“Хөхөөний үүр” МУСК-нд өгөх ТАШУУР
2018 оны 9 сарын 28

Таануус ойрд намайг байхгүйд кино ший “үзэж” чадахгүй уйдсан уу? Эргээд ирлээ ирлээ. Надад зориулсан “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” гэдэг үлгэр хүртэл байна гэнэ. Угаасаа байсан л даа. Миний амьдралтай төстэй гээд хөөргөөд байна шд. Гэхдээ хаа ч явсан юу ч хийсэн салбартайгаа, тэр тусмаа кинотойгоо хамт байсан шүү. “Амьдрал”, “Bad Angel” хоёрыг үзсэн. Би ер нь шинэ кино алгасах нь нүгэл гэж цээрлэдэг юм. 
Өчигдөр “Хөхөөний үүр” киноны нээлтэнд очлоо. Балжинням Дашням давхацсан билэгт сайн өдөр фэйсбүүк хүртэл гэгээлэг болчихсон байсан. Харин тэр ийм өдөр ч гэсэн муу муухайг бичиж шэйрлэдэг хүмүүс болиорой зүгээр. Сэтгэлээрээ нүгэл үйлдчихээд цагаан хоол мянга идээд яадаг юм. 
Сониноос, “Тэнгис” кино театр сандлын бүрээсээ шинэчилсэн байна лээ. Тод улаан өнгө нь гоё гэж жигтэйхэн. Та нар орвол хараарай. Суудлаа хайх гэж бөөн юм болдоггүй юу, цэг шиг жижигхэнээр дугаарыг нь тавьчихсан байхаар. Томоос томоор сандлын түшлэгэн дээр улаан дээр цагаанаар бичсэн байсан. 
Фэйсбүүк найз Пунтик /Э.Пүрэвжаргал/ дан дээл өмсчихсөн тэрүүгээр нэг гунхана. Фэйсбүүк найз Н.Мөнгөнтулга стилиэ барьж дийлэхгүй явна. Таньдгаас тэр хоёр. Ер нь бол энэ киноны үйл явцыг фэйсбүүкээр хэдэн сар ажигласан. Бас “Амингоо” туужийг “Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд” пэйж хуудаснаас уншсан тул би харьцангуй мэдээлэлтэй байгаа хэрэг. 
Ингээд кино нээлт эхэллээ. 


С.Сэрчмаа & Хятад хэл 
Энэ бүсгүй киноны дуу ер нь мэр сэр дуулдаг. Гэхдээ “Хөхөөний үүр”-ийг дууг үнэхээр шаглаж дуулсан нь анхаарал татав. Харийн газраас үрээ тэврээд эх орондоо тэмүүлсэн эхийн сэтгэлийг өгүүлсэн дуу юм. С.Сэрчмаа дуулиантай хуримлаад нөхрөөсөө салан буцаж ирж байсан тэр үе санаанд оров. Хэвлэлийн хувьд том мэдээ авч цаанаа хүний амьдралын хамгийн таагүй, гунигт үе билээ. Тэглээ гээд урлагийнханд гуних эрх байх биш. Хөөрхөн байх ёстой, гоё байх хэрэгтэй, ард түмнээ баясгах ёстой. Тэр үүргээ биелүүлсэн. С.Сэрчмаагийн нэр хүнд урд хөрш, Өвөрмонголд сүрхий гэдэг. “Хөхөөний үүр” хятадад зураг авалт нь хийгдсэн, дийлэнх яриа нь хятадаар. Эхний 20 минутын дараа тус киног гадаад зах зээлд чиглэжээ гэж төвөггүй оношилж болохоор байв. Болоо ш дээ. Гадаад зах зээл, урд хөршийн зах зээлд кино гаргавал бут авна гэдэг яриаг олонтаа сонсож байв. Тэр цаг бүр тулаад ирчихсэн байна хөөе. 


Муухай монгол хүн 
За энэ хэсгээс миний загнуулдаг хэсэг. Киног бүтнээр нь ярьчихлаа гээд байдаг юм. Хасаж ярина аа. Хогийн цэг дээр цөөн хэдэн төгрөг ундааны хуванцар сав төдийхнөөр биеэ үнэлэх шавилхан охин. Мэдээж хогийн цэгийнхэн ч хүн юм чинь эр эмийн ёс, харилцаа байдаг. Тэнд төрсөн хүүхдүүд яаж амьдардагийг бид өдөр тутамдаа шахуу сошиал орчноос харж хэр чадлаараа туслах нэгэнд нь тусалж яваа. Биеийн эрхтнээр бодвол манай улсын хэмжээний шүдний өвчин, бүр хавдар ч гэж болохоор зүйл. 
Болороо охин жирэмсэн болжээ ... Эмнэлгийн үүдэнд тогос шиг хүүхэн “Хүүхэд олсонгүй” гэж бухимдан алхах нь Туяа. Үр хүүхэд эцэг эхээ өөрөө сонгож төрдөггүй гэдэг үг ер нь бодитой юу? Сонгодог юм биш үү? Үгүй бол яагаад хүссэн болгон нь хүүхэдтэй болчихгүй, хүүхдийнхээ хүйсийг хүртэл төлөвлөчихөж болохгүй байдаг билээ? 
Туяа өөртөө хүүхэд хүссэн эмэгтэй биш. Хүүхэд түүний хувьд бизнес. Баян чинээлэг хятад айлд хүүхэд үрчлүүлж дундаас нь мөнгө цохин хөнгөхөөн амьдарчихдаг эмэгтэй. Тэгээд яасан гэж үү? Мэдээж Болороод сонголт байгаагүй. 
Шударга хэлье. Өөрөө хүүхдээ урд аваачиж өөрийн гараар зардаг эмэгтэйчүүд байдаг. Өрөөлийн хүүхдийг хулгайлж авдаг хүмүүс байдаг. Адилхан бүсгүй хүнийг, өөрийнхөө охин шиг охидыг энд тэнд худалдаж суудаг хүмүүс байдаг. Эдгээрийн хажууд өөрийн биеэ үнэлээд тэр мөнгөөрөө амьдарч байгаа нь тартагтаа тулсан ч гэсэн өөрийн юм өргүй гэж ойлгож болохоор байна. 


Сайхан хятад хүн 

Кино зүгээр л хөвөрнө. Гол ус шиг намуухан урсаж сэтгэл рүү орж байна. Үзэгчид бодож тунгаах завтай, тийм ч яриад чалчаад байхгүй мөртлөө оновчтой текстүүд. Туяагийн дүрийг залуу жүжигчин Э.Пүрэвжаргал амилуулсан. Гоё бүсгүй. Болороо ч бас цэвэрхэн хөөрхөн охин. Хятад айл нь яасан ч цэмцгэр юм. Эзэгтэй нь үзэсгэлэнтэй язгууртан хатагтай гэдэг нь харахад ойлгомжтой. 
Ингэхэд бид хятад хүний тухай юу мэдэх билээ? Яг тулж харьцаж үзсэн үү? Эзэгтэй Болороотой нөхрөө хардахад өмнөөс нь бараг чичирсэн. Жирэмсэн амьтныг зодоод алаад хаячих вий, аягатай ус шүүрэхэд нь нүүр лүү нь цацах нь дээ гэж бодов. Гэтэл тэгсэнгүй. Тийм ч омогтой хүмүүс биш байх нь. Ер нь бол гэхдээ өмнөөс нь сандрах хэсгүүд зөндөө байлаа. 
Шил толь шиг орд харштай баян айл монгол хүүхэд өргөж авахыг хүсэж. Хогийн цэгтэй яагаад ч харьцуулагдахгүй. Ээж нь мөнгөтэй, хүүхэд нь хангалуун өсөж торних амьдрал. Гол зөрчил Болороо эцсийн мөчид хүүхдээ өгөхийг хүсээгүйд оршиж байна. 
Хүний нутагт нялх хүүхдээ тэврэн дагжин чичрэх монгол бүсгүйг хэн ч дээрэлхсэнгүй. Хятадуудыг араатан л гэж ойлгосон. Хүн явж байхад амьдаар нь эрхтнийг нь ухаад авчихдаг дайнд сэтгэж байв. Тэнд бас хүн амьдардаг юм байна. Яг шулуухан хэлчихэд монгол хүн л монголоо зарж идлээ шд. 
Бодох зүйл их байна. Бодох чөлөө олгосон, завгүй амьдралаас холдуулсан “Хөхөөний үүр” киноны уран бүтээлчдэд талархлаа. Хамгийн сүүлд хэзээ ийм тайвнаар эргэцүүлэн бодсон билээ гэж өөрөөсөө асуумар санагдтал хийгдсэн кино аж. Урлаг бол тайвшрал. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байгаа юм шиг мэдрэмжийг дотоод сэтгэлд төрүүлэх ёстой. 
Та бүхэн чадлаа! Баярлалаа. 

Бэлтгэсэн Б.Ундрал, Фотог Т.Батцэнгэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (31)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-10 12:43
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:27
    Retweet (0)
  • Retweet (0)