч ширүүхэн юм болдог шүү...
-Бас нэг зүйл байгаа. Парламент нь нэгэнт мэтгэлцээний талбар учраас, энд их хурлын гишүүн хүн иргэдээ төлөөлж байгаа учраас хэлэх үг, байр сууриа чөлөөтэй илэрхийлж болно. Чуулганы танхимд парламентын гишүүн хүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг нь онцгой эрх ямба гэхээсээ илүү олон ургальч үзэл санаа байр суурь, хувь хүний үг, үзэл санаагаа илэрхийлэх, хардах эрхийг хэрэгжүүлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл парламентын танхимд хэн нэгэн гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болчихвол мэтгэлцээний талбар байх сонгодог утгаа алдчихна гэж үздэг юм билээ. Тийм ч учраас ширүүн юм болноо. Гэхдээ миний хувьд учиргүй хурцдаад, бусадтай маргалдаж, муудалцаад байдаггүй. Мэдэх зүйлээ ярь. Зарчмын байр сууриа илэрхийл гэдэг дүрэмтэй. 
-Таныг багаасаа онц сурсан, тэгээд ч онц сурлагатны комплекстэйг чинь мэдэх юм. Одоо түүнээсээ холдож чадаж байна уу?
-(инээгээд) Онц сурлагатны комплекс уу... ер нь суурь хүмүүжил, мөн чанартай холбоотой ааш араншинг цаг хугацаа ч тэгтлээ өөрчилдөггүй шүү дээ. Харин онц сурлагатны комплекс маань хэвээр эсэхийг энэ үгийг гаргаж ирснээрээ та л хэлж дүгнэх байх. Би онц сурлагатан байсан, одоо ч онц сурлагатан хэвээр байхыг хичээж явна гэвэл онгирсон эсвэл ихээхэн муйхар сонсогдох байлгүй (инээв). 
-Анхлан сонгогдсон залуу парламентач атлаа маш олон хуулийн төсөл санаачилж, батлуулаад яваа учраас ямагт бүхнээс онц, манлай байх амбиц, комплексоосоо салаагүй л яваа юм байна гэж бодоод байна л даа. Тэгээд л асуусан хэрэг..
-Таны хувьд юу гэж харагдаж, ойлгогдож байгааг мэдэхгүй л дээ. Би хувьдаа хэзээ ямагт өөрт оногдсон ажлаа боломжийн хэрээр нь сайн хийхийг хичээдэг хүн. Тийм байсаар ч ирсэн. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг юу юм? Бодлого боловсруулах, хууль санаачлах, батлах. Хуулийн гажуудлыг арилгах. Хажуугаар нь одоогоор манайд сонгодог парламент хөгжөөгүй учраас нөгөө дээвэр засах, нүх бөглөх аж ахуйн ажлаа хийж байна. Амлалтаа биелүүлнэ. Амалсан бол биелүүлэх ёстой. Гэрийн даалгавраа хийхгүйгээр хичээлдээ очиж болохгүй биз дээ. Энэ бүхэн маань танд онц сурлагатны комплекс гэж харагдаж байгаа бол тэр таны л хэрэг байх. Би хувьдаа ажлаа хийж, үүргээ биелүүлж явна. 
-Тэгвэл амлалтынхаа хэдэн хувийг биелүүлсэн бэ? 
-Одоогоор 80 хувьтай биелсэн гэж болно. 2020 онд амлалтаа 100 хувь хэрэгжүүлж дуусна гэж бодож байгаа. Мэдээж дөрвөн жилийн дотор бүх асуудлыг цэгцлээд, бүхнийг сайхан болгочихно гэж байхгүй. Гэхдээ амалсанаа биелүүлнэ. Яагаад гэвэл би зөвхөн чадах зүйлээ л амалсан. 
-Сонгодог парламенттай болохын тулд бид яах ёстой вэ? 
Юун түрүүн сонгуулийн хуулиа эргэж харах хэрэгтэй. Жижигрүүлсэн 76 тойрог биш магадгүй томруулсан тойргийн зарчмаар сонгууль явагдах ёстой байх. Энэ бүхнээс илүү иргэдийн жинхэнэ төлөөлөл байх үүрэгтэй Иргэдийн хурлын төлөөлөгчид мөн дүүрэг, хорооны Засаг дарга нар гудамжинд гарч, иргэдийнхээ амьдрал дунд орж ажлаа хийх хэрэгтэй байна. Тэд ажлаа хийхгүй байгаа учраас иргэд маань Их хурлын гишүүддээ хандаж байна. Тэднийг буруутгах аргагүй шүү дээ. 
                                                                        БОЛОМЖ Л БАЙВАЛ БУСДАД ТУСАЛСААР БАЙХ БОЛНО 
-Ингэхэд УИХ-ын гишүүд баяр ёслолын үеэр бэлэг тараахыг та юу гэж үздэг вэ? 
-Шулуухан л хэлье. Угаасаа ч хэлдэг. Би цагаан сараар бэлгээ тараана. Ахмадын баяраар ахмадуудаа баярлуулна. Яагаад гэвэл монгол соёл, заншлаас улбаатай зөвхөн монгол хүнд л байдаг зүйл. Ахмадын баяр болохоор Учрал маань ирэх болов уу гээд хараад суучихдаг настайчуулаа би яах юм. 29 жилийн тогтсон уламжлал, хүндэтгэлийг би лав тасалдуулж чадахгүй юм билээ. Есдүгээр сарын 1 болохоор хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, цүнх саваа тараана. Бас л битүүхэн хүлээдэг хэдэн хөөрхөн хүүхэд байдаг. Надад боломж нь байж л байвал тусламж хэрэгтэй нэгэнд өглөг өгсөөр байх болно. Энэ бол авилгал биш. Санал худалдаж авч байгаа явдал бүр ч биш. Өнөөдөр жишээ нь тойргийнхоо гэртэй айлуудын гэрийг дулаалж, халаагуур тавих ажил эд хийгдэж байна. Эхний ээлжинд 150 айлын гэрийн дулаалгыг бүрэн хийсэн. Энэ ажлыг бид Америкийн “Дезерет” гэдэг байгууллагын тусламжтайгаар хийж гүйцэтгэж байна. Дараа жил 10,000 айлыг зуухгүй болгох талаар дээрх компанитай хэлэлцээрт хүрээд тохирчихсон байна. Ингэсэнээр СХД-ийн 23-р хорооны бүх айлын утааны асуудлыг тодорхой түвшинд шийдчихэж байна. Гэх мэт янз бүрийн оролдлогуудыг хийж байна. Лагаас хий (газ) гаргах туршилт хүртэл хийж үзсэн. Засгийн газарт танилцуулсан. Маш их хөрөнгө оруулалт шаардах ажил юм байна гээд хойш нь тавьсан. Энэ бүхнийг би өөрт байгаа нөөц боломжоо ашиглаж хийж байгаа. Өгье гэвэл ганцаасаа гэдэг байх аа. 
-Нээрээ ч тийм. Бусдад буян болж л байвал түүн шиг сайхан зүйл хаа байхав. Захын цэцэрлэгт Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Бас л романтик сонсогдож байсан шүү. 
-Олон жил яригдсан сургуулийг улсын төсвөөр бариулсан. 143-р сургууль л даа. Тэндээ Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ зун 12 багшийг шалгаруулж, сургалтанд хамруулаад тавыг нь ажиллуулж байна. Энэ багш нар аравдугаар сарын сүүл гэхэд гэр хороололд байгаа сургуулиудад Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлж эхлэх юм. Шат дараатайгаар шийдэж байна. Боловсрол хамгаас чухал байна. Бас боловсрол ялгаагүй, тэгш олгогддог байх хэрэгтэй байна. Үүний төлөө чадах чинээгээрээ ажиллаж байна. 

-Нэг талаар та өөрийн гэсэн бизнестэй, ардаа татлаа түтлээгүй болохоор тойрогтоо олон ажил хийх, төсөл хэрэгжүүлэх боломжоор дүүрэн байдаг байх л даа. 
-За яахав дээ, хувийн бизнестэй, мөнгө хөрөнгөтэй гэхээсээ илүү санаачилга, хичээл зүтгэл чухал шүү дээ. Жишээ нь, гэр дулаалах төслийг Америкийн байгууллагаас тусламж хүссэний үндсэн дээр хийж гүйцэтгэлээ. Солонгост байгаа эцэг эхчүүдтэй нь энд байгаа хүүхүүдийг уулзуулдаг “Учралын баяр” төслийг гэхэд Бусаны аялал жуулчлалын байгууллагатай хэлэлцээрт хүрсний үндсэн дээр хийж байгаа юм. Сая Хятад руу дөрвөн хүүхдийг тэтгэлгээр явууллаа. Хятадын эрдмийн академи гээд сургалтын тэтгэлэг олгодог газартай ярьж байж энэ ажлыг бүтээсэн байх жишээний. Хийе, бүтээе гэвэл энэ мэт маш олон боломж бидэнд байдаг. Гол нь түүнийг сэдэх, сэтгэх, ажил хэрэг болгох л хамгаас чухал юм шиг ээ. Бусдаар Учрал учиргүй баян таргандаа энэ бүхнийг хийгээд байгаа юм биш. 
Энд байгаа хугацаандаа эрвийх, дэрвийхээ зүтгэж, итгэл хүлээлгэж сонгосон иргэдийнхээ амьдрал, ахуйн асуудлыг бага ч болов шийдэж өгье гэсэн сэтгэл л байна. 


-УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга, НАМЗХ-ы ерөнхийлөгч, Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгч.. энэ олон албан үүргүүдийн дундуур чөлөөт цаг гарч байна уу? Өрхийн тэргүүн, эцэг хүний үүргээ хэр хэмжээнд биелүүлж байна вэ?
-Гэр бүл ямагт нэгдүгээрт шүү дээ. Тэдэндээ хайр халамж өгч байж дараагийн хүмүүсийг хайрлаж, халамжлах асуудал яригдана. Хүн завгүй байх тусмаа илүү олон ажил амжуулдаг юм билээ. 
-Таны гэргий Ч..Сэлэнгэ ажил хэрэгч, чамбай бүсгүй бий. Амжилттай яваа эр хүний ард арав дахин амжилттай гэргий байдаг гэдэгтэй санал нийлэх үү? 
-Санал нийлнээ. Гэр бүл тогтворгүй бол ажил хэрэг, амжилт ололтын талаар ярих ч боломжгүй шүү дээ. 
-Эр хүн ээж шигээ хүнтэй суухыг мөрөөддөг гэдэг. Та гэргийгээ ямар шалгуураар сонгож суусан бэ? 
-Ихэнх эрчүүд эхнэрээ ээжтэйгээ харьцуулдаг. 
-Сүүлчийн асуулт. Улс төрч, УИХ-ын гишүүн байх нь танд таалагдаж байна уу?
-Таалагдах, таалагдахүйн тухай ярьж болно гэж үү. Анх улс төрд орохдоо л би чадна, бусдын төлөө ажиллаж чадна гэж өөртөө итгэсэн учраас УИХ-ын сонгуульд өрсөлдөнө шүү дээ. Үүнийг санамсаргүйгээр хийх боломжгүй. Тэгээд ч улс төр бол урлаг эсвэл спорт биш. Таалагдах, таалагдахгүйн тухай ярих боломжгүй. Иргэд маань итгэж л байвал би зүтгэнэ.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсье. 
                                                                                                                                                                                                                      Ярилцсан М.Уранчимэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)