Оддын багш М.Сарангуа гоолиг амьдрах нууцаа дэлгэж байна
2020 оны 2 сарын 27

Хувийн трейнэр багшийн эрэлт хэрэгцээ болоод соёл барууны өндөр хөгжилтэй орнуудад маш түгээмэл зүйл. Харин манайд шинэ тутам хөгжиж буй. Хөгжлийнх нь түүчээг М.Сарангуа хэмээх энэ үзэсгэлэнтэй бүсгүй тавьсан гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө Зайсангийн хамаг л өнгөтэй мөнгөтэй хүүхнүүд М.Сарангуа багшид дугаарлаж, эрүүл зөв жингээ хаях талаар хичээл авч, гоолиг бие, гоо сайхнаа түүнд бүрэн даатгадаг, үр дүнгийн талаар ярих ч юм биш хэмээн жиг жугхийж байв. М.Сарангуа багшийн гол нууц нь мацаг бариулдаггүй харин тухайн хүний биеийн онцлогт тохирсон зөв хоололтын жор болон дасгалыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж өгдөгт байдаг гэнэ лээ. Зүгээр нэг явж байгаад хийх ажилгүйдээ эсвэл амьдралын эрхээр бодигийн багш, эрүүл зөв хоололтын жор баригч болчихоогүй, чухамдаа мэргэжлийн тамирчин учраас М.Сарангуагийн арга барил, жор тун гайхалтай үр дүнтэй байдаг гэнэ лээ.

Анхны эмэгтэй жудоч

1987 он. Эмэгтэй хүн бөх барилдана гэдэг олны санаанд багтахгүй хачин жигтэй явдал байж гэнэ. Харин энэ хачин жигтэй ойлголтыг эвдсэн анхны хүн нь М.Сарангуа багш. Тэрээр тухайн үед самбо, жүдогоор барилдах сонирхолтой охидыг цуглуулан, бэлтгэл сургуулилт хийхийн хажуугаар “Монгол оронд албан ёсоор эмэгтэй жүдог хөгжүүлэх тогтоол гаргаж өгнө үү” гэсэн Ч.Машбат дасгалжуулагчийн албан хүсэлтэд хэдэн охид гарын үсэг цуглуулж, жил гаран хөөцөлдсөний эцэст эмэгтэй жудог хөгжүүлэх албан ёсны анхны тогтоолыг гаргуулж байсан гэдэг. Ингэж М.Сарангуа, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Б.Бадамсүрэн зэрэг “охид”-ын тууштай зүтгэсний хүчээр өнөөгийн Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар тэдний гаргасан жимээр дэлхийд данстай тамирчин болчихсон явна. Мартах учиргүй үнэний нэг энэ гэлтэй.

Айлын том алдах эрхгүй

М.Сарангуа хаван охин дүүтэй айлын ууган охин. Социализмын үеийнхний нийтлэг жишгээр дүү нараа харж хандах үүрэг том эгчид оногдоно. Гэвч тэр яаж ийж байгаад жудо, самбо, бодибилдингийн хичээлдээ цаг зав гаргадаг байсан нь спортод дурлах сэтгэл түүнд төрөлхөөс заяасных гэлтэй. Хамгийн гол нь түүнийг спортоор ид хичээллэж байх үед тамирчдыг дэмжих битгий хэл цалинжуулах ч хүн олдоггүй байж. Ёстой л бор зүрхээрээ болгож, бүтээж явсан гэдэг.

Хэрвээ Солонгос яваагүй бол...

Хэрэв тэр тамирчны карьераа тууштай хөөсөн бол үгүй ядахдаа л улсын аварга болох хэмжээний потенциалтай байв. Гэвч амьдарлын эрхээр хүнсний зах дээр худалдаа хийж, дүү нарынхаа боловсрол мэдлэгийн төлөө залуу насны өдрүүдээ зориулах шаардлагатай тулав. Удаагүй  Солонгос явж ажил хийв. Гэвч нэг ч өдөр их спортоо мартаж байгаагүй гэдэг. Жудо, самбо, бодибилдинг хэзээд түүний зүрхнийхээ мухарт гижигдээстэй. Солонгост 3 ажиллаж, амьдрахдаа тэндхийн тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж бас нөхөн сэргэлтийг яаж авдгийг чадах чинээгээрээ судалж, суралцсаных ганзага хоосон ирсэнгүй. Эх орондоо ирж  “Сарангуа” фитнесийн төвөө нээж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж эхлэв.

Монголын анхны фитнес мисс

1998 он. Тэр үед залуучууд бодибилдингийн спортыг сонирхон, зах зухаасаа хичээллэж эхэлсэн ч эмэгтэй тамирчид тун цөөхөн байж. Яг л ийм үед “Монголын Мистер Мисс" УАШТ анх удаа болж. Өмнө нь зөвхөн эрчүүд "Монголын Мистер”-т оролцож аваргаа тодруулдаг байсан бол энэ удаад эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдаж хүмүүст “эмэгтэй хүн булчин шөрмөсөөрөө уралдана гэнэ үү” гэсэн гайхшрал, эргэлзээг төрүүлж байсан гэдэг. Энэ гайхшрал, эргэлзээг тайлж анх удаа М.Сарангуа жингийн аваргууд дундаас илүүрхэж “Монголын Мисс" болов. Ингээд 1998, 2002, 2003, 2004, 2005 оны улсын аварга, 1998, 2002, 2004, 2005 оны "Монголын мисс", 2003, 2004 оны "Хос үзүүлбэрийн аварга" гээд аваргын титмийг ар араас нь хүртсэн нь эмэгтэй тамирчдын тухайд анхны рекорд үзүүлэлт гэгддэг юм билээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр Монголын бодибилдингийн спортын түүхэнд анх удаа Азийн тэнгэрт аварга гэх цол хүртэж нэгэн шинэ хуудсыг нээсэн гавьяатай.

Ер нь түүнд олон зүйлд анхдагч байх хувь оногдсон гэлтэй. Ялангуяа бодибилдингийн спортоор эмэгтэй байтугай эрэгтэй тамирчид дэлхийн дэвжээнээс авч байгаагүй алдар хүнд, алтан медалийг авчирсанаараа спортын түүхэнд нэн шинэ хуудас нээсэн гэдэг. Үүний дараа 2004, 2005 оны Азийн аваргын титэм, сүүлд гэхэд 2010 онд амаржаад удаагүй байхдаа Азийн аваргаас мөнгөн медаль авчирсан гээд тоочоод байвал олон анхдагч гавьяа түүнд хамаатай ажээ.

Сайхан болох дүрмийг М.Сарангуагаас асуу

Таамаг: Та түүнийг хэдэн настай гэж бодож байна вэ? Гаднаас нь харахад 30 гарч яваа болов уу гэмээр М.Сарангуа их спортод амьдралынхаа 30 жилийг зориулсан гээд бодохоор лавтай 50 шүргэж яваа байх.

Зарчим: Бодибилдингийн тамирчин гэхээр бидний төсөөлөлд нуль булчин шөрмөс зангирсан бахь биетэй хүүхэн, залуус буудаг. Харин М.Сарангуа Бодилбилдингийн тамирчин гээд эмэгтэй хүний биеийн онцлогоо алдаж болохгүй. Зарим бүсгүйчүүд бодибилдингээр хичээллэвэл том булчинтай болно гэж айдаг. Эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнээс өөр дааврын зохицуулалттай. Эрэгтэйчүүд шиг тестостерон даавар ихээр ялгарч байж тэгж булчин томорч товойно шүү дээ. Эмэгтэй хүн уян хатан байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй гэж үздэг. Өөрөө ч энэ зарчмынхаа үлгэр жишээг үзүүлдэг. Түүний уян хатан, гоолиг сайхан бие хэнийг ч алмайруулахаар төгс юм билээ.

Гоолиг болох үндсэн зарчим: Тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болоод жингийн асуудал тойрсон олон янзын өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэх, булчингаа анхнаас нь өв тэгш хөгжүүлж, дасгал сургуулилтын техникийг зөв эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Зөвхөн түүнд л байж мэдэх нэг сайхан чанар бол тэрээр дасгалжуулж байгаа хүнийхээ хөдөлгөөн нэг бүрийг нягт ажиглаж, тулж ажилладаг. Түүний дүрэм их энгийн:

  • Их хүчилж, олон тоогоор дасгал хийлгэж, шахахаас илүү тухайн хүний биений онцлогт тохируулж хичээллэхийг чухалчлах
  • Хэт их ачаалал өгөхөөс илүүтэй зүрх судасны үйл ажиллагаа, үе мөчний ачааллыг бас бодох учиртай
  • Эхлээд хүмүүс эрүүлжих түвшинд хичээллэж, холестрины хэмжээгээ бууруулж, хэвийн болж байж ачаалал авахгүй бол эргээд эрсдэлтэйг хэзээ ч мартаж болохгүй. Эдгээр үндсэн дүрмийг зарчим болгон ажил, амьдралынхаа хэмнэлийг зөв зохицуулж чадвал ямар ч хүн эрүүл сайхан биетэй, гоолиг залуухан байх боломжтой гэнэ.  

Хамгийн гол нь хувь хүний биений онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн, хоолны жор, хоололт гэнэ. Үүгээрээ М.Сарангуа бусад фитнесийн багш, эрүүл хоололтын жор заагчдаас ялгардаг бололтой. Өнөөдөр түүний алдартай шавь нар дунд эрос хатагтай Т.Ариунаа, жүжигчин У.Уранчимэг, дуучин Б.Мягмарсүрэн, Г.Эрдэнэтунгалаг, Төрийн соёрхолт Д.Болд нарын манай хотын метросексуал гялгар одууд жагсаж байна.

Бэлтгэлийн зааланд харц тулгарсан хайрын түүх

М.Сарангуа амьдралын ханиа ч спортын тогооноос олж авсан аж. Ноён Д.Золбаяр бодибилдингийн мэргэжлийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. 2010 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Нэг зааланд бэлтгэл хийдэг байснаас хосуудын амьдрал, хайрын түүх эхэлсэн. Тэд гурван охинтой. Том охин "Оюу толгой"-д инженерээр ажилладаг бол хоёр бага нь ихэр. 2010 онд төрсөн ихрүүдээ тэрээр ээждээ Азийн аваргын мөнгөн медаль “авчирсан” хэмээн ихэд билэгшээдэг гэнэ лээ.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-26 20:32
    Retweet (39)
  • Retweet (15)
  • Retweet (7)
  • 04-06 15:12
    Retweet (7)
  • 04-06 15:19
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 04-06 15:24
    Retweet (4)
  • 04-06 15:39
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 04-06 15:51
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 04-06 15:42
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)