Коммунист намын ”СОЁОЛОН” комплексууд
2019 оны 10 сарын 14

Дөч гарсан эр, дөрөв дарсан ат. Энэ хэлцийг Монгол хэлний их тайлбар тольд дөч хүрсэн эр амьдралын туршлага баян байдаг гэсэн санаа хэмээн тайлбарлажээ. Нөгөө талаас дөрөв дарсан ат гэдэг бол арван настай атан тэмээг хэлэх агаад үүдэн шүднийх нь ирмэг элэгдэж эхлэхийг ийн хэлдэг байна. Аль нь бай доор сонгож авсан таван улстөрч яах аргагүй дөч шүргэж яваа, дөч дөнгөж гарсан эрс. Улс төрд хэн хэн нь сайндаа арав гаруй жил л зүтгэж байгаагаар нь бодвол дөрвөө дарсан атнууд яах аргагүй мөн. Адуугаар бол соёолонгууд. Өнөөгийн улс төрийн тавцанд, парламентын танхимд гол дүрд тоглож буй фигурууд учраас тэдний хувийн намтар, ар гэрийн амьдрал, улс төрд туулсан замнал, алдаа, оноо алив бүхэн нь олон нийтэд нэн сонирхолтой. Эрх баригч МАН-ын гал тогоог барьж буй эрхэм, эдүгээ цагийн рейтинг өндөр гишүүн, Ардын Засгийн амбийц ихтэй сайд нарын комплексыг энэ удаа онцоллоо.

Н.Цэрэнбат ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА

ДАРУУХАН ХҮҮ: Шуудхан хэлэхэд цүнх баригчдын эгнээнээс УИХ-ын гишүүн, сайд болсон хүний нэг. Гэхдээ Ё.Баатарбилэгийг бодвол арай цөөн жил цүнх барьсан. Сангийн яаманд жил хүрэхгүй хугацаанд Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажилласныг нь эс тооцвол төрийн албанд ажилласан туршлага байхгүй. ШУТИС-ийн КТМС-ийн төгсөгч. Байгаль орчин, аялал жуулчлалтын салбарт “ногооноороо” нөхөр. “Мобиком”, “Таван богд” группт ажиллаж, “Увс хүнс” компанийн дэд захирал болтлоо бизнест зүтгэсэн. Хожим UFC групп болсон томроход ч О.Амартүвшингийн нэр, нүүр л компаниа тодорхойлдог байснаас биш Н.Цэрэнбатын нэр бүү хэл Ц үсэг ч дуулддаггүй байсан нь хачин. Гэтэл тэр өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн, БОАЖ-ын сайд. Бодвол нөөц бололцоогоо нууж байсан юм байлгүй дээ, тийм ээ.

БОР ХАЛЗАН ХОНЬ: Үнэндээ Н.Цэрэнбат улс төрд ч, бизнест ч гайхуулах намтар түүх, дүр төрхгүй нэгэн. Хамгийн тодорхой дүр нь тэрээр НАМЗХ-ын идэвхтэй гишүүн байв. Жил бүрийн “Алтан сарнай” наадмаар үүдний угтах хэсэгт хэдэн бор баньд нар улаан эрвээхэй зангиа, гялгар хар “туфль” жийж ирэх зочдыг угтдаг. Тэдний дунд нэг гэнэн алаг нүдтэй хөөрхөн бор хүү даруухан гэгч нь инээж зогсдог байсан нь мань Н.Цэрэнбат. Харин МАН-ынх л бол бор халзан хонь ч гарсан 2016 оны сонгуулиар мань хүн тэнгэрийн умдаг атгаж, төрийн түшээ болсон нь ёстой амны хишигтэйнх. Угтаа мань эрийг гарахгүй байсан ч гарзгүй гэдэг ангилалд оруулж Увсын тойрог руу илгээсэн нь ухаандаа торгуулийн сумангийнхан юм уу даа. Товчхондоо Н.Цэрэнбатыг УИХ, Засгийн газрын гишүүн болно гэж хэн ч зүүдэлсэнгүй явлаа. Мөнхүү өөрөө ч төсөөлөөгүй явлаа гэчихвэл гомдохгүй буй за, залуу хүн.

ФАКТУУД: Үндсэн натур нь цүнх баригчдын нийтлэг комплекстой. Тиймээс сайдын суудалдаа жижигддэг. Мөнгө хөрөнгө завшсан гэх мэт хэл аманд байнга орооцолддог. Яамандаа засвар хийх нэрийдлээр их хэмжээний мөнгө найзынхаа хувийн компани руу шилжүүлж, төрсөн дүүдээ бэлнээр гаргуулж авсан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан гэдэг нь “Өдрийн сонин”-д нийтлэгдэж л байв. Цаашилбал АНЭУ-аас агаар орчны бохирдол, сургууль, эмнэлгүүдэд зориулаарай гэж өгсөн нэг сая ам.долларыг зориулалтыг нь өөрчилж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулахад зориулах болгосон, уг мөнгөнөөс үеэл дүүгийнхээ компанид хуваарилсан хэрэг нь баримт сэлттэйгээ хэвлэлийн хуудаснаа дурайж буй. Хувьдаа 30 гаруй компанитай хүн төрийн их мөнгийг хараад зүгээр суух хэцүү ч байдаг биз ээ. Н.Цэрэнбатын буруу ч гэж юу байхав, түүний оронд хэн ч байсан ингэх байсан биз. Угтаа чононд мах хадгалуулсан төрийн л буруу юм. Мөн хамгийн сүүлд тэрээр “Найрамдал” зуслангийн газраас авсан эрх мэдэлтнүүдийн нэг гэж зарлагдсан.

БАС НЭГ ПАРАДОКС: Ингээд зогсохгүй хувийн компанидаа Мал хамгаалах сангаас 600 сая, ЖДҮХС-гаас нэг тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт мөн холбогдсон. Түүний хувь эзэмшдэг компани Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас удаа дараа зээл авсныг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан олонд дэлгэсэн. Түүнтэй адил ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг үндэслэлээр ЗТХ-ийн сайд Я.Содбаатар огцорсон. Харин Н.Цэрэнбат ширэн нүүрлээд үлдсэн. Бас нэг парадокс! Гүүглдвэл мань сайдын талаар энэ мэт таагүй, сөрөг мэдээлэл л голцуу гарч ирнэ дээ.

ТОХИОЛДЛЫН ХАВЬТАЛ: Н.Цэрэнбатыг сайд болсноос хойш байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ноцтой асуудлууд гарсаар байгаа нь түүний ажлаа хэр хийж байгааг харуулдаг. Тост, Тосон бумбын нуруу, Онон голын Гутайн ам, Дорнодын талд ашигт малтмал олборлохтой холбоотой зөрчил маргаан үүсч, иргэд, компаниудын хооронд тэмцэл өрнөж байхад эрхэм сайд ус балгасан мэт дуугүй. Хаа сайгүй байгаль орчин сүйдэж, Улаанбаатар хот дэлхийд агаарын бохирдлоороо аман хүзүүдэж байхад БОАЖ-ын сайд ичих ч үгүй “Дэлхийн ногоон элч” шагнал аваад малилзаж зогсох. “Ёс зүй где?!”.

Эцэст нь хэлэхэд улстөрчдийн “тохиолдлын хавьтлаар” олдсон ийм сайд дахин бүү төрөөсэй. Мөнгө үнэргүй гэдэг ч төрийн албанд бол хүний үнэр хэрэгтэй.

Д.Амарбаясгалан ЖДҮ-ДСЭН КАРЬЕРИСТ

Эхлэл: Одоогоос 9 жилийн өмнө. Эдүгээгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАХН-ын генсек байв. Тэрээр намынхаа уугуул нэрийг сэргээж, “хувьсгалт” гэдэг үгийг нь авч хаяснаараа гишүүд, дэмжигчид, ялангуяа ахмадуудаасаа хатуухан шүүмжлэл сонсч, аргаа барахдаа “Нам нэрээ сольсноор буруутах юм бол хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Яг энэ үед МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн шинэчлэлийг дэмжин хамгаалж, генсекийнхээ дуу хоолой нь болж байв. “Ухнаагийн Хүрэлсүхийн улаан хамгаалагч” гэж ёжлуултлаа зүтгэсэн. Харин эдүгээ тэрээр өөрөө МАН-ын генсек, У.Хүрэлсүх ах нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болжээ. 

Өндөр хурдны лифт: Д.Амарбаясгалан 26 настайдаа дүүргийн намын үүрийн дарга болж улс төрийн карьераа эхэлснээс хойш 9 жилийн дараа эрх баригч намын генсекийн тамга атгасан юм. Хэдхэн жилийн дотор НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч, дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, НИТХ дахь намын бүлгийн дарга гээд улс төрийн албан тушаалуудыг ээлж дараалан хашсанаас нь харахад мань эр карьерын өндөр хурдны лифтэнд нэгэнт суусан гэлтэй. 

2015 онд МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, 2016 оны сонгуульд намаа ялуулсан гэх гавьяа нь түүнийг өнөөгийн албан тушаалд авчирсан. Гэхдээ МАН-ынхан мундаг сайндаа биш, АН муудаа 2016 оны сонгуульд ялагдсан гэдгийг тооцох юм бол Д.Амарбаясгалангийн хувьд НӨАТ-ын сугалаа шиг л сохор аз таарсан гэсэн үг.

Хагалан бутаргагч: Баян хүнийг балаг тойрохгүй гэгчээр Д.Амарбаясгалантай холбоотой хэл ам, баталж нотлох боломжгүй фактууд олон. Олны үг ортой гэдэг логикоор үзвэл тун маапаантай “товариш”. Намын гал тогоог атгадагийн хувьд сонгуулиар хувийн “Соёмбо принтинг” компанидаа асар их их ашиг олдог гэдгээс авахуулаад улс төрийн ууган намын гишүүдийг 100 жилийнх нь ойн босгон дээр хагаралдуулж, улмаар УИХ дахь намын бүлгээ 32, 33-ын фракцид хуваасан хэргийн автор нь ч Д.Амарбаясгалан. Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт ч Д.Амарбаясгалан оролцсон гэх мэтээр шуугиан дуулиан бүхий намтар ихтэй залуу эр. Тэрээр энэ асуудлаар АТГ-т дуудагдан мэдүүлэг өгмөгцөө өмнө нь хэлсэн ярьснаасаа буцаж, 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж мэдээлэл хийж байсандаа харамсаж байна, энэ бол эвлүүлэг биш хэмээн мэдэгдсэн билээ. Мөн хэргийн гол эзэд Ц.Сандуй, А.Ганбаатар нартай хамт авахуулсан зургаа 60 тэрбумтай холбоогүйгээр хоол идэх үедээ авахуулсан гэж тайлбарласан гэх мэт ярьвал их зүйл бий.

Хандивын 3 тэрбум: 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Амарбаясгалан хандивын 3 тэрбум гаруй төгрөгийг хэрхэн зарцуулснаа намынхандаа тайлбарлалгүй бултаж, хэл аманд орооцолдсон төдийгүй намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэх яриа ч байдаг. Хожим өрнөсөн үйл явдлуудаас харахад, тухайлбал У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар оройлон зүтгэж М.Энхболдыг огцруулсан, үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга балиашиглаж байсан зэргээс харахад дээрх яриа ортой ч юм шиг.

Албан тушаалын наймаа: МАН-ын генсект өөр нэг сул тал нь албан тушаалын наймаанд үе үе нэр холбогдчихоод байдаг явдал. Тэрээр иргэн Г-г төрийн албанд оруулж өгнө гэж 30 сая төгрөг авсан гэх гомдол АТГ дээр очиж, шалгагдаж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Мөн С.Батболдыг түлхэн унагаж С.Амарсайханыг хотын мээр болгоход МАН-ын генсек төдийгүй НИТХ-ын төлөөлөгчийн хувьд Д.Амарбаясгалангийн оролцоо их байсан. Гэтэл тэрээр саяхнаас С.Амарсайхантайгаа эв түнжин хагарсан нь хот дахь албан тушаалын бялуу хуваалтаас үүдэлтэй аж. С.Амарсайхан нь хэлсэн ярьснаасаа буцаж, хотын удирдах албан тушаалуудад генсекийнхээ хүмүүсийг тавихаас татгалзсан аж. Ийнхүү Д.Амарбаясгалан төрийн албыг хуйвалдан хуваахаар завдсан 60 тэрбумынхантай эвлэршгүй тэмцэнэ гэж тунхаглаж байснаасаа эсрэгээр ажиллаж, үг, үйлдэл хоёр нь зөрдөг. 

ЖДҮ! 1,3 тэрбум: Энэ бүхэн гайгүй. Барин тавин нотлоход бэрх зүйлс. Бүр баримт, факттай түүний нэг факт бол ЖДҮ-ийн зээл. Тэрээр 2017, 2018 онд өөрийн хамаарал бүхий “Тайшир өргөө", "Агро технологи шижирт" гэж хоёр компанидаа ЖДҮХС-гаас нийт 1.3 тэрбум төгрөгийн зээл олгуулсан байдаг.

Эндээс харахад МАН-ын генсект мөнгөний комплекстой гэх хар сэр төрнө. Оюутан байхаасаа гэр бүлийн бизнес эрхэлж, хэвлэх үйлдвэр ажиллуулж байсан нь түүнийг ийм “аж ахуйч”, “арвич хямгач” болгочихсон юм биш байгаа.

Т.Аюурсайхан БОЛОВСОРСОН УЛААН ПОПУЛИСТ

Аюулт этгээд: Улаан хувьсгалч, улаан хамгаалагч, улаан фэн. Хэтийдсэн юмны тодотгол. Энэ парламентад олон популистууд байгаагийн хамгийн боловсон, хамгийн аюултай популистуудын нэг бол Т.Аюурсайхан. Аюултай гэдэг нь түүний гэмгүй, боловсон байрын царай. С.Батзандан мэт нь төрөх заяаны, харах царайны илэрхий популист. Харин Т.Аюурсайхан харахад ном эрдмийн чухал царайтай, олон нийт ч боловсролтой гайгүй залуусын гэж боддогт байгаа юм.

Эхлэл: Долоо наймхан жилийн өмнө улс төрд хөл тавьж байхад нь Т.Аюурсайханыг хэн ч таньдаггүй байв. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан анхаарал татаад байхааргүй давжаахан залуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон юм. Өдгөө нэг парламентад тохой нийлүүлэн суугаа Д.Ганболд гишүүнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын суудлаас нь огцруулан гарч ирэхдээ Т.Аюурсайхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэдэг тодотголоос өөр юу ч үгүй байв. Тэрээр олны анхаарлын төвд огцом орж ирсэн шигээ улстөрчийн хувьд карьерын шатаар огцом өгссөн.

Популизмын амтанд орсон нь: 2013 оны эхээр түүний тэргүүлсэн МАН-ын Шинэчлэлийн хорооныхон намынхаа Их хурлыг хуралдуулах, намын удирдлагуудыг шинэчлэх зэрэг шаардлага тавьж эхэлсэн. Улмаар тэд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа буюу 2013 оны аравдугаар сард дээрх шаардлагаа улам эрчимжүүлж, намынхаа төв байрны гадаа гэр барин тэмцсэнийг олон нийт санаж буй. Т.Аюурсайхан энэхүү Шинэчлэлийн хорооны удирдагчдын нэг байсан бөгөөд 2012 оноос тус хорооны Бодлогын зөвлөлийн даргаар ажиллажээ. Шинэчлэлийн хорооныхны тэмцэл үр дүнд хүрч МАН-ын XXVII Их хурал 2013 оны аравдугаар сард хуралдсан. Уг Их хурлаар МАН-ын даргын сонгуульд Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга М.Энхболдтой өрсөлдсөн нь түүнийг хүссэн хүсээгүй олны  танил болгосон юм. Эндээс л мань хүн олон нийтэд таалагдахын тулд боловсон царай гаргах, эр зоригтой мэт аашлах мэм хоосон поопрол нь улс төрийн тавцанд ямархан үр ашигтай байдгийг амталж эхэлсэн бололтой байдаг. 

Улс төрд хөл тавиад удаагүй залуу намынхаа даргын төлөөх сонгуульд өмнө нь намын даргаар ажиллаж, Ерөнхий сайдын албыг хашиж байсан, найман жил тасралтгүй УИХ-д суучихсан хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг лидертэй өрсөлдөнө гэдэг эр зоригийн хэрэг байв. Дүүргийн иргэдийн хурлыг бужигнуулан Засаг дарга болсон Т.Аюурсайхан эрх баригч намын их хурлыг шуугиулан, даргын төлөө сонгуульд өрсөлдөх хүртлээ карьераа өсгөсөн нь ердөө ганцхан жилийн дотор өрнөсөн үйл явц.

Популизмын таатай хөрс: Түүнээс хойш жил гаруйн дараа буюу 2015 оны нэгдүгээр сард Т.Аюурсайхан олны анхаарлын төвд дахин эргэж ирлээ. Ингэхдээ улс төрч биш төрийн албан хаагчийн дүрээр. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан. Түүний энэ шинэ дүр нь ч олон нийтэд таалагдаж эхэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед иргэний хөдөлгөөний О.Магнай уг агентлагийг даргалан нэг хэсэг “сэлэм эргүүлж” байгаад өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр засагт хамтарсан МАН-ынхан Т.Аюурсайханыг түүний оронд  тавьсан түүхтэй. Тэрээр О.Магнай НИК-ийн дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг хууль бусаар цуцалсныг мэдэгдэж, хотын мээр Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, тээвэрлэх тарифыг тогтоосон зэрэг олон асуудлаар хурц, өнцөг бүхий мэдэгдлүүд хийж хэвлэлийн хуудсыг чимэх болсон. Угаасаа ч ШӨХТГ популизмыг яаж л бол яаж хийж болмоор таатай газрыг хэлэх үү, мань хүний шинэ авьяас энд жинхэнэ боловсорч, төгсөрсөн байдаг. Ийнхүү Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар 11 сар гаруйн хугацаанд ажиллахдаа хэдийнэ олны танил хүмүүсийн нэг болж чадсан. Энэ бол түүний улс төрчийн карьерын гурав дахь шат байв. Ийн МАН-ынх л бол бор халзан хонь ч байсан ялалт байгуулсан 2016 оны сонгуулиар Чингэлтэй дүүргийн 63 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан.

Мэргэжлийн ЗГ-ын эсэргүү: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 65 гишүүнтэй “бүдүүн бүлэг” дотроо эсэргүү гишүүдийн нэг. МАН-ын бүлгийн 31 гишүүн санал нэгдэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад тэрээр идэвхийлэн оролцож өөрийнхөө албан бланк дээр Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн гишүүдийн гарын үсгийг цуглуулсан билээ.

Түүний нам дотроо өрнүүлсэн энэ бужигнаан Мэргэжлийн Засгийн газрыг огцруулснаар дууссангүй. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг огцруулах улс төрийн акцид голлох нөлөөтэй оролцсон 5 гишүүний нэг нь Т.Аюурсайхан хэмээн түүхэнд дуурсагдахаар болсон. 

Попын ханхүү: Ийнхүү “МАНАН дэглэмийн эсрэг тайван” жагсаалыг нэр бүхий гишүүдийн хамт зохион байгуулснаар массын хүрээнд рейтингээ суга өсгөсөн ч улс төрийг ултай суурьтай ойлгодог цөөнхийн хүрээллээс “Попын ханхүү” хэмээх хэргэмийг хүртсэн.

Залуу улс төрч хэдий ч тэрээр хэвлэлийн хуудас, камерын дуранд хэзээд өртөж чаддаг, нэг үгээр хэлбэл олны анхаарал татахуйц сэдвийг соргогоор мэдэрч тоглолт хийж дадаж байгаа өсөх ирээдүйтэй популист лидер. Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь таван дансны хуулгыг ил болгосон дуулиан, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүйгээ мэдэгдэж, ажлын хэсгийн гишүүнээс татгалзсан үйлдлүүдээс нь үүний нотолгоог тодорхой харж болно.

Шагнал: УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүн тэрээр тун саяхан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдсон. Түүний албан тушаалын энэхүү өсөлтийг М.Энхболдыг огцруулсан тэмцлийнх нь шагнал гэж болно.

Ё.Баатарбилэг УТСАН ХҮҮХЭЛДЭЙ

Хүрэл зүрх ч хайлмаар: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг удирдах гэж зүдэрч суугаа Ё.Баатарбилэгийг бодохоос хүрэл зүрх ч хайлмаар. Боловсролын салбарын талаар мэдлэг дульханыг нь харахаар, түүхч, археологич, антропологич мэргэжил эзэмшчихээд мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаагүйг нь бодохоор, соёл судалж, мэдэрч, спортыг ойлгох завгүй зөвлөх, туслахын ажил голлон хашсан энэ хархүүд улс орны тэргүүлэх салбарын жолоог удаан атгуулмааргүй санагддаг, шулуухан хэлэхэд.

Эхлэл: Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн туслах, сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Архангай аймгийн Засаг даргаар хоёр жил, ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан байдаг. Тэгээд л УИХ-ын гишүүн. Удалгүй давхар дээлтэй сайд. Цүнх баригчдын карьер хаа хүрдгийг Ё.Баатарбилэг харуулсан.

Авилгын хэрэг: Тэрээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа Цэнхэр сумын нутаг дахь уул уурхайн компаниас 19 сая төгрөг авсан нь тогтоогдож, авлигын хэргээр 30 хоног саатуулагдаж байв. Үүгээр зогсохгүй аймгийнхаа агуйгаас эртний үнэ цэнэтэй бурхан “гулсуулж” өндөр үнээр зарж үрж байгаад баригдсан хэрэг ч түүнд бий гэдэг. Мөн л шүүх цагдаадаа тулсан эл хэрэг эцэс сүүлдээ археологич мэргэжилтэй учраас гэдэг үгээр хаацайлагдаж өнгөрсөн юм байх.

Улс төрийн парадокс ба хүн чанар: Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Д.Хаянхярваа нарын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн. Засгийн газрыг огцруулах тэрхүү албан бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь Ё.Баатарбилэг. Тэрээр огцрох ёстой гэж үзэж байсан Засгийн газрынхаа гишүүн болж, ердөө л хоёрхон сарын дотор үзэл баримтлал, байр сууриасаа урвасан юм. Түүний өмнө БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмааг өөрийнхөө Засгийн газрынхаа эсрэг санал өгч, танхимын зарчмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулсан атлаа Ц.Цогзолмаа сайдтай хамт Засгийн газрыг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан Ё.Баатарбилэг гишүүнийг сайд болгосон нь ёстой л парадокс гэгч нь. Ийнхүү улс төрийн соёл, хувь хүний ёс зүйгээ сайдын сэнтийгээр сольсноороо Ё.Баатарбилэг өөрийгөө хэн болохыг харуулсан гэж болно.

Утсан хүүхэлдэй: Тэрээр УИХ-ын хувьд шинэков. Улс төрд бол бүр “нусан пулёмет”. 2020 оны сонгуулиа бодож, карьераа өсгөх гэж давхар дээл рүү хошуу шунгасан ч, мэдэхгүй чадахгүйн гай, мэдэмхийрэл, популизмын өвчин нь түүнийг хэн нэгний далласан газар ил гарч, далайсан газар далд орж, бэлдсэн үг уншиж, бэлэн “хоол” халбагаддаг, унжгар дорой утсан хүүхэлдэй болгож орхисон гээд шууд, шулуухан хэлчихвэл нэг их гомдохгүй биз ээ. Залуу хүнд зөв, шүүмж хэзээд тустай!

Аялдан дагалдагчийн комплекс: Хар залуугаасаа даргын гар харж, цүнхийг нь тэгшхэн барьдаг байсан нь түүнд аялдан дагалдагчийн комплекс бий болгочихсон гэлтэй. 

Мэдэхгүй, чадахгүй ажлыг хийнэ гэдэг ямар хэцүү билээ дээ. Мань хүн яг л тийм байдалд орчихсон, дөрвийн дөрвөн том салбарыг эгнээндээ багтаасан том яамны бодлого барьж, бодлого боловсруулж, зангидна гэж чухамдаа юу болохыг ойлгохгүйдээ жижиг, сажиг зүйлсээр популист акци хийхээс өөр юмгүй нэгэн болсныг салбарынхан нь хатуухан шүүмжилж буй. Бага ангийн сурагчдыг ямар нэгэн олимпиадад оролцуулахгүй, нэгдүгээр ангид элсэх сурагчдаас элсэлтийн шалгалтын авахыг хориглоно гэх мэт амьдралаас хол хөндий популист шийдвэр гаргана. Тэгснээ 1-р ангийн жаалын цүнхийг жинэлсэн зогсож ч харагдах. Үнэндээ энэ бол онигоо л доо. Салбарын сайд бодлого боловсруулж, концепци тодорхойлдог болохоос цүнх сав жинэлж, популист акци хийх тухай биш юм шүү дээ. Магад аймгийн засаг дарга бол ийм аж ахуйн ажил хийж болноо, болно.

Магад түүнд ийн зааж зөвлөх хүнгүйдэж буй биз ээ. Зөвлөхүүд нь эмч, аграномич гэх мэт тэс хөндлөн улс байхаар арга ч үгүй байх. Гол нь энэ бүхэн түүнд хасах оноо авчраад буй.

Тэнэг хүний дуугай нь сүртэй: Их, дээд сургуулийн тоог цөөрүүлэх, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зэрэг өмнөх сайд нарын хийж байсан ажлыг өөртөө наах гэж үзээд ичгэвтэр болж буй тал ч бий. Ингээд зогсохгүй ичсэн хүн тараг үлээнэ гэгчээр бүр цаашлаад цөм хөтөлбөрийг өөрчилнө, сурагчдын ачааллыг багасгана гэх мэтээр “попорсон”. Гэтэл манай улсын хувьд сурагчдын ачаалал олон улсын жишгээс зарим талаар бага байгааг мэргэжилтэн судлаачид гаргаж тавьсан нь салбарын сайдаа ичээж магадгүй байна. Тэнэг хүний дуугүй нь сайхан гэдэг. Ё.Баатарбилэг сайд дуугүй байхдаа л аятайхан харагддаг аж. 

Л.Оюун-Эрдэнэ ОЛДМОЛ КОМПЛЕКС

Олон нүүрт: Бэрх хэмээх уурхайн бяцхан суурингийн Тамгын газрын дарга, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хөтөлбөрийн удирдагч, бүсийн захирал, дүүргийн Тамгын газрын хэлтсийн дарга, МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Бас орон нутгийн телевизийн идэвхтэй хөтлөгч бацаан, шүлэг уран зохиол сонирхогч, тооны хичээлдээ бүдрэгч, ангийн охиндоо дурлагч, “Бэрс” кино урлагийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан, МУБИС-ийн магистр, уран зохиолын дугуйлангийн идэвхтэн, ном зохиогч, ламд сүсэглэгч, Хүрэлсүхийг шүтэн бишрэгч, түүнээс шанаа авсан гэгдэгч, “Херо” Баатарын төрсөн дүү, сонгуулийн менежер, шударга ёсыг тогтоогч, “Эрдэнэт” үйлдвэрийг шалгагч, мисстэй нэр холбогдогч, Хэнтийн сонгуулийн ялагч, Солонгост эмчлүүлэгч, ярилцлага өгөгч, мэдээлэл хийгч.

Тийм ээ. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн олон өнцгүүд. Олон нүүрт бурхан гэдэг шиг мөн ч олон зүйл түүнийг тодорхойлдог ажээ. 

Аавдаа орхигдсон бага нас: Аав, ээжээсээ тусдаа, өвөө дээрээ өссөн, шүлэг, уран зохиол сонирхдог, өнөөгийн хэлээр бол эмодуу, дээр нь хэнхэг гэмээр идэвхтэй, гэхдээ бүрэг даруу хөдөөний хүүд дутуугийн комплекс байжээ. Амьдрал, хувь заяагаа хүн өөрөө сонгодог ч биш. Аавгүй өснө гэдэг ялангуяа хөвгүүдэд хүнд тусдаг бэрхшээл. Анхны бэрхшээлтэй 10-н жилд байхдаа, анхны хайртайгаа учрахдаа амссанаа тэрээр сонгуулийн үеэр тараасан комик номондоо тодорхой бичсэн байдаг. Бяцхан хөвгүүний анхны хайраа өгсөн хөөрхөн охины аав, эцэг эх нь салж сарнисан хүний хүүд охиноо өгөхгүй гээд тас гүрийчихэж. Өсвөр насанд ийм зүйл ямархан хүнд тусах нь ойлгомжтой. Ийн ангийнхаа Б.Туул хэмээх тоондоо сайн охиноор математик заалгаж, хичээлдээ туслуулсаар эхнэр нөхөр болчихсон гэдэг. Нийгмийн идэвх сайтай хүү нийгмийн хичээлдээ л сайн болохоос тооны талдаа маруухан байж л дээ. Тиймээс ангийн багш идэвхтэй сурагчидаа тусал гэж Б.Туул охинд даалгасан нь амьдрал, хувь заяаг нь зурчихаж.

Галч хүү: Ангийн охиноосоо хичээлээ хуулсаар байгаад аваад суучихсан, төрсөн ахтай гэдгээ хэзээ хойно мэдсэн, У.Хүрэлсүх ах шигээ хүн болно гэж бат нот шийдэн карьерын шатаар цуцалтгүй мацсан, “Number One” хөдөлгөөн байгуулж Намбарын Энхбаярыг дэмжиж явсан, хувьсгалт тодорхойлолтоосоо татгалзсан МАН-ын пиарыг хийж хуруугаа хавдтал компьютер нүдэн сошиалд тулалдаж байсан гээд хүүгийн намтарт онцлох, охинлог хөөрхөн хуудсууд бий. Энэ бүхний эхлэл хамгаас хөөрхөн. Тэр үед намын залуу генсек байсан У.Хүрэлсүх нэгэн нартай өдөр төрсөн нутагтаа сүнгэнэж очиж. Очиход намын үүр нь эзгүй, галч хүү л өөдөөс угтсан нь Л.Оюун-Эрдэнэ байсан гэдэг. Дунд сургуулийн хүү хичээлийнхээ хажуугаар амьдрал ахуйгаа залгуулах гэж тус байранд галч хийдгээ учирлаж, нутгийн ахтай анх танилцаж. Анхны учрал гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нь магад. Хожим У.Хүрэлсүх ахын дэмжлэгтэйгээр Дэлхийн зөн ОУБ-ын салбар зөвлөлийг Хэнтийдээ байгуулсан, дараа нь төвд орж ирж ажилласан, эндээс хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр ажлаас халагдаж, Баянзүрх дүүрэгт ажиллаж эхэлсэн энэ тэр бол бүхэлдээ ахын заасан зам, ахын татсан татаас байсан гэдэг.   

Шүтэн бишрэгч: Карьерын хувьд тэрээр У.Хүрэлсүхийн яг мөрөөр нь гишгэсээр өнөөг хүрсэн. НАМЗХ-ны ерөнхийлөгч, намын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн  газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн эдгээр албан тушаалууд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын намтарт адилхан бичигддэг. Эдүгээгийн Ерөнхий сайд 20-иод жилийн тэртээ төрсөн нутагтаа олж харсан хүүг ийнхүү өөрийн араас дагуулсаар өндөрт гаргахдаа нэг л өдөр ам руугаа алгадуулна гэж бодоогүй болов уу.

Хоолны хордлого хөлд ороод...: 2019 оны магад топ онигооны ишлэлд дээгүүр өрсөлдөхөөр энэ үгийг мань эр хэлчихсэн л юм даа. Аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэгч л болсон. Гэвч ертөнцөд нууц гэж байдаггүй. Хэргийн учир зангилаа ердөө сар гаруйн дараа тайлагдсан нь хүү ахдаа “нулиулсан” байдаг. Болсон явдал юу вэ гэвэл Их тэнгэрт Ерөнхий сайдын өрөөнд хүү, Хүүк тэргүүтэй өнөөгийн улс төрийг өнгөлж, мөнгөлж яваа лидерүүд цуглаж бяцхан наргижээ. Жаахан ууж хөлчүүрхсэн Л.Оюун-Эрдэнэ, та яагаад Женкод налаад байгаа юм, 100 жилийн түүхтэй намаа яах гэж байна, тарж бутрахдаа туллаа. Ер нь би намын дарга, Ерөнхий сайд болох байсан юм гэж аархсан юм байх. Ёстой тэнгэр ниргэх шиг л санагдана биз дээ, хурандаад. Муу жулдрай хүүг ёстой хэвтэрт ортол нь жавтий хүртээхээ ч мэдэлгүй. Ийн Их тэнгэрээс насильктай эмнэлэгт хүргэгдсэн хүү маргааш нь “Херо” Х.Баатарын хамтаар Солонгосыг зорьж, шүд, эрүү нүүрний иж бүрэн мэс засалд орсон гэдээг. Энэ явдлыг хэдий хав дарж, нам нууж байгаа хэдий ч ертөнцөд нууц гэж байдаггүй. Бичлэг хүртэл байна л гэнэ шүү.

Дүрэм: Хүү хичээлдээ сайн, муу байх хамаагүй, гол нь үгэнд ордог байх ёстой. Энэ зарчмыг алганы амт үзэхээсээ өмнө ойлгоогүй хүүг яалтай. 

Олдмол комплекс: Намхан эрчүүд ихэвчлэн дарангуйлагчид болдог. Харин орхигдсон хөвгүүд ямар ч аргаар хамаагүй сайд болно. Бас мисс эхнэртэй биш гэхэд нууц амрагтай болно.  

Бэлтгэсэн: Д.Доржбат

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-28 19:47
    Retweet (32)
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • Retweet (13)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • 11-15 12:24
    Retweet (5)
  • 11-15 13:14
    Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-15 13:14
    Retweet (1)
  • 11-15 13:12
    Retweet (1)
  • 11-15 12:22
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 13:28
    Retweet (0)
  • Retweet (0)