Ж.Мөнхбат: Ард юм чинь ардаараа л амьдарсан нь шулуухан
2018 оны 4 сарын 10

Монгол Улсын даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат хорвоогийн мөнх бусыг үзүүлж, их бөх, дэлхийн тамирчнаа шүтэж ирсэн монгол түмэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэгээн дурсгалд зориулж энэхүү ярилцлагыг дахин нийтэлж байна. 

Монгол түмний бахархал, соёлын үнэт ялгаа болсон эрийн гурван наадмаа дэнж хотойж, дэлхий дэлэгэнэтэл хийдэг Монгол наадам айсуй. Хурдан морины шандас, хүчит бөхийн ааг омгоор хийморь юугаа сэргээдэг ард түмэн миний Монголоос өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тийм л нэгэн бодгаль, түмний бахархал, манлай болсон домогт бөхчүүдийн нэг Дархан аварга Ж.Мөнхбат зүлэг ногоон асартаа бяр хүчийг гайхуулахаа больсон ч хэлсэн ярьсан нь ямагт ёжтой, үнэн байдаг билээ. Ерөөс байгалиас өгөгдсөн өгөгдөл нь онцгой, гойд энэ эрхэм хүний шогийн мэдрэмж гэхэд л хэнийг ч дагуулахгүй. Ам нээх бүртээ алиа хошин үг урсгаж, элэг “авахаа” шахдаг тэрээр сүр, хүчит генийнх үргэлжлэл болсон Хакухо М.Даваажаргал нь сумод зодоглосноос хойш хийх ажил, хэлэх үг нь улам нэмэгдсэн. Түүний яриа танд таалагдах нь лав.

-Аварга таныг сумо эхлэхээр хаалгаа дангинатал түгжчихээд утсаар ч ярихгүй өдрийг бардаг гэдэг. Өөрөө барилдаж байгаа юм шиг л болно биз?

-Сумогоо хаа явсан газраа л харна. Хүнд чинь сургууль соёл, оюутан сурагч гээд ажил их байдаг болохоор заавал гэр гээд байхгүй л дээ, хаа явсан газраа барилдаан эхлэнгүүт л хараад суучихна. Тэртэй, тэргүй Монголчууд сумо гарахаар том дарга нар ч ялгаагүй хоёр аварга маань бүгдийг нь унагаад өгөөсэй гээд ажлаа хаяад хараад суучихдаг юм билээ. Тэдний нэг өрөөсөн гутал нь би. Энэ хоёр л давж байвал Монголын ард түмний мөрөөдөл биелж байгаа юм биш үү. Монголын ард түмний тэр их хайр ивээл тэр хоёр аварга дээр төвлөрдөг байсан. сая харин доороос барилдсан Ананд нь гуравт гараад ирчихсэн. Одоо бараг Японы сумо Монголын наадам л болоод дуусах юм шиг байна дөө.

-Сумо дуусахад цөөхөн хоног үлдлээ. Хэн нь түрүүлэх бол?

-Манай энэ хоёрын нэг л түрүүлнэ биз. Даваажаргал чинь их баяртай яваа хүн ш дээ (инээв). Түрүүний 2 сар ах (Их аварга Асашёорюү. Сурв.) байхгүй болохоор лайтай, одоо ах байхад би нэг ойчлоо гэхэд нөгөөх нь унагах юм чинь. Ах барилдахаар бие амар, бүр нэг сайхан байна гэж байна лээ. Тэр хоёрыг хоёуланг нь дараад л унагадаг Дэжима гэж нэг айхтар нохой байдаг юм. Хүү, “Би Дэжимад нэгийн даваанд ойчоод, ах хоёрын даваанд нэг ойчсон. Тэр их айхтар инээдтэй юм болсон. Одоо бид 2 тэгнэ гэж байхгүй, нэг нь ойчлоо гэхэд нөгөөх нь унагах юм чинь” гэж байна лээ.

-Хакухо Амад л унаад байх шиг. Бусдыг нь ч...

-Чи одоо тэнэг хүн шиг юу яриад байгаа юм бэ. Бие биенээ унагаа л биз. Унаж, ойчиж л байгаа биз дээ. Ухаан нь Котомицуки 26 дараалан Дагвадоржид ойчлоо ш дээ. Хэн ч ойчиж болно ш дээ.

-Ач охин том болж байгаа юу, аварга аа?

-Аа, алхаад явж байна гэж байна.

-Өө мундаг болж байгаа юм байна, өвөөтэйгээ утсаар ярьж байна уу?

-Байнга ярьдаг юм аа. Ямар өвчтэй юм бэ чи /инээв/. Дэмий юм асуугаад.

-Хакухог Японы хүргэн болчихсонд ард түмэн жаахан тиймхэн байдаг. Танд мэдрэгдэх юм уу?

-Хэн мэддэг юм. .......Юу вэ? /инээв/, юу яриад байгаа юм бэ. Япон Япон л байгаа биз, Монгол нь Монгол л байгаа биз.

-Та бол Монгол бөхийн амьд домог. Наадам хаяанд ирчихсэн үед бөх яръя?

-Манай үндэсний бөхөөс нийт 20 аварга төрсөн. Ууган аварга нь Вандан, хамгийн отгон аварга нь Сумъяабазар. Үүн дотор нэг түрүүлж аварга болсон ч хүмүүс бий, ёсоороо аварга болсон хүмүүс ч бий. Дархан аварга цолтой Түвдэндорж, Дамдин аварга, би, Баянмөнх, Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ аварга. Самдан, Вандан, Баянмөнх, Цэвээнравдан, Цэрэн, Сумъяабазар, Балжинням гээд нэг түрүүлж аварга болсон 8 хүн байгаа. Ер нь энэ аваргууд дотор инээдтэй инээдтэй юмнууд их байдаг байхгүй юу. Гурав дараалан түрүүлж аварга болсон хүмүүс бол Дамдин гуай бид хоёр. Ухаа нь би гурав дараалан түрүүлж байж чүүтэй айтай аварга болдог. Гэтэл Баянмөнх 2 түрүүлээд л Дархан аварга болчихдог байхгүй юу. 
Би 1960 онд сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан болсон хүн. Тэгэхээр аймгийн начин гэдгийг ч мэдэхгүй юм, аймгийн заан, аймгийн арслан, улсын начин гэдгийг ч мэдэхгүй юм. Заанаас л заан болсон байхгүй юу. Тэр дунд аймгийн заан гэдэг нь алга болчихсон байгаа биз дээ. Тийм тийм сонин түүхүүд байна л даа. Эрийн гурван наадам бол Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Эрийн гурван наадам байж Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл агуу сайн байдаг гэдэг нь үүгээр нотлогдоно л доо.

-Сүүлд Монгол бөхийн цолд өөрчлөлт орсон. Үүнд дургүйцэх хүн олон байдаг. Та ямар бодолтой явдаг вэ?

-Би харцага, гарьд гэдэг цолонд бузар дургүй хүн. Дээр үеэсээ Монгол бөхөд дөрвөн цол л байсан юм. Начин шонхор гэж тав давсан хүнд өгч байсан цол. Начин шонхор гэж хос үг хэрэглэж байсан юм билээ. Энэ бол шувуу. Өвсөн лут амьтан юу юм бэ гэсэн чинь заан юм билээ. Араатнуудаас хамгийн хурдан шаламгай, идэш тэжээлээ олж авдаг амьтан нь арслан юм байна. Тэгээд энэ гурван цол л байвал болох юм уу гэсэн чинь энэ гурвыг дийлдэг нэг амьтан байх ёстой гээд. Тэр амьтан хэн бэ гэвэл Занабазарын хэллэгээр бол галаар үлээдэг нь биш, залгидаг нь гээд аварга могой. Аварга, аварга гээд л байдаг, энэ чинь залгидаг аварга могой гэсэн үгнээс гаралтай юм билээ шүү. Ингэж энэ дөрвөн цол бий болсон түүхтэй.

Энэ гарьд, харцага гэдэг чинь шувууны нэр. Одоо захын хүмүүс ингэж явуулж байна ш дээ, нисдэг амьтнаар нь өгчихсөн юм чинь одоо нүхэнд ордог амьтнаар цолоо өгвөл яасан юм гэж. Тэгвэл хамгийн бага нь оготноос эхлээд зурам, тарвага гээд явна. Арай хурдан амьтан гэвэл туулай гэж байгаа юм. Энэ дөрвөн амьтныг чинь аюулын дийлээд, бариад идчих амьтан ямар амьтан юм бэ гэсэн чинь үнэг. Үнэг гэж өгье гэж хэн дуртай ард түмэн хүртэл даапаалж байх жишээтэй. Дээр нь начингийн найраа гэж нэг юм ярина. Манай ард түмний муу үг гэж аймаар л даа. Ард түмэн хэлж, ярих юмаа хэлж, ярих нь зөв л дөө. Хүний үндсэн эрх. Энэ бүхнийг тусгаж авч бөхөд шинэчлэл хийх цаг болсон.

Бас нэг жичдээ, инээдтэй юм ярихад энэ жанжин малгай чинь яг нарийндаа бол манай бөхийн ч малгай биш. 1921 онд Сүхбаатар жанжин гуайд гаргасан малгай юм билээ. Түүнээс биш хэн дуртай нь өмсөөд байдаг ч эд биш. Гэтэл үүнийг манай бөхчүүд, уяачид өмсөөд л давхиад байдаг. Гэхдээ энэ бол миний л бодол шүү. Уяачид байна. Сампингаа мориныхоо толгойн дээр уячихаад давхиад байгаа юм. Сампингаа морины толгойд уяж болсон юм чинь арслан барын толгой, орсон буурны толгойгоор хийсэн ч болох юм шиг дэндсэн юм болчихоод байна л даа. Тийм тийм юмнуудыг л үндэснийхээ бөхийн хурал дээр хэлж, яръя гэж бодоод байна.

-Хурал гэснээс үндэсний бөхийн их хурал хуралдахгүй нэлээд удлаа. Үүнээс болж бөхчүүд хоёр хуваагдчихаад, хэрүүл тэмцэл хийж нэлээдгүй хугацааг авлаа. Р.Нямдорж гэдэг хүнийг хууль бус дарга учраас хурал хуралдаж чадахгүй байна гэж ярьдаг?

-МҮБХ-ны хурал хуралддагаараа хуралдсан юм. Энэ хурлаар Р.Нямдорж найман хүний илүү саналаар Бөхийн холбооны тэргүүн болсон. Уг нь Р.Нямдорж найман хүний саналаар тэргүүн болоод, түүнийг тооллогын комиссын тогтоол уншиж батлаад, тэргүүнээр сонгогдсон хүн нь үгээ хэлээд хурлаа хаах ёстой байсан юм. Тэгсэн чинь тооллогын комисс нь найман хүний саналаар илүү гарсан гэдгийг хэлчихээд тооллогын комиссын тогтоолыг уншуулахгүйгээр хурлыг хэсэг хүмүүс үймүүлээд тараачихсан байхгүй юу. Дараа нь Онц их хурал гэж жичдээ нэг хурал боллоо. Тэр нь дорвитой ч юм болоогүй. Эцэстээ хууль хяналтын байгууллагаар жаал явсан л даа. Хуулийнхан их хурал болдгоороо болжээ, түрүүний хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно, дараагийн хурлыг авч хэлэлцэхгүй гэдэг байхгүй юу. Түүнээс хойш их юм болсоон. Хасуу бөхийн барилдаан гэж лут юм зохион байгуулсан. Бас Мэргэжлийн бөхийн холбоо гэгчийг байгуулсан. Ийм олон гацаан дунд яваад байгаа зүйл юм байгаа юм. Одоо Их хурлаа даруйхан хуралдуулж энэ асуудлыг цэгцлэх ёстой. Миний бодлоор улсын цолтой ч бай, цолгүй ч бай Мэргэжлийн бөхийн холбооны гишүүнээр элссэн улсууд Үндэсний бөхийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ирж болохгүй. Харин Хасуу бөхийн барилдаанд барилдсан нь ч яахав, тэр чинь холбоо ч биш.

-МҮХБ-ны Р.Нямдорж гэдэг хүний эрх мэдэл, хэтэрч даварсан гэж ярих бөхчүүд цөөнгүй. Тухайлбал, Х.Баянмөнх аварга Бөхийн өргөөнд шунасан Р.Нямдоржоос болж Монгол бөх хагаралдаж байна гэж хүчтэй дуугардаг. Харин таныг бол хэн нь ялна, би тэрний талд орон гээд тэг дундуур нь явж байдаг гэх юм билээ?

-Хэцэс. Тэр ерөөсөө хэтрээд, даварчихсан юм байхгүй ш дээ. Р.Нямдоржийг даварсан гээд байгаа юм. Бөхийн өргөөг анх байгуулах санааг талийгаач П.Даваасамбуу гэдэг хүн гаргасан байхгүй юу. Тэгээд П.Даваасамбуу гуай, Р.Нямдорж бид хэд энэ Бөхийн өргөөг бариулахын тулд зүтгэсэн улсууд. Бөхийн өргөө барихыг төр засгаас ч онцгой анхаарсан юм. Өргөөний зургийн даалгавар дээр СнЗ-ийн дарга Б.Содном гарын үсэг зурснаар өргөө баригдах болсон юм. Тэгтэл дараа нь Засгийн газрууд огцроод унасан л даа. Ш.Гунгаадоржийн үе, Д.Бямбасүрэнгийн үе бүгд л мулт мулт яваад байсан. Тэгэхэд бид хэд зууралдаатай л яваад байсан юм. М.Энхсайхан мулт явсны дараа Ц.Элбэгдоржийн Засгийн газар гарч ирсэн юм. Ингээд өргөө барих тал дээр Ц.Элбэгдорж Засгийн газраас хөрөнгө гаргаж, Ц.Элбэгдоржийн “нүүрэн” дээр Бөхийн өргөө баригдаж эхэлсэн юм. Ерөөсөө л Засгийн газарт Бөхийн өргөө баригдахад тусалсан хоёр луугар байнаа даа, нэг нь Б.Содном, нэг нь Ц.Элбэгдорж. Ард түмний хөрөнгөөр боссон л гээд байдаг, нарийндаа ярьвал ард түмний хандив 33-хан хувь л байдаг юм. Бусад нь төр, улсын байгууллагуудын оролцоотой боссон өргөө шүү дээ. Тэгээд Р.Нямдорж Бөхийн холбооны тэргүүн болсон. Бөхийн өргөөг театрын танхим боллоо гэдэг. Уулаасаа бөхийн ч, соёл урлагийн ч зориулалттай эд шүү дээ. Тэр зориулалтаар нь л ашигласан.

-Ингэхэд сүүлийн үед үндэсний бөхөд иртэй, хурц дайчин барилдаантай залуу бөхчүүд гарч ирэхээ больчих шиг. Хоёр Мөнхийн үед удаан барилдаж байна гэж сануулга авахдаа хүртэл эр, бяр тэнцүү хүч үзэж байсан гэдэг?

-Тэр удаан барилддаг чинь манай үндэсний бөхийн барьц сонгох гэдэг лайтай юмнаас болоод байгаа байхгүй юу. Аз сорьж, барьц сонгох дүрэм гарснаар амь тээж уддаг бөхчүүд олширсон. Үүнийг ч өөрчлөх хэрэгтэй болчихоод байна. Дээр нь жингийн асуудал байна. Бидний үед гэдэстэй бөх гэвэл ганцхан Дэмүүл гуай байсан юм. Одооны бөхчүүд чинь бүгдээрээ таргалаад, хөдөлгөөн нь удаан болчихоод байгаа юм. Тэгээд л бөхийн барилдаан удаад байгаа. Зөвхөн хоёр Мөнх ч биш Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ гээд сайн бөхчүүд байсан. Сайн бөх байхгүй болсон гэж болохгүй. Бөх гэдэг чинь үе үеэрээ байдаг юм. Үндсэндээ 10, 10 жилийн циклтэй байдаг. Одоо нэг завсрын үе дээрээ байна. Энэ чинь зөвхөн залуу насны ажил. Би яахав зургаа түрүүлсэн нь үнэн. Тавд нь дараалж түрүүлсэн нь үнэн. Дамдин гуай тав дараалж түрүүлсэн нь үнэн. Дамдин гуай жишээлбэл, 5 жил дараалан түрүүлэхдээ нэг л унасан хүн шүү дээ. Бүр заалны барилдааныг оролцуулаад шүү. Ганцхан ойчихдоо Мөнгөнморьт сумын жолооч байсан Нагнайдорж гэдэг начинд өвдөг шороодсон. Тэр барилдааны түрүү бөхийн бай даага байсан юм билээ. Тэрнээс хойш Дамдинг чинь түрүүлүүлэхгүй гэвэл даага л амалмаар юм байна гэж хошигнодог болсон. Тэгэхээр л Дамдин аварга даанч мундаг амьтан байж гэдэг нь харагдаж байгаа биз.

-Ер нь Монгол бөхөд амжилт гаргахад юу чухал юм бол оо?

-Ер нь юу л даа, бид нарын үед чинь малаа хариулна, морио унана, үхэр, тэмээгээ хариулна гээд яваад байдаг чинь Монгол хүний эрүүл чийрэг, агуу байхын нэг хэлбэр байхгүй юу. Одоо жишээ нь морь унадаг хүн нь цөөрөөд, хонь хариулдаг хүн бүр ч байхгүй болсон. Үүнтэй л адил. Таван хошуу малаа маллаж, аян жин тээж явсан хүмүүс бол Жамъяан аваргаас өгсүүлээд Вандан гуай нар байна. Манай өсөхийн хүмүүжил үүнд нөлөөлдөг. Жишээлбэл, Баянхошуу, 40-н мянгат гээд аваад үзье л дээ. Хот суурингийн хүүхдүүд юм ойлгох нь илүүц. Харин нөгөө Баянхошуу, Дамбадаржаагийн хүүхдүүд усаа авдаг, түлээгээ хөрөөддөг. Түүгээрээ бие бялдарын ерөнхий хөгжил сайтай. Хотын байшингийн хүүхдүүдийн хамгийн том ажил нь жорлонд орж шээнэ, угаалтуур дээр очиж нүүрээ угаана. Тиймээс тамир тэнхээ байхгүй. Биеийн хүчний ажил, цэвэр агаар гэдэг чинь бөх хүнд их чухал эд шүү.

-Тэрнээс гадна бөх хүний гэргийн ёс заншил, эр нөхрөө дээдлэх ёсон үүнд бас их нөлөөлдөг гэдэг?

-Ер нь бол тэр 10, 20 жилд ар гэр, үр хүүхдүүдийг хань ижил нь л авч явж байгаа шүү дээ. Ганц мод гал болдоггүй гэдэгтэй л адилхан зүйл. Бодъё л доо, авгай хүн гэдэг нөхрийнхөө хоолыг нь хүртэл мэдэж байдаг. Ерөөсөө багш, дасгалжуулагч гэсэн үг, авгай гэдэг. Ямар сайндаа миний нэг танил “Мөнхбат аварга л юм байгаа биз, хөдөлмөрийн баатрыг нь харин авгай нь авч өгсөн” гэж хэлж байгаа юм. Тэр чинь үнэн л байхгүй юу. Эмэгтэй бөхчүүдийн тухайд ч гэсэн нөхөр нь сайн байж л амжилт гаргаж байгаа. Хайр гэж юу юм гэж эр, эм хүмүүсээс аль алинаас нь асууя л даа. Хамгийн хайртай юм чинь юу вэ гэвэл аав, ээждээ, нөхөртөө, эхнэртээ хайртай гэх байх. Үр хүүхэддээ хайртай гэх байх. Эх орондоо хайртай гэх байх. Гэтэл хүн ерөөсөө аминдаа л хайртай байдаг байхгүй юу.

-Өөр хайртай юм байхгүй ээ?

-/инээгээд/ Байхгүй. Утсан чинээ улаан аминдаа л хайртай. Юун эх орон. Тэд ямар ч хамаагүй. Аминдаа л хайртай. Миний улаан голыг битгий таслаарай гэдэг чинь тэр л байхгүй юу. Явж явж гэх юм байхгүй, ерөөсөө л тэр. Ямар сайндаа, энэ маань үхсэнд орвол би үхсэн нь дээр гээд уйлж байсан хүн эрлэг Номун хаан ороод ирэхэд би биш, тэр гэж заадаг биз дээ. Үүний оронд би үхвэл таарна гэж байна гэж байгаа юм. Яг авдаг дээрээ тулсан чинь нөгөөхөө заадаг. Тэгэхээр утсан чинээ улаан гол гэдэг чинь аюултай байгаа биз.

-Та анх гэргийдээ хайртай болоод л сууж байсан биз дээ?

-Чи олон юм яриад бай. Тэр хайр гэдэг юм байдаггүй юм гэж хэлээд байхад чинь. Яг үнэн ш дээ.

-Та тэгвэл өөртөө л хайртай юм уу?

-Аминдаа л хайртай. Чингис хаан үүнийг чинь бүр нотолсон байгаа юм чинь.

-Аваргаа, бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг нэг үг байдаг даа. Таныхаар юуг хэлээд байгаа үг юм бэ?

-Чи зүгээр явж байгаад таварцагладаг биз дээ. Тэгээд л гүйцээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэж ярьж яваад чи өөрөө таварцагладаг биз дээ гээд хэлчихье. Өөр юм байхгүй.

-Таныг гарын үсгээ Далай даян дархан аварга гэдэг цолныхоо товчлолоор бичдэг гэж сонсож байсан юм байна?

-Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Дамдин гуай таван Д зурдаг. Чи өөрөө тэрийг орчуулахгүй юу. Хүмүүсийн ярианд хариулах гэж би энд суугаагүй ш дээ.

-Та байнга л алхаж эсвэл автобусанд явж харагддаг. Яагаад хүүгийнхээ бэлэглэсэн жийпийг уналгүй алхаад байдаг юм?

Машин барьж чаддаггүй юм. Би уг нь 167 хүнийг жолооч болгосон хүн. Тэгээд өөрөө машин барьж чаддаггүй, одоо хүртэл. Өөрийнхөө ах дүүсийнхээ хүүхдүүдээс 30 гаруй улсыг машины жолооч, трактор комбайны жолооч болгосон. Ухаа нь Баасанхүү начнаас өгсүүлээд миний долоогийн гэрчилгээ энэ тэрээр жолооч болж байсан байхгүй юу. Би ерөөсөө машин барьж чаддаггүй. Явган явах, автобусанд суух хоёр шиг жаргал байхгүй. 
Манайхан сүүлийн үед хотын бохир агаараас дайжаад зайдуухан хауз барьж бууриа сэлгэх нь элбэгшиж байна.

-Танайх хэзээ хаузад орох гэж байна? Хакухо энэ талаар нэг юм бодож байгаа байх.

-Яах юм. Ард юм чинь ардаараа л явж байсан нь шулуухан. Дэлбэлчихвэл яахийн. Улаанбаатар одоо удахгүй утаагүй болно. Манайх энэ байрандаа насаараа л амьдарч байна. Даваа чинь энэ байрандаа л байх дуртай. Өөр байранд дургүй ш дээ. Даваажаргалд ганцхан инээдтэй юм байдаг байхгүй юу. Дөрвөн уулын дунд Туул голын эрэг дээр төрсөн дөө гэхээр Туулын эрэг дээр төрөөгүй, Сэлбэ голын эрэг дээр төрсөн гэдэг юм. 1-р төрөхөд төрснөө хэлж байхгүй юу.

-Танайд Хакухогоос өөр бөх барилдаж байгаа хүн байна уу? Ач зээ нараас бөх төрөх нь үү?

-Манай том хүү самбо, жүдо бөхийн багш ш дээ. Ач зээ нар зөндөө. Жаахан юмнууд яахав.

-Та Хакуход ч тэр, үр удамдаа ч тэр бөхийн их эрдмээсээ зааж сургаж, өвлүүлнэ биз?

-Японы сумо бөх чинь өөр, манай үндэсний бөх чинь өөр. Хүү бол нэгэнт аварга болчихсон юм чинь надаар заалгаж, сураад байх юу байхав. Ерөнхий юм хэлж ярилгүй яахав. Барилдаж байгаа чинь тав, зургаан секундын ажил биш л дээ. Сууж, босож байхдаа хүртэл барилдаж байдаг гэсэн үг. Наад зах нь л нөгөө хүнийхээ харцыг ажиглана ш дээ. Миний аль тал руу дайрах гэж байна, хаашаа тогтож харж байна гэхээс өгсүүлээд харцнаас нь ажиглахаас эхлээд л барилдаж байгаа юм. Тэр сууж, босож байгаа нь их чухал. Амьсгаагаа зөв авах тухайд хүртэл нарийн учир бий. 

-Монгол бөхөд жалга довны үзэл гээд нэг юм байна...

-Юун жалга дов. Тэр жалга довны үзэл гэдэг чинь дээр үед зөвхөн нэг суманд гэхэд л дотроо багаараа үзэлцдэг байсан юм. Манай Эрдэнэсант сум 9 багтай байсан юм. Тэд нар чинь хоорондоо үзэлцэнэ шүү дээ.

-Баянаа аварга ярихдаа дээр үед баруун, төвийн ялгаа бөхийн ертөнцөд орж ирэхэд их төвөгтэй байсан гэж ярьж байсан?

-Дарамттай юу байдаг юм бэ. Баянмөнхийн донгосох жичдээ, миний донгосох жичдээ. Яг ингээд аваад үзэхээр зэрэг 1921 оноос хойших улсын цолтой бөхчүүд гэхэд л Архангай аймгийнх 150 гаруй. Төв аймаг дараад нь ордог юм, 50 гаруй хүнтэйгээрээ. Тэгэхээр ихэнхи цолтой бөхчүүд нь төв талдаа байгаа биз. Баруун, зүүн тал цөөхөн бөхтэй. За цөөхөн байя. Нэг жишээ ярихад Дорнод аймгийн гулзгай Дамчаа гэж хүн байгаа юм л даа. Улсын наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн хүн. Тэгтэл Буур Жамъяан гуайг тэр хүн улсын наадамд гурав таарахдаа хоёр хаясан түүхтэй. Жамъяан гуай, Дамчаа гуай хоёр өндрийн хувьд ойролцоо, хоёр метр гаруйтай улсүүд шүү дээ. Тэгтэл тэр улсын наадамд хоёр үзүүрлэж, Жамъяан аваргыг хаяад байсан нөхөр чинь Дорнод аймагтаа ганц ч түрүүлж чадаагүй л байхгүй юу. Тэгэхээр бөхийн ялгаа гэж их нарийн юм байна. Арга барил гэхэд л ялгаатай.

-Сүхбат аварга жишээлбэл, Монгол бөхөд байгаа энэ жалга, довны үзэл, хагарал тэмцлээс болж зодгоо тайллаа гэдэг шүү дээ?

-Сүхбаттай адилхан ямар өргөдөл барьж Даян аварга болсон биш. Битгий тийм дэмий юм ярьж бай. Тэгвэл одоо Өсөхбаяр өргөдөл баръя л даа. Улсад гурав түрүүлсэн, Даян аварга болъё гээд. Ийм утгагүй л юм байгаа байхгүй юу. Манай аймгийнхан Сүхбатыг зодог тайлж байж цол авна гэж юу байдаг юм гэж ярьдаг юм. Тэр чинь инээдтэй л байхгүй юу.

-Сүхбат аварга чинь танай нутгийнх биз дээ?

-Тэр нутаг ямар хамаатай юм. Үнэн юм нь дээр биз дээ. Худлаа юмаар яах юм. Би түрүүн хэлсэн ш дээ, нэг түрүүлж аварга болсон хүн 8 байдаг гэж. Тэрэн дотроос ганцхан Баянмөнх л улсад 10 түрүүлсэн. Бусад аваргууд бол дандаа 2 түрүүлж аварга болж байсан. 
Аймгийнх гээд сайн хэлээд байх юм байх ч үгүй. Утгагүй. Даян аварга л болох зорилготой. Тэгэхгүй бол нөгөө Өсөхөө нь барилдаж байгаад Даян аварга болчих гээд байна ш дээ. Ухаа нь Сумъяабазарыг бодъя. Бат-Эрдэнэд даруулж үзүүр булаалдаж байгаад ганц түрүүлээд аварга боллоо. Сумъяабазар чинь яг нарийндаа арслан л болох байсан юм ш дээ. Тэгээд лоббидож байгаад аварга болсон. Н.Энхбаяраар тоглоом хийчихэж байгаа байхгүй юу. Эхлээд арслан гэж нэг уншсанаа дараа нь амьтан шуугиж хашгираад байхаар аварга өгч байдаг. 

-Сая нэг хэсэг архи хорилоо, аваргаа. Танд ямар санагдав? 

-Тэр надад бузар таалагдсан. Түрүүн Лхагвасүрэн хэлсэн ш дээ, Монголын архины хуулийг бүгдийг нь урж хая гэж. Би архины талаар судалсан юм аа. Тэгсэн чинь капиталист нийгмээс өөрийнхөө төрийн том хүнээр архи хийсэн газар ганц л байна. Тэр нь Францад Напелеон хааны нэртэй архи. Оросод Маркс, Ленин гэж архи гэж гараагүй байж байгаад Андрапов гэдэг нэртэй архи гарсан юм. Андрапов үхсэн, архи нь ч хаагдсан. За тэгвэл Монголд одоо “Чингис”, “Хубилай” гээд архи хийж байна. Тэр “Хараа”, “Ерөө” ч яахав. Харин хаад, ноёдынхоо нэрээр нэрлэсэн архинаас тавин грамм уусан ч хордож үхэхгүй яах юм. Байтлаа бүр “Соёмбо” архи гаргаад. Хаад, ноёдынхоо нэрээр архи гаргаж ингэж тамаа идэж байдаг. Тэр чинь “Азийн чоно” билүү. Тэнгэрлэг амьтны нэрээр нэрлэж байдаг. Чоно яадаг билээ, хийморьтой хүнд л харагдана, илүү хийморьтойдоо алагдана гэсэн тангарагтай амьтан юм гэнэ лээ ш дээ. Тийм агуу нэртэй юмнаас ууж болохгүй шүү гэж дохио өгчихлөө ш дээ.

Энэ архийг цэгцлэх хэрэгтэй. Нарийн ярьвал одоо энэ Засгийн газар Монголын махыг 2500-аас, гурилыг нь 500-аас хэтрүүлэхгүй байвал таарна. Яагаад гэвэл төчнөөн сая малтай болсон юм чинь махны ченж, улсын мах бэлтгэлийнхнийг ч нэг түвшинд байлгах хэрэгтэй. Тэгээд ашиггүй гээд боливол болино л биз. Тэгэх юм бол өчнөөн улсын аварга малчин төрлөө, тэдэн дээрээ очоод л махаа авна биз. Хамгийн бага нь манай Эрдэнэсантын хүн гэхэд л ухаа нь 4600 гаруй малтай юм чинь, тэд нараасаа очоод авахгүй юу. Тэгэхэд юун манай Монголын махны үнэ замбараагаа алдах. Мах, гурилын үнэ хямд байх юм бол Монголын амьдрал шууд л сэргэнэ, шуудхан хэлэхэд.

2008 оны зургадугаар сар. М.Уранчимэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-21 02:39
    Retweet (29)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)