СТА Э.Анхбаяр: МУГЖ АРИУНБААТАР БИД ХОЁРТ ЯМАР Ч ЯЛГАА БАЙХГҮЙ!
2018 оны 2 сарын 1

СТА Э.Анхбаяр бол МУГЖ Г.Ариунбаатартай нэг цаг үед нэг тэмцээнээс гарч ирсэн од. Тухайн үед тодорхойлуулах байгууллагагүй байснаас төрийн хүндлэлээс хоцорч үлджээ. Гэхдээ түүнийг дэлхий мэдэх юм чинь. Бид та бүхэнд 2011 оны 12-р сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24-р уралдаанд 2-р байр, 2014 оны 9-р сард Францын Тулуз хотод болсон олон улсын дуурийн уралдаанд шилдэг 7 дуучин, 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, 2017 оны 9-р сард ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуучдын дэлхийн аваргын 2-р байрыг тус тус эзэлсэн бөмбөрцгийн дуучин  СТА Э.Анхбаярын ярилцлагыг хүргэж байна. Дашрамд, нийтийн дууны ертөнцийн отгон ханхүү нар энэ Баасан гаригт тоглолтоо тавих гэж байгаа. СТА Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, дуучин Ж.Жамсранжав нар олны сонирхлыг ихэд татаж байгаа “хамтлаг”. Гурван өөр ертөнц, сэтгэл татам хоолой, байгалиасаа урлагийн хүмүүс болохыг нь илэрхийлэх төрх байдал. Гурвалын нэг Э.Анхбаяр шулуухан яриатай хүн аж.

-Таны дуулалт, оролцсон тэмцээн уралдааны амжилтыг харлаа, үзлээ. Энэ хүртэл сайн дуучин болохын тулд туулсан замналаа эргээд нэг харвал ...?

- Анх урлагийн сургуульд ороход багш нар дуулалтын дасгалыг залхтал хийлгэдэг. Дотроо хэзээ дуу дуулах юм бол, дуулах нууцыг хэзээ заах бол гэж хүлээдэг байлаа. Жилийн дараачаас хоолой өөрчлөгдөөд, арга барилтай болж ирэхэд сая нууцыг нь ойлгосон. Дуучин болоход бэлтгэл сургууль, уйгагүй хөдөлмөр, өөрийнхөө мэргэжилдээ хайртай байх гээд олон зүйл бий л дээ. Дуучныг ганц гаргаж ирдэг хүн чинь багш шүү дээ. Багш шавь болж бие биенээ ойлгох, харилцаа гүнзгий болох тусам бие биенээ мэдэрдэг болдог. Мянга гоё хоолойтой байгаад сайн багштай учрахгүй бол өнгөрөө гэсэн үг.

-Гадны тэмцээнээс маш олон шагнал авчээ. Үнэхээр даруухан хүн юм?

-Би ийм тийм гэхээс илүүтэй хийх зүйлээ хийгээд явж байтал нэг л өдөр амжилтанд хүрнэ гэж боддог. Монгол улсын дуурийн театраар овоглоод амжилт гаргаж явах сайхан шүү. Би 2011 оноос эрчимтэй тэмцээнд орж эхэлсэн. Орсон тэмцээн болгондоо шагнал авч байсан. Хүмүүс шиг “шоудаад” би ингэлээ, тэглээ гэж ярьж явсангүй. Сүүлдээ дургүй хүрээд надаас дор нөхөр захын нэг Улаан-Үдийн тэмцээнд орж ирчихээд Алтангадас аваад. Цэрэнчунтыг Алтангадас авлаа гэхэд нь би хэлсэн юм. Миний аав наадхыг чинь насаараа хөдөлмөрлөж авсан чиний энгэр дээр байхыг харах надад ичгэвтэр байна гэж.

-Уучлаарай яагаад амжилттай яваа дуучин байж МУГЖ цол аваагүй байгаа юм бол?

-Би МУГЖ цолны болзлыг  аль эрт хангачихсан. 2011 онд авах байсан юм. Тэр үед харьяалагддаг байгууллага байгаагүй оюутан байсан. Ариунбаатар бид хоёр нэг тэмцээнд ороод хоёулаа шагнал авсан. Ариунбаатар тэр үед МУГЖ авсан.

Намайг хүмүүс залуу дуучин гэхээр уур хүрээд байдаг юм. Дуурийн урлагт 10 жил зүтгэчихээд залуу дуучин гэхээр сонин. Ариунбаатар, Амартүвшин бид хэд чинь нэг үе. Би гэхдээ СТА цолноосоо ичдэггүй, жинхэнэ “зодож” авсан цол.

-Анхбаяр юугаараа бусдаас өөр, илүү юм бэ?

-Ний нуугүй хэлэхэд хоолойны чадлаараа намайг гүйцэх дуучин Монголд байхгүй. Ариунбаатар бол яахав, олонд танигдсандаа л байдаг биз. Тэрнээс  ямар ч ялгаа байхгүй, үүнийг би бардам хэлнэ.

-“Бид дуулна” тоглолтын талаар яриагаа үргэлжлүүлье. Жавхлантөгс, Жамсранжав та гурав яагаад хамтрах болсон бэ?

-Жавхаа бид хоёр 2-р курсэд байхдаа анх танилцаж байлаа. Жавхаа СУИС, би “Опера” гээд урлагийн сургуульд сурдаг. Гэхдээ тэрнээс ч өмнө бие биенээ эчнээ таньдаг, уралдаанд хамт оролцдог байсан. Жамсранжав найзтайгаа танилцаад гурван жил болж байна. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбатын бид гуравт зориулж бичсэн “Сүүн замтай Монгол” дуунаас хамт уран бүтээл хийх эхлэл тавигдсан. Заавал хамтлаг болж, хамт уран бүтээл хийхдээ гол нь биш, амьдралын сайхан найзууд гэдэг нь бидний хувьд үнэ цэнэтэй. Бие биенээ ойлгодог учир одоо хамтраад тоглолт хийхэд дөхөм байна. Хамгийн чухал нь ертөнцийг үзэх үзэл, аливаа зүйлд хандах хандлага нь ижил төстэй байх явдал. Хоёр тэс өөр үзэл бодолтой, нэг нь сайхан гүндүүгүй эр, нөгөө нь шалчигнасан эр байвал нөхөрлөл удаан үргэлжлэхгүй л дээ. Бид гурвын хувьд ертөнцийг үзэх үзэл нь төстэй, туулж ирсэн амьдрал ойролцоо, ирээдүйд зорьж байгаа зорилго энэ бүгд бидний нөхөрлөл бат бөх болоход нөлөөлсөн.

-Урлагт нэгэн шинэ салхи салхилуулж байгаа нь сайхан санагдаж байна. Цаашдаа юунд зорьж байна вэ?

-Хийж бүтээе гэсэн олон зүйл бий. Зөвхөн дуулах биш, урлаг дууг яаж хүний амьдралд ач тустай байлгах вэ, урлагаар дамжуулж жирийн хүмүүсийн амьдралд ямар эерэг нөлөөг бий болгож болох вэ энэ тал дээр их зүйлийг хийх болно. Сонгодог урлагийг ард түмэнд хүргэх маш чухал. Шууд Тоска дуурьт аваачаад суулгачихвал хэцүү шүү дээ, уйдна, залхана. Харин залхаахгүйгээр сонгодог урлагийг хүргэх нь бидний зорилго.

Миний хувьд залуу дуучин биш, гуч гарчихлаа. Багаасаа олон улсын тайзан дээр дуулсан болохоор Монголд төдийлөн хүмүүс мэддэггүй. Цаашид монголдоо амьдарна. Уран бүтээлээ хийнэ, үр хүүхэд маань ч энд өсч торних учраас монголын сонгодог бүтээл, монгол дуун дээрээ ажиллана гэж боддог. Одоогоор Буриад, ОХУ, Европт монголын сонгодог бүтээлүүдийг хүргэх ажлыг эхлүүлээд явж байна. Энэ жилийн хувьд гэвэл төрж өссөн нутгийнхандаа тоглолтоо хүргэнэ.  

 

Танд баярлалаа.

Ярилцсан У.Цахирмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (32)
  • Retweet (25)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)