Э.Оюунтунгалаг: Би хүүхдээр бизнес хийхээргүй чинээлэг амьдралтай хүн
2020 оны 4 сарын 24

Мисс модель гэхээр бидний бодолд хөнгөмсөг бодолтой, хөнгөмсөг амьдралтай, оюун санааны боловсрол мэдлэгийг төдийлөн хайхардаггүй хэсэг бүлгийнхний тухай төсөөлөл бууна. Энэ бол манай нийгмийн л нийтлэг үнэт зүйл. Харин дэлхий дахинд бол мисс буюу сайхан бүсгүйхэмээх ойлголт ихээхэн рациональ түвшинд үнэлэгддэг болсоор хэдэн арван жилийг ардаа үджээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт сайхан бүсгүй хэмээх ойлголтод дэрэвгэр нүдтэй, нарийн бэлхүүстэй, урт шулуун хөлтэй хэн болгоныг биш чухамдаа зүс царай, бие галбирын төгс сайхан зохицлоос гадна боловсрол мэдлэг, тухайн нийгэмдээ оруулж буй хувь нэмэр буюу нийгмийг хариуцлагатай төлөвшсөн индивидийг авч үзэж байна. Товчхондоо мисс гэдэг нь эмэгтэй хүний оршихуйн төгс хувилбар гэсэн үг юм уу даа. Өөрөөр хэлбэл Монголын сайхан бүсгүй, Дэлхийн сайхан бүсгүй гэх хоёр ойлголт тэнгэр, газар шиг ялгаатай гэсэн үг. Чухам охидыг бага балчраас нь дэлхийн миссийн дэвжээнд бэлтгэсээр 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг хатагтайтай бид энэ талаар ярилцав. Охидтой аав, ээж болгон шимтэн унших биз ээ. Ярилцлагын зочноо товч танилцуулахад тэртээх 20 жилийн өмнө 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед амьдралын эрхээр ажил мэргэжлээ орхин Орос Монголын хооронд ганзгын наймаанд гүйж, дараа нь Солонгос улсад ажиллаж Монгол Солонгосын анхны тээвэр зуучлалын төвийг байгуулж явсан цэцэрлэгийн багш бүсгүй. Цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа хүүхдийн хүмүүжил төлөвшил, боловсролоос илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон. Үүнийгээ “Бяцханмисс” олон улсын төвөөрөө дамжуулан бодит ажил хэрэг болгосон. Өдгөө 18 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус төвөөс төрөн гарсан охид хөвгүүд Монголын төдийгүй дэлхийн тайзан дээр мөрөө үлдээж, нэрээ дуудуулсан бие даасан дэлхийн иргэд болсныг тэрээр бахархангуй ярих ажээ.  Тус төвийн эрхэм зорилго нь юу гээч? Өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч, үнэ цэнэтэйдэлхийн иргэнийг бэлтгэх.

- Мисс, сайхан бүсгүй хэмээх ойлголт олон улсын жишигт манайхаас ихээхэн өөр түвшинд яригддаг юм билээ. Ялангуяа бяцхан миссүүдэд ямар шалгуур, шаардлага тавигддаг талаар яриагаа эхэлье?

- Ер нь мисс хэмээх ойлголт олон улсын түвшинд манайхаас ихээхэн өөр байдаг юм шүү дээ. Гол шалгуур нь зүс царай, бие галбирын өвтэгш байдлаас гадна боловсрол мэдлэг, авьяас, нэмэх нь нийгмийн хариуцлага хэмээх чухал үзүүлэлт яригддаг. Өөрөөр хэлбэл гадаад, дотоод гоо сайхны төгс нийлбэр гэх үү дээ. “World Little Miss”буюу “Дэлхийн бяцхан мисс” тэмцээн ч ялгаагүй дээрх үндсэн үзүүлэлтүүдийг авч үздэг. Үүн дээр нэмээд монгол охидын хувьд англи хэлний шалгуур орж ирдэг. Эдгээр шалгуурын дагуу бид бяцхан охид, хөвгүүдийг бага наснаас нь шат дараатай, тодорхой чиглэл зорилготой бэлтгэж ирсэн.

Ер нь өндөр зэрэглэлийн миссийн тэмцээний хамгийн анхны шалгуур нь өөрийгөө болон эх орноо 2 минутын хугацаанд англи хэлээр танилцуулах. Хоёрдугаарт, авьяас номинаци орж ирнэ. Өөрийн бэлдсэн дуу, бүжиг, уран зураг гэх мэт урлагийн ямар нэг үзүүлбэр энэ шатанд үзүүлнэ.  Гуравдугаарт, загварын үзүүлбэрийн шалгуур орж ирдэг. Үүн дээр нэмээд багаар хамтарч ажиллах чадвар,биеэ авч яваа байдал, бие даасан байдал гэх мэт үзүүлэлтүүд дээр тэмцээн эхэлсэн цагаас эхлэн оноо гүйж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өндөр зэрэглэлийн олон улсын эрэмбэтэй миссийн тэмцээн гэдэг бол хэн нэгэн охин дуулж хуурдах төдийхнөөрөө оролцчихдог тэмцээн биш. Өндөр шалгууртай, өөрийн гэсэн зорилго, чиглэлтэй тэмцээн байдаг.

Үүнээс гадна бас нэршил нь хэдийгээр мисс гэсэн үг орсон боловч хүүхдийн соёл урлагийн их наадам маягийн тэмцээнүүд ч их болж байна. Урлагийн фестиваль, соёлын их наадам гэх мэтээр янз бүр нэрлэдэг л дээ. Мөн л оролцогч хүүхдүүдийн авьяас чадвараас гадна хүмүүнлэгийн ажилд хэрхэн оролцсон, нийгмийн хэр идэвх сонирхолтой зэргийг нь шалгуур болгож авч үздэг. Ер нь олон улсын жишиг бүхий мисс гэсэн үг орсон бүх уралдааны хэзээ ч орхидоггүй гол шалгуур нь нийгмийн хариуцлага гэж болно.

-“Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд хүүхдүүд хэдэн насны ангилалаар оролцдог вэ?

- Дөрвөн насны ангилалд явагддаг. 5-6, 7-8, 10-11, 14-16 гэсэн насны ангилалаар оролцдог. Уг нь миссээс гадна мистергэсэн ангилал байдаг боловч манайхны соёлын онцлогтой холбоотойгоор хөвгүүд нэг их оролцдоггүй. Ер нь монгол аав ээжүүд хөвгүүдээсээ илүү охиддоо их анхаардаг юм шиг ээ. Тиймээс манай улс мистерийн төрөлд бараг оролцдоггүй.

- Яг үнэнийг хэлэхэд маш олон мисс, сайхан бүсгүйн тэмцээн болох юм. Олон ч олон улсын тодотголтой ийм төрлийн тэмцээнүүдэд оролцох юм. Яг аль нь өндөр шалгуур шаардлагатай дэлхийн эрэмбэтэй тэмцээн болохыг бид ч үнэндээ ялгахаа больсон. Та санал нийлэх үү?

- Миний нэг эмзэглэдэг зүйл наадах чинь. Өдөр бүр миссийн тэмцээн болдог юм шиг, өглөө бүр хэн юунд яваад байгаа нь ойлгомжгүй, замбараагаа алдсан нь үнэн. Үнэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг л “Дэлхийн мисс”-ийн тэмцээн болдог. Юм хөгжиж байгаагийн хэрээр үүн дээр нэмээд улс орон бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй элдэв нэршилтэй тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Азийн мисс, Европын миссийн тэмцээнэсвэл Байгалийн мисс гэх мэт. Ер нь насанд хүрэгчдийн миссийн тэмцээн маш их болсон гэж болно. Хүүхдүүдийн хувьд загварын шоу юу, урлаг соёлын арга хэмжээ юу гэдгийг л ялгачихад нэг их толгой эргэмээр олон миссийн тэмцээн болдоггүй. Гүнжийн тэмцээн гээд бас нэг төстэй тэмцээн болдог. Эдгээрт дурын хүн бүртгүүлээд оролцож болдог. Харин “Дэлхийн бяцхан мисс”-т бол зөвхөн манайх оролцох албан ёсны эрхтэй гэж болно.

Анх 2015 оноос эхэлж оролцсон. Түүнээс хойш хүмүүс урлагийн тэмцээнд яваад ирсэн ч миссийн тэмцээнд яваад ирлээ гэж ойлгодог болж.

Титэмтэй учраас “Бяцхан мисс” гэж андуураад байдаг юм шиг билээ. Зохион байгуулагчид нь ч гэсэн энэ тал дээр хүмүүст үнэн мэдээлэл,зөв ойлголтыг өгөх ёстой л доо.

Манай байгууллагын тухайд олон улсын статустай, 18 жилийн хугацаанд дотооддоо болон гадаадад бяцхан миссийн тэмцээнийг зохион байгуулдаг, хүүхдүүдээ бэлтгэдэг, оролцож ирсэн туршлагатай байгууллага. Түүнчлэн дотооддоо мисс охидоо шалгаруулж авдаг тодорхой хэмжээний тогтсон  шалгууртай. Тэмцээнийг нэгдүгээр сард зарлаад гуравдугаар сар гэхэд хотоос 100, хөдөөнөөс 100 хүүхэд аваад 2 сарын турш бэлтгэсний дараа дахин тэмцээн болно. Эндээс 42 хүүхэд шалгарч үлддэг. Өөрөөр хэлбэл олон улсын тэмцээнд уралдаанд оролоцхгүй ч гэсэн хамрагдсан хүүхдүүд биеэ авч явах соёл, бие даах болон багаар ажиллах чадварт маш сайн бэлтгэгдэхээс гадна өөрт байгаа нээгдээгүй авьяасаа нээх хүртэл олон талын ач холбогдолтой байдаг гэх үү дээ. Тийм ч учраас хүүхдээ багаас нь амьдрах чадварт сургаж, нийгэм хамт олны дунд оруулж, бие даалгаж, авьяасыг нь нээх эрмэлзэлтэй эцэг эхчүүд манай төвд ханддаг.

Ер нь онгирч байгаа юм биш, манай “Бяцхан мисс” төвөөр дамжин гарсан хүүхдүүд урлаг соёл ч бай нийгмийн аль ч салбарт манлайлагчид болж төлөвшдөг юм шүү. Алга ташуулах гэж улайрахаасаа өмнө хүлээн зөвшөөрөгд гэдэг зарчмаар ажиллаж ирсэн маань ийм хэмжээний амжилт, нэр хүндийг бидэнд авчирсан гэж боддог.

- Ингэхэд “Бяцхан мисс” олон улсын байгууллага анх хэдэн онд хэрхэн байгуулагдаж байсан юм бол? Үүх түүхээсээ хуваалцвал?

- Түүх ярьвал их сонин ш дээ. “Бяцхан мисс”-ийг үүсгэн байгуулагч нь рок Р.Мөнхсайхан, “Русский гимназия” сургуулийн захирал М.Энхтайван хоёр. Хэн хэн нь амин хайртай ганц охидтой аавууд. Охиддоо өгсөн аав нарын хайраас төрсөн байгууллага гэж би хэлэх дуртай. Тэр үед би цэцэрлэгийн багш байлаа. 1993 оны үе санагдаж байна. Тэр үед “Бяцхан мисс”-ийн тэмцээнд би цэцэрлэгийн бүжгийн хамтлагаа оролцуулж, нэгдүгээр байранд орж байлаа. Тухайн үед тэмцээний талаар их өндөр сэтгэлтэй үлдсэн юм. Түүнээс хойш би гадаадад нэлээд удаан амьдарч байгаад ирсэн. Орост ч амьдарч үзлээ. Ганзагын наймааны ид үе. Наймаа хийж нэлээн амьдарсан. Дараа нь Солонгост очиж тээвэр зуучийн компани ч байгуулж явлаа. Залуу насны эрч хүчтэй өдрүүд минь байж. Яг тэр үед “Бяцхан мисс” тэмцээнийг ивээн тэтгээч гэсэн санал ирдэг юм байна. Юу ч бодохгүй зөвшөөрч байлаа. Залуу насны л гялбаа юм даа. Одоо бол нэлээн бодож, ярилцаж байж шийднээ дээ. Тэр үед л би энэ тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх юм байна гэсэн бодол төрж байсан. Тэгээд л эрхийг нь авч жил бүр зохион байгуулсаар энэ жил 18 дэх жилтэйгээ золгож байна. Хоёр жилийн дараа 20 жилийн ой болно. Ойгоороо “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээнийг Монголдоо зохион байгуулах том төлөвлөгөө, мөрөөдөлтэй сууна.

2015 оноос хойш манай бяцхан миссүүд дэлхийн тайзан дээр гарч эхэлсэн байдаг юм. Бяцхан мисс гэхээр жаахан хүүхдүүд тайзан дээр гүйлдээд, тэмцээнд оролцоод байдаг мэт ойлголт хүмүүст байдаг юм билээ. Тэмцээнд оролцох хүртлээ бэлтгэлээ хангах гэж чухал юм бий. Мисс, сайхан бүсгүй төрдөггүй, бий болгодог юм шүү дээ. Бий болгох профессийг бид хийж байна. Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд 5-16 насны хүүхдүүд оролцдог. Яг энэ зарчмаар манай тэмцээнүүд явагддаг гэсэн үг.

- “Бяцхан мисс” олон улсын төвөөс төрөн гарсан, олонд танигдсан хүүхдүүд гэвэл та хэнийг нь онцлох вэ?

- Тоо статистик ярьвал өнгөрсөн 18 жилийн хугацаанд 9000 сурагч “Бяцхан мисс”-ийн тэмцээнд оролцсон байдаг. Эдэн дундаас урлаг, олон нийтийн тайзан дээр гялалзаж, олонд танигдсан нь ч байна. Олонд танигдаагүй хэр нь өөр өөрийн эрхэлсэн салбартаа, эзэмшсэн мэргэжилдээ амжилттай, нэр хүндтэй яваа нь түүнээс ч олон байна. Энэ л манай төвийн бахархал, нэр төрийн баталгаа болдог.

Олонд танигдсанаас нь онцолвол “Киви”-гийн Ц.Намуунаа, “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану, “Сүүн далай ээж” дуугаар олонд танигдсан Б.Аззаяа, өнгөрсөн оны “Академи авардс”-аас “Аз жаргал” киноны гол дүр Азаагийн дүрээр шилдэг дүрийн шагнал авсан Ц.Мичидмаа, “Лоолойгийн найзууд”-ын Анунгоо нар байна. түүнчлэн 2002 оны “Бяцхан мисс” Анужин маань одоо АНУ-ын нэгэн томоохон эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа бол гадны банк санхүүгийн салбарт амжилттай яваа Мандах маань байна. Гэх мэт салбар салбартаа манлайлж яваа олон “Бяцхан мисс”-үүд бий.

Хүүхэд бүрт авьяас, бусдаас онцгойрох дор хаяж нэг чадвар байдаг. Түүнийг нь багад нь нээж илрүүлээд, өөртөө итгэх итгэлтэй болгочихвол цаашид ёстой толгой өвтгөхгүй биеэ авч явах төдийгүй тухайн хүрээлэл цаашлаад улс орондоо хэрэгтэй бие хүн болж төлөвшдөг. “Бяцхан мисс” олон улсын төв, энэ тэмцээний зорилго ердөө энэ юм. Бусдаар хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг хүн болгон мисс болох албагүй шүү дээ. Харин бие даасан, нийгмийн хариуцлагатай ухамсартай иргэн болж төлөвших нь хүн бүхний өмнө тавигддаг нийгмийн үүрэг. Энэ үүргээ онцсайн биелүүлэхэд нь туслах явдал бол бидний үндсэн зорилго.

Өнөөдрийн тав, зургаан настан 10, 15 жилийн дараа Монголыг удирдах, манлайлах хэмжээний хүмүүжил, төлөвшилтэй иргэн болж бэлтгэгдсэн байхын тулд бид ажиллаж байна. Энэ бол ирээдүйд өгч чадах ээж аав бидний хөрөнгө оруулалт юм даа.

-Үнэндээ сайхан сонсогдож байна. Ялангуяа орчин үеийн эцэг эхчүүдийн үндсэн проблемийн нэг нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, тэднийг хэрхэн зөв бие хүн болгон төлөвшүүлэх явдал болчихоод байна шүү дээ. Ер нь хүүхэдтэй зөв харьцах, тэднийг зөв хүмүүжүүлэх алхам юунаас эхэлдэг гэж та үздэг вэ?  

-Хүний хөгжил, хүмүүжил аливаа эд зүйлийн хөгжил хоёр бол тэс өөр зүйл л дээ. Тэр утгаараа нийгмийн оюун санаа, үнэт зүйл өөрчлөгдөххэрээр хүүхдийн хүмүүжлийн асуудал дагаж өөрчлөгдөж байдаг. Хамгийн гол зүйл бол минийхээр хүүхэд бүрт хүндэтгэлтэй, нээлттэй хандах явдал гэж боддог. Ялангуяа орчин үеийн хүүхдүүдийн аливаад хандах хандлага маш хурдацтайгаар хөгжиж, өөрчлөгдөж байна. Z үеийнхэн гээд байгаа нь санамсаргүй гоё нэршил биш. Тэдний оршихуйд хүндэтгэлтэй хандаад зөв нээгээд өгчихвөл маш хүчирхэг нэгэн үеийнхэн төлөвшиж байна гэж би хувьдаа хардаг. Эдний давуу талыг зөв нээж, зөв чиглүүлж чадвал бидэнд маш их нөөц бололцоо бидэнд байна.

-Олон улсын эрэмбэтэй тэмцээн уралдаанд оролцох нь хүүхдийг багаасаа амбицтай, зорилготой үгүй ядахдаа өөрийн гэсэн үзэл бодолтой, бие даасан нэгэн болоход ихээхэн нөлөө үзүүлдэг байх гэж бодож байна. Энэ талаар та юу ярих вэ?

-Та маш гярхай анзаарсан байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг үгийн утга яг үүн дээр гардаг. Гадны томоохон улс орнуудын ахуй орчинд нь очиж үеийнхэнтэйгээ хамт соёл хүмүүжлээс нь суралцана гэдэг ёстой үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болдог. Чи түүн шиг мундаг бол гэх, эсвэл тэр мундаг нэгнийх нь дэргэд байлгаж үлгэр жишээ авахуулах хоёр бол ихээхэн ялгаатай. Гадагшаа яваад ирсэн хүүхдүүдэд энэ маш их нөлөө үзүүлдэг нь харагддаг. Анзаарч байхад ядахдаа л хогоо хүртэл яаж хаях, хүний хөл дээр гишгэчихвэл уучлаарай гэж хэлж чаддаг болсон байдаг. Энэ мэт үр дүнгээс гадна гадны тэмцээнүүдэд амжилттай оролцож Гранпри авсан хүүхдүүдэд гадаадад сурах тэтгэлэг олдох нь хүртэл элбэг байдаг гэх мэт үр дүн ихтэй. Ийм маягаар тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд ч цөөнгүй шүү. Нөгөө талаас олон улсын зүгээс “Монголчууд оролцож байна” гэж сонирхож харах нь түгээмэл. Энэ нь заримдаа бидэнд давуу талыг олгох нь бий. Жишээ нь саяхан болсон “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд Монголоос оролцсон Сарангоо өмнө нь огт олгогдож байгаагүй шинэ номинацийг төрүүлж “Өсөж яваа шинэ од” гэдэг шинэ шагналын эзэн болсон. Гадныхан маш их сонирхож, олзуурхаж харсан учраас л ингэсэн хэрэг гэж би бодсон.

-Таны ярианаас үзвэл бодит байдал их өөр, олон улсын тэмцээнд багаасаа оролцох нь олон талын ач холбогдолтой юм байна л даа. Гэтэл манайхны тогтсон ойлголтоор ч гэх үү, миссийн тэмцээнд ихээхэн өөрөөр өөнтөгч нүдээр ханддаг нь нууц биш. Хүүхэд бол хүүхэд шиг л байх ёстой гэдэг ч юм уу. Хүүхдийг багад нь элдэв тэмцээн уралдаанд оролцуулж томчуудын амьдралд хэт эрт хөл тавьж байна гэдэг ч юм уу, янз бүрийн өнцгөөр энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Наадах чинь ихээхэн хоцрогдмол ойлголт шүү, үнэнийг хэлэхэд. Тэгээд ч хүмүүс мэддэггүй зүйлээ л шүүмжилдэг шүү дээ. Нүдээрээ үзэж, гар бие оролцоогүй байж энэ мэт өнгөц шүүмжлэл хэлэхээ азнаасай гэж боддог. Ер нь нүүдэлчин хүмүүсийн нэг онцлог юм шиг ээ. Тулга тойрсон яриа, батлагдаж, нотлогдоогүй, өөрийн мэдэхгүй зүйлд ач холбогдол өгч, дэвэргэх, бусдын яриагаар аливаад шүүмжлэлтэй хандах гэх мэт сонин хандлагууд манайд л түгээмэл байдаг. Ийм байдлаасаа бид татгалзах цаг болсоон.

Би дэлхийн 66 орноор аялж, ахуй амьдрал, соёлтой нь өөрийн биеэр танилцсан. Гол анхаардаг, судалдаг зүйл маань тэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, төлөвшүүлж байгааг харж, суралцаж, судалдаг. Өөрийнхөө хэмжээнд. Тэд өдрийн турш ямар нэг арга хэлбэрээр хүүхдүүддээ сайн хүмүүжил олгож, зөв зүйлд сургасаар байдаг. Сургууль бол боловсрол л олгодог газар гэж тэд ихэнхдээ үздэг. Бусад сургалт, хүмүүжлийг албан бус боловсролын сувгаар дамжуулж эцэг эхчүүд өөрсдийн оролцоотойгоор олгохыг эрхэмлэдэг. Дэлхий ийм байхад бид хүүхдийг багаас нь буруу зүйлд сургаж, томчуудын амьдралд хөл тавиуллаа гэж хэлэх нь үнэндээ л хоцрогдсон ойлголт шүү.

“Дэлхийн бяцхан мисс” тэмцээний зорилго бол хүүхдийг багаас нь нийгмийн ухамсартай бие хүн болгон төлөвшүүлэх явдал байдаг. Охидыг нүүрээ будах зэргийг хориглодог бүр заалттай. Манайх ч гэсэн нүүр будалттай тэмцээнд оролцвол онооноос нь хасдаг. Том хүн болоогүй байна гэдгийг сануулж хэлэх зүйл дээр нь хэлнэ. Ачааллын хувьд нас насных нь хэмжээнд тохирсон ачааллыг өгнө шүү дээ. Онц сурахын тулд юу хийх ёстой вэ түүнийг нь л манай төв шаарддаг. Тэрнээс биш амьдрал, нөхцөл байдлаас хол зүйл хүүхдээс шаардахгүй. Сурганы магистр, мэргэжлийн хүн энэ байгууллагыг удирдаж байгаа гэдэг утгаараа амьдрал, стандартаас хол зүйл хийхгүй гэдгээ л баттай хэлж чадах байна.

Шүүмжлэл хэлмэгц өөдөөс нь сөргөж байна гэж битгий бодоорой. Сайн шүүмжлэл олон сайн амжилт дагуулж байдаг учраас бид маш нээлттэй ханддаг. Шүүмжлэл намайг урамшуулж, эрчимжүүлж, амьд байгааг мэдрүүлж, улам сайн хийхийг сануулж байдаг.

“Бяцхан мисс” ер нь миссийн тэмцээн бол баян айлын хүүхдүүд оролцдог тэмцээн гэсэн ойлголт их элбэг байдаг юм билээ. Ялангуяа танай төвийн хүүхдүүд ихэвчлэн гадагшаа явдаг учраас чадалтай, мөнгөтэй нь л оролцдог гэх юм билээ. Үнэн үү?

/инээгээд/ Амны билгээс ашдын билэг гэдэг билүү. Амных нь билгээр болог гэе дээ. Үнэндээ мөнгө хөрөнгөтэй хүмүүс бидний хийж байгаа ажил, зорьж байгаа зүйлийг ойлгоод, дэмжиж байвал сайхан л байна. Гадны улс орнуудын хувьд төрөөс нь дэмждэг зүйл. Харамсалтай нь манайд энэ талаар яриад ч нэмэргүй байдаг юм шиг байна лээ.

Ер нь манай төвийн сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн аав ээжүүд бол баян хөрөнгөтэй гэхээсээ илүүтэй үр хүүхдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс байдаг. Ээж хүн, эхнэр хүний үүрэг байдгийг мэддэг, үүрэг хариуцлагаа ухамсарладаг аав ээжүүд охидоо дэмжиж явуулдаг. Манай хамгийн анхны тэмцээнд Мандахын Гэрэлт гэдэг охин орж байлаа. Мандах ах бол жирийн нэг багш хүн. Мөнгө төгрөгтэй гэхээсээ илүү сурган хүмүүжүүлэгч хүн учраас хүүхдийн хүмүүжил төлөвшилд юу чухал болохыг мэддэг учраас охиноо  манай “Бяцхан мисс” төвд явуулж, тэмцээн уралдаанд явахыг нь дэмжсэн гэж боддог. Бусдаар бол Мандах ахад охин нь миссийн титэмтэй байх нэг их чухал биш байсан гэдэгт эргэлзэхгүй байна. 

Гэх мэтчлэн энгийн албан хаагч, хувиараа жижиг бизнес эрхэлдэг хүмүүс, ээж нь хүүхдүүдээ харж гэртээ байдаг, аав нь албан ажлаа хийж амьдралынхаа бусад асуудлыг шийддэг гэр бүлүүд манай төвийн гол үйлчлүүлэгчид байдаг даа. Энэ чинь зүгээр л үр хүүхдээ гэсэн эцэг эхийн зүтгэл, сэтгэл юм шүү дээ. Тэгээд ч хүүхдээ хүн болгоно гэдэг эцэг эх хүний нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага. Үүнийг мэддэг хүмүүс цөөнгүй байдаг нь олзуурхууштай.

Эдэн дунд чиний яриад байгаа мөнгө хөрөнгөтэй хэсгийнхэн ирнээ. Ингэх ёстой, тэгэх хэрэгтэй гэцгээнэ. Гэхдээ бид“Манай байгууллага танд таалагдана уу, гэхээс танай гэр бүлд бид таалагдах ёсгүй” гэдгийг хэлдэг. Ерөнхийлөгчийн хүүхэд ч бай, цэвэрлэгчийн хүүхэд ч бай, ялгаагүй л хүүхэд. Бид ялгаагүй л харьцана. Шулуухан хэлчихэд хүүхдээр бизнес хийдэг нь би биш. Би хувьдаа өөрийн гэсэн бизнестэй, тогтсон амьдралтай хүн. Хувийн бизнесээ хийгээд чинээлэг хэмжээнд амьдарч чаддаг гэж өөрийгөө боддог. Тийм ч учраас “Бяцхан мисс” төв мөнгөтэй, мөнгөгүйгээр ялгаж гадуурхахыг хориглодог тогтсон соёлтой байгууллага. Ер нь тэгш байна гэдэг ялангуяа хүүхдүүдийн хувьд, тэдний хүмүүжил төлөвшлийн хувьд маш чухал зүйл гэдгийг үүгээрээ хэлэхийг хүссэн юм. Тэднийг сайн муу, баян ядуугаар нь ялгаад эхэлвэл зөв хүмүүжил, төлөвшил, өөртөө итгэх итгэлийн тухай яриад ч хэрэггүй болно. Үр дүнгүй болно. Манай төвийн хүмүүжлийн гол концепци бол “Хол явъя гэвэл олуулаа яв. Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Нөхөрлөл бол чамайг чимдэг ганц зүйл”. Цаашилбал даруу байх, бусдад зам тавих, бусдын ялалтад баярлах зэрэг ёс зүйн хүмүүжлийн тал дээр нэлээд анхаарч ажилладаг.

-Миний ойлгосноор “Дэлхийн бяцхан мисс” “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох, түүнд амжилт үзүүлэх анхны алхам гэж ойлголоо. Ер нь дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улс ялалт байгуулах, тэргүүн титэм авах боломж бий юу? Та юу гэж боддог вэ?  

Дэлхийн мисст монгол охин түрүүлнэ гэдэгт би эргэлздэггүй. Одоогоор эхний 10-т монгол оролцогч шалгараагүй байгаа хэдий ч энэ бол цаг хугацаан асуудал гэж боддог. Одоогоор 11-р байранд А.Баярцэцэг орсон байдаг. Гол шалгуур нь онлайн саналын тоо буюу олон нийтийн санал байсан. Ийм цөөхөн хүн амтай ард түмэн өөрийн орны оролцогчоо тэгж сайн дэмжиж санал өгсөн гэдэг үзүүлэлтээр 11-р байранд шалгаруулсан юм билээ.

Дэлхий дээр миссийн хоёр хүчтэй тэмцээн байдаг. Нэг нь мэдээж “Miss World”буюу Дэлхийн гоо бүсгүйн тэмцээн. Нөгөө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зохион байгуулж байсан дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Miss Universe”. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор манайхаасмисс Д.Долгион явсан. Дараа нь миссБ.Гүнзаяа явахаар тодорчихлоо.

Монгол охид дэлхийн дэвжээн дээр сайхан бүсгүйн титэм зүүхэд, эхний 10-т шалгарахад юу саад болж байна гэж та боддог вэ?

Би хувьдаа туршлага л дутаж байна гэж хардаг. Бас дотооддоо маш зөв, шударга шүүх хэрэгтэй. Туршлага гэдгийн тухайд яах аргагүй чухал үзүүлэлт. Дэлхийн сайхан бүсгүйн тэмцээнд оролцож байгаа дэлхийн бусад орны охид бүр багаасаа энэ тэмцээнд оролцоцгоосон байдаг. Оролцох тусмаа туршлага суухаас гадна энэ хугацаанд бие биетэйгээ дотно танилцаж, нөхөрлөж, туршлагаа солилцсон байдаг. Шилдгээр шалгарахад чухал нөлөө үзүүлдэг нэг зүйл бол оролцогчид бие биендээ хувийн оноо өгдөг.Манайх энэ онооноос оноо алдаад байна уу гэсэн бодол төрдөг. Хувийн оноо авахад тухайн улс орны нэр хүнд, танил байх зэргээс гадна охид бие биетэйгээ дотно нөхөрлсөн түүх дурсамжтай байх ёстой болноо доо. Хаа очиж Б.Гүнзаяа маань энэ тал дээр маш сайн туршлагатай анхны монгол мисс гэж бодож байгаа. Олон ч тэмцээнд оролцлоо. Нийгэм рүү чиглэсэн ажилд ч их оролцдог юм билээ. Хөдөлмөрч ч гэж харагдсан. Мисс Б.Гэрэлчулуун дотоодын миссийн тэмцээнд 6 жил оролцоод 7 дахь жилдээ миссийн титэм авсан гэж ярьдаг даа. Энэ бол үнэхээр хөдөлмөр юм.

Нөгөө талаараа манай ихэнх миссүүд англи хэл, гадаад хэлний боловсролоороо үнэхээр гологдож байна. Манай төвийн охид, жишээ нь миний 6-р ангийн охин миссийн тэмцээний англи хэлээр өөрийгөө танилцуулах хэсгийг хараад голж байх жишээний. Аль болох дотоод дахь шалгуураа зөв, шударга хийж дэлхийн тайз руу явуулах оролцогчиддоо өндөр шалгуур тавьж, сайн бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Монголыг төлөөлөх хүнийг шалгаруулна гэдэг маш хариуцлагатай, нэр төрийн хэрэг юм шүү.

Энэ бол хөдөлмөр юм шүү гэснээс үнэхээр гоо үзэсгэлэнтэй байна гэдэг өөртөө хатуу харгис хандаж чадах тэвчээртэй хүнээс гарах асар их хөдөлмөр юм шүү, тийм ээ?

- Тэгэлгүй дээ. Мисс гэдэг сайхан тодотголын ард маш их тэвчээр, хөдөлмөр, хатуужил байдаг юм шүү дээ. Хүмүүст харагдах нь сайхан титэмтэй, нэр алдартай хүүхэн. Тайзны ард, бодит амьдрал дээр үүр шөнөөр босч шөнийн 24:00 цаг хүртэл зогсолтгүй ажиллаж,хөлсөө дуслуулсан ядарч туйлдсан дүр зураг л байдаг. Үүнийг олон нийтэд хэзээ ч ил болгодоггүйд л учир бий. Миний бодлоор энэ бодит байдлаа, үнэн амьдралаа ил нээлттэйгээр хүмүүст харуулах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас л мисс гэж гоё ганган царай зүстэй, сайхан биетэй төрчихсөн улс амар хялбар аргаар мөнгө олдог гэсэн буруу ойлголт нийгэмд бий болдог юм шиг. Гэхдээ сайхан байна гэдэг хүнд хөдөлмөр гэдгийг мэддэг хүмүүс нь мэддэг учраас ихээхэн хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Манайд л арай өөрөөр яваад байх шиг. Цаг хугацаа энэ ойлголтыг гэхдээ өөрчлөх биз ээ.

- Санал нийлж байна аа. Ингэхэд “Бяцхан мисс” төвийн оролцохдараагийн олон улсын эрэмбэтэй тэмцээн хэзээ болох вэ? Үүнд оролцох ялагч тодорсон уу?

- Дараагийн олон улсын хэмжээний тэмцээн Итали улсын Милан хотод 11-р сарын 29-нд болно. Гэхдээ энэ нь миссийн тэмцээн биш Европын хүүхдийн загварын шоу. Манай төвөөс 6 охин багаараа оролцоно. Милан хотдэлхий загварын нийслэл гэдгээрээ зартай хот. Тэнд очиж загварын шоунд оролцоно гэдэг ч нэр төрийн хэрэг юм. Тэгэх тусмаа тэр тайзан дээр багаараа алхаж гарна гэдэг, багаараа оролцож байна гэдэг бахархалтай хэрэг юм. Өнгөрсөн жил ч энэ тэмцээндманай төвийн хүүхдүүд багаараа очиж оролцсон. Дуучин Ж.Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнэ үндэсний хувцасны загварын төрөлд маш сайн оролцсон. Мөн орон нутгаас ирж оролцсон Мөнхдалай маань энэ төрөлд мөн нэлээд өндөр оноо авсан. Хөгжим бүжгийн сурагч Хонгорзул маань авьяас төрөлд Гранпри авсан. Ариунсувд гоёлын хувцасны загварын төрөлд бас өндөр үзүүлэлттэй оролцсон гэх мэтээр ярих, бахархах амжилттай сууна. Багаараа Гранпри хүртсэн учраас энэ жил тус тэмцээнд урилгаар оролцохоор болсон.

“Бяцхан мисс” тэмцээний мөнгөн титмийн эзэн Төгсгоо, 2017 оны “Бяцхан мисс”-ийн авьяас төрлийн ялагч Маргад, манай төвийн шилдэг сурагч Анужин, Энхрийлэн, Биндэръяа, Баярмаа зэрэг үндэсний төдийгүй олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд шагналт байр, Гранпри зэрэг шагнал хүртэж, тодорхой амжилт үзүүлсэн охидоо аваад Итали явна даа.

-Тэгвэл дахин амжилт хүсье. Сүүлчийн асуулт. Энэ сарын 8-нд болох “Shining Girls”загварын шоуныхаа талаар товч мэдээлэл өгөөч? Тансаг зэрэглэлийн загварын шоу гэсэн нь анхаарал татсан шүү?

-Өнгөрсөн 18 гаруй жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан охидоо цуглуулж нэгдсэн томоохон тансаг зэрэглэлийн загварын шоуг хийхийг зорьж байна. Бодоод байсан чинь бид ийм ажил хийж байна, тэгж олон улсад эх орныхоо нэрийг гаргалаа гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амжилтаа зарлаж, сурталчилгаа хийж байгаагүй юм билээ. Тэгэх нь ч бидний зорилго биш. Амьд сурталчилгаа гэдэг шиг амжилт үзүүлсэн охидын маань үлгэр жишээ амнаас ам дамжих маягаар харилцагчид маань хүрээгээ тэлсээр ирлээ. Энэ жил харин яагаад ч юм хүнээр бол эрийн цээнд хүрсэн /18 жил үйл ажиллагаа явуулсан/ “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага өнгөрсөн хугацаанд юу хийв, ямар охидыг нийгэмдээ бэлтгэж гаргав, тэднээс хэд, хэн нь урлаг, загвар гэх мэт олны танил тайзан дээр алхаж ямар амжилт үзүүлж явааг харах, түүнийгээ олон нийттэй хуваалцах зорилгоор “Shining Girls”загварын шоугаа хийх гэж байна.

Тансаг зэрэглэлийн гэдгийн тухайд хүмүүс бас буруу ойлгоод байх шиг. “Дэлхийн бяцхан мисс” тэмцээн болон бусад олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож явахад хамгийн их анхаарал татдаг, шүүгчдийн таашаалд заавал нийцдэг үзүүлбэр нь үндэсний хувцастай загварын үзүүлбэр байдаг. Үнэхээр тансаг чамин гэдэг ойлголтыг манай үндэсний хувцас л бүрэн дүүрэн илэрхийлдэг. Дэлхийн тайзан дээр үндэсний хувцастайгаа алхаж байгаа хүүхдүүдээ харах хичнээн биширч огшмоор, бахархмаар байдаг гээч. Энэ утгаар нь загварын шоугаа тансаг зэрэглэлийн гэж тодотгосон хэрэг. Шоу маань “Зайсан хилл”-д 11-р сарын 9-нд болно. Шоуны онцлог нь зөвхөн Монголд урлаж үйлдвэрлэсэн хувцасны загварын үзүүлбэр, шоу болох юм. Есөн эрдэнийн өнгөтэй, есөн хатны хувцсаар үндэсний хувцасны тансаг, хязгааргүй мэдрэмжийг харуулахыг зорьж байна. Загварыг дэлхийн тайзанд эх орноо төлөөлөн оролцож, амжилттай үзүүлсэн “Бяцхан мисс” төвийн сурагчид, мөн манайхаас төрөн гарсан олны танил, дэлхийн тайзан дээр алхаж байсан загвар өмсөгч, урлагийн салбарынхан үзүүлэх юм. Товчхондоо энэ бол бидний 18 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлын үр дүн гэж болох юм.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд улам их амжилт хүсье.

 

Ярилцсан М.Саян.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (28)
  • Retweet (21)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-01 09:46
    Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)