Төмөр хатагтай Ш.Солонго: МОНГОЛ БАЙТУГАЙ ДЭЛХИЙД НАДТАЙ ӨРСӨЛДӨХ БИКИНИ МОДЕЛЬ БАЙХГҮЙ
2020 оны 4 сарын 23

Олон нийтийн сүлжээнд Төмөр Хатагтай Солонго нэрээр алдаршсан олон мянган дагагчтай фитнесс модель Ш.Солонготой ярилцлаа. Орос, англи хэлний багш мэргэжилтэй ч хувийн сонирхолдоо хөтлөгдөн бодибилдингээр хичээллэх болсон тэрээр бикини моделийн хувьд надтай өрсөлдөх загвар өмсөгч байхгүй гэж үздэг өөдрөг үзэлтэн. Гэр бүл зохиох нас биед хүрсэн ч гэлээ ганц бие. Өөрийнхөөрөө, өөдрөг бүсгүйн яриаг танд хүргэе.

-Юун түрүүн өөрийгөө танилцуулаач? Өөрийг чинь олон нийтийн сүлжээнд олон дагагчтай фитнесийн багш Төмөр хатагтай Солонго гэхээс илүүг бид мэдэхгүй. Хэдийнээс фитнесс, бодибилдингээр хичээллэх болов? Яагаад энэ чиглэл рүү татагдах болсон гээд асуух зүйл их байна.

- Намайг Шинэбаярын Солонго гэдэг. Үндсэн мэргэжил орос, англи хэлний багш, загвар зохион бүтээгч, гоо сайханч. Өөрийнхөө зорилго, мөрөөдлөөр 2010 оноос хойш фитнессээр хичээллэж, Улаанбаатар хотын аварга, Улсын аварга, Азийн аварга гээд маш олон уралдаан, тэмцээнд оролцож, медальт байруудыг эзэлж байсан. Мөн цусны донор. Монголын анхны хүндэт тамирчин донор болсондоо баяртай байдаг. Мөн олон улсын боксын ring girlч болж явлаа. Боксын тэмцээн дээр оноо өргөдөг охид байдаг даа, тэдний нэг гэсэн үг. Одоо фитнессийн хувийн багшаар ажиллаж байна. Өөрийгөө товч танилцуулахад ийм байна.

-Таны нэр Төмөр хатагтай Солонго. Энэ нэрийг танд хэн өгсөн бэ?

-Би загвар өмсдөг байхдаа нарийхан, туранхай охин байсан. Тэгээд гадны эмэгтэйчүүд шиг гоё биетэй, туранхай ч биш, тарган ч биш fit биетэй болох зорилгоор фитнес хийж эхэлсэн. Тэгэхэд найзууд маань төмрөө өргөсөөр л байна уу, төмөр хүүхэн минь гэдэг байв. Тэр үед би хятад сургуульд англи, орос хэлний багшаар ажилладаг байсан юм. Тухайн үед авдаг цалин маань хангалтгүй байсан учраас зургаан сая төгрөгний шагналын сантай тэмцээнд оролцохоор сэтгэл шулуудаж нэг сар бэлтгэл хийгээд оролцлоо. Анхны тэмцээн байсан учраас бүдэрсэн. Тэрнээс хойш шар хөдлөөд фитнесээр эрчтэй хичээллэж эхэлсэн. Одоогоор би жингийн хувьд хэвийн, бие хааны хувьд өөрийнхөө хүссэн хэмжээнд бага багаар дөхөж байна. Цаашид бүр төгс болохын төлөө хичээж, хөдөлмөрлөж байна. Нэр маань найзуудынхаар маань төмөр өргөдөгтэй минийхээр бол фитнес хийдэгтэй минь холбоотой ирсэн нэр. Би ч сүүлдээ төмөр хатагтай нэрээрээ видео хичээлүүд хүргэж эхэлсэн. Сошиал сүлжээ ашиглахад их дөхөмтэй байдаг гэх үү дээ.

-Нэр чинь таалагддаг уу?

-Их олон хүн “Төмөр хатагтай гэхээр таныг харгис хэрцгий, хүйтэн хүн байдаг гэж боддог байсан. Гэтэл амьдрал дээрээ бараг хуванцар юм шиг уян зөөлөн, наалинхай эмэгтэй байнашдээ, ямар сайхан ааштай юм бэ” гэдэг. Зарим нь бүр энэ нэр чинь танд зохихгүй байна, төмөр гэдгээ өөр болго гэх нь ч бий. Гэхдээби төмөр хатагтай нэрэндээ хайртай. Ард түмний өгсөн нэр учраас.

-Өөрийн чинь пост, зургууд Монголд байхгүй хэмжээний задгай, эрх чөлөөтэй, дур зоргоороо гэж анзаарагддаг. Өөрийнхөөрөө, эрх зоргоороо зан характер Солонгоод хэдийнээс төлөвшиж эхэлсэн юм бол? Аав ээж, ойр дотныхон чинь үүнд эмзэглэж ханддаг уу?

-Би багадаа айлын бага байлаа. Олон жилийн дараа дүү төрж, эгч болсон. Магадгүй айлын ганц, эрх дураараа өссөн маань өнөөдрийн Солонгоог та нарт харагдаж байгаа шиг дураараа, зоргоороо мэт болгосон байж болох юм. Гэхдээ Монголчууд л ийм зүйлд эмзэг ханддаг болохоос гадаадад бол гудамжинд бикини өмсөөд алхаж яваа хүүхнүүд ч сонин биш шүү дээ. Энэ талаараа манайхан яах аргагүй хуучинсаг үзэлтэй. Тэглээ гээд би өөрийгөө өөрчилж, бусдад таалагдах гэж дүр эсгэхгүй. Би өөрийнхөөрөө сэтгэдэг, өөрийнхөөрөө байдаг хүн. Бикини модель бол миний мэргэжил. Бөхчүүд зодог шуудаг өмсдөг шиг бикини бол миний мэргэжлийн ердийн өмсгөл. Анхандаа хүмүүс их гайхаж хүлээж авдаг байсан. Сүүлдээ тамирчин гэдгээр хүлээн зөвшөөрдөг болсон. Энгийн эмэгтэй бикини өмсөх, тамирчин бүсгүй бикини өмсөх хоёрт хандах хандлага шал өөр байдаг. Аав ээж маань тамирчин гэдэг утгаар нь харж харин ч дэмжиж, урам хайрладаг. Маш их амжилт хүсдэг. Аав ээж шигээ олон хүний хайр, урам зоригоор хичээн хөдөлмөрлөж байна. Энэ мэргэжил намайг гэлтгүй Монголын олон эмэгтэйчүүдийг өөрчлөх боломжтой.

-Гэхдээ л монголчууд өөнтөгч ард түмэн шүү дээ. Дайралт ирнэ биз?

-Олон нийтийн сүлжээнд тийм тал бий. Зарим нь бүр хоёрдугаар сувгаар хүлээж авахыг яана. Зарим эмэгтэйчүүд атаархаж, муулдаг. Заримдаа нөхөр нь миний миний фэйсбүүк пэйжид лайк дарсны төлөө над руу дайралт хийнэ. Төмөр авгай гэцгээнэ (инээв). Зарим нь ч миний зураг хөрөг, нэр усыг ашиглаж хуурамч хаяг нээж, худлаа мэдээлэл тавьж, төлбөртэй мэдээлэл олон нийтэд хүргэх нь бий. Тэглээ гээд нэг их ач холбогдол өгөөд, тоогоод байдаггүй. Яагаад гэвэл намайг хэн гэдгийг цаг хугацаа харуулна. Замын ноход хуцажл байдаг, жингийн цуваа явжл байдаг гэдэг үгийг тэдэнд хэлмээр байна.

-Та миний төсөөлж байснаас ч илүү өөрийнхөөрөө, зоригтой юм. Ингэхэд биеийнхээ аль хэсэгт илүү дуртай вэ?

-Намайг хүмүүс хиймэл хөхтэй гэж худлаа ярьдаг. Миний биений хамгийн гоё хэсэг бол хөх маань юм болов уу гэж боддог. Үнэндээ төрөлхийнх л дөө. Ээж маань аягүй гоё хөхтэй эмэгтэй. Ээжийгээ дуурайгаад сайхан цээжтэй, гоё хөхтэй төрсөн.

-Бикини модель бол ялангуяа Монголд ховрын бараа шүү дээ. Бикини модельболчихоор сайн модель тэр бүр олддоггүй гэж сонсож байсан. Хөх, өгзөг сайтай байхаас гадна арьсны өнгө гэх мэт олон шалгуур байдаг байх даа?

-Би их universal (хөрвөх чадвартай холимог хүн) хүн. Загвараа ч өмсчихнө, фитнестээ ороод моделио ч хийчихнэ. Ийм хүн одоо бараг байхгүйдээ. Яагаад гэвэл загвар өмсөгч хүн нэлээн нарийхан гоё байх ёстой. Фитнес модель бол булчинлаг, чанга биетэй, галбирлаг байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ хоёр хоорондоо харшилдаг. Би харин нэгтгэж, аль альд нь хөрвөж чаддаг. Би арван жилдээ нарийхан байсан учраас загвар өмссөн. Дараа нь хэтэрхий нарийхан байна гэж өөрийгөө голон гадны моделууд шиг гоё хүүхэн болох мөрөөдөлдөө хөтлөгдөж фитнесээр хичээллэж эхэлсэн. Энэ маань эцэстээ миний мэргэжил болсон.

Фитнес дотроо боди фитнесс, мисс фитнес, бикини модель гэх мэт олон төрөлд хуваагддаг. Сүүлд даашинзтай төрөл гэж шинэ төрөл бас нэмэгдсэн байна лээ. Фитнес мисс гэхээр үзүүлбэр үзүүлдэг, бикини гэхээр цэвэр эмэгтэйлэг галбиртай, уян хатан, чанга биетэй, зөв хэлбэртэй, өргөн мөртэй, нарийхан бэлхүүстэй, өгзөг гуя зузаан байх ёстой. Монголд бикини модель их ховор. Ихэнх нь дундаж өндөртэй учраас гологдох гээд байдаг. Миний хувьд урт хөлтэй учраас давуу тал болдог. Бикини модельд тавигдах олон улсын нэг шалгуур нь урт хөлтэй байх ёстой. Энэ стандарт миний хувьд нийцдэг учраас энэ төрлөөр цаашдаа дэлхийн аварга, олимпт оролцох бодолтой байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллах албан байгууллага байвал би бэлэн байна. Ер нь бикини модель бол олон улсад маш нэр хүндтэй төрөл гэгддэг л дээ. Хамгийн том арга хэмжээн дээр уригддаг, хамгийн гоё төрөл гэж болно. Би энэ төрлийн дэлхийн гайхамшиг болохын төлөө хичээн ажиллаж байна.

Би саяхан болсон “Miss University”тэмцээнд оролцоод 500-аад охидоос шилдэг арван тавд орсон. Энэ маань олон улсын миссийн тэмцээнүүдийн хамгийн том нь. Тийм ч учраас надад боломж бий гэж харж байгаа.

-Өөртэйгөө дүйцэх бикини модел гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Манай ээж, миний охин өөрийгөө энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай, хамгийн гоё охин гэж төсөөлж, бодож яваарай гэдэг. Ээж маань миний галзуу улаан фен л дээ. Тийм ч учраас фитнесийг эсэргүүцсэн аавын хоригийг би давж гарч чадсан. Анх тэмцээнд оролцохоор фитнесээр эрчтэй хичээллэж байр эзэлж чадаагүйдээ шаралхаж фитнесийн тамирчин болсон миний хувьд зөвхөн түрүүлэхийн төлөө хичээж өдийг хүрсэн. Тийм ч учраас энэ чиглэлдээ урдаа машин байтугай хүүхэн ч гишгүүлэхгүй гэж найзууддаа ярьдаг. Би үргэлж номер нэг байх ёстой гэдэг зарчмыг өөртөө тавьдаг.

-Тэгвэл олон улсын түвшинд өөрийн чинь шүтэж биширдэг, идеал болгодог модел гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Би инстиграмм дээр олон америк моделиудыг дагадаг. Тэглээ гээд тэднийг шүтэж байгаа хэрэг биш. Би өөрөө тэднээс илүү гоё хэмжээнд очих модель болох чадвартай. Надад тийм хүч чадал байгаа учраас гоё гэж боддоггүй ээ. Маш сайн харвал тэдэнд ямар нэг алдаа заавал байдаг. Энэ л жинхэнэ гоё, төгс эмэгтэй гээд шүтье гэхэд одоогоор лав хэн нэгэн алга. Өөрийгөө тийм түвшинд аваачинаа л гэж боддог. Ер нь төгс эмэгтэй гэж хэн юм. Гоё сайхан биетэй, дотоод сэтгэлээсээ бас гоё байж гэмээнэ төгс болно шүү дээ. Бусдад атаархдаггүй, бусдыг муу ярьдаггүй байх ёстой. Монголын эмэгтэйчүүд тийм байгаасай гэж хүсдэг.

-Сайхан биед секс нөлөөтэй гэж ярьдаг. Санал нийлэх үү?

- Ер нь бол секс хийдэг эмэгтэйчүүд гэдэсгүй, давсаггүй байдаг гэж эрчүүд ярьдаг юм билээ. Ортой байж магадгүй. Хүмүүсийн дам яриа шүү дээ. Секс сайн хийвэл турдаг, гоё биетэй болдог гэх мэт олон яриа байдаг. Энэ тал дээр би найз залуугүй учраас ийм үр дүн гарсан, ингэсэн тэгсэн гэж хариулт өгж чадахгүй нь.

-Та бикини моделиос гадна фитнессийн хувийн багшаар нэлээн амжилттай карьер хийдэг. Фитнесийн хувийн багш Монголд шинэ тутам ойлголт. Эрэлт хэрэгцээ нь хэр байдаг вэ? Бас нууц биш бол үнэ төлбөр нь хэд вэ?

- Хувийн фитнесийн багш гэдэг маань тухайн нэг хүнтэй тулж ажиллан ямар зорилготой, бие галбираа ямар болгох мөрөөдөл хүсэлтэйгээс шалтгаалаад зориулсан дасгалын төлөвлөгөө, хоолны жор гаргаж, системтэйгээр хичээллэх явдал гэж болно. Тийм ч учраас хувийн фитнесийн багш авснаар хамгийн богино хугацаанд хамгийн сайн үр дүн үзнэ гэсэн үг. Ер нь Монголд л фитнесийн заалны багш гэж байдаг болохоос гадны улсуудад ийм багш байдаггүй. Тэд хүсвэл хувийн фитнесийн багш сонгож авч үйлчлүүлдэг. Заалны багш тэр бүр хүмүүстээ хүрч чаддаггүй учраас үр дүн гардаггүй.

Үнэ төлбөрийн хувьд янз бүр. Би Монголын одод буюу олны танил хүмүүст хичээл заадаг байлаа. Тэдэнд үйлчдэх төлбөр маань маш үнэтэй буюу 1,500,000-3,000,000 төгрөг. Яагаад гэвэл маш их хүч хөдөлмөр, олон жилийн практик туршлагадаа үндэслэн тухайн хүнийг өөрчилдөг учраас. Одоо харин энгийн хүмүүстэй илүүтэй тулж ажиллаж байна. Тэд эдийн засгийн боломжоосоо хамаараад хувийн фитнессийн багшийг өндөр төлбөртөйгөөр авах боломжгүй байдаг. Тийм учраас харьцангуй хямд төлбөрөөр хичээлээ өгч байна. Зааланд хичээллэж байгаа хүмүүст 660.000, онлайн хичээл 600,000 төгрөгөөр өгч байна. Онлайнаар хичээл авдаг бүсгүйчүүд их олон байдаг. За тэгээд өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүд өөртөө цаг зав гарган нэг брэнд хувцаснаас татгалзаад нэг сар өөртөө хөрөнгө оруулалт хийн хувийн багш авснаар насан туршдаа дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, сэтгэл зүй, дотоод гоо сайхан, арьс арчилгаа гээд бүгдийг сурч авдаг байгаа. Тэгснээр биеэ зөв авч явдаг, өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай, өөртөө итгэлтэй нэгэн болно.

-Олны танил хүмүүсээс хэнтэй нь тулж ажиллаж хүссэн үр дүнд нь хүргэсэн бэ? Нэр хэлж чадах уу?

-Тухайн үед би Монголын номер нэг фитнес клуб Flex gym-ийн багшаар гурван жил ажиллаж байсан. Тэр үед манай клубт олны танил хүмүүс, улсын их хурлын гишүүд, дуучин, жүжигчин, загвар өмсөгчгээд ямар л нэр алдартай хүмүүс байдаг билээ бүгд хичээллэдэг байлаа. Оддын фитнес клуб ч гэгддэг байлаа. Тэгэхэд олон хүн хувийн багш авдаг байсан учраас тэр, энэ гэж нэрлэхэд хэцүү байна. Тэгээд ч энэ чинь хувь хүний нууц шүү дээ.

-Ер нь бол илүүдэл жин нийгмийн хэмжээний маш том асуудал болчихоод байгаа. Шалтгаан нь хотжилт, хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөн гэх мэт олон. Насан туршдаа биеийн жингээ хадгалж үлдье гэвэл бид юун дээр түлхүү анхаарах ёстой вэ? Мэргэжлийн багшийн хувиар зөвлөгөө өгөөч?

-Таргалалтын гол шалтгаан бол мэдээж хоололт. Монголчууд маань хүнд хооллолттой, өөх тос их хэрэглэдэг онцлогтой. Дээр нь дасгал хөдөлгөөн хийхдээ маруухан, маш их стресстэй байдаг зэрэг нь таргалалтын үндсэн шалтгаан болж байна. Илүүдэл жингээс сэргийлэх нэгдүгээр зарчим зөв хооллох ёстой. Өөхний эд эсийг тэжээх амтлаг хоол хүнс биш булчинтэжээх уургаар баялаг, хүний биед хурдан шингэдэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнийг дасгал хөдөлгөөнтэй хослуулж чадвал хэзээ ч жингийн асуудалд орохгүй дээ. Дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргаснаар бие организм цэвэршиж, бодисын солилцоо сайжирч, цус шингэрч байдаг учраас маш чухал. Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэв маяг, нэг хэсэг болгоорой гэж зөвлөмөөр байна.

-Солонгоогийн хувьд бол амьдралын ердийн хэв маягийн хамгийн чухал хэсэг нь юу юм бол? Жишээлбэл долоо хоногт фитнесээр хэдэн цаг ямар хугацаатай хичээллэдэг, хоол хүнсний хувьд ямар зарчим, дэглэм баримталдаг талаараа хуваалцаач?

-Мэргэжлийн тамирчид өглөө, орой зургаан өдөр бэлтгэл хийдэг. Энгийн хүмүүс долоо хоногто 3-4 удаа бэлтгэл хийхэд хангалттай. Олон улсын тэмцээний үеэр гадуур хооллохгүйгээр гэрийн хоол иднэ. Маш сайн амарна. Гол зарчим бол зөв хоололт, сайн амралт гэж болно. Мэдээж хүнсний нэмэлтийг мартаж, орхигдуулж болохгүй.

Жирийн хүмүүст зөвлөхөд цэвэр ус, ногоон цай, лимонтой ус уухыг зөвлөе. Сүү гэхэд тослоггүй, тараг гэхэд сахаргүйг нь сонгох. Шингэний хэрэглээ, хэмжээний тухайд жингээ 600 граммаар үржүүлж, энгийн хүмүүс 400 граммаар үржүүлж шингэнээ авах ёстой. Махны тухайд хонь, ямааны мах холестринтэй байдаг учраас үхрийн хар мах, тахианы цээж мах, загасны бүх төрлийн мах сонгох. Ногооны тухайд төмсцардуултай байдаг учраас татгалзана. Брокли, юуцай, өргөст хэмж, ер нь уургаар баялаг ногоон өнгийн ногоонууд сайн. Будаа гэхэд цагаан будаа цардуул ихтэй, хүний биеийн кальцийг хөөдөг учраас аль болох татгалзаж бор будааг өглөө өдөр идэх. Амтлагчид. Сонгино, сармис, яншуй, хар перец гэх мэт амтлагчууд. Дээрээс нь малын гаралтай өөх тос болон ургамлын тосноос татгалзаж олив болон кокосны тоснуудыг хэрэглэх. Жимсний тухайд өөх шатаах жимс буюу ногоон алим, ананас түлхүү хэрэглэдэг. Усан үзэм сахар ихтэй байдаг учраас аль болох татгалзаж багаар идэх. Өндөгний шарыг өглөө хоёр ширхэгийг идээд бусад үед цагааныг нь хүссэнээрээ идэж болно. Өглөө босоод гэдэс ходоодоо сайхан цэвэрлчихээд эрүүл сайхан хооллох. Хоёроос гурван стакан ус ууж араас нь өглөөний цайгаа заавал ууж бодисын солилцоогоо идэвхжүүлээд гурван цагийн зайтай 4-5 удаа бага багаар хооллох, оройн хоол долоогоос хойш идэхгүй байх гэх мэт маш тодорхой, маш цөөхөн хэдхэн зарчим, дэглэм бий. Үүнийгээ баримтлаад явчихад илүүдэл жин бол аюул, асуудал биш шүү дээ.

-Солонгоо гэр бүлтэй юу?

-Гэр бүлгүй. Цаг наргүй ажилладаг учраас ч тэр үү, гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй явна. Аав, ааж хоёрын маань нас өндөр учраас нэлээн их “эрүүний шөл” уулгаж байгаа (инээв). Хувь тавилангаараа болох байх аа. Миний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд, олимпт оролцохын тулд оногдсон ажлаа сайн хийж, бэлтгэлээ базаах нь чухал. Бусад нь аандаа болдгоороо болно доо.

-Магадгүй төрөлт хөх, өгзөг, биеийн галбир эвдэнэ гэж болгоомжлохдоо гэр бүлийн амьдралаас зайлсхийгээд байдаг юм биш биз?

-Үгүй дээ. Хэдийгээр хүнтэй сууж, хүүхэд гаргаж үзээгүй ч гэсэн ээж болсон олон эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан учраас хүүхэд гаргахаар бие махбодь  хэрхэн яаж өөрчлөгддөг, тэр өөрчлөлтийг даван туулж хэрхэн хэвийн байдалдаа орохыг мэддэг. Тийм ч учраас энэ талын айдас байхгүй ээ. Ээжүүдийг төрөөгүй юм шиг гоё болгож чддаг учраас их бардам байгаа хэрэг. Гэр бүлийн тухайд миний хүсч, мөрөөдөж байгаа зөв хүнтэйгээ одоогоор учраагүй явна.

-Нэг үгээр та өөрийн гэсэн хэмжүүртэй, тийм ч учраас голдог байх нь, тийм үү?

-Ёстой хэлж мэдэхгүй юм даа. Оюутан байхад их олон залуучууд эргүүлдэг байлаа. Тэр үед би ганган ч гэж жигтэйхэн, эмэгтэйлэг ч хувцасладаг байж. Одоо бол хаана л спорт хувцас байна тэрийг өмсдөг болсон. Нөгөө талаар анх тайзан дээр гарч эхлэхэд шүүгчид маань ийм хөөрхөн шар дэгдээхий хаанаас гараад ирэв гэцгээдэг байсан. Хүмүүс ч тийм сониуч хандлагаар надтай харьцаж эхэлсэн. Олон эрчүүд эргүүлнэ. Гэтэл би харьцангуй даруухан, харагдаж байгаагаа өөр дөлгөөн хүн. Тэгээд л миний ааш зан эвдэрсэн юм шиг надад санагддаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл янз бүрийн хүмүүс танилцах санал тавьж эхэлсэн. Сүүлдээ залхсан гэх үү дээ.

-Тэгж яваад гэрлэх, бэрлэх насаа өнгөрөөчихсөн байх нь?

-Тийм тал байж магадгүй ээ. Үнэхээр танилцах хүсэлт их тавьдаг байсан. Надтай гэрлээч гэдэг санал бараг долоо хоногт нэг сонсдог байлаа. Тэглээ гээд тэдгээрийг тийм serious түвшинд хүлээж авдаг ч үгүй байлаа. Тоглоом шоглоом л байсан байх.

Цагаан морьтой төгс ханхүү хүлээдэг байсан. Гэхдээ тэр залуу Монголд бараг байдаггүй бололтой. Магадгүй гэрлэх талаар нэлээн албажуу түвшинд бодож эхлэх үедээ завгүй болсон ч байж болох. Ямартай ч одоогоор ганц бие л явна.

-Ер нь гэр бүлийн амьдралд орчин үеийн залуус яарах хэрэггүй гэдэг либерал хандлагатай болчихсон юм шиг ээ. Энэ тал дээр Солонгоо ямар байр суурьтай байдаг вэ?

-Ер нь ажиглаж байхад эрт гэрлэлтийн сайн тал нэг их олон биш юм шиг. Ялангуяа манайхан залуудаа бие биенээ таньж, мэдээгүй байхдаа суучихаад салсан хосууд маш их байх юм. Дээрээс нь итгэл даахаар залуучууд маш ховор болжээ. Тийм ч учраас миний хүсэл мөрөөдлийн цагаан морьтой ханхүү, итгэл даах, эр хүний бүх сайхан шинжийг агуулсан хархүүг л ирээдүйд хайрлаж, хань ижлээрээ сонгоно гэж боддог. Түүнийг гарч иртэл хүлээнэ.

-Яасан өөр сонсогдох юм! Ингэхэд гэр бүл салалтын шалтгаан нь та залуудаа гэрлэх явдал гэлээ. Өөр шалтгаан бас байж болох шүү дээ..

-Мэдээж. Эхэндээ ч би эрэгтэйчүүдэд их буруу өгдөг байв. Яасан их эмэгтэй хүнийг гомдоодог юм, хичээл заахсан гэж боддог байв. Одоо бол миний байр суурь өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүдэд буруу өгмөөр санагддаг болсон. Тэд хүнтэй суусан л бол болоо гэсэн аятай өөрийгөө гаргуунд нь гаргаж, хөсөр хаядаг. Эрэгтэй л хүн юм чинь гадуур гоё сайхан юм харна. Өөр хүүхэн сонирхож эхэлнэ. Тиймээс эмэгтэй хүн өөртөө арчаатай байх ёстой. Өөрийгөө номер нэгт тавих ёстой. Тэгж байж өрөөл бусад нь чамайг хайрлана. Өөрийгөө хайрлаж, хүндэлж байж өрөөлөөр хайрлуулах, хүндлүүлэх нь амьдралын алтан зарчим шүү. Амьдралын бодит жишээн дээр олон эмэгтэйчүүдийг өөрчилсөн туршлагатай учраас би ингэж шууд, шулуухан хэлж байгаа хэрэг. Гэр бүлийн асуудалтай олон эмэгтэйчүүд өөрсдийгөө өөрчилж улмаар эр нөхрөө, амьдралаа өөрчилсөнийг харсан учраас, тэр өөрчлөлтөд би тусалсан учраас сэтгэл их өег явдаг.

-Тэгэлгүй яахав, тун ч буянтай ажил байна. Хувь хүнээс хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах байх шүү?

-Маш их. Гоё сайхан байна гэдэг асар их хөдөлмөр юм шүү дээ. Тэвчээр хэрэгтэй. Амтгүй хоол хүнс иднэ. Өөрийгөө харгислана. Өөртөө цаг гаргана. Тэгж байж хүссэн үр дүндээ хүрнэ. Өөртөө цаг гаргадаггүй маш олон эмэгтэйчүүд байдаг. Өглөө ажилдаа яаран сандран яваад өдөр гадуур буруу хооллоод. Хоолны шилэн сав аваад хоолоо хийгээд ажилдаа авч явах уг нь тийм хэцүү биш шүү дээ. -Эрчүүдийн тухай таны бодол?

                                              Эх Сурвалж: Гранд Сэтгүүл

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (39)
  • 12-01 11:05
    Retweet (20)
  • Retweet (10)
  • Retweet (10)
  • 12-01 11:13
    Retweet (7)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 12-01 11:04
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)