“Бизкон аудит” ХХК -ийн захирал Лэгшидийн ОТГОНБАЯР: АЖИЛ ХЭРГЭЭ СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛ, УРЛАГИЙН СЭТГЭХҮЙГЭЭР УДИРДДАГ НЬ МОНГОЛ БИЗНЕСМЭНҮҮДИЙН НИЙТЛЭГ АЛДАА
2019 оны 11 сарын 25

Бардам. Хүчирхэг. Харизматик. Төрөлхийн онц сурлагатан. Супер санхүүч. Энэ бол “Бизкон аудит” компанийг үүсгэн байгуулага Л.Отгонбаяр.   Түүнд онц сурлагатны бардам, өөртөө итгэлтэй зан байдаг. Тэр мэргэжилдээ эзэн болсных  санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн учраас  өөртөө итгэлтэй, хүчирхэг байдаг. Тэр 12 хүүхдийн отгон,  байгалиас өгөгдөлтэй учраас харизматик байдаг. Түүнтэй ярилцаж дууссаны дараа надад төрсөн сэтгэгдэл товчхондоо энэ.  Монголын санхүү, бизнесийн ертөнцөд алдартай “Бизкон аудит” компанийг 17 жилийн өмнө үүсгэн байгуулсан тэрээр ердөө 30 жилийн бизнесийн түүхтэй нүүдэлчин монголчуудад компанийн засаглал, бизнесийн соёлын сонгодог загварыг зааж, нутагшуулахаар зорьж ирсэн нэгэн. Сүүлийн үед харин мэргэшсэн дотоод аудитор бэлтгэх, төрийн байгууллагаас авахуулаад хувийн хэвшилд хүртэл дотоод хяналт буюу аудитыг нэвтрүүлэх, Certified СЕО буюу мэргэшсэн гүйцэтгэх захирал бэлтгэх чиглэлд анхааран ажиллаж байна. Харин түүний зүрх сэтгэлд Монгол Улсын 100 жилийн хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах эх оронч, том амбиц бий. Ингээд олныг үл нуршин түүний ярилцлагыг заавал уншихыг уриалъя. Ялангуяа та бизнес хийдэг бол, хийхээр төлөвлөж байгаа бол, хатуу ширүүн, шударга өрсөлдөөнт ажил хэргийн ертөнцөд харьяалагддаг бол Л.Отгонбаяр ноёнтны ярилцлагыг тогтож уншаарай. Түүний амьдрал, амжилтын түүх, түүний шинжлэх ухаан суурьтай бизнесийн зөвлөгөө, шүүмжүүд танд их зүйл ойлгуулна гэдэгт эргэлзэхгүй байна.      

-Санхүү, ажил хэргийн ертөнцөд “Бизкон аудит” гэдэг нэр маш алдартай боловч үүсгэн байгуулагчийг нь бид бараг танихгүй шахуу. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач? Мөн компаниа үүсгэн байгуулж байсан дурсамжаасаа хуваалцаач? 

-“Бизкон аудит” компани 2002 онд байгуулагдсан, 17 жилийн түүхтэй компани. Аудитын компанийг дурласан бүхэн байгуулдаггүй, тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулдаг өвөрмөц салбар. Урт удаан хугацаанд суралцаж, дотоод аудиторын эрх авсны дараа энэ зөвшөөрлийг авдаг учиртай. Миний хувьд компаниа байгуулахаасаа өмнө тухайн үеийн дэлхийн номер нэг олон улсын аудитын байгууллага болох “Артур Андерсон” компанийн Монгол дахь салбарт ажиллаж байсан юм. Гэвч Артур Андерсон татан буугдсанаар өөрийн эзэмшсэн мэргэжил, олж авсан туршлага дээрээ үндэслэн компаниа байгуулсан.

-Дэлхийн номер нэг санхүүгийн компани гэчихээд татан буугдсан нь ямар учиртай юм?

-Enron, WorldCom зэрэг акул компаниудын луйвар, залиланг олон жил нуун дарагдуулж, хуурамч аудит хийсэн үндэслэлээр 2002 онд АНУ-ын шүүх 85 мянган ажилчинтай, 9.3 тэрбум доллар эргэлдүүлдэг, 80 гаруй оронд салбартай, 90 жилийн түүхтэй дэлхийн аудитын сүлжээг зогсоосон юм.

Товчхондоо Enron компанийн бидний сайн мэддэг болсон оффшор схемийг ашиглан хийсэн санхүүгийн луйврыг “Артур Андерсон” мэдсэн хэрнээ санаатайгаар нуун дарагдуулсан байдаг. Дэлхийн сүлжээ аудитын нэгдэл учраас бусад улс орнуудад байрлах салбар нэгжүүдийнхээ аудиторуудаасаа мэдээлэл, зөвөлгөөг байнга авч түүн дээрээ суурилж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг мөртлөө, илрүүлэхийг хүсээгүй.

Андерсоны олон жил худлаа баталгаажуулалт гаргаж өгч байсан нь дэлхийн санхүүгийн ертөнцөд үнэхээр том дуулиан болсон. Өөрөөр хэлбэл “Артур Андерсон”-оос үйлчилгээ авдаг компаниуд хувьцаат компаниуд. Тэдгээр компаниудын хувьцааг хүмүүс худалдаж авахдаа “Артур Андерсон”-ы дүгнэлтэд тулгуурлана. Яг үүнтэй холбоотой тухайн үед дэлхийн санхүүгийн хямрал болж байсан юм. Нэг өглөө босоход Хөрөнгийн бирж дээр хувьцаа авах хүн байхгүй, бүгд зарна гээд зогсч байсан гээд бод доо. Энэ бүхэн олон жил итгэж байсан аудитын компанийн дүгнэлт худлаа байснаас үүссэн хэрэг.

-Таны ярианаас аудит гэгч нь санхүүгийн ертөнцөд чухал нөлөөтэй эд юм байна. Манайд аудитын хэрэглээ болоод аудитад итгэх итгэлцэл ямар түвшинд байдаг юм бол?

-Маш муу. Аливаа бодлого шийдвэр ялангуяа улс орны том бодлого шийдвэр гаргахдаа аудит, хяналт шинжилгээ, үнэлгээг чухалчилдаггүй юм гэхэд тэднээс асуудаггүй гаж жишиг манайд нэгэнт тогтчихож. Энэ маш буруу жишиг шүү. Нөгөө талаар дотоод аудиторууд нь ч мэргэжлийн өндөр түвшинд сайн бэлтгэгдээгүй байна. Гэвч энэ талын соёл нэвтэрч эхэлж байна. Одооноос үнэ цэнийг нь мэддэг болж эхэлж байна. Манай компани, төр биднийг ашигладаггүй юм аа гэхэд бид ашиглуулах хэмжээнд өөрсдөө боловсрох ёстой гэдэг өнцгийг барьж хөгждөг. Ер нь бол дэлхийн томоохон аудитын байгууллага дотор тоосоо хөдөлгөж явсных гадныхан ямар байдаг, тэдний мэдлэг туршлага, соёл нь юу билээ, алдаа оноо нь хаанаа байсан гэдгийг ерөнхийдөө гадарлана.

НАДАД МАТЕМАТИКЧДЫН НИЙТЛЭГ АРАНШИН БАЙХГҮЙ

-Ингэхэд таны үндсэн мэргэжил юу вэ? Хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Мандах их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд тэндээ багшаар үлдсэн. Өөрийгөө танилцуулахад 12 хүүхэдтэй айлын отгон. Аав, ээж хоёр маань хамгийн багадаа эрдэм ном сургаж, бүх талаар жигд хөгжүүлсэн юм байна гэж боддог. Өнөөдрийн намайг тэд маань  бүтээсэн. Тэднийхээ буянаар өдий сайхан амьдарч явна гэж боддог доо.

-Отгон хүүхдүүд эрх байдаг гэцгээдэг?

-Ээжийнхээ мөөмийг найман нас хүртлээ хөхсөн гээд бодохгүй юу (инээв). Гэхдээ би зөнгөр “гаруудын” эгнээнд байгаагүй ээ. Хичээл номоо цаг тухайд нь хийдэг, онц сурлагатнуудын нэг байлаа.

-Мэдээж онц сурлагатан учраас л их сургуульдаа багшаар үлдсэн байх л даа. Гэхдээ та ер онц сурлагатны бас санхүүчийн царайгүй юм?

-(инээгээд) Онц сурлагатан эсвэл санхүүч гэхээр нүдний шилтэй, цонхигор царайтай, докторын шинжтэй, ажлын хэнээтэй хүний нийтлэг дүр буудаг байх л даа. Онгирч байгаа юм биш, арван жилээ болон их сургуулиа онц дүнтэй төгсч байлаа. Тэглээ гээд хэтэрхий номын хүүхэд байгаагүй. Юм юманд оролцдог хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бүжгийн тэмцээнд түрүүлчихнэ. Шүлэг бичээд уншчихна. Бөх барилдчихна. Зун хичээл тарахад номын сангаас баахан ном авна. Зунжин хонины бэлчээрт бүгдийг нь уншаад дуусчихна. Өөрийгөө жигд хөгжүүлсэн юм шиг байгаа юм. Математикчдын нийтлэг араншин гээд байдаг урлаг, уран сайхнаас хол хөндий юм надад лав байхгүй.

-Онц сурлагатны комплекс, онц сурлагатны араншин гэж тусдаа тип байдаг гэж би хувьдаа үздэг. Санал нийлэх үү? 

-Санал нийлэлгүй яахав дээ. Ядахдаа л хүнийг маш өндөр сахилга баттай болгодог зүйл шүү дээ. Ганц хичээлдээ ч биш бүх хичээлдээ онц сурна гэдэг бол өндөр сахилга бат, өндөр хариуцлага. Зүгээр нэг гудамж метрлээд явж байдаг хүмүүсээс огт өөр зүйл шүү дээ.

-Тийм өнөр өтгөн гэр бүлд төрж өссөн хүү одоо хэдэн хүүхэдтэй болсон нь сонин байна?

-Би олон хүүхэдтэй. Гэхдээ гэр бүлийнхээ талаар олон нийтэд дэлгэх дургүй. Ажил мэргэжлийн шаардлагаар мөнгө төгрөгтэй холбоотой хатуу, хүтүү зүйлтэй өдөр бүр тулгардаг. Идэж уусан, залилж мэхэлсэн гэх мэт их хэмжээний мөнгөний асуудлыг дотоод аудиторууд гаргаж ирдэг болохоор гэр бүлээ нууцлахаас өөр арга байдаггүй. Их хэмжээний мөнгийг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн л үйлддэг юм шүү дээ. Тиймээс гэр бүлээ хамгаалах ёстой. Орон гэр, гэр бүл ер нь халдашгүй дархан байх ёстой эд. Тэр утгаараа гэр бүлээ эрсдэлд оруулмааргүй байна, ойлгоорой. Ер нь өнөөгийн нийгэмд шударга байх нь маш их эрсдэл дагуулж байна шүү.

-Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж танд заналхийлэл, дайралт их ирдэг гэсэн үг үү? 

-Тийм юм байнаа, байна. Хууль хүчнийхний хүсэлтээр санхүүгийн луйврын олон том хэргүүд дээр ажилладаг. Аудиторын үндсэн үүрэг бол үнэн худлыг дэнслэх. Тиймээс маш болгоомжтой, хянуур байх ёстой. Өчүүхэн алдаанаас болж бүхэл бүтэн хүний хувь заяа буруу эргэж ч болно. Тиймээс яг үнэн хаана байгааг, алдаа мадаг хаана байгааг олж тогтоож, үнэн учрыг тайлбарлаж, хүлээн зөвшөөрүүлэх нь бидний өдөр тутмын ажил гэх үү дээ.

-Манайд хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрэг олон гардаг уу?

-Шалгуулах шаардлагатай хэргүүд 300-400-гаараа хүлээгдэж байдаг шүү. Цагаан захтнаас авахуулаад жирийн хүн хүртэл шунал сэтгэлээсээ ийм хэрэгт холбогдсон байдаг. Хэцүү эд дээ. 

-Таны удирдаж буй байгууллагууд Монголын шилдэг дотоод аудиторууд, гүйцэтгэх захирлуудыг бэлтгэсээр иржээ. Танай давуу талууд юу вэ?

-Олон жил нэг төрлийн зүйлийг дагнаад хийхлээр оройд нь гардаг юм байна. “Бизкон аудит” санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нарийн мэргэшлийн сургалт явуулдагаараа онцлогтой. Давуу тал ч гэж ойлгож болно. Манайх одоогоор 9 төрлийн мэргэшсэн эрх олгох сургалт явуулж байна. Бид Эзэд, Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд, Захирлууд, Дотоод аудиторууд, Санхүү хариуцсан захирлууд, Дотоод хянан шалгагчид, Ерөнхий нягтлан бодогчид, Удирдлагын нягтлан бодогч, Санхүүгийн менежерүүдийг мэргэшүүлж байна.

Эдгээрээс би мэргэшсэн гүйцэтгэх захирал буюу CEO сургалтаа онцолмоор байна. Өөрөөр хэлбэл бизнесээ хянах урлагийг эзэмшүүлэх чиглэлээр хийдэг бидний энэ сургалт захирлуудын хүсэл сонирхолд ихээхэн нийцдэг. Ний нуугүй хэлэхэд манай ихэнх гүйцэтгэх захирлууд зөнгөр талдаа, компаниуд ч гүйцэтгэх захирлын ач холбогдол, үүрэг, үнэ цэнийг төдийлөн сайн мэддэггүй. Тийм ч учраас энэ сургалтыг зохион байгуулах болсон.

-Тэгвэл монгол CEO нарын нийтлэг алдаа юунд байна вэ? Тэдэнд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Ер нь хүний амжилт олох эсэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эсэх нь зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг юм шүү дээ. Та сайн цалинтай, хангалттай орлоготой нэгэн бол та тийм л хүн гэсэн үг. Та бизнес эрхлээд ч амжилт олохгүй байгаа бол мөн л тийм хэмжээний хүн гэсэн үг. Харамсалтай нь манайхан өөрийн алдаагаа олж харахаас өмнө бусдаас алдаа хайдаг.

Ялангуяа манай захирлууд бүрэн бэлтгэгдээгүй байхдаа эрх мэдлийн төлөө хэтэрхий туйлширдаг. Яах вэ, залуу хүнд амбиц байж болно. Гэхдээ яг юунд илүү анхаарч, ямар түвшинд бэлтгэгдэх ёстой вэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй. Жишээ нь, нэгэнт компани байгуулсан юм чинь адаглаад санхүүгийн тайлан гаргаж сурах хэрэгтэй. Үгүй ядахдаа бэлэн гаргачихсан тайланг уншиж сурах хэрэгтэй. Гэтэл энэ талаар А ч үгүй атлаа 1-р гарын үсэг зураад байдаг. Гарын үсэг зурах эрх байгаа л бол үүргээ мөн адил хүлээнэ гэсэн үг мөн биз. Хэрэв гарын үсэг зурсан бичиг баримт чинь эрсдэлтэй байвал яах вэ? Компанийн эрсдэл эндээс эхэлдэг. Сайн бизнесийн үндэс суурь бол санхүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үүний дараа маркетинг, менежмент гээд цуврах байх.

Товчхондоо санхүүгийн мэдлэггүйгээр бизнес хийнэ гэдэг бол цөлд сарнай ургуулахтай ижил зүйл. Харамсалтай нь манай ихэнх СЕО нар ийм байна. Ихэнх бизнесмэнүүд сэтгэлийн хөдөлгөөнөөр тооцоо, судалгаагүйгээр бизнес эхлүүлж, эрхэлж байна. Тийм учраас ажил, бизнес нь олигтой амжилт олдоггүй. Түүнийгээ тэгээд санхүүгийн хямрал, улс төрийн нөхцөл байдал руу чихнэ. Угтаа бурууг өөрөөс эрэх ёстой юм. Өөртөө, бизнестээ засаглалаа хэрхэн бүрдүүлэх талаар огт бодолцдоггүй. Бас хэтэрхий хэлбэрдэх дуртай. Гоё машин унана. Үнэтэй утас барина. Машин хэзээ авах вэ гэдэг хүртэл нарийн тооцоолол шүү дээ.

-Тодруулбал?

-Машиныг ашгийн ашгийн ашгаар унах ёстой. Гэтэл ихэнх нь зээлээр машин авч унаж байна. Бизнес хийж байж маш их үргүй зардал гаргаж байна. Бүрэн ашигладаггүй мөртлөө үнэтэй утас барина. Ан авд дурлана. Мөрийтэй тоглоомонд шунаж, морь уяна. Хүний хоббиг хүндэтгэнэ л дээ. Хүндэтгэнэ. Гэхдээ өндөр хөгжилтэй оронд өндөр боловсролтой хүмүүст, сайн бизнесмэнүүдэд эдгээрээс юу ч байдаггүй юм ш дээ. Ялангуяа өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж буй СЕО нарыг ийм зүйлд тэмүүлэх, дурлахыг хориглодог. Харин хэдэн үеэрээ өв залгамжилсан баячуудын хувьд бол асуудал өөрөөр яригдана. Тэд чинь хувьцааныхаа ногдол ашгийг тоолж аваад, түүнийгээ яаж үрэх вэ гээд сууж байдаг улс. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гэдэг үг тэдэнд л хамаатай.

Яагаад энэ талаар тэгтлээ чухалчлан яриад байна вэ гэвэл манайд компанийн засаглал, бизнесийн сонгодог загвар одоохондоо үнэхээр хангалтгүй дүн авахаар түвшинд байна. Бизнес эрхэлнэ гэдэг чинь шинжлэх ухаанд суурилсан урлаг юм шүү дээ.

-Танай СЕО бэлтгэх сургалт эрэлт өндөртэй биз?

- Цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад эрэлт нь өсч байгаа сургалтуудын нэг. СЕО нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэхээс өөр арга ч үгүй болоод байна.

- Та хэр сайн бэлтгэгдсэн СЕО вэ?

- Өөрийгөө сайн гэж ярихаар магтсан болох байх даа. Ямар ч байсан оюуны бизнес эрхэлдэг энэ компанийг 17 жил удирдлаа. Энэ хугацаанд өөрийн гэсэн ажлын байруудыг бий болголоо. Өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, оффисуудтай боллоо. Бизнесийн багаа бүрдүүллээ. Өөрөө санхүүгийн эрх чөлөөнд хүрлээ. Одоо зөвхөн хоббигоороо ажлаа хийж байна. 

- Тэгвэл Монголд онц дүн авахаар сайн бэлтгэгдсэн СЕО нар хэд байна вэ?

- Тоо хэлж мэдэхгүй юм.

- Тэгвэл сайн CEO гэж хэн бэ? 

- СЕО дотроо олон төрөл. Ухаа нь нэг том компани байлаа гэхэд санхүүгээ нэг хүн хариуцна, маркетинг, менежмэнтээ нэг хүн хариуцна. Хуулийн чиглэлийн асуудлууд тусдаа. СЕО хүний үүрэг бол энэ бүхнийг базаж хянаж байх явдал гэж ойлгож болно. Манайх сertified СЕО бэлтгэх хөтөлбөртэй. Өөрөөр хэлбэл санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналтын суурьтай CEO бэлтгэдэг гэх үү дээ. Ер нь санхүүгийн чиглэлд манай СЕО нар маш муу бэлтгэгдсэн байдаг юм. Ихэнх нь маркетинг, пиар дээр суурилсан мэдлэг, туршлагатай. Бас имиждээ ихээхэн анхаарсан СЕО нар олон болж. Тэдний сул тал нь санхүүгийн асуудлыг нягтлан, санхүүгийн хэлтсийн дарга нартаа хариуцуулдаг нь маш том эрсдэл дагуулж байдаг. Нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй гэдэг утгаараа байгууллагын санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, ял шийтгэл СЕО нарын толгой дээр л ирдэг. Тиймээс зайлшгүй суралцах хэрэгтэй гээд байгаа хэрэг. Маркетингийн ажлыг буруу хийлээ гэхэд мөнгө, цаг хугацаа алдана. Дахин олох боломж нь хэзээд нээлттэй гэсэн үг. Харин санхүүгийн алдаа гаргавал эргэж нөхөх боломжгүйгээр барахгүй ял шийтгэл, гэмт хэргийн тухай асуудал ч яригдана. Өөрөөр хэлбэл хамгийн аюултай, өндөр эрсдэлтэй, зугтах боломжгүй асуудал гэсэн үг. Манайх энэ чиглэлээр олон жил сургалт явуулсан учраас жаргал, зовлонг нь маш сайн мэддэг. Захирлуудыг мэргэшүүлэх шаардлага ч энэ зовлон дундаас гарсан гэж болно. Өмнө нь захирлын дор ажилладаг, санхүү, нягтлан, тооцоо барьдаг хүмүүсийг мэргэшүүлдэг байлаа. Энэ сургалт олон жил явагдсан. Эцэст нь удирдлагыг нь мэргэшүүлэхгүй бол мянга нягтланг нь мэргэшүүлээд нэмэргүй юм байна гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл захирлуудыг мэргэшүүлэхгүй бол тэр олон мэргэшсэн мэргэжилтнүүдийнхээ ажлыг алаад байгаа байхгүй юу. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг дээ. Ийм л юм болж байгаа юм.

Байгууллагатай, удирдлагатай холбоотой нярав, нягтлан, дотоод аудиторуудаас юу шаарддаг, ямар үүрэг өгдөг, тэднээс авсан мэдээллүүдээс юуг нь чухалчлан харах ёстой, тооцооны нягтлан юу хийдэг, чиг үүрэг нь юу юм, ямар даалгавар өгдөг, ямар тохиолдолд халдаг, ямар тайланг хэр хугацаанд гаргаж өгөх ёстой, гаргаж өгөх тайланг нь яаж уншиж тайлах ёстой юм, удирдлагуудаа санхүүгийн шинжээч хийхэд хэрхэн мэдээлэл боловсруулж өгөх ёстой юм гэдгийг зааж байна. Ихэнхи санхүү хариуцсан захирлууд дээрх мэдээллийг огт хийж боловсруулахгүй байна. Захирал нь мэдэхгүй. Мэдэхгүй учраас шаардахгүй ийм нөхцөл байдал үүсээд байна л даа. Тиймээс захирлуудыг мэргэшүүлэх сургалтаа эхлүүлсэн.

Миний мэдэхийн энэ бүхэнд бэлтгэгдсэн СЕО Монголд бараг байхгүй. Гадаад дотоодод их дээд сургууль төгссөн, мастер, доктор хамгаалсан л гэнэ. Тэд зөвхөн мэргэжил эзэмшсэн биз. Гэтэл санхүү, нягтлан бодох, хяналтаар хангах гэдэг бол заавал мэргэшиж байж хийдэг ажил. Гадаадад суралцаад ирсэн залуусын тухайд Монголыг мэдэхгүйн бэрхшээлтэй тулгардаг. Аргагүй ш дээ. Тэдний сураад ирсэн орон манайхаас 50-100 жилээр түрүүлж яваа. Монгол тэднээс шал өөр. Бизнесийн орчин, арга, соёл, харилцаа нь гээд олон зүйлээрээ гадныхнаас өөр шүү дээ, манайхан.

- Юугаараа өөр гэж?

- Хоцрогдсоноороо өөр. Авлигаараа л түрүүлж яваа байх, гадны орнуудаас. Тийм ч учраас гадна дотно төгссөн бүгдэд, бизнес хийж байгаа, байгууллагын санхүү удирдлага хариуцаж байгаа бүх хүмүүст манай  Certified CEO сургалт чухал шаардлагатай. Бусдаар албадаж, тулгаад, хүчээр энд авчраад суулгаад байгаа юм биш. Нийгэм, цаг үеийн шаардлага нь ийм болоод байна. Манайхан яадаг гээч /инээгээд/, болсон болоогүй бөө удган, гандан хийдээр явж явж  эцэст нь бизнес нь нураад, дампуурсан хойноо манайд ирдэг. Тийм их үнэ цэнээр санхүү, удирдлагын мэргэшлийн үнэ цэнийг ойлгодог байх нь байна ш дээ. Дахин хэлье, та хэрэв бизнес эрхлээд олигтой амжилт олохгүй байгаа бол асуудал танд л байна гэсэн үг. Асуудлыг лам, бөө шийдэхгүй. Харин таны мэргэн оюун ухаан л шийднэ. Санхүүгийн мэдлэгээ сайжруул гэж л хэлмээр байна. 

-Монголд ингэхэд компанийн засаглалыг маш сайн нутагшуулсан, өндөр соёлтой компани хэр олон байна вэ? Энэ үзүүлэлтээрээ МСS тэргүүлдэг гэж сонсч байсан. Санал нийлэх үү? 

- Бид компанийн засаглалын үнэлгээ хийж өгдөг. МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг топ 100 компаниудад зөндөө хийж байсан. Авах ёстой оноо 100-гаас хамгийн сайндаа 30-40 оноог л авдаг. Бидний барьж байгаа стандарт Монголынх. Америк ч юм уу, Английн стандарт яриагүй шүү.

- Компанийн засаглалын амин сүнс нь юу вэ?

-Хүн. Хүн нь бэлтгэгдээгүй, болоогүй байхад мянга сайхан зураг гаргаад яах юм. Зөв хандлагатай, авьяастай, хүсэл эрмэлзэлтэй, соёлтой, мэдлэгтэй, ёс суртахуунтай хүн л компанийн, компанийн засаглалын амин сүнс нь байдаг. Амин сүнсийн амин сүнс нь сайн бэлтгэгдсэн CEО. 

-Захирлуудын сургалтад ихэвчлэн компанийн захирал, удирдлагууд хамрагддаг байж таарна. Хэрэндээ л вант улс босгосон улсууд шүү дээ. Тэднийг суулгаж, сургана гэдэг амаргүй биз?

- Аа ихэнхи захирлууд анх орж ирэхдээ их том орж ирнээ /инээв/. Бага зэрэг ярвайлттай. Энэ надад хичээл заах уу гэсэн хандлагатай орж ирнэ. Ердөө маргаашнаас нь байрандаа оччихсон байдаг. Гол нь тэдний бизнес, амжилтад хэрэгтэй зүйл заадаг учраас нүд нь нээгдээд гардаг.

-Бидний алдаа юундаа байна вэ? Яагаад компанийн засаглал, бизнесийн соёл хөгжихгүй байна гэж та боддог вэ?

-Юун түрүүн бидний хандлага зөв байна уу, монголчуудын хүмүүжил, соёл, төлөвшил, харилцаа зөв байгаа юу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв зөв байсан бол бид өдийд огт өөр нийгэм, орчинд амьдарч, ажиллаж байх байлаа. Гуч, дөчин жилээр түрүүлж явж болох байлаа.

Бид 30 жил бизнес хийж байна. Туршлага 30 жилээр хэмжигдэнэ гэсэн үг. Эхлээд ганзагын наймаа хийсэн. Дараа нь хэдэн төрийн өмчит компаниа хувьчилж, хувьчлалаар хөрөнгөжсөн хэсэг улс байна. Дараа нь нийслэлийн эргэн тойрон дахь газруудыг зарж, идэж хэсэг хүмүүс баяжлаа. Уурхайн лиценз зарж нэг хэсэг хүн эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй боллоо. Манай бизнесийн соёл, хөгжил ердөө л энэ. Үүн дээр суурилсан бизнес л явж байна. Тэгчихээд бизнесээ урлагийн, агаарын сэтгэхүйгээр удирддаг. Ийм нөхцөлд компанийн засаглал, бизнесийн соёл яаж ярих юм. Яаж ч хөгжих юм. Гэвч одоо хандлага өөр болж эхэлж байна.

Би сүүлийн хоёр жил Харвардын сургалтын хөтөлбөрөөс 60 гаруй хичээл судалж, суралцлаа. Түүнийгээ Монголынхтой харьцуулаад харж байхад маш хол байна даа. Тэгсэн атлаа бид дэлхийн санхүүгийн зах зээл дээр тоглолт хийж, тэдэнтэй өрсөлдөх гээд байгаа ш дээ.

-Та ингэхэд гадаадад ямар боловсрол эзэмшсэн бэ?

- Сингапурт нэг сургалтад сууснаас өөр сүйдтэй юм байхгүй.

- Үнэн гэж үү. Гадаадад боловсрол эзэмшээгүй хэрнээ дэлхийд данстай “Артур Андерсон”-д хүлээн зөвшөөрөгдсөн таны давуу тал юу байсан бэ?

- Энэ мэргэжлээр дөрвөн жил онц сурч, дараа нь дөрвөн жил энэ чиглэлээр багшиллаа. Миний амьдралынхаа турш баримталж буй нэг зарчим, жанжин шугам бол сурч буй хичээл, эрхэлж буй ажилдаа хамгийн мундаг нь байна! Багшилж байхдаа ч энэ зарчмаасаа хазайгаагүй. Оюутнуудад зааж буй хичээлийнхээ сэдвээр нэг монгол номтой цуг нэг англи номыг зэрэг судалж хичээлээ заадаг байлаа. Лекцийн хичээлээ ч мөн адил ийм зарчмаар судалж заана. Ийм маягаар маш сайн мэргэжлийн англи хэлтэй болсон. Менежмент, маркетинг, статистик, эдийн засаг, нягтлангийн 10 гаруй төрлийн хичээл заадаг байсан гэхээр нэлээн их англи ном уншиж судалсан байж таарч байгаа юм. Энэ нь “Артур Андерсен”-д хүлээн зөвшөөрөгдөх давуу тал болсон байх.

- Үнэхээр мундаг! Та ер нь супер санхүүч, супер СЕО юм биш үү?

- Магтсанд баярлалаа. Чадаж болох бүхнээ чадна, чадах ёстой гэдэг багын дадал, үзэлтэй маань холбоотой сайн тал гэж болно л доо. Гэтэл ихэнхи хүмүүст ийм зан төлөв байдаггүй юм билээ. Ялангуяа манай нягтлангууд мэдэх юмаа л мэднэ, тоогоо л бодно гэцгээдэг. Уг нь хүн хичээвэл хүнд маш их нөөц бололцоо байдаг юм шүү дээ.

Нөгөө талаар би сургуулиа төгсчихөөд багшилсан явдал надад маш их зүйлийг өгсөн. Дөрвөн жил сурснаа дахиад дөрвөн жил бататгасан. “Багшлах бол сурахын хамгийн дээд хэлбэр” гэж би хэлэх дуртай. Энэ үгийг би л анх хэлчихлээ гэж бодсон чинь гадны нэг СЕО ярилцлагандаа ингэж хэлснийг өнгөрсөн жил олж уншсан. Тэр бид хоёрын хэн нь түрүүлж хэлснийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол хамгийн үнэн үг шүү.

-Би бүхнээс илүү байна гэж өөртөө байнга хатуу шаардлага тавьж, хатуу хяналт тавих нь төгс төгөлдрийн синдром гэж болно. Гэтэл нөгөө талаараа хүн бол хүн, амьтан шүү дээ. Залхуурах, тааваараа байх үндсэн мөн чанартай. Хааяа өөртөө тавьдаг өндөр шаардлагууд, байнга боддог тоонуудаасаа залхах үе байх уу?

- Би өөртөө хамгийн мундаг нь, би байнга онц сурах ёстой, бүгдийг чадах ёстой гэж хэзээ ч өндөр шаардлага тавьж байгаагүй. Та бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Харин би үүнийг сурчихвал, мэдчихвэл сайхан амьдарна, сайн явна, бусдын хийгээгүйг, олоогүйг бүтээнэ гэж хэлбэр биш агуулгыг нь байнга бодож ирсэн. Ингэснээр надад ял болоогүй. Миний мөн чанар, өгөгдөл л энэ байх.    

- Энэ чанаруудыг та хаанаас авсан бэ? Эсвэл аав ээжийн хүмүүжил, генээс улбаатай зүйл үү?

- Социализмын үеийн ээж аавуудад миний хүү хамгийн мундаг нь байна шүү гэж хүмүүжүүлдэг зан төлөв байсан юм уу. Аав ээж маань гол нь өвдөхгүй эрүүл бай, хүнтэй эв найртай бай л гэж их захьдаг байсан. Бид ах дүү 12-уулаа. Тэр олон хүүхэдтэй тэгж нэгбүрчлэн тулж ажиллах ч боломжгүй шүү дээ. Олуулаа өсөх чинь нэг талаар хувь хүнийг амьдрах чадвартай, өрсөлдөөнч болгож төлөвшүүлдэг юм шиг ээ.

-Нээрээ магадгүй юм. Та таван онцын эзэн байж. Өнөөгийн амжилтын чинь нууцыг асуух ч шаардлага алга. Гэтэл амжилттай яваа бизнесменүүдийн ихэнхи нь дунд сурлагатнууд байдаг гэх нэг нийтлэг яриа байдаг шүү дээ. Та санал нийлэх үү?

- Мэдэхгүй дээ. Би л хувьдаа эх орны алтан гурвуудаас манай салбарт мундаг явааг нь мэдэхгүй юм. Тэрний оронд харин огт сургуульд сураагүй, суугаагүй хүмүүс бол өөр байдаг байж магадгүй. Жишээ нь Харвардыг төгсөөгүй орхисон Зукерберг. Тэдэнд байгалиасаа дайчин тэмцэгч чанар, оюун ухааны өгөгдөл заяасан байдаг байх.

Бусдаар алтан гурвууд амжилттай явдаг гэдэгтэй санал нийлэхгүй. Шудрага бус улстөрд л мундаг явдаг байж магадгүй. Улс төрийн тоглоомын дүрэм өөр юм шиг байна лээ ш дээ. Цүнх барьдаг, арга эвийг олдог, ая тал засдаг, ойворгон, муу зальтай улсууд их хол явдаг юм биш үү. Нөгөө талд харалган сонгогч тэднийг хүлээж байдаг. Магадгүй би улс төрд орвол хамгийн муу нь байна байх.  Бизнест бол чаддаг нь амьдардаг. Энэ бол хатуу ширүүн, шударга өрсөлдөөний талбар. Энэ бол хамгийн зөв, хамгийн шаргуу, хамгийн хөдөлмөрч нь амжилтад хүрдэг ертөнц. Их ялгаатай шүү.

-Хэрвээ та санхүүч болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

- Тэр талаар огт бодож байгаагүй. Миний хувь тавилан угаасаа тоотой холбогдох учиртай байсан. Би тоо бодож кайф авдаг. Оюун ухаан, эрдэм боловсрол намайг хөгөлсөөр ирсэн. Тэгээд ч намайг конкурсддэг жил аав маань бурхны орон руу яваад удаагүй байсан юм. Нэг ёсондоо манай өрхийн орлого хаагдсан байсан үе гэх үү дээ. Тиймээс ямар ч байсан сургалтын төлбөрийг цаанаас даах сургууль сонгох хэрэгтэй болсон. Уг нь шалгалтын хуваариар эхний хэдэд жагссан юм. Тэр жил улсын зардалтай МУИС-аас нэг л хуваарь ирсэн. Сумаас ирсэн хүү түүнд нь хараахан тэнцэж чадсангүй. Ингээд жагсаалтаар бол долдугаарт орсон хүүхдийн сонгох ёстой “Мандах бүртгэл” дээд сургуулийг сонгосон. Байрнаасаа ухарч байж эднийхийг сонгосон нь тэр жил “Мандах бүртгэл” улсын зардалаар сургах нөхцөлтэй байсан юм. Их сургуульдаа онц сурдаг учраас стипенд хүртэл авдаг байлаа. Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг байсан гэдэгт нэг ч өдөр эргэлзэж байгаагүй.

- Тоочинтой уулзсаных нэг инээдтэй юм асуумаар санагдчихлаа. Дунд сургууль, их сургуульд заадаг тэр олон тооны хичээл, логарифм, дээд тоо тэргүүтэн бодит амьдралд ямар хэрэгтэй юм бэ?

- Математик бол хүний уураг тархийг хөгжүүлдэг онцгой шинжлэх ухаан. Аливаад тууштай, тэвчээртэй, сахилга баттай байх олон сайн чанаруудыг хүнд тоо, математик өгдөг. Энэ бүхэн хожим хойно амьдралаа авч явахад, бизнесээ удирдахад, байгууллагыг залахад маш их үүрэг гүйцэтгэдэг.

- Та зурхай, хувь тавиланд итгэдэг үү?

-Багаасаа л зурхай уншдаг, байгаль дэлхийгээ хайрлаж шүтдэг, нар сарандаа залбирдаг байсан. Би шүтлэгтэй хүн. Гэхдээ мухар сүсэгтэй андуурч болохгүй.

-Та эхнэрээ салбараасаа сонгосон уу?

-Гэр бүлийг бол толгой тархиараа сонгоно гэдэгтэй санал нийлдэггүй. Хувь тавилан, зүрх сэтгэлээрээ сонгодог цөөн зүйлсийн нэг шүү дээ.

- Та эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ?

- Мөнгө олж чаддаггүй хүмүүс л мөнгө чухал биш гэж ярьдаг. Ингэж ярьдаг хүмүүсийн амьдрал нэг л дундуур, мөнгөөр дутагдсан байдаг. Мөнгө бол хэрэглээ юм.  Амьдралын маш олон зүйлийг мөнгөөр шийдэж байна. Миний хувьд аль 10 жилийн өмнө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн.

- Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэж яг ямар төвшинд хүрснийг хэлэх үү?

-Хэрэглээндээ огт санаа зовохгүй байхыг санхүүгийн эрх чөлөө гэж ойлгодог. Үүнийг олохын төлөө ялтай юм шиг ажиллахгүй байхыг хэлнэ байх. Хэрэглээ гэж ан хийж амьтан алах, морь уях, мөрийтэй тоглоом тоглох биш шүү.

- Гэхдээ та эр хүн байна даа, ядахдаа хааяа “зуу” татна биз дээ?

- Би орой бүр хичээлтэй байдаг.

-Та хэр их уншдаг вэ?

- Хүнд хичээл зааж байгаа хүн уншихгүй байж болно гэж үү. Өдөр тутмын дадал хэвшил шүү дээ.

-Та хүмүүсийг үнэлэхдээ юуг нь чухалчилдаг вэ?

-Би хүмүүсийг үнэлээд, дүн тавиад байдаг хүн биш. Харин хүн болгонд заавал сайн сайхан чанар, зөв хүн байх боломж, өгөгдөл байдаг гэж боддог. Ямар ч хүнийг засаж, сайн хүн болгож болдог. Би бусдад итгэл өгөх дуртай.

- Таны хобби юу вэ? Чөлөөт цаг, мөнгө хөрөнгөө харамгүй зарцуулдаг зүйл байна уу?

- Миний хобби бол миний ажил. Бичиж уншиж байгаа ном, судалгаа, мэддэг чаддагаа бусадтай хуваалцах явдал бол миний үндсэн хобби. Мөнгө хөрөнгийг бол гэр бүлдээ л харамгүй зарцуулна даа.

- Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Манай 9 төрлийн мэргэшүүлэх сургалтын цаана 40-50 сургалтын хөтөлбөр байдаг. Гурван салбарт сургалт цаг наргүй явагдаж байна. Тэр есийн нэг нь дотоод аудит. Дотоод аудит бол төр засгийн ажлаас авахуулаад компанийн засаглалд чухал үүрэгтэй эд. Үндсэндээ групп компанийн ТУЗ-ийн дор байршиж гүйцэтгэх захирлаа хянаж байдаг учраас чухлын дээр нөлөө бүхий хүмүүс байдаг. Монголын бараг ихэнхи дотоод аудиторууд надаар бэлтгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дотоод аудитороор мэргэшсэн эрхээ авсан 1000 гишүүн байна. Бүгд миний шавь нар. Миний шавь нараас Монголын компаниудын дотоод аудиторуудаар ажиллаагүй хүн бараг байхгүй. Тэд бүх СЕО нарыг хянаж, зөвлөж байна. “Монголын дотоод аудиторуудын институт” гэж байгуулага бий. Би тэргүүнээр 16 жил ажиллаж байна.

Дотоод аудитын дараагийн хөгжих том алхам бол салбар бүрийн дотоод аудитын онол арга зүйг боловсруулах шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. Уул уурхай, хөдөө аж ахуй, банк гэх мэт салбар сарбараар нь хөгжүүлнэ.

Салбар бүрт ажиллаж байгаа манай гишүүн дотоод аудиторуудыг яг тэр практик дээрх ажил туршлагаа ном, сургалтын материал болгоно. Түүнийг нь бид 500 мянгаас 1 сая төгрөг хүртэл үнэлж авна. Тэгээд тэр хүнээ үндэсний сургагч багш зөвлөхөөр тодруулна. Дараа нь надтай хамт яг тэр сэдвээр хөгжиж, судлаад явна. Эцэст нь түүнийхээ топ түвшинд хүрэх юм. Яг энэ чиглэлээр топ дотоод аудитор бэлтгэхэд 100 сая төгрөг зарцуулъя гэж бодож байгаа. Тэгэхээр миний онцлоод байгаа 9 төрлийн мэргэшүүлсэн сургалтад 900 сая төгрөг зориулна гэсэн үг. Товчхондоо надад итгээд, хүлээн зөвшөөрөөд ирж байгаа зуу зуун шилдэгүүдийг топ хэмжээнд бэлтгэж, үндэсний зөвлөх мэргэжилтнээр тодруулаад өөрийнхөө дэргэд авч цаашид том компаниудад зөвөлгөө өгөх хэмжээнд хүрэх. Энэ бол миний ойрын хугацааны зорилго.

Би туйлширдаггүй хүн. Минийх туйлын үнэн гэж би хэзээ ч ярьдаггүй. Бүх зүйл харьцангуй байдаг.  Миний бодлоор Монголд дотоод аудиторыг мэргэшүүлэх, амьдрал дээр үр ашгийг нь хүртэх цаг ирээд байна. Энэ бол маш чухал.

Дараагийн нэг бодож төлөвлөж байгаа зүйл бол Монгол Улсын 100 жилийн стратегийг боловсруулах. Бид ядахдаа хөгжлийн 1000 жилийн биш юмаа гэхэд 100 жилийн стратеги бодлоготой болмоор байна. Аль болтол бид сонгуулийн циклээр, дөрөв, дөрвөн жилийн хөгжлийн бодлоготой явах вэ! Төр нь хийж чаддаггүй юм бол би, бид хийгээд өгье. Үүний ач холбогдлыг олон нийт ойлгох нь бас чухал. Үүний тулд шоу интертайнмэнт нэвтрүүлгийн хэлбэрээр мэргэжлийн түвшинд хийх хүмүүстэй хамтарч ажиллах нэг төсөл бас бодчихоод, боловсруулж явна.

- Та улс төрд орох уу?

- Шударга улс төрд орно. Одоогийнх шиг шударга бус нь ялдаг улс төрд орохгүй. Яагаад улс орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж болохгүй гэж! Шинэ сайхан цагийг бид авчрахгүй юм бол хэн авчрах вэ. Ц.Нямдорж тэргүүтэй хэдэн өвгөчүүл гээд шүүмжлээд л байдаг. Шүүмжлэхийн оронд хий. Зоригтой гарч ирээд хий гэмээр байна. Тэдний нэг нь би байж болно.

Ярилцсан: М.Уранчимэг

Эх сурвалж: Гранд сэтгүүл №123

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 23:25
    Retweet (253)
  • Retweet (27)
  • Retweet (13)
  • 02-24 00:35
    Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 02-24 01:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-24 00:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-24 01:25
    Retweet (0)
  • 02-24 01:24
    Retweet (0)
  • 02-24 01:14
    Retweet (0)
  • 02-24 01:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:59
    Retweet (0)
  • 02-24 00:56
    Retweet (0)