Хавар мацаг барьж болохгүй
2018 оны 3 сарын 14

Оточ Манрамба Их сургуулийн багш, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хаврын улиралд хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөж байна.


ХАВАР БА БАДГАН

Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн аажмаар өөрчлөлт ордог. Хаврын эхэн, дунд саруудад /II.16-IV.16/ хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдөлж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс хүний тамир тэнхээ сайн байдаг. Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, бие махбодь доройтдог. Хаврын улиралд бадганы бэлгэ чанарууд арвидан хөдөлдөг учраас бадган голлон оршдог мах, өөх, чөмөг, тархи, уушги, ходоод, дэлүү, бөөр зэрэг эрхтнүүд өвчлөх магадлалтай бөгөөд хэрэв эдгээр эрхтнүүд архаг өвчтэй байсан бол сэдэрч хөдөлдөг гэсэн үг.

ХАВАР БА ХООЛ ХҮНС

Тиймээс хаврын улиралд ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгах хэрэгтэй. Хоолныхоо хэмжээг багасгана гэдэг нь идэхгүй байх, өлсөөд яваад байна гэсэн үг биш юм. Хүний ходоодны хэмжээ өөрийнх нь хоёр алгыг нийлүүлж тоссонтой адил хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол, ундаа тохируулан хэрэглэж, шингээх үйлдлийг сайн явуулахын тухайд дөрөвний нэгийг хоосон байхаар тооцно. Өвлийн улиралд ходоодны галын илч сайн байх үед чанасан мах, өөх тостой хоол ихээр хэрэглэж байсан бол хавар хүнд хоол, өөх тосны хэрэглээг багасгах нь зүйтэй. Цагаан гааг усанд буцалгаж, эсвэл буцалсан усанд дэвтээгээд уувал бадганыг дарж, хийн бэлгэ чанарыг тэгшитгэнэ. Мөн буцалсан усанд зөгийн бал хутгаж ууж болно. Харин ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Мөн түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй.

БАДГАН БА ХӨДӨЛГӨӨН

Явдал мөрийн хувьд бадган арвидаж байгаа учраас явган алхах, сунаж мөргөх зэргээр зохистой дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол идэвхитэй хийгээрэй. Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтэй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй. Өдөр унтвал бадган аривдана, хавдана, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийх дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг. Тиймээс бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.

БӨӨЛЖҮҮЛЭГ ЭМЧИЛГЭЭ

Хаврын улиралд бөөлжүүлэг эмчилгээ хийлгэснээр ходоод, уушги, тархи толгойн өвчлөлөөс сэргийлэх бөгөөд хүний биед хуримтлагдсан илүүдэл бадган сальс, өөхийг арилгадаг зэрэг олон талын ач холбогдолтой. Бөөлжүүлэг эмчилгээг 16-с доош, 70 дээш насны хүмүүст хийж болохгүй. Бөөлжүүлгийн өмнө бэлтгэл хийж, явцыг хянаж, эмчилгээний сүүлийг таслах хэрэгтэй байдаг тул уламжлалт анагаахын онол, шүнг үзэж гүйцээсэн уламжлалт анагаахын мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгээрэй.

ХАВАР МАЦАГ БАРЬЖ БОЛОХГҮЙ!

Хавар мацаг барьж болохгүй. Хаврын сүүл сар буюу луу, зуны эхэн сар буюу могой сард (энэ жилээр бол IY.17-YI.12) хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулж байдаг. Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовинох, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцлөөр хийн бэлгэ чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг. Үүнээс урдчилан сэргийлж дээрх нөхцлүүдийг бүрдүүлэхгүй байх, сэтгэлийн үйлээ сайтар хянамгайлж амар амгалан, тайван байлгаарай.

Хаврын улиралд гараг сааны өвчин буюу цус харвалтанд өртөх магадлал өндөр байдаг. Амьдрал дээр ч ажиглаад байхад хаврын улиралд цус харвалт их тохиолддог. Тиймээс гараг саа гүйдэг өдрүүд буюу сар бүрийн шинийн 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 гэсэн эдгээр найман өдрүүдэд даралт ихэсдэг хүмүүс маш тайван байж, дээшээ хөөрч, даралт ихсэхээс урдчилан сэргийлэх хэрэгтэй. Ер нь аливаа өвчнөөс урдчилан сэргийлэх нь маш чухал бөгөөд хэрэв өвдсөн тохиолдолд бусад эд эрхтэндээ нөлөөлөөгүй дангаараа, шинэ байхад нь арга хэмжээ авч, эмчилж эдгээх нь чухал.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)