“Hamlet”: Ингээд л болоо юу?
2018 оны 10 сарын 31

Гунигтай байна. Зүгээр л юу ч ярихгүй гараа тослоод “Пороро” үзээд сууж баймаар өдрүүд юмсанж. Өнгөрсөн Пүрэв гаригт “Corprate”-д агуу “Гамлет” моно хэлбэрээр тавигдсан юм. СТА Л.Эрдэнэ-Очир энэхүү нүсэр бүтээлийг өөрийнхөө ур ухаанаар амилууллаа. Амьсгаа аваарай. Хэт биеэ барьчихаар заримдаа амьсгалж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэр жүжгийг бодохоор л бүр миний амьсгаа давчдаад байх юм. Тэнд юу болсон бэ? 


 

Эцгээ алдсан хүүгийн шаналал 

Би хувьдаа “Гамлет”-ыг драмын театрт тавигдахад аль хэдийнээ үзчихсэн хүн. Дүр бүр дээр нь манай сорууд тоглоод тоос манан татуулж байгаа юм чинь. Заал пиг дүүрэн. С.Болд-Эрдэнэ яг л ханхүү баймаар залуу гэдэг ч юм уу мэдрэмжүүд ойрхон байлаа. Гэхдээ энэ жүжиг хошин шог дээр гардаг шиг “Ямар аймаар хэрэг вэ?” гэж наргиад өнгөрөх асуудал биш. Ер нь хүнд. 
Эцгээ зуурдаар алдсан хүүгийн шаналал ямар байдаг вэ?

Саяхнаас би “Хэрээс” гэдэг олон ангит киног “HD Mongol” дээр үзэж эхлээд байгаа юм. Аав нь бөөрөө зарах гэж байгаад эрхтний наймаачдад хорлогдсон тухай өгүүлдэг кино. Хүү хэрхэн өшөө авахаа хар багаасаа бодож шаналж ирсэн. Алуурчныг алахын тулд шоронгийн эмчээр очиж байгаа юм. Кино дуусаагүй ид өрнөж байна. Бас л “Гамлет”-аас сэдэвлэсэн нэг хувилбар биш байгаа гэж бодогдсон. Гаргалгаа нь өөр болохоос өгүүлэмж, ерөнхий шугам нэг санаан дээр зангилагдаж байна. 

Өөр бас нэг сериал. “Гоц ой ухаан”. Мөн эцгээ хүн амины хэрэгт гүтгүүлж шоронд амиа алдсанд хүү өшөөг нь авахаар өмгөөлөгч болдог. Хүү гоц ой ухаантай. Түрүүчийн “Хэрээс”-ийн хүү ч бас гоц. 

Тэгэхээр яадаг гэсэн үг вэ? Эцгээ алдах нь хүүд тэр хэмжээний хүнд цохилт болдог байх нь! Бидний эргэн тойронд “Гамлет”-ууд олноороо бий. Хүүгийн шаналал ... Эцгээ алдсан үрийн шаналал ... 
Эмэгтэй “Гамлет” энд гарч ирэв!

Тайз нээгдлээ. Мөн ч их хүлээсэн дээ. Би магадгүй ийм торгон агшнуудыг бичих гэж сэтгүүлч болсон юм болов уу? Догдлол, хүлээс.

“Би үхсэн, чи амьд! Энд юу болсныг цааш нь дамжуулаарай!” Хүүрэн дунд байгаа тэр хүн бол Гамлет. Л.Эрдэнэ-Очир тайзны энд ч нэг тэнд ч нэг гарч ганцаараа өвч дүүргэх нь гайхалтай. Аавыг нь хорлосон атгаг авга ах Клавдий, ээж Гертруда, ялдамхан Офелия, Гамлет, сүнс ... Эдгээр дүрүүдийг ээлж дараалан Л.Эрдэнэ-Очир тайзнаа авч ирж байв. Түүний дуу хоолой угийн хүчирхэг, нүргэлсэн. Яг энэ тохиолдолд эмэгтэй хүн гэж хэрийн хүн анзаарахааргүй болтол өвч хувирсан байв. Нэг л түгшүүртэй Гамлетын өмнөөс сандчих мэдрэмж. Нөгөө талаас нийгмийг ямар их үзэн ядав аа!


Клавдийгийн хэлдгээр “Би гэм хийчихсэн, тэр нь засаж болохооргүй гэм байвал яах юм?”, “Би гэмшихийг хүсэхгүй байвал яах вэ?” яг ингээд асуучихаар хариулт олдохгүй. Тэр гэмтэн гэмшихгүй бол яах юм ер нь? Гэмшилийг хүлээлгэх нь бидний асуудал гэж үү? 
Нөгөө талаас Гамлет өшөөгөө авахаар олон янзын хувилбар дэвшүүлнэ. Очоод алчих гэхээр “Ингээд л болоо гэж үү?”, “Ийм амархан юм уу?” гэж өөрөөсөө асууж зогсох Гамлет. Эхдээ л битгий хор хүргээрэй гэсэн эцгийн сүнсний захиас. Гэхдээ тэр биелүүлж чадаагүй. Гамлет ээдрээтэй утасны үзүүрийг атгаж бүх үнэнийг мэдсэн авч уур цухал нь хүрч өгөхгүй зовооно.

Бидэнд ч гэсэн тийм үе байдаг. Хэчнээн үзэн ядсан ч гэсэн эцсийн мөчид уучилдаг. Тэр хүнтэй адилхан хорон мууг үйлдэж чаддаггүй. Хорлогдсоноо, чадуулснаа мэдээд байгаа мөртлөө, тэр хүн яаж муухай хандаж байгааг мэдсээр байж эцэстээ юу ч хийхгүй орхидог. Магадгүй амьдрал ийм байх ёстой гэж үү? 
 

“Green entertainment”-ийн түүх 

Ийнхүү шинэ продакшн урлагийн тогоонд мэндэллээ. Жүжиг дууссан ч үзэгчид суусаар байсан нь тэрхүү уран бүтээлч хамт олон сэтгэлийг нь аргамжсан бүтээл туурвисны илрэл биз. Дуу байсан сан бол дахиулмаар, кино байсан бол ухрааж үзмээр ... Цаг яаж өнгөрснийг анзаарсангүй. Одоо ч тэр Гамлет нүдэнд харагдаж байна.

Гамлетын ертөнцөд ямар ч ахуй байхгүй. Хаана унтах, юу идэх, юу өмсөх аж байдлын сэдэв байхгүй. Орших уу, эс орших уу. Оршихдоо өшөөгөө авах юм уу авахгүй юм уу? Нэг тэнгэрийн доор хорон муутантай нэг агаараар амьсгалах юм уу? Эсвэл алж хаяад өөрөө алуурчин болмоор юм уу? Яг надад үйлдсэнтэй адилыг эргүүлж хүртээхийн тулд уур цухалын галаа өрдөх үү? Яах ёстой юм бэ? 

Тус продакшны анхны уран бүтээл алга ташилт, баярын нулимс дунд мэндэллээ. Хоёр дахь нь юу юм бэ гэж тэсгэл алдан тайз руу хашгирмаар санагдсан. Үзэгчид бүгд нэгэн зэрэг дотоод сэтгэлээ онгичсон. Сэтгэлийн авдар дотор гэрэл тусгаж орхисон танай хамт олонд баярлалаа. 

Л.Эрдэнэ-Очирт ертөнцийн амьдрал яг л Гамлет шиг сонин биш байгаа бололтой. Тэр гоё ганганд шунадаггүй, хээнцэр төрхөнд тэмүүлдэггүй, байгаагаараа үнэн оршиж дүрүүдээ бүтээсээр ... Яг энэ цаг мөчид түүний тоглосон 2 ч кино дэлгэцэнд байна. “Нинжин сэтгэл”, “Хүний цаана”. 

“Гамлет”-ын дараа түүнд сүрдээд халдаж чадахгүй нь. Цоо шинэ хүн юм шиг, эмээх хүндлэх сэтгэл төрөх аж. Агуу юм энгийн, энгийн юм агуу байдаг. Утсаа хэзээ ч гэртээ мартдаггүй бидний заримдаа гээж орхидог хүн чанар, мөн чанарыг “Гамлет” хөндсөн. Хүн чанарын хонх жингэнүүлсэн та бүхэнд баярлалаа. 

Бэлтгэсэн Б.Ундрал 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (84)
  • Retweet (57)
  • Retweet (55)
  • Retweet (36)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • Retweet (19)
  • 12-12 11:05
    Retweet (17)
  • Retweet (17)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • 12-12 11:46
    Retweet (4)
  • 12-12 10:15
    Retweet (2)
  • 12-12 10:18
    Retweet (2)
  • 12-12 11:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)