”Сүлжээ дэлгүүрүүдийн сүйхээтэй эздийн марафон” цуврал-2
2020 оны 5 сарын 5

Улсын нийслэл Улаанбаатарт ердөө 10 гаруй жилийн өмнө “Номин”-гоос өөр гялайж гялтайх супермаркетгүй байв. Харин өнөөдөр сүлжээ дэлгүүрүүд шиг сонгодог бизнесийн загвараар өндөр түвшинд хөгжиж, өрсөлдөж байгаа өөр бизнес алга гэхэд хилсдэхгүй. И-мартаас авахуулаад CU хүртэл ёстой ёоз, дүүзээрээ нээгдэж, өөр өөрийнхөө өнгө аясаар салбаруудаа нээж, хөгжсөөр байна. Тэгвэл тэдний ард хэн гэдэг хөрөнгө оруулагч, хэн гэгч эзэн байдаг талаар сонирхоцгооё.

“Номин”-гийн ноёрхол дахь бэрүүдийн үүрэг

Дотоодын сүлжээ дэлгүүрүүдээс хамгийн анх хилийн чанадад салбараа нээсэн нь Номин. Эдний ээлжит нэгэн салбар АНУ-ын Лос-Анжелес хотод шинэ салбараа нээгээд удаагүй байгаа юм. Улаанбаатарт 3 Их дэлгүүр, 7 супермаркет, 8 хайпермаркет, 10 бөөний худалдааны төв, Дархан Эрдэнэт, Ховд зэрэг 7 аймагт салбар дэлгүүртэй энэ том айлаар сард 1.2 сая гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн статистик бий.

“NCD” группийн эздийг монголчууд андахгүй. Худалдааны гавьяат ажилтан ноён А.Шагдарсүрэнгийн гурван хүү Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр хэмээх ах дүү гурав эцгийн үүсгэн байгуулсан группийг эв найртай удирдан чиглүүлдэг. “Номин”-гийн  тэргүүнээр ах дүү гурвын дундах хүү Ш.Баярсайхан ажилладаг бол түүний дүү Ш.Энхбаяр “Номин холдинг”-ийн УЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал, ах Ш.Уламбаяр УЗ-ийн гишүүн, Үйлдвэрлэлийн бизнесийн захирлын албыг хашдаг байна. Харин “Номин”-гийн ерөнхийлөгч Ш.Баярсайханы гэргий О.Ганчимэг “Но­мин хоум стайл” салбарын захирал, "Номин фэйшн" компанийн гүйцэтгэх захирлаар Ш.Уламбаярын гэргий Амар, "Номин косметик" компанийн гүйцэтгэх захирлаар Ш.Энхбаярын эхнэр Мөнхцацрал нар тус тус ажиллаж байв. Бэрүүдийг энэ мэтээр тараан байршуулсан нь ахан дүүсийг мөнгө, бизнесээс болж хоорондоо сөргөлдөхгүй эв найртай аж төрөх мэргэн арга юм гэдэг.  Номингийн сүлжээ супермаркетууд энэ салбартаа үнийн уян хатан бодлого, олон салбар дэлгүүр, бонус картаараа илүүрхдэг.

Х.Отгонтуяагийн орлого Имартаар ихэссэн нь

Имартын сүлжээг Монголд “Алтай Холдинг” компанийн 90 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Скай Хайпермаркет” эрхлэн явуулдаг. Ерөнхий сайд асан Сү.Батболдын “Алтай холдинг” тэргүүтэй бизнесийг түүний эхнэр Х.Отгонтуяа удирддаг бөгөөд энэ ажил хэрэгт Д.Одончимэд агсаны хүү О.Одбаяр ноёнтон төдийгөөс өдий хүртэл тунчиг голлох үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг. Х.Отгонтуяа хатагтай, О.Одбаяр ноёнтон хоёрын харилцаа ч бизнесийн түншүүдийнхээс бараг давж гарсан ойр нягт түвшинд байдаг гэх. Тиймдээ ч Имартын бизнес амжилттай яваа гэх хүмүүс байдаг юм билээ.  Ямартай ч нэгэн цагт сонгодог урлагт сонирхол, цаг заваа зарцуулж байсан Х.Отгонтуяа хатагтай сүүлийн жилүүдэд бизнестээ илүү хүч хаях болсон нь Имартын жишээн дээрээс тод харагдана. Энэ хэрээр хатагтайн орлого ч аврин, түрийвч ч түнтгэр болсон биз ээ.

Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүр Имарт одоогоор Улаанбаатарт 3 дахь салбараа нээгээд буй. Бусад өрсөлдөгчидөөсөө бараа бүтээгдэхүүний өргөн сонголт, лангууны эмх цэгц, үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй талбай, автомашины зогсоолоор эднийх илүүрхдэг. Худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн 43 мянган метр квадрат талбайгаар дамжуулан 80 гаруй мянган төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээний шинэ бодлогоор хүмүүст хүргэх менежмент одоогоор сүлжээ супермаркетуудын сонгодог сайн загвар гэгдэж байна.

Хурдны лифтэнд суусан “CU Mongolia”

Энэ салбарт хүчээ аван орж ирсэн өөр нэг нэр, өөр нэг өнгө бол яалт ч үгүй “CU Mongolia”. Шинэ бизнес өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр хүмүүст хүрдэг жишгээр “CU Mongolia” нил ягаан өнгөт лого бүхий хаягаа хотын хаа сайгүй нээсээр байна. Зорилтот зах зээл нь оюутан залуус. Түргэн хоол, хямд кофе тэргүүтнээр ялгарна.

Тус сүлжээг нээх анхны санаа “Премиум” группийн үүсгэн байгуулагч ах дүү А.Ганхуяг А. Ганболд нарынх. Өдгөө “CU Mongolia”-ийн удирдлагын багт худалдааны салбарт өөр өөрсдийн байр сууриа олсон 8 залуу хөрөнгө оруулагч ажилладаг байна. Гүйцэтгэх захирлаар АНУ-д IT чиглэлээр суралцаж ирээд IT паркийн захирлаар ажиллаж байсан залуу эрхэм Г.Чинзориг ажиллаж байна. СU Mongolia-ын удирдлагууд худалдаа үйлчилгээний салбарт 10-20 жил ажилласан туршлагатай хүчирхэг баг гэдгээрээ онцлог. Ердөө жилийн дотор 50 салбараа Монголд нутагшуулаад амжсаныг бодоход маш хүчирхэг менежментийн багтай болох нь харагдаж байгаа юм. Өдөрт CU Mongolia-аар 30.000 хүн үйлчүүлдэг гэсэн статистик байна.

“Circle K”-ын сүйхээтэй эзэгтэй хэн бэ?

Худалдан авагчидад бүтээгдэхүүн зарахаас гадна хэд хэдэн үйлчилгээ үзүүлж, хүмүүст хагас цаг, цагийн ажлын байр бий болгодгоороо “Сircle K” онцлог. Тус сүлжээ дэлгүүр энэ онд 20, ирэх онд 60 салбартай болохоор төлөвлөжээ. Улаан өнгөөр өөрийн өнгө төрхөө тодорхойлон гарч ирсэн “Сircle K” сүлжээг “Нано интернэйшнл” компанийн захирал Б.Бүжинлхам хэмээх залуухан эмэгтэй удирддаг. Тэрээр компаниараа дамжуулан гадны 22 гаруй улсын 40 гаруй компанитай түншилдэг гэж байгаа. Сүлжээ дэлгүүрээ байгуулсанаар 400 гаруй хүнийг ажлын байраар хангасанаас бодлогоор 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан нийгмийн хариуцлага өндөртэй компани.  

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (13)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 06-02 22:16
    Retweet (2)
  • 06-02 23:07
    Retweet (1)
  • 06-02 23:05
    Retweet (1)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 23:16
    Retweet (0)
  • 06-02 23:15
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)