Арлааны Эрдэнэ-Очирын ай уяхан ШҮЛГҮҮД
2018 оны 5 сарын 16

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, уран зохиолын хүрээнд "Мөнгөн үеийнхэн" гэж нэрлэгддэг 90-ээд оныхны тэргүүлэгчдийн нэг, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир орчлон мөнх бусыг үзүүлсэн нь Монголын утга зохиолын салбарт тохиосон хүнд гарз байлаа. Тэрээр “Бэхэн цэнхэр өдрүүд” (1990), “Эрх сэтгэл” (1995), “Гэнэн шувууд” (2000), "Нар сарны урсгал” (2001), “Миний цуглуулсан хорвоо” (2006), "Ийм нэгэн амьдрал" (2007), “Тунгалаг гунигийн улирал” (2007) зэрэг олон сайхан ном бүтээжээ. Даруу төлөв найрагчаа дурсан хайрласан, харамсаж гашуудсан энэ өдрүүдэд магадгүй түүний шүлэг, бүтээлүүдийг урьдаас илүү эрэн хайж, дурсаж байна.

*     *    *

АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ

Ханилсан нөхрөө би 
Халтирахад нь түлхэж явсангүй 
Амьтны урдуур орж 
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй 
Аяа, миний аялагхан залуу нас минь

Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа 
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй 
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж 
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, 
амталж явсангүй

Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас 
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй 
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж 
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй

Аар саархан зовлон зүрх тархийг идэж 
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж 
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар 
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.

*     *    *

ГОЛЫН ТОХОЙ ДЭЭР

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

*     *    *

ЗАМ

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад 
Хагацлын гунигт донсолсон донхолтой 
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн 
Униарт мушгиа хавцал дээр 
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд 
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд 
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж 
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч 
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам 
Энэ миний хувьхан заяаны зам аа 

*     *    *

Алиалагхан орчлонгийн
Аашийг нь олохгүй ч гэлээ
Амьд явмаар байна

Авсыг минь мөрлөх хөвгүүд
Эр ч тэгшрээгүй байна
Мөр ч тэгшрээгүй байна

Айсуй цагийн цэцэгт инээд
Ангир буцсан нуурын гуниг 
Амрагийнхаа тунирхлыг хармаар байна

Булгийн цэнгэгт магнай шавшиж
Будантай зүүдээ ариусгаад 
Буцахын тухай бодохоо болимоор байна

Сэргэг дэнжид холыг бодсон шиг
Сэтгэлийн цэнгэг мөрөн урсгаж 
Сэлүүхэн орчлонд удаан баймаар байна

Харгуйн үзүүрээс салхин сэвшүүлж
Хайрын алтан наранд төөнүүлж 
Халууцаад амьдарч явмаар байна.

Үүрийн цолмонд хүлгийн үүрсээн сонсгож
Үдшийн бүрийд үрийн бүүвэй сонсож
Үзэгдэл яруу хорвоог эгшиглүүлмээр байна.

Ирэх буцах цагийг зангидаж
Ингэ гунганасан нутагтаа очиж 
Ижийнхээ нулимстай инээдийг хармаар байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (31)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-10 12:43
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:27
    Retweet (0)
  • Retweet (0)